Онцгой тамирчид
Тусгай Олимпын онцгой тамирчдын тухай шинэхэн дугаараа та бүхэнд хүргэж байна. Зочдоор Алтанцэцэг. “Монголын Тусгай Олимпын Хороо”-ны Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, “Басхүү Имплант Клиник”-ийг үүсгэн байгуулагч, Клиникийн професор, Эрүү нүүрний мэс заслын их эмч И.Басхүү, “Монголын Тусгай Олимпын Хороо”-ны Спорт хариуцсан захирал Б.Мөнх-Од, “Монголын Тусгай Олимпын Хороо”-ны Тамирчин болон Залуу манлайллын хөтөлбөрийн зохицуулагч Д.Шинэцэцэг нар уригдлаа.

В.Ганзориг: Одоог хүртэл хүмүүс Тусгай Олимпыг Паралимптой холиод, буруу ойлголттой яваад байдаг. Ялгааг нь тайлбарлаж өгнө үү.
Б.Мөнх-Од: Тусгай Олимпыг одоо хүртэл Паралимптай андуурдаг. Паралимп бол тулгуур эрхтэн, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн оролцдог олимпын төрөл юм. Олон улсын олимпын хороо гэж бас тусдаа байгууллага бий. Харин Тусгай олимп нь бие даасан тусдаа институт бөгөөд Тусгай олимпын тамирчид оюуны ялгаатай хөгжилтэй буюу IQ-ийн түвшингээрээ онцлогтой байдаг. Голлох тамирчид нь дауны хам шинж, аутизм, тархины саажилттай, оюуны онцлог хөгжилтэй хүүхэд залуус, насанд хүрэгчид байдаг. Иймээс манай нийгэм өөрөө зөв ойлголттой байж гэмээнэ Тусгай олимпын талаар илүү мэдлэгтэй болно.
Б.Алтанцэцэг: 1968 онд буюу 57 жилийн өмнө Дэлхийн Тусгай Олимпын хөдөлгөөнийг АНУ-ын Ерөнхийлөгч John F. Kennedy-ийн дүү Eunice Kennedy Shriver үүсгэн байгуулсан. Кеннеди ерөнхийлөгчийн гэр бүлийн нэг гишүүн болох төрсөн эгч Rosemary Kennedy оюуны ялгаатай хөгжилтэй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л зовлон, бэрхшээлийг гэр бүлээрээ туулж байсан учраас нийгмийг өөрчлөх, энэ хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор Тусгай Олимпыг үүсгэн байгуулсан. Харин өнөөдөр Тусгай Олимп бол дан ганц спортын байгууллага биш дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн болж чаджээ.
57 жилийн түүхтэй энэ байгууллагад Монгол Улс 2013 онд элсэн орсон. 2013 онд БНСУ-д болсон Тусгай Олимпын Өвлийн наадамд урилгаар оролцож, оюуны ялгаатай хөгжилтэй хоёр монгол хүүхэд олимпт явснаар манай түүх эхэлсэн. Улмаар эцэг эхчүүд санаачлан нэгдэж 12 жилийн өмнө Монголын Тусгай Олимпын Хороог үүсгэн байгуулсан. Энэ дунд УИХ-ын гишүүн асан С.Оюун байдаг. В.Ганзориг та өөрөө ч гэсэн үүсгэн байгуулалцаж, Тусгай Олимпын дүрмийг судлан шалгалт өгч, магадлал итгэмжлэлийг нь авч байсан хүн.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
В.Ганзориг: Аливаа ТББ-ын хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах нь том сорилт байдаг. Энэ сорилтыг давахад хамгийн ихээр тусалж түншилдэг байгууллагууд бол яах аргагүй хувийн хэвшлийнхэн байдаг. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагууд маш чухал. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, иргэдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд тулгарсан гол бэрхшээл юу байдаг вэ?
И.Басхүү: 2017 онд Тусгай Олимпын Хорооны Спорт хариуцсан захирал Тэгшгэрэл тусгай хэрэгцээтэй, биднээс арай өвөрмөц хүүхдүүд, тамирчдыг дэмжин, эрхийг нь хамгаалах тал дээр хамтран ажиллаач ээ гэдэг саналыг бидэнд албан ёсоор санал тавьсан юм. Ажиглаад байхад бидний найз нөхөд, гэр бүл, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдүүд байдаг. Ийм хүүхэдтэй гэр бүл, эцэг эхчүүдийн хувьд дэлгүүр орох, сургуульд явах, эмнэлгээр үйлчлүүлэхдээ өдөр бүр сорилттой тулдаг. Ийм гэр бүлд тусгай хэрэгцээт тийм сорилт бэрхшээл тулгардаг учраас бид ч гэсэн тодорхой хэмжээнд оролцох ёстой юм байна даа гэдэг далд бодолтой явж байсан. Иймээс Тусгай Олимпын хороотой албан ёсоор хамтран ажиллаж эхэлсэн.
Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд өөрт буй зовлон, бэрхшээл, өвдөлтийг илэрхийлж чаддаггүй. Ингэж явсаар байгаад өвчнөө хүндрүүлдэг. Ийм хүүхдүүдийг оношилж эмчлэхийн тулд эмч нараас маш өндөр ур чадвар шаарддаг. Энэ талаараа тухайн эмчийн хувьд шинэ сорилт, эмнэлгийн хувьд өвөрмөц үйлчилгээний аргыг нэвтрүүлэх ёстой болдог. Бид 2017 оноос хойш тусгай хэрэгцээтэй өвөрмөц хүүхдүүдийн эрхийг хамгаалж, нийгмийн хөгжлийг ижил тэнцүү хүртээхийн төлөө Тусгай Олимпын хороотой түншлэн ажиллаж байгаа тул нэлээд туршлагажаад явж байна.
Б.Алтанцэцэг: Олон Улсын Тусгай Олимпын Хорооны дэргэд эрүүл мэндийн төслүүдийг санхүүжүүлдэг Golisano сан гэж бий. Энэ сан өөрийнхөө хамгийн дээд шагналыг Басхүү эмчид, түүний эмнэлэгт 2018 онд өгсөн. Энэ бол Тусгай Олимпын үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг нь бодитоор үнэлсэн том шагнал юм. Энэ завшааныг ашиглан Басхүү эмчид баярлалаа гэж хэлье.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ЭНЭ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ!
В.Ганзориг: Олимпын үеэр спортоос гадна ямар арга хэмжээнүүд давхар болдог вэ? Шинээгийн Тусгай Олимптой анх холбогдсон түүх нь юу вэ?
Д.Шинэцэцэг: Анх 2022 онд Спортын холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр надад оюуны онцгой хөгжилтэй хүүхдүүдийн бөмбөгтэй хоккэйн тэмцээнийг шүүх завшаан тохиосон. Үүнээс хойш энэ байгууллагад ажиллаж байна. Би ялгаатай хөгжилтэй үеэл ахтайгаа ойр өссөн. Одоо ах маань 50 нас хүрч байна. Анх ахынхаа тусгай хэрэгцээ, онцлогийг нь ойлгодоггүй байсан ч аль болох эвийг нь олж харьцдаг байсан. Энэ туршлага маань одоо Тусгай Олимпын тамирчидтайгаа харилцахад тус болдог. Ажил дээрээ би тамирчдаас гадна сайн дурын залуучуудтайгаа илүү ойр ажилладаг. Тусгай Олимпын хороонд ажилд орохоосоо өмнө би сайн дурын ажлын үнэ цэнийг төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Харин одоо тэгш оролцоотой, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд оролцож буйдаа бахархаж явдаг.
Б.Мөнх-Од: Би Шведэд хэдэн ажил амьдарч байгаад хувиараа төсөл хэрэгжүүлэхээр 2019 онд Монголд ирсэн. Тэр ажил маань бүтээгүй тул би буцах тийшээ хандаж байв. Тэр үед багын найз маань таараад Тусгай Олимпын талаар мэдээлэл өгч, ажлын санал байгаа талаар хэлсэн. Би доороо ганц дүү охинтой. Дүүгийн маань хүүхэд аутизмтэй. Дүүгээ анх тийм хүүхэдтэй болсон гэхэд би ойлгодоггүй гайхдаг байсан. Үндсэн мэргэжлээсээ өөр газар ингээд Тусгай Олимпт ажиллаад явж байна гэж тухайн үед огт төсөөлөөгүй. Харин одоо би энэ байгууллагад ажиллаж буйдаа аз жаргалтай, хийж байгаа ажилдаа дуртай, хүртээмжтэй нийгмийг бүтээлцэж яваадаа баяртай байдаг. Би багадаа усан спорт, хөлбөмбөг, сагсаар хичээллэдэг байсан. Мэргэжлийн тамирчин болж чадаагүй ч сурсан мэдсэн зүйлээ оюуны ялгаатай хүүхдүүдэд зааж сургаж өгөхөөр энэ байгууллагад ажилд орсон түүхтэй.
Б.Алтанцэцэг: Манай байгууллагыг тууштай дэмжин хамтран ажилладаг хүмүүсийн дийлэнхийн гэр бүл, найз нөхөд, хамаатан садны хүрээнд нь тусгай хөгжилтэй, оюуны онцлогтой хүн байж таардаг. Ийм учраас биднийг илүү сайн ойлгож, тууштай ажилладаг. Басхүү эмч өөрөө хэлсэнгүй. Эмчийн хамаатан нь оюуны онцлогтой хөөрхөн бий байдаг. Кеннеди ерөнхийлөгчийн гэр бүлд тийм гишүүн байсан учраас энэ хөдөлгөөн бий болсон. Үгүй байсан ч эрт орой хэзээ нэгэн цагт хэн нэгэн эхлүүлэх л байсан. Иймээс нийгэмд зөв ойлголтуудыг сайтар өгөх хэрэгтэй байна.
В.Ганзориг: Яриад суухаар бараг айл болгон, найз нөхөд, таньдаг хүмүүсийн гэр бүл ямар нэг байдлаар оюуны ялгаатай хөгжилтэй гишүүнтэй болж таардаг. Саяхныг хүртэл эдгээр хүмүүс хүүхдээ бусдаас нуудаг, хэлэхээс ичдэг, ил гаргахаас айдаг байсан. Энэ байдал дээрдэж байна уу?
Б.Мөнх-Од: Оюуны ялгаата хөгжилтэй хүүхдүүдийн нэг онцлог нь юмыг удаан ойлгодог. Цуг спортоор хичээллэж байх үед хамт тоглож байгаа энгийн хүүхдүүд үүнийг нь ойлгохгүй багийн дотор зөрчилдөөн үүсдэг. Иймээс бид хамтарсан спорт, хамтарсан сургууль, дэмжин тоглогч гэдэг хөтөлбөрүүдийг сагс, ширээний теннис, бадминтон зэрэг спортоор дамжуулан хэрэгжүүлдэг. Хүүхдүүд ялгаатай хөгжлийн талаар багаасаа спортоор дамжуулан ойлгож чадвал ирээдүйд хүртээмжтэй нийгмийг тэтгэгч иргэн болж төлөвшинө. Нийгэм залуужиж, сошиал медиагаар мэдээлэл авахын хэрээр хүмүүс тусгай хэрэгцээ, оюуны ялгаатай хөгжлийн талаар хүмүүс зөв мэдлэгтэй болж байна. Намайг бага байхад ийм боломж бүрдээгүй байв. Нэмээд Дауны холбоо, Аутизмын холбоо болон бусад дотоодын болон олон улсын ТББ-ууд хүрээ хүрээндээ нөлөөллийн ажлуудыг сайн хийж байгаа.
Б.Алтанцэцэг: Тусгай олимп спортын жижиг байгууллагаас эхэлж байсан бол одоо дэлхийн том хөдөлгөөн болчихлоо. Олимп гэхээр хүмүүс дан ганц спорт гээд ойлгож байж магадгүй. Яг үнэндээ дан спорт биш нийгмийн хандлагыг өөрчлөх, хүмүүнлэг, хүртээмжтэй, шударга нийгмийг бий болгох зорилготой байгууллага юм. Тэгш хүртээмжтэй нийгмийг байгуулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш тэднийг хүрээлж буй хүмүүстэй илүү тулж ажиллах замаар хандлага, ухамсарыг нь өөрчлөх хэрэгтэй байна. Дэлхий дээр 200 сая оюуны бэрхшээлтэй иргэн бий. Энэ хүмүүсийг хүндэлж, байгаагаар нь хүлээн зөвшөөрч, онцлог хэрэгцээг нь ойлгож мэдэрч чадвал ер нь бол тусгай сургууль ч хэрэггүй, тусгай хэрэгцээ ч гэж ярих шаардлагагүй болно. Ийм төгс нийгэм бүтээж чадвал Тусгай Олимп ч гэдэг байгууллага байх хэрэггүй. Бидний бэрхшээл гэж яриад байгаа асуудлуудыг энгийн гэгдэх хүмүүс та бид өөсрдөө нийгэмд бий болгоод байна. Иймээс бид өөрсдөө эхлээд энэ муухай сэтгэлгээ, буруу хандлага, сөрөг үйлдлээ өөрчлөх ёстой юм. Энэ бол бидний гол ажил.
И.Басхүү: Тусгай олимпын тамирчдын дийлэнх нь бусдаас хамааралтай хүмүүс байдаг. Эдгээр хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийхэд 5 хүүхэд тутмын 3, заримдаа 4 нь шүдний цооролттой, хүндрэлтэй, нэлээд их шүдийг нь авах шаардлагатай дүр зураг байна. Багаасаа шүднүүд нь цоорсон учир эрүү нүүрний гажиг үүссэн. Ганц нэг хүүхдийн амны хөндий харьцангуй эрүүл, сайн байна. Иймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчид нь өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Эцэг эхээр нь дамжуулж, тэдэнд зөв сайнаар нөлөөлж байж энэ хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг сайжруулах боломжтой. Монголд 120 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 40-өөс 50 мянга орчим нь оюуны ялгаатай хөгжилтэй гэж үзвэл ТББ, эцэг эхчүүдээр нь дамжуулан хамтран ажиллахаас өөр аргагүй.
Саяхныг хүртэл монголын шүдний эмнэлгүүд энд тэнд очоод үзлэг, оношилгоо хийлээ гэдэг мэдээллүүд гардаг байсан. Үзлэг оношилгоо хийх, эмчилгээ хийх гэдэг нь хоёр тусдаа ойлголт юм. Үр өгөөжийн хувьд мэдээж эмчилгээ хийлгэх нь тухайн хүндээ хэрэгцээтэй. Алс хязгаар, хөдөө нутагт ийм эмчилгээ шаардлагатай хүүхдүү зөндөө байгаа. Иймээс эмч бид нар энэ мэт хүмүүнлэгийн ажилд аль болох идэвхтэй оролцох шаардлагатай байна гэж уриалмаар байна.
Д.Шинэцэцэг: Залуучууд сайн дурын ажлын ач тусыг сайн ойлгодог болсон. Тусгай Олимпын дэлхийн чуулга уулзалтанд уригдаж оролцож туршлагаа хуваалцдаг, энэ том хөдөлгөөний олон улсын нүүр царай болж сонгогдсон монгол залуучууд төрж гараад байна. 2023 оны Берлины зуны олимпын үеэр яг ийм 3 тамирчин, 4 манлайлагч залуу Монголоос сонгогдон уригдаж оролцсон. Турины олимпын үеэр зохиогдох чуулга уулзалтанд ч гэсэн оролцох монголын манлайлагч залуучууд бид оюуны ялгаатай хөгжилтэй гээд хойшоо суулгүй өөрсдийнхөө асуудлыг шийдэлтэйгээ цуг олон улсын түвшинд ярьж, нөлөөлж, дуу хоолой болж явна.
Тусгай Олимпын манайлагч тамирчин Ерөөлт, залуу манлайлагч Эрдэм хоёр Олон Улсын Тусгай олимпын элч төлөөлөгчөөр сонгогдож, дэлхийн залуучуудын зөвлөлд орж, энэ том хөдөлгөөнийг дэлхийдр төлөөлөх үүрэг хариуцлага хүлээн ажиллаж байна. Энэ бол Монголын Тусгай Олимп төдийгүй Зүүн Азийн бүсийн түүхэнд бичигдэх үйл явдал юм. Энэ бүх амжилтын эхлэл сайн дурын ажлаас эхэлсэн байдаг. Өөрсдийн чаддаг зүйлээр хувь нэмрээ оруулъя гэж ажиллаж эхлээд үндэсний, бүсийн, одоо энэ залуучууд дэлхийн хэмжээнд ажиллаж байна.
В.Ганзориг: Дэлхийн бусад орнуудын хамгийн нэр алдартай тамирчид, урлаг, спорт, улс төр, бизнесийн одууд нь улсынхаа Тусгай Олимпын элч болж ажилладаг. Яагаад Монгол Улсад ийм элч хангалттай төрөхгүй байна вэ?
Б.Алтанцэцэг: Тусгай Олимпын элч төлөөлөгчийн гол зорилго олон нийтийн хандлагыг өөрчлөхөд оршдог. Би ТВ-ээр ярихад намайг аравхан хүн үзэх бол олны танил, нөлөөлөгч, спорт, урлагийн одуудыг 100 хүн сонсоно. Өөрөөр хэлбэл, тэдний нэр хүндийг ашиглан хамтран ажиллах замаар нийгэмдээ эерэгээр нөлөөлөх зорилготой юм. Ийм учраас бид өнөөг хүртэл тийм хүмүүсийн араас хөөцөлдөөд яваад байгаа. Эхлээд Монголын элч төлөөлөгч болбол дараа нь Зүүн Азийн бүс, эцэст нь олон улс буюу Тусгай Олимпын дэлхийн нүүр царай болох боломжтой. Манай холбоотой хамтран ажилладаг хоёр, гурван залуу бий. Эндээс би Б.Нарандэлгэрийг онцолмоор байна. Өөрөө маш завгүй хэдий ч манай элч төлөөлөгчөөр хамгийн удаан ажиллаж байгаа залуу. Басхүү эмч Монголын Тусгай Олимпын элч төлөөлөгч байж болно шүү дээ. Та заавал дуучин, жүжигчин, спортын од байх албагүй. Энд тэнд яриа хийхдээ Тусгай Олимпын тамирчдыг дэмжээрэй, онцлог хэрэгцээг нь ойлгоорой, тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй гэдэг мессеж л хангалттай. Олон улсын түвшинд ажилладаг элч төлөөлөгчид Тусгай Олимпт хөрөнгө мөнгө босгоход нь тусалж, хандивын үйл ажиллагаа дээр нь хамтран ажилладаг. Монголд ийм түвшний нөлөөлөгч хараахан төрөөгүй байна. Сайн ажиллаж чадвал энэ боломжгүй зүйл огт биш. Мөнх-Од захирал өөрийнхөө үеийн спортын мундаг залуучуудыг уг нь авч ирдэг. Ирээд ярихаар айдаг юм шиг байгаа юм. Ярьж ярьж байгаад алга болчихдог. Хариуцлагатай байх ёстой учраас хариуцлагаас жаахан айгаад байж магадгүй.
Б.Мөнх-Од: Ажил, амьдралынхаа хажуугаар ийм сайн дурын ажилд оролцоод, олон улсын байгууллагын нүүр царай болж явна гэдэг бол том хариуцлага л даа яах аргагүй.
В.Ганзориг: Тусгай олимпт оролцох боломж бүх хүнд бий. Түнш дэмжигч байгууллагын төлөөлөл тамирчдад медаль гардуулах, хамт нэг баг болж олимп өрсөлдөх, дэлхийн од тамирчидтай танилцан уулзах боломжтой. Дэлхийд алдартай, шүтэж явдаг, фэн, фанат нь болсон хайртай тамирчинтайгаа биечлэн уулзах хамгийн ойрын бөгөөд том боломж бол Тусгай Олимпын хөдөлгөөнд нэгдэн, бид нартай хамтран ажиллах юм шүү.
И.Басхүү: Аливаа бизнес нийгмийн баялгаас хувь хүртэж буй гэж хааяа өөрсдийгөө ойлгох хэрэгтэй санагддаг. Иймээс уул уурхай нөхөн сэргээлт хийдэг шиг бид нийгэмдээ бага ч гэсэн буцааж өгөх нь зүйтэй. Бусдад сайн сайхныг өгдөг хүн түүнээсээ маш том урам зориг, эрч хүч, таашаал, баяр баясгалан авдаг. Хүнд өгч үзээгүй хүн ийм мэдрэмжийг мэдэхгүй.
Монголын татварын хуулинд өөрчлөлт орсон. Нийгмийн сайн сайханд оруулсан хөрөнгө оруулалт, зарцуулсан зардлыг тооцоод, компанийн жилийн орлогын 1 хувь хүртэлх татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татвар ногдох орлогоос хасч тооцдог болсон. Энэ боломжийг ашиглан хувийн хэвшил нийгэмд хүчтэй нөлөөлөх боломжтой. Иймээс зөвхөн спорт гэхгүй бусад салбартай ч гэсэн хамтран ажиллах ёстой гэж бодож байна. Бид нарын туслалцаа, үйлчилгээ хэрэгцээтэй хүмүүс зөндөө байдаг. Иймээс бусад шүдний эмч нартаа хандан ялангуяа оюуны онцлогтой хүүхдүүдэд ач холбогдол өгч, өөрсдийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй тэдэнд хүрч үйлчлэх, оношилж, эмчлэх тал дээр ажиллавал нэр төрийн хэрэг шүү, хамтран ажиллая аа гэж уриалмаар байна. Энэ бол эмч таны хувьд өөрийгөө сорих нэг боломж шүү. Иймээс энэ сайн үйлст бага гэлтгүй оролцооч ээ гэж урьж байна.
В.Ганзориг: Хэдхэн хоногийн дараа Италийн Турин хотод Тусгай Олимпын Өвлийн наадам эхлэх гэж байна. Монголын баг тамирчид бэлэн үү? Тулгамдаж буй хамгийн том асуудал нь юу байна вэ?
Б.Мөнх-Од: Италийн Турин хотод болох Тусгай Олимпын өвлийн наадамд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн. Монголоос 24 тамирчин спортын 6 төрлөөр оролцох бөгөөд жил хагасын өмнөөс бэлтгэлдээ гарсан. Улаанбаатар хотын тамирчдаас гадна орон нутгаас буюу Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас 9 тамирчин Тусгай Олимпын өвлийн наадамд оролцоно. Манай тамирчид олон жилийн турш энэ олимпт бэлдэж байгаа. Учир нь ОХУ-ын Казань болох байсан өвлийн олимп ковидоос болж хойшилсон.
Бидэнд хамгийн их тус дэм болж байгаа хүмүүс бол аймаг орон нутаг, Улаанбаатар хотод ажиллаж байгаа багш, дасгалжуулагчид юм. Энэ хүмүүс өөрсдийнхөө үндсэн ажлын хажуугаар цаг гарган сайн дураараа манай оюуны онцлогтой хүүхдүүдтэй сэтгэл, зүрхээ гарган тулж ажиллаж, олимпт бэлдэж байна. Энэ олимпоос эхлэн тусгай олимпын өвлийн спортод хоёр шинэ төрөл нэмэгдсэн. Тэр нь уулын цана болон сноубоард юм. Эдгээр нилээд экстрим бөгөөд эрч хүч шаардсан, бас эрсдэлтэй төрөлд тооцогддог. Энэ төрөлд манайхаас дөрвөн тамирчин оролцоно. Энэ дөрөв маань 12 хүүхдээс сонгогдон олимпт оролцох гэж байна. Энэ дөрвөн хүүхэд маань анх гутлаа өмсч, цанаа хөлдөө бэхэлж чаддаггүй байсан бол одоо Скай Ресортын хамгийн өндөр зам дээрээс гулгаж чаддаг болсон.
Б.Алтанцэцэг: Спорт талаасаа тамирчдын бие бялдар, сэтгэл санаа талаасаа бэлтгэлтэй байгаа. Учир нь энэ хүүхдүүд ковидоос хойш бэлдэж байгаа бөгөөд өөрсдийнхөө зүгээс чадах бүх зүйлсээ хийж байгаа. Холбооны хувьд тулгамдаж буй асуудал санхүүжилт байна. Энэ олимп хоёр биш, гурав биш 24 тамирчин, тэдгээрийн дасгалжуулагчид, асран хамгаалагч, эмч, албан багийн гишүүд гээд 40 хүн явна. Энэ санхүүжилтыг бид өөрсдөө босгох ёстой.
Тусгай Олимпт оролцох тамирчдын зардлыг ар гэрт нь ачаалал болж үүрүүлдэггүй. Энэ бүх хариуцлагыг тухай улсын Тусгай Олимпын хороо өөр дээрээ авдаг. Иймээс бид тамирчдынхаа ээж аавд хүүхэд чинь олимп орж байна, мөнгөө гарга гэж хэлдэггүй, тийм эрх байхгүй. Турины өвлийн олимп оролцох 40 хүний баг тамирчдын бүх зардлыг бид босгоно. Өнөөдрийн байдлаар 100% мөнгөө босгож чадаагүй л байна. Сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Энэ нэвтрүүлгийг үзэж суугаа хүмүүс биднийг дэмжих хүсэлтэй байгаа бол огтхон ч оройтоогүй шүү. Хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд, сайн дурынханы дэмжлэгээр санхүүжилтээ босгож ажилладаг. Үүний нэг жишээ нь Басхүү эмчийн эмнэлэг юм. Басхүү эмчийн үзлэг, эмчилгээг мөнгөөр үнэлбэл олон сая төгрөг болно шүү дээ. Улсаас ямар нэгэн дэмжлэг одоогоор аваагүй байна. Гэхдээ тамирчдын замын зардлын талыг ч гэсэн гаргах боломж гарна гэж найдаж байгаа.
Д.Шинэцэцэг: Турины олимпын үеэр дэлхийн залуу манлайлагчдын чуулган болно. Энэ чуулганд Монголоос сайн дурын ажил хийдэг Сарандагина, Энхсаруул, Акмурал гэсэн гурван залуу уригдаж оролцоно. 2023 оны Берлины зуны наадамд Монголын төлөөлөгчид мөн уригдаж гэхдээ зочин байдлаар оролцож байсан бол энэ удаагийн буюу 2025 оны Турины өвлийн наадамд элч төлөөлөгчийн хүндтэй статустай, зохион байгуулагчийн хувиар оролцоно. Эдгээр залуус сайн дурын ажил хийж эхлээд одоо ингээд олон улсын том байгууллагыг дэлхийд төлөөлөх элч болсон байгаа.
Б.Алтанцэцэг: Гуравхан сая хүн амтай монголчууд хэдэн тэрбум хүнтэй улсуудаас дутахгүй дэлхийд ингэж нэрээ гарган, манай залуучууд олон улсад манлайлж явж буйг нь харахаар заримдаа үнэмшмээргүй санагддаг. Монгол сүүлд элссэн учраас Дэлхийн Тусгай Олимпын хамгийн залуу гишүүн гэж тооцогддог ч Зүүн Азийн бүс дотроо үйл ажиллагаагаараа өндөрт үнэлэгддэг, манай залуусын чадварыг дэлхийд онцолдог. Эцэг эх, спонсор, биднийг дэмжин ажилладаг хүмүүсийн ачаар богино хугацаанд багагүй амжилтуудыг бид хамтдаа гаргаад байна.
Б.Мөнх-Од: Тусгай Олимп дэлхийн 196 орныг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага. Энэ дундаас монгол залуусыг сонгон шалгаруулж авна гэдэг бол том амжилт, нэр төрийн хэрэг юм. Ийм залуусыг орон бүрээс авдаггүй, маш өндөр шалгуур тавьж байж сонгодог.
В.Ганзориг: Дэлхийн 196 орны Тусгай олимпын тамирчдын түүхээс сонгогдсон Уянгалянхуа охины тухай баримтат киног Гермачууд бүтээж дэлхийд гаргасан. Энэ киног тун удахгүй монголчууддаа хүргэнэ. Энэ кино бүтсэн түүх юм билээ?
Б.Алтанцэцэг: Энэ киноны түүх ковидын үеэр буюу 2021 оноос эхэлсэн. Олон улсаас бидэнд кинонд оруулах тамирчны түүх байгаа эсэхийг анх асуусан. Монголоос таван хүүхдийн түүх явуулснаас Ховд аймгийн Уянгалянхуа охины түүх сонгогдсон. Дэлхийн 196 улс бүгд тамирчдынхаа түүхийг зэрэг явуулсан. Уянгаатай 20 гаруй удаа Зүүм хурал, ярилцлага хийсэн. Анх Уянгаа өөрөө ярьдаггүй байсан бол сүүлдээ өөрөө нээлттэй ярьдаг, санаагаа чөлөөтэй илэрхийлдэг болж чадсан. Улмаар 2023 онд Германаас кино баг Монголд ирж, Ховд руу явж гэрт нь очиж зураг авалт хийсэн. Энэ кинонд дэлхийн дөрвөн тивээс дөрөвхөн тамирчин сонгогдсон. Эндээс Ази тивээс дахиад л Монгол Улс, монгол тамирчны түүх шалгарсанд баяртай бас бахархалтай явдаг. Энэ киног Монголдоо гаргах эрхийг нь Ганзориг та өөрөө хөөцөлдөн авч, Мобинет компанитай хамтран орчуулж олон нийтэд гаргахад бэлэн болгосонд баярлалаа!
Б.Мөнх-Од: Энэ киног олон хүн үзэх байх аа. Турины олимпт оролцох баг тамирчдын санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор KAWAI MONGOLIA төвтэй хамтран БИД НЭГ МӨРӨӨДӨЛТЭЙ хэмээх төгөлдөр хуурын тоглолтыг 2 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулна. Дэлхийн сонгодог хөгжмийн болон Монгол улсын алдартай зохиолчдын бүтээлийг KAWAI MONGOLIA төвийн суралцагчид болон МТОХ-ны Манлайлагч Тамирчин Б.Ерөөлт толилуулна. Бяцхан төгөлдөр хуурчид болох Түвшинбаярын Энэрэлт-Од, Түвшинбаярын Дарамбазар, Одбаярын Од-Амар, Одбаярын Од-Тара, Батбаярын Нарандарь, Батсайханы Тэнгри, Батсайханы Асури, Оюун-Эрдэний Сорхугтани, Батхүүгийн Цэлмүүн-Үжин, Бат-Өлзийн Нинжин нар сурсан эрдмээрээ тусгай олимпт оролцох баг тамирчдаа дэмжин, хүртээмжтэй нийгмийн бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах гэж байна. Энэ тоглолтын бүх орлого Тусгай Олимпт хандив болж, тамирчдын зардалд зарцуулагдах юм. Хамгийн гол нь энэ тоглолтыг зохион байгуулахад бяцхан суралцагчдын аав, ээжүүд Монголын Тусгай Олимпийн Хорооны үйл ажиллагааг хүндэтгэн ойлгож, дэмжиж буй Кавай урлагийн сургуульд туйлын их баярлаж байна. Цаашид олон байгууллагууд манай үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаарай гэж уриалмаар байна.
Б.Алтанцэцэг: Энэ тоглолтыг хийж байгаа хүмүүс нь дандаа хүүхдүүд байгаа. Хүүхдүүд ийм багаасаа бие биенээ дэмжин, нэгнийхээ тусгай хэрэгцээг ойлгон, нийгэмд эерэгээр нөлөөлж байгаа нь бидэнд мөнгөнөөс илүү үнэ цэнтэй байгаа. Энэ хүүхдүүд өөрсдийнхөө болон бусдын аав ээжүүдийг хүмүүжүүлж байна гэсэн үг.
В.Ганзориг: Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр оюуны онцлогтой, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн оношилгоо, эмчилгээн дээр шинэ арга зүй, бүтээгдэхүүн гарч байна уу?
И.Басхүү: Энэ дээр би хоёр жишээг хуваалцмаар байна. Би Солонгост үүдэл эсийн чиглэлээр суралцаж байхад манай багш надад энэ тухай маш сайн тайлбарлаж, жишээн дээр ойлгуулж өгсөн. Анагаах ухааны практикт хамгийн удаан эдгэдэг, заримдаа огт эдгэдэггүй өвчинд сэтгэцийн өвчнүүд тооцогддог. Сэтгэцийн өвчний эмчилгээн дээр 30 хувийн ахиц дэвшил гаргана гэдэг бол анагаахын түүхэд маш том үзүүлэлт юм. Учир нь энэ төрлийн өвчинг богино хугацаанд эмчилж, хурдан үр дүнг нь харах боломжгүй байв. Гэтэл үүдэл эсийн эмчилгээ сэтгэцийн эрүүл мэндийг 30 хувиар сайжруулж чадсан. Манай хамаатны нэг хүүхэд гаднаас нь харахад бие бялдар сайтай, эрүүл саруул боловч оюуны онцгой хөгжилтэй, тусгай хэрэгцээтэй. Энэ хүүхдэд бид хоёроос гурван удаа үүдэл эсийн эмчилгээг хийсэн. Тэгэхэд ааш авир нь сайхан болж, бусадтай харилцах, бусдад нөлөөлөх чадвар нь нэмэгдсэн. Хар бараан зүйл бодох, стрессдэх, хар дарж зүүдлэх нь хүртэл өөрчлөгдөж, эрс сайжирсан үр дүн гарсан. Тэр хүүхэд өөрөө яг жаахан хүүхэд шиг сэтгэдэг тул бидэнд худал ярихгүй. Иймээс үүдэл эс ашиглан аутизмыг эмчлэх олон оролдлого гадны улсуудад хийгдэж байна. Гэхдээ үүдэл эсийн эмчилгээ анагаах ухаанд дөнгөж нэвтэрч байгаа, цөөхөн улсад зарим нэг өвчин дээр л эмчилгээний удирдамж нь батлагдсан болохоос дийлэнх орнуудад судалгааны түвшинд явж байгааг хэлэх хэрэгтэй.
В.Ганзориг: Нэвтрүүлгээ нэг зүйлийг онцлон өндөрлөх хүсэлтэй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд орсон өөрчлөлтөөр хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны төсөлд зарцуулсан зардал нь татвар ногдох орлогоос хасагдаж тооцогддог болсон. Энэ дүн тухайн компанийн жилийн борлуулалтын 1 хувиас хэтрэхгүй гэж байгаа ч том компаниудын хувьд энэ асар том дүн болно. Энэ эх үүсвэр сайн дурын залуус, ТББ-ын хувьд маш том дэмжлэг болох боломжтой. Иймээс хувийн хэвшлийн салбарыг энэ хуулийг сайн судлаад бид нартай холбогдон хамтран ажиллаарай гэж уриалж хүсч байна.