Октябрийн 100 жилийн ой болж байна. 1917 оны октябрь сарын үйл явдлыг өдөөгчид нь үүнийг өөрснөө “Октябрийн эргэлт” гэдэг байгаад 1927 оноос “Октябрийн хувьсгал” гэж албан ёсоор нэршүүлэх болсон юм. Манайд бол “Октябрийн баяр” гэдэг байлаа, учир нь ажлын бус тэмдэглэлт өдөр болгож нийтээр туг лоозонтой жагсчихаад гэртээ ирж хоёр хоног амардаг байв. Иймээс “Октябрийн…” гэчихээд цааш нь юу гэхээ онож хэлэхэд хэцүү байна. Тэгээд ч октябрьт биш ноябрьт болсон үйл явдал, удирдагч нь Ленин биш Ульянов байсан, түүнийг Сталин биш Жугашвили залгамжилсэн гэх хоржоонтой шог яриа бий.

Хүний нийгмийн хөгжил дэвшлийн тухайд Германы суут философич Карл Марксын XIX зууны дундуур дэвшүүлсэн таамаглалыг амьдралд туршсан анхны оролдлого нь энэхүү Орост болсон үйл явдал юм. Марксыг учиргүй муулаад, эсвэл шагшаад байгаа хүн таагүй санагддаг. Маркс бол авъяаслаг найрагч, мундаг сэтгүүлч байснаас гадна гол нь суут эдийн засагч, аналитикч, философич байлаа. Түүний жинхэнэ ориг үзэл суртал залуудаа бичсэн “Германы үзэл суртал” зохиолд нь бий. 

Марксын үзэл санаа төлөвшхөд Гегель их нөлөөлсөн. Тиймдээ ч “Залуу гегельч” гэгдэж явсан. Гегелийн диалетик нь тезисийг сөрж антитезис гарах ба энэ нь нийлж синтез үүсгэнэ, синтез явсаар антисентизтэй зөрчилдөн дундаас нь дараагийн төлөв үүсдэг гэсэн номлол юм. Маркс үүнийг хүний нийгэмд орлуулан зүй тогтол болгон номложээ. Тэрээр Үйлдвэрлэлийн хэрэгсэл эзэмшигчийг тезис гэж үзээд хүний нийгмийн хөгжлийг үүндээ тохируулан таван шатад хуваан, тезис болгон антитезис үүсгэн зөрчилдөж нийгмийг хөгжлийн дараагийн шатанд хувьсгалаар дамжин оруулдаг гэх онол боловсруулсан. Боол эзэмшигч, боолын хоорон дахь зөрчил феодализмыг, феодал, хамжлага хоёрын зөрчил капитализмыг үүсгэнэ. Ингэхээр капиталист, ажилчин хоёрын зөрчил хаана аваачих вэ? Нэг формациас нөгөөд шилжих нь заавал хувьсгалаар шийдэгдэнэ. Антитезис нь ялдаг болохоор ажилчин анги ялна. Ялчихаад яахав? Дундаас нь буй болох синтезийг тэрээр коммунизм гэж нэрэлжээ. Энэ бол хэдийгээр өөрөө итгэж байсан боловч мөрөөдөл, алс хэтийн хэрэг, таамаглал төдий юм.

Маркст нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол Библи судар. Тэрээр жүүд хүн боловч загалмайн шашинтай. Библи тэр чигээрээ шударга нийгмийн тухай, хувь хүний аз жаргалын тухай сургааль. Езүс худалдаа наймааг мөлжлөг гэж үзэн жигшдэг байсан. Алив байдлаар хүмүүс биенээ мөлжих боолчлох дээрэлхэх илүүрхэхийг ихэд буруушаана. Тэгштгэсэн нийгмийн тухай иймэрхүү сургааль шашин болгонд буй, тэр дундаа Библид. Эндээс Марксын мөлжлөгийн тухай онол үүдэлтэй. Бүх түүхээс харахад ангиудын зөрчил зөвхөн өмчөөс болж байсныг анзаарч хувийн өмчгүй нийгмийн тухай таамаглал дэвшүүлэв. Өмч байгаа учраас мөлжлөг буй. Тухайн үедээ шуугиан тарьсан эдийн засагч байсны хувьд тэрээр Адам Смитээс тэс өөр нийгэм-эдийн засгийн ориг загвар гаргаж ирэх хувь хүний амбицитай байсан нь ч түүнд их нөлөөлсөн.

XIX зууны хамгийн том нээлтийн нэг болох Дарвины “Байгалийн шалгарал”-ын онол нас тогтсон Маркст гүн сэтгэгдэл төрүүлж, коммунизмд дэвшин ороход гол түлхэц болох хувьсгал, пролетарийн диктатурын онолыг төрүүлжээ. Маркс өөрийн бодож олсон коммунист нийгмийг хүн төрлөхтний хөгжлийн эцсийн шат гишгүүр гэж үзсэн тул энэ төлөв байдлыг мөнх хадгалахын тулд нэг ангийн үргэлжийн ноёрхол байнга байх ёстой гэж үзжээ. Хувьсгал ч, пролетарийн диктатур ч цус шаардана гэдгийг тэр хүлээн зөвшөөрч байсан.

Марксын онол боловсрон гарсан даруйдаа ялангуяа оюунтан сэхээтний хүрээнд асар их нөлөө үзүүлжээ. Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн Францын хувьсгалын уриа сэтгэлд нь хоногшсон ч нийгэмд энэ нь хэрэгжиж чадахгүй байгаад бухимдалтай явдаг сэхээтнүүд Марксын сургаалийг шүүмжлэлгүй шүүрэн авчээ. Энэ нь хэсэгтээ хавтгайрсан үзэгдэл байсан юм. Харин Маркс өөрийн диаликтик хөгжлийн онолоо тайлбарлан, коммунист нийгэмд дэвшин орох онол нь зөвхөн туйлдаа хүртэл хөгжсөн капиталист нийгэмд хамаатай болохоос жишээ нь тариачны хоцрогдсон бүдүүлэг орон Орост ямар ч хамаагүй хэмээн хэлж ч байсан. Марксынхаар туйлдаа хүртэл хөгжсөн капиталист нийгэм болох Хойд Америк, Баруун Европт хувьсгал гарч зөвхөн ажилчин анги л хувьсгалаар капитализмыг түлхэн унагаж хүний хөгжлийн эцсийн шат болох коммунист нийгэмд давшин орох ёстой ажгуу.

Хувь заяа үргэлж шоглоомтой байдаг. Тариачны хоцрогдсон орон Орост 1917 онд төрийн эргэлт гарлаа. Хүн амын үлэмж цөөнх болох хэсэг сэхээтнүүд удирдан Марксын төсөөллийг амьдралд хэрэгжүүлэхээр шийдэн үймээн дэгдээсэн хэрэг. Орос бол юун туйлдаа хүрсэн капитализм байтугай Өрнөд Европыг өдий зэрэгт хүргэсэн Дахин сэргэлт, Реформаци, Соён гэгээрлийн үе, Үйлдвэржилтийн хувьсгал хэмээх 400 жил дараалан үргэлжилсэн аугаа өөрчлөлтүүдийг бүгдийг нь алгасан холуур өнгөрсөн хамжлагийн хоцрогдсон эзэнт гүрэн ажгуу. 

Октябрийн үйл явдлаар төрийн эрхийг булаан авагчид марксист нийгмийг тогтоон барихын тулд дан ганц аллага хядлагын аргыг голложээ. Пролетари ангигүй тэд үүнийгээ пролетарийн диктатур гэж нэрлэв. “Бид хүн төрлөхтнийг албадлага хүчээр аз жаргалд чирж аваачна” гэсэн уриа тэдний зорилгыг зөвтгөнө. Маркс шашиныг басамжлан үздэг байсан бол Ленин бүр үзэн ядаж, хорвоогоос шахан зайлуулах ёстой хог шаар гэж харан, сүм хийдийг нурааж, лам хуврагийг нь алж устган, сүсэгтнүүдийг нийгмээс тусгаарлан дарамтлав. Марксын таамаглалыг гажуудуулан ойлгосон тэд өөрсдийн ноёрхол дарангуйллыг бүх хүн төрлөхтөнд тулган хүлээлгэж албаар жаргуулна гэх боллоо. Харин Марксын таамаглалыг мөнөөх туйлдаа хүртэл хөгжсөн гэх Өрнөд Европын ухамсартай ажилчин анги огт хүлээж аваагүй юм.

Лениний төрийн эрхийг нь булаан авсан Орос орон нь нийгмийн хөгжлийн янз бүрийн шатанд яваа бараг 200 үндэстнээс бүрдсэн уламжлал бүхий хүчирхэг империалист гүрэн юм. Марксын үгэнд орж ажилчинтай хэдхэн том хотоо коммунист болгоод бусдыг нь “хүлээж бай” гэлтэй нь биш! Иймээс ялсан пролетарийн тусламжаар хоцрогдсон үндэстэн капитализм дээгүүр харайж цаана нь гараад коммунист нийгэмд дүүлэн орж болох тухай бүр марзан онолоор марксизмыг чимэглэв. Маркст хийсэн засварыг марсизм-ленинзм гэж нэрлэх болов. Социализм ялах тусам түүнийг устгах гэсэн хувьсгалын эсэргүүнүүд улам хүчээ авдаг гэсэн Сталины нэмэлт засвартайгаар марксизм-ленинизм-сталинизм болов. Тариачдад тулгууралсан коммунист хувьсгал байж болно гэсэн Мао Зэдуны онолыг нэмээд марксизм-ленинизм-маоизм үүсэв. Дараа нь Югославын, Африкийн, Кубын, Индонезийн, Унгарын, Латин Америкийн гэх мэтээр үй олон янзын мөртөө хоорондоо маш их зөрчилтэй коммунизмууд үүсэв. АНУ-д неомарксизм, Латин Америкт XXI зууны марксизм ч хэсэгтээ газар авч баахан үймүүлсэн. Явсаар либерал үзэл, парламентаризм, олон ургалч үзлийг зөвшөөрсөн еврокоммунизмын онол төрж тулгар үзэлт ориг марксистуудын нүдийг орой дээр нь гаргаж эрүүг нь мулталжээ.

Большвизмын зэвсэгт түрэмгийллийг даган Монголд нүүдэлчний марксизм хэмээх сонин хэлбэр орж ирсэн. Дундад зууны хоцрогдолтой нүүдэлчид энэ онолыг ёстой ойлгосонгүй, эрхгүй хүчинд автан коммунизм байгуулж эхлэв. Ардын хувьсгалын удирдагч Бодоо Үндсэн хуульт хаант засгийн бүтэц зохиогоод буудуулав. Нөгөө нэг удирдагч Данзан нийгмийн шатыг алгасч коммунизмд хүрдэг онолд нь үл итгэсэн учир цаазлуулав. Арга нь барагдсан Ерөнхий сайд Гэндэн “энэ хорвоод Будда, Ленин гэсэн хоёр сартваахи бурхан байдаг” гэж илтгээд буруутав. Ингээд марксист улс болохын тулд биенээ алж устгах ёстой юм байх гээд гадны тулгалтад хүчин мөхстөн эх орон нэгтнүүдээ хядаж гарлаа.

Аугаа яруу найрагч хар зөнгөөрөө ирээдүйг тольддог гэж ярьдаг.1937 оны зун нас барсан Д.Нацагдорж нэгэнтээ “Зөвхөн нарыг хэвээр үлдээх Октябрь” гэж шүлэглэсэн нь бий. Үнэхээр түүнийг үхснээс сарын дараа Монгол орон даяар цусан хядлага болж зөвхөн нарыг нь л хэвээр үлдээж билээ. Сэхээтэн, язгууртан, лам хувраг, нам төрийн зүтгэлтнийг хуйгаар нь буудан хорооллоо. Тэрбайтугай эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, хүүхэд ч энэ хядлагад өртсөн. Ердөө 700 мянган хүнтэй монголчуудын 60 мянгыг хэрэгт татаж, 30 мянгыг нь алж устгажээ. Насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь алагдсан. Бүхий л сүм хийд, барилга байгууламжийг үлдээлгүй нурааж галдан шатаажээ. Соёлын бүх өвийг үгүй хийв. Гагцхүү дээр гийх наран л хэвээрээ үлдсэн. 1937-38 оны хядлагаар ЗХУ-д 1,5 сая хүн баривчлагдаж, 700 мянга нь буудуулжээ. Энэ нь тус орны нийт хүний 0,4 хувь болж байхад Монголд энэ үзүүлэлт даруй 10 дахин их буюу 5 хувьд хүрсэн. Богино хугацааны хядлагын дэлхийн дээд рекорд болох энэ үзүүлэлтийг хожим нутагтаа коммунизм байгуулсан камбожууд 12 хувь хүргэн эвдсэн юм. 

Бичигтэй болгоноо хөнөөлгөсөн монголчууд дөнгөж тавиад оны үеэс дараагийн ээлжийн шинэ сэхээтэнтэй болсноор марксизм онолын хувьд нутагшин орж ирлээ. Өмч бол марксизмд таарахгүй юм байна гэж ойлгоод малчдын малыг, хөрөнгө зоорьтой хүний өмчийг хуу хураан социализм байгуулж эхэлсэн юм. Хамтын нийгэм. Хувь хүний аз жаргал гэж үгүй, зөвхөн хамтын жаргал! Үзэл суртлын хатуу дэглэмийн дор “марксизм” хэмээх үг нь хүнийг яллах зэвсэг болжээ. “Марксист биш байна!”, марксизмтай таарахгүй!”, марксизмыг сөрлөө!” – энэ нь нэг төрлийн ялын тогтоол!

“Хамтралжуулалтад хичнээн хүний хохирол гарсан бэ?” гэж Чөрчиллийг асуухад Сталин “10 сая” гэж хариулсан гэдэг. Маогийн их үсрэлт хамтралжуулалтад 35 сая хүний амь эрстсэн гэдэг. Ердөө гурван жилийн дотор. Харьцуулахад Чингисийнхний Хятадтай хийсэн 70 жилийн дайнд 35 сая хүн нь алагдсан гэх тоо Гиннесийн номд бий. Маогийн марксист дэглэмийн үед нийт 70 сая хүн өөрийн биш үхлээр нас барсан гэж Юнь Чан тооцоолжээ. Дэлхийн IIдайны хохирлыг оролцуулж тоолоод ЗХУ-ын үед бараг 80 сая хүн өөрийн биш үхлээр нас барсан гэсэн үнэмшхэд бэрх тооцоо ч бий. Олон улсын хамтарсан бүтээл “Коммунизмын хар ном”-д 1917 оны Октябриас хойш марксист дэглэмээс болж амь насаа алдсан хохирогчдын тоог: ЗХУ-д 20 сая амь нас, Хятадад – 65 сая, Вьетнамд 1 сая, Солонгост 2 сая, Камбожид 2 сая, Зүүн Европт – 1 сая, Латин Америкт – 150 мянга, Африкт – 1 сая 700 мянга, Афганистанд 1 сая 500 мянган хүн амиараа золиослогдсон ба нийт дүнгээрээ дэлхийд 100 сая орчим амь нас үрэгдсэн байна. Европын 30 жилийн дайн, нийтийг хамарсан аюулт тахлууд, дэлхийн хоёр дайны нийлбэр золиосын аль нь ч энэ тоонд хүрэхгүй. Хүн төрлөхтний эсрэг хамгийн том дайныг Октябрь өдүүлжээ. Хүний нийгмийг албадан жаргуулсны эцсийн дүнгийн тайлан энэ! Октябрь зөвхөн нарыг л өөрчилж чадалгүй хэвээр нь үлдээсэн.


2017.11.07