Орчлон ертөнц
Орчлон ертөнц, сансар огторгуйн өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн тухай Космос хэмээх Карл Саганы ном нь монгол хэл уншихаар орчуулагдан хэвлэгдэн гарчээ. Энэ номыг Хокингийн “Цаг хугацааны түүх” номтой зэрэг уншвал ямар ч гоё кино үзсэнээс илүү мэдрэмжийг авах болно.
![](http://baabar.mn/files/95b112cc-faf1-42db-890c-288a5c4e87d8/50f434b7d2f5b9c161f44207abbf745c.jpg)
Бурхан сайндаа л физикийн хуулиудын билэгдэл. Орчлонд хэдэн сая галактик бий. Эдгээрийн дунд нэгээхэн галактикийн захад орших жирийн нэгэн одыг тойрон эргэх бяцхан гараг болох дэлхий дээр амьдран суух өчүүхэн тоос төдий хүн төрөлхтөн биднийг ивээж, эс бөгөөс оршин буйг мэдэх бурхан бий гэдэгт итгэхэд нэн бэрх хэмээн алдарт Стивен Хокинг номондоо бичсэн байдаг.
Энэ номыг нь гүйлгэж уншаад тооны баримжаагаа нэг хэсэг алдаж билээ. Хүн төрөлхтөн бид бүрэн тайлагдаагүй ч гэсэн гайхалтай сайхан орчлонд амьдарч байна. Энэ орчлон ертөнцийг бүрэн мэдэхэд хүн бидний төсөөлөх чадвар дутна. Энэ номнуудыг уншиж төсөөлөх чадвараа нэр хэмжээд үзээрэй. Гэснээс одоо хүртэл дэлхий хавтгай гэдэгт итгэдэг хүмүүс байдаг. Бүр “Хавтгай дэлхий” гээд олон улсын нийгэмлэг, ТББ-ууд ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгаа шүү кккк.
Нар манай галактикийн 100 тэрбум оддын нэг. Манай галактик шиг хамгийн багадаа дахиад 100 тэрбум галактик орчлонд ертөнцөд байгаа гэнэ ээ. Бид одоо хэнүүс ч юм, юу ч юм ккк. Хумхын тоос гэж өөрсдийгөө нэрлэдэг нь харин ч хэтрүүлж, өөрсдийгөөх хүчээр томруулах гэсэн санаа гэж ойлгогдож байна. Гэрэл нэг секүүндэд 186 мянган майл буюу 300 мянган км зам туулдаг. Нарыг эс тооцвол дэлхийд хамгийн ойр гарагуудын нэг нь Proxima Centauri (Alpha Centauri C ч гэж заримдаа нэрлэдэг). Энэ гараг дэлхийгээс дөрвөн гэрлийн жилийн зайтай оршдог. Тэр нь ойролцоогоор 40 ихнаяд км зай юм уу даа. Ийм зайг туулахын тулд хүн төрөлхтөн бидний бүтээгээд буй хамгийн хамгийн хурдан сансрын хөлөгт хэдэн мянган жил шаардагдана.
НАСА-гийн судлаач залуу хүн төрөлхтөн одоо 2 их наяд галактикийг л харж чадаж байгаа гэж блог дээрээ бичсэн байсан. Энэ 2 их наяд галактик тус бүрнээ дунджаар дахиад нэг тэрбум ододтой. Тэгэхээр бидний ажиглаж чадах оддын тоо 2 их наяд * 1 их наяд = 2-ын ард 24 тэгтэй ямар нэг юм гэдэг аймаар тоо гарах нь. Энэ нь бидний хараад тооцож чадаж буй орчлонгийн өчүүхэн хэсэг буюу 46 тэрбум гэрлийн жилийн радиус юм уу даа. 1 гэрлийн жил 9.5 их наяд км байдаг билүү дээ? Тэгэхээр та бид өөрсдийгөө хумхын тоос энэ тэр гээд өхөөрдөөд байдаг нь ч арай л дэндүү томруулсан хэмжээс болж байна!
Доорх зургийг 2021 оны 7 сарын 30-нд Африкийн зүүн өмнөд эргийн дээгүүр 423 км-ийн өндөрт нисч байсан олон улсын сансрын станц дээрээс авчээ. Орчлонгийн наахна хаяанд чихцэлдэн оршин хэдэн сая одод харагдана.
Харин энэ дор буй зураг бол цэлмэг шөнө бидний хардаг тэнгэрийн заадас буюу Сүүн замын оддын төв хэсэг. Энэхүү тэнгэрийн заадас нь орчлонгийн 100 тэрбум орчим галактикуудын зөвхөн нэг нь гээд бод доо. Бидэнд харагдаж буй энэ Тэнгэрийн заадас галактикт 100-400 тэрбум орчим од бий гэж үздэг ба эхнээсээ ингээд НАСА олон жилийн хөдөлмөрийн дүнд зургийг нь буулгаж чаджээ. Улаан нь хөгшин одууд бол цэнхэр нь ЖенЗи нар юм уу даа. Энэ галактик 10 тэрбум жилийн өмнө үүссэн ба ихэнх одууд нь 7 тэрбум жилийн настай.
Гээд бодохоор хэдүүлээ энэ 4 уулын дунд Улаанбаатарын зам дээр наашаа ч үгүй цаашаа ч үгүй нам түгжирдэг гэхээр бүр эмгэнэлт инээд цаанаасаа хүрээд байх юм аа ккк. Энэ хэдэн зуун тэрбум галактик, тэрбум ихнаяд одод дунд амьдрал, харь гарагийнхан байж л таараа. Та нар юу гэж боддог вэ?
“Хэрвээ сансар судлаачид орчлонгийн үүсэлд халдаж гүнзгий судлахгүй гэвэл, харин энэ "ажлыг" бурханд үлдээвэл их тэсрэлтийн дараах эволюц хөгжлийг судлахад бидний зүгээс эдгээр судлаачдад эсэргүүцэх зүйл үгүй”
гэж 1981 онд буюу ердөө 44 жилийн өмнө Ромын 2-р пап Иоанн Павел хэлсэн байдаг.
Түүнчлэн онолын физикчид зэрэгцээ орчлон ертөнц оршдог гэж мэтгэдэг. Тэр ертөнцөд яг өдийд өөр нэг Ганзориг өөр юу ч юм нэг зүйл эсвэл хэрэг хийгээд сууж байгаа юм байх аа:) Гэхдээ энэ параллель ертөнцүүд хоорондоо холбогдож болох эсэх, бие биедээ нөлөөлөх эерэг сөрөг нөлөөллийн тухай хэн ч хэлж мэдэхгүй байна. Тиймээс өнөөдөр нүгэл үйлдчихээд цаг хугацаагаар аялаад тэр алдаагаа цайруулна гэж бүү горьдоорой гэж астрофизикч, НАСА-гийн нийтлэлч залуу блог дээрээ бичсэн байсан. Өтний нүхний онол байдаг. Цаг хугацааа муруй учраас алим нүхлээд иддэг өт шиг цаг хугацаагаар аялах боломжтой ч гэж ярьдаг. Хокинг ирээдүй рүү ямар ч асуудалгүй аялж болно гэж энэ номондоо бичжээ. Гэрлийн хурдыг давах цаг хугацааны машин зохион бүтээгээд түүнд орж суугаад жаахан байж байгаад гараад ирэхэд дэлхий дээр хэдэн арав, зуу, мянган жил өнгөрсөн байх боломжтой. Харин ирээдүй рүү аялсан хүнд буцаж ирэхэд нь асуудал үүсэх аж. 1949 онд Kurt Godel орчлон ертөнц ротаци хийн эргэлддэг тул ирээдүйгээс буцаж ирж болно гэж математик томъёо хийсэн байх юм. Энэ онолоосоо болж Эйнштейнд турсагаа хуулуулах амьтан гэж Годелийг Хокинг ёжилсон байна.
Соёл иргэншил, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан хөгжиж, тухайн үедээ сод болсон эрдэмтэн мэргэдийн өлгий нутаг болох эртний Грек яагаад энэ давуу талаа үргэлжлүүлж чадаагүй түүхэнд бүдгэрсэн юм бол гэж дотроо бодоод явдаг байв. Хариултыг нь Саган номондоо бичжээ. Плато, Пифагор нар космос буюу орчлонг танин мэдэж болно, байгаль тодорхой хэмжээний математик зүй тогтолтой гэдгийг анзаарснаар шинжлэх ухаан урагш алхсан. Гэвч өөрт таалагдаагүй байгаль, орчлонгийн бодлит байдлыг нуун дарагдуулж, мэдлэгийг нийгмийн цөөн бүлгийн төлөө монополь байдлаар ашиглаж, үнэн бодитийг батлах туршилтаас татгалзаж, хуурмаг ид шидийн итгэл үнэмшилд автаж, хамгийн гол нь боолын нийгмийн дэмжиж байснаараа хүн төрөлхтний хөгжлийг хойш татсан гэж дүгнэжээ.
Аристотель, Платон, Периклийн үеийн Афинд хүн амын багагүй хэсгийг боолууд бүрдүүлж байв. Афин ардчиллааараа алдартай гэж түүхэнд бичигддэг яг үнэндээ энэ ардчилал боолуудад огт хүртээлгүй бөгөөд зөвхөн нийгмийн бага хэсгийг бүрдүүлдэг цөөнхт хамаатай зүйл байжээ. Боолын тоо нэмэгдэх тусам боолын эзэд буюу чинээлэг баян, эрх мэдэлтэй нийгмийн бүлэг хүнд ажлыг хөнгөвчлөх, аливаа асуудлыг шийдэхдээ шинжлэх ухаанч аргаар бус боолын хүчээр зодож эхэлсэн байна. Уг нь тухайн үед шинжлэх ухааны аливаа туршилтыг хийх чадалтай, боломжтой магадгүй цорын ганц нийгмийн бүлэг нь боолын эзэд байв. Улмаар боолын тоо нэмэгдэх тусах шинэ технологи зохион бүтээх хэрэгцээ шаардлага улам бүр багасч, Грект ассан шинжлэх ухаан гал унтарсан гэх. Гректэй адилхан түүх Хятадад ч давтагджээ. 1280 онд оргилдоо хүрч байсан одон орон судлал нь үүнээс хойш нурсан гэх. Учир нь Хятадын мөнгөтэй мөн сэхээтэн давхарга шинжлэх ухаан сонирхохоо больж, боловсролтой хүмүүс нь техник технологи тоохгүй болсонтой холбоотой гэжээ. Цаашилбал яг адилхан түүх Энэтхэг, Маяа, Азтекийн соёл иргэншилд ч давтагдсан байх. Эдгээр газруудад мөн л боолын тоо хэт их болсны улмаас шинжлэх ухаан цэцэглэх боломж гараагүй ажээ.
Өнөөдрийн нийгэмд энэ аюул бий гэнэ ээ. Учир нь:
Нийгмийн боловсролтой хэсгийг дийлэнх хувийг аль хэдийнэ чинээлэг айлын хүүхдүүд, гэр бүлийн гишүүд бүрдүүлдэг болсон. Тэд одоо байгаа нөхцөлд байдалдаа ханасан, тухтай бүст орсон, амьдралаас тасарсан, гар нь хөдөлмөрт дургүй буюу цагаан гартай, уламжлалт мэдлэгийн эсрэг сөрөх зориггүй болсон. Үүнээс болоод зарим газар шинжлэх ухаан хөгжих хурд удааширч байна гэж дүгнэжээ.
Хамгийн аймаар нь энэ дүгнэлтийг аль 1980 онд буюу өдгөөгөөс 45 жилийн өмнө бичсэн номондоо Карл Саган дурдаж байжээ.
Энэ яг өнөөдрийн Монголын нийгэм бус уу?!!! Шинжлэх ухааныг дээрэлхдэг оркуудын бүхэл бүтэн үе гараад ирсэн, мэдлэгийг үгүйсгэдэг, хүлээн зөвшөөрдөггүй бүлэгээс илүүтэйгээр худал цуу яриа, мухар сүсгийг үг дуугүй дагадаг, тархи оюунаар бус булчин нударгаар асуудлыг шийднэ, бяр байхад ухаанаар үхсэнээ хийх вэ дээ гэж ярьж бичдэг нийгмийн давхраа бий болчихсон. Энэ утгаараа бид эртний Грекийн боолуудтай агаар нэг болж буй хэрэг. Боолуудын эзэд боолын тоогоо нэмэгдүүлж, бөгс долоогч, цүнх баригчдаа урамшуулж үржүүлэхээс бус бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэл, уламжлалт бус сэтгэхүй, өөрөөс нь өөр үзэл бодол, ялгаатай хөгжлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Боолуудын тоо нэмэгдэх тусах шинжлэх ухаан сүйрч, улс орны хөгжил доройтдог гэдгийг 2200 жилийн түүх бидэнд сануулж байна аа.
Гэснээс дэлхийн эртний түүхийн номнууд уншиж байхад 300 кинонд гардаг алдарт спартачуудын түүх, оршихуй нь тун гунигтай бичигддэг. Тэд 3100 жилийн өмнө Грект нүүдэллэж очсон овог бөгөөд очсон даруйдаа нутгийн уугуул иргэдийг зарцлан тариан талбайн ажилчид болгожээ. Тун удалгүй эдгээр боолууд спартачуудын тооноос үлэмж их болсон тул мөнхийн айдаст автав. Болзошгүй бослогод байнга бэлэн байхын тулд хүссэн хүсээгүй тэд тулаанч амьдралыг сонгожээ. Сул дорой төрсөн, дайчин болж чадахгүй гэж дүгнэсэн нялх хүүхдүүдийг багад нь шууд хөнөөдөг байсан тухай Гомбрих номондоо дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл, бусадтай нэгдэх, хамтрах сонирхолгүй нөхөд булчин шөрмөсөндөө найдаж, бүхнийг хүчээр шийдэхийг хүсдэг болдог. Тэд гаднаа сүрлэг хүчтэй харагдах мэт боловч хэн нэгнээс айдаг мөнхийн дарамт дор амьдардаг болсон гэдэг.
Айдас түгшүүр дунд аж төрдөггүй, боолуудаасаа айж эмээдэггүй байсан бол спартачууд дайнч, зоримог болохгүй байсан гэж байна. Харин энэ цаг үед зэрэгцэн амьдарч байсан афинчуудад айж түгших зүйлс харьцангуй бага байжээ. Иймээс айдас дарамтгүй тэд биеэ хөгжүүлж дайчид бэлдэхийн оронд ертөнцийн үүсэл, юмсын хувирал, үйл явдлыг уялдаа хэлхээг судалж, учрыг нь олохыг хичээдэг байжээ. Улмаар гүн ухаан буюу философи энд хүчээ авсан түүхтэй юм байна. Грекчүүдийг нэгтгэдэг байсан хоёр зүйл нь шашин, спорт байжээ. Тийм учраас бараг 2800 жилийн өмнө тэд анхны олимпийг хийж байжээ. Өөрөөр хэлбэл Спартачуудыг боловсрол мэдлэгтэй Грекчууд үгүй хийж байсан бол Грекчууд нэг их удалгүй өөрсдөө тав тухтай бүсийнхээ өмхий намагт живэн алга болжээ.
Бид ч гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдаас айх айдсаа дарж чадахгүй бол юуны ч утга учир, логикийг ойлгож чадахгүй гэдгийг 3000 жилийн өмнөх түүх бидэнд хэлж байх шиг байна. Хомосапиэнсууд неандарталчуудын хажууд биеэр жижиг, биологийн хувьд сул хөгжилтэй мэт байсан ч төсөөлөн сэтгэх чадвар, бүтээлч чанараар хавь илүү байсны үр дүнд нь неандарталчууд мөхөж, та бид хомосапиэнсуудын үр удам болоод амьдарч буй гэдэг биз дээ уг нь? Неандарталчуудын цуснаас ганц хоёр юм үлдсэн байна уу зарим нэг хүнд? Кккк
Гэтэл Ричард Брэнсон, Элон Маск хоёр аль хэдийнэ сансрын зах зээл дээр үзэлцээд эхэлсэн. Виржин галактик хөлөг амжилттай хөөрч дууны хурданд ойртож чадсан. Хүмүүс Монголд морь унах гэж ирж байхад айлын хүүхдүүд тэндээ сансарт нар мандаж жаргаж буйг харах гэж жуулчилдаг цаг ирчихээд байна даа! Гэснээс бид нар мандах ба жаргах гэж ярьдаг. Энэ нь дэлхий эргэдэггүй гэж үзэх 2200 жилийн өмнөх эртний бурангуй балар үнэмшлийн үлдэгдэл хэллэг гэж байна шүү кккк. Шинжлэх ухаанч байдлаар бол ингэж хэлэх ёсгүй гэнэ ээ.
зчин
чулуун
Зочин
Монгол
зочин