Монголчууд дотооддоо коронавирус алдаад багагүй сандарч байна. Та олон оронд дамжин, удаан хугацаанд карантинд байсан. Ийм нөхцөлд тэдгээр орнуудад ямар арга хэмжээ авч байсан бэ? Тэндээс сургамж авах зүйлс юу байсан бол?

Би олон улс тойрон ажиллах гэрээг урьдчилсан хийсэн байсан. Тэр ажлынхаа хатуу гэрээний дагуу энэ оны 2 сарын 27-нд Монголоос гарсан. Тэр үед нөхцөл байдал дэлхий даяар ингэж хүндэрнэ гэж мэдээгүй. Бидний очиж тоглолтоо хийх байсан улсуудад ковид гарсны улмаас очоод дөнгөж хоёр долоо хоногийн дараа 3500 жуулчин, 1500 ажилчинтай манай усан онгоц Дубайн эрэг дээр тусгай зөвшөөрөл авч, өөрсдийгөө тусгаарлаж ямар ч хүн усан онгоцноос буух ёсгүйгээр бүтэн зогсолт хийсэн. 3 сарын 12-нд манай хамгийн сүүлийн тоглолт болоод дууссан тул хоёрхон хоногийн дотор манай хөлөг онгоц бүх жуулчид, гэртээ шууд харих боломжтой ажилчдаа эх газар руу гаргаж нутаг руу нь буцаах үйл ажиллагааг зохион байгуулсан. 

Үймж бужигнаж олон хүн явсны дараа манай хөлөг дээр хил хаагдсаны улмаас шууд гэртээ харин боломжгүй, хэсэг хугацаанд хүлээх шаардлагатай 780 хүн үлдсэн. Энэ үеэс эхлээд манай хөлөг онгоц дээр ковидын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Миний хоолой тэр үеэс эхлэн сэрвэгнээд сонин болсон. Хөлөг онгоцны эмч дээрээ очиж үзүүлээд хоолойны цацлага авч, Монголоос авч ирсэн эмнүүдээ давхар уусан. Энэ шинж тэмдгийг би коронавирусын халдвар авлаа гэж бодсон. Дубайн эрэг дээр зогсолт хийсний эхний долоо хоногт биднийг хот руу чөлөөтэй гаргадаг байсан. Тэр үед цагаан хамгаалалтын хувцастай хүн манай хөлөг онгоцноос дусал залгуулсан нэг хүнийг тэргэнцэр дээр түрээд гарч байхтай таарсан. Үүнийг хараад сэжиглээд дотор сонин болсон. Тэр үед хоолой ч бас өвдсөн байж таарсан. Үүний дараа биднийг хөлөг онгоцноос гарахыг хориглож, вирус дотор орж ирснийг хөлгийг ахмад зарласан. 

Улмаар хөлөг онгоц дээрх хоригийг бага багаар чангалж, хүн бүрт амны хаалт тараан заавал зүүхийг шаарддаг болсон. Улмаар 4 сарын 7-нд биднийг нэг нэгээрээ байх өрөөнд шууд хуваарилан, хатуу хөл хорионд орсон. Энэ үед би хэдийнэ хоолны дуршилгүй болоод, үнэрлэх мэдрэмжээ алдаад бараг 10 хоносон байв. Өрөөндөө карантилагдах үед би эдгээд, миний үнэрлэх, амтлах мэдрэмж сэргэчихсэн байсан. Манай хөлөг онгоц дээр 80 орчим хүнээс коронавирус илэрсэн. Тэр үед надаас шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Би өөрөө гайхаад сонин юм даа гэж дотроо бодсон. 

Яг албан ёсоор шинжилгээ өгөөд тэр нь эерэг гарсан зүйл өөр дээр чинь байхгүй юм байна шүү дээ. Зөв үү?

Надад шинж тэмдэг илэрч байх үед усан онгоц дээр шинжилгээ авах ямар ч боломж байгаагүй. Сүүлд боломж гараад шинжилгээ өгөхөд зүгээр гарсан. Өрөө карантинд би 4 сарын 7-нд ороод 5 сарын 16-нд гарсан. Дараа нь Монголдоо ирээд дахиж карантинд ороод, тэнд байхдаа эсрэг биетийн шинжилгээ өгсөн юм. Уг шинжилгээгээр надад эсрэг биет илэрсэн. Тэр нь би халдвар аваад эдгэсэн гэдгийг баталж байгаа юм. Тэр үед усан онгоц дээр надтай цуг байсан гадаад охин бас халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан. Тэр үед ямар шинж тэмдэг илэрч байгааг нь асуухад би үнэр л мэдрэхгүй байгаа. Амт мэдэрч байгаа, толгой жаахан өвдсөнийг би стресс, нуруу жаахан өвдсөнийг бэлтгэл хийснээс боллоо гэж бодсон, өөр ямар ч асуудал байхгүй гэж хэлж байсан юм. Тэр охин бараг надаас халдвар авсан байх гэж би дотроо бодсон. Би усан онгоц дээрээс л халдвар авсан. Намайг өрөө карантинаас гарахад хөлөг дээр 400 хүрэхгүй хүн үлдсэн байсан. Энэ 400 хүрэхгүй хүнээс 80 хүний шинжилгээ эерэг гарсан. Энэ халдвар авсан хүмүүс ямар ч эм хэрэглээгүй. Залуу, эрүүл чийрэг биетэй хүмүүс байсан тул 5 сарын сүүл гэхэд дархлаагаараа бүгдээрээ эдгээд хөлөг онгоцноос буусан. Энэ мэдээллийг хөлгийн ахмад зарлаж, үүний дараа бид буцаад хэвийн горимдоо орж, хамтдаа сууж хоолоо идэж, үзвэрээ үздэг болсон. Ямар ч эмчилгээ энэ хүмүүст хийгээгүй. Усан онгоц дээр би 3 сарын 14-ноос 7 сарын 13 хүртэл нийтдээ би 122 хоносон. Монгол хилээ хаасан байсан бөгөөд залуу, татлаа түтлээгүй хүн учраас намайг захиалгат нислэгт бүртгэж авахгүй байсан. 

Би Германы визтай байсан тул Голландаар дамжин Германд очиж өөрийгөө хоёр долоо хоног тусгаарласан. Тэр үед буюу 6 сарын 1-нээс эхлээд Европ гадаад иргэдийг авч эхэлсэн. Манай таньдаг хүмүүс энэ үеэр Грек, Франц руу аяллаар явж байсан. Нөхцөл байдал их аятайхан болчихсон байв. Хөлөг онгоц дээр байхдаа Монголоос дандаа сөрөг мэдээлэл аваад өөр ойлголттой байсан тул Европт очоод, Дубай руу ороод бужигнасан их хүн хараад үнэхээр гайхсан. Германд очиход ямар ч хүн намайг шалгаж байцаалгүй шууд оруулсан. Гэхдээ хөлөг онгоцноос гарах үед өөрийгөө болон өрөөлийг бодоод 14 хоног очсон газраа өөрийгөө тусгаарлаарай, энэ хооронд ямар нэг шинж тэмдэг илэрвэл энэ дугаар руу залгаарай гэсэн санамж бичиг өгсөн. Тэр дагуу нь Германд өөрийгөө тусгаарласан. Яг 14 дэх хоног дээрээ Монгол руу нисэх чартерт багтан ирж, карантинд орсон. 

Нийтдээ гурван улс дамжин 171 хоногт тасралтгүй би карантинд байсан.

Манай усан онгоц MSC Bellissima нэртэй Италийн хөлөг онгоц байсан. Энэ компани нийт 17 хөлөг онгоцтой бөгөөд 3 сарын 14-нд эдгээр онгоцууд дээр 19740 ажилчин үлдсэн байсан. Ганц сарын дотор 14 мянган ажилчнаа гэр руу явуулах ажлыг зохион байгуулж чадсан. Нэг хувийн компани пандемикийн үеэр 14 мянган хүнийхээ шинжилгээ, тээвэр, гэртээ очоод карантинд байх зочид буудлын бүх зардлыг нь даагаад гэрт нь хариу