Манжийн дарлал гэж юугаа яриад байна аа?
Цэндийн ДОРЖГОТОВ
Манжийн дарлал гэж юугаа яриад байна аа?
Манжийг үзэн ядаж өссөн ч тэр аюулт дайсныхаа удам судар-түүхийг огт мэдэхгүй насыг элээснээ би гэнэт анзаардаг хүн юм гээч. Би нэг ч манж хүн үзээгүй. Нэг ч манж хүн үзээгүй надад манж хүн сайн муу гэх үнэлэлт алга. Түүхийн ном шүүрдэн энд тэндээс нь уншлаа. Манжийг хятад гэж би ухаарч явлаа. Соц. суртал намайг тэгж төөрүүлжээ. “Нүүдэлч малчин Зүрчид угсааны хүн ам өсөж, гар урлал газар тариалан хөгжсөөр тэдний үйлдвэрлэл аж ахуйд ахиц гарч ХVII зууны эхнээс хүчирхэгжив. Тэдний дундаас Манж аймаг ХVI зууны сүүлээс давамгайлсан төдийгүй Зүрчидийн бусад аймгийг Мин улсын хараатаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэв”. (Л.Жамсран. “ХVI зууны эхний Өмнөд Монгол ба Манжийн түрэмгийлэл”. ШУАМ. УБ. 1973. №3). Зүрчидүүд Манж гэх уулын нэрээр өөрсдийг нэрлэсэн гэх домог буй гэнэ. Манж язгууртан дундаас Нурхач баатар (1575-1626) торойж, Зүрчидыг захирчээ. Түүний тухай сурвалж бичигт “Тэр нь ёсонд мэргэн бөгөөд журамтай хүн тул түүнийг дагагч олшров” гэжээ. (Жамбалдорж. “Болор толь”. Бээжин. 1984. Тал 474). Монголын өмнөд хэсгээс Хорчин аймаг ойрын хувьд Манжтай анх харилцсан аж. Хорчины бэйл Онгудай, Мангус, Мянган нарын ноёд Зүрчидийн Ехэ, Хада аймгуудтай хамтран Нурхачийг довтлоод ялагджээ. (“Манжийн үнэн магад хууль”. 1-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС). Хорчины ноёд Манжийг дийлэхгүйгээ ухаарч 1594 онд Нурхачид элч илгээн найрамдаж, 1605, 1606 онд Баяд отгийн ноён Энхдара таван отог Халхын элчийг толгойлж,Нурхачийн ордонд очиж адуу тэмээ бэлэглэн “хүндлэлт хаан” гэж өргөмжилжээ.
Монгол аймгууд Манжтай элчин солилцож, худ ургийн холбоо тогтоов. 1612 онд Манжийн ноён Нурхач Хорчины ноён Мянганы охиныг хатан болгож авсан бол 1614 онд Нурхачийн хүү Гүен баатар бэйл, Мангултай бэйл нар Жарууд аймгаас, Нурхачийг залгамжлагч хөвүүн Абахай нь Хорчины Мангус ноёны охиныг эхнэр болгожээ. (“Манжийн үнэн магад хууль”. 4-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС). Монголын ноёд ч Манжаас эхнэр буулгадаг болжээ. Халхын Баяд отгийн Энхдара Нурхачийн дүү Дархан баатар бэйлийн охиныг гэргий болгов. Монгол Манжийн худ ургийн холбоо Цагаан хэрмээс зүүн хойгуур нутагтай хоёр улсыг дотносгов. Манж нар хөрөнгөжиж, хүч суух хэрээр монголын ноёдод цол хэргэм, үнэт бэлэг гар татахгүй өгч эхэлсэн нь тэднийг татав. 1616 онд Нурхач баатар өчүүхэн жижиг Зүрчид аймгуудыг нэгтгэж, Хэтуала гэдэг газар Манж улсыг байгуулж хаанд өргөмжлөгдөв. Улсаа Алтан улс хэмээн нэрлэж “Тэнгэрээс заяат” гэх оны цол авчээ. Манж Мүгдэнгээр нийслэлээ тунхаглаж худам монгол бичиг, ламын шашинтай улс болов. Тэд удалгүй Мин улсын хараат байдлаас гарч Хятадын хаанд алба төлөхөө зогсоожээ. 1618 оноос Манж нар Мин улсын зүүн хойд хязгаарыг эзэлж, 1619 онд Солонгост довтолжээ.
Монголын сүүлчийн их хаан Лигдэн (1604-1634) улсынхаа эв нэгдэл, хүчийг бэхжүүлэх, Манжаас сэргийлж, Мин улстай найрамдах бодлого түлхүү баримтлав. Манжийн эсрэг холбоо тогтоох Монголын саналыг Мин улс дуртай зөвшөөрч зүүн хойд хил хязгаараа Манжаас хамгаалахад монголчуудыг ашиглах далим олжээ. Монголчуудтай хилийн худалдаа нээж, хил хамгаалсны шагнал гэж жил бүр Лигдэнд мянган лан мөнгө өгөх болсон аж. Лигдэн Мин улстай холбоо тогтоосноор Манж нарын баруун тийш тэлэх түрэлтийг сөрсөн төдийгүй уг харилцаагаа эдийн ашигтай гүйцэтгэв. Хорчины хөрш Зүрчидийн Үлэ аймаг Манжийн халдлагад өртөж тусламж хүсэхэд Лигдэн хааны даалгаснаар Хорчины Онгудай баатар ноён, хүү Уубагийн хамт Үлэ аймгийн цэрэгтэй хамтарч Манжийн дайралтыг ухраав. Лигдэн Ехэ аймагт туслахаар Хорчины цэргийг илгээж, Нурхач баатарын удаахь жанжныг алжээ. (“Манжийн үнэн магад хууль”. 12-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС).
Жилээс жилд Манж амжилт олж, Монгол аймгуудад тэдний худалдаа эд бараа дэлгэрэв. 1626 онд Хорчины Ууба тайж тэргүүлэн Манжийн хаанд бэлэг сэлт өргөхөөр ирэхэд Манжийн хаан арван газрын өмнөөс биеэр угтаж Уубад Түшээт хан цол, Уубагийн ах Түмэнд Дай дархан, дүү Будачид Засагт дүүрэн цол тус тус шагнаж, Уубагийн дүүд төрсөн охиноо гэргий болгон ураг барилдуулав. Дагаар орсон монгол ноёдод асар их шан хишиг хүртээж, түрүүлж орогсдод илүүг өгөх, монголчуудаар монголчуудыг Манжид нэгдэхийг ятгуулах арга хэрэглэсэн нь Монгол ноёд Манжийн хаанд итгэл хандуулахад хөшүүрэг болов. Лигдэн хутагт хаан өөрийгөө “Дөчин түмэн Монголын эзэн Чингис” гэж дөвийлгөж, Нурхачийг “Усны гурван түмэн Манжийн эзэн” гэж басамжилдаг байв. Манжтай сөргөлдсөн тулгаралтад Лигдэн дараалан ялагдаж, эцэстээ Түвдийн шашны улааны урсгалтай цэрэг-улс төрийн холбоо тогтоож, Манжаас хариугаа авах тооцоо нь эмгэнэлтэй нурав. Нурхач нөхцөл байдалд зөв үнэлэлт өгч алсын хараатай уян хатан аядуу бодлого явуулснаар амжилт олж байлаа. Лигдэн хаан, Цогт хун тайжийн цэрэг Гүүш хааны толгойлсон дөрвөн ойрадын хамтарсан их хүчинд бут ниргүүлж, Хөх нуурын хоёр хадан хушууг цахар халхын гурван түмэн эрсийн цусаар бялджээ.
1626 онд Манжийн хаан Нурхач нас нөгцөж, түүнийг залгамжилсан Абахай 1636 онд өвөр Монголыг нэгтгэж 1644 онд Бээжинг эзэлж Мин улс унав. Абахай монгол аймгуудыг нэгтгэх бодлогоэрчимтэй явууллаа. 1636 онд Зүүн Монголын 16 аймгийн ноёд чуулж, Абахайг Монголын хаанд өргөмжилж, түүнд Хубилайн хас эрдэнэ тамга шилжснээр тэр өвөр Монголоос хальж нийт монголчуудыг эрхэндээ орууллаа. Абахай монголчуудын бүтээл том алтан бурхныг Мүгдэнд аваачиж шүтээнээ болгов. Угсаа залгамжилсан манж хаадын гүрэн 295 жил оршин тогтнож, 1911 он хүрчээ. Энх-Амгалан хаан 16 настайгаас Манж дайчин гүрний төрийг 61 жил жолоодсон цэцэн билэгт хаан бөгөөд Чингис хааны тэнгэрлиг ач Хубилай цэцэн шиг гаргуун улс төрч, дээдсийн үйлсийг гарамгай залгамжлагч байв. Хятад орныг 300 шахам жил захирч чадсан Манжийн үе залгамжилсан хаад, аугаа Хубилайн шийрийг хатаагч цөөхөн атлаа сэргэлэн нүүдэлчдээр тодорчээ.
Энэ зуур Халхын ноёд өөрсдийн хүчинд тулгуурлан Манжийн цэргийг хорьж дийлэхгүйгээухаарч, манж нартай харилцахдаа тусгаар тогтнолоо хадгалахын ялдамд хөршийн ёсоор элч солилцон найртайгаар айлсчээ. Энэ нь амар амгалан амьдрахыг дээдэлсэн бодлого байв. Эсэргүүцэх чадал мөхөстсөн нөхцөлд Халхын ноёд ингэхээс ч өөр яалтай. 1636 оны өвөл Сэцэн хан адуу, тэмээ, булга гэх мэт бэлэг өргөж, найрамдахыг хүссэний хариуд Абахай бэлэгтэй хариу элч илгээж байв. Мөн 1637 онд Түшээт хаан хоёр алтан нум, гурван мориор бэлэг хүргүүлэн элч зарж, найрсаг явахаа илэрхийлэв. (Ялимгүй л бэлэг юмсанж. Өргөх бэлэг хомс байв уу, улсаа хайрлав уу. Ямартай ч чанга гартай л хаад байж). Манж Монголын шашин нэг, хэл заншил төстэйгөөс гадна нүүдэлч малчин угшил дотносгож байсан буй зээ. Цус асгаруулахаас ингэж зайлсхийсныг урвалт биш гэж үзүүштэй. Монголчууд малынхаа арьс шир ноосыг тэмээн жингээр зөөж, гурил будаа, бөс даавуу, цай тамхи, боов чихэр сэлтээр борлуулж, ойр зуурх хэрэгцээгээ хангаж тэд ойртсон биз. Хил залгаа илүү өгөөмөр гүрэн байсангүй. Дээдсүүд маань бас ч гэж Манжийн боол болсонгүй, харъяат албатын өвөрмөц эрхтэй вассаль-түшэг улсын хэмжээнд олноо амьдруулжээ.
Халхын хаадыг урвагч шарвагч гэж адлах гэм бурууг тэднээс би олдоггүй нэгэн. Тэд ирээдүй хойчийнхоо төлөө чадлаараа зүтгэж, амиа хүртэл зольж явсан удам угсаа минь. Дээдсийнхээ түүхийг бусдын зараалаар гуйвуулан гүжирдэх нүгэл бөгөөд худал магтах ч хилэнцтэй. Энх-Амгалан,Өндөр гэгээн хоёр оюунлаг эрхмүүд агаад багш шавь явжээ. Монгол ээжтэй шарын шашинт Энх-Амгалан хаан Өндөр гэгээнийг цагаан сараар Бээжинд урьж, тусгай хүндэтгэл үзүүлж, Хянганы нуруу зэрэг умард нутагт ан авд мордохдоо Гэгээнтэнг халхаас залж байв. Энх-Амгалан Занабазарын тухайд “Хутагт олон боловч Живзундамба шиг нь үгүй” гэж үнэлсэн эх сурвалж үлджээ. Энэ нөхөрлөлийг миний үед сургуульд дурсаа ч үгүй.
Манжууд монголчуудыг хятад иргэдээс дээгүүрт тавьдаг байсан нь Манж хаадын үе дамжсан зарчим байлаа. Манж нар өөрсдийгөө хятадад уусах вий гэж ямагт сэрэмжилдэг асан агаад монголчуудыг энэ бодлогодоо багтаадаг байсан аж. Манж монгол хоёр гэр бүл болохыг дэмждэг атлаа монгол хятадыг зөвшөөрдөггүй хууль үйлчилж байв. Манжийн хаан Нурхач “Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн” гэж бичиж түүхэнд үлдээсэн бол Энх-Амгалан хаан Монголын талаар дотно бодлого чадамгай хэрэгжүүлэгч байв. Хятадын цагаач иргэдийг Хиагтад наймааны хэргээр зорчихдоо замаас гарч сэлгүүцэхгүй, малын бэлчээрт тариа тарихыг хориглох Энх-Амгалан хааны хууль зарлиг хэрэгжиж байв. Их Хятадын урсгал Монголд нэвтрэхийг манж хаад гурван зуун жил хаасан юм биш үү? Тэгсэн аваас Манжийг түүхэнд учирсан ижилгүй аюулт дайсан гэхээ болиуштай. Хоцрогдлоо Манжид чихэж, уусаад арилсан тэднийг занаж, шүд зуух ХХI зуунд бүр ч эвгүй. Манж дарлаагүй бол нүүдэлч малчин монголчууд сүрхий хөгжсөн гэх хийрхэлд хэн ч итгэхгүй. Байгаль цаг уурын хахир хатуу нөхцөл, цөөн хүн ам, ямагт нүүж явдаг ахуй маань гар урлал, үйлдвэрлэл хөгжих боломж олгосонгүй.
Манж нар зах хязгааргүй Монголыг нэвт шувт эзэгнээгүй. Манай алс бөглүү нутагт Манжийн хаанчлал сураг төдий л өнгөрч. Манжийн хоёр зуу гаруй жилийн даашгүй татвар Монголыг сөхрүүлсэн гэж нам засаг-тэдний түүхчид ухуулж ирсэн. Бөглүү тархай айл өрхөд татварт өгөх бэлэн мөнгө байгаагүй. Тэдэнд мал сүрэг л байсан. Булга суусрын үнэт арьсаар шулж байсан гэдэг түүхчид бий. Булга суусар нь Монголын өргөн уудам говь талд ширхэг ч байдаггүй. Булга суусартай нутаг Монголд тун хомс. Манжид мал сүргээ жил бүр суурь сууриар тууварлаж байсан эх сурвалж түүхэнд алга. Харин манай хаад ноёд Манжийн хаанд сар шинэдээр есөн цагааны гэх мэт мал бэлэглэж байв. Хэдэн мал өргөх нь монгол ноёдын сайн дурын хэрэг болохоос Манж хаад төчнөөн сая мал өг гэж улаан Орос манай ерөнхий сайд П.Гэндэнг сүрдүүлж байсан шиг албадан шахаж асан ул мөр түүхэнд бас алга. Харц ардууд албан татварт мал сүргээ хаман өгч байсан аваас манжид өстэй ойрадын түүхчид уухайн тас сэдрээмээр. Тийм сурвалж тэдэнд олдсонгүй. Монголын малыг хамах боломж Манжид гараагүй юм уу эсвэл дундад зууныхан шунал багатай, назгай, уужуу хүмүүс байв уу. Монгол ямар орон байв гэвэл ганц хоёр, сайндаа гурав дөрвөн гэрээр айлссан хот айлууд хоорондоо хэдэн саахалт хол тарж нутаглах нь олон мал сүрэг, тарчиг ургамалтай бэлчээрээс шалтгаалж байлаа. Дэлхий бөөрөнхий, улс үндэстэн олныг мэдэхгүй. Хятад, Орос, Төвд гэх бүдэг таамагтай. Хүн төрөлхтөнөөс зөдгий малчдад мянган уулсын чанад дахь Манжийн дарлал хүрч ирсэнгүй. Манжид юугаа яаж цөлмүүлж байсныг миний өвөө, миний аав л лав мэддэггүй байв.Миний өвөө 1870 онд төрсөн юм билээ.
Манж дайчин гүрний мөлжлөг гэх баримт түүхийн номнуудаас би олсонгүй. Харин өртөө улаа, цэрэг цуухад дайчлах алба ойрадуудын түйвээнээс шалтгаалж үе үе гардаг байж. Манж нар өөрсдөө Хятадад уусахаас айдаг ч Бээжингийн тансаг ордонд гангарсаар яваандаа бүдгэрэн замхарч, харин бид тал нутагтаа таван хошуу малынхаа бэлчээрт удам угсаагаа хадгалан үлдэв. Манж Монголыг дийлсэн ч эцсийн дүндээ муу хүний заяа завагт гэж бид Манжаас танагтай хоцрох хувьтай байж. Манж нарыг зүхсэнээр бид эдүгээ гоё харагдахгүй агаад юу ч олж долоохгүй. Сүйтгэлээ төлүүлье гэхэд өдгөө тэд алга. Гэхдээ тэдний уусч арилсан эмгэнэл монголчуудын өмнө сургамжийн бамбар болон гэрэлтэнэ. Манж халхуудыг улаан орос шиг харгислаагүй ч юм шиг. Галдан бошигтоос Манж хаацайлаагүй бол халх өдий анзаатай үлдэх нь юу л бол.
Төвдийн дэсрид Санзайжамцын зараалаар шарын шашны Монгол дахь улааны урсгалын нөлөөг үгүй хийхээр халх руу довтолсон ойрадууд1690 оны 7-р сарын сүүлчээр Улхуйн голоос хөдөлж, 8-р сард Улаанбутангийн газар очсон бөгөөд Галдан бошигт Манжийн жанжинд элч зарж, “Бид дайсныг мөрдөн хөөхөд тэд харуулын дотор орсон тул энд хүрч ирэв. Зоргоор омтгойлж явсан газаргүй. Түшээт хаан, Живзундамба хутагт нарыг тавьж өгнө үү” гэж ирсэн зорилгоо таниулав. Ялагдсан халхууд Түшээт хаан, Өндөр гэгээн хоёрыгоо дагаж Манж руу зугтсаар урт хэрмийн дотор орж, Өндөр гэгээний шавь Манжийн Энх-Амгалан хааны нөмөрт шургаж амь гарчээ.
Далай ламыг Галдан Манжийг ятгаад миний хоёр дайсныг хэрэмнээс гаргаад өгөөч гэж элч заржээ. Төвдийн сайд дэсрид Санзайжамцаас Энх-Амгалан хаанд хэлүүлсэн зүйлд “Гагцхүү Түшээт хаан, Живзундамба хутагтыг барьж Галданд өгвөөс амьтанд тус болмуй. Энэ хоёр хүний амийг би батлах буй” хэмээжээ. Энх-Амгалан хаан хариу хэлэхдээ “Эдүгээ Түшээт хаан, Живзундамба хутагтыг барьж, Галданд өгвөөс нэгэн этгээдэд хэлбэрсэн болой. Ийнхүү болбоос бидний угаас Өөлд Халхыг харилцан зохицож, сайн аж төртүгэй хэмээсэн санаанд нийлцэх буюу... барьж түүнийг өшөөтэй хүнд өгвөөс болох буюу би... ийм лам хамаг амьтанд тус хаяж явахын тулд (энэ илчийн) айлтгасан үг юуны ламын үг аж. Үнэхээр лам айлтгаваас бичиг бичиж үл айлтгах буй асан уу? Миний дотор сэжиглэх тул тусгай зарлигийн бичиг илгээв” гэжээ.
Манжийн хил дотор амь хоохойлсон монгол хүн мал нутагшдаггүй, Галдан бошигтын цэрэг хэрмийн гадаа тосож устгахаар сахиад зайлдаггүй. Ийм хэцүү нөхцөл удав. Галдан Энх-Амгалан хаанд миний хоёр дайсныг хэрэмнээс гаргаж надад тушаавал би буцна. Манжид бид ямар ч гэм тарихгүй гэсэн бичиг, элч илгээсэн ч Энх-Амгалан хаан хоёр дайсныг нь гаргаж өгсөнгүй. Эцэст нь Халх Манж хоёр Галданг хөөхөөр хэрэмнээс гарч байлдсан бөгөөд нэг тулаанд Галдан ялагдаад одоо дахиж та нарын өөдөөс тэрсэлдэхгүй гэж бууж өгч амь хэлтэрсэн ч тэр нь заль мэх байжээ. Галдан халхуудыг тосож хиар цохихоор хэрмийн гадаа хүчээ сэлбэн отсоор. Халхыг нэлэнхийд нь эзэлсэн Галданг хөөхгүйгээр төрсөн нутагтаа хүн мал очиж чадахгүйг ухаарч манж монгол хамтарч цус урсгасан тулалдаанаар Галдан бошигтыгухруулжээ. Далай ламын нэр нөлөөг Монголд хүчгүйдүүлэх нигуртай өндөр гэгээн Занабазарыг Төвдийн дэсрид Санзайжамц Галдан бошигтоортонилгуулж, Халхаар Өөлэдийн хүчийг зузаатгаад, тэр хүчийг дотооддоо оруулж, Гүүш хааны угсаа залгасан 70 жилийн ноёрхлыг даруулах далд санаа өвөрлөжээ. Дэсридийн давхар зорилго яаж төгссөн бэ гэвэл Галдан Манжид хөөгдөж, дэсрид Санзайжамц Лхавзанд хорлогдож, Галдангаас зугтаж амь гарсан Цэвээнравдан хан том Цэрэндондовыг Төвдөд илгээж, Лхавзан хааныг устгуулав.
(Хаадын домгоор эдүгээ онгироод онгироод бидэнд юу ч наалдахгүй. Хоосон домог хоол болохгүй. Чингисээр багцаагүйсолиорогч нарт энэ үгээ бас зориулж байна. Чингис гайхамшигтай чбид түүнээс юу өвлөж авснаа тооц. Өвлөснөө бид хэрхэн хөгжүүлсэн билээ? Юм бүтээж чаддаг ухаантай улс шарилжнаас гурил гаргаад, бутнаас жимс ургуулаад, далайн шавьжийг амттанд хувиргаад, хүчирхэг оньсон техник зохиож хөдөлмөрийн бүтээмжээ хэд дахин өсгөөд үсрэнгүй хөгжжээ. Бид юу ч хийж сураагүйдээ ядуугийн туйл, хөгжилтэй орны царай хараад тэнэг мулгуугаараа дуудуулсан хүний шаар явна. Тариа жимс ургах үржил шим хомс, хүйтэн цэвдэг Монгол нутаг Чингистэй Чингисгүй эзгүй цөл хэвээрээ үлдэх л байсан. Харин ХХI зуунд гадныхан баялгийг нь өндөр хөгжсөн технологиор ухаж зөөхөөр шамдаж буй. Газар нутгаасаа “Бурхан гуйсан ч бүү өг” гэх үгийг чихээр сонссон мэт хүн олшров. Б.Ринчен Моодон шань юйг тэгж хэлснээр “Их нүүдэл” романдаа анх бичсэн нь зохиол юм. Харин өдгөө энэ үгийг Моодон бус Галдан бошигт айлдсан баримт гэдэг боллоо. Тийм түүхэн баримт буй аваас тэр сурвалж нь тод үсгээр байна уу, дөрвөлжин үсгээр байна уу үзүүлээч. Манай хаад нутгаа хамгаалан амиа зольжуул усаа өнөөгийн бидэнд өвлүүлсэн гэж эх орончид хаагих нь сүртэй. Дундад ази, Хятадын хот тосгон-зах зээлийг тонож дээрэмдэхээр довтолсон нь төрсөн нутгаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан эх оронч тэмцэл болоод хувирчхав. Зонховын төлөө зүтгэсэн Галдан халхын нутгаар манж нарт шившигтэйгээр хөөгдөх үед хамтран зүтгэгч ах дүү баатрууд нь түүний бурууг ойлгож, түүнээс салан одсоноор Галдан Алтайдаа мөлхөж очтол ойрадууд өлсгөлөнд нэрвэгдээд тарж бутарсан байв. Эх нутгаа ингэж түйвээсэн Галдан үгүйрч хувхайрсан нутагтаа өлбөрч үхжээ. Түүний хамгийн ойрын төрөл-цэргийн ноён Данжила Галданд “Чи ямагт Зонховын шашны тулд явмуй гэсээр дөрвөн өөлэд долоон халхыг дуусгав” гэж хэлээд Манжид дагаар оров. Данжила ноёны өөлэдүүд одоогийн Архангай аймгийн Өлзийтсуманд нутаг заагдаж суусан гэх хууч яриа бий. Дорноос манж нарт хөөгдөөд туйлдаж ирсэн өөлэд нарыгаа халхууд “Урьд та нар баруунаас довтлохдоо сүм хийдийг минь галдаж, хуврагуудыг минь хөгнөж хядсан” гэж хонзогнолгүй Орхоныхоо хөндийд айлсаж, тэнхрүүлсэн түүхтэй. Ах дүү халхынхаа уужуу өгөөмөр зангийн ач буянд Өлзийт сумын нутаг-Орхон голын ай савд нутагшсан өөлэдүүд айх аюулгүй тайван амьдралтай эцсийн мөчид учирчяваандаа халхуудтай цус холилдсон нь мэдээж. Ураг төрөл холдоход энэ нутгийн халх өөлэд худ ургууд дургүйцсэнгүй, дайнч хан ноёдоосоо эгүрт ангижирч, хувь заяагаа хэнээр ч заалгалгүй зөнгөөрөө халх өөлэд ялгаагүй 400 жил эрх тэгш амар тайван аж төржээ).
Нотлох баримтгүй шахам бараг хоосон домгоор Манжийг зуун жил үзэн ядсанаар бид аль зүгийн нүглийг далдалж, хэнийг алдаршуулж, юу хожив? Ганц Ленинийг шүтэх өвчинд мунхарсан нь хожоо гэж үү? Улаан оросод яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг сэтгэцийн эмгэгтэй болсон нь гэгээрэл гэж үү? Түүхийн үнэнийг мушгиж, Галдан бошигтийг мандуулж, Занабазар, Түшээт хааныг ялалсан нь дэвшил гэж үү? Дундад зууны ховор зэвэр бөглүү нутгийн монголчуудад манжийн зүгээс гурил будаа даалимба даавуу цай зэрэг наад захын хэрэгцээт барааны наймаа нээгдэж бүдүүлэг дорой ч тайван амьдрал эхэлсэн болтой. Ойрад халх хоёр хоёул хүнс, эд бараа үйлдвэрлэж чадахгүй, чаддаг нь харилцан малаа хуйлгайлахаас хэтрээгүй. Манайтай хил залгаа орос тосгоныхон угаас цөлөгдсөн боолчуудын ядуу удам угсаа. Хөлдүү зах хязгаарын хаягдмал оросуудад бусдад илүүчлэх арилжаа байтугай өөрсдөө турж үхэж байв. Дайтахаас өөрийг мэдэхгүй шахам манай ноёд хоорондоо сэнтий булаацалдаж, хэн нь хэнийгээ орон нутагтаа үгүй хийв, тэр болгонд Манжийн хорт явуулга гэх үзэл суртал наадгаа түүхчид минь болиуштай. Гол буруу-биенээ хөнөөсөн монгол хаад ноёдын хэнээрхэл бүдэг түүхээс ч ил байна. Их гүрний үзэл суртлын тулгалтаар зохиогдсон ташаа түүх биднийг тэр улсын хүлцэнгүй зарц, үндэс угсаагаа санах ой санамжгүй боол болгожээ. Тийм зарц тийм боол эдүгээ алхам тутам таарч ахуйд түүхээ буртаггүйболтол ариусгахыг хүсээгүй түүхчид хачирхалтай.
Манж бусдын үймээнд хутгалдахгүй гээд урт цагаан хэрмнийхээ хаалгыг түгжиж орхисон бол Галдан халхуудыг хэрмэнд шахаж, цус нөжөөр нь урт цагаан хэрмийг-урт улаан хэрэм болтол бялдаж, Занабазарыг дарснаа Төвдийн десрид Санзайжамцад тайлагнаж, Гүүш хан Төрбайхын хаанчлалыг Төвдөд залгамжлах мөрөөдөл халхын заяагаар ашгүй ийнхүү унтарчээ. Салам цохиулсан Халхын үлдэгдэл ойрадын замаар сарниагүйд Манж нөлөөлсөн. Тиймээс халхуудад манжийг хараах үндэс юу билээ? Хятадад уусаж үгүй болсон Манж, Зүрчидийн эмгэнэл маньд үүрдийн сэрэмж үлдээв. Далайд унасан дусал мэт замхарсан тэдний мөхлийг давтахгүйн тулд монгол хүн залбирч иржээ. Гэхдээ хажууд заяасан асар том эдийн засаг, аварга зах зээлийн ханшгүй хэрэглээ, үсрэнгүй хөгжлөөс хэт цэрвэлгүй эвтэйхэн ашиглавал Монгол дорхноо босоод ирнэ. Энэхүү өгөгдлийг бүү алд. Өвгөн миний хүсэл ердөө энэ. Манжтай харилцсан дээдсийнхээ аядуубодлогыг “урвалт” гэж үзэн ядалгүй авах гээх сургаалаар ханд. Манж гэгч бидний ижил нүүдэлчмалчин угшилтай хөршийн тухай түүхчдийн бүтээлээс иймэрхүү төсөөлөл хүртлээ би. Түүхийг зохиодоггүй, түүхийг судалдаг. Түүх нэг л жимтэй. Түүх хоёр жимээр яваагүй. Тиймээс түүхийн үнэн нэг л байх учиртай. Тэр ганц жимийг, тэр ганц үнэнийг олоход түүхчид минь талцсан маргааныгарилтал туслаач. Энэ сэдэв улам чухал болж буйд дахин сануулж түвэг удсанд уучлаарай.
(Би түүхч биш. Түүхч болъё гэх хүсэл энэ насанд минь төрөөгүй. Түүхийн боловсролыг дундаж иргэний хэмжээнд эзэмших-миний үүрэг. Миний бичвэрийг түүхийн номуудаас гэнэн оюутны түүвэрлэсэн конспект гэж үзэхийг академич мэргэдээс гуйя. Миний товчлол аугаа түүхийн судалгаа бус залуу түүхчдийн шинэ байр суурийг олонд түгээх зохиолчийн оролдлого шүү).
“Үлдээх үг” номноос. 2026-03-22


Уншигч