Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд ялын дээд хэмжээ болох цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн ч  одоог хүртэл тус яам хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй юм.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.

За ингээд нэг ээлжит  талцал эхлэв.

Энэрэнгүй хүн болж харагдах ч гэсэн үү, эсвэл өөрөө  согтуу галзуудаа тийм хэрэг хийчих магадлалтай ч санагдсан уу эс бөгөөс зүгээр л ямар нэг юмыг эсэргүүцэхгүй л бол ер болж өгдөггүй, ийм шуугианд заавал  сөрж олны анхааралд өртөх хүсэлтэнгүүд ч юм уу бүү мэд юутай ч хоёр тал бодлогоороо болоод ширүүн хэрэлдэж эхэллээ.

Ерөнхийлөгч сайтаараа дамжуулан ард олны саналыг  сарын хугацаанд аваад  дараа  УИХ-д өргөн барих боловч хууль зүйн яамны дэд сайдын гаргаж буй үндэслэлээр бол дэмжигдэхгүй нь шиг байна.

Ер нь ч тэгээд ард олны бараг жаран хувийн санал авч сонгогдсон шинэ ерөнхийлөгчийн тавьсан бүх хоригийг батлаадаагүй шиг ард олны хүсэлтийг хууль болгоод УИХ-д өргөн барих ч  батлагдахгүй байх өндөр нигууртай ч  социологч Иш Цэрэнгийн нүүр номондоо бичсэн    “Хуулийн тѳслийг олон нийтийн сүлжээгээр, олон түмнээр задгай хэлэлцүүлж байгаа нь ард түмнээ сонсох эрмэлзэл, нѳгѳѳ талаас ард түмний тѳр түшилцэх талаар алдагдсан эрхийг сэргээх, энтуизиазм бий болгох гэсэн чармайлт гэж талархалтайгаар хүлээн авч байна ” гэсэн өнцгөөр бол ард түмний төр түшилцэх эрхийг төлөөлж суугаа УИХ -ын гишүүд чухам хэний талд энэрэнгүй байгааг харах бас нэг шинэ шалгуур юм.  

Цаазын ялтай асан хуучин эрүүгийн хуулийн үед дээд хэмжээ буюу цаазын ялыг 7 зүйл ангид хэрэглэдэг байсан боловч тэдний олонх нь ерөнхийлөгчийн өршөөлөөр амь хэлтэрдэг байснаас үүдэлтэй “цаасан буу” гэх ойлголт хуульчид болон хэрэгтнүүдийн дунд байлаа.

Мөн хэргээ яллагдагч этгээд өөрөө хүлээхгүй байхад тулгаж таслан шийтгэсэн тохиолдолд цаазын ялыг хэрэглэхийг хуулиар хорьсон байсан юм.

Эсэргүүцээд байгаа хүмүүсийн гол өнцөг бол гэмгүй хүнийг хилсээр цаазалчихвал яах билээ …? гэсэн асуудал зонхилох боловч яг ямар хилс хэргээр хэн гэдэг хүн хэдэн онд гүйцэтгүүлсэн тухай баримт ярих нь огт үгүй.

Харин  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч, яруу найрагч, зохиолч, ахмад дипломат Батун Жамсрангийн Гэндэндарам өөрийнхөө нүүр номд доорх зүйлийг бичсэн байхыг товчлон сийрүүлбэл ;

“1954 онд юм даа. Ганц хонины маргаанаас болж нэг айлын хоёр сар, хоёр настай хоёр охины тархийг нь бяц дэвсэн алж, 10, 12 настай хоёр охины толгойг нь хага мөргөлдүүлэн егүүтгэж, 16-тай хүүгийнх нь хоолойг нь боон, аав ээж хоёрыг нь олон дахин буудан хөнөөж долоон хүнийг нохойтой нь хамт нэг дор алсан тийм аймшигт хэрцгий хэрэг тэр үеийн Завхан аймгийн Улаагчин сумд гарч билээ.

Тэр хэргийг үйлдсэн этгээд цаазаар авах ял үгүй юм чинь энэ муусайныг бүгдийг алж хаяад хуулийн дээд хэмжээ болох 25 жил шоронд суугаад тавь хүрээгүй гарч ирэхэд түүнээс цааш сайхан амьдрах хугацаа зөндөө байна гэж мунхаглан бодсон нь шүүх хурал гадаа болж байх үед тэрбээр газраас чулуу аван өвдөг дээрээ тавин ийш тийш нь няслан харваж инээмсэглэн малилзаж, ер тоосон шинжгүй “Чи тэр хоёр охины толгойг няц дэвсч алсан гэл үү” гэж асуухад “Тийм, тэгсэн. Ингэж дэвссэн” гээд газар дэвслэн инээж байж билээ.

Шүүх хурал тогтоол уншихын өмнө түр завсарлах хооронд Монгол Улсын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн цаазлах ялыг дахин сэргээж “Хүний амийг санаатайгаар хэрцгийлэн хөнөөсөн этгээдэд цаазлах ял оноож байсугай” гэдэг хуулийг уншин танилцуулахад сайх гэмт этгээд “Өө ингэх байсан юм уу” гэж нэг дуу алдаад өнөө инээж малилзаж байсан ч хаа байх вэ тэр дороо шал бууж бараг үхсэн юм шиг таг болж байсныг би харж сууж билээ.
     
Тийм л харгис хэрцгий явдлаас болж Монголд нэг удаа цаазлах ялаас татгалзсанаа дахин сэргээсэн болно.” гэсэн бичвэр байлаа.

Манай улсад дахин цаазын ялгүй улс болох санаачлагыг өмнөх ерөнхийлөгч санаачилсан бөгөөд гаднын зүйлсийг  л талархан хүлээж авдаг байсан нэгэн гэдгийг эс өгүүлээд цааш өгүүлэх ину.


 “Хууль бол ёс суртахууны доод хязгаар юм”

Ийм нэгэн дорно дахины  үг байдаг. 

Тэхээр “энэрэнгүй” зарчмыг барьж буй идэвхтэн бичигчид  нялх хүүхэд хүчирхийлж тарчлаан алсан хүн дүрст араатныг энэрэн хайрлаж насаар нь тэжээх тухай ярьж хөнөөхийг эсэргүүцээд  байгаа нь өөрөө маш парадокс харагдана. 

Монголын төрийн хууль зүйн бодлогыг тодорхойлдог ХЗДХЯ-ны дэд сайд Б.Энхбаяр Цаазын ялыг сэргээх боломжгүй тухай хийсэн тайлбартаа;

“Манай улсын хамгийн чанга ялтай таван гэмт хэргийн нэг нь бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх хэрэг. Энэ хэрэгт бүх насаар нь хорих хүртэл ял оноодог. Өнгөрсөн хугацаанд бүх насаараа хорих ял эдлээд, амьд гарч ирсэн хүн байдаггүй . Нэг үгээр хэлбэл бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халдсан этгээдийг амьдын тамд “унагаж”, байж болох хамгийн хатуу цээрлэлийг оноодог ” хэмээн хэлж байх юм.

Тэхээр бүр ч хачин “энэрэнгүй”  бодлоготой болсон улс ажээ.

Мөн хуульч О.Алтангэрэл Хуульчийн хувьд миний бие хэлэлцүүлэгт дараах саналыг нэмэрлэж байна гээд.

Дэлхийн олон оронд (Аргентин, Австрали, Солонгос, Польш г.м) хүчирхийлэгчдийн эсрэг хэрэглэж буй, 21-р зууны трэнд гэж хэлж болохоор "хөнгөлөх" (castration penalty) ялыг Монгол улс эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулан хорих ялтай хослуулан хэрэглэх боломжтой.

Мэс заслын, эсхүл химийн аргаар хөнгөлүүлсэн этгээд бэлгийн ямар ч чадваргүй болохын зэрэгцээ ааш авир, зан байдлын хувьд ч ихээхэн өөрчлөлт ордог нь нотлогдсон. Олон жилийн хорих ялтай хослуулан хэрэглэхэд гэмт этгээдэд маш хатуу цээрлэл болно.

Зөвхөн цаазын ялыг эсэргүүцэж байна гээд олон нийтийн дунд маш хүчтэй яригдаж байгаа, жигшил зэвүүцлийг нь дээд цэгт нь төрүүлж байгаа бага насны хүүхдийг хүчирхийлэн алсан балмад асуудлыг үл тоон орхивол, сөрөг хүчнээс нэр дэвшиж сонгогдсон ерөнхийлөгч санаачилсан болохоор элдвээр гутааж байгаад унагах ёстой гэж хандвал, Монгол төр, хууль цаазад итгэх иргэдийн итгэл улам л суларна…хэмээн бичсэн үзэгдэнэ.

Энэ нийтлэлд олон хүний санаа бодлыг оруулж буй тул энэ сэдвээр хамтран бичхээр нүүр номоор тохиролцсон Иш Цэрэнгийн бичсэн зүйлийг доош үргэлжлүүлбээс; 

Хамтран бичигч маань, бага насны хүүхдийг хүчиндэж амийг нь хөнөөсөн хэрэг дээр хуулийн дээд хэмжээ сонсгож байхын чухлыг тайлбарлачихлаа.

Үндсэн Хуулийн уг заалтыг сэргээхэд болгоомжлол байгаа тухай үнэн, худал юм бичээд байгаа албан тушаалтнуудын тайлбарт бас хариулт ѳгөх нь чухал юм гэж бодлоо.

Намчирхал, улс тѳржилтѳѳс бүрэн ангид байх ёстой "авилгал"  "цаазын ял" гэсэн 2 асуудалд дѳрѳѳлѳн улс орон даяар шуугилдаж, улс тѳрийн хонжоо хайгчид нь өөрөө тод харагдах ѳвчин нь хавраар сэдэрдгээрээ сэдэрч амаа билүүдэн орцгоолоо. 

Нийтлэл бичиж суух яг энэ агшинд дахиад л 4 настай хүүхэд хүчиндүүлсэн мэдээ сонсоод дотор улам бачуурав, бас 9 настай хүүхэд хойд эцэг санаатай нэг муу мунхагт хүчиндүүлчхэж, нийгэм бүхэлдээ бухимдаж, уурсаж байна. 


Энэ санаачлагын үндсэн концепц юу байв.

Концепц нь уг нь маш тодорхой юм билээ л дээ.

Одоо хүчин төгөлдөр буйүндсэн хуулиар заачихсан ялын дээд хэмжээг хэрэглэхгүй болсноо тунхагласан 7 заалтаас ганцханыг нь сэргээе, бага насны хүүхэд хүчиндэж амий нь бүрэлгэсэн нѳхцѳлд хуулийн дээд хэмжээ сонсгож байя л гэсэн санал.

Ард түмэн дэмжиж байгаа гэж жигтэйхэн, яахав зарим хүмүүс цаазын ял сэргээснээр хүчирхийлэл багасах гэдэг дээр эргэлзээтэй байх шиг байна. Хуулийн дээд хэмжээ сонсгох нь, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр буудаад, буудаад явчихна гэсэн үг биш юм л даа, уг нь.

Эрх зүйн орчин үүсгэх л тухай асуудал, цаазын ялтай, тэрийгээ мэдээж зэрлэг харгис онц ноцтойгоор үйлдсэн цөөн хүнд гүйцэтгэдэг олонхид бол гүйцэтгэдэггүй хандлага зонхилчхоод байгааг харгалзах нь зѳв юм. 

Дэлхий дээр цаазын ялтай 58 улс байдгаас 22 нь ялын гүйцэтгэлээс татгалзчихаад байгаа. Үлдсэн 36 улс оронд жилдээ 2300 орчим ялтан цаазлуулж байгаа дотор Хятад 1600. Иран 600 гаруй хүн цаазлагдаж байна. 

2018 оны 3 сарын мэдээг уншигч та  http://capitalpunishmentuk.org/world.html  линкээр ороод үзэх боломжтой.

Цаазын ялтай хоригдлуудыг ОХУ-д тухайлбал, радио идэвхт бодисын гүний малталтад дѳнгѳтэй нь мѳлхүүлдэг байна. 

Энэтхэг ч цаазын ялтай, Хятад шиг олон хүнтэй ч ялыг нь бараг гүйцэтгэдэггүй юм байна. Цаазын ялтай хоригдлууд гяндан, яс цоожинд эрхлэж, овгордож суудаг үе ѳнгѳрсѳн байна, энгийн хүн гүйцэтгэхэд арай л чардайсан хэцүү ажил аль ч улс оронд олддог л юм байна. Радио идэвхт бодисын гүний уурхайд мѳлхсѳн хамгийн чанга эр л гэхэд 6 жилээс хэтэрдэггүй бололтой. Хүүхэд хүчинддэг мунагууд бол хариугүй сүгнүүд байдийн билээ, 6 жил тэвчих нь юу л бол.

Ерѳнхийлѳгчийн саналд Хуулийн дээд хэмжээ гэсэн Үндсэн Хуулийн заалтын дор бага настай хүүхэд хүчирхийлсэн хэрэгт ялыг чангатгах  концепц байгаа нь илт ойлгомжтой байна. 

Мѳнгѳѳр, эрх мэдрэлтэнгүүдийн лүндэнгээр насаараа нь хорих ялаас ч зувчуулан завшиж мултардаг арга бий гэсэн хардлага ч энд нѳлѳѳлсѳн биз ээ.


Ялын Дээд хэмжээг тунхагласнаар Европын Холбооны хүний эрхийн конвенц зѳрчигдѳх үү?

Тэр ХЗДХЯ-ы дэд сайд, Б.Энхбаяр гэж нэг, хүний эрх ярьсан, "хувь хүний эрх иргэдийн нийтлэг эрхээр хязгаарлагдаж явдаг" гэдгийг ч мэддэггүй бололтой баахан худлаа ярьж ард түмний үр хүүхдийг хүчиндэж алсан этгээдийг энэрэх тухай юм хэлсэн харагдсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаг бичиг гараад 70 жил боллоо. Тэнд, цаазын ялыг хориглосон заалт үнэхээр байхгүй. Хүний эрхийн талаар НҮБ-ын АЗ-ѳѳс гаргасан 217 дугаар тунхаг гэж бий, тэнд ч байхгүй. Хүний амьд явах эрхийн тунхагт харин ...амьдралыг санаатайгаар таслах ёсгүй...гэсэн ганц заалт байна. Тийм учраас л улс орнууд цаазын ял оноогоод, тэрийгээ гүйцэтгэхгүй хандлагатай ч маш хатуу цээрлүүлэх логиктой болжээ.

"Цаазын ялыг сэргээх шийдвэр гарсан тэр даруйд, Европын Холбоо Монголоос зайгаа барина" гэж Б.Энхбаяр хэлж байна, юмаа мэдэж ярих ёстой л доо, бодвол хуульч хүн байлгүй дээ.

Европт, цаазын ял хэрэгжүүлдэг нэжгээд улс бий, тэдний нэг нь Белорусь. Белорусийн Ерѳнхийлѳгч Лукаченко, Европын Холбоонд хандан, нялх хүүхдийг хүчиндэх, насанд хүрээгүй хүүхдүүдийг янхандалтад татан оруулах гэмт хэргийн талаарх асуудлаар хуулиа чангатгах тухай удаа дараа хүчтэй шаардлага тавьсан байдаг юм.

Европын Холбоо эцэст нь энэ асуудлыг тусгайлан хэлэлцэж, 44 дүгээр тунхаг гэдгээ гаргасан. Тэнд, "...насанд хүрээгүй хүүхдийг янхандалтад уруу татaх, хүчиндэхээс урьдчилан сэргийлэх үүргийг тѳр хариуцах ёстой! " гэж заасан байдаг. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэргийг аливаа улсын тѳр ѳѳрѳѳ шийдэж байх нѳхцлийг ийн олгожээ.

Хуулийн дээд хэмжээг сэргээснээр хүчиндэлт буурах уу? гэсэн асуулт байдаг юм. Ямартай ч, дээд хэмжээ авна шүү дээ! гэсэн бодол хүчирхийлэгчийн толгойд эрхбиш суух магадлал ѳндѳр шүү! гэдгийг л сануулъя. "Дээд хэмжээ авсан гэнэ лээ" гэдэг яриа ямар хүчтэй сонсогддогийг хамгийн сайн мэдэх ард түмэн бол монголчууд билээ.

 Тѳрийн эрхэмсэг чанар дээшилж, "бид чинь тѳртэй, төр нь шаардлагатай үед төмөр нүүрээ харуулдаг улс шүү дээ" гэсэн сэтгэлгээ нийгэмд дахин орж ирэх нь нэн чухал! хэмээн Иш Цэрэн бичжээ.

Эцэст хэлэхэд, бид хэнд энэрэнгүй хандах гээд буйгаа нэг эргэцүүлж бодож үзэх хэрэгтэй гэсэн бодлоор санаа нийлсэнээ хамтран бичсэн бөгөөд нийтээр санал асууж буй энэ үед үзэл бодлоо хэлсэн нь энэ болой. Үнэхээр бид ирээдүй болсон үр хүүхдээ зэрлэг балмадуудын саварт алдсаар буй тул “энэрэнгүйн гүн ухаан”ны тухайтад тогтож бодмоор асуудалд тулж ирлээ.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ.

Социологич Иш Цэрэн, нийтлэлч Д.Төрмөнх