“Ардын” баатар үхсэн(I)
Гэснээс, мань Сосорбарамыг “Ард” кино театрыг хувьчлалаар авчихлаа гэж үхэх нээ, бас. (уг нь мөнгийг нь төлсөн юм билээ) Гэтэл цаадахь чинь, жүжигчин хүн насаараа улсын театрын жүжигчин- албан хаагч яваад үхэх биш, харин хувьдаа театртай байх боломж гарах юм байна гэж мэдээд ардчилсан хувьсгалыг хийлцсэн юм. Жэнко ч гэсэн ардчилал бол махны худалдагч царайчилсан иргэн байхын оронд хувьдаа махкомбинаттай эзэн болох боломж гарах юм байна гэж мэдээд ашигласан юм. Хоюулангийнх нь зөв. Даанч нэг нь хэлэгдээд, нөгөө нь хэлэгддэггүй л болохоос.
“Ардын” баатар үхсэн(I)
“Монголчууд түүхэндээ: өнөөдөр шиг эрх чөлөөтэй,
өнөөдөр шиг элбэг хангалуун, өнөөдөр сэтгэл дундуур,
өнөөдөр шиг хувь заяандаа гомдолтой байж үзээгүй.
БААБАР
Буруугийн оронд буруутан.
Бидний зовлон юунд байдаг гээч? Гай зовлонгийнхоо шалтгааныг олж арилгахын оронд буруутныг тодруулж гэсгээх гэдэгт байдаг. Үүнийг өгүүлэх үлгэр, домог ч зөндөө. Таварцаглаж уначихаад уурандаа гутлынхаа улыг ханзалж хаяад явсан хүний паян ч дуулддаг.
-Таварцаглах шалтгаанаа эгүүрд арилгачихлаа гээд сэтгэл тэнүүн одсон байх даа, хөөрхий.
Ардын сурган хүмүүжүүлэх ухааны тулгын чулууны лавтай нэг нь ийм философи байдаг. Жишээлэхэд, балчир хүүхэд хальтирч унаад ширээний өнцөг мөргөн уйллаа гэхэд ширээг зодох байдал гарган “Чи яагаад миний хүүхдийн толгойг өвтгөв, айн? Дахиад ингэхээ байх уу, чи” гэхчлэн хөрөнгө хогшлоо буруутган загнана. Хүүхэд ч тайтгарч, цаашдаа өөрийн алхаа гишгээг анхаарч явахын оронд хазгай гишгэснийхээ буруутныг хайдаг нэгэн болж хүмүүжнэ.
Монголчууд тэнэг болохоороо, эсвэл хүний адаг учраас ч ийм болчихсон юм биш. Учир ч бий. Байгалийн эрхшээлд амь зууж ирсэн нүүдэлчдэд амьдралын олон асуудлыг нэгмөр шийдвэрлэх боломж байсангүй. Суурин иргэд далан бариад үерийн, шуудуу татаад ган гачгийн бэрхшээлийг тодорхой утгаар шийдэж ирсэн. Гэтэл нүүдэлчид гол бэрхшээл болох ган, зудын гамшгийг нэг мөр шийдэх ямар ч боломжгүй.
Малчдыг хадлан авдаггүй л гэнэ, залхуу л гэнэ. Хадлан аваад хэрэг болох эсэх нь эргэлзээтэй. Өнтэй өвөлжвөл бухал хатаж, өгөршөөд хэрэггүй хог болох, эсвэл өөр тийшээ оторлож нүүгээд нөөцөөсөө хол хичнээн ч жилийг үдэж мэдэх. За тэгээд, зуд боллоо гэхэд хадсан өвсөөрөө малаа тэжээгээд өвлийг давах аргагүй. Авсан хадланд нь таарах хэмжээгээр тугнасан цас хэзээ орохыг бурхан л мэднэ. Энэ бүхнийг илэрхийлсэн “Илүү ажил болох” гэдэг хэллэг бий. Учир утгагүй, үр дүнгүй хөдөлмөрлөхийн нэр юм. Тариачны ургац нь хураахын өмнөхөн сүйдэх хэрийн, барилгачин хүний босгосон байшин ашиглалтад орох өдрөө нурахын дайны л утга заах хэллэг. Нүүдэлчний хувьд “илүү ажил”-ын учруулах сэтгэл зүйн хор уршиг үлэмж. Гэгээн сайхан хүсэл мөрөөдөл, утга төгөлдөр хүсэл зорилгоор хийж бүтээсэн ажил үр дүнгүй, ямар ч ашиггүй, тэнэг учраас л хийсэн мэт зүйл болох нь ямар сайн байхсан билээ?
Хүний хүчин зүйлээс огт хамаарахгүй зуд турхан, сэтгэл гонсойлгосон “илүү ажил” сэлтийн учир шалтгааныг өөрөөсөө хайлтай биш дээ. Хайгаад ч “Би мөн азгүй еэ”, “Ингэхийг мэдсэн ч болоосой” гэхчлэнгээр гунихруулж, сэтгэлийн зовлон л нэмэхээс хэтрэхгүй. Иймээс, зуд болсны, үер урсгасны буруутанг олж сэтгэлээ тайтгаруулдаг болсон бололтой байдаг юм. Гай зовлон, бэрхшээл садааны цаанаас өөрийн хайнга, залхууг олж харахын оронд ямар нэгэн дайсан, буруутанг олох нь сэтгэл зүйн хувьд нэн таатай. Ямарч тохиолдолд “би буруугүй” гэх зарчим ноёлдог мөнөөх “Монголын их амар амгалан”-гийн философи ингэж “үнэнхүү мэндэлсэн” бөлгөө.
Хонио хариулахаас залхуурч залчихаад чононд идүүлснийхээ бурууг тэднийхээс гарахдаа босгонд бүдэрч, “гарзын үүд” нээсэн гийчинд тохож, лекциэ тасалж, бие даалтаа цалгардуулаад шалгалтанд унасан оюутан доогуур нь санаандгүй гарсан ацтай шонгийн модыг гэмт этгээдэд тооцоод явахад сэтгэл хичнээн хөнгөн гээч!
Монголчууд лагерийн дүрмээр хуарагнаад зуугаад жил, жам ёсны иргэншлийн замд ороод гучаад оныг үдэв. Жараад оны их үерт нийслэлийнхээ талыг урсгасны эцэст босгоод өдгөөг болтол Улаанбаатарыг хамгаалсан Туул голын далан, уржнангийн үерийн сургамжаар янзалж эхлээд өнгөрөгч зуны уруй, халиаг даагаад гарч буй Сэлбэ, Дунд голын эргийн хамгаалалт, голдрилын цэвэрлэгээ нь бурууг өөрөөсөө хайхыг чухлыг уг нь хэлээд байгаа. Гэлээ гэсэн ч бид “Монголын их амар амгалан”-даа бат оршиж , би буруугүйн тайтгарал нь “дахин, дахин мэндэлсэн, үнэнхүү мэндэлсэн” байдалтай. Тэр хэрээр бид гай зовлонгийн үер, уруйд дайруулсаар. Дайруулахын хэрээр хэн нэг буруутанг зааж, сэтгэлээ зогоон, дараагийн үерийг хүлээх бөлгөө. Жишээлбэл...
“Ардын баатар” үхсэн
Жишээлбэл, өнөөдрийн зовлонгийн шалтгаан нь Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд биднийг хуурсанд байна гэнэ. Цөөнгүй хүн бичих болж. Яг юу гэж хуурсныг шуудхан хэлэхгүй ч “өөрснөө ядуугаараа, гудамжинд үхээд, харин чамайг баян болгож үлдээнэ” л гэж амлаад хуурчихсан бололтой юм аа. Тэгээд л хэлснээрээ тураад үхсэнгүй л гэж гомдоод байх бололтой. Ингэж боддогоо нуух ч үгүй юм. Өөрөө сайн явахын зэрэгцээ, хэн нэгэн турж үхэж, гуйрамч болоод зүйлс дуусахыг бас хармаар байдаг л бололтой. Бололтойгоор барахгүй тэгж хүсдэгээ нуухгүй юм. Зүгээр л чи ч жаргаад, тэр хүн ч жаргаад явахыг тэвчихгүй, түүний оронд хэн нэгний гашуун зовлонгоор жаргалаа хачирлаж баймаажин сэтгэл ханадаг ийм садист, зандалчин сэтгэлгээтэй улсаар бишгүй.
Яг үнэндээ бол аз жаргалыг “ард түмэн” хэмээх тодорхойгүй олонхид бэлэглээд өөрөө хоосон үлддэг, их төлөв үхдэг баатар бол ХХ зууны коммунист суртал нэвтрүүлгийн зохиомол дүр юм. Үнэндээ бол, олсон бүхнээ “хар нохойн хоол, хаа хамаагүй амьтны идэш” болгож хаяад өөрөө үхдэг, тийм баатар үлгэрт ч байдаггүй. Үлгэрийн баатрууд чинь санасандаа хүрч, сарвайснаа аваад амар сайхан жаргасан байдалтай л дуусдаг санагдах юм.
Тийм явдал паянтай хүмүүн-баатар байтугаа Бурхан ч үгүй. Шагжаа овгийн ханхүү ч гэсэн олсон хамаг гэгээрлээ (хөрөнгөө) ард түмэнд өгчихөөд өөрөө харанхуй мунхагаараа(ядуугаараа) үлдээгүй. Өөрөө эхэлж гэгээрэлд хүрээд хамаг амьтныг тэр замаараа газарчлан хөтөлсөн. Тэр байтугаа “би чиний нүглийг(ядуурлыг) угаахгүй, өөрийн гэгээрлийг (хураасан баялгийг) чамд юүлэхгүй, харин өөрийн нээсэн гэгээрлийн замаар та нарыг хөтлөн хүргэнэ” гэдгээ тодорхой хэлсэн. Будда Шагжаамуныг “аврагч Тэнгэр” энээ тэрээ биш харин “багш Бурхан” буюу Бурхан багш хэмээдэг нь ийм нигууртай.
Хувь хүний өмчийг хурааж, эрх чөлөөг булаадаг дарангуйлагч тогтолцоог зөвтгөхийн тулд “ард түмэнд баялаг авчирч өгөөд өөрөө ядуу үлдсэн баатар”, “ард түмэнд жаргал бэлэглээд өөрөө үхсэн баатар” нарын үлгэрийг зохиож өгсөн юм.
Гол логик нь “сайхан цагийг авчирсан баатрууд хүртэл өмчгүй үлдсэн байхад сайхан цагт амьдарч байгаа чамд өмчийн хэрэг үгүй. Баатрууд хүртэл аз жаргалаасаа хагацсан байхад чи нэг их жаргах гээд байх хэрэггүй” гэдэг санаа. Эрх чөлөөг нь хураачихаад эрх чөлөө онцын хэрэггүй болохыг, хөрөнгийг нь хураачихаад хувийн өмч дэмийг ухуулсан суртааль, мөн үү? Ийм “баатар”-уудын үлгэрээр хүмүүжүүлэх ажил зохиож ирсний үр дүн нь өнөөгийнхөн. Тавиас дээш насныхан шууд үр дүн нь бол үлдсэн хэсэг нь буюу 90-ээд оноос хойш төрсөн атлаа, социализм нь аз жаргалант диваажин байсан мэтээр “хуучилдаг” багачууд бол бол “үр дүнгээс төрсөн үр дүн” юм даа.
Харин 1990 оны ардчилсан хувьсгалыг үзэл суртлын зохиомол баатрууд биш амьд хүмүүс хийсэн юм. Тэд эрх чөлөөт нийгэмд амьдрахыг хүсснээс биш баригдах биегүй “ард түмэн” гээчид хамаг юмаа өгөөд өөрөө үхнэ, үхдэггүй юмаа гэхэд гуйлгачин болж үлдэнэ гээгүй. Эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй амьдрах боломж олдвол бүгдэд олдох учраас л хамтаараа хувьсгал хийхийг уриалж боссон. Олон түмэн ч үүнийг дэмжиж хэдэн арав, зуун мянгаараа хөхөө өвлийн хүйтэнд хамтдаа эгнэн жагссан. Ийм л юм болсон доо, хүүхээ!
Бас бусдаасаа ядуу байсан учраас хувьсгал хийгээгүй. Нарийн яривал, эрх чөлөө боломж нь олдвол илүү баян чинээлэг амьдарч чадна гэдгээ мэдэрсэн хүмүүс байжээ.(Ямар ч тэнэг байлаа гээд шоронгийнхаа бэлэн бантангаас салбал тураад үхнэ гэдэгтээ итгэсэн бол хорихоос оргох гээд явахгүй биз дээ) Ардчилсан хувьсгал хийлцсэн улсын хэн нь ч “Би хувьсгал хийж өгөөд үхнэ. Би та нарт баяжих боломж гаргаж өгөөд өөрөө гуйлга гуйна. Би өөрөө ядуурч үлгэрлэнэ” гэж тангараглаагүй. Тангараглах байтугаа, согтуудаа ч тэгж ам алдаагүй.
Эрх чөлөө олдвол илүү сайхан амьдрах боломж байгаа гэдгийг мэддэг, түүндээ итгэдэг л хүмүүс эрх чөлөөг эрэлхийлдэг. Тэд өөрсдөө тусгай дэлгүүрт ордог, тусгай зусланд амардаг дарга сайд болох карьер хөөхийн оронд тийм боломжийг нийтээрээ олж авцгаая гэж уриалсан л улс. Тэр боломжоо ч олсон иргэд.
Гэснээс, мань Сосорбарамыг “Ард” кино театрыг хувьчлалаар авчихлаа гэж үхэх нээ, бас. (уг нь мөнгийг нь төлсөн юм билээ) Гэтэл цаадахь чинь, жүжигчин хүн насаараа улсын театрын жүжигчин- албан хаагч яваад үхэх биш, харин хувьдаа театртай байх боломж гарах юм байна гэж мэдээд ардчилсан хувьсгалыг хийлцсэн юм. Жэнко ч гэсэн ардчилал бол махны худалдагч царайчилсан иргэн байхын оронд хувьдаа махкомбинаттай эзэн болох боломж гарах юм байна гэж мэдээд ашигласан юм. Хоюулангийнх нь зөв. Даанч нэг нь хэлэгдээд, нөгөө нь хэлэгддэггүй л болохоос.
Гэтэл ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд бусдаасаа ядуу байсан, ядуугаараа насыг барах байсан учраас ардчилсан хувьсгалд оролцсон гэх гүн ухааны дүгнэлт их сонсдох болжээ.Саяхан нэг нөхөр “Хэрвээ Ардчилсан хувьсгал гараагүй бол нөхөр Дорлигжав Увсад малын бага эмч хийж байх байсан” гэж бичээд их л дэмжлэг авсан харагдав. Үнэн юм энд нэг байна. Тэд өөрсдөө ядуу биш, эрх чөлөөгүй биш амьдрахгүй л гэж хувьсгал хийсэн. Энэ бол нэгдүгээр үнэн.
Яг нарийндаа бол, ардчилсан хувьсгалын гол зүтгэлтнүүд тухайн нийгмийнхээ дундажаас дээгүүр амьдралтай, дундажаас дээш ирээдүйтэй улс байсан юм шүү. Бод доо!!! Төрийн шагналт зохиолч С.Эрдэнийн хүү Бат-үүл яагаад ч чиний дор мөлхөхгүй тавилантай төрсөн байсан. Өөрөөсөө болоод гудманд гарчихгүй бол шүү дээ. Хамгийн муугаар бодож, хүн алж хүрээ талсан ч байг, чамаас бага ял аваад, шоронд чамаас илүү тухлаад, чамаас түрүүлж суллагдах заяа ногдсон цөөнхийн нэгэн.
Сайд асан, МУИС-ийн декан явсан түүхч эрдэмтэн Санжаасүрэн, “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр алдаршиж, Монгол-зөвлөлтийн найрамдлын бэлгэдэл болсон Доржпалам гуай хоёрын дундаас төрсөн С.Зориг бусдаасаа дор явна гэж байх уу, айн? Тэрбээр карьераа шууд л Их сургуулийн багшаас эхлээд байсан. Тэр үеийн дундаж сэхээтний мөрөөдөл нь юун МУИС-д багшлах вэ, хөдөө суманд цөлөгдчихөлгүй аймгийн төвийн дунд сургуульд багшаар үлдэх л байв даа.
Тухайн үеийнхээ дарга нарыг бэлтгэх албан ёсны Их сургууль- Намын дээд сургуулийн багш, дэд эрдэмтэн, аминдаа машинтай Д.Ганболдыг аянга л ниргэчихгүй бол социализмдаа тарвалзаад л явчих байсан юм. Р.Гончигдорж Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнгийн захирал, үлдсэн социалдемократууд нь их дээд сургуулийн багш нар. Хүрээлэнгийн захирал, Их сургуулийн багш гэдэг чинь нийгмийн элит хэсэг. За тэгээд, МҮДН-ийхэн бол төлөвлөгөөний комисс, улсын банкны ажилтан, хүрээлэнгийн захирал голдуу. Энэ М.Энхсайхан энэ тэр чинь боломжгүй нь байтугаа, боломжтой хэсэг нь атаархам, өсөх ирээдүйтэй залуу эрдэмтэн явсан.
БНМАУ-д үйлчлэгчийн цалин 150 төгрөг, малаа нийгэмчилсэн эмээгийн маань тэтгэвэр 35 (135 биш зүгээр л 35 шүү) төгрөг байхад орлогч сайдын цалинтай, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, гурав дөрвөн гадаад хэлтэй Баабарт тийм муу ирээдүй байсан гэж үү?
Дорлигжав, хөдөө суманд малын бага эмч байсан нь, өлгийтэй байхдаа орондоо баасан шиг нь үнэн боловч 1990 онд Зөвлөлтөд дээд сургууль төгсч ирээд, Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны ажилтан болоод амжсан байсан юм. Хотын Эвлэлийн хороо бол ирээдүйн хотын намын хорооны дарга нарын дадлагажих газар байсан. Дээр нь Увсаас ирснийг хэлэх үү, яаж ч муудсан БНМАУ-ын ихэнх иргэдийг шалгах, зааварлах эрх бүхий бүлэгт тэр бүлэгт багтаж л үлдэх байсан.
Энүүгээрээ чи юу гэх гээд байна гэхээр, үлгэрт гардаг шигээр чиний хүсэл биелээд нэг өглөө эргээд социализмдаа сэрлээ гэж бодоход, наадуул чинь цөмөөрөө чамаас илүү амьдраад явчихнаа л гээд байгаа юм.
Сонин юм. Өнөөдөр ч гэсэн ардчилал, либералчлал, эдийн засгийн эрх чөлөөг хамгийн чухалд үзсээр яваа хүмүүсийн ихэнх нь социализмдаа биднээс толгой дээгүүр, тохой илүү явчихаар байсан улс харагдах юм. Наад зах нь МАН-ын дарга асан С.Баяр л гэхэд аль наяад оны сүүлээр орлогч сайдын зиндааны албанд оччихсон байсан, цаашдаа улс төрийн товчоогоо байг гэхэд жинхэнэ сайдын алба, аравдугаар дэлгүүр, нүхт байтугаа Ихтэнгэрийн зуслан зурайсан нэгэн байсан л нэгэн дээ. “Хуучнаараа байсан бол сайхан байсан” гэж хамгийн их л дуулмаар улсын нэг.
Ардчилал гарснаар “ардын баатар” үхсэн. Байдаггүй юм үхнэ ч гэж юу байх вэ? Үлгэрт ч тийм баатар байдаггүй гэдгийг мэдсэн. Ардчилал юу өгсөн бэ гэхээр эрх чөлөө. Эрх чөлөө гэж юу вэ гэхээр жаргасан ч, зовсон ч өөрийн эрхээр байхын л нэр. Өвөг дээдэс маань “хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэж сургасан гэх...Жаргалтай байгаа бол чиний сайных, зовлонтой байвал чамд бас асуудлын гогцоо байгаа л гэсэн санаа.
Мэдээж хэрэг та, Засгийн газар муу ажиллаж байгаад, авилга ихэдсэнд, Оросын эрх ашгийн үүднээс, эрчим хүч, зам харилцаа, ерөөсөө эдийн засгаараа тэдний хараат хэвээр байлгах зорилготой “тавиул”-ууд улс орныг маань хорлоод байгаад “ би ямар буруутай юм бэ” гэх л байх. Чи засгийн эрх бариагүй, чи авилга аваагүй, чи улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг нураалцаагүй байх. Бас “Есөн улаан гапий”-гаар эх орноо, эх эцгээ худалдаагүй ч байж болно. Гэхдээ чи авилгачдыг эрх баригчаар сонгоход оролцсон, “тавиулууд”-ыг улаан цайм дэмжээгүй юм гэхэд эсэргүүцээгүй л шүү дээ. Дэмжих боломжийг ашиглаагүй, эсэргүүцэх боломж байсан ч эсэргүүцээгүй явдал бол гэм бурууд ордог. Данте бээр, гай зовлонг таниагүй харанхуйчуудаас илүү мэдсэн ч хэлээгүй, эсэргүүцээгүй бэртэгчингүүдийг тамын хамгийн хүнд хэсэгт дүрсэлсэн байдаг даа.
-Айн? Тэмцээд, тэмцээд яаж ч чадахгүй юм чинь гэж үү? Яаж ч чадахгүй байна гэдэг бол арга мухардсны шинж биш, харин арга барилаа өөрчлөх хэрэгтэй болсны л шинж гэж мэднэ л биз дээ? Ямар, Монгол хүнд мэдэхгүй юм ч гэж байх биш
Ингээд бодохоор ардчилал, эрх чөлөө гэдэг бол өөртөө итгэдэг хүмүүст л агаар ус мэт чухал эд юм даа. Харин өөртөө итгэдэггүй. Итгэдэггүй ч юу байх вэ, итгэхийг хүсдэггүй болохоор л хэн нэгэн ирж жаргаахыг хүлээдэг, жаргааж өгөхгүй байгаад бусдыг буруутгадаг заримд лагерийн дэглэм нь л гоё бололтой. (Өөртөө итгэх итгэл гэдэг бол зөв хөгжсөн Эго. Эго-гүй төрсөн хүн гэж гэж үгүй) Насаараа нарсанд суусан хашрууд энгийн амьдрал зохицох чадвараа нэгэнт алдаад лагерийн дэглэмдээ ээнэгшсэн байдаг гэдэг. Тэд ялаа дуусгаад гарвал бушуухан хэрэг хийгээд эргэж ордог, эсвэл зориуд оргоод, зориуд баригдан ялаа нэмүүлдэг гэх. Гэтэл лагерийн дэглэмдээ дассан, өөрийн эрхээр хариуцлага хүлээж амьдрах хүсэлгүй хэдхэн этгээдийн эгээрлийг хангах гэж улсаараа эрх чөлөөгөө алдалтай биш дээ, айн?
Авилгачид дүүрэн бна. Үнэн. Тэд эрх мэдэлтэй, төр барилцаж байна, үнэн. Гэхдээ Ардчилсан хувьсгалаас хойш нэг ч төрийн эргэлт болоогүй,засгийн эрхийг хүчээр булаан авсан явдал гараагүй. Сайн ч муу , шударга шударга бус ч байг хамаагүй ардчилсан сонгуулиар л төрийн эрх шилжээд яваа.
Өнөөдрийн энэ нийгэм бид бүгдийн хүртээл. Хууртсан бол чи хууртсан. Хууртахгүй байх боломж чамд байсан, гэвч чи хууртсан. Худалдагдсан бол чи ч худалдагдсан, худалдагдахгүй байх эрх чөлөөг ардчилал чамд өгсөн, гэвч чи эс хэрэгссэн.
Хуурсан, чи хамтдаа хууралцсан, хуурч байгаагаа мэдэж байсан ч “Яадын үхсс. Цөмөөрөө л хуурч байгаашдээ” гэж өөрийнхөө хүн чанарыг хуураад өнгөрсөн.
Чи санал худалдан авахад оролцоогүй, дэмжээгүй байж магад. Гэхдээ л чи саналаа худалдаж байгаа нэгэнтэй тэмцээгүй, үгүйдээ л тэдэнтэй тэмцэгчидтэй нэгдээгүй, ядахнаа шударга хүмүүст сэтгэлийн дэм өгөөгүй. Их сайндаа “Надтай надгүй болох л байлгүй” гэж өөрийнхээ хүн чанарыг панаалдсан.
Илбэ жатгачид “Албин, адын юмс нүдэнд үзэгдэхгүй ч толинд тусна” гэж хэлдэг юм. Ортой. Чамд толь байгаа биз дээ?Урдаа тавиад хар даа. Нэг гэмгүй царайлсан Сда(нээрээ СТА гэж товчилдогшдээ) өмнөөс чинь малдийж байна уу? Наадах руугаа нулим? Воо...харууш, өнөө “Яадын үхсс! Бүгдээрээ л тэгдэг ш дээ” гэж итгүүлсэн, “надтай надгүй болох л байлгүй” гэж ятгасан албин чинь энэ юм шүү дээ, анд аа!!!
...Баатар үхсэн, баатар ч юу байх вэ, баатрын дүрээр бүтээсэн үзэл суртлын хуурамч “баатар” үхсэн байсныг бид гучин жилийн тэртээ мэдсэн. Өнөөдөр баатрын дүр бүтээж байгаа бүхэн хуурамч, баатар эрж байгаа бүхэн төөрөгдсөн. Түүнчлэн, “хуурамч баатар”-ын мөнхийн дагуул байсан “ард түмэн” гучаад жилийн мөнх бусаа үзүүлсэн. Тэр нь ийм учиртай...
Үргэлжлэл бий.