“Нээлттэй мэдлэг боловсрол” сангийн тэргүүн Д.Энхбатын ярилцлагыг хүргэж байна. Түүний байр суурь, манлайлал Монголын улс төр, мэдээллийн технологи, боловсрол гээд олон салбарт ямагт тулгуур байсаар ирсэн юм.


-Монголын эдийн засгийн хамгийн том чуулган энэ сарын сүүлээр болох гэж байна. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид ийн нэг дор чуулахын гол ач холбогдол нь юу вэ?

-Улс орон маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Энэ үед шийдвэр гаргагчид, тэр шийдвэрийн дагуу бизнес эрхэлдэг, түүнийг хэрэгжүүлдэг хүмүүс хоорондоо заавал ярилцаж, ойлголцох учиртай маш олон зүйл бий. Эдгээрийг заавал элдэв бичиг шидэлцээд, эсвэл албан хүрээнд шийддэггүй. Харин илүү нээлттэй, бие биенийхээ байр суурийг сонсож, маргалдах зүйл дээрээ маргаж байж сая хамтын ойлголцолд хүрч болно. Ингэж ойлголцсон зүйлээ өөр өөрийнхөө ажил хэрэгт тусгаад явдаг. Хамгийн гол нь бие биеэ сонсоно гэдэг хамгийн чухал. Учир нь ямар ч эдийн засаг, бизнес, улс төр бол хүмүүсийн харилцаа. Тиймээс энэ харилцаа тогтож, жил бүр тогтмолжвол бидний ажилд л тус болно.

-Олон жилийн турш мэдээллийн технологи, боловсролын салбарт ажиллаж буй хүний тань хувьд таниас хиймэл оюун ухаан, роботын эриний талаар асуух гэсэн юм. Энэ хувьсалд монголчууд бэлэн үү?

-Дэлхий яаж ч хөгжсөн өндөр мэдлэгтэй хүн хөдөлмөрийн зах зээлээс арчигдахгүй. Роботууд зөвхөн мэдлэг бага шаардсан ажил хийнэ. Жишээлбэл, эмнэлэгт гэхэд роботууд өвчин, эмгэгийг оношилж, дунд зэргийн эмч нарыг орлож магадгүй. Харин нарийн мэдрэмжтэй, алтан гартай эмчийг орлож чадахгүй. Өөрөөр хэлбэл, роботууд бидэнд шинэ босго тавьж байна. Энэ босгыг давахад боловсрол, ур чадвар чухал. Тиймээс улс орнууд үүнийг нэг талаас сорилт, нөгөө талаас дуудлага гэж хүлээн авч буй. Энэ хувьсал өөрчлөлтөд баярлах уу, гомдох уу гэдэг нь технологийн биш бидний гарт байна. Монгол шиг жижиг орны хувьд энэ нь маш том боломж. Роботууд тийм өндөр бүтээмжтэй юм бол манайд 10 мянган хятад ажилчин биш цөөн тооны робот байхад хангалттай болж таарна, тийм биз.

-Тиймээс иргэдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд улс орнууд тэднийг давтан сургаж байна. Насан туршийн боловсролын талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Бид боловсролын талаар их хуучинсаг ойлголттой. Залуу хүн сураад дараа нь ажилладаг гэсэн ойлголт зонхилдог. Гэтэл дэлхийнх үүнээс өөр. Боловсрол бол сургуулийн асуудал биш харин өдөр тутмын амьдралын хэв маяг. Хүн идэвхтэй амьдралынхаа туршид дунджаар 10 удаа ажлаа сольдог. Бас 2-3 жилийн дотор хийж буй зүйл нь өөрчлөгддөг. Тиймээс боловсрол бол бие даасан зүйл биш амьдралын хэв загвар. Тэгвэл манайд энэ хэв загварыг хэвшүүлэх дэд бүтэц, сургалтын программ, боловсон хүчин алга. Тухайлбал, 50 настай хүнд зориулсан боловсролын үйлчилгээ бий билүү Үүнээс үзвэл насан туршийн боловсрол нь зөвхөн нэг иргэний бус улс орны асуудал болж байна. Харин манайд дунд сургууль төгссөн хүнийг таван жил их сургуульд сургаад дараа нь энэ мэргэжлээрээ амьдар гээд “хаячихаж” байна. Гэтэл их сургуулиа төгсөөд, ажлын талбарт ирэхээр сурсан зүйлээс нь өөр болчихсон байдаг.

• Дэлхий яаж ч хөгжсөн өндөр мэдлэгтэй хүн хөдөлмөрийн зах зээлээс арчигдахгүй.

• Дараагийн “Оюутолгой”, “Тавантолгой”-н гэрээ байгуулахад бид бэлэн үү гэдэг нь чухал.

• Холбогчийнхоо үүргийг гүйцэтгэж байхдаа Монгол

-Тэгвэл энэ өөрчлөлттэй хэрхэн хөл нийлүүлэх вэ?

-Мэдлэг, чадвар Монголд хамгаас чухал байна. Манай боловсролын систем хоцрогдчихсон. Монгол Улс цөөхөн хүн амтай. Нэг монгол хүн дундаж америк иргэнээс арван дахин бага зүйл бүтээж байна. Бид хоцорч яваа хэрнээ арав дахин бага юм бүтээчихээд тус улстай адилхан амьдрах тухай бодох нь инээдтэй. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн хэлхээ холбоонд нэгдэж чадахгүй байна. Бас олон улсын хамтын ажиллагаанд ч идэвхгүй оролцоно. Монгол Улс ASEAN-ийн гишүүн биш. Ази, Европын худалдааны томоохон сүлжээнд нэгдээгүй. Тэр бүү хэл, дэлхийн худалдааны хамгийн том түнш Хятадтай ч олигтой наймаа хийдэггүй. БНХАУ-аас 10 мянган километрийн зайтай орнууд наймаа арилжаа хийгээд байхад бид дэргэд нь байгаа хэрнээ дорвитой хамтарч байгаа юм алга. Тийм атлаа тэднийг муулна. Ер нь гадаадын иргэдэд давуу эрх олголоо гэж шүүмжилдэг. Гэтэл гадаадын бизнес эрхлэгчид монгол хүнээс илүү эрсдэл хүлээж байгаа. Тиймээс эзнийг нь хөөчихөөд мөнгийг нь авч үлдэнэ гэж байхгүй. Монголчууд дэлхийн бизнесийн харилцаанд нэгдэж сураагүй байна. Одоо сурах цаг нь болсон.

-Үүнээс үүдээд цаг үеийн асуулт тавъя. Гадаадын хөрөнгө оруулагчид болон төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хяналт шалгалт үргэлжилж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?

-Манайхан түймэр унтраах маягаар ямагт аливаа зүйлийн араас нь явдаг. Нэгэнт тохирчихоод хоёр, гурван жилийн дараа гоншигноод байх хэрэггүй. Хийх үедээ л анхнаасаа зөв хийх ёстой. Тэгж хийж чадаагүй бол дараа үүнийгээ давтахгүй байх нь чухал. Гадаад хүн ашгаа л бодно. Тиймээс их авсан нь түүний буруу биш. Угаасаа ихийг хүртэх гэж ирсэн. Харин их өгсөн нь бидний буруу. Тиймээс нэг, хоёр хүнийг хорих нь чухал биш. Харин дараагийн “Оюутолгой”, “Тавантолгой”-н гэрээ байгуулахад бид бэлэн үү. Одоо байцаагдаж буй хүмүүсээс илүү хийж чадах уу. Тийм хэмжээний боловсон хүчин байгаа юу. Энэ л хамгийн чухал. Мэдээж хариуцлага нэхэх ёстой. Учир нь эрх мэдлийг хариуцлага дагадаг. Гэхдээ Монгол Улс нэг, хоёр хүнийг шийтгэснээр бус дахин гэрээ хэлцэлд алдахгүй болсноор сайжирна. Нөгөө талд, тохирсон л бол тохирсон гэдэг дэлхийн бизнесийн дүрмийг бид ойлгомоор байна. Хэрэв одоогийн нөхцөл байдлыг нэг талд гаргахгүй бол гадаадынхан бидэнд итгэхгүй. Хөрөнгө оруулагч нэгэнт гараад явчихсан бол дунджаар 15 жилийн дараа дахин эргэж ирдэг гэсэн олон улсын судалгаа бий.

-Ирэх долоо хоногт Монголын эдийн засгийн чуулган болох гэж байна. Энэ чуулганаар улс төр, эдийн засгийн гол сэдвүүдээс гадна монгол мөрөөдлийн талаар хөнддөг. Монгол мөрөөдөл гэж юу вэ?

-Монгол мөрөөдлийг хүн бүр өөрөөр боддог. Монголчууд ардчиллын үр дүнд хувь хүн талаасаа гурван сая иргэний нэг болсон. Бас дэлхийн долоон тэрбум хүнтэй эн тэнцүү өрсөлдөх боломжтой болсон билээ.

Ингэснээр сайн тал нь эрх чөлөөтэй, мэдлэг боловсролтой болох үүд хаалга нээгдсэн. Харин нөгөө талд долоон тэрбум хүнтэй өрсөлдөх хэрэгтэй болсон юм. Миний бодлоор Төв Азийн эрс тэрс уур амьсгалтай нутагт олон мянган жил амьдарсан монголчууд өөрсдийн хосгүй шинж чанар, бие даасан байдлаа ашиглан XXI зуунд хүчтэй, хүний дайтай амьдрах нь монгол мөрөөдөл болов уу. Эс бөгөөс бид зүгээр л дэлхийн газрын зурагнаас арчигдана. Хүн төрөлхтөний түүхэнд алга болчихсон улс олон бий. Дэлхийн хамгийн том гүрэн байсан Зөвлөлт Холбоот улс задраад алга боллоо. Югослав улс мөн адил. Одоо Сири, Украиныг ийм ирээдүй хүлээж байна. Хэрэв бид хариуцлагагүй байсаар байвал Монгол Улс устаж үгүй болно. Өмнө ч алга болоход ойрхон байсан. Ердөө 100-хан жилийн өмнө монгол бараг устаж байсан. Тиймээс өнөөгийн сэргэлтэд тулгуурлан дэлхийн тавцанд гарч, хүний дайтай амьдрах нь чухал. Үүний тулд маш олон зүйлийг хийх хэрэгтэй. Дандаа гуйлгаар эсвэл нүүрс зараад амьдарна гэж бодож болохгүй. Орчин үеийн ертөнцөд дижитал Монгол Улсыг байгуулах хэрэгтэй. Энэ сарын 20-21 онд болох Монголын эдийн засгийн чуулганаар би энэ тухай ярина.

-Дижитал Монгол Улс байгуулах боломж, потенциал манайд бий юү?

-Монгол бол холбогч улс. Монголчууд Чингис хааны байлдсан тухай л ярьдаг. Гэтэл Чингис хаан дайтах гэж байлдаагүй. Бас баяжихийн тулд ч дайн хийгээгүй. Чингис хааныг яагаад “Мянганы хүн” гэж Америкчууд нэрлэсэн вэ. Яагаад гэвэл дэлхийг холбосон анхны даяарчлалыг хийсэн учраас тэр. Гэхдээ тэр даяарчлалыг дайн байлдаанаар хийгээгүй. Маш хатуу хууль журам, дипломат ёс, тээвэр, аюулгүй байдал гээд өнөөгийн бидний нэрлэдэг зөөлөн дэд бүтцийг цогцлоож, байгуулсан. Чингис хааныг хурдан морь, сайн нум сумтай болохоор нь улс орнууд дагаагүй. Харин Чингис хааны цогцлоосон дэг журам, хэв маяг тэдгээр улсад ч бас хэрэгтэй байсан учраас тэд дагасан. Дээрэм тонуул газар авсан Торгоны замд аюулгүй байдлыг бий болгосноор бусад улсад ч боломж дагуулсан. Гэтэл одоо Торгоны зам байхгүй болоод улс орон бүр Торгоны замтай болчихлоо. Тэгвэл бид дахиад Хархорин хотоо байгуулах хэрэгтэй.

Гэхдээ Өвөрхангай аймагт биш. Харин Монгол Улс дижитал ертөнцийн Хархорин байх ёстой. Английн Британика толь бичигт Хархориныг Торгоны замын хамгийн жижиг боловч хамгийн чухал цэг гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр хамгийн жижиг хэрнээ хамгийн чухал цэг байж болох нь. Яагаад дэлхийн бизнесийнхэн Швейцарьт чуулж, ажил хэргээ ярьдаг юм вэ. Яагаад Д.Трамп, Ким Жон Ун хоёр Сингапурт уулзахаар болчихов. Яагаад гэвэл тэнд итгэл байна. Монгол Улс яг л ийм холбогч байх ёстой. Учир нь Монгол Улс мянган жилийн турш баруун талдаа Иран зэрэг лалын орнууд, хойд талдаа Христ, өмнө зүгт күнз гээд гурван соёлын уулзварт оршдог. Монголчууд энэ гурвын зөрчил дунд тоглож, дэлхийд тавцанд гарч байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, холбогчийнхоо үүргийг гүйцэтгэж байхдаа Монгол Улс хүчирхэг байсан гэсэн үг. Монгол цаанаасаа Швейцарь шиг өгөгдөлтэй улс. Гэвч бид гэрийн даалгавраа хийгээгүйгээс ийм байдалд хүрчихээд байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН