БИЕ БА СЭТГЭЛИЙГ ОНОШИЛСОН ХОЁР СИДДАРТА

“Сиддарта” гэдэг нэр түүхэнд хоёр янзаар бичигджээ. Нэг нь МЭӨ VI зуунд хааны ордноос гарч, зовлонгийн учрыг эрж, гэгээрэлд хүрсэн ханхүү Сиддарта Гаутама. Нөгөө нь XXI зуунд лабораторид сууж, эмнэлгийн тасаг дамжин шогшиж, хавдрын эсийн хувьслыг мөшгөж, өвчний түүхийг хүний хувь тавилантай холбож бичсэн эмч, судлаач Сиддарта Мүхэржи. Хоёулаа хүний зовлонгийн уг шалтгаан юу вэ гэдэг нэг асуултын араас явсан. 

Нэг нь Бодь модны дор, нөгөө нь микроскопын ард суужээ. Нэг нь сэтгэлийг шинжилсэн, нөгөө нь генийг судалсан.

Ордноос гарах ба лабораторид орох

Гаутама ханхүү төрөх, өвдөх, хөгшрөх, үхэх ххүний тавиланг хараад ордноо хаян одсон гэдэг. Тэрээр зовлонгийн хүрдний үндэс нь гаднын дайсан бус, шунал, мунхаг, бардамнал гэх сэтгэлийн хор гэдгийг ухаарсан.

Мүхэржи ч бас “ордноос гарсан” хүн. Стэнфорд, Оксфорд, Харвардын дэлхийн шилдэг их сургуулиудад суралцан онолын орчноос эмнэлгийн бодит амьдралд хөл тавьжээ. Лекцийн танхимд үлдэх боломж байсан ч хорт хавдрын тасгийн хаалгыг татсан. Нэг өвчтөн нь илаарьшиж, нөгөөгийнх нь хавдар эргэн сэдэрч буйг хараад, шалтгааныг нь судалсан юм.

Гаутама “амьдрал зовлонгийн мөн чанартай” гэж тунхагласан бол Мүхэржи цусны хавдрын генийн өөрчлөлтийг нээсэн. Өөрөөр хэлбэл, дайсан гаднаас ирдэггүй, дотор оршдог ажээ.

Зовлонгийн шалтгаан ба генийн “шунал”

Буддын сургаалд зовлонгийн эх сурвалж нь шунал, шунал төрөхүй дор зовлон ургана гэдэг. Мүхэржи цусны хавдрын генийг өөрчлөлтийг хэт өсөх “шунал”-тай зүйрлэсэн нь учиртай. Хэвийн ген өсөж, үхэж, солигдож байдаг. Харин хорт хавдрын генийг биологийн хувилгаан гэж болно. Хавдрын ген дархлааны системийн таних механизмыг “унтрааж”, орчныг нь ашиглаж, өсөж үржихийг үзүүлж өгдөг шидтэй ажээ.

Будда “дунд зам”-ыг заасан бол Мүхэржи эсийн өсөлт, мөхөл хоёрын тэнцвэр алдагдах үед л өвчин үүсдэг биологийн “дунд зам”-ыг хайсан. Дархлаа хэт идэвхжвэл өөрийн биеийг дайсан мэт устгана, хэт сул байвал хавдартай нүүр тулна. Тэнцвэр бол амьдралын үндэс. Энэ нь Бодь модны дор төрсөн сургаал, лабораторийн микроскопоор батлагдсан бодит байдал хоёрын уулзвар юм.

Гэгээрэл ба нээлт

Гаутама Бодь модны дор “Дөрвөн үнэн”-ийг ухаарсан бол Мүхэржи үүдэл эсийн ертөнцийг судалж, үүдэл эсүүд дохио хүлээн авч, нэгтгэж, хариу илгээдэг амьд тогтолцоо гэдгийг нь харуулсан. Тэрээр “Эсийн дуулал” номдоо генийг дууны нот шиг дүрсэлжээ. Нот дангаараа утгагүй, нийлж байж аялгуу болдог. Ген дангаараа “би” биш, харин олон генийн шүтэлцээт оршихуй “хүн”-ийг бүтээнэ.

Будда “би” гэдэг тогтвортой, эвдрэшгүй субстанц бус, тасралтгүй өөрчлөгдөх урсгал гэж номолсон. Орчин үеийн биологи ч хүний биеийг 30 их наяд эсийн тасралтгүй шинэчлэгдэж буй амьдрал гэж үздэг. Буддын “хоосон чанар” ба Мүхэржигийн “үүдэл эсийг зохицуулдаг генүүдийг тодорхойлолт” хоёр бол өөр хэлээр илэрхийлсэн нэг санаа юм.

Чадна гэдэг хийх ёстой гэсэн үг биш

Будда “зөв үйл”-ийг номолсон. Боломжтой бүхнийг хийлгүй зөвийг нь сонгох ёстой гэсэн үг. Мүхэржи ген засварлах, CRISPR, CAR-T эмчилгээний тухай ярихдаа “Бид хийж чадна гэдэг нь заавал хийх ёстой гэсэн үг мөн үү?” гэж асуудаг. Хүн хавдрын геномыг уншиж чадна. Эсийг лабораторид өөрчилж чадна. Будда нигүүлслийг сургаалынхаа төвд тавьсан шиг Мүхэржи “Хүн бол бусдынхаа өвчинг багасгахын төлөө ухаанаа ашигладаг онцгой бодгаль” гэж хэлжээ. Нэгнээ халамжлах чадвар бол олон эст бусад организм дундаас хүнийг ялгаж өгдөг онцлог юм.

Хоёр Сиддартагийн нэгэн зам

Будда “Өөрийгөө таньж, зовлонгийн шалтгааныг ол” гэсэн. Мүхэржи “Генээ ойлгож, өвчний учрыг олъё” гэж байна. Нэг нь дотоод ухамсрын гэгээрэл, нөгөө нь шинжлэх ухааны нээлт. Аль аль нь ухамсар, хариуцлага, сонголтын тухай яриа. 

Сиддарта Гаутама ордноос гарч, хүний сэтгэлийн зовлонг таньсан бол Сиддарта Мүхэржи лабораторид сууж, хүний биеийн өвчний түүхийг бичсэн. Хоёулаа шалтгаан бидний дотор бий гэдэг нэг санаа хэлжээ. 

Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэхээр төгссөн, цогт ялгуусан Будда хийгээд Хавдрын эмч, судлаач, үүдэл эсийн биологич, хавдрын генетикч Мүхэржи хоёр өөр цаг үед, хоёр өөр хэлээр, нэгэн ижил эрэлд гарцгаасан. Будда “Сэтгэлийн гэгээрэл бол эрх чөлөө” гэж айлдсан бол Мүхэржи “Зөв ойлголт бол эмчилгээний эхлэл” гэж хэлсэн юм. Нэг нь сэтгэлийг, нөгөө нь генийг тодорхойлсон. Эцсийн бүлэгт хэн хэн нь энэрэл нигүүслээр хүлэглэсэн билээ.

Мүхэржи шинжлэх ухааны нарийн мэдээллийг энгийнээр, уншигчид ойлгож болох хэлээр хүргэдэг учраас ном нь дэлхий даяар сая сая хүнд хүрсэн. Хорт хавдрыг “ялагдашгүй дайсан” гэдэг ойлголтыг өөрчилж, шинжлэх ухааны ирээдүйд итгэл төрүүлсэн. Монгол уншигчдад ч түүний бүтээлүүд орчуулагдан хүрч, генийн боловсролыг тэлж байна. Түүний хэлснээр “Хавдар бол бидний нэг хэсэг”. Үүнийг ойлгочихвол айдсаар бус ухаанаар тэмцэх эхлэл тавигдана. Орчин үеийн анагаах ухааны тод төлөөлөгч Мүхэржи дайсан гадна биш, ойлголт дутсанд оршино гэдгийг бидэнд сануулж байна.