Сонгуулийн дүн гарч амжаагүй байхад хотын дарга асан хацар гоо нэгэн шөнө дөлөөр хашаа хороогоор давхин “Маргааш өглөө Бат-Үүл амалсан газраа урд ууланд тараах гэж байна, түрүүлж очсонд нь өгнө шүү” гэж зар тараажээ. Мэдээж үүр цайхаас өмнө амжиж хөлтэй нь хөлхөн хөлгүй нь мөлхсөөр Богд ууланд газрын төлөөх дайн эхэллээ. “Б.” хэмээх телевиз ч түрүүлж газар дээрээс нь сурвалжлага үйлдэн зарыг улам далайцтай болголоо. Хүн зон нэмэгдэн машин тэрэг багтахаа болив. Самуун зохион байгуулах ч амар болж дээ. Сэтгүүлчийн асуултанд хотын дарга асан “Тэр Ардчилсан намынхан чинь л газар олгоно гэж өөрснөө суртчилаад байсан шүү дээ” хэмээн хээв нэг хариулж суух юм. Уг нь өөрөө ч ердөө хоёр хоногийн өмнө газар олгоно гээд л гүйж явсан нэгэн. Олон нийтийг элдэв самуун эмх замбараагүй байдалд уриалан дуудах, зохион байгуулах нь эрүүгийн хуульд заалттай ноцтой гэмт хэрэг л дээ. Даанч манайд хуулийг тоодог хүн байдаг юм уу?
   
Шударга байх тухай яриа манайд хамгийн өргөн хэрэглэгдэх болсон үг. “Шударга хүнээ л сонгоно” гэж сонгогчид маань нэгэн дуугаар хариулах юм билээ. 1990 оноос хойш давхардсан тоогоор 1000 орчим шударга хүн төрийн дээд эрх барих парламетэд сонгогдсон. Арай бага шударга хэдэн мянган хүн орон нутгийн эрх мэдэлд сонгогдсон. Гэтэл яс юман дээрээ шударга гэдэг нь хэмжүүр байхгүй тодорхой бус ойлголт юм билээ. Хэн нэгэнд шударга санагдсан юм нөгөөгөөс нь шууд л “арай ч дэндүү шударга биш” гэсэн үнэлгээ авна. Ийм маргаан төгсгөлгүй үргэлжлэнэ. Энэ ойлголтыг хайрцаглаж болох зүйл бол “хуулийн хүрээнд үү, хуулиас гадуур уу” гэсэн үнэлгээ. Гэтэл санал асуулга аваад үзэхээр “хуулиа сахин дагадаг хүнийг сонгоно” гэсэн үнэлгээ урдаасаа арван тавд, араасаа гуравт (Нийт 18 үнэлэмж жагсааснаас) орж байх юм. Ингэхээр манай ард түмний хувьд шудрага байх гэдэг нь хууль зөрчих гэдгээс тэс өмнөө ойлголт бололтой. Хүн чанар, эрийн ёндоо, тусархаг чанар, зөөлөн сэтгэл гэсэн мөн л харьцангуй тэгээд зан мораль, ёс зүйтэй холбоотой ойлголт юм болов уу даа.
   
Өөр нэг сонин ажиглалт байна. “Шударга бус нь хожиж, шударгаар явсан нь хохирч байна” гэсэн хэлц үгийг хүн бүр бишгүй нэг сонссоноос гадна ихэнх маань өдөр тутам хэрэглэдэг. Энэ үгийн цаад тайлбар ихэнхдээ ижил. Юу гэвэл хулгай хийж, авилга авч, залилан үйлдэж, худлаа хуурч, мэхлэн шамшигдуулсан буюу өөрөөр хэлбэл эрүүгийн хуульд тодорхой заан, зөрчигсөдийг хатуу яллан шийтгэхээр тусгасан гэмт хэрэг үйлдэгсэдийг хожиж байна гээд, хулгай хийгээгүй учир өөрснөө ихэд хохирч сүйдэж байна гэсэн санаа. Юу хожоод байгаа юм? Хоол уу? Дүгнэлт: Хоол ундтай баян тарган байхын тулд цөмөөрөө хулгай хийх хэрэгтэй!Өнөө айхтар шударгыг шаардаад байсан нь үнэн хэрэгтээ хулгай хийхгүй юм уу, хулгай хийх бололцоо олдохгүй байгаа учраас хохироод байна гэсэн гомдол аж. Нийгмийн ёс суртахууны уналт гэж үүнийг л хэлэх байх.


   
Тэгвэл цөмөөрөө хулгайг жигшдэггүй юм гэхэд хулгайлахгүйгээр амьдарвал ямар вэ? Нэг нь хожоод нөгөө нь хохирч байснаас бүгдээрээ хохирохгүй байвал бүгдээрээ хожих юм биш үү? Ингэвэл цөмөөрөө шудрага болчихоно (Шударга гэдгийг хулгай хийдэггүй гэдгээр л хэмждэг юм бол!). Ингэхээр хүн болгон хууль мөрддөг сахидаг байх шаардлага аяндаа гарна. Шударга явдлыг сахиулдаг гол институци бол Улсын их хурал. Шударгыг хүчээр сахиулдаг гардан гүйцэтгэх байгууллага болох шүүх, прокурор, тагнуул, цагдаа, АТГ зэргийг эндээс буй болгодог. Юуг шудрага, юуг шудрага бус гэх вэ гэсэн хэмжүүрийг энэ институци тогтоон баталж бүх нийтээр даган мөрдөхийг шаарддаг. Тэр шударга гээд байгаа юм нь Хууль. Ингэхээр энэ институци юун түрүүн өөрөө хуулиа сахидаг байх ёстой.
   
Саяхи сонгууль Шударга гэсэн уриатай боллоо. Тийм эвсэл ч гарч ирсэн. Сонгуулийн хууль ч тийш нэлээд хандлаа. Анх удаа Монголын хууль сонгуулийн булхайг Төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзлээ. Сонгуулиар булхайцаж байгаа нь төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авч, төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж тооцов. Уг нь хаана ч тэгдэг л юм л даа. Бидэндээ л шинэ хууль. Хатуу ч ял цээр тогтоов. 5-10 жил хорихоор заасан. Гэтэл төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авчихдаг байх шүү. Увсын хоёр нөхөр олны нүдэн дээр мөнгө тараан сонгогчидийг эд бараа лугаа адил худалдаад авчихлаа. Бүр давтан хэрэг! Түрүүний сонгуулиар огт тоохгүй худалдан авч байгаа нь зурагтаар гарсан. Саяных нь ч дэндүү гэмээр ил тод баримттай. Тэгсэн өнөө гайхлууд огт юм болоогүй шинжтэй Төрдөө “Шударга зүтгэнэ” гэж төрийн туг үнсэн байж тангарга өргөөд сэнтийдээ заларчихдаг байх шүү! Ингэх байсан юм бол хуулиар яах юм бэ? Энэ байгуулагдаж байгаа Улсын их хурал хэмээх төрийн дээд эрх барих институцид итгэх арга байна уу? Өөр ч цаана нь хэд хэдэн ийм тохиолдол бий. Гэхдээ Увсын хоёрынх бол хэтэрхий илэрхий, ямар ч хүн харааны шил хэрэглэлгүйгээр нэгэн утгаар шууд л луйвар гэж хэлэхээр. Өө үхсэн баас, ямар юмных нь Шударга мударга вэ!
   
Мөнөөх хотын дарга асны хэрэг ч эрүүгийн заалттай. Энэ бол дөнгөж эхлэл. Энэ бол ердөө л эхний чулуу. Сөрөг хүчний Шударга үйлдэл нэрээр цааш дөрвөн жил үргэлжилнэ. Улам лавшрана. Сөрөг болчихоод байгаа ууган гэгдэх нам бол ийм юманд дэндүү гаршсан улс төрийн хар хүчин. Сөрөг байж үзээгүй, ерөөс улс төрийн сөрөг хүчин гэдгийг хорлон сүйтгэх гэдэг утгаар ойлгодог. Алдагдсан эрхээ эргүүлж авахын тулд улс орноо давхар нураасан ч хамаагүй хорлон сүйтгэх ажиллагаагаа улам идэвхижүүлнэ. Бүх юмыг эсэргүүцэнэ. Монгол улс муудах тусам үүнийг сайнд тооцоно. Энэ бүхнээ Шударга гэдгээр л тайлбарлана. Уг нь бид байсан бол шударгаар үзэх байлаа гэж секунд тутамд илтгэн улиглана. Төрийн ганц ч ажил явуулахгүй улдан чангааж, хараан зүхэж, харлуулан гүтгэж, улайран эсэргүүцэж, хорлон сүйтгэнэ. Харж л байгаарай!
   
МАН муу улсаар дүүрчихсэн юм бишээ. Үүнийг буй болгосон институци нь өөрөө ийм юм. Сүүлийн хорин жил урьд байсан нам-төрийн тогтолцоог одоо болтол өөрчилж чадаагүй яваа улс шүү дээ, бид. Хотын намын хороо нь Хотын захиргаа гэж нэрээ сольсон. Төв хороо нь УИХ гэж нэрээ сольсон. Сумын намын хороо нь сумын засаг даргын тамгын газар гээд л нэрээ өрчилсөн. Үндсэн бүтэц, функциональ ажиллагаа, хэлбэр дүрс нь хэвээрээ.Социализмын материал техникийн баазыг байгуулж дуусахын төлөө гэдэг лоозон нь ардчилалын төлөө гэдэг уриагаар солигдсон.
   
Заавал нэг хүрэх цэгтэй, тэр рүүгээ явахдаа заавал нэг үзэн ядах биеттэй байж энэ машин ажилладаг. Ардчилал гээд нэг юм ухаан нь 2021 онд байгаад байгаа юм шиг. Тэрэнд хүрэхийн тулд хуучны Америкийн имперализмыг одоо Ардчилсан хүчин орлоод байгаа юм шиг. Хорин жил ингэж л явлаа, бид. Гэтэл ардчилал гэдэг хүрдэг цэг биш. Энэ бол нийтээр эрх тэгш амьдрах төлөв байдал, статус, амьдралын хэв маяг, нийгмийн тогтвортой байдлыг хангах арга байлтай. Сөрөг хүчин гэдэг нь улс орны хөгжил цэцэглэл, хүн амын амьжиргаа, төр улсын тогтвортой байдлыг хангах нийтийн үйл хэрэгт хамтран тэмцэхийн зэрэгцээ арга барилын хувьд өөрийн үзэл бодлын дагуу шүүмжилж, эрх барьж буй хэсгээ хянах механизм баймаар.
   
Бид энэхүү үзэн ядлаар өвч зэвсэглэсэн, өдгөө нэгэнт үзэл суртал огт үгүй болсон машиныг бүтцийнх нь хувьд үндсээр нь өөрчлөхгүйгээр цааш явах аргагүй. Хүндээ биш, гишүүддээ биш, цаад механизмдаа л хамаг учир бий. Одоо засгийн эрх барихаар болж буй шинэ хүчин ч энэ механизмыг эвдэхгүйгээр явбал өрөөсөн гутал нь болно. Тун удахгүй шавартаа жаргаж буй гахай болно доо.
   
Бараг 90 жил тасралтгүй төр зайдагнасан энэ машин төрийн хэдэн арван мянган ажилтныг эрэг шургаа болгосон байдаг. Өдгөө төрд 150 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 20 орчим мянга нь төрийн баялагийг захиран зарцуулах эрхтэй. Сайдаас авахуулаад багын дарга, сумын нягтлан, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч гэх мэтээр. Энэ бүх боловсон хүчнийг улс төрийн намаас бүрэн тусгаарлаж, хараат биш болгохгүй бол тун удахгүй Ардчилсан нам өөрөө түрүүний хүчнийхээ орыг залгагч, өв залгамжлагч болно. Механизмаа үндсээр нь өөрчилж байж л бид хүчирхэг төртэй болно. Хүчирхэг төр гэдэг бол функционал үйл ажиллагаагаа төгс гүйцэтгэдэг машиныг хэлнэ шүү дээ. Энэ нь юун түрүүн Хууль. Хуулийг энэ оронд хүн болгон сахин мөрддөг, зөрчигсөдийг нь хуульд зааснаар яс шийтгэдэг байж бид жинхэнээсээ Шудрага гэж ярих эрхтэй болно. Шударгын тухай нэгдсэн ойлголттой ч болно. Гэхдээ л хойтон жилийн наадам хүртэл хол байна даа, хол байна.

2012.7.16