Д.Төрмөнх (эсээ роман)

Кинон дээрээс олонтоо үзсэн шулмын эзэнт гүрэн Нью­Йоркт шөнө дөлөөр тэр хөл тавьсан юм. 

Ном зохиолд гардаг шиг Эллис хэмээх арал дээр олны дараалалд зогсоод их итгэл горьдлоготойгоор эрх чөлөөний хөшөөг ширтсэнгүй.

“Big apple” буюу “Том алим” хэмээх хотын яг төвд байрлах төв номын сангийн ойролцоо таксинаас буугаад гартаа барьсан хүнд чемодандаа түүртсэн ч толгойгоо дээш өргөж, тэнгэр баганадан хүглийх өндөр байшингуудын доор сэтгэлд нэг л далд айдас мэдрэн зогсож байв. Шөнийн тэнгэрт чөтгөрийн нүд шиг гэрэл ёлтойх хүглэгэр хар байшингууд бүрхэг хар тэнгэрийг тулан байх чулуун багана шиг харагдах нь хүүхэд ахуйдаа уншсан “Аймшигт хот” романыг бодогдуулж, асар том оршуулгын газрын дунд зогсож байх шиг санагдаж байлаа. 

Хажуугаар юунд ч юм бэ яарсан хүмүүс хөлхөлдөн өнгөрөх бөгөөд намайг Кеннедийн нисэх буудлаас энд хүргэж ирсэн шар таксины жолооч Орос цагаач инээмсэглэснээ: 

­“Давай друг. Велком то америка” гэж хашхирчихаад явж одов. 

Би дээшээ харж нэг хэсэг гөлрөөд өөрөө өөртөө: 

­За ингээд Мөнхөө минь хорвоогийн чөлөөт иргэн боллоо доо. Энд ирсэн хүн бүр нэрээ сольдог. Тэгэхээр би аавынхаа нэрийг өөрчлөөд Жорж Хэнди болж орхиё. Хэнди гэдэг яг л таваг угаагч шиг сонсогдох юм. Жорж Кэнди байвал яахав хэмээн бодож зогстол нэгэн хар арьст залуу ирж, миний чемодоныг өргөн таксины буудлаас зайлуулж, хүний хөлөөс холдуулаад нэг доллар гуйлаа. 

Тэрхэн үед энэ чинь аваад явчих нь уу даа гэж бодож амжив. Нэг долларын дэвсгэрт өгвөл толгой дохин мэхийгээд өөр хүнээс ахиад нэг доллар салгахаар яаран явж одлоо. Нью­Йоркид хөл тавьсан л бол та энэ хотын нэг иргэн болж хувирна. Энэ хотын төдийгүй хорвоогийн чөлөөт иргэн боллоо гэсэн үг. Та цагаан арьстан ч бай хар, шар бүр ногоон арьстан ч бай огт хамаагүй. Энэ хотод гаднын хүн гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэвэл энд байгаа хүмүүс цөм хаа нэгтэйгээс ирсэн учраас. 

Мөнхөө эхлээд сурсан зангаараа бугуйн цагаа хартал өдрийн арван хоёр болж байлаа. Ийш тийшээ харвал тэртээ дээр нэгэн өндөр байшингийн хананд байх цаг мөн л арван хоёрыг зааж байх. Яг миний хөл доор бөмбөрцөгийн нөгөө талд гэр орон минь байгаа юм байна... гэсэн бодол толгойд орж ирэхэд итгэхэд нэг л бэрх санагдав. Нар толгой нь доошоо хараад байна уу эсвэл би толгойгоо доошоо харуулчихаад зогсож байна уу? Өчигдөрхөн би эхнэртэйгээ муудалцаж, гал тогооныхоо ширээн дээр гэрийнхээ бүх хутгыг зоож орхиод чемоданаа чирэн уйлах нь холгүй гэрээсээ гарч “Марко Поло” хэмээх зочид буудалд ирж байсан билээ. Буудал руу очихоор Ардчиллын ордны өмнүүр тас харанхуй гудамжаар чемоданаа чирээд явж байтал хоёр цагдаа намайг нэгжиж халаасанд минь байх түрийвчинд бөөн доллар байхыг олж үзээд намайг эрүүлжүүлэхэд хийнэ гэж айлгаж байгаад нэг зуун доллар салгаж аваад буудал руу явуулж билээ. 

Энэ бүхэн дөнгөж саяхан шүү дээ гэхэд нэг л итгэмээргүй хар дарсан зүүд шиг л санагдаж байлаа. Гэнэт түүний толгойд “ингэхэд чөтгөрийн хотод ер нь яах гэж ирсэн юм бэ” гэсэн асуултыг дотор хүн нь асуух шиг болов. Магадгүй, тэр өөрөө өөрийнхөө дотор хүнээс ч асуусан байж болно. Ер нь, энэ хотод хүмүүс яах гэж ирдэг юм бэ? Эргэн тойрон нэг л яаруу холхилдох энэ хүмүүсийн олонх хорвоогийн нөгөө өнцгөөс эсвэл энэ орны аль нэг өнцгөөс ирж суурьшихдаа аз жаргалыг л олох гэж ирдэг. Өнөөдөр дэлхийд алдаршиж баяжсан хүмүүс нэг л өдөр яг над шиг энд ирээд, яг над шиг өөрөө өөртөө энэ асуултыг тавьж зогссон байж таарна. Би тэдэн шиг бас л нэг юм хайж ирсэн байж таарна гэсэн бодол толгойд нь орж ирэв... 

Түүний Бельги найз Петер Бросенс дандаа л хамгийн гол юм бол “first impression” буюу эхний сэтгэгдэл гэж ярьдаг санаанд орж, би ингэхэд дэлхийн төв болсон энэ хотод ирээд эхний сэтгэгдэл маань нэг л хар аймшигтай байхыг анзаарч, түүнийгээ эхлээд өөрчилье гэж бодсон боловч чемодандаа түүртэхийн зэрэгцээ энэ шөнө би хаашаа явах юм бэ гэсэн бодол залгаад орж ирэхэд эхлээд очих газраа л олъё, тэр эхний сэтгэгдэл ямар хамаа байсан юм бэ, би энд чинь удна шүү дээ. Магадгүй эндээ үүрд ч үлдэх юм билүү гэсэн бодол солигдмол үүл шиг орж ирээд хажуухандаа байх метрог зүглэн алхлаа. Метрог энд сабвей хэмээн нэрлэх нь хачин. 

Ингэж аварга том шкафнуудын дундуур гүйх жоом шиг хүмүүсийн нэг болсон юм даа. Яг метронд орох гэж байтал нэг хар арьстан залуу түүний өмнөөс инээмсэглэсээр гарч ирэхтэй таарлаа. Тэрээр их л жаргалтай байсан бөгөөд тас хар нүүрэндээ алаг нүдээ гялалзуулж, салтаа нь тээр доор хөглөрөх жинсэн шарваар, дээгүүрээ хэлхийж томдсон хар өнгөтэй футболк хэдэрчээ. Дээр нь “Don’t dream it, get it” гэсэн тод шар бичиг харагдаж байлаа. Түүнийг нь орчуулбал “Битгий мөрөөд, олж ав“ гэсэн утгатай аж. Тэр хар хүү чихэвч зүүгээд хөгжим сонсож, ийш тийшээ харж инээмсэглэн их л жаргалтай байх нь хоосон мөрөөдөгч биш аз жаргалаа шүүрч авсан нэгэн гэлтэй. Би ч гэсэн түүнээс халдвар авч “don’t dream it, get it” гэж өөртөө хэлээд Уилиамсбург орох галт тэргийг хүлээн зогсож байлаа. 

Нью­Йорк хотын яг төвийг Манхэттэн гэх бөгөөд Хадсон голыг Бруклин Куинстэй холбосон хоёр гүүрийн нэгийг Уилиамсбург бриж гэдэг. Яг гүүр гараад Бруклин орох тэр хэсгийг мөн л тэгж нэрлэнэ. Энэ газар хар арьстан голдуу амьдрахаас гадна жүүдүүдийн хороолол байдаг аж. Манхэттэнийг бодвол намхан хуучны барилгууд дүүрэн энэ хэсэг одоогоор газар хямд, хуучин үйлдвэрийн хороолол байсан болоод хаягдаж хоцорсон, дүнсгэр хүрэн улаан тоосгон барилгууд нүдэнд нэг л баяргүй тусна. Гэхдээ энэ хэсэгт урлагийнхан голдуу суурьшдаг гэнэ. Урлагийнхан хямд төсөр газар олж суурьшдаг ч удалгүй тэдний араас шуналт бизнесмэнүүд ирж, эхлээд өнөөх Макдоналдсыг оруулж, дараа нь үнэтэй дэлгүүрүүд ,төдөлгүй энэ хямд газар үнэтэй болон хувирдаг гэж ярилцана. Азаар энэ хавь одоохондоо хямд, урлагийнхан төвлөрсөн газар ажээ. 

Тэрээр метроноос буугаад нүхэн гарцаас дээш гарч ирэхэд хэдийгээр шөнө дунд болж байгаа ч хөл хөдөлгөөн их. Нүхэн хонгилд гитар тоглон, гуйлга гуйх нэгэн өмнөө тавьсан цүнхээ хураагаад метроны хар модон сандал дээр суугаад олсон мөнгөө тоолж байгаа харагдана. Кенди гэж өөрийгөө нэрлэсэн Мөнхөө түүний хажуугаар гарахдаа өнөөх залуугийн өмссөн Харлей Девидсон хэмээх савхин хүрмийг ажиглангаа цүнхээ чирсээр бат бөх гангаар хийсэн, ногоон тосон будгаар нил будсан гүүрний төмөр багана дундуур гарч, төмөр шатаар уруудан гудманд гараад нэг хавчиг гудмаар дээш өгсөх хоорондоо үүргэвч үүрсэн оюутан байрын нэгэн испани залуугаас шинэ гэрээ асуулаа. Залуу мөн л найрсгаар: 

­Ийшээ чигээрээ яваад хоёр блок өнгөрөөд сүм байгаа. Түүний өмнө нэг вьетнам хоолны газар бий. Яг өмнөх байр нь байна гэж зааж өглөө. 

Хорвоогийн чөлөөт иргэн Жорж Кенди хар чемоданаа чирээд испани залуугийн зааж өгсний дагуу хавчиг гудмаар дээш алхаж явахдаа “За яахав мөрөөдөж явсан газартаа хүрээд л ирлээ. Нэг ч их нүд баясаж сэтгэл бадрах газар биш л юм. Гэхдээ л энэ чинь хонжворт сугалааны газар. Аль өнцөгт ч юм миний аз жаргал намайг хүлээгээд зогсож л байгаа. Бүтэн жил байрлах байр минь үнэгүй болохоор айх айдас алга. Учрыг нь олно доо” хэмээн амандаа бувтнаж явлаа. 

Үнэхээр ч харанхуйн дунд шаргалтан гэрэлтэх католик сүмийн үүдэнд байх байр нь гурван давхар хуучны байшин бөгөөд хамгийн доод давхрын буюу хөлийн давхарт шинэ гэр нь байлаа. Ийш тийшээ харж зогсоод бодов. Хачин юм даа. Энэ гэр маань бас л нэг сүмийн үүдэнд байх юм. Брюссельд байх Петерийн гэр мөн л яг ийм нэг саарал чулуун сүмийн үүдэнд байж билээ гэж бодсоноо халаасаа уудлан өмнө нь явахдаа авсан түлхүүрээ гаргаж ирэв. 

Нэлээд хугацаанд хүн байгаагүй нь илт доошоо газар руу орсон шатанд шарлаж унасан навч дүүрсэн байх тул түүнийг нь цэвэрлээд түлхүүр гарган саарал өнгөөр будсан төмөр хаалгыг нээж гэртээ орлоо. Америкчууд бэйсмэнт хэмээн нэрлэдэг хамгийн доод давхрын буюу манайхаар бол подваль. Харанхуйд тэмтчин байж гэрлээ асаавал уужим танхим байх бөгөөд тэртээ алсад гөлмөн төмөр шиг юмаар бүрсэн маш том ширээ, цагаан өнгөтэй гал тогооны тавилга нүдэнд тусав. Хүн байгаагүй удсан оромжоос үнэртдэг чийгний үнэр ханхлах тул яаралгүй том өрөөндөө ороод барзгар улаан тоосгон хананд байх цонхыг нээж эргэн тойрноо гүйлгэн харав. 

Урд талын хана тэр чигээрээ улаан тоосго. Тэнд нэг том шилэн хаалга байх аж. Онгойлгож шагайвал нэлээд зайтай цэцэрлэг байлаа. Тэнд мах шарах зориулалттай шарах тогоо бас зүлэг услах зориулалттай шүршүүр нэг том модон ширээ, хэдэн модон сандал үзэгдэнэ. Цэцэрлэг рүү шагайн харж байтал гэнэт бороо шивэрч эхлэв. 

Гадаа цэцэрлэг рүү орох хаалганы босгыг фанераар хаасан байх нь энэ хотод хамгийн их гэгдэх харх гэрт орж ирэхээс хамгаалсан бололтой юм. Баруун гар тал руугаа харсан хар хөх өнгийн даавуугаар бүрсэн Шведийн “IKEA”­ийн бололтой буйдан, түүний өмнөх хананд зоорины гэмээр хямдхан төмрөөр хийсэн олон давхар тавиур, дээр нь ганц нэг ном, ширээний дэнлүү, хэрэгтэй, хэрэггүй багаж гээд нүүсэн айлаас үлдсэн юмс шиг үзэгдэж байв. Тасалгааны голд байх асар том ширээг тойруулаад маш олон сандал тавьжээ. Энэ том ширээ түүнд ихэд таалагдав. Хурлын ширээ шиг том ширээн дээр унших, бичих юмаа байрлуулна даа гэх бодол төрөв. Ер нь, тэрээр том ширээнд дуртай бөгөөд түүн дээрээ хэрэгтэй, хэрэггүй юм овоолж байдаг нэгэн. 

Эргэж харвал тэр том өрөөг зааглан хийсэн саарал гүйдэг хаалгатай унтлагын өрөө байлаа. Өрөөн дотор нэг том ор, цаана нь булчин хөгжүүлэх зориулалттай хэрэгслийн ард хувцасны цагаан саарал өнгөтэй шкаф, орны өмнө талд удирдлагагүй, нэг хуучны телевизор байх. Тасалгаа тэр чигээрээ зэвхий саарал цементэн шалтай. Ганц ч хивс хивсэнцэр үл үзэгдэнэ. Цагаан саарал ноосон бүтээлгээр нямбай бүтээсэн орон дээр хэвтэж үзэхэд маш сайн чанарын матрас доороос тэврэх мэт мэдрэмж төрүүлж “За хоёулаа ингээд л хамт байх болно доо” гэж шивнэх шиг санагдана. 

Орноосоо босож хөргөгч онгойлгож үзэхэд хэдэн шил Бекс хэмээх герман пиво, териаки хоол амтлагч тэргүүтэн бүхий сайтар цэвэрлэсэн хоосон шахуу хөргөгч байлаа. 

Ер нь энд би яах гэж ирсэн хэрэг вэ? Авгай ч үгүй, хүүхэд ч үгүй гав ганцаараа яаж амьдрах билээ гэсэн бодол дахиад л орж ирж байлаа. Катарсис буюу сүйрлийн өмнөх хоосрол, тайвшрал сэтгэлээр нэг түгж нэг л хачин уйтгар гуниг ганцаардлыг мэдэрч эхлэхэд асар том ширээнийхээ ард ганцаархнаа суугаад өнөөх герман пивоноос аягалан ууж, амандаа 

“Хотын гудамж миний нутаг
Холхиж өссөн өргөн чөлөө
Хол явахад санагдана, ойр ойрхон үгүйлнэ “ хэмээн аялав. 

Гадаа түргэн тусламжийн сигнал шиг эсвэл цагдаагийн машин шиг ий уун, ий уун гэх дуу тасралтгүй хангинах ажээ. Энэ сирэнаагийн дуу бол өдөр ч, шөнө ч орилдог Чөтгөрийн хотын дуу билээ. Саяхан хорвоогийн чөлөөт иргэн болсон мистер Кенди тамхи асаагаад бодолд автав. Өнгөрсөн амьдралынхаа турш архи балгаж, бодит байдлаас ангижирч, хий хоосон ертөнц дотроо бий болгож явсан Кэнди гуай ингээд хүн бүрийн хүсэж мөрөөддөг Америк орны төв нь болсон Нью­Йорк хотод нэг жил үнэгүй суух байрандаа орж ирээд том ногоон шилтэй герман пиво шимээд, хов хоосон том ширээний ард сууж байгаа нь энэ. 

Тэр ихрийн ордных болоод ч тэр үү, ганцаардлаас үхтлээ айдаг нэгэн. Зургадугаар сарын арван дөрвөнд ямар хүн төрснийг мэдэх гэж их хичээдэг тэрээр Кубын хувьсгалч Че Гавара яг энэ сарын, энэ өдөр төрснийг олж мэдээд ер гайхаагүйгээр барахгүй ихэд бахархах сэтгэлээр хүлээн авсан. Түүний төрсөн өдрийн өмнөх өдөр багынх нь найзын эхнэр, Монголдоо ихэд нэрд гарч байгаа модернист зураач Саранцацралт, арван таванд алдарт Битлз хамтлагийн Пол Маккартни төрсөн юм. Ер нь, зургадугаар сард алдар цуутнууд, хоёрдмол сэтгэлтэй урлагийнхан төрсөн байдаг гэлцэнэ. Ихрийн ордныхныг хорт могой, хоёрдмол сэтгэлтнүүд гэх нь бий. Гэхдээ тэрээр яаж ганцаараа энэ их хотод өдөр хоногийг өнгөрөөнө дөө гэх айдас сэтгэлийн гүнээс төрөөд л байлаа. Иймэрхүү бодлоо үргээх санаатай өмнөө тавьсан шар айргаа ууж бараад дахиж авахаар гадагшаа гарлаа. Хаалгаар гарч ирэхэд үл мэдэг бороо харанхуй тэнгэрээс шиврэн байх бөгөөд гудманд гараад хаашаа явахаа мэдэхгүй хэсэг алмайран зогсов. Төдөлгүй нэгэн жүүд хүн борооны гялгар уут шиг юм нөмрөөд алхаж явахтай таараад, 

­Уучлаарай эрхмээ пиво ч юм уу уух юм авчих онгорхой газар ойр байна уу гэж асуув. Өнөөх эр хараа муутай нэгэн бололтой доош газар ширтсэн чигээрээ: 

­ Энэ гудмаар зүүн зүг рүүгээ яваад доошоо эргэвэл Шелл гэсэн бичигтэй шатахуун түгээх газар байгаа. Тэнд дэлгүүр бий. Пиво авч болно гэв. Хараа муутай жүүдийн зааснаар явтал үнэхээр ч шатахуун түгээгүүрийн газар тааралдсан бөгөөд дэлгүүрт нь орвол урт үстэй залуу уйтгартайгаар цонх ширтэн сууж байснаа түүнийг орж ирэхийг хараад толгой дохиж харагдана. Хорвоогийн чөлөөт иргэн Жорж Кенди хэзээний энэ хотын хүн шиг чигээрээ яваад дэлгүүрийн арын хэсэгт байх шилэн нүүртэй хөргөгчөөс хэдэн шил шар айраг аваад үүдэнд гөлрөн суух урт үстийн өмнө ирэхэд өнөөх кассаа дараад арван нэгэн доллар гэж хайш яйш хэлэв. Энэ хотод дэлгүүр болгон гялгар никел кассын машинтай байх бөгөөд нэг товчлуур дарахад мөнгө хадгалдаг шургуулга нь онгойж байдаг. Кенди хорин доллар гаргаж өгөх зуураа кассны хажууд гэрэлтэх жижиг самбарт энэ долоо хоногт хорин нэгэн сая доллар гэсэн бичиг гялалзан урсаж байхыг хараад: 

­Энэ юу юм бэ гэвэл урт шар үст : 

­Лотто ердөө таван доллар. Өнгөрсөн долоо хоногт хожигч гараагүй. Азаа үз л дээ гэв. Тэрээр толгой дохиход цаадах нь нэг юм дарж өчүүхэн цаас өнөөх төхөөрөмжөөс нь урсан гарч ирэхийг тасалж аваад түүнд сарвайж: 

­Саятан болоорой гээд өглөө. Мистер Кэнди хэдэн шил пиво өнөөх бөөн оронтой тоо гарсан цаасаа барьсаар ширүүсэж байгаа хүйтэн бороон дундуур харанхуйд уусан алга боллоо.