Төлөөллийн засаглал уу, бүлэглэлийн засаглал уу?
Намууд сонгууль хийдэг соёлоо өөрчилж байж тэсч үлдэнэ.
СЕХ өнгөрсөн мягмар гаригт хуралдан, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ ирүүлсэн 28 нам эвслээс 25-ыг нь бүртгэж, шаардлага хангаагүй гурван намын хүсэлтийг батламжлахаас татгалзжээ. Ирж буй сонгуульд ямар нам эвслүүд оролцох нь ийнхүү нэгэнт тодорхой боллоо. Одоо хуулинд заасны дагуу намууд сонгуулийн зардлын дансаа нээлгэх, нэр дэвшигчдээ тодруулан зарлах гээд тодорхой үе шатлалын дагуу явж таарах байх.
Гэхдээ намууд аль болох олон суудал авч, засгийн эрхийг авах марафондоо орохын өмнө анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна аа. Сонгогчид өмнөхөөсөө ихээхэн өөр болсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Өмнө нь СЕХ дээр нэр дэвшихээ илэрхийлж, бүртгүүлэхээр очихдоо төлөөлийг хангаж, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангасан эсэхийг хэн ч анзаарч, анхааруулдаггүй байлаа. Харин энэ удаа МАН-ын очсон долоон хүний гурав нь эмэгтэй байсан тухай, ХҮН-ын удирдлагууд хоёр эмэгтэйн хамт очсон тухай, АН-ынхан дан арзайсан эрчүүд очлоо хэмээн нүүр номоор шүүмжилж байх жишээтэй.
Одоо нэр дэвшигчдийг намууд зарлах үед хэн хэнээр олон нийтийг төрд төлөөлүүлэхээр намууд шийдсэнийг хүмүүс харна, дүнгээ тавина.
Сүүлийн 20-30 жилийн турш намууд хүссэнээрээ нэр дэвшигчдийн жагсаалт дээр “бүждэг” байлаа. Намд хандив өгсөн, даргатай ойр, даргын нутаг, дэнчин сайн өгсөн гээд. Харин одоо ийм шалгуураар нэр дэвшигчдээ тодруулбал, өгзөг дээрээ хүйтэн жин тавиулахаар болж, цаг эргэсэн шүү гэдгийг хэлмээр байна.
Намууд төлөөллийн засаглалыг бэхжүүлэх гэж байна уу, бүлэглэлийн засаглалыг байгуулах гэж байна уу гэдгээ шалгуулах хамгийн эхний шалгалт энэ сарын 14-20-ны хооронд намууд нэр дэвшигчдээ зарлах үед харагдана. Нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах гэж хичээж байна уу, хүйсийн төлөөллийг тэд бодолцсон уу. Үнэхээр энэ улс орныг хөгжүүлэх гэж намууд хичээж байна уу, эсвэл бүлэглэл болж, төрийн мөнгө уйлах биш гэж амжиж завшихаар хичээж байна уу гэдэг нь шууд уншигдана.
Өнөөдөр шалдаа унасан нэр хүндээ улс төрийн намууд сэргээх нэг боломж нь энэ сонгууль болж байгаа юм. Тэдний нэр дэвшигчдээ хэрхэн тодруулж эрэмбэлснээр энэ намуудад итгэх эсэхээ иргэд шийднэ. Үнэхээр ардчиллыг бэхжүүлж, бодлогын нам болж чадах эсэхээ харуулах нэг ёсны улсын шалгалт. Өнөөдрийн намууд маргаашийн Монголын төр. Эх нь булингартай бол адаг нь адил гэгчээр намууд төлөвшиж, намууд манлайлж, намууд бодлогын болсноо баталж чадахгүй бол манай улсын ирээдүй хэсэгтээ эвгүй.
Хамгийн гол нь иргэд, шинэ цагийн залуус дүр эсгэсэн худлаа зүйлийг айхтар мэддэг болсон гэдгийг улс төрийн намууд эрх биш мэдэж байгаа биз ээ.
Олон улсын нөхцөл байдал ч ийм болсон, олон нийтийн хандлага ч ийм болж өөрчлөгдсөн. “Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт гэхэд Монголд хоёр дахь жилдээ боллоо. Өнгөрсөн жилийн тухайтад Сонгуулийн тухай хуулиндаа хүйсийн тэгш оролцоог хангаарай гэж сануулж байсан, өнөө жил ч хэнийг ч ардаа орхихгүй хамтдаа хөгжиж урагшлах тухай анхаарууллаа. НҮБ-ын наймдугаар ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, бидний хэлдгээр дэлхийн даргын том албыг хашиж байсан Бан Ги Мун “Өнгөрсөн онд бид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар энд хуран чуулж байсан бөгөөд энэ талаар гарсан олон ахиц дэвшил байна. Энэ жил бид ахицаа үргэлжлүүлэн, агуулгаа өргөжүүлэн “Хэнийг ч ардаа орхихгүй” хамтдаа хөгжих талаар хэлэлцэхээр цуглалаа. Энэ цаг үед дэлхий даяар дайн дажингийн аюул нүүрлэж уур амьсгалын аюул дахин дахин давтагдаж байгаа үед глобал шийдлүүд шаардлагатай. Бидэнд одоо алдах цаг болон эрх байхгүй. Бид ирээдүй хойч үедээ ийм нийгмийг үлдээж болохгүй” хэмээн анхааруулсныг анхаарлын гадна үлдээхийн аргагүй.
Хэдийгээр намуудын нэр дэвшигчид тодроогүй ч нам дотроо аль хэдийнэ нэрс яригдаад эхэлсэн. Намууд горилогчдын нэрсийг бүртгэн авч, гарааны хийгээд дундын судалгаануудаа хийж, жагсаалтад орно гээд тооцоологсод харьцангуй амьсгаа авахтайгаа тайвширсан нь анзаарагдана.
Гэхдээ нам доторх яриа хөөрөөг ажвал намууд маань хуучнаараа л үзэж тарах гээд байх шиг байна. Гадна талд бүгд өөрчлөгдөөд байхад нам дотооддоо өөрчлөгдөж чадахгүй бол тэгээд дуус дуус.
Төлөөллийг хангаж, нэг гишүүнд ирдэг эрх мэдлийг багасгахын тулд гэж ирээд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийг тоог 126 болгосон нь жилийн өмнөхөн л биз дээ. 78 хүн нь тойрогт, 48 нь жагсаалтаар гэж байгаа. Жагсаалтын 50 хувьд нь эрэгтэй, эмэгтэй хүйсийг жагсаахаар дэвшилтэт санаачилга гаргасан ч, мажоритор дээр 13 том тойрогт 14 эмэгтэй л нэр дэвших төлөвтэй байна. Уг нь нэр дэвшигчдийн хамгийн багадаа 30 хувь нь нэг хүйсийн төлөөлөл байна гэж босго болгож хуулинд заасан ч намууд хамгийн дээд хэмжээ мэтээр 24 жагсаалтад, 14 тойрогт гээд тооцоод байх шиг байна. Нэг тойрогт нэг эмэгтэй нэр дэвшигч явуулна гэвэл 10 мандаттай тойрогт арзайсан эрчүүд дунд ганц эмэгтэй нэр дэвшигч байх нь л дээ. Тэгвэл нийгмийн бүлгийн төлөөллийг хангана гэдэгт үлгэрт итгэх боломжгүй юм байна. Хүн амын 50 хувь болсон хүйсийнхээ төлөөллийг хангаж чадаагүй үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад бүлгийн төлөөлөл гэж яриад ч хэрэггүй.
Сонгуулийг мөнгөнөөс хэт хамааралтай байлгадагаа болихгүй бол бас л дээрх яриа мөрөөдлийн жагсаалтад үлдэнэ.
Намын дарга, генсекүүд сонгуулиас сонгуулийн хооронд хөлжиж бизнес хийдэг болсон гэхэд хилсдэхгүй. Жагсаалтад орохын тулд 5-10 тэрбум төгрөгийг нэр дэвшигчид бэлдэх тухай яриа гараад удлаа. Бизнесийн бүлэглэлийнхэн үүнийгээ бэлддэг юм гэхэд эмэгтэй нэр дэвшигчдэд тийм мөнгө нь байхгүй. Цаашлаад тойрогт ч гэсэн горилогчдоосоо шат шатандаа мөнгө саах гээд намууд байж ядаж байна. Судалгааны мөнгө, намын хороодод өгөх мөнгө, аймаг дүүргийнхэнд өгөх мөнгө гээд ичгүүр сонжуургүй нэхсээр. Нэр дэвшигчид тодруулахаас өмнө горилж байгаа бүх хүмүүсээс татаас авахаар үхэн хатан зүтгэж байна. Арван таван сая төгрөг, 30 сая төгрөг намын хорооныхныг хоолонд оруулна, байр түрээслэнэ, түрээсний байрны гэрээ хийгээд хулхидуулчихлаа. Өгсөн мөнгө чинь дуусчихсан. Энэ мэт явган яриа үргэлжилсээр. Улс төрийн намууд ийм өлөн байхаар тэд төрд очоод яах билээ гэсэн айдсыг төрүүлнэ.
Хамгийн түрүүнд сонгуулийг мөнгө гэж харж, мөнгө босгох арга зам болгодог соёлын босгонд бүдэрдэг хүмүүс эмэгтэйчүүд, залуучууд. Энэ соёлыг алга болгоогүй үед төлөөллийг хангах боломж хумигдаж, жинхэнэ эрх ашигт дөнгөлөгдсөн хүмүүст л боломж гарна. Тийм хүмүүс өнөөдрийн Монголыг ямар болгов?
Нэр дэвших үйл явц энэ өдрүүдэд ид явагдаж байгаа. Намууд тэсч үлдэхийн тулд өөрөөр харах хэрэгтэйг дахин хэлье. Хуульд заасан хамгийн доод хэмжээ болох хүйсийн 30 хувийн квотыг 40 хувиас дээшлүүлж нэмэгдүүлэхээ амласан 10 нам СЕХ-нд бүртгэгдсэн 25 нам дотор бүгд байна лээ. Дөрвөн жилийн өмнөх амлалтыг мартсан байдаг юм аа гэхэд жилийн өмнөхийг ч арай мартахгүй ээ. Сонгогчдыг мартдаг, мангартддаг гэж боддог бол үгүй шүү гэдгийг хэлье. Одоо намууд тэсч үлдэхийн тулд идээ бээрээ шахаад, мөнгөнөөс хэт хараат, хэлсэн ярьсандаа хүрдэггүй зангуудаа татаж байж нэр хүндээ өсгөх гарц л үлдэв.