Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж байна
Шинжлэх ухаанд суурилсан, мэдлэгийн эдийн засгийг бий болгоё гэж байгаа л бол шинжлэх ухааны салбартаа мөнгө зарцуулах ёстой. ШУТ-ын салбарт ДНБ-ий 1-ээс доошгүй хувийг зарцуулж байж нийгэм, эдийн засгийн салбартаа нөлөөлөхүйц үр дүн гардаг.
Өмнөх парламентын үед, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн УИХ-аас Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг өөрчилж, шинэчилсэн найруулгаар баталсан. Хууль батлагдсаны дараа сонгуулиар байгуулагдсан шинэ Засгийн газар Боловсрол, шинжлэх ухааны яаманд харъяалж байсан Шинжлэх ухаан, технологийн салбарыг Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлсэн.
Энэ талаар ЭЗХЯ-ны Шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтохтой ярилцлаа.
-Хуульд өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгаар баталсны дараа танай газрыг өргөтгөж, Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлсэн. Хуулийн өөрчлөлтийн гол цөм, харъяалах яамыг өөрчилсөн шалтгаан юунд байсан бэ?
-Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 1998 онд анх баталснаас хойш хоёр удаа өөрчлөлт оруулсан. 2006 онд эхний өөрчлөлтийг оруулсан. 2024 оны тавдугаар сард оруулсан сүүлийн өөрчлөлт нэлээд далайцтай, том өөрчлөлт болсон. Хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн цар хүрээг ярихаас өмнө эхлээд дэлхийн шинжлэх ухаанд гарч байгаа өөрчлөлтийн талаар товч боловч ярих ёстой байх.
Олон улс, дэлхий нийтэд шинжлэх ухаан, технологийн салбарыг үнэлдэг хэд хэдэн үзүүлэлт байна. Нэгдүгээрт, тухайн улс орон шинжлэх ухаан, технологийн салбарт ДНБ-ийхээ хэдэн хувийг зарцуулж байна? Хоёрдугаарт, нэг сая хүнд хэдэн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач ноогдож байна? Нэг сая хүнд ноогдож байгаа патент, бүтээлийн тоо хэд байна, тэр бүтээл нь олон улсад хэр үнэлэгдэж, тэр бүтээлээс олон улсын эрдэмтэд хэр их ишлэл авч байна вэ гэдэг үзүүлэлт.
OECD (ЭЗХАХБ-Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага)-ийн орнууд ч энэ үзүүлэлтийг хэрэглэж байна, ЮНЕСКО ч энэ үзүүлэлтүүдээр тухайн орны шинжлэх ухаан, технологийн түвшинг үнэлж байна. Бид ч бас өөрийнхөө түвшинг бусад улс орнуудтай иймэрхүү байдлаар харьцуулж харж байна.
Олон улсын хэмжээнд, дэлхийн дундаж нь шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ тухайн улсын ДНБ-ий бараг хоёр хувьд хүрсэн байна. Энэ хоёр хувиа 100 хувь гэж үзвэл үүний 39 хувь нь аж үйлдвэр, хувийн хэвшлийн салбараас орж ирж байна. Үлдсэн 60 орчим хувь нь төрийн санхүүжилтээр олгогдож байна. Үүнийг олон улсын түвшинд шинжлэх ухаан, технологийн буюу “судалгаа хөгжүүлэлтийн зардал” гэж үздэг.
Манай улсын хувьд бид бүртгэж чадаж байгаа зардлаа тооцоход ДНБ-ий 0,15 хувьтай л яваа. Бүхэл тоонд оруулаад 0,1 гээд тооцоход дэлхийн дунджаас хорь дахин бага гэсэн үг. Манайхтай ойролцоо хөгжилтэй орнууд бол 0,5 хувьтай, 1 хувь руу дөхөж яваа гээд янз бүр байна, 0,1 хувьтай улс орон ч байна.
-Хоёр хувиас илүү гарсан улс орнууд ч гэсэн олон байгаа биз дээ?
-Израиль гэхэд бараг 6 хувьд хүрч байна. Өмнөд Солонгос 5 хувьтай байна. Герман, Швед зэрэг хөгжингүй орнууд бүгдээрээ л 2 хувиас дээш гарчихсан. OЕCD-ийн орнууд бол бараг 2,5 хувиас давчихсан байгаа.
Манай улсын хувьд 0,1 байна гэдэг маань төрийн санхүүжилтээр тооцож гаргасан зардал. Хувийн хэвшлүүд бас судалгаа хөгжүүлэлтэд мөнгө зарцуулж байгаа, тэр бүртгэлийг бид хийхээр ажиллаж байна. Тэрийгээ оруулаад ч 0,2 хувиас дээш гарахгүй.
Улс орнууд “нэг хүнд ногдож байгаа судалгаа хөгжүүлэлтийн зардал” гэдгээр тооцож гаргах ч бас байна. Хятад улс гэхэд нэг хүнд ноогдож байгаа зардал нь 2022 оны байдлаар 412 доллар байх жишээтэй. Хүн амд нь үржүүлээд бодохоор асар өндөр тоо гарна. Манай хойд хөрш ОХУ гэхэд 300 гаруй доллар зарцуулж байна. Тэгэхэд манай үзүүлэлт 4-5 доллар л байна. Тухайлбал, миний шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгө гэсэн үг шүү дээ. Нарийн тооцвол 2-3 долларын наана цаана хэлбэлзэж магадгүй. Тэгсэн ч бас л дэлхийн дунджаас арав гаруй дахин бага байна.
ЮНЕСКО, OECD-ийн орнуудын гаргаж байгаа гол дата бол ДНБ-д эзэлж байгаа хувь. Хятад улс 2,4 хувьтай байхад АНУ-д ДНБ-ий 3,45 хувь, ОХУ 1 хувиас давчихсан байна. Энэ гэхдээ 2-3 жилийн өмнөх тоо шүү.
Хоёрдугаарт, сая хүнд ноогдох судлаачдын тоогоор гаргаж байна. Яг эрдэм шинжилгээний ажилтан хийдэг буюу үндсэн цагийн ажилтныхаа тоогоор гаргадаг. Их сургуулийн багш нар судалгаа хийдэг “эрдэм шинжилгээний ажилтан”-д тоолдоггүй. Тэр хүмүүсийн цагийг нэмж байгаад үндсэн цагт оруулж гаргадаг. Манайд бүгдийг нь оролцуулаад тоолоход 5200 орчим байна. 3 сая 500 мянган хүнд 5200 судлаач ноогдож байна гэсэн үг. Эндээс үндсэн цагийн ажилтан буюу эрдэм шинжилгээний ажилтан нь 1300 орчим. Өсгөөд, багш нараа бүтэн цагт шилжүүлэн оруулаад тооцоход сая хүнд 500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ноогдож байна. Дэлхийн дундаж бол сая хүнд 1500 эрдэм шинжилгээний ажилтан ноогдож байгаа.
-Санхүүжилттэйгээ харьцуулахад манай хүний нөөц нь арай дөнгүүр юм шиг боловч хүн ам ихтэй оронтой харьцуулбал бас л хэцүү сонсогдож байна?
-Тэрбум гаруй хүн амтай, хэдэн зуун сая хүн амтай улс орнуудтай харьцуулахаар хэцүү л дээ. Тэнд жишээ нь шинжлэх ухааны нарийвчилсан нэг салбарыг нэг институттэй баг судалж байна. Гэтэл манайх нэг институт дээр маш олон судалгааны уулзваруудыг, чиглэл чиглэлийг нь хамруулж судалдаг. Дээрх хоёр үзүүлэлтээс л харахад санхүүжилт бол дэлхийн дунджаас 20-30 дахин, судлаачдын тоо буюу хүний нөөц 3-4 дахин бага байна. Үүнийг би мөнгөн дүгээр нь биш тооцоолон харьцуулсан утгаар нь тооцож байна. Тухайлбал, 2022 онд БНХАУ шинжлэх ухаан, технологийн салбартаа 551,2 тэрбум доллар зарцуулсан байхад манай улс 23 сая доллар, мөн урд хөршид манай улсын хүн амын хагасаас илүү буюу 600-700 мянган хүн эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлж байхад манай улсад 1500 ч хүрэхгүй байна.
Доктор, дэд профессор Доржготовын Баттогтох. МУИС-ийн Газарзүй-Геологийн сургуулийг төгсч, Тайваньд улсад Судалгаа хөгжүүлэлтийн менежментээр докторын зэрэг хамгаалсан. 2003 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлж, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэр, аж үйлдвэр, шинжлэх ухаан технологийн чиглэлээр төрийн захиргааны төв байгууллагууд болон эрдэм шинжилгээний байгууллагад 20 жил ажиллахдаа 80 гаруй эрдэм шинжилгээ бүтээл хийсэн. Бодлогын судалгаа, урт дунд хугацааны бодлого, хуулийг боловсруулан батлуулах болон нийтлүүлэх ажилд оролцсон.
-Ерээд оноос өмнө ямар байсан бэ? Хаа очиж Оросыг дагаад манай шинжлэх ухааны салбар гайгүй хөгжсөн гэж үздэг байсан шүү дээ…
-Ер нь аятайхан байсан. Шинжлэх ухаан, технологийн салбарт ДНБ-ийхээ 1 орчим хувийг зарцуулдаг, 6500 орчим эрдэм шинжилгээний ажилтантай, 120 гаруй ЭШХ, лабораториудтай ийм салбар шилжилтийн үетэй залгасан. Шилжилтийн үед мэдээж сорилтуудтай учирсан, хаалгаа барьчхаагүй л давж гарсан.
2003 онд ЮНЕСКО-гоос том баг ирж манай шинжлэх ухааны байгууллагад үнэлгээ хийгээд маш том тайлан гаргаж өгсөн. Шинжлэх ухаан, технологийн салбарыг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж өгсөн. Энэ бол маш сайн баримт бичиг болсон. Харамсалтай нь хэрэгжилт маш хангалтгүй. Нөгөө л санхүүжилт, бас бус асуудлаас болоод хэрэгжээгүй.
ЮНЕСКО-гийн экспертүүд манайд ажиллаад олон дүгнэлт, зөвлөмжүүдийг гаргасан. Тэр дундаас онцлох нэг зүйл нь “Монгол Улс харьцангуй хүчирхэг, үнэ цэнэтэй шинжлэх ухааны баазтай юм байна” гэж дүгнэсэн, 1990 оноос өмнө үнэхээр л оргил үедээ байсан шүү дээ. 1981 онд сансарт хүнээ нисгэчихсэн, “Монел” брэндийг гаргачихсан, бараг электрон бүтээгдэхүүн экспортод гаргах түвшинд оччихсон байсан. Лаборатори, тоног төхөөрөмжүүд нь ер нь дэлхийн түвшинд суурилагдсан. Тиймээс “Та нарт маш том давуу тал байгаа, маш сайн шинжлэх ухааны баазтай юм байна. Зах зээлд шилжлээ гээд түүнийгээ устгачихаагүй, аваад үлдсэн юм байна, энэ баазаа хадгалаач ээ. Орон нутагт шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж шинжлэх ухаанаа хөгжүүлэх, төлөвлөх хэрэгтэй шүү” гэдэг зөвлөмжийг өгсөн байдаг юм.
Энэ дүгнэлт саяхан хууль гарах хүртэл сорилт хэвээрээ л байсан. Орон нутагт шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, орон нутгаас ч гэсэн шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн шийдэл гаргах, шинжлэх ухааныг ойлгох идэвхжил сул хэвээр байна. Дээр нь дэлхийн зах зээл, эрэлт хэрэгцээ, инновацитай холбож шинжлэх ухаанаа хийдэг соёл бидэнд ч гэсэн дутагдаж байна. Тиймээс шинэ хуулиар аймгуудын хэмжээнд шинжлэх ухаан технологийн Дэд зөвлөлийг байгуулаад ажиллаж байна. Засаг дарга нь ахлаад. Ер нь бол орон нутагт шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр нэлээд идэвхитэй ажиллах хэрэгцээ байна.
-ДНБ-ий 0,15 хувьтай тэнцэж байгаа шинжлэх ухааны зардал нь бүхэлдээ судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулагдах уу?
-Үгүй, Ажилтнуудын цалин орно, бусад урсгал зардал 70-80 хувийг эзэлж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны зардал нь дунджаар 8-10 тэрбум орчим төгрөг. Сүүлийн 10 жилийн дунджийг аваад үзэхэд ийм байна. Ковидын үед бол бараг 2 тэрбум руу орсон.
10 тэрбум төгрөг гэдэг хүндхэн нөхцөлтэй 4-5 км авто зам барих л мөнгө шүү дээ. Тэрийгээ үр ашигтай зарцуулах гэж л хичээж байгаа. ШУА, түүний хүрээлэнгүүд, МУИС, ШУТИС тэргүүтэй их сургуулиуд болон тэдгээрийн харьяа хүрээлэнгүүд, хувийн судалгааны байгууллагууд бүгдээрээ өрсөлдөөнт байдлаар санхүүжилтээ авч суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологи хөгжүүлэлтийн төслүүдэд зарцуулаад явж байгаа. Үүнээс гадна манай эрдэмтэд өөрсдөө гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч судалгаа хийж байна, санхүүжилт авч байна. Хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.
-Шинжлэх ухаан, технологийн сан гэж Засгийн газрын тусгай сан байна. Энэ сангаар дамжиж хэр их мөнгө яг судалгаандаа зарцуулагдсан байдаг вэ?
-Энэ сан 1993 онд байгуулагдсан, 30 гаруй жил болж байна. 1993-2021 оны хооронд нийтдээ энэ сангаас 178,6 тэрбум төгрөг зарцуулсан, 4244 төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ мөнгийг 28 жилд хуваахаар дунджаар эрдэм шинжилгээ, судалгаанд 6 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөнгөн дүн бол жил жилд бага хэмжээгээр өсөөд явдаг, зарим жил буурдаг. Энэ 4244 төслийг хэрэгжүүлээд 51 мянга гаруй үр дүнг гаргасан байдаг юм. Үйлдвэрлэлд нэвтэрсэн бүтээгдэхүүн, ном бүтээл, тоног төхөөрөмж, туршилтын загвар, стандарт зөвлөмжүүд, ТЭЗҮ, зохиогчийн эрхийн гэрчилгээ, ашигтай загвар, шинэ бүтээл, патент гээд бүгд нийлээд ийм тоо гарч байна. 178 тэрбум төгрөгөөр 4000 гаруй төсөл хэрэгжүүлээд 51000 гаруй үр дүн гаргана гэдэг чамлахааргүй үр дүн гэж харж байгаа.
-Патент авсан боловч үйлдвэрлэлд нэвтрээгүй, огт ашиглагдаагүй бүтээлүүд ч гэсэн орсон гэсэн үг биз дээ?
-Орсон байгаа. Судалгаа хөгжүүлэлт гэдэг нь гурван үе шаттай хэрэгждэг. Эхлээд суурь судалгаа явна, хэрэглээний судалгаагаа хийнэ, араас нь технологи хөгжүүлэлт явна. Тэрний дараа инновацын төслүүд хэрэгжээд, бизнесийн загварт ороод, үйлдвэрлэлд нэвтрээд явдаг. Үүнээс эхний гурван үе шат дээрээ л судалгаа хөгжүүлэлтийн зардал зарцуулагддаг гэсэн үг. Тэндээс гарсан үр дүнг 51 мянга гэж тоолж байгаа юм.
-Тэгвэл эхний асуулт руугаа эргэж оръё. Шинэ хуулиар салбарын үзэл баримтлалаа өөрчилсөн, шинэчилсэн найруулга гэхээр хуучин хуулиас 50+ хувь өөрчлөгдсөн гэсэн үг. Энэ хэмжээний том өөрчлөлт хийх шалтгаан, гол шилжилт нь юу байсан юм бол?
-Өмнө нь бол шинжлэх ухааны байгууллагууд зөвхөн салбарын хэмжээнд хөгжиж ирсэн. Шинжлэх ухааны салбар яаж хөгжих вэ, ямар шинэ нээлт, шинэ бүтээл гаргах, бүтээгдэхүүнээ яаж олон болгох вэ? гэдэг бидний зорилго байсан. Өнөөдөр улс орнуудад энэ чиг хандлага өөрчлөгдөж байна. Шинжлэх ухааны салбар өнөөдөр салбар дамнасан, салбар дундын маягтай хөгжиж байна. Хүний амьдралын чанарыг сайжруулах, улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэж байна.
Манайх ч гэсэн өмнөх шиг суурь судалгаагаа хийгээд, технологио гаргаад орхидог биш, тэрийгээ хэрэглээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх процессоо бүхэлд нь хараад, тэр зураглалаа хуульчлаад явж байна. Шинжлэх ухааныг хөгжүүлэх арга зам, үзэл баримтлалын хувьд том шилжилт болж байна. Судалгааны арга барил нь нэг салбарын судалгаанаас салбар дундын болон салбар дамнасан судалгаа руу, судалгааны арга зүй нь статистик мэдээлэл боловсруулалтаас их өгөгдөл, хиймэл оюун руу, судалгааны агуулга нь статик тэнцвэрт нөхцөлөөс динамик бүтэц рүү шилжиж байна. Дэлхий нийтээр шинжлэх ухааны салбарт үзэл баримтлалын том өөрчлөлт явж байна. Бид ч гэсэн үүнтэй хөл нийлж, өөрчлөгдөх шаардлагатай болж байна л даа. Тухайлбал, бэлчээр талхагдал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зөвхөн хүрээлэн буй орчин, байгаль шинжлэлийн эрдэмтэд судлах бус эдийн засагч, иргэд малчдыг оролцуулан судалгааг эрхэлж шийдлээ гаргах ойлголт юм.
-Хууль батлах үед танай газар БШУЯ-нд байсан. Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулахдаа шинжлэх ухаан, технологийн бодлогыг ЭЗХЯ дээр аваад ирлээ. Энэ нь шинэ хуулийн үзэл баримтлал, бодлогын өөрчлөлттэй холбоотой юу?
Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудал Боловсрол, шинжлэх ухааны яам дээр нэлээд удаан явсан. Боловсрол бол маш өргөн хүрээтэй том салбар, энэ том салбарын хажууд шинжлэх ухаан, технологийн салбар чухал хэдий ч төрөөс боловсролын салбартай дүйхүйц хэмжээний дэмжлэг авч чаддаггүй байсан. Ямар сайндаа эрдэм шинжилгээний зардалд сүүлийн 10 жилд ямарч өөрчлөлт гарсангүй.
Ер нь бол хуулийн үзэл баримтлалд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хамтарсан засгийн газрын шийдвэрээр ЭЗХЯ дээр ирсэн гэж ойлгож байгаа.
Би хувьдаа олон улсын эрх зүйн орчин, хуулийн үзэл баримтлалыг судлан, эрдэмтэн судлаачдтай ярилцаж байхад шинжлэх ухаан, дээд боловсролын яам тусдаа байх хэрэгтэй юм байна, тэгвэл шинжлэх ухаан, технологи, инновац илүү хөгжих боломжтой гэж харж байсан. Тэгж тусдаа гарч ирснээрээ мэдлэгийн систем нь нэгдсэн нийлмэл системрүү орж зохион байгуулалтын үр дүн эрс сайжрах боломжтой юм. Ер нь асуудлыг тухайлан харснаар салбар нь нэлээд сэргэж байгааг Соёлын яамны жишээгээр харж болно. Сайн, муу хэлүүлж байгаа ч тусдаа гараад хариуцах эзэн, чиг үүрэг нэгдмэл болоод ирэхээр үр дүнгүүд гараад эхэлж байна шүү дээ.
УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр учраас мэдээж бид хэрэгжилтийг нь хангаад л ажиллах ёстой. Шинжлэх ухаан, технологийн салбар нь ерөнхий чиг үүргийн яаманд ирснээр хэд хэдэн давуу байдал үүсч байна гэж харж байгаа.
ЭЗХЯ-ны хувьд Монгол Улсын хөгжлийн төлөвлөлтийн гол баримт бичгийг боловсруулж, Засгийн газар, УИХ-д танилцуулах үүрэгтэй бодлогын яам. Шинжлэх ухааны салбар ЭЗХЯ-нд ирснээрээ салбар дундын зохицуулалт хийх, төлөвлөх, хөгжих боломжтой болж байна. Үүнээс гадна, манай салбарт хамгийн сул үзүүлэлт болдог санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг хөгжлийн бодлого, төлөвлөлт дагасан санхүүжилтийн асуудлаар шийдвэрлэх боломжтой гэж харж байна.
Дээр нь манай Үндсэн хуулийн нэг том заалт бий. Үндсэн хуулийн 38.2.2-т Засгийн газрын бүрэн эрхийг бичихдээ “Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн барьж, гарсан шийдвэрийг биелүүлнэ” гээд заачихсан. Гэвч өнгөрсөн 20-30 жилд Үндсэн хуулийн энэ заалтын талаар хэн ч ярьж байсангүй. Тэр үед Үндсэн хуулийг бичсэн хүмүүс “Шинжлэх ухаан бол улсын хөгжлийн луужин байна шүү, түүнтэй холбогдуулж таван жилийн үндсэн чиглэлээ, жилийн төлөвлөгөөгөө, төсвөө хийх ёстой шүү” гэдгийг ойлгоод, энэ агуулгыг оруулчихсан байна. Тэрийг нь үе үеийн Засгийн газрууд “хаалтан дотор” хийгээд өнгөрдөг байсан юм уу л гэж харсан.
-Харин танай шинэ хуульд бичигдээд явж байна лээ?
-Хуучин хуулинд байгаагүй, сая шинээр хуульд оруулж ирсэн.
-Хууль баталснаар, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр шинжлэх ухаан, технологийн салбар ямар ч байсан бодлогын хувьд алхам урагшилжээ гэж ойлголоо. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх механизм гэх үү, арга зам нь юу байна? Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дунд болон богино хугацааны төлөвлөлтөд яаж суусан зүйл бий юу?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр дөрвөн жилээр гардаг, бидний яриад байгаа шинжлэх ухааны нэгдсэн бодлого маань дор хаяж 10 жилээр төлөвлөгдөх ёстой. Тэгж байж шинжлэх ухаан суурилсан тогтвортой хөгжлийн асуудал яригдана.
“Алсын хараа-2050” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг бий. “Алсын хараа”-г хэрэгжүүлж байгаа дунд хугацааны 7 хөтөлбөр байна, “Шинэ сэргэлтийн бодлого” үүний нэг нь. Энэ 7 хөтөлбөрийн араас 8-рт “Шинжлэх ухаан, технологийн салбарын зорилтот хөтөлбөр”-ийг хуульчлан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлтээр оруулсан. Ингэснээр шинжлэх ухаан, технологийн салбарын дунд хугацааны 10 жилийн хөтөлбөрийг УИХ-аар батална, Засгийн газар боловсруулж УИХ-д танилцуулна. Ингэж байж Үндсэн хуулийн 38.2.2 дахь заалт биеллээ олж, хэрэгжинэ. Таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, жилийн төлөвлөлт, төсөв ч гэсэн үүнтэй уялдаад явах ёстой. Эдгээр зохицуулалтуудыг бас хуульд оруулж ирсэн.
-Тэгвэл манай улсын хувьд шинжлэх ухааны салбарын хөгжил 10 жилийн дараа ямар түвшинд хүрэх гээд байгаа юм бэ? Ямар нэг хэмжүүр байна уу?
-Хөтөлбөрийг дагаж шалгуур үзүүлэлтүүд гарна. Шинжлэх ухааны салбар маань өөрөө шинэ хуулиар “Хүний амьдралын чанарыг сайжруулах, улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэнэ” гээд үзэл баримтлалаа тодорхойлчихсон. “Мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ” гээд зорилтоо тодорхойлчихсон. Энэ чиглэлд 5, 10 жилийн бодлого төлөвлөлтөө гаргах ёстой. Улсын хөгжлийн төлөвлөлтүүд шинжлэх ухаан дээр суурилж хийгдэх ёстой гэдэг бол ерөнхий том агуулга нь.
Шинжлэх ухааны салбарын үр дүн хэд хэдэн хэлбэрээр гардаг. Нийгмийн өгөөж, нийгмийн инновацын үр дүнгүүд байна. Бизнесийн инновац буюу үйлдвэрлэл, үйлчилгээний ашгийн зориулалттай, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох шинэ бүтээгдэхүүн гаргах, Эдийн засгийн салбаруудад нэмүү өртөг бий болгох гэх мэт.
Нөгөө талаас шинжлэх ухааны салбар хүний амьдралын чанарыг сайжруулах ёстой. Дам бусаар нийгэм, эдийн засагт нөлөөлж байгаа олон хүчин зүйл байна. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, ядуурал, боловсролын хүртээмж, эрүүл мэнд гэх мэт нийгмийн, байгаль орчны энэ мэт том асуудлуудыг эрдэмтэд, шинжлэх ухаанчид судалж, шийдлийг хайх ёстой. Хүний амьдралын чанар хэр их мөнгө төгрөгтэй, баян чинээлэг байхаасаа илүү эрүүл орчинд, стрессгүй амьдрах, зөв амьдралын хэв маягийг сонгосноор үнэлэгдэж байна шүү дээ.
Түүнээс гадна шинжлэх ухааны байгууллагыг олон улсад “мэдлэг шингээсэн цаасаар” үнэлдэг. “Та нар баахан цаас үйлдвэрлээд, өгүүлэл, ном, патент гаргаад тэр чинь амьдрал дээр хэрэглэгдэж байгаа нь хаана вэ?” гэж биднээс асуудаг. Гэхдээ тэр “өгүүлэл нэртэй цаас” чинь үр дүн гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Компаниуд хүртэл цаасаар өөрсдийгөө үнэлүүлдэг боллоо. “Астра Зенека” гэж компани ковидын эсрэг вакцин гаргасан нь нэг талын үзүүлэлт. Түүнээс гадна шинэ мэдлэгийг хэрхэн бий болгож байна вэ гэдгээр нь бас компанийг үнэлж байна. 2019 оноос хойш энэ компанид ажилладаг эрдэмтэн, судлаачид судалгаа хийгээд нийтдээ 8,296 өгүүлэл, нийтлэл олон улсад нийтлүүлснээр нь, түүнээс нь гаднын бусад орны эрдэмтэд 342,878 эшлэл авснаар нь тухайн компанийг үнэлж байна. Зөвхөн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нь биш.
Өнөөдөр жишээ нь судалгаа хөгжүүлэлт хийдэг дөрвөн том компанийн шинжлэх ухаанд зарцуулж байгаа зардал нь АНУ-ын шинжлэх ухаанд зарцуулдаг төсвөөс давчихсан байна. 2024 оны гүйцэтгэлээр шинжлэх ухаан, технологид зарцуулж байгаа хөрөнгө 2,6 их наяд долларт хүрнэ гэж олон улсын шинжээчид үзэж байна. 2022 оноос хойш дэлхийн хэмжээнд шинжлэх ухаан, технологид зарцуулж байгаа зардлын өсөлт 8,9 хувь байна. Жилээс жилд энэ мөнгө нэмэгдэнэ. Яагаад гэвэл дэлхийн хөгжил үүнийг шаардаж байна шүү дээ.
-Гэтэл манай төсөв, ДНБ-д эзлэх шинжлэх ухааны зардлын хэмжээ өссөн үү, жишээ нь энэ жилийн тухайд?
-Төсөвт бол өөрчлөлт гараагүй.
-Ядаж ирээдүйд төсвийн, эсвэл ДНБ-ий тэдэн хувьд хүргэнэ гэсэн зорилт байдаг биз дээ?
-Төсвийн тухай хуультай уялдуулаад аливаа салбар дээр зардлын хувь хэмжээ заахыг хуулиараа хориглочихсон. Нэгдүгээрт, төсөвт эрсдэл үүсгэнэ. Хоёрдугаарт хуульчилчихаар заавал тэрэндээ хүргэх болно гэж үздэг юм шиг байна лээ.
Бид бол “ДНБ-ий 2 хүртэлх хувийг шинжлэх ухааны арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах” гэдгийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд оруулсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотор “шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал” хэсгийг хассан байсныг бид сая сэргээсэн.
2025-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн “Шинжлэх ухааны салбарын зардлыг ДНБ-ий 1 хувьд хүргэнэ” гэсэн зорилт тусгагдсан. Төрөөс зардлыг огцом нэмэгдүүлэхэд хэцүү байгаа иймээс бид зардлаа яаж нэмэгдүүлэх вэ, одоо байгаа 0,1 хувиа яаж 1 хувь болгох вэ гэдэг дээр маш их анхаарч байна.
-Нэмэгдүүлэх ямар боломж байна?
-Хамгийн эхний арга нь хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилтийг бүртгэх тогтолцоог нэвтрүүлэх, түүний дараа энэ санхүүжилтэд татварын хөнгөлөлт үзүүлэх, ингэснээр хувийн хэвшлийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж харж байна. Бусад улс оронд судалгаа хөгжүүлэлтийн нийт санхүүжилтийн 39 хувь нь хувийн хэвшлээс орж ирж байна гэдгийг түрүүн хэлсэн. Хөгжингүй орнуудад энэ харьцаа арай өөр, АНУ-д жишээ нь 75 хувь байгаа. Европод бол 50-70 хувь байна.
Манай улсад судалгаа хөгжүүлэлтийн зардлын тодорхой хувийг хувийн хэвшил гаргах бүрэн боломжтой юм. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ, үйлдвэрлэлээ сайжруулахын тулд судалгаа шинжилгээ хийгээд илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаач л гэж байгаа юм. Аливаа түүхий эд, байгалийн баялгаа тэр чигээр нь битгий экспортод гаргаач, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээч гэж байгаа юм.
Нөгөө талаасаа хэрвээ манай улс “шинжлэх ухаанд суурилсан, мэдлэгийн эдийн засгийг бий болгоё” гэж байгаа л бол шинжлэх ухааны салбартаа мөнгө зарцуулах ёстой. Олон улсын туршлагаас харахад ШУТ-ын салбарт ДНБ-ны 1-ээс доошгүй хувийг зарцуулж байж энэ салбараас нийгэм, эдийн засгийн салбартаа нөлөөлөхүйц үр дүн гардаг байгаа. Ингэж байж бид энэ том орнуудтай эн зэрэгцэж хөгжих, оршин тогтнохын үндэс болно. Байгалийн баялаг бол тодорхой хугацааны дараа барагдана, ойлгомжтой. Мэдлэг, технологид суурилсан эдийн засгийн бүтэцтэй болж чадвал дэлхийн өрсөлдөх дархлаатай боллоо гэж ойлгож болно.
-Яг үүн дээр хуулийн боломж, зохицуулалт нь ямар байна вэ?
-Хуучин хууль маань дан ганц ШУТ-ын салбарын дотоод харилцааг зохицуулсан маягтай хууль явж ирсэн. Шинэ хуулиар энэ харилцааг хувийн хэвшил, үйлдвэр бизнес, эдийн засаг руугаа оруулж ирээд бүтэн циклээр нь харах гэж оролдож байна. Бизнесийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжсэн зохицуулалтуудыг оруулж ирсэн, эндээс бас мөнгө орж ирэх ёстой штээ. Нөгөө талаасаа төрийн санхүүжилтийг бас авна. Ер нь шинжлэх ухааны салбарт хэрэгжих бүх төрлийн санхүүжилтийн эрх зүйн орчин бүрдсэн.
Шинжлэх ухаанд “үхлийн хөндий” гэж ойлголт байдаг. “Технологийн үхлийн хөндий” ч гэж ярьдаг. Нөгөө “цааснууд” чинь үүн дээр ирээд уначихдаг, цаад талд нь хэрэглээ нь байгаад байдаг. Тэгэхээр “үхлийн хөндийг” гатлах, бизнес загварчлалд оруулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхийн тулд тэрийг нь дэмжих институт хэрэгтэй. Үүний тулд инновацын төслийг хэрэгжүүлж, инноваци, технологи дамжуулах төвүүд, шинжлэх ухаан, технологийн паркууд, инновацын сан, венчур хөрөнгө оруулалтын сангууд бий болох хэрэгтэй. Тэгж байж бид энд байгаа цаасыг тэнд хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгоно гэсэн үг.
Тухайлбал, Инновацын төслийн санхүүжилт хамтарсан санхүүжилтийн зарчмаар хэрэгждэг. Төрөөс 40 хувийг нь гаргая, 60 хувийг нь та нар гарга, төслийнхөө үр дүнг та нар аваад бизнесээ хөгжүүлээд яв. Төрийн хувьд бол нэг ч гэсэн компани өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болоод цаашаа хөгжөөд явах нь эдийн засагт хэрэгтэй. Ийм л агуулгаар явж байгаа. Цаашдаа инновацын санг байгуулаад хөгжүүлээд явах юм бол тухайн амжилттай хэрэгжсэн төслийн ашгийн тодорхой хувийг буцаагаад сан дээрээ төвлөрүүлээд эсвэл өөр эх үүсвэрээс хүүгүй зээл байдлаар дараагийн судалгаа хөгжүүлэлтийн шинэ төслүүдийг дэмжих гэх мэт механизм руу орох хэрэгтэй л дээ.
-Хууль бичих, боловсруулах явцад өмнө хэлэгдсэн шинжлэх ухаанаа хөгжүүлсэн, шинжлэх ухаанаар хөгжсөн орнуудын туршлага, зөвлөмжийг авсан уу?
-Сая хуулийг боловсруулж байхад Япон, Солонгосын нөхөд “Та нар ер нь улс төрийн бүтэц, институт дээрээ лобби багатай яваад байна шүү. Тэр бүтцээ жаахан ойлгомжтой болгоод, ажиллуулаад явах юм бол улс төрийн түвшинд шийдвэр гаргалт сайжран, санхүүжилт нэмэгдэнэ” гэдэг зүйлийг зөвлөж байсан. Улс төрийн институтийн түвшинд дэмжлэг олохын тулд Шинжлэх ухаан технологи, инновацын үндэсний хороо гэж байгуулсан. Хуучнаар Үндэсний зөвлөл гэж байсныг инновацтай нэгтгээд Үндэсний хороо болгосон. Энэ хороог Ерөнхий сайд ахлахаар хуульчилсан. Үндэсний хороо нь манай салбартай холбоотой гол гол салбарын сайд нар, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл, төрийн бусчууд оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй. Нэг яаманд 200, нөгөө яам болон аймагт 300, 400 саяын төсөв байлаа гэхэд тэрийгээ нэгтгээд, үйл ажиллагаагаа уялдуулан төлөвлөөд, нэгдсэн бодлоготой явъя гэж байгаа юм. Жишээ нь, өнөөдөр манай аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар 130 гаруй орноос 102-т жагсаж байна. Яагаад ийм хойгуур байгаа юм, урагшлуулахын тулд ямар технологи хэрэгтэй юм, хаана ямар шийдэл хэрэгтэй байна, тэрийг нь хамтарч тодорхойлон шийдлээ хамтарч гаргадаг болох хэрэгтэй. Ерөнхий сайд түүн дээр нь улс төрийн болон бодлогын дэмжлэг болох юм.
Япон, Солонгос ч гэсэн Шинжлэх ухааны зөвлөл, хороотой түүнийг нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь ахалдаг юм билээ. Шинжлэх ухаан, технологийг орой дээрээ залчихсан, түүгээрээ хөгжиж байгаа улс орнууд шүү дээ. Азидаа хамгийн хүчирхэг байгаа шалтгаан нь ерөөсөө шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилийн чадавх өндөр байгаагийнх. Япончууд жишээ нь “Бид маш олон жилийн лобби хийж байж энэ бүтцээ бий болгосон” гэж ярьдаг. Тэрийг нь Солонгос сайхан хуулаад хэрэгжүүлээд явчихсан. Тэр нь нэгдсэн бодлогоо хэрэгжүүлэх, үйл ажиллагаануудаа төлөвлөхөд маш их түлхэц болдог юм байна.
-Зардлын санхүүжилт дээр хувийн хэвшлийг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж ярилаа. Гэтэл нөгөө талд төрийн байгууллагууд, яамдууд судалгаан дээр маш их хэмжээний зардал тавьдаг. Мэдээж Тендерийн хуулиараа явдаг байх л даа. Академи, хүлээлэнгүүд оролцох боломжтой юу?
-Төрийн байгууллага учраас боломжгүй, Тендерийн хуулиараа хязгаарлачихсан. Төрийн байгууллага учраас арилжааны банкид данс нээх эрхгүй, барьцаа тавих боломжгүй. Тийм учраас тендерт шалгаруулалтаас хасагдана. Тэгээд нөгөө тендерийг нэг “цүнхний” компани аваад, компанийн цүнх барьсан нөхөр эрдэм шинжилгээний байгууллага дээр ирээд тендерийнхээ тодорхой хувиар ажлаа хийлгээд, тайлангаа аваачиж өгдөг.
Үүнийг шинэ хуулиар зохицуулсан. Тухайлбал, хүрээлэнгүүд өөрийн судалгааны чадавх, хүний нөөц үйл ажиллагаанд суурилсан судалгааны үндсэн чиглэл гэж батлуулсан байдаг үүний хүрээндээ засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр зарласан бол тендерийн тухай хууль хамаарахгүй байж болох зохицуулалтыг тусгасан юм. Ингэснээр төрөөс зарласан судалгаа хөгжүүлэлтийн ажлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой болсон.
-Академи, хүрээлэнгүүд төрийн захиалгатай ажлын араас хөөцөлдөөд эхэлбэл нөгөө суурь мэдлэг болох “цаас”-ны ажлыг маань хэн хийх вэ?
-Мэдээж “мэдлэг шингэсэн цаас”-уудаа үйлдвэрлэнэ. Тэр чинь манай шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг дээш татдаг гол үзүүлэлт. Тэр “мэдлэг шингэсэн цаас”-наас дараагийн бүтээгдэхүүн, технологийн хөгжүүлэлт, хамтын ажиллагаа эхэлнэ. Тэр “мэдлэг шингэсэн цаас”-ыг цааш хөгжүүлээд бүтээгдэхүүн болсон олон жишээ байна. Жишээ нь ШУА-ийн хими, химийн технологийн эрдэмтдийн бүтээсэн “Салимон”-ыг “Монос” үйлдвэрлэж байна, дархлааг дэмжих маш сайн бэлдмэл. Тус хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Тэрэлж”, “Сэлэнгэ” ундааг “АПУ” үйлдвэрлэж байна, ургамлын гаралтай, “кока кола”-тай дүйцэхүйц брэнд. Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн Дархан-144 сортыг газар тариалангийн компаниуд тариалснаар нэгжээс авсан ургац нь улсын дунджаас 0.2-4.1 ц/га-аар илүү байж, нэмэгдэл ургацаасаа жилд дунджаар 10.3 тэрбум, 6 жилд нийтдээ 61.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон дүн гарсан. Энэ мэт олон үр дүн байгаа үүнийгээ эрдэмтэд өөрсдөө ярьдаггүй л байхгүй юу.
Олон улсын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа нь суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлт, инновацын хөгжүүлэлт, бизнесийн хөгжүүлэлт гээд санаа туршилтаас - үйлдвэр хэрэглээнд нэвтрэх хүртэл үнэ цэнийн гинжин хэлхээнд холбогдсон байдаг. Иймээс шинжлэх ухааны байгууллагуудын менежмент, зохион байгуулалт ч мөн өөрчлөгдөж байна. Олон олон хувийн судалгааны байгууллагууд дэлхийн хэмжээнд шинээр бий болж байна. Энэ их өөрчлөлтийг цаг үетэй нийцсэн шинжлэх ухаан, технологийн эрх зүйн шинэчлэлийг хийхийг бид оролдсон, шинээр гаргасан хуулийг хэрэгжүүлэх хүндхэн бөгөөд хариуцлагатай үүрэг бидэнд одоо ноогдож байгаа. Энэ тал дээр төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа.
inews.mn
Өвгөн бичээч
Зочин
Зочин