“Мандал дээрээс тэнгэр ойрхон”


Баруун Алтайн алдарт “Их улаан даваа” давж алс хязгаарын Үенч, Булган, Алтай сумууд руу зорчигч болоод ачаа тээвэрлэх нь орос машины ясыг шалгаж, жолооч нарын арга чаргыг бардаг ажил байсан тухай яриа эдүгээ домог болжээ. Учир нь Бодончийн хавцалд Улаанбаатарынхаас илүү толигор засмал тавигдсан. Аав минь нэгдлийн жолоочийн жаргал, зовлонг туулж, би бээр кабинд нь өссөн болохоор дээрх давааны бартаат нугачаа, цас мөс, шавар усны хахир хэцүүг дэндүү сайн мэднэ. Гэхдээ энэ бол бурхан сэтгэлтэй, ширгэшгүй буянтай даваа.

“Их улаан”-ны атриат магнай дээрээс Мандал хайрханы цаст зулай нүдэнд тусна. Тэндээс Үенчийн үзэсгэлэнт хавцалыг туулж Мандал хайрханы баруун сугад хүрэхэд бараг гурван цаг бэдрэнэ. Тэгээд Хайрханы ноён оргил дахь тахилгын овоо хүртэл мориор бараг 4 цаг зүтгүүлнэ. Гэхдээ онцгой сайн эмээл, тохом, олом, жирэмтэй, бас нарийн хийцийн төмөр тахтай, зориуд сойсон ажнай шаардагдана. Эс тэгвэл тэнгэрт тулсан даваа гүвээ, хад асга, булаг шандыг туулах амаргүй. Аадар бууж, мөндөр асгарч, цас шидэлж, салхи ширүүсвэл бүр ч хэцүү. Энэхүү хайрханы тэргүүн нь 3400 гаруй метрийн өндөрт үүлстэй наадаж оршдог. Захчин түмний түүхт “Харуул овоо”-г энгэр биедээ чандлан тэвэрч, торгон хилийн Байтаг богдын зүг үргэлж ширтээстэй дүнхийх нь сүртэй.

Мандал бол эртний унтарсан галт уулын тогтоцтой. Өвөр талаасаа өмнө ба ар Жаргалан, Суурга, Тариг, ар талаасаа Улиастай, Их лиш, Бага лиш, Сайр, Шана, Шаварт, Баянсалаа зэрэг олон гол, горхи ундруулсан амьд хайрхан. Өвөр биеийнх нь Үенч гол 126км урсах бөгөөд замдаа сумын төвийг эмжиж туналзсаар Цагаан түнгийн Зах усны хөрсөн доогуур шургадаг. Харин ар биеийнх нь Улиастай гол 70 км урсаж Чацарганы шаргал хөндийн хөрсөнд шургаж Булган гол руу оддог. 

Чацарганд миний хөгшин аав Самбуугийн өвөлжөө, Ар Жаргаланд миний нагац өвөг аав, Захчин гүний хошууны Түвшээ захирагчийн өвөлжөө эдүгээ хүртэл байдаг. Миний бие Чацарганад төрж, тэнд зэрлэг чацаргана идэж өссөн нэгэн. Өндөр сүрлэг Мандалынхаа өнгө, үнэр, араншин, өвгөд дээдсийнхээ буян заяанаас хүртсэндээ би залбирч явдаг. 

Цэлмэг сайхан өдөр их хайрханы тэргүүн дээр гарваас зүүн хойд руу Алтай Таван Богдын бараа цайвалжиж, зүүнтээ Мөнххайрханы сарьдаг оргилууд сэрийлдэж, өмнө зүгт Сутай хайрхан, Мянган угалзатын нуруу, Бодончийн хавцал, Байшинтын нуруу цуврана. Тэгээд Бодонч,Үенч, Булган гол, эдгээр сумдын төв тодорно. Баруун урагш халайвал Тахийн шар нуруу, Байтаг богдын уулс цэнхэртэж, бас Олон булаг, Уушгийн хилийн застав ч харагдах. Мандалаас хил хүртэл 160 гаруй километр шүү дээ. Энэ оргилд гарч үзээгүй хүний хувьд ийм ярианд үнэмшихэд амаргүй. 

Нутгийнхан үеийн үед Мандалыг тахин шүтэж, тэр нь шинэ цаг үед уламжлагдаж үлдсэн нь түүний байгалийн унаган төрхийг аварч хадгалахад тустай хэрэг болсон юм. Тэндээс түмэн горхи, булаг эх авч нуга салаа бүрээр нь эрчлэн бууж Үенч болоод Улиастай голыг тэтгэдэг. 

Халиун буга


Согоо харуулдаж, зүрх, мэдрэмж нь согтсон энэ буга хадан цохионоос үсэрч ч мэднэ, яарсандаа. Улиастайн “Баян салаа”-н буга согоог нутгийнхан минь сэтэртэй мал лугаа хайрладаг учраас тэд амгалан тайван амьдралтай. Бугын эвэр, зуулт, чив мэт хүмүүний шунал гижигддэг юмсыг Үенчийнхэн эс тоодог уламжлалтай. 

Харлаг тэх


Мандал хайрханы амьтан, шувуудыг буу саадагаар цочроож айлгах явдал орхигдсон түүх учраас тэд нүүж суух, оргож зайлах явдлыг эс мэднэ. Энэ харлаг тэхийн донжтой дүр, алхаа гишгээ, эвэр туурай, өнгө зүс нь цаанаа л нэг ихэмсэг бөгөөд эзний төрхтэй. 

Хахилаг

Цармын бүргэд


Тэнд цармын бүргэд, ёл, хойлог, ахуун, хөхөө, хур, сойр, харцага, хахилаг зэрэг янз янзын шувууд хуран чуулдаг нь уул, үүл хоёрын дунд орших энэхүү диваажин лугаа буурал хайрханд үүрээ засаж, үрсээ өсгөн торниулдагийнх бизээ. 

Мандалын зальт шар


Мандалын жинхэнэ эзэд нь дээрх жигүүртнээс гадна аргаль угалз, янгир ямаа, халиун буга, цоохорирвэс, соотон шилүүс, саарал боохой зэрэг зэрлэг амьтан юм. 

Цагаан тохомт гулз


Угалзыг “гулз” гэх нь нутгийн үг. Цагаан тохомт гэдэг нь арваас дээш насны хөгшин угалз аж. Энэ гулз бол соргог, хашир, хүчирхэг, өлчир, зиндаархаг нэгэн. Миний хуруу бээрч, хацар хайрагдсан өглөөний жаврыг мань эр сөрж аргалийн сүрэг хөөж одсон юм.

Хойлог шувууг “улир”, хөгшин тэхийг “харлаг” гэх нь өвөрмөц захчин хэллэг санж. 

Цармын цэцэгс


Мөнх цастай хүрмэнд өнгө өнгийн цэцгэс нялхран дэлбээлсэн нь ер бус. Зуны дунд сард эрхий чинээ мөндөр бууж, чигчий чинээ ширхэгтэй цас бударч, чихний үзүүрийг часхийлдэг оргил шүү дээ. Ширүүн салхитай өдөр сарлаг ч эс тэсэх орчин. 

Мандалын ар биеийн нуга, салаануудын ой мод нь үхрийн нүд, тэсгэлжин, тошлой, нохойн хошуу зэрэг жимсгэнэ элбэгтэй. Тэндэхийн агаар нь хүртэл жимсгэний амт, үнэртэй. 

Шар намрын үүрийн гэгээтэй уралдан халиун буга урамдаж, хадны хойлог эсгэрэх нь нэн эгшиглэнтэй. Ингэж нийцэн зохиролдох нь хамаг амьтан, жигүүртний жаргал. Тэд бээр Мандалтай хүйн холбоотой.

Өндөр хайрханы буурал тэргүүнээс магнаг хөх тэнгэр ойрхон харагдах. Хүн, амьтан, шувуудын амьд диваажин энэ буюу. 


2019.01.28
(“ЭС ХАЙРЛАХЫН АРГАГҮЙ ЕРТӨНЦ” ЦУВРАЛААС)