БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ ТӨСЛИЙН ЯВЦЫН ТУХАЙД
Эдийн засаг талаас нь авч үзвэл манай улсын нутгаар тавьсан хоолойгоор хий дамжуулснаар тодорхой хураамж улсын төсөвт төвлөрүүлэх, олон тооны ажлын байр бий болгох зэрэг үр өгөөжөөс гадна яваандаа манай улсын эрчим хүчний салбарт “байгалийн хий” гэсэн шинэ эх үүсвэрийн хөгжлийн эхлэлийг тавьж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сая ОХУ-д айлчлах үеэрээ сайд С.Лавров болон "Газпром" компаний тэргүүн А.Миллертэй ОХУ, БНХАУ-ыг холбох хийн хоолойг манай улсын нутгаар дайруулан барих төслийн талаар ярилцжээ. Үүнтэй холбогдуулан уг төслийн явцын талаарх өөрийн ажиглалтаа бичиж байна.
ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан барих асуудал олон жил яригдаж ирсэн. Хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барих эсэх нь юуны өмнө манай хоёр хөршөөс хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Хэдий ийм ч манай төр, засгийн удирдлагууд хоёр хөршдөө байнга санал тавьж байв. Урт хугацаанд ийнхүү яригдсаар ирсэн энэхүү төслийг бодит ажил хэрэг болгох тохиролцоонд хүрэхэд амаргүй зам туулсан.
1. Төслийн талаар ярьж эхэлсэн нь. ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дайруулан барих төсөл 1990-ээд оны II хагасаас яригдаж эхэлсэн. 2000 онд орос-английн хамтарсан “Русиа петролеум” компани манай нутгаар дайруулан жилд 25 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай, 1100 километр урттай хоолойг 3-4 жилд багтаан барих төслийн урьдчилсан ТЭЗҮ хүртэл гаргаж байсан ч тухайн үед санаачилга гаргагч нь төрийн өмчит бус компани байсан, Хятадын хийн хэрэглээ тийм ч өндөр байгаагүй, мөн манай тал нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэсэн байр суурьгүй байсан зэрэг учир шалтгааны улмаас энэ төсөл ажил хэрэг болоогүй билээ. Нөгөө талаар ялангуяа Украинаас болоод хий нийлүүлэгч болон хэрэглэгч орнууд хоолойг гуравдагч орны нутгаар тавихаас болгоомжлох болсон юм (Украины нутаг дээгүүрх хоолой Орос, Украин хоёр СССР хэмээх нэгэн дээвэр дор байх үед баригдсан, Украин өөрөө хийн том хэрэглэгч зэрэг учир шалтгааны улмаас энэ хоёрын маргаан тасардаггүй. Гэтэл манай дээгүүр өнгөрөх хоолойг анхнаасаа оролцогч талуудын сонирхлыг тооцсон бизнесийн төсөл болгон барих гэж байгаа, бас тэгээд Монгол хийн том хэрэглэгч биш учраас ямар нэгэн маргаан гарах үндэс, шатлгаан байхгүй). Тодорхой хугацаа өнгөрсний дараа манайх өөрийн нутгаар хийн хоолой тавих энэхүү төслийг оросын болон хятадын талд тавьсан боловч тэд илт үгүйсгээгүй ч нааштай хариу өгөлгүй олон жил болж, эцсийн дүндээ талуудын идэвх санаачилга саармагжаад байв.
Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2016 онд болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Энэхүү Хөтөлбөрт байгалийн хий дамжуулах хоолой барих техник-эдийн засгийн үндэслэлийг судлах тухай санаа туссан хэдий ч идэвхтэй яриа хэлэлцээ явагдалгүй бас л хэдэн жил өнгөрсөн юм.
Олон жил манай талаас оросын болон хятадын талд албан ёсоор тавьж тодорхой хариулт авч чадаагүй уг асуудлыг ажил болгон эхлүүлэх үндэс суурийг тавих чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар дэс дараатай алхмууд авсан юм. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 4 дүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах асуудалд нааштай хандана” гэж хоёрдмол утгагүйгээр хэлсэн нь зогсонги байдалд ороод байсан энэ асуудлыг хөдөлгөөнд оруулах эхний бодит нөхцөлийг бүрдүүлж өгөв. Хятадын талаас илэрхийлсэн энэхүү нааштай байр суурийг үндэслэн Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд оросын талтай ярилцан тохиролцож, улмаар 2019 оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай улсын нутгаар дамжуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” компанийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 30 орчим жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эрх зүйн эхний суурь ийнхүү тавигдсан юм. Өөрөөр хэлбэл хийн хоолой барих төслийг цаасан дээр анх удаа буулган баталгаажуулсан нь энэ юм.
У.Хүрэлсүхийн Засгийн газар дэлхийн геополитикийн өөрчлөлт болон БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээний тэлэлт, түүнээс үүдсэн байгалийн хийн импортын өсөлт зэргийг соргогоор мэдэрч, идэвхтэй ажилласны үр дүнд өнгөрсөн 30-аад жилийн турш манай талаас тавьсан саналд “судалж үзнэ” гэхээс өөр хариу өгдөггүй байсан орос, хятадын талын байр суурь ийнхүү өөрчлөгдсөн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ихээхэн хүчин чармайлт гаргаж ажил хэрэг болгох эхлэлийг нь тавьсан энэхүү төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй болох БНХАУ-д хийх албан ёсны айлчлалынхаа үеэр хөндөн ярьж бас нэг шат ахиулах нь дамжиггүй.
2. Төслийн хэрэгжилт өнөөдөр ямар байдалтай байгаа тухайд. 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн захирамжаар БНХАУ, ОХУ-ыг холбох байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн бэлтгэл ажлыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан бол “Газпром” компани Удирдах зөвлөлийнхөө орлогч дарга В.А.Маркеловоор ахлуулсан оросын талын ажлын хэсгээ байгуулав. Мөн 2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталснаас гадна цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан идэвхтэй ажилласны дүнд ОХУ-аас БНХАУ руу барих хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тусгай зориулалтын компани (Special Purpose Vehicle, SPV) байгуулах тухай баримт бичгийг Монгол, Орос хоёр тал 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тусгай зориулалтын компани болох “Газопровод союз восток” ХХК Монгол Улсын Бүртгэлийн газарт 2021 оны 1 дүгээр сард бүртгэгдэж, хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Энэ оны 3 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-ын “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловын ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, ТЭЗҮ-ээ боловсруулах ажлыг хэрэгжүүлэх 2021-2022 оны төлөвлөгөөгөө Монголын талтайгаа хамтран батлав.
Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч-2” хийн хоолойн Монгол Улсын нутаг дэвсгэрээр өнгөрөх хэсгийг барих төсөл бодит биеллээ олох чиглэлд дахин нэг шат ахисан юм.
БНХАУ гадаадаас байгалийн хий импортлохдоо өөрийн улсын хил дээр авах сонирхолтой байдаг тул манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойг оросын тал барих болж байгаа гэж ойлгож болно. Оросын талд энэ хоолойг барих сонирхол ч бий. Учир нь “Сибирийн хүч-1” хоолойг барьсан бараг 20 мянган ажилтан, 5-6 мянган тусгай зориулалтын техник бүхий “Стройтрансгаз”, “Стройгазмонтаж” зэрэг аж ахуйн нэгжүүд энэ төсөлд оролцох сонирхолтой байгаа. Дээр нь хий дамжуулах ган хоолой үйлдвэрлэдэг ОХУ-ын компаниуд ажилтай болно. Одоо төслийн санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Энэ талаар тодорхой яриа хэлэлцээ хийгдэж байгаа гэж найднам.
Хамгийн сүүлийн шинэ мэдээ гэх юм бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 2-нд Санкт-Петербург хотноо болж буй олон улсын эдийн засгийн чуулгын үеэр ОХУ-ын “Газпром” компаний тэргүүн А.Б.Миллертэй уулзаж ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг манай нутаг дээгүүр барих төслийн явцын талаар санал солилцож, төслийн судалгааны ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хийн хоолойн асуудлаар Монгол-Оросын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж эхлэхээр тохиролцов. Мэдээж бас Орос-Хятадын болон Орос-Монгол-Хятадын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдаж таарна.
Манай талаас энэхүү төслийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах тухай шийдвэрийг Засгийн газар 2020 оны 4 дүгэээр сарын 15-нд гаргасан бөгөөд тус компанид төслийн ажил хариуцсан тусгай нэгж байгуулагдаад байгаа. Харин хий дамжуулах хоолой барих, ашиглах чиглэлээр мэргэшсэн орос, хятад хэлтэй инженер-техникийн ажилтан, эдийн засагч, хуульч манайд байдаггүй. ОХУ-ын “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллер Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзахдаа хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэж хэлсэн байна. Энэ бол маш чухал.
3. Төслийн ач холбогдол. Байгалийн хий дамжуулах хоолой барих энэхүү төсөл нь ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр замыг 1956 онд барьж дуусган ашиглалтад оруулснаас хойшх гурван улсыг хамарсан хоёр дахь мега бүтээн байгуулалт болох юм.
Монгол улсын хувьд бол хөрш хоёр их гүрэнтэй буюу ОХУ, БНХАУ-тай холбоотой дэд бүтцийн төслүүд жинхэнэ мега төслүүд. Дэд бүтцийн эдгээр төсөл нь өртөг өндөртэй, тэдгээрийг бүтээн байгуулахад урт хугацаа шаардлагатайгаас гадна олон арван жил, тэрч бүү хэл хэдэн зуун жил ч ашиглагдаж улс орон, бүс нутгийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг, бүр тодруулбал геостратегийн шинжтэй байдгаараа онцлогтой. Байгалийн асар их баялагтай Орос, өндөр хурдацтай хөгжиж байгаа бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох эдийн засагтай, хамгийн олон хүн амтай (энэ утгаараа хамгийн том зах зээл) Хятадын дунд орших Монгол Улсын хувьд энэ хоёр орныг холбосон дэд бүтцийн төслүүд (төмөр болон авто зам, хийн болон нефть дамжуулах хоолой, эрчим хүчний болон холбооны шугам, агаарын зам г.м.)-ийг хэрэгжүүлэх нь гурван улсын хувьд үнэхээрийн чухал ач холбогдолтой. Мэргэжлийн хүмүүсийн урьдчилан тооцоолсноор дээр дурдсан гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 50-60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ.
Эдийн засаг талаас нь авч үзвэл манай улсын нутгаар тавьсан хоолойгоор хий дамжуулснаар тодорхой хураамж улсын төсөвт төвлөрүүлэх, олон тооны ажлын байр бий болгох зэрэг үр өгөөжөөс гадна яваандаа манай улсын эрчим хүчний салбарт “байгалийн хий” гэсэн шинэ эх үүсвэрийн хөгжлийн эхлэлийг тавьж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар хийн хоолой баригдаж, бүрэн хүчин чадлаар ажилласан тохиолдолд дамжин өнгөрсний төлбөр болох 1 тэрбум орчим ам.долларын орлогыг жил бүр улсын төсөвт төвлөрүүлэхээс гадна манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн ашиглалт, үйлчилгээнд 1500 орчим монгол иргэд байнга ажиллах тооцоолол гаргаад байгаа болно. Мөн хийн салбарын нэг ажилтныг дагаад эдийн засгийн бусад салбарт 4-6 ажлын байр шинээр бий болдог гэсэн тооцоо ч байдаг.
Түүнчлэн байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр болох хийгээр хот, суурин газруудыг хангах, агаарын бохирдол утааг бууруулах, авто машин, нийтийн тээврийн хэрэгслийг хийгээр ажиллуулдаг болгох зэрэг олон талын ач холбогдлыг ч дурдаж болох юм. Байгалийн хий нь өөрөө дулаан үйлдвэрлэх хямд эх үүсвэр болдгийг ч бас энд дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл ийнхүү хэрэгжих шатандаа ороод байна.
************
DR. ADITY
Зочин
Зочин
Зочин
баяр
Зочин
mnbvcx
Зочин
Зочин