Дэлхийн эдийн засгийн форум гэдэг байгууллагын талаар мэдээлэл өгнө үү.

Энэ жил Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форум 55 дахь удаагаа чуулж байна. Хүйтэн дайны үеэр дэлхий дахины илтгэлцлийг сэргээж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд профессор Клаус Шваб Швейцар улсын төвийг сахигч статусыг ашиглан Дэлхийн эдийн засгийн форумыг 55 жилийн өмнө үүсгэн байгуулсан. Дэлхийн эдийн засгийн форумын анхны чуулганд 100 хүрэхгүй хүн оролцож байсан бол одоо оролцох хүмүүсийн тоог хязгаарладаг болсон. Хувийн хэвшийн төлөөлөл оролцох мандатын төлбөр 27 мянган франк (100 сая төгрөг) байдаг. Аравхан мянган хүнтэй Давос Европын хамгийн өндөрлөгт орших цэвэр агаартай хэдий ч хамгийн алслагдсан хотуудын нэг тул дээр үед сүрьеэ туссан хүмүүс энд ирж эмчлүүлдэг байжээ. Гэтэл одоо дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс жил бүр цугладаг газар болгож чадсан нь гайхалтай санагдсан. Далайд гарцгүй Монгол Улс ч гэсэн ийм хэмжээний уулзалтуудыг эх орондоо төвийг сахисан байдлаар зохион байгуулах боломжтой юм биш үү гэж бодогдож байна.

Энэ форумын дэргэд байдаг залуучуудын Глобал Шэйпэрс байгууллагынхаа талаар танилцуулна уу.

Давосын чуулганыг зохион байгуулаад 40 гаруй жил явсны дараа залуусын дуу хоолой шийдвэр гаргах түвшинд дутагдаж, залуучуудын асуудал орхигдож буйг анзаарсан тул 2011 онд Дэлхийн эдийн засгийн форум дэргэдээ Глобал Шэйпэрс нийгэмлэгийг үүсгэн байгуулсан. Үүгээр дамжуулж залуусыг чадавхжуулахаас гадна ирээдүйд зөв манлайлал үзүүлэхэд нь бэлдэх зорилготой олон улсын байгууллага юм. Глобал Шэйпэрс дэлхийн 500 гаруй хотод 10 мянган гишүүнтэй. 2012 онд Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэг Монголд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ ТББ одоо 80 гаруй гишүүнтэй. Бид одоогоор 100 гаруй мянган ам.долларын төслүүдийг гадаад, дотоодоос санхүүжилт босгон эх орондоо хэрэгжүүлээд байна. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Залуучууд бид асуудлыг гаднаас нь хоосон шүүмжлэхийн оронд гар бие оролцож, шийдэл боловсруулж, өөрчлөлт хийх ёстой. Бид заримдаа алддаг, заримдаа онодог. Гэхдээ энэ бүх туршлага 10, 20 жилийн дараа шийдвэр гаргах түвшинд очиход бидний үнэ цэн болно. Давост ирсэн гол зорилго олон улсын залуучууд юу бодож сэтгэж, ямар ажлууд хийж байна, тэдний нийтлэг асуудал юу болохыг ойлгохоос гадна зөвхөн Монголоор хязгаарлахгүй дэлхийн түвшинд сэтгэх боломжийг олгож байна.

Глобал Шэйпэрс нийгэмлэгт элсэх шалгуур нь юу байдаг вэ?

Дэлхийн олон хотод байдаг салбар болгон өөр өөрийн шалгууртай. Глобал Шэйпэрст элсэхийн тулд 18-27 насны хооронд байх ёстой бөгөөд бид жил бүрийн 9 сард элсэлтээ зарладаг. Элсэх өргөдлөө явуулсаны дараа бид ярилцлаганд дуудаад сонгон шалгаруулдаг. Нийгмийн төрөл бүрийн салбарт ажилладаг залуусыг цуглуулж нэгдэл үүсгэхийг хичээдэг. Энэ нэгдлээр дамжуулан залуучуудад хөрөнгө оруулж, ирээдүйн манлайлагчдыг бэлдэх зорилготой гэсэн үг. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ЭНЭ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ!

Өөрөө анх удаа Давосын чуулганд оролцож байна уу? Ийм боломж яаж гардаг вэ?

Би энэ жил Монголоос сонгогдон анх удаа оролцож байна. Бүх зардлыг Дэлхийн эдийн засгийн форум дааж, залуучуудад хөрөнгө оруулдаг. Дэлхий даяар буй 500 гаруй Глобал Шэйпэрсийн салбаруудын 10 мянган залууст Давост оролцох боломж нээлттэй байдаг. Эдгээрээс жил бүр ойролцоогоор 500-аас 1000 орчим залуус Давост оролцох хүсэлтээ илгээдэг. Эдгээр сонгон шалгаруулж урьдаг. Ингэхдээ нэг салбараас нэг л хүн сонгодог. Монголоос зарим жил сонгогддоггүй. Цаанаа яг ямар шалгуураар сонгодог вэ гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ жил сонгогдоод азтай байгаа. 

Дэлхийн эдийн засгийн форумаас сонгогдон уригдаж байгаа учраас бүх зардлыг нь цаанаас нь даана гэсэн үг үү?

Хэрвээ би хувийн хэвшлийн салбарт ажилладаг байгаад энэ форумд оролцох цагаан мандат авахын тулд 27 мянган швейцар франк (100 гаруй сая төгрөг) төлөх ёстой. Ийм хэмжээний мөнгө төлж хуралд орсноор тэрнээс илүү хэмжээний үнэ цэнийг авч, олон улсуудаас хүрэлцэн ирж хуралд оролцож буй төр, хувийн хэвшлийн өндөр хэмжээний хүссэн хүнтэйгээ уулзах боломжтой гэсэн үг. Улс төр болон бизнесийн өргөн боломжууд нээгддэг юм шиг байна лээ. Энэ хурлын үеэр Давос хотод зочид буудлын үнэ асар үнэтэй болдог. Нэг хоногийн найман мянган ам.доллараар буудалд байрлаж буй Хятадын төлөөлөгчтэй би өчигдөр уулзсан. Миний ирж буцах онгоцны зардал, зочид буудлын төлбөр гээд бүгдийг ДЭЗФ дааж байгаа. Ингээд бодоод үзэхээр зөвхөн надад хамгийн багадаа 40 гаруй мянган ам.доллар буюу 130 гаруй сая төгрөг зарцуулж, надад бусдаас сурах боломж олгон хөрөнгө оруулж байна гэж тооцсон. Энэ том хариуцлагыг ухамсарлан Монгол Улсаа энд зөв төлөөлөн дуу хоолойгоо олон улсад хүргэх, энд сурсан мэдсэн зүйлсээ очоод монгол залуустайгаа хуваалцан, эх орондоо хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. 

Хурлын талаар сэтгэгдлээ хуваалцана уу. Ямар хүмүүстэй уулзаж, юу үзэж харж, ямар зүйл шинээр мэдэж сурч байна вэ?

Би Америк, Англид суралцаж төгссөн. Тэнд амьдарч байхад хааяа нэг гудамжаар нэр алдартай хүмүүс явахтай таардаг байв. Харин Давосын чуулганы Конгрессын хурлын танхимд явж байгаа хүн болгон дэлхийд алдартай, нэр хүндтэй, эрх мэдэлтэй эрхмүүд байлаа. Украйны ерөнхийлөгч Зеленський, Аргентин улсын ерөнхийлөгч Милэй, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри, Тайландын Ерөнхий сайд, LinkedIn-ийн гүйцэтгэх захирал, Coinbase-ийн CEO-тай таарсан. Өчигдөр би эдийн засаг, хими, энхтайвны салбарт Нобелийн шагнал авсан алдартнууд, Зүүн Тимор улсын ерөнхийлөгч, Бельги болон Лесото улсын хаантай цуг хоолонд орсон. Энэ хүмүүстэй нэг ширээнд суугаад ижил түвшинд харилцан ярилцаж, асуулт асууж, үзэл бодлоо хуваалцах нь сайхан байсан. Мөн Дэвид Бекхэмтэй таарч зургаа авахуулсан. Хурлын эхний өдөр эдгээр алдартнуудтай таарахаараа сандраад, зургийг авах зэргээр тэвдэж байсан бол сүүлдээ тоохоо байчихдаг юм билээ. Ийм хүмүүстэй уулзсаны дараа гадаадын манлайлагч хүмүүс ямар түвшинд биеэ авч явдаг, юу бодож, үзэл бодлоо хэрхэн илэрхийлдэг вэ гэдгийг нь дэргэдээс нь сурч авч байна. Бид ийм түвшинд хүрэхэд юугаа, яаж бэлдэх ёстой гэдэг дээр ч тодорхой хэмжээний ойлголт авлаа. 

Тав хоногийн турш Давосын чуулганд оролцож, энэ том хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч, хэлэлцүүлэгт оролцох нь миний хувьд нэг жилийн хугацаанд мастерийн зэрэг хамгаалсантай адил буюу их сургуульд сурснаас дутахгүй мэдлэг, боловсрол, туршлага хуримтлуулсан мэт санагдаж байна. Энэ бүх мэдлэг, мэдээллээ дараа дараагийн удаа хэрхэн ашиглах вэ гэдгээ бодож байна. 

Энэ жил анх удаа төр, хувийн хэвшлийнхэн хамтраад Давос хотноо Mongolia House-аа барьж, төрөл бүрийн түвшинд хэлэлцүүлэг, танилцуулгыг хурлын үеэр тасралтгүй хийж байна. Глобал Шэйпэрсүүд сая энд цуглаад нэг хэлэлцүүлгээ хийлээ. Энэ дунд Швейцарын парламентын гишүүн, Бутаны засгийн газрын гишүүн гээд өндөр албан тушаал хашдаг мундаг залуус байсан. Ямар зорилготой хэлэлцүүлэг хийсэн бэ?


Монгол Улсын Алсын Хараа 2050 бодлогын баримт бичгийн хүрээнд залуучуудад зориулсан стратегийг боловсруулж байгаа юм билээ. Энэ ажлын хүрээнд дэлхийн бусад орны залуусын үзэл бодол, санаа оноог сонсож, энэхүү стратеги дээрээ зөвлөгөө авах зорилгоор санал солилцох хэлэлцүүлэг хийж, залуучуудад тулгардаг асуудал болон шийдлийг ярилцсан. Учир нь монгол залуучуудын асуудал зөвхөн Монголоор хязгаарлагдах ёсгүй гэж бодсон. 

Энэ хурлыг дуусгаад эх орондоо очоод ямар ажлыг хамгийн түрүүнд хийхийг хүсч байна вэ?


Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийнхээ залууст хамгийн түрүүнд энд сурсан мэдсэн зүйлсээ хуваалцана. Би өөрөө хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг учраас энд байх хугацаандаа блог хийж байгаа. Үүнийгээ очоод хүмүүст хүргэнэ. Дэлхийн эдийн засгийн форумыг би өмнө нь сонсож байсан хэдий ч бүрэн ойлгодоггүй байсан. Сүртэй сүртэй мэдээнүүд яваад байдаг ч яг дотор нь юу болдгийг мэддэггүй байв. Иймээс блогоороо дамжуулан энэ бүх мэдээллийг залуучууддаа хүргэхийг зорьж байгаа. Энэ бүх туршлагаа бусадтай хуваалцаж, дараа дараагийн Давосын чуулганд Монголоос ирэх залууст туслах, зөвлөгөө өгөх тал дээр илүү сайн ажиллана.