Бизнесийн нийгмийн хариуцлага бол ашгаа нэмэгдүүлэх явдал мөн
Өнөөдөр, манай нийгэмд бизнес эрхлэгчид, улс төрчид сайн үйлсийн аянд нэгдэцгээх нь тун ч түгээмэл болжээ. Бүр төр, төрийн байгууллагад хандив өгөх явдал ч гарч байгаа нь нэн хачирхалтай. Би саяхан нэг удаа өөрийн твиттерт (@chimeddorjm энд линк холбох) “Төрд хандив өгч байгаа хүн бол өөрийн амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг огт ойлгоогүйн шинж” гэж жиргэсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан юм. Тэр үед Милтон Фридманы энэхүү эссэ санаанд бууж, орчуулахаар шийдсэн нь өнөөдөр биеллээ олж та бүхэнд өргөн толилуулж байна.
Орчуулагчийн зурвас
2020 оны дөрөвдүгээр сарын 10
Хүний амьдралд цаг хугацаа улиран одож, нэгэн цагт, хаа нэгэн газар болж өнгөрсөн үйл явдал түүх болон үлдэж, тархсан үзэл санаа сургамж болон үлддэг мэт боловч дэлхийн бөмбөрцгийн өөр нэг хэсэгт хожим давтагдсаар байдаг ажээ. Хүн төрөлхтний нэг хэсгийнх нь ололт амжилтын үр шим нөгөө хэсэгт хүрэхдээ хагас зууныг ч туулдаг байж магадгүй. Өдгөөгөөс тавин жилийн өмнө нэрт эдийн засагч, макро эдийн засгийн онолын нэгэн шинэ урсгал болох монетаризмыг үндэслэгч Милтон Фридманы “The Social Responsibility of Business is to Increase its Profits” буюу “Бизнесийн нийгмийн хариуцлага бол ашгаа нэмэгдүүлэх явдал юм” хэмээх алдарт эссэ хэвлэгджээ. Энэхүү эссэ өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй бөгөөд өнгөрсөн тавин жилийн хугацаанд эдийн засаг, улс төрийн салбарт хамгийн олон уншигдсан, хамгийн их нөлөө үзүүлсэн эссэнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тус эссэнд “бизнесийн нийгмийн хариуцлага” гэх нэрийн дор явуулдаг үйл ажиллагааны үнэнийг илчилж, ийм зүйл ярьж явдаг хүмүүсийн багийг хуу татсан юм. Түүнчлэн чөлөөт зах зээлийн жинхэнэ мөн чанар, улс төрийн зарчим ба түүнийг зөрчихөд бий болдог үр дагаврыг шинжлэн харуулсан эссэ юм.
Өнөөдөр, манай нийгэмд бизнес эрхлэгчид, улс төрчид сайн үйлсийн аянд нэгдэцгээх нь тун ч түгээмэл болжээ. Бүр төр, төрийн байгууллагад хандив өгөх явдал ч гарч байгаа нь нэн хачирхалтай. Би саяхан нэг удаа өөрийн твиттерт (@chimeddorjm энд линк холбох) “Төрд хандив өгч байгаа хүн бол өөрийн амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг огт ойлгоогүйн шинж” гэж жиргэсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан юм. Тэр үед Милтон Фридманы энэхүү эссэ санаанд бууж, орчуулахаар шийдсэн нь өнөөдөр биеллээ олж та бүхэнд өргөн толилуулж байна.
Эдийн засаг, улс төрийн философи сэтгэлгээний ярвигтай асуудлыг задлан шинжилсэн бүтээлийг түмэнд хүргэх нь зөв гэж үзсэн тул орчуулгын ажлын туршлагагүй гэж өөрийгөө гололгүй хөрвүүлэхийг хичээв. Энд хэрэглэгдсэн нэр томьёо, ойлголт тодорхойлолтуудыг буруу хэрэглэсэн, түүнчлэн агуулга, найруулгын хувьд алдаа мадаг гаргасан байх ахул шүүмж бүрийг талархан хүлээн авах болно.
Бизнесийн нийгмийн хариуцлага бол ашгаа нэмэгдүүлэх явдал мөн
Милтон Фридман
Нью-Йорк Таймс Сэтгүүл
1970 оны есдүгээр сарын 13
“Чөлөөт зах зээл дэх бизнесийн нийгмийн хариуцлага”-ын талаар уран үгээр илтгэх бизнес эрхлэгчдийг сонсохоор өөрөө ч утгыг нь бүрэн таниагүй зүйлээ бүх насаараа ярьж явснаа 70 настайдаа ухаарсан нэгэн Франц эрийн талаар өгүүлсэн гайхалтай мөрүүдийг эрхгүй санагдуулдаг. Аливаа бизнес эрхлэгч бизнес гэдэг нь “цор ганц” ашгийн төлөө ч биш, эцэстээ басхүү “нийгмийн” агуулгатай гэж мэдэгдэж байхдаа; эсвэл бизнес нь “нийгмийн ухамсар”-тай байх ёстой, үүнийгээ ч нухацтай авч үзэн, ажил эрхлэлтийг дэмжих, ялгаварлан гадуурхах явдлыг арилгах, орчны бохирдлоос сэргийлэх гэх мэт өөр ямар нэгэн эдүгээ цагийн шинэчлэгчдийн уриа болсон зүйлийн өмнө үүрэг хүлээж байхдаа өөрсдийгөө “нийгмийн” төлөөх сэтгэл хөдөлгөм зорилгыг түгээн сурталчлах замаар чөлөөт зах зээлийг хамгаалж байна гэж итгэж байдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд болон тэдний ярианд итгэж буй хүмүүс жинхэнэ социализмыг эндүүрэх аргагүйгээр номлож байдаг. Иймэрхүү зүйл ярьж явдаг бизнес эрхлэгчид өөрсдөө ч анзааралгүй, сүүлийн хэдэн арваны туршид чөлөөт нийгмийн суурийг нурааж буй сэтгэлгээний хүчний утсан хүүхэлдэйн дүрд тоглож яваа юм.
“Бизнесийн нийгмийн хариуцлага”-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж буй нь аливааг задлан шинжлэх чадвар, сонор сэрэмжээ алдсаны шинж юм. “Бизнес” үүрэг хариуцлага хүлээнэ гэж чухам юу гэсэн үг вэ? Уг нь зөвхөн хүмүүс л үүрэг хариуцлага хүлээдэг. Компанийг бидний бүтээсэн хиймэл хүн гэж үзвэл түүнд зохиомол үүрэг хариуцлага л оногдуулж болох юм биз. Гэхдээ ийм тойм байдлаар авч үзсэн ч гэсэн “бизнес” гэдэг бүхэл утгаар нь хариуцлага ногдуулах талаар ярих нь утга учиргүй зүйл болно. Бизнесийн нийгмийн хариуцлагын номлолыг нарийн тодорхой ойлгохын тулд юуны өмнө энэ яг хэнд зориулагдсан утга санаатай номлол вэ гэдгийг тодотгон асуух хэрэгтэй.
Тэгэхээр хариуцлага хүлээх хүмүүс нь бизнес эрхлэгчид буюу нэг хүний эзэмшлийн бизнес бол эзэн нь, хэрэв компани бол гүйцэтгэх удирдлага нь байж таарна. Нийгмийн хариуцлагын талаарх хэлэлцүүлгүүдийн дийлэнх нь компаниуд руу чиглэсэн байдаг тул цаашидбизнесийн эзэн хувь хүнийг дахин дурдахгүйгээр, компанийн гүйцэтгэх удирдлагын талаар авч үзье.
Чөлөөт зах зээл, хувийн-өмчит системд компанийн гүйцэтгэх удирдлага нь тухайн бизнесийг эзэмшигчийн ажилтан нь байдаг. Тэд ажил олгогчийнхоо өмнө шууд хариуцлага хүлээдэг. Тэрхүү хариуцлага нь хууль, дүрэм журам болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчихгүйгээр, нийгмийн суурь дүрмийг баримтлахын сацуу эздийнхээ хүсэл зоригт нийцүүлэн тухайн бизнесийг ажиллуулж, ерөнхийдөө боломжит хамгийн их хэмжээгээр мөнгө олох явдал байдаг. Мэдээж зарим ажил олгогч нар ашгаас өөр хүсэл сонирхол, өөр зорилго тэмүүлэлтэй байхыг үгүйсгэж болохгүй. Хэсэг хүмүүс нэгдээд, буяны эсвэл буцалтгүй тусламжийн зорилгоор компани байгуулж болно. Жишээ нь эмнэлэг, сургууль байна. Ийм байгууллагын менежерүүд зорилгодоо нийцүүлэн мөнгөн ашгаас илүү үйлчилгээгээ бусдад хүртээхэд илүү анхаарах нь лавтай.
Аль ч тохиолдолд, компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн эзэмшигч эсвэл буяны институцийгүүсгэн байгуулсан хувь хүмүүсийн төлөөний этгээд болох бөгөөд түүний үндсэн үүрэг нь тэдний өмнө хариуцлага хүлээх явдал юм.
Энэ нь тэдний ажлын гүйцэтгэлийг хэмжиж дүгнэхэд хялбархан гэсэн санаа биш гэдгийг хэлэх нь илүүц биз. Гэхдээ наад зах нь шалгуур нь тодорхой, тэдний хоорондын гэрээ нь сайн дурын үндсэн дээр байгуулагддаг нь ёс.
Мэдээж, компанийн гүйцэтгэх удирдлага гэдэг нь бусдын адил хувь хүн учраас өөрийн гэсэн эрхтэй байлгүй яачхав. Хувь хүн гэдэг утгаараа тэдэнд гэр бүл, өөрийн ухамсар, бусдад туслах, бусадтай хуваалцах мэдрэмж, сүм хийд, бүлэг нэгдэл, тэр ч бүү хэл хот суурин, улс үндэстнийхээ өмнө хүлээсэн сайн дурын болон хууль ёсны үүрэг хариуцлага байх нь зүйн хэрэг. Тэд эдгээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шаардлагатай гэж үзвэл тодорхой зарим компаниудад ажиллахаас татгалзах эсвэл улсынхаа армид элсэхийн тулд ажлаасаа гарах гэх мэтээр өөрийн орлогынхоо тодорхой хэсгийг золиосолж чаддаг. Яахав эдгээрийн заримыг нь “нийгмийн үүрэг хариуцлага” гэж ойлгож ч болох юм. Гэвч энд тохиолдолд тэд төлөөний этгээдээрээ дамжуулах биш, өөрийн биеэр үйлдэж, өөрийн цаг зав, хөрөнгө мөнгө эсвэл хүч нөөцөө зарцуулж байгаа явдал гэдгийг анзаарах ёстой. Өөрөөр хэлбэл ажил олгогчийнхоо мөнгө эсвэл тэдэнд гэрээний дагуу үйлчлэх ёстой цаг хугацаа, хүч нөөцийг зарцуулаагүй гэсэн үг. Хэрэв энэ нь “нийгмийн үүрэг хариуцлага” мөн юм бол бизнесийн биш, хувь хүний нийгмийн хариуцлага болж таарна.
Компанийн гүйцэтгэх удирдлага бизнес эрхлэгчийнхээ хувиар “нийгмийн хариуцлага” хүлээнэ гэж юу гэсэн үг вэ? Энэ зүгээр л бусдыг татах гэсэн биелэхгүй уран яриа биш л бол энэ нь ажил олгогчийнхоо хүсэл сонирхлын эсрэг үйлдэл хийнэ гэсэн үг. Жишээлбэл инфляцыг барих нийгмийн зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө тэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг тэвчих хэрэгтэй болно. Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх нь компанийнх нь хувьд тулгамдсан асуудлаа шийдэх хамгийн зөв алхам байсан ч тэр шүү. Эсвэл орчны бохирдлын хэмжээг буруулах чиглэлд компанийн төсөвлөснөөс давсан хэмжээгээр, эсвэл хүрээлэн буй орчныг сайжруулах нийгмийн зорилгын хүрээнд хуульд заасан шаардлагаас өндөр хэмжээгээр зардал гаргах болно. Аль эсвэл ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулахын тулд чадварлаг ажиллах хүчийг сонгохын оронд удаан хугацаанд ажилгүйчүүдийн эгнээд байсан “хүнд гар” ажилд авах хэрэгтэй болно.
Дээрх бүх тохиолдолд, компанийнгүйцэтгэх удирдлага нийгмийн ерөнхий сонирхлыг гүйцэлдүүлэхэд өөрийн биш, өөр хэн нэгний хөрөнгө мөнгийг зарцуулна гэсэн үг.
Өөрийнхөө “нийгмийн хариуцлага”-ыг гүйцэлдүүлэхийн тулд хийж буй зүйл нь хувьцаа эзэмшигчийн хүртэх ёстой өгөөжийг бууруулна. Энэ нь тэдний мөнгийг зарцуулж байна гэсэн үг. Бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж байвал хэрэглэгчийн мөнгийг зарцуулж буйтай агаар нэг. Ийм үйлдэл нь зарим ажилчдын цалинг танахаас аргагүйд хүргэж байвал, тэдний ч мөнгийг үрж байгаагаас ялгаагүй.
Хэрэв хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчид эсвэл ажилчид хүсвэл өөрсдийнхөө мөнгийг тодорхой зүйлд тусдаа зарцуулж чадах л байсан шүүдээ. Гэтэл гүйцэтгэх удирдлага нь өөрийн“нийгмийн хариуцлага”-ыг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгийг зарцуулах ёстой зүйлээс нь өөр зүйлд зарцуулбал хувьцаа эзэмшигч, хэрэглэгч эсвэл ажил олгогчийн өмнө хүлээсэн төлөөний этгээдийн үүргээ хөсөрдүүлсэн хэрэг болно. Хэрэв тэр ийм үйлдэл хийж байгаа бол нэг талаас татвар тогтоож, нөгөө талаас татварыг юунд зарцуулах нь зохистой вэ гэдгийг шийдэж буйгаас ялгаагүй.
Энэ үйлдлээс зарчим ба үр дагавар гэсэн улс төрийн хоёр төвшний асуулт урган гардаг.
Улс төрийн зарчмын үүднээс авч үзвэл татвар ногдуулах болон татварын орлогыг зарцуулах нь төрийн чиг үүрэг. Америкийн хувьсгалын үеийн уриа нь “төлөөлөлгүй татвар” байв. Хувьсгалын дараа бид татвар тогтоодог, түүнийгээ олон нийтийн хүсэл зориг, сонголтынх нь дагуу зарцуулж буй эсэхийг хянаж, магадалдаг үндсэн хуульт парламентын болон шүүхийн чамбай тогтолцоог буй болгосон. Бид татвар тогтоох, зардлыг батлах чиг үүрэгтэй хууль тогтоох байгууллагыг татвар цуглуулдаг, хөтөлбөрүүдийн зарцуулалтыг удирддаг гүйцэтгэх чиг үүргээс, маргаан тасалдаг, хууль тайлбарладаг шүүх чиг үүргээс салгадаг хяналт, тэнцлийн тогтолцоотой.
Гэтэл нөгөө бизнес эрхлэгч –сонгогдсон, эсвэл хувьцаа эзэмшигчид шууд болон шууд бусаар томилсон хэн байлаа ч нэгэн зэрэг хууль тогтоогч, гүйцэтгэгч, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болох нь. Ямар зорилгоор хэнээс, ямар хэмжээний татвар ногдуулахыг шийдэж, татварын орлогыг зарцуулна гэсэн үг. -энэ бүхэн нь инфляцыг хязгаарлах, хүрээлэн буй орчныг сэргээх, ядууралтай тэмцэх гэх мэт ерөнхий уриалгад хөтлөгдөх болно.
Хувьцаа эзэмшигчид компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгож ажиллуулахын утга учир нь түүнийг эзний сонирхлыг гүйцэлдүүлэх төлөөний этгээд болгож буй явдал. Харин компанийн гүйцэтгэх удирдлага татвар ногдуулж, түүнийгээ “нийгмийн” тусын тулд захиран зарцуулж эхэлбэл энэ утга учир алга болно. Тэд ердөө л хувийн хэвшлийн ажилтны нэр барьсан нийтийн албаны, төрийн албан хаагч болж хувирна гэсэн үг. Энэ нь улс төрийн зарчмын үүднээс тэвчишгүй зүйл юм. Зүгээр нэг чамирхаад зогсохгүй, мөн чанартаа нийгмийн хариуцлагын нэрийг барьсан үйлдлүүд хийх гэж байгаа бол нийтийн албаны албан тушаалтны нэгэн адил сонгогдох ёстой. Нийтийн албаныханулс төрийн сонгуулиар сонгогддог байх ёстой. Хэрэв тэд татвар тогтоох гэж байгаа л бол, “нийгмийн” зорилтуудыг хангахын тулд хөрөнгө зарцуулах гэж байгаа л бол татварын зохистой хэмжээг тогтоодог, зарцуулалтын зориулалтыг улс терийн процессоор дамжуулан тодорхойлдог улс төрийн машин бүтээх ёстой.
Энэ бол “нийгмийн хариуцлага”-ын номлол нь яагаад хязгаарлагдмал нөөцийг хуваарилахдаа зах зээлийн бус, улс төрийн механизм оновчтой гэх социалист үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдгийн үндсэн шалтгаан юм.
Үр дагаврын үүднээс нь авч үзвэл компанийн гүйцэтгэх удирдлага тэрхүү эргэлзээ төрүүлэм “нийгмийн хариуцлага”-аа үнэхээр хэрэгжүүлж чадна гэж үү? Нэг талаасаа тэдэнд хувьцаа эзэмшигчдийн, хэрэглэгчдийн эсвэл ажилчдын мөнгийг зарцуулах эрх нь байдаг гэж үзье. Тэгвэл тэд үнэхээр энэ хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулахаа мэддэг гэж үү? Тэд инфляцтай тэмцэх үүрэг хүлээлээ гэж бодъё. Юу хийвэл эцэстээ инфляц буурна гэдгийг тэд яаж мэдэх вэ? Тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, эсвэл бизнесийг санхүүжүүлэх зэрэг компанийн үйл ажиллагааг хариуцан авч явахдаа гарамгай нэгэн байж болнолдоо. Гэвч энэ бүхэн нь тэднийг инфляцтай тэмцэхдээ гарамгай гэсэн үг бишшүүдээ. Бүтээгдэхүүнийхээ үнийг л бариад байвал инфляцын дарамтыг бууруулах уу? Эсвэл хэрэглэгчдийнхээ гарт илүү мөнгө үлдээснээр өөр нэг газар үнийг хөөрөгдөл үүсгэж орхих болов уу? Эсвэл бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулснаас бүтээгдэхүүнийхээгарцыг бууруулахаас аргагүйд хүрч, энэ нь хомстол үүсэхэд нөлөөлөх болов уу? Эдгээр асуултад хариулж чаддаг байлаа ч нийгмийн зорилгын төлөө хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчдэд, ажилчдад хэр их зардлыг оногдуулахыг зөвшөөрч болох вэ? Юу түүний хувьд зохистой оролцоо, юу бусдын хувьд зохистой оролцоо вэ?
Мөн, тэд дур зоргоороо хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчид, ажилчдынхаа мөнгийг авчхаж болох уу? Хувьцаа эзэмшигчид ийм хүнийг ажилд авахгүй бишүү? (түүний нийгмийн хариуцлага нэрийн дор хийж буй үйлдэл нь компанийн ашиг, зах зээлийн үнэлгээг бууруулна шүүдээ. Энэ нь хувьцаа эзэмшигчид, эсвэл тухайн компанийн хувьцааг худалдан авагчдын хувьд асуудал болно.) Ийм хүнийг хэрэглэгчид нь өөр үйлдвэрлэгчээр, ажилчид нь нийгмийн хариуцлагадаа арай бага анхаардаг хүнээр сольчихно.
Үйлдвэрчний эвлэл цалингийн хязгаарлалтыг зөвтгөхдөө “нийгмийн хариуцлага”-ын номлолоор түрий барих үед номлолын энэ талыг илүү тод харуулдаг. Үйлдвэрчний эвлэлийнхэн зарим ерөнхий зорилгуудыг гишүүдийнхээ эрх ашгаас дээгүүр тавих үед сонирхлын зөрчил ил гарч, ойлгомжтой болдог. Хэрэв үйлдвэрчний эвлэлийн удирдлага цалингийн хязгаарлалтыг дэмжвэл үр дагавар нь зохион байгуулалтгүй үймээн тэмцэл, удирдлагагүй ажил хаялт бий болно. Түүнээс гадна ажлын байрны төлөөх улайрсан өрсөлдөөн ч болох магадлалтай. Ийм шалтгаанаар бизнесийн удирдагчдаас илүү үйлдвэрчний эвлэлийнхэн зах зээл дэх төрийн оролцоог тасралтгүйгээр, мятрахгүйгээр эсэргүүцдэг нь, үгүй ядаж АНУ-д ажиглагддаг, тун хоржоонтой үзэгдэл юм шүү.
Хувийн хэвшлийн өрсөлдөөнт зах зээл нь хүмүүс өөрсдийнхөө хийж буй үйлдэлд хариуцлага хүлээхийг шаарддаг. Энэ нь бусад хүмүүс амиа хичээсэн эсэхээс үл шалтгаалан тэднийг мөлжих аргагүй болгодог юм. Ийм ч учраас “нийгмийн хариуцлага”-ыг хувийн хэвшлийн өрсөлдөөнт зах зээлд хэрэгжүүлэхэд хүндрэл учрах нь мэдээж. Хувь хүмүүс сайн үйлс хийж болно л доо, гэхдээ зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр хийвэл зохино.
Энэ хүртэлх аргументыг маань дагаж ирсэн уншигчдын маань цөөнгүй ньзасгийн газар татвар ногдуулах, орчны бохирдлыг хянах, удаан хугацаанд ажил олж чадахгүй байгаа ажилгүйчүүдийг сургах зэрэг “нийгмийн” зорилгоор зарцуулах зардлыг тогтоох нь сайн, ингэж хэлэх нь зөв боловч эдгээр асуудлууд улс төрийн цаг авсан процессыг хүлээх аргагүй хэт тулгамдсан, бизнес эрхлэгчийн нийгмийн хариуцлагынхүрээнд шийдвэрлэвэл хурдан бас зөв замаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэх ёстой гэх үндэслэлээр эсэргүүцмээр санагдаж ч болох юм.
Би ийм асуудал урган гарах бүрд “нийгмийн барааны арилжаанаас хувь хүртэгчид”-ийн хүлээдэг ашгийн талаарх Адам Смитийн эргэлзээтэй санал нэгддэг. Энэ аргумент улс төрийн зарчмын үүднээс үгүйсгэгдэж байх ёстой. Энэ бол ардчилсан процедураар иргэдийнхээ олонхыг ятган үнэмшүүлж, ижил үзэл бодолтой болгох замаар татвар тогтоох, зардал гаргах эрх мэдлийг олж чадахгүй болохоороо ардчилсан бус процедураар олж авах гэсэн санаа юм. Чөлөөт нийгэмд “адгийн” хүмүүс “адгийн” зүйлс хийх, ялангуяа хэн нэгэнд сайн, бусдын хувьд “адгийн” зүйлс хийх хэцүү байдаг.
Үйлдвэрчний эвлэлийн талаар бага зэрэг сэдвээсээ хазайсныг эс тооцвол би энгийн болгох үүднээс зөвхөн компанийн гүйцэтгэх удирдлагын жишээнд л анхаарлаа. Гэхдээ үүнтэй яг ижил аргумент бүхий хувьцаа эзэмшигчид өөрсдөө нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхийг шаардсан үзэгдэл ажиглагдах болов. (жишээ нь саяхны Ж.М. уриалга). Эдгээр тохиолдлыг ихэнхэд зарим хувьцаа эзэмшигчид нь бусад хувьцаа эзэмшигчдийг (эвсэл хэрэглэгчид, ажилчдыг) тэдний хүсэл зоригийн эсрэг, нийгмийн идэвхтнүүдийн хүссэн “нийгмийн” шаардлагад хувь нэмрээ оруулах үйлсэд татан оролцуулахыг оролдох болно. Тэд амжилтад хүрвэл ахиад л татвар ногдуулж, зарцуулалт хийнэ гэсэн үг.
Харин ганц хүний эзэмшлийн компанийн жишээн дээр арай өөр. Хэрвээ ийм компанийн эзэн өөрийнхөө “нийгмийн хариуцлага”-ыг хэрэгжүүлэхийн төлөө бизнесийнхээ ашгийг бууруулах зүйл хийж байвал тэр хүн хэн нэгний биш, өөрийнхөө мөнгийг зарцуулж байгаа хэрэг. Өөрийнхөө хүссэн энэ мэт зорилгынхоо төлөө өөрийнхөө мөнгийг зарцуулж байгаа бол түүний хийж буй зүйлийг буруутгах ямар нэг зүйл олж харахгүй байна. Гэхдээ энэ тохиолдолд мөн л ажилчид, хэрэглэгчдэдээ зардал нэмж байж магадгүй. Хэдийгээр, том компаниуд, монополь эрх мэдэлтэй болох гэсэн үйлдвэрчний эвлэлтэй харьцуулах аргагүй жижиг ч гэлээ бага боловч иймэрхүү дам нөлөө байх нь тодорхой.
Мэдээж хэрэг бодит амьдралд жинхэнэ шалтгаан өөр үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын номлолоор халхавчлах нь элбэг.
Тухайлбал, энэ нь магадгүй нийгмийнхээ ая тух, засаглалыг сайжруулахад нөөцөө хуваарилж буй нь жижиг зах зээл дээрх томоохон ажил олгогч компанийн хувьд урт хугацааны сонирхол байж болно. Энэ нь чадварлаг ажилтнуудын сонирхлыг татаж, цалингийн зардлыг бууруулж, эсвэл хулгай зэлгий, хорлон сүйтгэлийг бууруулж, өөр бусад эерэг нөлөө үзүүлж байж ч болох юм. Магадгүй компанийн өгсөн хандивыг татвараас нь хасаж тооцдог хуультай бол хувьцаа эзэмшигчид татварт төлөхийн оронд компаниараа дамжуулан илүү их хандив өгч байж ч болно.
Эдгээр болон бусад ижил төстэй тохиолдлуудад “нийгмийн хариуцлага”-аа хэрэгжүүлэхийн тулд хийж буй үйлдлүүд гэж нотлохоор улайрдаг. Үүний шалтгаан нь “капитализм”, “ашиг”-ийг “цэвдэг компани” гэхчлэн хавтгайруулан жигшицгээдэг өнөөгийн уур амьсгалд зардлынхаа өнгийг өөрчилж,компаниуд сайн сайхныг ундраадаг гэж харуулах нь компанийнхаа ашиг сонирхлыг хамгаалах нэг арга зам болоод байгаа юм.
Компанийн гүйцэтгэх удирдлагуудыг ийм үйлдэл чинь чөлөөт нийгмийн үндэс суурийг сүйтгэнэ, дүр эсгэсэн бялдууч байдлаасаа татгалз гэх нь тохиромжгүй биз. Тиймээс тэднийг “нийгмийн хариуцлага”-аа хэрэгжүүл гэе! Хэрэв манай институцүүд, олон нийтийн хандлага тэднийг ийм аргаар өөрийнхөө ашиг сонирхлыг далдлахаас аргагүй болгож байгаа бол би тэднийг эгдүүцэн буруушаахгүй. Гэхдээ, залилангийн аргаас ялгаагүй ийм тактикийг жигшдэг байх ёстой бизнес эзэмшигч, хаалттай компанийн эзэд эсвэл нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчдийг гайхаж буйгаа илэрхийлмээр байна.
Зэмтэй ч бай, үгүй ч бай нийгмийн хариуцлагыг халхавч болгон хэрэглэх нь, нэр нөлөөтэй, хүндлэл хүлээсэн бизнес хүмүүс нийгмийн хариуцлага нэрийн дор утга учиргүй зүйл ярих нь өөрөө чөлөөт нийгмийн үндсийг сүйтгэж буй хэрэг мөн. Би удаан хугацааны турш цөөнгүй бизнес эрхлэгчийн шизофрений маягийн араншинг гайхдаг байлаа. Тэд бизнесийнхээ хүрээнд алсыг харах чадвартай, сийрэг толгойтой байдаг. Харин бизнесээсээ гадуурх, ерөнхий утгаараа бизнесийг оршин тогтноход нь ч нөлөөлж болох зүйлсэд үнэхээр харалган, толгой нь самуурсан мэт байдаг. Энэ харалган байдлыг төрөөс цалин, үнийг тогтоох, хянахыг шаарддаг олон бизнес эрхлэгчдийн жишээнээс харж болно. Зах зээлийн тогтолцоог ахархан хугацаанд сүйтгэж чадах үүнээс илүү зүйл үгүй. Ингэвэл тэдний хүссэн засгийн газрын тогтоосон үр ашигтай цалин, үнийн хяналт бус харин төвлөрсөн хяналтын тогтолцоо буй болно.
Харалган байдлын өөр нэг жишээг бизнес эрхлэгчдийн нийгмийн хариуцлагын талаарх илтгэлээс харагддаг. Нийгмийн хариуцлага ярих нь богино хугацаанд тэднийг алдаршуулж магадгүй. Гэвч иймэрхүү яриа ашгийн хойноос хөөцөлдөх нь ад зэтгэрийн, ёс суртахуунгүй явдал, өөр нэг хүч хязгаарлах, хянах ёстой гэх нийгэмдноёрхсон ойлголтыг гүнзгийрүүлэхэд дэм болж буй явдал юм. Ийм үзэл санаа нэгэнт нутагшчихвал хэчнээн боловсорсон буянтай бизнес эрхлэгч байлаа ч түүний хүний мөс биш харин төрийн хүнд суртлын төмөр нударга зах зээлийг хязгаарлах хүч нь байх болно. Надад бол бизнес эрхлэгчдийн үнэ, цалинг хянахыг зөвтгөх нь амиа хорлох оролдлого шиг л санагддаг.
Зах зээлийн механизмын үндэс суурь болох улс төрийн зарчим нь хүн бүр сайн дураараа хүлээн зөвшөөрөх явдал. Бүх өмч хувийн хэвшлийн эзэмшилд байдаг төгс чөлөөт зах зээлд, хэн ч өөр нэгэнд хүч хэрэглэж чадахгүй, бүх хамтын ажиллагаа сайн дурынх байдаг. Ийм хамтын ажиллагааны бүх оролцогч өөрт ашиггүй л бол аливаа үйл ажиллагаанд оролцдоггүй. Энд хамтын үнэт зүйлс, хувь хүний хариуцлага л байдаг. Түүнээс өөр ямар ч үнэт зүйл, “нийгмийн хариуцлага” гэж үгүй. Тэгвэл нийгэм гэдэг нь үнэн хэрэгтээ хувь хүмүүсийн, бас сайн дураараа бүрэлдэн тогтсон янз бүрийн бүлгүүдийн нэгдэл билээ.
Улс төрийн механизмын үндэс суурь болох улс төрийн зарчим бол бусадтай зохицох буюу захирагдах явдал. Шашин, дарангуйлагч эсвэл олонхын аль нь тодорхойлсон байхаас үл хамааран хувь хүн нийгмийн ерөнхий сонирхолд үйлчлэх ёстой. Магадгүй хувь хүн сонгууль өгөх, юуг хийх ёстойг хэлэх эрхтэй байж ч болно. Гэхдээ удирдуулж л байгаа захирагдах (зохилдох) ёстой. Энэ заримд нь бусдыг хүссэн эсэхээс нь үл хамааран нийгмийн ерөнхий зорилгод хувь нэмрээ оруулахыг шаардахад таатай нь мэдээж.
Харамсалтай нь хүн бүр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх нь үргэлж боломжтой байдаггүй. Зарим үед захирагдах нь зайлшгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэн нэг нь улс төрийн механизмаас бүр мөсөн ангижирч чадна гэж би бодохгүй байна.
Гэвч “нийгмийн хариуцлага”-ын номлолыг нухацтай авч үзвэл энэ нь хүн бүрийн үйл хөдлөл дэх улс төрийн механизмын хамрах хүрээг тэлж байна. Философийн үүднээс авч үзвэл хамгийн илэрхий хамтач онолоос ялгаагүй. Өөр байгаа ганц зүйл нь хамтач үзлийн жинхэнэ утгыг ойлгохгүйгээр түүнд хүрнэ гэж итгэж буйгаараа л ялгаатай. Үүнийг би Капитализм ба Эрх чөлөө номдоо чөлөөт нийгмийг “үндсээр нь мөхөөх номлол” гэж нэрлэсний маань шалтгаан юм. Бизнест цор ганц нийгмийн хариуцлага бий. Энэ бол өөрийнхөө ашгийг өсгөхөд чиглэсэн үйл ажиллагаанд оролцох, нөөцөө зарцуулах явдал бөгөөд аль болох урт хугацаанд тоглоомын дүрмээ мөрдөх юм. Тоглоомын дүрэм гэдэг нь заль мэх, луйвраас ангид нээлттэй, чөлөөт өрсөлдөөн билээ.
Орчуулсан Мөнхжаргалын Чимэддорж
2020 оны дөрөвдүгээр сарын 27
Миний үзэл бодол
Хөрөнгө оруулагч