БУРУУ ОРЧУУЛГААС БУРУУ УХАГДАХУУН

Танилын эхнэр Хөххотод эмнэлэгт үзүүлээд иржээ.  - Өвөр монголчууд монгол хэлээ ч сайн мэддэггүй шал тэнэг – хэмээн яриагаа эхлэв. - Хятад эмчид үзүүлэхдээ өвөр монгол орчуулагч авч орлоо. Бамбай булчирхайгаа үзүүлэх гэтэл өнөө орчуулагч хүүхэн ойлгодоггүй. Зураг дээр зааж байж хэлтэл “найлзуур уу?” гэж авдаг байгаа. Хятадаар тэгдэг бололтой.

Уг нь цаад бүсгүй нь орчуулагч биш, хэлмэрч л дээ. Бичгэн орчуулга – орчуулагч, аман орчуулга – хэлмэрч. Англиар ч translate, interpreter гэж ялгаж хэлдэг. Малтай байнга харилцдаг монголчууд найлзуур булчирхайг бага наснаасаа мэднэ. Бодисын солилцоо зохицуулдаг энэ даавар булчирхайг оросоор “бамбай маягийн хэлбэртэй гормон” гэж нэрлэдэгийг зөвлөлт сургуулийн бүтээгдэхүүн эмч нар анх ингэж орчуулсан бололтой. “Арван хоёр нугалаа гэдэс” гэсэн учиргүй урт уянгалаг нэртэй эрхтэн бий. Монголоор бол маш товчхон “хос” юм. Хосыг нь шувтрана гээд л ярьдаг шүү дээ. Бас “бөөрний дээд булчирхай” гэж байна, бөөр ба бөөрөн дээр байрладаг булчирхай үйл ажиллагааны хувьд хоорондоо ямар ч холбоогүй. Юутай ч энэ бол бөөрний булчирхай биш, нэрлэхдээ зөвхөн байрлалыг нь заажээ. Энэ буруу орчуулга хүмүүсийг шууд төөрөгдөлд оруулдаг. “Любая точка” гэсэн орос нэршлийг “дурын цэг” гэж орчуулчихаад сурагчдад геометрийн хичээлээр заадаг, жинхэнэ дурын цэг өөр газар байдаг, үүнийг хүүхэд ч мэднэ. Уг нь “хаана ч, ямар ч” гэмээр?

Буруу орчуулаад тэрэндээ дасан зөв ойлгодог бол ч яахав, дүүрч. Ер нь алив хэлний үг, нэр томъёо заавал логиктой, нэрлэж буй объекттойгоо яв цав таарч байх албагүй. Нийтээрээ хэлээд сурсан, тэр нь юуг нэрлээд байгаа нь бүхэнд ойлгомжтой бол болоо. Тоорт идэхээр бялуурлаг гээд “бялуу” гэж нэрлэх болж, юуг нэрлэж байгааг нь бүгд шууд мэддэг болохоор, буруу ч юу байхав. 

Гэтэл хүн төрлөхтний ирээдүйд хортой, эдийн засгийн хувьд алсын ирээдүйгүй нэршил, нэр томъёог буруу орчуулж шал буруу ухагдахуун төрж буй жишээ цөөнгүй байна. 1992 онд Бразилийн Рио дэ Жанэро хотод НҮБ-ээс зохион байгуулсан чуулга уулзалтаар байгаль орчин, ирээдүйн хөгждийн талаар хуралдаж уриалга гаргасан. Бразилийг сонгодог нь Амазон мөрний хөндийн асар их ойг дэлхийн уушиг гэж нэрэлдэг, манай дэлхийн гол амьсгал болсон хүчилтөрөгчийн дийлэнх нь тэндээс ялгардаг. Гэтэл энэ орны сүүлийн 30-40 жилийн тогтвортой хөгжлийн нэг үндэс нь энэ ойг хяргах, сүйтгэж ашиглах дээр тогтож буй аж. Ой модноос гадна цэвэр ус, хүн амьтанд хортой хүхэрт хүчил, тугалга, хүлэмжийн хийг хурдтай нэмэгдүүлж буй нүүрс зэргийн аж ахуйн хэрэглээг яаралтай багасгах, улмаар хориглох арга хэмжээнд дэлхийн нийтээр нэгдэхийг тус чуулганаар уриалжээ.Ирээдүйд байтугай одоо тулгамдсан асуудал болоод байгаа эдгээр хор хөнөөлт ажиллагаа нь олон орны тогтвортой хөгжлийг хангаж байгаа ч, эцэст нь эх дэлхийгээ сүйрэлд хүргэх аюултай учраас нийтээр тогтвортой хөгжил хэмээх улс орны эдийн засгийг мөнгөн утгаар нэмэгдүүлдэг ч ирээдүйгүй энэ ойлголтоос татгалзацгаая. Тогтвортой хөгжил гэсэн энэ ойлголт нь байгаль орчинд халгаатай төдийгүй хүн амын эрүүл мэндэд хортой, хүн төрлөхтний ирээдүйд аюултай. Иймээс тогтвортой хөгжлөөс (stable devolopment) татгалзаж тулхтай хөгжил (standble devolopment) рүү шилжье! Тулхтай (суурьтай, буурьтай, ухаалаг гэсэн ч болно) хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангах чадварыг алдагдуулахгүйгээр өнөөгийн хэрэгцээгээ хангах, мөн эдийн засгийн өсөлтөддөө нийгмийн тэгш байдал, байгаль орчныг хамгаалах асуудлыг санаачилгаараа тэнцвэржүүлэхийг хэлнэ. Мөнгөн дүнгийн өсөлтөөр хөгжлийг тодорхойлж тогтвортой хөгжиж байна гэхээ болъё л гэсэн үг. Рио Жанэррогийн хуралд ЕС Бямбасүрэн очсон бол, мөн сэдэвт дараагийн хурал Өмнөд Африкийн Ёханнэсбүргт болоход Ерөнхийлөгч Багабанди оролцсон.

Үгчилсэн утгаараа зөв орчуулагдсан мөртөө шал буруу ойлгогддог олон үг бий. Money laundering гэсэн үг англи хэлнээс бүх хэлэнд дэлгэрчээ. Энэ нь үгчилбэл “хими цэвэрлэгээний мөнгө”, “угаалгын газрын мөнгө” гэсэн нэршил. 30-аад оны үед мафигийнхан нууцаар архи худалдан асар их олз олсон орлогоо хууль ёсны болгохын тулд хими цэвэрлэгээний газар олныг нээж, бэлэн мөнгөөр бүртгэлгүй үйлчилдэг газрын нэр ашигладаг байжээ. Энэ нь өргөжсөөр сүүлдээ казино зэргийг илүү түлхүү ашиглах болсон. Энэ нэршил манайд оросоор дамжиж орж ирээд “отмывание денег” гэдэг нь “мөнгө угаах” болж буусан байх. Боддогчлон, мафийнхан дээрэм хийж, хүн алж олсон цустай долларын дэвсгэртүүдийг зад угааж, индүүдэж хатаагаад толгойлдог юм биш. Харамсалтай нь мөнгө угаах гэдэг нь Монголын эрүү эрхийн хуулинд нарийн зөв тодорхойлолт байхгүй учир бүхий л бизнис, хууль бус ажиллагаа, орлогоо гудсан дороо нуусан явдал, тэрбайтугай хардлага гүтгэлэгийн нэр болж шүүхээс “мөнгө угаасан” гэх хэрэгт яллах болжээ. Энэ бол маш буруу нугалаа!

Жоорж Орвэлийн “1984” зохиолд дарангуйллын тогтолцоо ард түмнийг хэрхэн эрх чөлөөнөөс салгадаг, үүнээ хэрэгжүүлэхийн тулд ямар муухай арга хэрэглэдэгийг памфлет маягаар егөөдөн бичсэн. Тэнд “Их ах чамайг харж байна”, ”тархи угаах”, ”энх тайвны яам” гэх мэт ёжилсон шинэ үг, улмаар энэ нь шинэ утга бий болгожээ. Энэ бүтээлийг маш олон орны дунд сургуульд үздэг нь залуу үеийгхэнд алив дарангуйллын тогтолцоо ямар аюултайг ойлгуулах гэсэн хэрэг.

Дарангуйллын тогтолцоо зөвхөн хүчирхийлэл дээр тогтддог. Нийгмийг хүчирхийлэхэд бүхэл бүтэн цогц систем хэрэгтэй. Түүний нэг нь иргэдийг номхон хүлцэнгүй байлгахын тулд тусгай бэлдсэн суртал нэвтрүүлэгт автуулах, ингэхийн тулд мэдээлийн бүх сувгийг хаан гагцхүү өөрсдийн цор ганц мэдлэг мэдээллийн шугамд албадан үнэмшүүлдэг. Үүнд нь үнэмшихгүй хүмүүсийг устгана. Иймээс мэдээллийн хүчирхэг аппарат ажиллаж, сурталд үл автагсадыг илрүүлэн шийтгэх систем дагалдан ажиллана. “Тархи угаах” гэсэн нэршил нь хүчирхийллийн аргаар иргэдийг хөдлөх аргаггүй болгон хянах нэг хэлбэр юм.

Үүний хамгийн шинэлэг өнөөгийн сонгодог жишээ нь одоо Орост, ялангуяа Украин дахь түрэмгийлэл эхэлсэн үеэс хойш тод харагдаж байна. Путины тогтолцоог эс зөвшөөрвөл таг дугуй суух, эсвэл гадагшаа дүрвэн зугтах. Чингэж чадаагүй бол шоронгоос өөр гарц байхгүй. Юу ярьж, юунд үнэмших ёстойг төрийн зөвшөөрөгдсөн мэдээллийн хэрэгслэлүүд тасралтгүй зааварчлана, гол ухуулагч ятгагчидыг продагандистууд гэж нэрлэх болжээ. Монгол улс ч ийм тархи угаадаг хүчирхийлэгч тогтолцоог 70 жил туулсан. Нам засгийн бодлогод итгээгүй, зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан, дэмий чалчсан, дэл сул яриатай гэдгээс авахуулаад санаандгүй “үзэд сурталын” талаар алдаа гаргасан олон хүн амь наснаас эхлээд ажил алба амьдарлаар хохирч байсан түүх саяхных. 

Тархи угаах гэдэг нь өөрт таалагдаагүй үг хэл, бичиг ном харсныг хэлдэг хараал хочны нэршил биш. Мэдээллийн бүх суваг чөлөөтэй ажилладаг, олон ургалч үзэл ямарч хяналт шийтгэлгүй оршин байдаг, энэ нь амьдралын хэвийн үзэгдэл болсон нийгэмд тархи угаах “ажил” оршин тогтнох бололцоогүй. Гэтэл өдгөө “тархиа угаалгачихлаа” гэж гомдол нэхэх хүмүүс цөөнгүй таардаг болжээ. Хараад байхад, олон нийтийг хуурч байсан нь баригдах юм уу, хэрүүл маргаанд ялагдаад, хэлэх үггүй болоод ирэхээрээ л “энэ миний тархийг угаагаад байна”, “Ард түмний (үнэндээ бол өөрт нь хууртдаг хүмүүсийн) тархийг угаагаад байна” гэж бархирах болж.

“Эх орны дайн” гэсэн нэршил орос хэлнээс зөв орчуулга боловч орос биш үндэстнүүдийн хувьд ийм нэршил үеэ өнгөрөөж, ихэнх нь дэлхийн дайн гэх болов. Оросын түүхэнд хоёр ч “эх орны дайн” бий. Эхнийх нь 1812 онд Оросын эзэнт улс Францтай байлдсанаас үүдэлтэй. Наполеон Англитай байлдах гэтэл Оросын эзэн хаан Александр дэмжээгүй тул түүнийг зайлуулж шинэ засгаас нь дэмжлэг авах зорилгоор Орост халджээ. Энэ дайныг францчууд “1812 оны Оростой хийсэн цэргийн ажиллагаа” гэж түүх бичлэгтээ тэмдэглэдэг бол, оросууд 1940 он хүртэл “Арванхоёр хэлтний халдлага” гэж түүх бичлэгтээ нэрлэж байсан нь Наполеоны арми олон үндэстнээс бүрддэг байснаас болж ингэх болсон гэнэ. 1941 онд Герман ЗХУ-д гэнэт довтлон дайн эхлүүлэхэд Сталин үүнийг шууд “Аугаа эх орны дайн” гэж нэрлэсэн нь одоо болтол Оросын түүх бичлэгт энэ нэрээрээ яваа.. Нацистууд үүнээ “блицкриг” буюу орчуулгаар цахилгаан дайн гэх, тэд үүнээс жилийн өмнө Францтай блицкриг дайн хийж богино хугацаанд ялалт байгуулсан бол, Орос руу энэ нь бүтэлгүйтсэн. Ингээд “Дорнод фронт” гэх болсныг олонх орон тэр үед авч хэрэглэх болов. Нацистууд бас энэ дайнаа “барбарос төлөвлөгөө” ч гэж байсан нь ”улаан сахалт” гэсэн утгатай, Аль XII зууны үед Ариун Ромын эзэн хаан Фридрих ийм хочтой байсан гэдэг. Дайны дараа Холбооны Германы түүх бичлэгт “Герман-Зөвлөлтийн дайн” гэх болсныг энд тэндгүй хүлээн авсны дотор хамгийн сүүлд Украин ийм нэршилийг албан ёсны болгосон. Монгол энэ дайнд Холбоотны тал баримталж байсан боловч дайнд оролцоогүй. Албан ёсоор 1945 онд ялагч холбоотон гүрнүүдийн талд Японы эсрэг дайнд оролцсон. ”Аугаа эх орны” гэдэгнь Зөвлөлт холбоот улс. Энэ улс задарч хорь орчим бие даасан тусгаар улс үүссэн тул нэршил тэдэнд хамаагүй болсон. Өнөөгийн Орос улсын түүх бичлигт л өөрсдийгээ хэлэх нэршил болж үлджээ. Даажинтай нь өнөөдөр “Аугаа их орон”-д багтаж байсан улсууд тус тусын эх оронтой болсноор барахгүй Орос, Украйн хоёр нь л гэхэд “Аугаа их дайснууд” болчихоод байлдаж байх юм. Герман-Зөвлөлтийн дайн нь нийт гаригийг хамарсан Дэлхийн хоёрдугаар дайны нэг хэсэг л байлаа.

Төмөр хатагтай Английн Ерөнхий сайд Тэтчерийг анх ингэж нэрлэснээр Маргарэт Тэтчер Нийгмийн бодлогын сайд байхдаа хүүхдэд сургуульд өгдөг сүүг хассан байна. Үүнээс болж эхчүүд түүнийг үзэхээ больж “эмэгтэй хүн биш, төмрөөр хийсэн авгай” гэж хочлох болжээ. Энэ бол олон дахин сонгогдсон, ард түмэндээ хайртай, нийгмийн халамжийг өсгөхөөр тэмцдэг эмэгтэй гишүүдийг магдсан нэршил биш!

АНУ-д 1947 онд анхлан байгуулагдсан Central Intelligence Agency (CIA) нэртэй төрийн агентлаг бий. Оросоор Центраальное разведывательное управление  (ЦРУ) гэдгийг монголоор Тагнуулын төв газар гэж орчуулжээ. Англи хэлний Intelligence гэсэн үг нь сурах, ойлгох чадвар, шинэ эсвэл сорилттой нөхцөл байдлыг даван туулах чадвар, мэдлэгээ ашиглан хүрээлэн буй орчныг удирдах гэсэн утгатай. Орос хэлний Разведывать гэсэн үг ч хайх, олж мэдэх, тодруулах, судлах ажиглах гэсэн утгатай зөв орчуулга. Үүнийг империалист америкийнх учраас “тагнуулын газар” хэмээх доромж нэрээр монголчилсон. Сүүлдээ Америк сайн найз болсон учир өөрийн байгууллагаа Тагнуулын төв байгууллага гэж нэрлэх болжээ. Ялгаатай нь Америкийнх нь иргэний байгууллага бол манайх цэргийнх. Дүн шинжилгээ хийдэг байгууллагыг тагнаж чагнан мөрддөг газар гэх нь муучилж доромжилж буй хочлол. Хүйтэн дайны үед л зөвлөлтийн суртал нэвтрүүлэгт АНУ-ын энэ байгууллагыг үнэн хэрэгтээ тагнаж мөрдөн хорлон сүйтгэх ажил хийдэг гэж дайрч давшилж байв. Тагнах гэдгийг англиар "spy*, оросоор "шпион" гэх нь лав магтаал биш! Манайх уг нь ТТГ гэж байхаар ядахнаа “Аюулгүй байдлын газар” гэвэл шууд орчуулга биш ч үгүйдээ хоч биш болох юм. 

Бид заримдаа орчуулгаар биш ч, үндсэн монгол нэршлүүдийг хооронд нь хольж ойлголт ухагдахууны төөрөгдөл бий болгодог. Хэрээ, турлиах, алагтуу гурвыг, боршувуу, болжмор, бялзуухай гурвыг хооронд нь ялгалгүй дуртайгаараа нэрлэнэ. Үнэндээ шал өөр шуувууд. Шар шувуу, ууль хоёр ч шал өөр зүйлүүд. Үүнтэй адил хөх ба цэнхэр, бор ба хүрэн, бөөрөнхий ба дугуй...? Харьцаа, харилцаа гэсэн шал өөр утгатай үгийг холиод “бэлгийн харьцаа” гэхээр эрхтнээ өөр нэгнийхтэй харьцуулж хэмжээд байгаа юм шиг? Үндэстний гэдгийг ч “үндэсний” гээд бараг дасчих шив дээ. Ганцхан Нэгдсэн үндэстний байгууллагын нэр л зөвөөрөө үлдэж. “Аугаа” гэдэг нь хүчирхэг, гарамгай, уужим, өгөөмөр, гэрэлт, эрчимт гэсэн утгатай, герег гаралтай үг. “Агуу” гэдэг бол том хөндий нүх, эндээс агуй, агуулах гэдэг үгс үүсчээ. 

2026.01.10