Асар хүчтэй, баян чинээлэг Атлантид хэмээх арал-улсын тухай анх Платон бичжээ. МЭӨ 360-аад оны Афин хот. 70 гарсан Аристокл буюу бидний мэдэх Платон 9 настайдаа элэнц өвөө [хүү] Критийгээс Атлантидын тухай анх сонссоноо олон жилийн дараа Тимей, Критий хэмээх 2 харилцан яриандаа шигтгэж өгчээ. Тэгэхдээ бидний төсөөлдөг аварга биет атлантуудын тухай өгүүлсэнгүй. Платон чухам юу гэж бичив?

(Энэ бичвэрийн видео хувилбарыг https://youtu.be/Yw9VvHIwHIo?si=MCxWoCnqJulv2s7m линкээр орж үзэх боломжтой.)

Энэ 2 зохиол угтаа Платоны элэнц өвөө Критий, Сократ, одон оронч Тимей, Сиракузын улстөрч Гермократ дөрвийн харилцан яриа юм. Ингэхдээ Платон түүний элэнц өвөө - хүү Критий нь өөрийнхөө өвөг эцэг буюу Платоны элэн өвөө 90 настай эцэг Критийгээс энэ арал-улсын тухай анх олж мэдсэн гэдгийг тодруулан бичжээ. 

Платон Атлантидын тухай гурван харилцан яриа бичихээр төлөвлөсөн ч Тимейгээ бичээд, “Критий”-гээ төгсгөөгүй, “Гермократ”-аа харин эхлүүлж амжаагүй гэдэг.

Элэн өвөө эцэг Критий нь энэ түүхийг эртний Грекийн 7 мэргэний нэг Солоны хамаатан, Солонтой нөхөрлөж явсан аав Драпидаасаа сонсчээ. МЭӨ 638-559 онд амьдарч байсан Грекийн долоон мэргэний нэг Солон Атлантидын тухай Драпидад сонирхуулан ярьсан гэхээр энэ түүх Драпид болон түүний хүү [эцэг] Критий, эцэг Критийгийн ач хүү - [хүү] Критийгээр дамжин Платонд хүрчээ. 

Алаг дэлхийгээр арван жил аялсан Солон Египтэд очиж, Саис хотын төлгөчөөс Атлантидын тухай анх сонсчээ. Египет орон грекүүдийн хувьд эрдэм мэдлэгийн эх ундарга болж байлаа. Төлгөчид Солонд юу гэж өгүүлэв ээ гэвэл египетчүүд грекүүдээс хавьгүй эрт үүссэн бөгөөд грекийн соёл иргэншил олон олон гамшигт өртөж байсан учраас эртэн цагийн үүх түүхээ алдаж мартсан гэжээ.

Харин египетчүүд алгуурхан урсах Нил мөрний ачаар аливаа гамшигт өртөлгүй эрдэм мэдлэгээ хадгалан үлджээ. Ингэж үлдсэн нэг сурвалжид балар эртний афинчуудын онцгой нэгэн гавьяаг тэмдэглэсэн байлаа. Энэ явдал Солоноос 9000 жилийн өмнө буюу МЭӨ 9600 онд өрнөжээ. Сүүлчийн мөстлөгийн сүүл үе буюу МЭӨ 9600 он гэх энэ он цагийн тухай хожмоо ахиж өгүүлэх учраас тогтоогоод аваарай. 

Тэр цагт Балар эртний Афин, Атлантид хэмээх 2 соёл иргэншил оршин байжээ. Балар эртний афинчууд чин шударга зантай, цэрэг дайчин, гар урчуудын хоёр давхаргатай, шилмэл удирдагчидтай байжээ. Тэдэнтэй Атлантид улс сөргөлдөж байлаа. Атлантид улс Гераклын баганас буюу Гибралтарын хоолойн цаана Атлантын далайд оршиж байв. Грекүүд Гибралтарын хоолойгоор хөвсөөр олон арал, том тивд хүрнэ гэж үздэг байжээ.

Атлантид нь Ливи буюу Африк тивийн хойд хэсэг, Бага Азиас том нутагтай арал улс байжээ. Бурхад энэ дэлхийг хувааж авахад Атлантид тэнгисийн бурхан Посейдонд оногдсон байна. Посейдон энэ арлын төв толгод дээр амьдран суудаг Клейта бүсгүйд дурлаж, амраг бүсгүйгээ хамгаалахын тулд толгодыг тойруулан дугуй гурван бүслүүр татаж ус урсгасан гэх домогтой. 

Клейта 5 удаа ихэрлэж, Посейдонд 10 хүү төрүүлж өгчээ. Ингээд арал улс, арлыг хөвөөлөн урсах далай тэнгисийг ууган хүү Атлантынх нь нэрээр нэрлэж, Посейдон 10 хүүдээ арал дээр нутаг хуваан өгсөн ч тэр бүхнийг Атлант хүү тэргүүлж байлаа. 

Ингээд Платон өнөөх Атлант улсыг маш дэлгэрэнгүй дүрслэн бичив. Инженерийн гайхамшигт бүтээл болсон нийслэл хот Посейдонисын төвд арлыг тойрон урсах усны гурван бүслүүрээр дамжин хөлөг онгоцоор хөвж очих боломжтой байлаа.

Гурван бүслүүрийн хоорондох зурвас газрыг гүүрээр холбож, мөнөөх зурвас дээр нь өндөр хана босгожээ. Гадаад хана нь зэс нөмрөгтэй, голын хана нь хар тугалган нөмрөгтэй, дотоод хана нь наранд гялтганах арихалкан нөмрөгтэй байлаа. Платоны өгүүлсэн арихалк хэмээх энэ нууцлаг төмөрлөг, алтны дараа үнэлэгдэх үнэ цэнтэй бөгөөд тэр үед энэ төмөрлөгийн тухай өөр ямар ч мэдээлэл үлдээгүй байсан гэдэг.

Эрдэмтэд үүнийг гууль, эсвэл хүрэл байсан байх магадлалтай гэж үздэг байна. Атлантидын төв хэсэг асар хөгжилтэй, Посейдон, Клейта хоёрын сүрлэг сүмтэй, энэ сүм алтан ханан хашаатай, уртаашаа 180 м, өргөөшөө 90 м-ийн хэмжээтэй, мөнгөн нөмрөгтэй, алтан дээвэртэй, алт, мөнгө, арихалкан чимэгтэй зааны ясан адартай, жигүүртэй 6 морь хөллөсөн морин тэрэгт залрах алтан Посейдоны адар шүргэм өндөр шүтээнтэй, түүнийг тойроод хав загас хөлөглөсөн бурхдын шүтээнтэй байжээ.

Атлантид арал асар баян, үржил шимт хөрс нь жилдээ хоёр удаа ургац өгч, уул толгод нь төмөрлөгийн уурхайтай, ой мод нь заантай байлаа. Худалдаачдын хөлөг тасралтгүй ирж очиж байсан Атлантид улс цэргийн 1200 хөлөг онгоцтой маш хүчирхэг байжээ.

Посейдоны хуулиар аж төрж байсан атлантууд буяныг дээдэлж, мууг жигшин, бурханлиг чанартай байсан ч он жил улирч, бурхдын цус хүмүүний цустай холилдохын хэрээр мөн чанараа алдсаар уналтад оржээ. Сувдаг шунахайд автахын хэрээр буянтай сайнаас холдон холдсоор бурхдын гэсгээлийг хүлээсэн байна.

Тэр үед атлантууд Ливи, Италийн нутгийг эрхшээлдээ оруулж, зүүн тийш Афин руу тэмцэн хөдлөхөд сайн санаатай балар эртний афинчууд сөргөн босчээ. Холбоотноо алдан ганцаар торойж үлдсэн афинчууд тэмцэн зүтгэсээр тусгаар улсаа хамгаалаад зогсохгүй, атлантуудын эрхшээсэн улсыг чөлөөлж мууг ялан дийлжээ.

Бурхад атлантуудын бузар булайг илт үзээд ял асуухад Зевс бурхан атлантуудыг шүүхээр бурхдыг цуглуулжээ. Платоны бичиж дуусгаагүй “Критий” харилцан яриа яг энэ эгзэгтэй мөчид тасалдсан байна. Зевс бурхан яаж лүндэгнэсэн нь тодорхойгүй ч “Тимей” харилцан ярианд тэр тухай товчхон өгүүлжээ.

Атлантид арал далайд живж одоход аварга том долгионд нь Балар эртний Афин өртөж ганцхан өдрийн дотор усан доогуур устан сүйджээ. Атлантид арал байсан тэр газар лаг шавар, харги ихтэй учраас хөлгөөр хөвөх ямар ч боломжгүй болжээ. Платон ингэж л бичсэн байна. Ямар ч цацраг туяа, ид шид, харь гаргийн тухай бичсэнгүй. Төгөлдөр төр улсын сургаалаа ингэж бидэнд хүргэсэн ч юм бил үү? Хэн мэдлээ.

Түүнээс гадна Платоны Академид 20 жил сурсан шавь Аристотель нь Атлантидыг зохиомол гээд, зохиосон хүн нь түүнээ живүүлсэн гэж хэлсэн домогтой. Атлантидын домог чухам эндээс салаа замаар салбарлан хөгжжээ. Энэ хоёр замын нэг нь Атлантын далайд живсэн асар баялаг улсын эрэлд хөтлөх бол нөгөө нь зургаа дахь мэдрэхүй, зөн билгийн ертөнцөд аваачна.

Ингээд энэ хоёр замаар зорчиж, энэ олон зууны турш хүн төрөлхтөн Атлантидыг хэрхэн яаж эрснийг хөвөрдөн сурвалжилъя. Аристотелийн нөлөөгөөр Страбон, том Плиний зэрэг эрт цагийн түүхчид Платоны яриаг зохиомол гэж үзсэн ч МЭӨ III зуунд амьдарч байсан философич Крантор Египетэд очиж Платоны мөрөөр сурвалжлахад Саисын төлгөчид Атлантидын домгийг үнэн бодитой гэж батлан өгүүлсэн гэдэг. 

Үүний дараа Ромын эзэнт гүрний үед Платон хэсэгтээ мартагдаж, дундад зуун гарахад загалмайн шашин, Библийн нөлөөн дор эртний Грекийн эх сурвалжууд 1000 гаруй жилийн турш баларч дарагдсан байлаа. Тийнхүү Сэргэн мандлын үед XV зууны эцэст Марсино Фечили Флоренцид Платоны бүх бүтээлийг латин хэлнээ хөрвүүлснээр Атлантидын домог түүхийн буурал тоосноос сэргэн түгжээ.

Он жил улиран урссаар. 1492 онд Колумб шинэ тив нээснээр эртний домог жинхэнэ утгаараа амилах нь тэр ээ. Испанийн түүхч Франсиско Лопес Де Гомара 1552 онд хэвлэгдсэн “Индианчуудын ерөнхий түүх” зохиолдоо шинэ тивийн уугуул иргэд атлантуудаас гаралтай гэж бичжээ. Эрдэмтэд ацтекүүдийн цац суварга Египетийн цац суваргатай адилхан биш гэж үү, ацтек, египетүүдийн зурхай, хуанли адилхан байгаа нь үүнийг баталж байгаа бус уу хэмээн ам булаалдан өгүүлж байлаа.

Дараа нь Английн философич Фрэнсис Бэкон XVII зуунд “Шинэ Атлантид” хэмээх утопи зохиолдоо Атлантидыг зохиомол Бенсалем арал дээрх төгс нийгмийн шинэ бэлгэ тэмдэг болгон тунхаглав. Ийнхүү Атлантид тив газрын зургаас хүний оюунд шилжин суурьшлаа.

Сар жил алгуурхан өнгөрсөөр. XIX зууны сүүлээр Америкийн улстөрч, Минесота мужийн сенатч, АНУ-ын дэд ерөнхийлөгчид хоёронтоо дэвшиж байсан Игнатиус Донили Атлантидыг жинхэнэ утгаар нь өргөн олонд ухуулан таниулав. 1882 онд гарсан Донилигийн “Усан гамшгаас өмнөх Атлантид тив” номыг олон хэлнээ орчуулж хэдэн арван удаа хэвлэжээ.

Донили юу бичсэн бэ гэвэл, ерөөсөө Платоны бичсэнийг мадаггүй үнэн гэж үзээд, хүн төрөлхтөнд мэдэгдэж буй Египет, Месопотам, Грек, Ром, тэр байтугай шинэ тивийн майя, ацтекүүдийн соёл иргэншлийн эх болсон Атлантидаас аливаа бүхэн үүсэл гарвалтай гэж онолджээ. Шашин шүтлэг, бичиг үсэг, газар тариалан, гар урлал, хууль журам, ер юм бүхэн Алтантидаас эхтэй, усан гамшгаас аврагдаж, энэ дэлхийн өнцөг булан бүрд хүрч суурьшсан атлантууд Египет, Шумер, Майя зэрэг хүчирхэг үндэстнүүдийг үүсгэн энэ бүхнийг бүтээсэн гэж үзжээ.

Үүнийгээ Донили 13 зүйлээр батлахдаа Египет, Мексикийн цац суварга, бараг үндэстэн болгонд байдаг усан галвын домог угтаа Атлантидын тухай л өгүүлсэн, египет, перучүүдийн адил төстэй соёл, гавлын яс өрөмдөх аргачлал, хэдэн мянган жилийн дараа үүссэн хэлүүд төрөл нэгтэй байгаа нь, жишээ нь, Европын бусад хэлнээс тэс өөр Пиренейн баскуудын хэл Америкийн уугуул индианчуудын хэлтэй төрөл нэгтэй байгаа нь атлантуудын хэлний үлдэгдэл юм гээд Грек, Египет, Скандинавын бурхад угтаа Атлантидын хаан, хатан, баатрууд юм, Зевс, Посейдон, Один нар цагтаа Атлантидыг захирч байсан гэж өгүүлжээ.

Аугаа нээлтийн XIX зуунд Донилигийн шинжлэх ухаанч энэ үзэл шимт хөрсөнд үрслэн соёолж улам цэцэглэсэнд ер гайхалтгүй. Гэм нь Донили төстэй гэж үзсэн бүхнээ нэг ёсондоо хүчлэн төсөөжүүлж, төсгүй гэсэн бүхнийг тоолгүй орхижээ. 

Ерөөсөө Платоны бичсэнээс санаа аван хөгжүүлж, хүршгүй их шидтэй технологи байсан гэж үзээд, албан ёсны шинжлэх ухаан энэ бүхнийг үгүйсгэж байгаа гээд биччихэд хүмүүс татагдана гэдгийг тааж мэдсэн гэлтэй. Ийнхүү Донили философийн үлгэр байсан Атлантидыг хуйвалдааны онол болгон хөгжүүлж, олонд түгээснээр бараг л шинэ шашин үүсгэжээ.

Сар жил улирсаар, шашны зөнчид төдхөн гараад ирэх нь тэр ээ. Донилигээс хойш хэдхэн жилийн дараа Оросын язгууртан, аялагч Елена Блаватская мөнөө л Атлантидын тухай өгүүлэхдээ ертөнцийн ой санамж буюу Акашийн товчооныг зургаа дахь мэдрэхүйгээрээ уншиж аливаа бүхнийг мэдэх боломжтой гэж номлоод, Гималайн сүрлэг уулсын гүнд орших сүмийн багш нар нь түүнд үзүүлсэн эртний Зян номын тайлбар гэх “Нууц номлол”-оо 1888 онд бичиж хэвлүүлэв.

Блаватская оюун санаа материаллаг болох замаар хөгжиж, энэ дэлхийд эрт цагаас нааш 7 үндэстэн аж төрөх тавилантай бөгөөд Атлантууд дөрөв дэх нь, манай хүн төрөлхтөн бол тав дахь нь буюу арий үндэстэн юм гэж үзжээ. Ингээд гурав дахь үндэстэн лемурчуудыг залгамжилсан атлантууд биднээс хавьгүй том биетэй, зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн, гурав дахь мэлмий нь нээгдсэн, технологийн асар их дэвшилтэй, нисдэг төхөөрөмжтэй, байгалийг эрхшээж байсан гэж номлолоо. 

Атлантууд сайн муугийн тэмцэлд үрэгдэж мөхөхөд үлдсэн хэд нь өнөө л Египет, Шумер зэрэг эртний соёл иргэншлүүдийг үндэслэжээ. Блаватская Атлантидыг Платоны ертөнцөөс салгаж аваад өөрийн зохиосон оюун билгийн цогц ертөнцөд байрлуулан, Атлантидыг олохын тулд далай тэнгисээр хөвж, Египет, Америкт очих ямар ч шаардлагагүй, Акашийн товчоонтой оюун санаагаараа холбогдож таних бүрэн боломжтой гэж өгүүлжээ.

Энэ санааг Австрийн философич, антропософийн ухааныг үндэслэсэн Рудольф Штайнер улам хөгжүүлж, өнөөх Акашийн товчооныг уншсанаар атлантууд ургамлын үрийн ургах хүчээр нисдэг төхөөрөмжөө нисгэж байсан гэж айлдах нь тэр ээ.

Дараа нь Америкийн гэрэл зурагчин, транст ордог зөнч гэх Эдгар Кэйси Атлантидыг бараг хүн болгонтой үйлийн үрээр холбож, урьд насандаа Атлантидад амьдарч байж хэмээн ярьж эхэлсэн байна. Кэйси Атлантидын төвд асар хүчтэй туяа цацруулдаг талст байсан нь нар оддын илчийг шингээж аваад Атлантид даяар цацсанаар бүхнийг хөдөлгөж байсан гэж өгүүлэв. 

Тийнхүү Эдгар Кэйси Атлантидыг хүн бүхэнтэй хувийн нандин холбоотой болгож, уснаас айж байгаа тань Атлантидын галавт өртсөнийх, техникт дуртай байгаа тань мөнөө л Атлантидад амьдарч байсны ой санамж юм гээд Атлантид тив технологийн хөгжлөөсөө болж мөхсөн гэж номлолоо.

Хамгийн гол нь, Египетийн сфинксийн баруун хөл, Нил мөрний хооронд нууцлаг нэгэн танхим буй, тэр танхимыг ХХ зууны сүүлээр олж илрүүлнэ гэж зөгнөсөнд судлаачид тэр хэсгийг өрөмдөж хүртэл үзсэн түүхтэй.

Яван явсаар ХХ зууны эхний хагаст нацистууд Блаватскаягийн номд хүн төрөлхтнийг дэлхий дээр амьдарч буй тав дахь үндэстэн буюу арийчууд гэж өгүүлснийг өлгөн авч аймшигт харгислалдаа ашигласан нь эмгэнэлтэй. 

Генрих Гимлер “Ананербе” буюу “Дээдсийн өв” хэмээх тусгай баг байгуулж, герман үндэстэн бурхнаас гаралтай, тиймдээ ч энэ дэлхийг эрхшээх эрхтэй гэдгийг батлахын тулд Египет, Төвөд, Скандинав, Кавказын уулнаас атлантууд, арийчуудын ул мөрийг хайж байлаа.

Харин археологи, геологийн шинжлэх ухааны үүднээс Атлантидыг юу гэж үздэг вэ гэвэл Платоныг Санторини арал дээр оршиж байгаад 3600-гаад жилийн тэртээ Тера галт уулын дэлбэрэлтэд өртөж үнсэнд дарагдсан Минойн соёлын Акротири хотын тухай бичсэн байх магадлалтай гэж үздэг юм байна.

Үнсэнд дарагдсан Акротири хотын тухай анх Грекийн археологич Спиридон Маринатос 1939 онд өгүүлэл бичиж, 60-аад онд малтлага хийснээр энэ хотыг илрүүлжээ. Хүрэл зэвсгийн үеийн анхны том иргэншил Минойн соёл иргэншил Эгейн тэнгисийн Крит арал дээр төвлөрөн хөгжиж байлаа.

Усны сувагтай, цэгцтэй гудамжтай, сүрлэг орд харштай хот суурингуудаа 3000-4000 жилийн тэртээ байгуулж байсан энэ соёл иргэншлийнхэн далай тэнгисээр хөвж, Египет, грекүүдтэй худалдаа хийж байлаа.

Минойн үед дугуй том арал байсан Санторинигийн Тера галт уул МЭӨ 1628-1600 онд дэлбэрснээр 30-40 км өндөр тоосон үүл дэгдэж, тэнгисийн ус галт уулын тогоо руу шуугин урсахад асар том эргүүлэг үүсэн цаг агаар хүйтэрч ургац алдсанаар минойчууд Грекийн ахейчуудад дарагдан мөхлийн замдаа оржээ. 

Санторини арал Платоны бичсэн дугуй хэлбэртэй Атлантидтай тун төстэй, минойчууд Платоны өгүүлсэн шиг тэнгис далайгаар хөвөн эрхшээж байсан нь, мөн атлантууд бухыг дээдэлж байсан нь минойчуудын бухан дээгүүр үсэрч наадаж байсантай дүйж байгаагаас гадна минойчууд египетчүүдтэй харилцаж байсан нь энэ онолыг батлах ажээ. 

Египетчүүд мэдээж Минойн соёл мөхөж устсаныг ажиглаж тэмдэглэсэн нь тодорхой. Яхнос хааны бичигт тухайн үед тэнгэрт тоосон багана дэгдэж харанхуйлан бурхад газарт буусан гэж тэмдэглэжээ. Солон чухамдаа энэ түүхийг Египетэд байхдаа сонссон байх магадлалтай. 

Гэхдээ ингэж үзэх нь Платоны өгүүлсэнтэй 3 зүйлээр зөрдөг юмсанж. Юун түрүүнд Платоны бичсэнээр Атлантид арал МЭӨ 9600-гаад онд мөхжээ. Гэтэл Тера галт уул түүнээс хойш 8000 жилийн дараа буюу МЭӨ 1600-гаад онд дэлбэрсэн шүү дээ. 

Тэгэхдээ үүнийг тайлбарлах бас боломжтой. Египетчүүд 100-гийн тоог гогцоорсон олсоор, 1000-ын тоог лянхуа цэцгээр тэмдэглэж байсан бөгөөд хүмүүсийн яриаг бичиж буулгахдаа энэ хоёр тэмдэгтийг сольж бичсэн байх магадлалтай. 900 гэж бичсэнийг Солонд тайлж ярьсан хүн нь 9000 гээд эндүүрч хэлсэн байх бас магадлалтай. Галт уул Солоноос 9000 биш, 900 жилийн өмнө дэлбэрсэн гэвэл МЭӨ 1500-гаад он болж байгаа нь Минойн соёл иргэншийн онолыг баталж байна.

Удаад нь, Платон Атлантидыг Гераклын баганасын цаана буюу Гибралтарын хоолойн цаана гэж заасан нь Минойн онолоос зөрж байна гэдэг ч Платон зориуд уран зохиолын аргаар ингэж алсруулж бичсэн байх магадлалтай юм. Тэгээд ч эрт цагт Гибралтараас өөр хоолойг Гераклын баганас гэж нэрлэж байсан байх боломжтой билээ.

Гуравт нь, Платон Атлантидыг Ливи, Бага Азиас том нутагтай гэж бичсэн нь Крит орчмын бүх арлаас хамаагүй том боловч Минойн хүчирхэг соёл иргэншлийг асар том газар нутагтай дүйцүүлэн бичсэн байх боломжтой гэж үздэг байна.

Грекийн археологич Маринатосын малтаж илрүүлсэн хүрэл зэвсгийн үеийн асар хөгжилтэй, уран барилгын үлгэр жишээ бүхий Акротири хот өдгөө аялал жуулчлалын том төв болжээ.

Сонирхолтой нь, үнсэнд дарагдсан Акротири хотоос хүн амьтны араг яс, үнэт эдлэл олдоогүй нь гамшиг нэг эгшинд нөмрөөд аваагүй, галт уул хэсэгтээ утаа савсуулж байсан тул хүмүүс хотоо орхиж явсан гэж дүгнэхэд хүргэжээ. Хөлөг онгоцоор хөвсөн хүмүүс дэлбэрэлтийн дараа дэгдсэн тэнгисийн хүчтэй шуурганд өртөж эрсэдсэн биз ээ.

Өдгөө эрдэмтэн судлаачид Атлантид арал гэж үнэндээ байсан бол тэр нь Минойн соёл иргэншил мөн гэж үзэж байна. Гэхдээ л үлгэр домогт үнэнхүү шимтэн дурлах хүн төрөлхтөн Атлантидад итгэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа билээ.