Улс төр хийдэг, төрийг даргалж явдаг ганц байгууллага бол улс төрийн нам. Хүн төрөлхтөн ”улс төрийн нам“-ыг  улс төрийн өрсөлдөөнд оруулснаар том нээлт хийсэн юм. Улс төр шударга өрсөлдөөнд орсноор ард түмэн нэг хааны, нэг улсын, нэг дарангуйлагчийн, нэг намын дарангуйллаас салсан. Ардчилсан хувьсгалын хамгийн том ололт бол олон намуудтай болж , төр засгаа дөрвөн жил ямар намаар бариулахаа өөрснөө сонгодог болсон. Одоо Оросын юм уу, Хятадын коммунист намаас асууж сонгууль явуулна гэж байхгүй болсонд Монголын тусгаар тогтнол оршном. Монголд цаашид хэдэн нам байх вэ, парламентын засаглалаа яаж бэхжүүлэх, намуудын хариуцлагыг яаж дээшлүүлэх вэ, сонгуулийн хуулинд ямар өөрчлөлт оруулах вэ гээд одоо ид маргаж байна. Цаашид ч мөнхийн маргаан байх аа. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Суудалгүй улс төрийн намуудыг татан буулгая” гэж хэлсэн нь баахан намын дарга нарын уур,  дургүй хоёрыг зэрэг хөдөлгөв.  Улс орон цаашид хоорондоо өрсөлдөх хэдэн намтай байх талаар бөөн маргаан тарьж орхив. Үнэн үг гашуун байдаг, тэр болгон хүнд таалагддаггүй. Энэ олон намуудыг татан буулгая гэдэг санаа жирийн сонгогчдод таалагдах боловч нам  гэдэг байгууллагыг бизнес, бас шантааж болгосон, намуудын удирдлага нэртэй цөөхөн улсад таалагдсангүй. Ихэнх ардчилсан улс оронд ердөө хоёр хүчтэй  нам өрсөлдөж төр засгаа ээлжлэн барьж явдаг. Улс төр судлалд өрсөлдөж сонгуульд ороод голдуу хоёр нам  зонхилоод сурчихсан улс орныг  олон намын тогтолцоотой улс орон  гэдэг юм билээ. Монголчууд  бид юмыг бичсэнээр нь ойлгодог болохоороо олон намын тогтолцоотой улс гэж намууд нь  зөндөө олон байхыг хэлдэг гэж ойлгосон бололтой. Манайд улс  төрийн олон нам  хэрэлдсээр, тэднийгээ хуулиар зохицуулалгүй өдий хүрлээ.  Иргэд олон нам, улс төрийн хэрүүлээс үнэндээ залхаж байна. Одоогийн парламент бол ёстой олон намын парламент. АН, МАН гэсэн хоёр том  нам дээр нь Ногоон нам . Энхбаярын МАХН, Энхсайханы МҮАН, дээр нь бие даагч гурав бий. Ёстой л олон намын парламент. Үүнээс олон намын парламент бий болбол хэзээ ч Засгийн газраа байгуулж чадахгүй. Парламентад таван нам байгаа биз дээ. Яг өнөөдрийн байдлаар дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам байна. Хоёр сая хүрэхгүй сонгочдын дунд 20 гаран нам хэтэрлээ биш үү. Нэр хэлэхээ больё. Энэ намуудын дотор нэг хүний нам ч бий, нэг компанийн нам ч бий. Дарга нь хаяад алга болчихсон эзэнгүй нам ч бий. Намын нэр нь байдаг, даргагүй болчихсон нам ч бий. Парламентын сонгууль дөхөхөөр янз бүрийн нам цэцэглэснээ алга болдог. Сонгууль ойртохоор нам бусчуудын нам, эмэгтэйчүүдийн нам, малчны нам. тариачны нам гээд гарч ирнэ. Саяхан Чингэсийн нам, Өөлөн ээж нам, цэргийн  нам ч гэх шиг элдэв өнгийн шошго зүүсэн намууд бүртгүүлнэ  гээд Дээд шүүхээр гүйж явна гэнэ шүү. Ийм намууд яг үнэндээ төрийн эрх барина гэж санаархдаггүй ердөө л арван сая төгрөг өгчих хүн манай намаас нэр дэвш гэж гуйна. Нэр дэвшиж чадвал УИХ-ын ядвал хот, дүүрэг, багийн хурлын гишүүн болно гээд зүтгээд байдаг хүмүүсийн амбиц дээр жижиг  намууд тоглож амь зуудаг гэх үү. Жижиг намууд сонгуульд орохдоо манай нам чиний тойрог дээр хүнээ дэвшүүлнэ. Та нарын саналыг хуваах   магадлалтай. Тэдэн зуун сая төгрөг өгчихвөл хүнийхээ нэрийг татна гээл шууд ажиллана шүү дээ.  Ингэж шантааж хийж мөнгө босгох гээд   намынхаа нэрийг  хадгалаад байдаг юм. Монголд нам байгуулах тухай хуулинд нэг марзан заалт байдаг. Монгол Улсын хэмжээгээр 801 хүний нэр  цуглуулж бичээд, үнэн, худал хурал хийсэн пртокол бүрдүүлээд тэр нэрсээ Дээд шүүхэд өгөөд бүртгүүлж намын гэрчилгээ авна. Тун амархан байгаа биз.  Нэг ийм хошигнолыг би үнэн гэж боддог. Улс төр  оролддог нэг хүнд гар намтайгаа тааралгүй хэрэлдэж намаасаа гараад өөрөө нам байгуулахаар болов. Тэгээд нам байгуулах гэтэл 801 хүний овог нэр хэрэгтэй болжээ. Мань хүн намаа бүртгүүлж сонгуульд оролцох цаг хугацаанд шахагдаад, сандрахдаа  намын гишүүдээ олох гэж \Нарангийн энгэр\ оршуулгын газар руу туучихжээ. Хагас өдөр болоод л 801 хүний овог нэр, төрсөн онтой ирэв гэнэ. Тэгээд намаа саадгүй бүртгүүлж сонгуульд оржээ. Харин манай хүний нам нь сонгуулийн хуулийн босго давсангүй. Навс ялагджээ. Мань эр өөрөө харин ч эр хүний хугархай байсан учир буулт хийжээ.  Сонгуульд амжилтгүй оролцсон намаа татан буулгасан байна. Харин намаа татан буулгахад хэн ч заргалдаагүй байдаг. Заргалдаагүйн учир нь даргаас бусад нь санал өгдөггүй гишүүд байжээ. Хэрэв ийм нам сонгуульд амжилттай оролцсон бол уулзалт хийх гэж явахгүй, захиа даалгавар өгөхгүй амар амар гэж хуучны улстөрчид хошигнон ярьдаг. Энэ бол нам байгуулах  бүртгүүлэх бүүр амар гэдгийг өгүүлсэн онигоо.  Одоо нам байгуулъя гэвэл 801 дагагчтай захын твиттэрчин нэг цагийн дотор нам байгуулаад сонгуульд орно. Тэгэхээр энэ олон, зөвхөн даргадаа л хэрэгтэй дэл сул намуудыг татан буулгаж, намуудын тухай хуулинд улс төр хийх тусгай зөвшөөрөл эдэлдэг  нам байгуулахыг  хориглох хатуухан босго тогтоож өгмөөр байна. Сонгуульд оролцоод суудал авч чадаагүй намыг татан буулгаж болноо. Энэ олон суудал авч чадаагүй мөртлөө нам гэж сэтэр зүүгсэд ичих хэрэгтэй. Бие даагчаас долоон дор байж нам гээд байхдаа яах вэ дээ. Улс төр хийх том эрх авах гэж байгаа юм бол ядаж сум, баг бүрт ядаж 5-10 дэмжигчидтэй. Сонгуульд оролцоод ядаж нэг суудал авчихдаг байх заалтыг улс төрийн намуудын хуулинд оруулах  бус уу. Хоёр том нам өрсөлддөг байхад гуравдах хүчин гэж байна гэдэг бол ардчилал.  Судлаачид ч ингэж үздэг юм билээ. Монголд улс төрийн нам цөөдсөндөө хөгжихгүй байгаа юм биш. Харин улс төрийн нэр барьж төр засаг бусниулах гэсэн сонирхолтой хэзээ ч суудал авдаггүй олон намаас болж бөөн хэрүүл.  Бие даагч хувь хүн суудал авчихаад байхад түүнээс долоон дор хэвтэж нам гэсэн нэр барьчихаад элийрч яваа хүмүүс цөөрөх янзгүй. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гашуун ч гэсэн үнэн үг хэллээ. Олон улстөрчид намуудад зусардан   ардчилал гэдэг бол олон намууд байх ёстой. Насанд хүрсэн бүх хүн нэрээ дэвшүүлэх, нам байгуулахаар эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж  онолдоно.  Суудал аваагүй бол намаар яахын, хүүхэд гаргаагүй бол .......яах юм билээ. Энэ үг гашуун байна уу.