Цэндийн ДОРЖГОТОВ

Бат-Үүл ерөнхийлөгч болоосой

Ерөнхийлөгчөө залах, төрд төлөөллөө сонгох ойртлоо. Улсаа өөд татах буянтнаа сонгохыг хичээх олны хажуугаар, өндөр цалин өргөн боломжоос атгуулах эрхмээ ялуулах ашиг сонирхол бяртай. “Шоронд орчих гээд байна. Ерөнхийлөгчид нэрийг минь дэвшүүлж өгөөч” гэж намын даргаасаа гуйж байсан баримт хэрүүлийн тулаанд илэрч байв. Хөгжүүлэхгүй ч гай тарихгүй нэгэн тодорвол яамайсан. 

Бат-Үүлээ, АН-ынхаа ялалтын төлөөх зөвлөгөө чинь таалагдав. Эцсийн эцэст АН-аас ерөнхийлөгч тодорвол өвгөн зохиолч надаас эхлээд гуяа алгадан баясах ард олон. Гагцхүү Н.Алтанхуяг биш шүү. Түүний талаар миний үнэлэмж чинийхээс өөр аж. Үнэлэмжийн иймхэн ялгаа биднийг холдуулахгүй. Танай намд ерөнхийлөгч болчхоор боловсролтой шударга сорууд цөөнгүй. АН-ын томчууд хулгайч гишүүдийг эгүүлэн татвал парламентын ардчилал устана ч гэх шиг-юугаа донгосоод унав аа. Дүлий өвгөн буруу сонсов уу. УИХ-д шургалж бүгсэн авилгачдад халдвал гишүүний халдашгүй дархан эрхэнд халдаад зогсохгүй сонгогчдын эрхэнд халдсан хэрэг болно гэж Э.Бат-Үүл анхааруулав. Ойлгосонгүй! Юу гэсэн үг вэ? Яллагдагчаар татагдсан Н.Алтанхуягийн шалгагдаж буй хэргийг эцэслэн шийдэж, нийтэд сонсгоё гэхээс зориуд тойрч, Н.Алтанхуягийг ерөнхийлөгч болохоос айсан МАН түүний цагаатгалыг үгүйсгэхээр улайрч байна гэх ухуулгыг Л.Оюун-Эрдэнэ эхлүүлэв. Оюун-Эрдэнэ Баттулга хоёрын намаасаа гадуурх далд янаглал гэрэлд цохиулсан. Д.Амарбаясгалан гэх хүчирхэг бөөн гомдол хонзгонож хамсана. Ийм бохир хуйвалдаанд Үүл минь хөтлөгдөөд, ардчиллыг азийн цээжинд оройлсноо сэвтүүлэв. Жишээ нь би Н.Алтанхуягийг бол сонгохгүй. Чамайг бол дуртай сонгоно. Миний ижил малууд Монголд цөөнгүй. Тэд цөм чамайг сонгоно.

С.Зоригийг хөнөөх захиалгыг Ц.Элбэгдорж өгчээ гэх цуврал киноны дараа ардчиллын анхны хэдийг амьтны адаг, адсаганы шороо гэх зүхэл МАН-аас, бүр АН-аас ч садрав. Ардчилагчид нүдний булай болсонд гутарч, тэдний дунд сэтгэл сэргээх нэгэн байна уу гэж хайв. Монголчууд 90 оны ардчиллаа булшилж буй гутамшигт үед Үүлийнхээ тухай бичвэл уужирч юу магад гэж годьдлоо. Гуч гаруй жил сүүмэлзээд бөхөж буй ардчилалтайгаа салах ёс гүйцэтгэхэд өөр хэнийгээ ч дурсах билээ. Бат-Үүлээ, чамайг өмөөрч дэмждэг минь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласных. Чи Ц.Элбэгдорж Х.Баттулга шиг ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогч сайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чамаас айсан юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрсэн, үнэт зүйлсээ дээдлэх ёс зүйгээр тууштай нь. Чиний баривчлагдан ачигдаж байгаа, аавынх шигээ цав цагаан халимгаа зулгаалгаж буйг чинь телевизээр хараад самсаа шархирдаг. Зохиолч ааваас чинь болж би чамайг өмөөрөөгүй. 30 гаруй жил дүү минь чи өөрийгөө үзүүлсэн. Чамайг УИХ-д сонгохоо больж. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэж тунгаа. Мэдрэмжгүй сонгогчид Монголыг ялзруулав. Сонгогчид гэгээрвэл хулгайчид бус лидерүүд ялна. Сонгогчид харанхуй бол Будда ч дэвшээд нэмэргүй. Үүл минь дээ чи бидэнд итгэх хүн алга болжээ.

Нүүрсээ ихээр хямд тээвэрлэх нарийн төмөр замыг 17 жил гацааж, 31,5 тэрбум долларын ашиг хаасан, оффтек гэрээгээр далдалсан нүүрсний хулгай, дээр нь чуулгандаа суудаггүй татагдахдаа тулсан Х.Баттулга зүгээр суугаагүй нь лав. Түүний дагуул Ц.Туваан, О.Алтангэрэл, АН-ын даргын сэнтийг дүрэм бусаар булааж Х.Баттулгад өгөхөөр өлсгөлөн зарлаад, тэсгим жаварт хөлдүү цемент дээр муухай царайлж хэвтэгсэд одоо Н.Алтанхуягийн хулгайг дүйвээлж буй. Пиар нь хүүхдийн тоглоом нохой наадам. Тэдний дунд Үүл чамайг би харамгүй байна. 

Олон удаа цагаадаж, олон удаа буцдаг-шүүхийн шившиг ч Н.Алтанхуягийн хаалгадах зангараг хүчтэй. Ял завшихаар түүний булж далдалсан нуувруудыг мина хайгч мэт олж онгилоод, булхайн цагаатгалыг сөрж буй нь хуулиа дагадаг прокурор шүүгч устчаагүйн илрэл. Энэ өнцгөөс зориуд харахгүй, олон удаа цагаадсан АН-ын сор-хүчирхэг нэр дэвшигчийг ерөнхийлөгч болгохгүйн тулд МАН улайраад байна гэх нь ялангуяа Э.Бат-Үүлд тун зохимжгүй. Дүү минь наад бузраасаа холдоод намд чинь Н.Алтанхуягаас өөр нэр дэвшигч олдохгүй бол чи өөрөө ерөнхийлөгчид өрсөлд. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хал үзэж хортой хоргүйг ялгах туршлагатай, ардчилалд үнэнч нь-чи! Өвгөн ах нь тэгж үздэг. 

МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн асан Т.Рагчаа агсан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцагадаа “1990-ээд онд Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнийг Ж.Батмөнх дарга нууцаар удирдаж, заавар зөвлөгөө өгч байсан”-ыг анх хөндсөн билээ. Гэтэл түүний 100 жилээр миний хүндэлдэг Баабар мааньдээрх яриаг “ортой” гэснээр Бат-Үүлээ гонсойлгов уу яав. Сошиалд либераль үзэл, соцдек үзэл ус тосоороо ялгарч буй нь энэ гэжээ. Ялгарах нь зөв. Намуудын онол холилдож заваарснаас ялгарвал тунгалагжиж, ойлгомжтой болох ёстой. Ялгааны нюансаа ил байлгавал зорилго хөтөлбөр танигдаж, зөв дүгнэх, хүндлэх, нэг үгээр харилцан зохицох соёл эзэмших хялбаршина. Сүүлийн үед улс төрчдийн шидэлцэх эвгүй үгс хөгшин надад ирээдүй ёргүйтэх сэжиглэм совин төрүүлэв.Харилцааны соёл улстөрчдөд чухал.Ц.Нямдоржийн дүвчигнэлээс нэгийг сануулъя:“Баасанхүү чи намайг бууж өгөхийг үзэхгүй. Бибууж өгвөл Төр бууж өгсөн болно, ард түмэн буужөгсөн болно. Чи намайг бууж өгөхийг хэзээ ч харахгүй. Чам шиг нь байтугай чамаас бусдад ньбууж өгч үзээгүй” гэж сагсуурах нь өмнөөс нь ичмээр.

Буурай Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэх нь бүрхэг-эрсдэлтэй 90 онд жагсагчдын араас ил гарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга гурав “санаандгүй тохиолдол төдий”ялалтын буянаар төр засаг жолоодож үзлээ.Баттулга Энхболд хоёр орос олигархиуд зуйрч мега төслүүдээ гацааснаар Монгол сэхэх бүү хэл өрөнд унав. Үхэр уудаг усандаа баадаг-Алтанхуяг намаа хаяж, бие даагч гишүүн болж яс чанараа харуулав. Орос Хятадын завсар дахь харанхуй ёроолд хаягдсан ар монголчуудын 1996 оны сонголтод дэлхий дэлдийсэн. Даанч манай ардчилагчид гайхамшгийг дахин заяахгүйгээр бузарлав. Албан тушаал, олз ашигт эрээ цээргүй тэмүүлсэн АН гэгч жуль бүтэц иргэдээ эргэж харахгүй болтол тараа таниулсан. Архаг коммунист сөрөг хүч УИХ дахь АН-ын боловсрол туршлагагүй онгироо олонхыг зажлахгүй залгиж байлаа. Дээд доод талдаа гэгээрэл маш их дутсанаас ардчилал маань шившиг болов.

Бодрол. Миний амжуулах гэж насан турш мөрөөдсөн нийтийг гэгээрүүлэх дэврүү зорилгын төлөө Баабар Цэнддоо хоёр зүтгэдэгт би баярладаг буурай. Өөрсдөд нь ашиггүй ч яваандаа хүн амд хүчтэй нөлөөлөх үйлс гээд. Гол нь мэдээгүйг мэдүүлэх гэж, мэхлэгдсэнийг тайлах гэж хараал зүхлийн бай болж яваа нь таалагддаг юм. Энэ зам бол миний насан турш бэдэрсэн харгуй. Гишүүн-сайдын сэнтийнээс унац нь ирээдүйд жинтэй тусна. Та хоёрыг ийм хүмүүс болно гэдгийг хар багаас чинь тантсандаа би урамтай явдаг. Та хоёрын ижил соён гэгээрүүлэгч ирээдүйд улам олширч, улам хүчжиж, та хоёрыг харааж зүхдэг, атаархдаг өчүүхэн амьтас хөгжлийн алхам бүрээс сугаран хаягдсаар цөөрөх тавилантай. Тиймээс энэ зам чинь зөв зам. Уран бүтээлч хүн алс холын хийсвэр үр дүнгээ л тооцох ёстой. Үр ашиг нь та хоёрт бус, та хоёроос хойш, хойч үеийнхний боловсролд тусна. Иргэд хүчирхэг болно. Энэ чинь жинхэнэ буян. Та хоёр үзэхгүй, эдлэхгүй ч цаг хугацааны эргэлтэд арвиждаг буян. Бидэнд гэгээрэл яасан их үгүйлэгдэнэ вэ. Баабар чи нуруугаар намхан ч ухаанаар Монголдоо шүү. Миний байгааг, бидний байгааг. Ах нь өөрөөсөө ичиж байна. Монголчууд өндөр улаан оросын мөрөн дээгүүр өлийж, дэлхийг чиний нүдээр харж, өөрсдийнхөө хэмжээг чиний дайтай багцаална гэдэгт ах нь итгэнэм.

Баабарын олон боть нийтлэлийг би ерөнхийлөгчийн бөхөд цол хүртээдэг зарлигтай зэрэгцүүлэхгүй. Ерөнхийлөгчийн улсаа жолооддог нөр их хүнд ачааг Баабарын нийтлэлтэй жиших боломжгүй. Баабарын буянд монголчууд ХХ зуунд туулсан эмгэнэлт зам мөрөө болъщевик орос нүдээр бус эх оронч монгол нүдээр хардаг болсон нь тархины чимээгүй сэргэлт. Энэ нь дээд доод талдаа адилхан цангаж буй гэгээрлийн дорвитой эерэг үзүүлэлт.Баабарт эрх мэдлийн өндөр сэнтий хэрэггүй, Тэр өөр хүн.

Ав адил хүндэлдэг хоёр дүүгийнхээ нэрийг бичвэртээ зүгээр ч дурдсангүй. Гурвуул тэр жилийн сүрхий жагсаалд уриа дуудлага болж цуурайтсан мэдэгдлийг дурсая: Ард түмний захиалгат таван хүүгийн тэмцэл мөн ч галтай бадарч билээ. Үл мартагдах хувьсгал болсон. Өөлье гэвэл “Захиалгат таван хүү” гэх цолыг тэдэнд ард олон хайрлаагүй. Өөрсдөө тараасан алдар. “Нарийн царигтай төмөр зам тавивал хятад танк их буу орж ирнэ” гэх цитат бол монгол улстөрчдийн гарын авалга-өндөрт дүүлэх тэсрэлт өгдөөгч болов. Энэ брэнд төр засагт уламжлагдсан.Захиалгат тавын уриа нэг үгээр тодорхойлбол монголжуу их мангар. 

Л.Оюун-Эрдэнэ “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж, хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэхэд “Жагсагчдыг цус урсган дарах 200 алуурч Ж.Мөнхбат гишүүн бэлдчээд байна” гэж Л.Болд гишүүн зарласнаа төдөлгүй ташаа мэдээ цацсандаа уучлалт гуйв. Ж.Мөнхбат гишүүн “30 тэрбумын хэрэг” гэсэндээ Болдоос өршөөл хүслээ. Тэгснээ хоёул “Уучлалт гуйхгүй. 200 алуурч, 30 тэрбум яг үнэн” гээд дахин уралцсан. Т.Аюурсайхан “4-5 машин чухал баримт хуулийнхан устгаж гэмт хэргээ балласан” гэж залаад, нотлооч гэхээр зугтсан. “С.Баярцогтын Швейцарын банканд нуусан хэн ч олшгүй оффшор дансыг би ганц явалтаараа олоод ирлээ” гэж цэнхэр дэлгэцээр ханхалзав. Харилцагчийнхаа нууцыг хадгалах талаар алдартай Швейцарын банк Аюурсайханыг хараад өмдөндөө харвасан болтой. Гэтэл Аюурсайханы авч ирлээ гэх бичиг цаасыг Баярцогт хуулийн байгууллагад өгөөд шалгуулчихсан байжээ. Журамлаг оронд гүжирдлэг ноцтой гэмт хэрэг бол Монголд гүтгэхийг эх оронч тэмцэл гээд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдад өргөмжлөгдсөн билээ. Ёс зүй бол барагдашгүй цэнэг, мөнхөд хөтлөгч луужин шүү. Идэр есийн тэсгим жаварт жанжны талбайд 20-30 мянгуулаа УИХ-ын даргынхаа гашуудлын хар улаан туузтай асар том хөргийн толгойг уруу харуулж бариад орилолдсон. 

Ийм сүрт тэмцлээ удахгүй давтана гэж Л.Оюун-Эрдэнэ зарласанд цочирдсон би үүнийг бичлээ. 2008 оны 7-р сарын 8-нд МАХН-ын цагаан байшин шатаж, 5 залуугаа буудсан. Энэ аймшиг руу турхирагч Ж.Батзандан АН-ын босгоор хошуу дэвсэж ороод мэнд мултарсан. Гэвч Батзандан толгой хорогдсон АН-аа тас цавчиж хаяад Австралид тансаглав. Л.Болд Швейцарт бүрэн эрхт элчин сайд базарваань. Ард түмэн ийм 5 хүү захиалжээ. Тэр үед би юу гэж бичиж вэ: “Эрх мэдлийн улангасал чинь, бэртэгчин үзэл болохоос олноо гэсэн хайр биш. Баяжихыг шорддог ад зэтгэр бол шунал. Яс чанарыг чинь яваандаа таньсан иргэд та хэдэд нэг юм үзүүлнээ гайгүй. Эрх мэдлийн төлөөх увайгүй гүтгэлэг чинь нийтэд жигшигдэж, дүнгээ тавиулна. Одоо юу дараа юу гэхээс. Удахгүй биз” гэж зөнөг өвгөн ёрлож, тэдний хорыг маажжээ. Бат-Үүл Баабар хоёрын аядуу хорон үггүй дүйцэлдээнд төгцөг би атаархав. 

Одоо та яагаад олны зэвүүг дахин хүргэв гэвэл Л.Оюун-Эрдэнэ “хэн бэ” гэдгээ шалгуулах шинжилгээ өгөхдөө хонзогнож, нүүрсний сонсголыг хөтөлсөн “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 1,5 сая долларын хахууль авсан” гэж мэдэгдсэн нь өмнөх сонгодог загвараа давтжээ. Түүний иймэрхүү дайчин мэдэгдэл массын ой тойнд янзтай таарч рейтенг нь гялс цойлж амтшуулжээ. Оюун-Эрдэнэ захиалгат 5-ынхаа алдарт бослогыг нахихаар талбайд сүрт бужигнаан эхлүүлэхээ телевизээр зарласныг дээр бичсэн ч давтъя. Гэхдээ тэр манан мафын эсрэг биш ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй үзэлцэнэ гэв. Өөд татсан шавьдаа У.Хүрэлсүх гомдлоо ч урт насалбал Л.Оюун-Эрдэнийн зөвийг ойлгож баярлана гэж үнэнч шавь нь сануулаад авна лээ. Лам хувраг удмаа хөнөөлгөж, нударган гэж хавчигдсан аз жаргалгүй айлын нулимстайгаа холилдож өссөн хүү би 1990 оны ардчиллыг сэдэгч хэдэн жаалд хөл газар хүрэхгүй баярласан буурай нарын нэг. Анхдагчдаар бахархдаг зохиолч би “ардчилалд тууштай нь” гээд Э.Бат-Үүлээ ерөнхийлөгчөөр залъя гэвэл нийгэм хэрхэн хүлээж авахыг амьддаа үзэхээр танатав. Саналаа хэлээрэй.

                                                                                                             2026-03-15