Арлын оронд “Ардын дипломатч”-ийн алба хашсан БАТБАЯР
Мэргэжлийн Сүмо бөхөд Монголын “алтан хараацай” болсон анхдагч, МСБХ-ны ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр энэ удаагийн “Ярилцлага”-ын зочноор уригдлаа.
- Танаас хамгийн сүүлд 10 жилийн өмнө ярилцлага авч байсан байна. Бүр анх гэвэл 20 жилийн өмнө таныг гавьяат тамирчин болоход сурвалжилж байжээ. Тэр үед та Японы сүмод ид шуугиулж байв. Бидний огт танихгүй сүмогийн ертөнцтэй ингэж танаар дамжуулж учирч байлаа.
- Нээрээ тантай ингэж ярилцлагын ширээний ард уулзаагүй уджээ.
- Энэ онд таны сүмогийн дэвжээнээ хөл тавьж, амьдралаа холбосны 25 жилийн ой тохиож байгаа юм байна. Цаг хугацааны саалтнаас эргээд харахад та өнгөрсөн 25 жил юу хийж бүтээсэн байна. Ер нь юу хийгээд, яаж өнгөрсөн гэж бодогдох юм. Өөрийн түүхийн хамгийн чухал эхлэл гэж тооцож та энэ ойгоо тэмдэглэж байж таарна.
- Хорин таван жил гэдэг их урт цаг хугацаа юм шиг сонсогдож байгаа боловч миний хувьд асар хурдан өнгөрсөн юм шиг санагдаж байна. Анх 1991 оны яг өдийд миний хувь заяанд эргэлт гарсан үе тохиож байлаа. Япон хүн бараг ирдэггүй байсан үе. Улс орон маань социализмаас ардчилсан нийгэм рүү шилжээд дөнгөж нэг жил болох гэж байж. Ийм л сонин үед манай Ошима захирал ирж бидний хэдэн хүүхдийг хооронд нь барилдуулж, зургаан хүүхдийг шалгаруулаад Япон руу авч явсан түүхтэй юм. Энэ жил Монголын Сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Тодорхой цаг хугацааны өндөрлөгөөс эргээд харахад тэр цаг үе, тэр эхлэл их сонин байдаг юм байна. Мэдээж миний хувьд ч, сүмогийн дэвжээтэй хувь заяагаа холбосон, тэр агуу дэвжээнд хүчээ сорьсон, ялан дийлсэн сайхан аавын хөвгүүдийн хувьд энэ цаг хугацаа үнэ цэнтэй. Эргээд харахад сүмог ингэж эзэгнэнэ гэж бодоогүй, монгол бөхчүүдийн цуурай япончуудын чихэнд ингэтэл хоногшино гэж бодоогүй. Ганцхан монгол бөх барилдаж байхад сонин байдаг байсан. Хүн болгон “Чи монгол уу” гэж асуугаад л, “тийм” гэхээр “Монгол хаана байдаг юм бэ” гэнэ. Хаана байдгийг нь ч тэд мэддэггүй байсан. Харин өнөөдөрМонголыг мэдэхгүй япон хүн гэж байхгүй боллоо. Олон сайхан аваргууд төрж, олон сайхан бөхчүүд өндөр цол авч, эх орноо сурталчлаад явцгааж байна. Бидний зарим зодгоо тайлж ирээд улс эх орныхоо бүтээн байгуулалтад өөр өөрийн хувь нэмрийг оруулаад явж байна. Энэ бүхнийг дагаад спортын салбар, уур уурхай, газар тариалан, мал аж ахуй, барилга хот байгуулалт гээд бүхий л салбар руу Японоос маш их хэмжээний хөрөнгө орж ирсэн. Үнийн дүнг нь тооцохын аргагүй маш их хөрөнгө оруулалт Японоос орж ирж, Монголын эдийн засагт нэмэр болсон. Хамгийн том бахархал маань энэ.
-Хоёр орны өнөөгийн түвшинд хүртэл явж ирсэн энэхүү найрсаг харилцаанд томоохон хөшүүрэг болсон нэг хүчин зүйл та бүхний амжилт, сүмочдын маань хүчин зүтгэл гэдгийг үгүйсгэхгүй. Та нар бол маш том хөрөнгө оруулалтын түүчээ. Одоо ч гэсэн тэр ажлаа хийсээр байгаа боловч үүнийг бид тийм ч их ярьдаггүй. Манай бөхчүүд сайн шүү гэх төдийхнөөр харах гээд байдаг ?
- Ямар байдлаар ойлгох нь хүмүүсийн хувийн асуудалбайх. Ямартай ч би хувьдаа өнөөдөр бидний урсгасан хөлс, зүтгэсэн зүтгэлээр дамжиж маш их хөрөнгө оруулалт орж ирсэн, ирсээр ч байгаа гэдгийг л хэлмээр байна. Эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг спортын салбаруудад амжилттай хамтран ажиллаж байна. Энэ бүх урсгал дамжих гүүрийг тавьж чадсан.
- Тэгвэл та тэр гүүрнийхээ багана уу, суурь нь уу. Юу нь гэж өөрийгөө хэлэх вэ?
- Багана , суурь нь гэх юу байх вэ дээ. Надад ер нь айхтар омогшил, бардамнал байдаггүй. Хэрэв би яг асуусан шиг чинь яг таг ийм тийм гээд хэлчихвэл хэл амтай улсууд давшлах биз.
- Энэ том цаг хугацааны дэнсэн дээр ийм зүйлээс эмээх хэрэг байгаа юм уу?
- Гүүр гэдэг үгнээс л та ингээд байна аа даа. Битгий тэг. Мэдээж тусгаар тогтносон улс хооронд тогтдог албан ёсны харилцаанууд, дипломат юмнууд тавигдсан байсан нь ойлгомжтой. Миний яриад байгаа гүүр бол илүү шинэ түвшинд, шинэ нийгмийнхний хооронд тавигдсан гүүр юм. Та өөрөө мэдэж байгаа. Яахав та үнэхээр хүсээд байгаа бол би хэлье. Кёкшюүзан энэ гүүр тавигдах эхлэл нь байсан болов уу. Шав нь ч юм уу.
- Та Япон явахдаа хэдэн настай байлаа?
- 17 нас өнгөрч байсан байх. Тэр шалгаруулалтын үед 200 гаруй хүүхэд барилдаад би түрүүлсэн. Тэгээд надтай нийлээд зургаан хүүхэд анх Япон явсан боловч удахгүй гурав маань буцаад ирсэн. Үнэхээр хэцүү байсан. Маш хэцүү байсан. Тийм учраас буцаад явсан. Б.Энхбат, Н.Цэвэгням бид гурав үлдсэн. Ойрд би өнгөрсөн тэр үеүдийн тухай их бодож байна л даа. Зодог тайлах хүртэл надад тохиолдсон үйл явдлуудын талаар. Японы сүмогийн холбооны удирдлага надтай уулзаад санал тавьж байсан л даа. “Кёкүшюзан, чи манайд ирсэн Монголын хамгийн анхны сүмоч. Хамгийн анхны цолтой бөх, Япон-Монголыг холбоход их үүрэг гүйцэтгэсэн хүн...гээд л.
- Чухал л санал тавих гээд...?
- Тийм. Би сонсоод л суугаад байлаа. Бас Кёкүшюзан чи хийсэн амжилт, зүтгэлээрээ “Сүмогийн сургууль”-ийн захирал болох бүрэн эрхийг авах болзлыг хийчихсэн. Энэ эрхийг одоо гардуулахад бид бэлэн байна. Гэвч та Япон улсын иргэн биш. Тэгэхээр энэ л зүйл саад болж байна. Та Япон улсын иргэн болох хүсэлтээ өгвөл хурдан захирал болох боломжтой. Н.Цэвэгням, Б.Энхбат нар Япон улсын иргэн болж байна. Хамгийн эхэнд та хүсэлтээ өгөх хэрэгтэй. Монгол ямар орон билээ. Монгол хүйтэн, ядуу, цалин гэж бараг байхгүй. Юунд тийшээ дурладаг байна. Харин энд танд бүх юм байна. Илүү том боломжууд нээгдэнэ. Япон паспорттай болсноор “Сүмо бөхийн холбоо”-ны ажилтан болоод зогсохгүй анхны “Сүмогийн том сургууль”-ийн эзэн болно гэж байна.
- Сэтгэл хөдлөмөөр хүчтэй яриа бол мөн биз дээ?
- Мөн байлгүй яахав. Эцэст нь бид яагаад заавал чамайг гээд байгаа нь чамд сайндаа биш ээ. Чи Монгол-Японыг холбосон анхдагч, гүүр болсон хүн. Тиймээс чи энд байх ёстой. Хамгийн гайхалтай мэхнүүдийг үзүүлж, сүмогийн ертөнцийг шуугиулсан барилдаануудыг чи хийсэн. Чамайг бодсондоо манай холбоо болон сургуулийн захирал Ошима ийм хүсэлт тавьж байгаа юмаа гэж хэлж байсан юм. Би “үгүй” гэж хэлсэн л дээ. Би үгүй гэж хэлж байгаад сүүлдээ сайхан тонгороонд ороод зодог тайлсан. Тухайн үед толгой сэгсрээд минийтэнэгийг тэд гайхаж байсан. Яагаад тэр уулзалтууд дээр үгүй гэж хэлснээ би бас гайхаад байдаг юм. Манай нөгөө хоёр (Н.Цэвэгням, Б.Энхбат) одоо Япон улсын иргэн болчихсон, Япон оронд Монголоо сурталчлаад, сүмогийн сургуулийн анхны захирал болоод, япон, монгол хүүхдүүдэд хичээл заагаад сайхан явж байгаа. Би хөдөө өссөн болохоор дураараа ч гэх юм уу, сонин зантай байсан. Тугал хурга хариулж, задгай тааваараа өссөн хүүхэд болохоор ч тэр юм болов уу. Эх орондоо ирж,эзгүй хээр талд морь унаад давхих, монгол гэрээ барьчихаад айраг идээгээ ууж суухыг илүү жаргал гэж боддог байсан.
- Танай хоёр найз хоёулаа сумогийн сургуулийн захирал юм уу?
- Н. Цэвэгням сургуулийн захирал болсон. Б.Энхбат маань том компанид ажиллаж байгаа.
- Би танаас нэг асуулт асууя. Сүмогоос зодог тайлаад ирсэн хүмүүс эх орноо их санасан дурсамжууд ярьдаг. Та нарын тухай нэвтрүүлгүүдийг үзэхээр нэг талдаа оргож босч явсан жаахан хүүхдүүдийн түүх, оргилд хүрсэн эрчүүдийн огшоосон түүх... Нөгөө талаас нь жаахан хор шарыг тань малтаад хэлэхэд цэргийн дэглэмтэй газар алба хааж байгаад ирсэн юм шиг фантази харагдах гээд. Үнэндээ амжилтад тэмүүлж, татагдсан учраас өөрсдөө хувь тавилангаа өгөөд мацсан түүхүүд .
- Хүчээр Японд аваачсан гэж бидний хэн ч яриагүй. Тийм юм хэний ч түүхэнд байхгүй.
- Гэхдээ хүслээрээ зодог тайлж ирээгүй шүү дээ. Жишээ нь, таныг якуза нартай холбоотой байсан учраас зодог тайлах шахалтад орсон гэж ярьдаг. Энэ тухай та юу ч яриагүй. Гэхдээ ахиад нөгөө талаас нь харахад монголчуудын ноёрхол түрээд ирэхээр таниар эхлүүлж тэр эрхиний үзүүрийг хөврүүлэх бодлого явчихсан юм биш үү ?
- Миний хувьд дотроо төлөвлөсөн их зүйл байсан. Миний амьдрал тэр чигээрээ сүмо биш шүү гэж их боддог байлаа. 10 жил болоод одоо больё доо гэж бодож байтал 12-13 жил болчихсон. Тэгээд ч 33 нас гэдэг сүмод тийм ч залуу нас биш шүү дээ. Энэ цаг хугацаагаа дэмий өнгөрүүлсэн гэж хэзээ ч боддоггүй. Сүмогийн түүхэнд бөх барилдаж байхдаа дээд сургуульд орж байсан анхны тохиолдол нь би болсон байх жишээтэй. Японы томдоо ордог Васида дээд сургуульд анх удаа би орсон. Гэтэл манай сүмогийн холбооныхон намайг дуудаад донгодсон “Чи сүмогийн бүх хууль дүрмийг зөрчиж байна. Сүмо бөхийн дээд зиндаанд барилддаг, ийм том цолтой бөх хүн хэрнээ яах гэж дээд сургуульд ордог юм бэ” гээд л. Бас л толгой сэгсрээд миний тэнэгийг гайхаж байсан. Би уг нь дотроо өөр юм бодоод байдаг. Нөгөөдүүл бас нэг өөр юм бодоод байдаг. Үүнээс үүдэн зөрчил их гарсан. Бас ахиад л донгодуулсан. “Кёкүшюзан” гэсэн сан Монголд байгууллаа гээд. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдсан. Тэгээд л энэ ерөөсөө болохгүй тийшээ яваад байдаг нөхөр болчихлоо гээд эхлэсэн. Байсхийгээд л дуудаж донгоддог.
- Ер нь харийн оронд удахаар юм зөөж, зууж эх орон руугаа чангаамаар санагдаад байдаг болчихдог уу. Хөл дээрээ жаахан босоод ирэхээр л...?
- Би л хийхгүй бол болохгүй гэсэн нэг ойлголт төрчихдөг юм шиг байгаа юм. Юм болгонд л гүйдэг. Ер нь надаас өөр тийм хүн байв уу, үгүй юу. Элчин сайдын яам байхад л асуудал гарвал Кёкүшюзан руу ярья л гэдэг байсан. Өвдсөн, хөөгдсөн есөн шидийн асуудал гарна. Тэр болгонд лбүгд над руу холбогддог. Сайд, дарга нар Японд айлчлалаар ирнэ, хотын даргаас эхлээд бүгдтэй нь л холбож уулзуулна. Японд суралцахаар ирж байгаа оюутнуудын байрыг нь зохицуулна. Хэдэн арваараа л ирнэ шүү дээ.
- Ардын дипломатч гэж нэг хэсэг нэрлэж байсан санагдаж байна?
- Бэлтгэлээ дуусгаад л шууд гараад явна. Ямар сайндаа Японы парламентын ордны доод давхарт миний гутал байнга байж байх вэ дээ. Энэ бол гайхамшигтай түүх. Яваад орохоор үүдний жижүүрүүд “Таны гутал тэнд байгаа шүү” гэж хэлдэг байлаа. Үнэхээр тийм үе байсан юм шүү.
-Ордонд ороход өөрийн өмсгөлтэйгөө байж болохгүй болохоор ботинк тавьчихсан байдаг байсан гэсэн үг үү?
- Тийм ботинк. Би чинь тэр үед доороо төмөртэй таавчиг шиг, тас тас дуугардаг юм өмсдөг байсан. Тэгээд түүнийгээ тайлаад ботинкоо өмсчихөөд ордон дотор гишүүдтэй хамт явж байдаг. Монголд хэсүүчилж байгаа юм шиг л бүх гишүүдийн өрөөгөөр ороод “Сайн уу, юу байна” гээд л УИХ-ын гишүүн юм шиг явдаг байсан. (инээв) Ийм хүрээ рүү орсноор олон ч найзтай болсон. Тэр танилын холбоогоороо дамжуулаад Монголоос хүмүүс ирэхээр дандаа зорьсон чиглэсэн хүмүүстэй нь холбож өгдөг байсан. Би наад захын жишээ ярья. 16 нас хүрээгүй бол хүүхэд эцэг эхийн асрамжинд байх ёстой гэж Японы хуулинд заасан байдаг. Японд сурахаар Монголоос 20 гаруй хүүхэд ирнэ. Би бүгдийнх нь батлан даагч болдог байсан.
- Зөвхөн сүмогийн сургуульд биш биз дээ ?
-Яалаа гэж. Хэлний сургууль, бага сургуульд хүүхдүүд очно. За, тэгээд оюутнууд байна. Тэгээд л тэд нарын батлан даагч болно, байр хоол бүх юмтай нь залгуулна. Хүмүүс тэр үед намайг хараад гайхдаг байсан. Гэхдээ би өөрөө ингэх л ёстой гэж боддог байсан. Миний үүрэг гээд толгойд орчихсон. Би Японд байгаа ганц цолтой бөх нь. Сүмод хайртай япончууд ч хүндэтгэж, надаар амьсгалж байсан. Ингэх тусам өдрөөс өдөрт над дээр бүх юм нь ирсээр байсан. Ямар сайндаа тухайн үед Элчин сайдын яамны консул байсан, одоогийн манай Тагнуулын газрын дарга Гэрэл гуай хүртэл толгой сэгсрээд хэлж байсан. Кёкүшюзан “Би үнэхээр гайхаад байх юм. Манай ажлаас илүү чам дээр ажил ирж овоороод байх юм” гэж. Энэ үнэн. Монголоос очсон бүх хүн над руу л зорьдог байсан. Тэр утгаараа би тэр үед Элчин сайдын яамнаас илүү их ажил хийж байлаа даа. Саяхан нэг хүн бүр гайхаж ядаж байснаа ярьж байна лээ.Наритагийн шугамын автобусанд Монголоос ирсэн нэг хүн ороод суучихсан гэнэ. Шугамын автобусны явах чиглэлийг өөрчилж болдоггүй биз дээ. Хаа ч болохгүй шүү дээ. Гэтэл Японд нэг монгол шугамын автобусанд орж суучихаад “Би Кёкүшюзаны дүү нь байна. Надад очих газар байхгүй” гээд гарч өгдөггүй гэнэ. Тэгээд жолооч нь Кёкшюүзангэж инээснээ давхисаар байгаад Элчин сайдын яаман дээр тэр хүнийг хүргээд ирсэн гэж байгаа юм.
-Хөгжилтэй юм аа?
-Миний нэг сайн найз захирал над руу нэг орой утастаж байна “Чи хурдан хүрээд ир. Танай хамаатан садан, дүү нар чинь энд ажиллаж байна” гээд. “Хаана” гээд асуусан чинь “Бааранд. Одоо хүрээд ир” гэлээ. Яваад очсон чинь нэлээн олон хүмүүс сууж байна. Нөгөө найз маань “Энэтанай дүү нар чинь гэж байна. Чи хоёр, гурван бага насны дүү нартай гэсэн чинь үгүй юм уу” гэж байна. Би ч яваад орлоо. Зүс гадарлах хүн харагдсангүй. Гэхдээ л монгол царайнууд.“Та нар хэний хамаатан гэнээ” гээд асуулаа, нөгөөдүүл “Кёкүшюзаны дүү нар” лгэж байна. Намайг танихгүй байгаа юм. (инээв) Тэгсэн дандаа өвөрмонголчууд байсан. Тухайн үед “Монгол, Кёкүшюзан” гэж хэлэхээр л ажилд авдаг байсан тийм үе. Өвөрмонголчууд хүртэл “Кёкүшюзан” гэдэг нэрийг хэлээд л ажилд орцгоодог байсан.“Кёкүшюзан чинь би шүү дээ” гэсэн чинь “Тийм үү” гээд гайхаад байгаа юм. Тэнд байсан япончууд ч ойлгоод инээгээд л өнгөрч байсан. Ийм тохиолдол олон. Одоо тэнд ажиллаж байсан, миний батлан даалтад суралцаж байсан оюутнууд энд ирээд зарим нь манай компанид ажиллаж байна. Энд тэнд ажиллаж байхыг нь хараад баяртай байдаг. Хааяа нэг таарахаар “Та намайг батлан дааж байсан. Би тэгээд явж байсан” гэж дурсдаг. Эргээд бодохоор яаж ядрахгүй тийм их зүйл хийгээд явдаг байсан юм. Одоо бол сөхрөөд уначихна. Өглөө босоод бэлтгэл хийлээ. Усанд орлоо. Хоолоо идээд л гараад явчихдаг нөхөр байсан даа, би.
- Башё болохоор хэд хоног барилдана биз дээ?
- Барилдангаа л нөгөө ажлуудаа хийнэ. Барилдчихаад л завсраар нь ардын дипломатч гуай ганцаараа өөрөө машинаа бариад л явна даа.
-Тэр үед туслахтай болоогүй байсан юм уу?
- Япончууд монгол хэлгүй болохоор юу хийгээд явааг минь, яах гээд байгааг минь ойлгохгүй. Өөрөө л бүх юмыг хийдэг. Тэгж байгаад сан байгуулаад, утастай, контортой болсон. Бас хэдэн хүн ажилладаг. Нэг удаа орой контортоо ороод ирсэн чинь үүдээр дүүрэн гутал байна. Үнэрлэлээ тэгсэн чинь монгол үнэр. Шивэр үнэртээд ойлгомжтой байгаа юм чинь. (инээв) 40 гаруй хүн, хэвтэх нь хэвтээд, телевиз үзэх нь үзээд, гоймон чанаад, хиам гаргачихсан. “Юу болсон, юун улс вэ, яасан” гэсэнчинь онгоц нь хойшлогдоод очих газаргүй, манайд ирсэн гэнэ. Энэ бол бас үнэхээр сонин тохиолдол. Тэгээд л би дэлгүүр орж, маханд дуртай манайхан даа гэж бодоод мах авсан, дунд нь эмэгтэйчүүд байсан болохоор өөрсдөө хоол хийж идээд хэд хоног тэгж байгаад л явсан. Заримдаа том автобус хөлслөөд бүгдийг нь суулгаад явуулна. Засаг төрөөс ирсэн хүмүүс хүртэл машин тэрэг байхгүй, бүгдийг нь гаргаж өгдөг. Элчин сайдын яамнаас над руу яриад “Кёкүшю их олон хүмүүс бизнесмэнүүд ирж байна. Автобус гаргаж өг” гэж л байлаа. Тэгээд төлбөрийг нь хийгээд автобус гаргаж өгнө. Энэ бол наад захын явдлууд. Бүх юманд оролцоно. Сайхан л байж дээ. Залуу насны эрч хүчээр л хийж байсан. Хүмүүст тусалж явсан болохоор одоо Монголдоо ирээд ажиллаж амьдарч явахад хариу нь ирж байна. Миний дэмжлэгээр сургууль соёлд явсан олон арван залуус одоо намайг хүрээлээд ажиллацгааж байна.
-Таныг зодог тайлаад ирж байх үед хоёулаа ярилцаж байсан. Танд сэтгэл зүйн ямар нэгэн түгшүүр, хямрал байгаагүй. Эсвэл та хэт хэнэггүй, юу л болбол болог гэсэн хамаа намаагүй гэж хэлж болохуйц хүн юм уу?
- Үгүй. Угаасаа тэнд байхдаа л би монголчуудтайгаа хутгалдаад хамт байж байсан хүн шүү дээ. Сая би амьдралынхаа дүр зургийг дэлгэрэнгүй ярьж өглөө шүү дээ. Тэнд байхдаа л би газар дээр алхаж явсан байхгүй юу. Эмнэлэг домнолго гээд хэдэн арваараа очно. Кёкүшюзан л зуучлаад, зохицуулаад явж байна. Алдарт дуучин Н.Норовбанзад гуай маань маш хүнд өвдөөд онгоцоор ирсэн. Би тосч аваад хоёр гар дээрээ өргөөд эмнэлэгт хүргээд сахиж байлаа. Үнэхээр агуу дуучин байсан даа. Манайхан нээрээ баллана шүү. “Харласан хүмүүсийг хамгаалах нийгэмлэг” гэж сайн дураараа байгуулаад намайг эрхлэгчээ болгоно гээд тавьчихсан байсан гээд бод доо. Гэхдээ тэр нь албажаагүй л дээ. (инээв) Харлачихлаа, одоо яах билээ гээд л хүмүүс ирдэг. Тэр болгонд ажил олж өгдөг байлаа. Ингэлээ гээд би хүмүүсээс нэг ч төгрөг авч байгаагүй. Авах тухай ямар ч сэдэл байхгүй. Хараад сэтгэл өвдөөд, ийш тийш утасдаад ажил байна уу, тэдэн хүн аваач гээд ярина. Энд тэндхийн махны үйлдвэрт Кёкүшюзан гэж хэлэхээр л амархан ажилд авна яваад оч гээд явуулна. Одоо энэ залгаж байгаа (утас нь дуугарав) нөхөр ч гэсэн багад нь би Япон руу явуулж байсан. Тэр үед 15-тай байсан, хамтад нь нийт 25 хүүхдийг цуг явуулж байсан. Түүнээс хойш тэр хөтөлбөрөөр гэхэд 300 гаруй хүүхдийг сургахаар явуулсан байна билээ. Ийм жишээ олон л доо. Би ярьдаггүй юм. 25 жил гэдэг цаг хугацаа намайг бодолд автуулж байгаа учраас энэ бүхнийг ярьж байна. Тэгээд Монголдоо ирээд газардахад ямар нэгэн сэтгэл санааны шилжилт огт болоогүй. Яагаад гэвэл Японд би монголчуудтайгаа л хутгалдаад яваад байсан. Сүүлд ч гэсэн манайхан хавьтуулахгүй ш дээ.“Юу яриад байгаа юм” гээд. Харин би тэгэх ёстой гэсэн ойлголттой байсных уу, эсвэл олуулаа өссөнийх юм болов уу өөрчлөгдөж чадаагүй. Анх ганцаархнаа сүмогийн ертөнцөд гараад ирчихсэн, тодорхой хэмжээний үүрэг хариуцлага тээгээд явахаас өөр аргагүй байсан учраас тэгсэн ч байж магадгүй.
-Япон орноос алдар нэр, мэдлэг, туршлага авсан. Ил харагдах зүйл нь. Харин яг одоо эргээд харахад та тэндээс олсон хамгийн том зүйлээ юу гэж хэлэх вэ ?
- Цолонд хүрэхийн тулд ямар их хөдөлмөрлөж, цаг наргүй бэлтгэл хийж байснаа хааяа би эргэж боддог юм. Өглөө 04 цагт босоод л бэлтгэл хийдэг байсан. Хамт байгаа бөхчүүд сүүлдээ “Кёкүшюзан минь, чамайг 04 цагт босоод байхаар бид нар хэцүү байна. Чиний хөлд чирэгдээд байна” гээд загнадаг байсан. Би урдаас нь хурдан цол авч, амжилт гаргамаар байна шүү дээ, бид ингээд л байгаад байх юм уу” гэдэг байлаа. Эрт босч их ажлыг бүтээ гэсэн эцэг эхийн багаас сургасан хүмүүжил бас байна. Би их орой унтаж, эрт босдог байлаа. Одоо ч хэвээрээ. Өглөө эрт босдог, тэгээд 11-12 цаг гэхэд бүх ажлаа дуусгачих гэж хичээдэг зантай. Эртэч байна гэдэг хүнд гаднаасаа сүртэй мэдэгдэхгүй, энгийн юм шиг хэрнээ том ажлын эхлэлийг тавьж өгдөг дадал зуршил юм болов уу. Бас хүнд их тэсвэр хатуужлыг өгдөг. Анх Японд хэл, ёс заншлыг нь мэдэхгүй, сүмо гэж юугаа ч мэдэхгүй хүүхэд лочсон. Одоо Япон руу сүмоч болохоор явж байгаа хүүхдүүд бол сүмо гэж юу болохыг мэдээд, тийм өндөрлөгт хүрнэ гэсэн том зорилго тавиадочиж байна шүү дээ. Ийм юм байдаг, очоод ингэнэ тэгнэ гээд. Бид сургуульд явж байгаагаа ч мэдэхгүй. Сүмо бөхийн холбоо өөрөө хүртэл учраа олохгүй гайхаад. Энэ монгол хүүхдүүд гурван жил л тэсэх байлгүй дээ, түүнээс цааш хэтрэхгүй байх гэж байсан. Гурван жилийн л гэрээ байгуулъя гээд Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуайтай гэрээ байгуулж байсан түүхтэй юм ш дээ. Эргээд бодоход их дурсгалтай санагддаг болохоор тухайн үед байгуулж байсан тэр гэрээг Р.Нямдорж гуайг олж өгөөч гэж би хүсэлт тавьсан.
-Ямартай ч нэг гэрээтэй очиж байсан юм байна.
-Гэрээ байгуулснаа ч сайн мэдэхгүй явсан. Очоод тэнд сурах юм байна. Ямар ч гэсэн сургуульд сурч, барилдана гэсэн ойлголттой. Ямар бөхөөр барилдах гэж яваагаа бүр ч мэдэхгүй хэдэн хүүхэд л ингээд явж байсан юм даа. Одоо бодоход хэл мэдэхгүй, юу юугаа мэдэхгүй хүүхэд тэмцэж тэсч явсаар цол аваад, цаашаа ингээд зүтгэнэ, амжилтад хүрнэ гээд мачийсан. Тэсвэр хатуужил гэдэг юм маш чухал. Гэхдээ тэр тэсвэр хатуужилих жижигхэн юман дээр сөхөрчих гээд өөрийгөө хурцална. Юм юм л бодно. “Зугтаад явчихвал Монголын маань нэр хүнд унана шүү дээ” гээд л Н.Цэвэгням, Б.Энхбат бид гурав нэг их том хүн шиг том үг их ярина. Гэр орон, эцэг эх, эх орноо санаад алингаа алдчихсан гурван хүүхэд хэрнээ том том юм ярьж бие биенээ дэмнэдэг байж дээ. Тэсч байгаад цол авна шүү гээд л зүтгэсэн. Хэрэв бид нар шантраад буцах юм бол ахиж Монголоос хүүхэд авахгүй гэсэн шаардлагыг Сүмогийн холбоо тавьсан. Тэгээд л чармайж, хичээсэн. Ухрах газар байгаагүй. Намайг цол авснаас жилийн дараа манай Н.Цэвэгням цол авсан. Ингээд л за, болдог юм байна шүү гэдгийг бусдадаа, дараагийн залуу үедээ бид харуулсан. Манай Д.Сумъяабазар хүртэл ирээд “Дүү орж байгаа шүү, дэмжиж байгаарай” гээд л захиж байсан. Олон сайхан дүү нар ирсэн. Тэднийхээ ирэх, зорих, тэмүүлэх тэр замыг хүнд хэцүүг туулж, хөлсөө урсган зүтгэж байж тавьсан минь үнэн.
-Хэл сурах гэж яаж бужигнав даа?
-Хэл сурах гэж бужигнасаан (инээв). Манай багш биднийг хэл хурдан сургах гэж хоорондоо монголоор яривал торгууль тавьдаг журам гаргасан. Тэгээд одоо яах вэ дээ, ухрах зам байхгүй юм чинь. Үзэг цаас нухаад л ноцолдсон доо. Тэгж байтал гурав маань нутаг буцсан. Үлдсэн бид гурвыг гурван япон бөхийн туслах болгоод гурван тийш салгаад явуулсан. Дуртай, дургүй ингээд япон хэлээр нүдүүлж байгаа юм.
- “Кёкүшюзаныг японоор ярихаар өмнөөс нь ичээд байх юм. Японд тэр олон жил амьдарчихаад ингэж ч ярих гэж дээ” гэсэн шүүмжлэл харсан. Таныг аялгатай ярьдаг гэж шүүмжилдэг хүмүүст та юу хэлэх вэ. Таны япон хэл ер нь хэр төвшнийх вэ?
- Японд 17-18 жил амьдралаа. Одоо ч миний ажил тэр оронтой, тэр орны хүмүүстэй салшгүй холбоотой. Японуудтай хамтарч л том хөрөнгө оруулалтыг оруулж ирж байгаа. Ер нь ямар ч хэлийг эх хэлээсээ илүү сайн ярина гэж байдаг юм уу. Би эх сайхан монгол хэлээрээ аялгатай яриагүй л бол болоо биш үү. Манай баруун аймгаас гаралтай зарим хүмүүсийн аялга насан турш л засардаггүй ш дээ. Бүр гадаадад сурч боловсрол эзэмшсэн хүмүүсээс ч нутгийн аялга нь арилж өгдөггүй. Тэглээ гээд тэр хүмүүсийг шоолж гоочлох эрх хэнд ч байхгүй. Намайг японоор аялгатай ярилаа гээд шүүмжилж байгаа хүмүүс зүгээр л өөнтөгч, бие биенээ юугаар ч хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүсийн жижигхэн зан гэж би хэлнэ. Ер нь эх хэлээ эрэмдэглэж яриагүй л бол болоо. Би муу ч, сайн ч гэсэн бага зэргийн англи хэлтэй. Бас нэг чармайгаад орос, солонгос хэлээр ярьчихдаг. Солонгос явахад надад учиргүй хүндрэлтэй асуудал байхгүй. Хэл сурахдаа манай монголчууд их хурдан юм шиг байгаа юм. Би япон хэлийг хамгийн түрүүнд л сурсан. Одоо тэгээд би япончуудтай өндөр төвшний гэрээ хэлцэл хийгээд, эх орондоо хөрөнгө оруулалт татаад ажиллаад л яваад байх юм, уг нь.
-Таны тухай хоёр талтай ойлголт явдаг. Хоёулхнаа уулзаж байгаа дээрээ асууя гэж бодож байна. Нэг талд нь, үнэхээр хүмүүсээр хайрлагдсан Кёкүшюзан. Таныг Увс, Ховдынх гэлтгүй бүх бөхчүүд нь хүндэлдэг. Хүмүүстэй нөхөрсөг, бөхийн ёс жудгаа сахидаг, их олонтой хүн гээд л ярьдаг.
-Баярлалаа, надад олон түмэн сайн. Би алхам тутамдаа үүнийг мэдэрч явдаг. Нөгөө талд нь ямар гэж ?
-Нөгөө талд нь юу вэ гэхээр юм юмны хэмжээг хэтрүүлдэг гэх. Шууд утгаар нь хэлбэл “Кёкүшюзан ямар тэнэг юм бэ” гэх нь бий. Жишээлбэл, таны нэг улаан хөөргийг хэдэн жил дамжуулан шоолж байна. Бөх хүн болохоор том хөөрөг барих ёстой юм уу. Эсвэл үнэт эдлэл сонирхдогтой тань холбоотой юу. Тэр танд арай том санагдаагүй юу. Өндөр хөгжилтэй оронд бойжсон хүн болохоор тань илүү гайхаад байгаа байж мэдэх юм. Бөхчүүд гэхээрээ л нэлмийсэн том дээл өмсөөд, тоос бужигнуулаад явдаг үе өнгөрсөн шүү дээ. Үүнд та нэг хариулаач ?
- Мөн зовлонтой юм аа. Танд манай сошиалынхны юуг нь ч мэдээгүй байж дураараа орилцгоодог, хүмүүсийн хувийн асуудлууд руу хутгалддаг зан таалагддаггүй биз дээ. Энэ их муухай зан чанар шүү дээ. Би ярья л даа. Тэр хөөргийг манай дүү Хакухо аварга бэлэглэсэн юм .Өөрөө үзвэл тэрэн дээрх тэр сийлбэрүүд, утга учрыг ойлгох байх. Их олон бэлгэдэл шингэсэн ховорхон эд байгаа юм. Аваргын хүү аварга бэлэглэсэн юм. Хоёр аваргын авшиг шингэсэн тийм сайхан зүйлийг аваад хага шидэх хэрэг үү. Үгүй л дээ. Би харин илүү эрхэмлэн дээдэлдэг юм. Тэр утгаараа ганцхан наадам, цагаан сараар л гаргаж барьдаг. Би өөрөө бөх хүн. Хоёрын хоёр аваргын авшиг шингэсэн тэр нандин хөөргийг маш их догдолж, баярлаж хүлээж авсан. Юмны учрыг мэдэхгүй байж битгий дэмий юм ярьцгааж бай гэж зарим улсуудад хэлмээр санагддаг. Үнэндээ тийм муухай улангассан улсуудын шүлсэнд хутгалдаж явахаар ч эд биш. Хоёрын хоёр аваргын авшиг шингэсэн хөөргийг аварга дүү маань бэлэглэсэн болохоор би сар шинээр барих дуртай. Айлчин гийчин хүмүүс ирэхээрээ Кёкүшюзаныхаа хөөргөнд нэг гар хүрээд адис авчихъя гэж бэлгэшээдэг болсон байна билээ. Ер нь бусдын хувийн амьдрал ямар хамаа байна вэ. Одоо манайхан энэ дэмий зангаа орхиж, урдах ажлуудаа сайн хийдэг болмоор байнаа.
БИД ЁС ЗҮЙТЭЙ БАЙЖ, ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ БАЙВАЛ САЙХАН БОЛОМЖ БУЙ
-Үнэхээр санал нэг байна. Гэхдээ та урьд өмнө нь илэн далангүй, ярилцлага бараг өгч байгаагүй шүү дээ. Тэр үүднээсээ таныг таньж мэдрэх гэсэн зорилгоор янз бүрийн асуултууд асууж байгаа шүү.
-Би сэтгүүлчдийг ерөөсөө буруутгадаггүй. Манай олон нийт нэг тийм сонин болчих гээд байх шиг санагдах юм. Одоо бөхчүүд, лам нар луугаа ордгоо болио. Ялангуяа манай сүмогийнхон бол улс орондоо хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалтад нь гар бие оролцох гэж чадлаараа зүтгэж байгаа. Хэдэн бөхчүүдээ муулж байдгаа болих хэрэгтэй. Парламентадбөхчүүд орж ирлээ гээд л байх юм. Бөх байснаараа сонгох, сонгогдох эрхгүй юм уу. Б.Бат-Эрдэнэ аваргыг хар. Чадах чинээгээрээ, хамгийн цэвэр сэтгэлээр гүндүүгүй зүтгэдэг байх. Лам нараа ч гэсэн. Муусайн лам нар гээд л. Монголчууд бас ам хэлээ бодох хэрэгтэй. Зовж зүдрэхээрээ гүйж очдог хэрнээ муусайн лам нар гээд байдаг. Амны билэг гэж сайхан зүйл байдаг биз дээ. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэгчээр амныхаа билгээр явдаг. Лам нараа, бөхчүүдээ, ер нь бие биенээ амныхаа зоргоор муулаад байх нь сайн биш. Зовохоороо лам нар дээр очдог, жаргал нь дэндэхээрээ лам нараа муулдаг. Бөхчүүд маань ч хөдөлмөрлөөд өдийг хүртэл явж байгаа, зовж байж бөх болдог юм. Цэвэр тэсвэр хатуужилтай нь болдог. Ганц нэг нь алдаж онодог л биз. Хоморголж болохгүй. Амьд хүн л юм чинь алдаа гаргадаг бөх байхыг үгүйсгэхгүй. Олон салбарт бөхчүүд амжилттай ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Б.Бат-эрдэнэ аварга, Ерөнхийлөгч Х.Баттулга байна, Д.Сумъяабазар сайд, манай À.Сүхбат аварга байна. Бүгд ажиллаж хөдөлмөрлөөд явж л байна. Ард түмний сонголтыг үл тоомсорлож болохгүй болов уу. Уяачдаа бас манайхан сайхан урж байна. Эрийн гурван наадам гээд бидний сайхан өв соёл бий. Одоо сурнаас бусдыг нь л харааж зүхдэг болчихлоо. Монголчууд бид урагшаа хараад явмаар байна. Бүгдээрээ хөдөлмөрлөмөөр байна. Нэг бол хулгай хийж, эсвэл хүн муулж суудаг улс болчихлоо. Хэл ам нь л гозолзоод байгаа болохоос хийж байгаа хүн нь хэд байгаа юм. Та зөвөөр ойлгоорой. Бэлгэ, соёлоо бодоод ам хэлээ зөв байлгацгаая л гэж уриалж байгаа юм. Монгол орон ажил хийдэггүй, ам хэлээ билүүдсэн улсуудын орон болсон байгаа биз. Хаашаа л харвал хэрүүл. Хаашаа харна хулгай, дээрэм. Бидний өвөг дээдэс ийм байгаагүй. Намайг бага байхад ийм байгаагүй. Одоо бол үнэхээр муухай байна. Тэр тусмаа сошиал бүүр болохоо байж.
-Та сошиалд идэвхтэй биш үү?
- Идэвхтэй биш. Твиттерт ороод байдаггүй. Хааяа нэг фэйсбүүкээс юм харвал харна.
-Таны тухай олон домог сонссон. Японд барилдаж байхдаа шуудайтай мөнгө авчраад ширээн дээр тоолохгүйгээр асгаад голоор нь хуваагаад “За, май Кёкүшюзан санг байгуул, барилга барь, ингэ тэг” гээд хамтрагчдаа өгдөг байсан гэж дуулсан. Үнэхээр мөнгийг тоолохгүй голоор нь хуваадаг байсан гэж үнэн үү. Эсвэл арай дэгсдүүлсэн яриа юу?
- Залуу, омогтой онгодтой явах үед цавчаад явж байсан юм байсан л байх. Одоо бүх юм тооцоотой, нарийн байхгүй бол болохгүй. (инээв) Тэр үед юм эхлүүлж байсан. Хэдийгээр багагүй юм хийж байсан ч яаж явж байсан юм бүү мэд. Одоо бол зарчмаар нь онолын түвшинд, хуулийн дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.
-Зодог тайлаад ирэхэд байгуулсан компани тань тоногдоод, охин компаниуд нь байхгүй болчихсон, өөр хүний нэр дээр шилжчихсэн байсан гэсэн үнэн үү?
- Бүгдийг нь биш. Бага сага тэгсэн явдал мэр сэр байсан. Өөрөө ирж байгаад цэгцэлсэн.
- Өө, энэ чинь юу болж байна вэ. Ийм юм байж болдог юм уу гээд гайхширч байсан гэж сонссон. Танд одоо гомдол байдаг уу ?
-Байдаггүй
-Та ер нь хэнд ч гомддоггүй юм уу?
-Айхтар гомдоод байсан зүйл байдаггүй.
-Тэсэрч, бухимдах үе огт байдаггүй гэж үү?
- Би нэг их тэгж уурладаггүй ш дээ. Тэсрээд хэрэлдээд л, хүн зодож цохиод явсан тохиолдол байдаггүй. Бүр ой ухаанд ч тийм зүйл буудаггүй. Барилдаж байхдаа ч хүнтэй муудаж сайдаж, зодоон цохион хийдэггүй байсан. Бөх бол хүнд спорт. Ер нь зав байдаггүй. Олон түмний хайр хүндэтгэл гэж нэг зүйл төлөвшүүлж, хүмүүжүүлж явдаг юм даа.
-Танд түрүүлэх боломж байсан гэдгийг бөхийн судлаачид ярьдаг. Таны дотор баргийн юманд хурцлагдаж шунадаггүй нэг зөөлөн хүн байдаг байх. Амжилтаа ч гэсэн боллоо л гэж бодсон уу?
- Дээд зиндаанд гарч иртлээ их зовсон л доо. Олон жилийн хөдөлмөр юм даа. Тэгээд л “Кёкшюүзан сан” байгуулж, энд ажил эхлүүлсэн. Хэзээ нь яаж бэлтгэл хийгээд байгаа юм бүү мэд болсон. Одоо хааяа боддог л юм. Ерөөсөө нийгмийн шинж чанартай ажлууд руу ороогүй, цэвэр бөхөөрөө тэндээ нүдээ аниад зүтгэсэн бол илүү их амжилт гаргах байсан юм болов уу гэж. Тэр наашаа гүйсэн сэтгэл ерөөсөө үгэнд ордоггүй байсан л даа. Нэг түргэний машин олдсон ч гэсэн Монгол руу зөөе гэсэн бодол, эх орондоо хэрэгтэй, чухал хүн байх гэсэн тэр хүсэл тэмүүлэл маань байгаагүй бол би илүү амжилтад хүрэх байсан байх. Ер нь тийм л байсан. Бүгд л намайг хараад толгой сэгсэрдэг байсан. Манай бөхчүүд хүртэл гайхдаг байсан. Наад хачин ажлуудаа хаяач гээд л. Би яагаад тэгдэг байснаа одоо хүртэл өөрөө гайхдаг. Халамжийн ажилтан юм уу, сайн дурын зүтгэлтэн юм уу. Яагаад тэгээд явдаг байснаа ойлгодоггүй.
-Гэхдээ барилдааны амжилтуудын дараа бөх хүн хамгийн гоё кайф авна биз дээ. Таны хайнга орхисон энэ зүйл чинь амьдралын бусад кайфаас илүү биш байсан болж таараад байна л даа?
-Ер нь гайхаад байдаг юм. Давахаасаа илүү зөв уная л гэж боддог байсан. Яаж зөв унах уу гэж. Хоёр дахь амьдрал маань урт. Бүх амьдрал маань сүмогийн дэвжээн дээрх шиг, тулаан шиг өнгөрөх юм уу гэж эргэцүүлдэг байлаа.
-Таныг гэхдээ маш бага бэртэл авсан гэдэг юм билээ?
-Бурханы авралаар бага бэртэл авсан.(ширээ тогшив)
-Гэнэн цайлган, хөгжилтэй Кёүкшюзаныг олон хүн ил хардаг. Тэрнээс өөр дүр таны дотор байгаа юу. Гэтэл зарим нэг хүн Кёкүшюзан маш зальтай, нарийн бодолтой хүн гэдэг?
- Ямар дүр байгаа юм бол доо. Заримдаа би өөрийгөө бас их гайхдаг. Маш эрт нэрд гарч, ганцаархнаа алдар хүндээр хучуулж, их багадаа халин дүүлж явсан. Та түрүүнд хэлж байсан. Спортынхоо амжилтад тэр талаа хумьсан бол энэ талдаа илүү амжилт гаргах байсан юм биш үү гээд. Яг үнэхээр цацаж цалгиж явсан сэтгэлээ жаахан хумьсан бол таны хэлсэн шиг айхтар хямсалзсан нөхөр байж болох байсан байх. Дотроо хамаг муу сайнаа нуучихсан. Зүгээр л ярвайгаад л, хүн дээрэлхээд л...(инээв) Гэвч тийм зан цусанд маань байхгүй.
-Сүүлийн үед таны хүч түрэн орж ирсэн салбар бол барилгын салбар?
-1999 онд анх барилга барьж байсан. Дунд нь нэг хэсэг завсарласан. Өөрийн найз, улсын заан Ч.Батзоригтойгоо хамт “Хөрш заан” гээд компани байгуулсан. Компани маань байгуулагдаад таван жил болох гэж байна. Энэ жил Монголд хамгийн их барилга барьсан компани“Хөрш заан” компани болов уу. Бид Монголд том бүтээн байгуулалт хийе гэж зорьсон. Намайг сургууль, цэцэрлэг барилаа гэж шүүмжилсэн байсан. Бусад том хорооллуудыг нь болохоор ярьдаггүй. Бид нэг сая метр.кв талбайн барилга барина гэсэн төлөвлөгөө тавиад 750 мянган метр.кв барилга, 2-3 хотхоныг босгоод байна. Монголын барилгын салбарынхан мэдэж байгаа. Хотын “А” зэрэглэлд газар аваад гүйсэнгүй. Хотыг гоё болгох гээд, хотоо тэлээд Яармаг, Нисэхийн тийшээ хорооллууд барьж байна. Хүн тоодоггүй байсан газар бид бүтээн байгуулалт хийж байна. Энд тэндээс барилга барих гэсэн юм гэж ЖДҮ энэ тэр гуйж явсангүй, нэр төрөөрөө далимдуулж улсын хөрөнгө рүү хутгалдсангүй. Манай компанид 2500 хүн ажиллаж байгаа. Энэ олон хүний ард хэчнээн гэр бүл байгаа бол. Өнөөдөр нийслэлчүүд төвөөс зүглэж тийшээ нүүж байна. Дэлхийн жишгийн хорооллууд босгох гэж зам тавьж, бохир, цэврийн шугам татаж, бүх дэд бүтцүүдийг нь хийж байна. Тэнд дахин таван хороолол шинээр босох гэж байна. Хулгайлж хумслахгүй, мөрөөрөө ажил хийгээд явж байна.
-Та түрүүн цэцэрлэг, сургууль барьсан гэлээ. Энэ бол таны эхнэрийн хоббигоороо хийж байгаа төслүүд байх?
- Тийм. Хүүхдээ цэцэрлэгт орох насанд хүрэнгүүт нь цэцэрлэг бариад, сургуульд орох насанд хүрэхэд нь сургууль барьсан гэж шүүмжилснийг дуулсан. Хүмүүсийн юу ярих нь надад тийм сонин биш. Хоёрхон хүүхэд сурах сургууль цэцэрлэг гэж байхгүй. Хэчнээн олон хүүхдүүдийн төлөө ажиллаж байгааг эрхбиш тэнэг биш хүмүүс харж байгаа биз. 1400 хүүхдийн сургууль шүү дээ. Энэ “Сакура” сургуулийн маань 20 жилийн ой удахгүй болно. Анх бид хувьцаа эзэмшээд явж байсан, дараа нь хөрөнгө оруулалт хийгээд хэдэн жил явсан. Сүүлдээ бүрэн худалдаж аваад, сая 2400 хүүхдийн сургууль болгож шинээр барьсан. Олон улсын жишгийн ийм сургууль байгуулах нь бас миний ч мөрөөдөл байсан. Би чинь биеийн тамирын багш хүн шүү дээ. Энэ төслийг тэр чигээр нь манай эхнэр хийсэн. Хүүхдүүдийг бага сургуулиа төгсөхдөө л япон, англи хэлтэй болгох зорилго тавиад ажиллаж байгаа. Анх удаа англи, япон хэлний хосолмол хөтөлбөртэй болгосон. Дандаа англи, япон багш нар урилгаар ирж ажиллаж байна. Сургалтын арга технологид ч их өөрчлөлт хийж байгаа. Хүүхдийг дандаа уламжлалт сургалтаар нүдээд яах юм. Бусад улс оронд өөрөөр сургадаг. Сургуулийн барилгыг гэхэд үнэхээр дэлхийн стандартын сургалтын барилга барьсан. Эхнэр маань урлагийн хүн болохоор аливааг их өөрөөр хардаг. Та очиж үзээрэй. Дуу хөгжмийн хичээлийн танхим нь гэхэд театр шиг л юм болсон байна билээ. Спортын заал нь ямар байна гээд та өөрөө очиж үзвэл гоё байх.
-Театр гэснээс нэг дурсамж санаанд орлоо. Та тэгж байгаад үнэхээр хөгжилтэй хүн шүү.
-Ямар дурсамж.
- Олон жилийн өмнө эх үрсийн баяраар таныг 10 дугаар хороололд байдаг “Кёкүшюзан төв” дээр ээждээ, гэр бүл, хамаатан садангийнхаа бүх эмэгтэйчүүд хүүхдүүдэд зориулаад тоглолт хийж байхыг сонирхсон юм. Жижигхэн хөөрхөн тайзан дээр хөшигний араас толгойгоо цухуйлгаснаа “Батаанаа театр”-ын тоглолт эхлэхэд бэлэн боллоо гээд л...Өөрөө гарч ирж дуулаад л, хамаатныхаа жаахан хүүхдүүдээр концерт тоглуулж байсан даа. Та одоо тэр уламжлалт тоглолтоо хийж байгаа юу?
- (инээв) Одоо зав гарахгүй байна. Хааяа хийнэ. Хүүхдүүдтэй харьцах сайхан. Намайг тэгж хөшигнөөс толгойгоо гаргахаар тэд нар их инээлддэг юм. Өөрөө зарлагч болчихоод гоё ш дээ.
-Манай бизнесийн салбарынхны хамгийн хүнд тээг зээлийн хүүний асуудал байдаг. Та банкнуудтай хэр ойлголцож ажиллаж байна?
- Банкнууд мэдээжийн хэрэг дэмжиж байгаа. Гэхдээ л хэцүү шүү дээ. Барилгаа хурдан барьж, хурдан ашиглалтад оруулж, банкны зээлээ өгөхгүй бол болохгүй. Ингээд л хоёр нарны хооронд завсар чөлөөгүй ажиллацгааж байна даа. Барилга барихад хамгийн хэцүү нь газрын асуудал.
-Та УИХ-ын гишүүн ч байлаа. ЖДҮ-ээс зээл авахгүй яасан юм. Тэр чинь гуравхан хувийн хүүтэй юм байна шүү дээ?
-Тэр лүү очиж уулзаад явах сонирхол байсангүй. Хөөцөлдсөн ч үгүй. Зав ч байсангүй. Надаас их хол зүйл. Мөрөөрөө л барилгаа бариад явъя. Гэхдээ бас арай хэтэрхий байна. Би хүмүүсийн уур бухимдлыг хамгийн сайн ойлгож байна. Яагаад гэвэл бид зээл авч байгаа. Хамгийн өндөр хүүтэй зээл шүү дээ. Хэрэв биднийг дэмжвэл хамгийн баяртайгаар тэр бага хүүтэй зээлийг нь авмаар байдаг. Гэвч бид нарт өгөхгүй байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хамгийн их бүтээн байгуулалтыг бид хийж байна. Хорооллоор нь барилгууд барьж байна. Тэглээ гээд ийм хүүтэй зээлийг хаанаас ч олохгүй л дээ. Олддог хүнд нь л олдох байх.
-УИХ-ын гишүүн байсан дөрвөн жил таны амьдралын ямар үе байсан бэ?
- Хамгийн их сонирхолтой үе. Монгол гэж энэ орон чинь яг ямар улс орон юм гэдгийг мэдэрсэн. Нутаг дэвсгэр нь хаанаа ямар хэмжээний тариа тарьдаг юм, хаанаа цөлжилттэй юм, аймаг, орон нутгийн нэгжүүд нь яаж аж төрдөг юм, ямар хэмжээний төсвөөр энэ гурван сая хүн нь амьдардаг юм. Мал аж ахуй нь ямар юм гээд бүгдийг нь мэдэрсэн. Ямар ч дээд сургуульд тэгж мэдрэхгүй. Бүхий л салбарыг нь мэдэрлээ. Монгол гэдэг жижигхэн орныхоо юу нь болдог, болдоггүй юм, яаж болгодог юм гэдгийг жинхэнэ бодит байдал дээр нь, хөрсөн дээр нь мэдэрлээ. Би ер нь хурлаа нэг их таслаад байдаггүй байсан. Хичээнгүй явж, бүх байнгын хороодын хуралд оролцдог байсан. Гишүүн хүн бүх салбар руу л ордог. Томоор харж, улсынхаа эдийн засаг, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл гээд бүгдийг нь уншиж байгаа юм л даа. Маш их зүйлийг олж мэдэрсэн, цаашид нэг хувь иргэнийхээ хувьд ч, баг хамт олныхоо хувьд ч яаж энэ улс эх орондоо хувь нэмрээ оруулах вэ гэж толгойгоо гашилгаж явах шинэ эрч хүч, хүсэл тэмүүлэл, бас хариуцлагыг надад өгсөн л гэж би боддог.
-Улс төрөөс яагаад гарсан бэ. Дахин яагаад нэр дэвшээгүй вэ?
- Бодитоор бүтээн байгуулалт хийе. Хүнд цалин өгч үзье. Хэдэн мянган хүний амьдралыг аваад явъя л гэж бодсон. Улс орны ачаанаас үүрэлцэе гэж хүссэн. 2500 гэдэг чинь ар гэр, үр хүүхдүүдтэй нь нийлээд 10 мянга орчим хүнийг тэжээж, тэтгэж байна шүү дээ. Болж өгвөл илүү ажлын байр нэмэхийг бодож байна. Би хүн амьдралдаа хий эргээд, хийсэн бүтээсэн юмгүй ам хэлээ билүүдэж суухын эсрэг л байдаг. Идэвхтэй амьдрах сайхан шүү дээ.
-Та одоо олон зуун барилгачидтай ажиллаж байна. Зарим ажил олгогчид манай залуусыг ажил хийж чаддаггүй, хулгай хийнэ, ажлаа тасалдаг, архи уудаг л гэж муулаад байх юм. Яг тулаад харилцахаар ямар байна?
-Хүмүүс тэгж муулдаг боловч, яс юман дээр манай залуучууд тийм биш. Одоо манай дээр 2000 гаруй хүн ажиллаж байна. Цалинг нь цагтаа өгөөд, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаад, гэрээгээ зөрчихгүй явах ёстой. Бид ёс зүйтэй байж, хэлсэн амандаа хүрч л байвал монголчууд сайхан ажиллаад байх боломж бий. Амьдралынхаа төлөө мачийтлаа явдаг хүмүүсийн цалинг нь өгөхгүй чардайлгаж, багасгаж, сэтгэлээр унагаж, урмыг нь хугалдаг компаниуд Монголд олон бий. Ажилчдадаа Монголоо сайхан болгохын төлөө зүтгэж байна гэсэн тэр ухамсрыг суулгаж өгөх хэрэгтэй.
- Дараагийн зорилтот төлөвлөгөө тань юу вэ. Барилгаа барьсаар байх уу?
- Барилгаа үргэлжлүүлэн барьж, Яармаг, Нисэх орчимд эхлүүлсэн бүтээн байгуулалтуудаа үргэлжлүүлнэ. Барьж дуусаад айл орчихсоны дараа тэр гэрэлтэй цонхнуудыг харах сайхан шүү. Шинэ байранд орсон айлд ороод аяга цай уугаад гарахад сэтгэл тайвширдаг. Тэгэхгүй бол дандаа бужигнаан дунд явах ч бас хүнд шүү. Ёстой нөгөө алаан дунд... гэдэг шиг зодог тайлж ирээд л шууд улс төрийн алаан дунд яваад орчихсон. Одоо бизнес гээд бүхий л салбар луу орж байна. Над шиг спорт, барилга, улс төр, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд гээд энэ олон салбар луу ороод ажиллаж байгаа хүн ховор байх. Японоос зодгоо тайлаад ирэхэд эндэх юмнууд маань хачин болчихсон, дампуурлаа, компаниуд алга болсон байна гээд л ер нь л халширч байсан. Тэр бүх даваа нугачаа өнөөдрийн бүх юмны босох хөрс нь болсон. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ.
- Манайд стандарт гэдэг зүйл хэцүү. Дээд давхарт хүүхэд уйлах нь сонсогдоод байдаг. Стандартын хувьд барьж байгаа барилгууд дээрээ шат ахиулж чадсан уу?
- Одоо өөрчлөгдсөн. Стандартчилж, барилгын комисс их том шаардлага тавьдаг болсон. Улсын нийслэл Улаанбаатар чинь нийслэл шиг нийслэл баймаар байна. Цэвэрлэх байгууламжийг төр засаг шийдэх гэж байна. Хотыг замын түгжрэлээс бага ч гэсэн гаргаж, Яармаг, Нисэхийг орон сууцжуулж, гаднын зочид, төлөөлөгчид онгоцноос буугаад гэр хороолол харж байснаас цэмцийсэн гоё хорооллуудыгхарвал Монгол Улсын нэр хүндэд хэрэгтэй. Цэвэрлэх байгууламжийг хурдан шийдэхгүй бол хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрлээ. Хөрсний бохирдол, утаа, түгжрэл хүн бүрийн дургүйцлийг хүргэж байна. Ийм үед хүн тоодоггүй байсан Нисэх, Яармагийн чиглэлд бид барилга барьсан. Дулаан, бохирын шугамыг холбосон. Одоо тэр зүг рүү сайхан болж байна. Сургуулийг нь барьсан. Манай Харумафүжи сая сургууль барьсан. Алийн болгон багширалдаж суух юм. Тэлэх хэрэгтэй байна. Юун төлөө өргөн уудам газар нутагтай билээ. Дагавар хотуудыг хөгжүүлмээр байна. Багануур, Багахангай, Төв аймгийг хөгжүүлье. Хууль бусаар идэж байгаа хөрөнгөнөөсөө баялаг бүтээгчдэд өгөөчээ. Том том бүтээн байгуулалтыг хиймээр байна. Дагавар хотуудыг хөгжүүлж байж утаа багасч, түгжрэл буурна.
-Урилгыг хүлээн авч илэн далангуй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдын ажил үйлс чинь Сүмо бөхийн дэвжээнд гялалзаж явсан шигээ амжилттай байх болтугай.
-Танд баярлалаа. Таны уншигчдад хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.