Тусгай төлбөртэй ан, агнуурын үйл ажиллагаанаас маш том дүнтэй мөнгө улсад орох учиртай  юм. Орох ч юу байхав орох ёстой юм. Гэтэл эл мөнгөний урсгал улсад гэхээсээ хувь хүмүүсийн халаас руу чиглэн  цутгадаг болчихжээ. Яагаад гэвэл нийтэд мэдээлэл нь бүдэг, бараг  хаалттай (монголчууд мэдэхийг ч хүсдэггүй байх) аялал жуулчлалын салбарын нэн өвөрмөц энэ орон зай хэсэг бүлэг, зохион байгуулалттай  цөөн тооны нөхдийн бизнесийн талбар болоод удлаа. Тодорхой хэлбэл хамгийн ашигтай гэх энэ бизнесийг УИХ-ын гишүүн, гишүүн асан нэр бүхий улстөрчдийн нууц  хийгээд  тодорхой дэмжлэгтэй хэдхэн компани, хувь хүн эзэмшин эзэгнэдэг юм байна. Монгол Улсын  БОАЖЯ-ны сайд нэг л жилийн “настай” болсныг санацгаая. Сүүлийн долоон жилийн дотор 7 сайд солигдлоо. Гэхдээ тус яамны бодлогыг тодорхойлоод явах нь бүү хэл үйл ажиллагааг нь ч мэдэхгүй “ хүүхэлдэй”-нүүдийг  тэр тусмаа эмэгтэйчүүдийг  энд сайдаар ээлжлэн томилж , сольсоор ирсний цаана маш том хуйвалдаан, луйвар, дээрмийн сүлжээ байдаг хэмээн салбарын мэргэжилтнүүд  нь  нотлон ярьж байгаа юм.  Эмэгтэй хүнийг сайдаар томилж болохгүй ээ!  гэсэн  бодол  санаа надад өчүүхэн ч алга.  Гэвч яг үнэндээ угалз-аргаль , янгир-тэхийн ялгааг мэдэхгүй  авгай, хүүхнүүд  энэ яамны сайдаар томилогдож, томилогдсоор ирснийг шулуухан хэлэх байна.  Энэ бүхний цаана дээр дурдсан улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгтэй бүлэглэл буй.  Эл бүлэглэл  БОАЖЯ-ны доторх албан тушаалын томилгоог  ч өөрсдийн эрх ашигт зохицуулж  хийсээр иржээ.  Яамны сайдад бол  ямар ч  хүртээлгүй. Тэд бол тус бүлэглэлийн “тоглоомон  хүүхэлдэй” төдий.  Ямар сайндаа тэд өөрийн зөвлөхөө өөрөө мэдээд сонгочих мэдэлгүй байхав.  Эрэн сурвалжлах сэтгүүлчид, эдийн засаг, экологийн цагдаа хийгээд бусад холбогдох тусгай албад эл учрыг хөвөрдөн хөөж шалгах цаг одоо болсон байх аа!

Өгүүлэх нь: БОАЖЯ-ны үйл ажиллагаатай холбоотой олгогддог  тусгай зөвшөөрөл, лиценз тойрсон хууль бус олон асуудал жил болгон босдог. Тэр тусмаа тусгай зориулалтын ан, агнуурын  бизнес , агнуурын бүс  эрхлэх зөвшөөрөл  олгох, агнуулах амьтны тоо толгойн хуваарлилттай холбоотой  тодорхой хүмүүсийн луйвар, дээрэм, шантааж  зах замбараагаа  алдаж, ил цагаандаа гарсан аж. Одоогоос гурван жилийн өмнө ” Үндэсний шуудан” сонинд (2018.09.04) сэтгүүлч Б.Энхийн бичсэн “Тусгай зориулалтын агнуурын хураамжийг төрийнхөн халаасалсаар байг уу” нийтлэлд  “...тусгай төлбөртэй агнуурын бизнесийг давуу эрхээр эрхлэдэг  хэсэг компани  БОАЖЯ-ны үйл ажиллагаанд нөлөөлдөг...”  хэмээн тодорхой дурдсан байна.  Эл баримт үнэн юм.  Одооч тийм байна. Тусгай зориулалтын буюу төлбөртэй ан агнуурын бизнес нь хууль номынхоо дагуу ил тод, шударга зарчмаар явах ёстой.  Энэ сэдвийг хөндөхөөр уншигчдын олонхид  ан агнуурыг  бүрэн хориглох  хэрэгтэй гэсэн бодол, сэтгэгдэл шууд төрж байгааг мэдэрч байна.  Гэтэл ан агнуур гэдэг агнаж хороохоосоо илүү тухайн биологийн тоо толгойн өсөлт үржилтэд  эерэгээр нөлөөлдөг. Мэдээж  шууд  хядахын тухай ойлголт биш юм.  Тэрхүү амьтны үндсэн популяцид  нөлөөлөхгүй байх учиртай,  шинжлэх ухааны үндэслэлтэй агналт байх ёстой. Тухайн ан амьтныг  хамгаалах хамгийн сайн хамгаалалт бол зохистой ашиглалт  гэсэн концепцийг өнөөдөр  дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч,  хуульчлан, хуулиа  чанд сахиж хэрэгжүүлдгээрээ  монголчууд биднээс ялгаатай л даа.  Төлбөртэй ан, агнуурын бизнесийг аялал жуулчлалын салбартаа  маш зөв хөгжүүлсэн АНУ, Канад, Мексик  зэрэг  орнууд  өндөр өртөгтэй агнуурын үйл ажиллагаанаас олсон төлбөр, хураамж  бусад орлогоо тэр чигт нь эргүүлээд нөгөө агнасан амьтныхаа үржил, тоо толгойг өсгөх, хоол тэжээл, харуул хамгаалалт, арчилгаанд  нь зарцуулдаг аж. Монгол Улсад энэ бизнес яг ийм л чиглэл гольдирлоор хөгжих учиртай юм.  Харамсалтай нь тийм биш.  Хууль эрх зүйн орчин нь ч балархай. Ийм учраас  луйвар,  хулгай,  дээрэм, хуйвалдааны  далд  хүч  нөлөө салбарын  бодлогод  ноёрхсоор иржээ.

Өгүүлэх нь: Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төсвийн тухай хуульд  ан амьтан агнуулах, бариулах иргэн, этгээдээс төлбөр хураамж төлүүлэхээр заасан байдаг. Тэрхүү төлбөр хураамжийг 100 хувь тухайн ан агнуурын бүс нутгийн буюу орон нутгийн төсөвт  нь оруулах учиртайг  хуульчилсан буй.   Мөн Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хууль гэж бий. Тус хуулийн 18-А-1-д зааснаар тухайн ан агнуураас орсон нийт төлбөрийн 50 хувийг  байгаль орчин, ан амьтныг нөхөн сэргээхэд зарцуулна гэж заасан байдаг ч амьдралд огт хэрэгждэггүй юм байна. Өнөөдрийн байдлаар Монголын З00 гаруй сумдаас гадаадын анчин-жуулчдад  үйлчилдэг үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй 100 гаруй сум байна. Эдгээрийн төсөвт жилд дунджаар хагас тэрбум төгрөгийн хураамж  төвлөрдөг  нь чамлахаар  дүн биш. Гэвч энэхүү мөнгийг зарим тохиолдолд  БОАЖЯ-нд  “бодлогоор”  томилогдсон “мэргэжилтнүүд”  дур мэдэн орон нутагт бус нийслэлд буюу яамны мэдэлд төвлөрүүлж байсан цөөнгүй баримт байна.  

Өгүүлэх нь: Тухайн жилд агнах ангийн тоог  Засгийн газраас  баталж гаргадаг. Ингэхдээ тухайн ан агнуурын бүс  орших орон нутгийн Иргэдийн хурлаас баталж гаргасан судалгаа, агнуурын төлөвлөгөө, тэндээсээ дамжин тухайн аймгийн ИХ-аар нягтлан  баталж гаргасан төлөвлөгөөнд  үндэслэн улсын хэмжээнд агнах ангийн тоог  Засгийн газар баталж гаргана. Энэ хүртлэх процесс  нь маш зөв явж ирдэг хэдий ч, агнах ан амьтны  тоог хуваарлих  эрх мэдлийг салбарын яамны сайдад  олгохдоо сайд зөвхөн өөрийн үзэмжээр шийддэг “гарцтай” болгосон нь дээр өгүүлсэн бүлэглэлийн үйл ажиллагааны гол арга технологи  байдаг нь нууц биш.  Сайд ангийн лиценз хуваарлихдаа тэдний  хүслээр л хийнэ. Тэдгээр компани, бүлэглэлийн төлөөлөл нь өнөөдөр сайдын зөвлөхөөс нь эхлээд  яамны бүтэц  дэх ургамал, амьтны  нөөц  тогтоодог хэлтэс, газарт  ажилласан хэвээр гэдгийг  ч салбарын хүмүүс нь батлан ярьж байна. Энд баримт дурдах  нь зөв байх. Тухайлбал  томилогдоод удаагүй сайд Н.Уртнасангийн зөвлөхөөр ажиллаж буй Ё.Онон гэгч эмэгтэйг (Д. Сарангэрэлийн зөвлөхөөр мөн ажиллаж  байсан) Б. Галбадрах  гэгч  ( Л.Гансүх, Д.Оюунхорол нарыг  сайд ахуйд  зөвлөхөөр нь  ажиллаж байсан)  этгээд  тус яаманд анх оруулж ирсэн гэдэг. Гэтэл Ё. Онон нь Увс, Ховд аймагт ан агнах үйл ажиллагаа эрхлэдэг  хувийн компанитай  атлаа яаманд сайдын зөвлөх хийж, ангийн лиценз хуваарлилтад  оролцож  сууна.  БОАЖЯ-ны төдийгүй Монгол Улсын хэмжээнд төлбөртэй тусгай ан агнуурын бизнесийг 20 гаруй жил “атгаж” буй  Б.Галбадрах  нь мөн л хувийн ан агнуурын “Монгол тур” ХХК-ны  эзэн.  Энэ хүний ард сайн, муугийн аль алинаар  дуудагдан цууд гарсан нэг бус нэр нөлөө бүхий  улстөрч  бий.  Үнэндээ сүүлийн хорь гаруй жил Монголын ан агнуурын бодлогыг  үе үеийн сайдууд нь биш  энэ эрхэм  залж ирсэн байдаг нь хачирхалтай.  Ч. Сайханбилэгийн Засгийн газрын үед  “ Төрийн өндөр албан тушаалтанд агнуулах ангийн хуваарь”  гэсэн тун сонирхолтой  тогтоол гарсан байдаг юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  УИХ-ын дарга нарт зориулсан  ангийн хуваарь гаргасан гэсэн үг. Эл тогтоол 3 жилийн дараа цуцлагдсан байдаг. Яг үнэндээ ийм хуваарь байдгийг тухайн үеийн тэр өндөр албан тушаалыг хашиж байсан эрхмүүд мэддэг байсан гэдэг эргэлзээтэй юм.  Гагцхүү тэрхүү тусгай хуваарийн ангийн лицензийг  гурван жилийн турш Б.Галбадрах  эзэмшиж байсан гэх. Эл баримтад итгэх аваас  энэ нөхөр төрийн өндөр албан тушаалтнуудын нэрээр гурван жил ан агнасан байх нь. БОАЖЯ-ны дэргэдэх  Иргэдийн зөвлөл гэхэд л түүний эрх ашгийг төлөөлдөг хүмүүсээс голдуу бүрдсэн байдаг нь ч  гайхалтай.  Тэд энэ онд гэхэд  л агнах ангийн тоо толгойг хэрхэн хуваарлиж авсныг өмнөх “ БОАЖЯ-ны албан тушаалтнуудын зохион байгуулалттай дээрмийн сүлжээ-1 ” нийтлэлд  (Үндэсний шуудан 2021.03.16-ны №49)дурдсанаас тодорхой харж болно. Алтайн нэг угалз агнахдаа  гадаадын жуулчин 24 мянган ам. долларын төлбөр төлдөг. (Зөвхөн угалз  биш янгирын тэх, халиун буга, бодон, бор гөрөөс, цагаан зээр ... гэх мэт ан бүгд өөр өөр үнэлгээтэй.) Энэ бол орон нутгийн төсөвт орох мөнгө. Харин  тус гадаадын жуулчинг урьж, ангийн линценз эзэмшсэн этгээд  тэрнээс хоёр дахин их  мөнгийг үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт авдаг гэнэ. Хэр баргийн бизнес  ийм унацтай биш.

Хамгийн хорлонтой нь  энэхүү бүлэглэлийн үйл ажиллагаа  аялал жуулчлалын салбарт  хөл тавьсан үндэсний бусад компанийг шахан гаргахад чиглэдэг юм байна. Хэрэв салбарын яамны сайд  “том толгой” гаргах аваас эл бүлэглэлийн зүгээс  асар дарамт шахалтыг  ямар нэгэн байдлаар үзүүлж дөнгөнө.  Энд үед нууц  ивээн тэтгэгч улстөрчид нь оролцдог юм. Хэрэв уншигч түмэн мартаагүй бол нэгэн улстөрч гурван жилийн өмнө өөрийн твиттер хуудаснаа “...Нэгэн яамны газрын дарга ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригдлаа... АТГ-ын залуучуудад баяр хүргэе...” хэмээн жиргэж, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээс түрүүлж  анх нийтэд зарлаж байсныг санах байх.  Тэр улстөрч хэн байсныг ч мэдэх байх.  Тийм шантааж түрэлтийг  сүүлийн долоон жилд  БОАЖЯ-ны сайдаар ажилласан бараг хүн бүхэн мэдэрч тухай бүрдээ “томоожиж”  “хүмүүжиж” байсныг  тэр үеийн үйл явдлууд нотлодог юм.  Дараагийн цувралд энэ бүхнийг  илүү дэлгэрэнгүй дэлгэн  нийтлэх болно.  Монголд өнөөдөр огт ан амьтангүй газарт ч ан агнуурын бүсийн зөвшөөрөл олгочихсон байдаг юм байна. Тэр болгонд ядаж аудит,мониторингийн судалгаа ч хийхгүй, хяналт шалгалтгүйгээр  зөвшөөрөн гарын үсгээ зураад сууж байдаг болсон  сайдыг өрөвдөх.  Цааш яаж салбарыг  удирдах юм бол оо! Үүний цаана  хэний эрх ашиг оршиж байгаа нь тодорхой юм.  Энэ бүлэглэлийн золиос болж 2020-2021 оны ангийн улиралд үндэсний олон компани хэрхэн хохирсныг өмнөх нийтлэлээс  эрхбиш  Н.Уртнасан сайд  ойлгосон байх гэж найдана. Ойлгосон бол оройтоогүй дээрээ  эл  сүлжээний  бас нэгэн золиос болж  “утсан хүүхэлдэй” –н  дүрд тоглож буйгаасаа  татгалз гэж зөвлөх байна.  Энэ мэтээр  тусгай зориулалтын ан, агнуурын цаана хууль бус  эдийн засаг оршин, төрийн албан хаагчид  тэр тусмаа тус яамны тодорхой  эрх мэдэлтнүүд , бизнес эрхлэгчид оролцсон  бүлэглэл  ноёрхож , тэд  хууль тогтоомжийг хэрхэн гишгэлдэг,  лиценз хулгайлдаг, олгосон тооноос  илүү ан агнадаг, түүнийгээ хэрхэн  өнгөлөн далдалдаг, бусдыг  яаж  дарамтлан  шахдагийг  олон баримтаар  нотлож болно.


Үргэлжлэл бий.