Парламент элэг бүтэн боллоо. Одоо байр байрандаа очвол ямар вэ?
Нөхөн сонгууль хүчин төгөлдөр болж өнгөрлөө. Ирц өндөр, зохион байгуулалт муугүй, мөн иргэдийн идэвх хангалттай байв
Өнөөдрийн орчин цагийн шинэ Монголд ардчиллыг тээгч нь зөвхөн Ардчилсан нам биш. Ардчиллын дархлааг хамгаалах, бэхжүүлэх үйлс ч зөвхөн тэдний явдал суудал биш болсныг саяны сонгуулийн үр дүн, шинэ ялагчийн дүр төрх харууллаа. Тэгэхээр ардчилсан гэх шошгыг Ардчилсан нам дангаараа авч давхидаг хөг дуусгавар болжээ. Гэхдээ энэ нь тийм ч их харамсаад сүйд болох зүйл биш юм.
Манай улс төрд бараг ганцаараа коммунист хэмээн чичлэгддэг нэг л улс төрийн хүчин байдаг. Тэр бол мэдээж МАХН. Харин энэ удаа тэд нийгэм рүү цоо шинэ мессеж тээсэн, цоо шинэ баатрыг илгээсэн. Ийм алхам хийх үнэндээ амар байгаагүй. Ёстой тулгаа тойрон алалдаж байж гаргасан үнэ цэнтэй сонголт гэж хэлж болох юм. Одоогийн намын дарга С.Баярыг тухайн үед хөгийн хонзон авагч, зөвхөн экс ерөнхийлөгч Н. Энхбаярын буухиаг нэг мөсөн таслах гэж шүд зуун сөрөхдөө сэв суугаагүй, нэр цэвэр залууг золионд чулуудаж байна хэмээн харах хэсэг байсан нь үнэн. Ердөө хэдхэн хоногийн өмнө тэрхүү МАХН-ын дотоод шийдвэрийг дагасан мянга мянган хар сэр нисч байсны нэг яах аргагүй энэ мөн. Товчхон хэлэхэд түүний зөв байжээ. Удирдах зөвлөл, намын бага хурал мэтийн томоохон бүтцүүдтэй хэл амаа ололцохоос өгсүүлээд хаашаа ч яаж ч эргэчихэж мэдэх эгзэгтэй нөхцөл байдлын дунд өөр дээрээ гал дуудан байж гаргасан шийдвэр нь өнөөдрийн үр дүнг авчирлаа. Хамгийн гол нь энэхүү үр дүн дараагийн улс төр дахь шинэ жим рүү гэрэл тусгаж байна.
Бидний хамгийн хуучинсаг үзлийн сүүлчийн голомт гэж харж дассан МАХН нам доторх шинэчлэлийнхээ буухиаг нэгэн шат ахиулж, нэн шинэ гялбаалаг үеийн төлөөллөө илгээж, түүгээрээ дамжуулан ялалтын тугийг атгаж чадсан нь яах аргагүй амжилт юм. Учир нь энэхүү ялалтыг өнөөгийн парламентыг элэг бүтэн болгох үүрэгтэй ерийн нэгэн кноп мэтээр хүлээж авах аргагүй байна. Яагаад гэвэл аливаа шинэчлэлийн суурь нь ерөөсөө л боловсон хүчний сэлгээ байдаг гэсэн дэндүү энгийн аксиом ч үүнд хариу өгчихнө шүү дээ.
Чингэлтэй дүүрэгт явагдсан уг нөхөн сонгуульд иргэнийхээ үүргийг хариуцлагатай биелүүлж оролцсон сонгогчид өөрсдийн хүчин чармайлтаар Дашдоржийн Зоригтыг гаргаж ирж байгаа явдал өөрөө нийгмийн хүсэл эрмэлзэл МАХН дотор явагдаж байгаа энэхүү шинэчлэлийн өнгө аяс, алгуур боловч ухаалаг урагшилж буй үйл явцыг дэмжиж байгаагийн хамгийн тод илрэл юм.
Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүнг монголын өнөөгийн улс төрийн өрөг дээрх гол тоглогч намуудын төлөвшилд шинэ сигнал өгнө гэсэн ажиглагчдын найдлага талаар болохгүй болов уу.
Өнөөдөр манай улс төрийн голлох хоёр хүчин нэг дээвэртэй байгаагаас гадна тэдний санал болгож байгаа хамтын бодлого хэт зүүнжээд явчихсныг таалахгүй байгаагаа зарим жижиг намууд илэрхийлж эхэллээ. Хяналтгүй төрийн тогтолцоо, эдийн засгийн хэт зүүн тийш хэлбийсэн алдаатай бодлогоос нь үүдэж анх хурим хийхдээ амласан айл гэрээ амар амгалан болгоё, хэрүүл тэмцлээ зогсооё, баялгаа эргэлтэд оруулъя, айлын дайтай айл болгоё гэсэн „мөрөөдөл”-ийг нь сануулахаар жижиг намууд, парламент доторх бие даагчдын төлөөллүүд үгсэж эхэлснийг буруутгах аргагүй. Үнэн хэрэгтээ одоо өнгөрсөн сонгуулиар амласан популист амлалтаа хэлэлцэхээсээ эхлээд л дор бүрнээ санаа санаагаа цухалзуулаад, гаднаа инээн байж дотроо шүд зуун байж асуудал руугаа зүрхшээн орж буй дүр зураг л харагдаж байна шүү дээ. Тэдний энэ авир сэлтээс ирэх 2012 оны сонгуульд бэлдэж эхэлсэн анхны шинжүүд ажиглагдаж байгаа нь ч бас нууц биш.
Өнөөгийн засаглалыг өөлөх өөр нэг гол шалтгаан Засгийн газар парламентынхаа дээр гараад суучихсан явдал юм. Энэ гажигдуу хэлбэр гадагшаа дургүй хүргэж, дотогшоо их өөрчлөлт дуудаж буй нь үнэн.
Хамгийн энгийнээр хэлэхэд нийгэм ерөөсөө шинэчлэлийг л хүлээж байгаа юм байна гэдгийг дөнгөж өчигдөрхөн болсон нөхөн сонгууль илтгэж байна. Иргэд МАХН-ын дотор явагдаж байгаа шинэчлэлийн уур амьсгалыг дэмжиж байгаа юм байна. Дэмжиж байгаа учраас тэрхүү шинэхэн агаарыг хүлээж авч байгаагаа илэрхийлэн, шантарч залхалгүй ирж саналаа өгсөн байна.
Шинэ улс төрийг хүсэмжилсэн давалгаа тэгэхээр яг одооноос эхэлж байна. Тэгэхээр шинэ зорилготой, үнэ үетэй энэ давалгааг шийдэмгий дэвжвэл яасан юм бэ. Нам шинэчлэх процессыг жигүүр байгуулж тоглохоос хэтрэхгүй, эрх тушаалд зангуу шиг наалдаастай хуучин үе хийдэггүй юм байна гэдгийг бид тэртээ тэргүй харж залхлаа шүү дээ.
Энэ шинэчлэлийн салхи цэвэр тунгалаг үлээлтээрээ өнөөгийн байр сууриа хольчихсон засаглалын статусыг горимонд нь оруулж, сөрөг хүчнийг нь ч , эрх баригч олохийг нь ч байх байх ёстой газар нь тавьж, нийгмийн хүсээд байгаа хяналттай төр, хүчтэй засаглалыг бий болгож, ороож хэрчихээд байгаа олигархи хэлбэрийн торноос нь салгачих юм биш биз дээ. Сайн засаглалын төлөөх алхам руу энэ амьсгалтай нь зэрэгцээд зорилготой, зоригтой дайрвал яасан юм бэ.