(40 жилийн өмнөх амьдрал тавиас доош насныханд  сонин байж магад.
Бичлэг нь хуучинсаг тэнэг санагдвал битгий дуустал уншаарай).

Би өглөө эрт босоод усанд оров. Цоо шинэ цагаан цамцны дэргэр цардмал захан доогуур намайг зангиагаа арай ядан шургуулж зогстол орцны үүдэнд машины дохио жингэнэлээ. Цонхоор харвал манай үүдэнд тас хар мерседес зогсож байна. "Тэрэг маань ирчихжээ" гэж намайг бувтнахад манай хүүхдүүд цонхоор толгойгоо шоволзуулан "Яасан хачин гоё машин бэ" хэмээн дуу алдацгаав. Намайг мерседестээ ороход өглөөний агаарт салхилж суусан манай байрны зүрх муутай тэтгэврийн хоёр гурван хөгшин "Энэ муу Доржготов чинь сайд болчихоо юу" гэж уулга алдсан царайгаар үдэж билээ.
        
Хижээлдүү жолооч надаас "Шууд Буянт ухаа юу?" гэж намдуухан асуухад би дуугарсангүй, зөвхөн толгой дохив. Энэ бол дарга болсон хүний хэвийн их зан гэж хэн ч хэлэх. Гэвч би мерседест анх удаа сууж буйгаа жолоочид мэдэгдэхгүйн тулд машинаас гарахдаа хаалганы дотор талын хэдэн бариулын алийг хааш нь хөдөлгөх вэ хэмээн судлаж явлаа. 
        
Коммунист ажилчны намын хийгээд ялангуяа гуравдагч орны томхон зочид ирэхэд үйлчлэх зорилгоор манайх баруун Германаас хэдэн мерседес авсан юм байна. Мерседесүүдийг Дотоод яамны гуравдугаар газраас шалгаруулсан жолооч нар барих болжээ. Шалгарсан нэг жолооч анх тэргэндээ ороод асаатал нөгөө гайхал мерседес чинь герман хэлээр ярьж гарчээ. Мерседесийг хөрөнгөтний ухуулаг хийлээ гэж мань жолооч сэжиглэж, бас хажуугаар нь сонор соргогоо харуулахаар шалгуулбал тэр нь ухуулга биш ердөө л мерседесийг анх жолоодож буй хүнд зориулсан заавар байжээ.
        
Зөвлөлтийн шог сэтгүүл "Крокодил"-оос манай "Тоншуул"-ын урилгаар Полянский гэгч шог зохиолч-сэтгүүлч жүүд айдчилсан юм. Би бээр тэрхүү хүндэтгэлтэй зочинд үйлчлэх албанд томилогдлоо. "Хүндэтгэлтэй зочин" гэсний учир гэвээс "Тоншуул"-ыг нам, засгийн төв хэвлэл "Үнэн" сонины газар эрхлэн гаргадаг, өөрөөр хэлбэл, "Тоншуул" мөн л нам, засгийн төв хэвлэл тул энэ зиндаагаар Тоншуулын зочин Намын Төв Хорооны гадаад харилцааны шугамаар айлчилж, Богд уулын Их тэнгэрийн харшид залрах болов.
        
Буянт ухаагийн нисэх онгоцны буудлаас барууны хар тэрэг хөлөглөн хотын гудамжаар давхихад замын цагдаа бидний машины урдахь шилэнд байрлуулсан алтан шар соёмбо тэмдгийг анзаармагц шүглээ үлээж, хар замаар энд тэнд яйжигнасан хэд гурван москвич, волга, 69-ийг зогсоогоод, (тэр үед олон машины түгжрэл гэдгийг мэдэхгүй шүү дээ) бидэнд ёсорхог хөдөлгөөн дохиогоор зам тавьж өгнө. Бид ч цагдаагийн дэргэдүүр машингүй шахам хоосон гудамжаар хуй салхи мэт хурдлан өнгөрч явлаа. Ингэж их хурдалдгийн учрыг зочин маань сонирхоход үг алдах янзгүй Гуравугаар газрын жолооч "Зочинтой явах үед үүнээс бага хурдтай явах хориотой" гэж хариулсныг би Полянскийд орчуулбал түүний том ногоон нүд ямааны бөгс үнэрлэсэн ухных шиг бүлтийгээд, "Аажуухан явбал намайг буудчих нь” гэж хошигнов. Бие биеэ үл таних хоёр шог зохиолчийн мэргэжлийн мэдрэмж эндээс эхлэн элгэмсэв. Крокодил сэтгүүлийн зочид бол хэлмэрчтэйгээ хамт москвчуудын шахцалдаанд таваргадаг тул Полянский гайхсан нь мэдээж. 
        
Гадаад яамны баруун талаар урагш эргэн Намын Төв Хорооны харшийн зүг бөртийх барилгагүй эл хуль хөндийн нэг ч машингүй хар замаар хоёр бяцхан шогч нам төрийн тэргүүн мэт жирийлгэсээр Их тэнгэрийн амны хаалга тулж очтол буу сэлэм агссан харуул бидний мерседесийн цонхон дахь соёмбо тэмдгийг хармагц цахилгаан гүйдэлд цохиулсан мэт номхон зогсоод ёслон өнгөрөөв. Хаалгаар ороод дээшээ модтой ам өгсөхөд байсхийгээд л буутай харуул үзэгдэх агаад толигор хар засмалаар чив чимээгүй гулсан гарч ирэх хөнгөн тэргийг харуулууд анзаармагц дороо цочин сандарч хөшөө шиг номхон зогсоод ёсолно. Сонин юм. Алаг хорвоод адилхан хүн болж төрчихөөд нэг нь нөгөөгөө ингэж хүндэтгэж байх гэж? Ийм хүндэтгэлд ямар хүмүүс дурладаг бол гэж би бодсон. Миний нөхөр ч бас тэгж гайхаж явсан юм гэнэ лээ.
        
Төв Хорооны гадаад харилцааны зочин гийчин хариуцсан нэг дарга надад сануулж хэлэхдээ, "За цаад орос чинь нэхий дээл олж аль гээд шалчихна шүү. Олж өгч чадахгүй гэдгээ чи шууд түс тас хэлээрэй. Матарын оросод байтугай бид Төв Хорооныхоо шугамаар ирсэн жинхэнэ зочиндоо дээл олж өгөх гэж зүдэрдэг боллоо. Цаадахь чинь чамаас ёс шиг л дээл гуйна. Чи харж байгаарай" гэсэн юм. Полянский маань Төв Хорооны зочин дундаа шог зохиолч учраас жинхэнэ зочин биш болох нь нэхий дээлэн дээр тодорлоо. Их тэнгэрийн зочид буудлын толины хэрэггүй нүүр харагдсан царсан шалан дээгүүр алхлахдаа зөвлөлт монголын хоёр ядуухан шог зохиолч ялимгүй сүрдэв.
        
Зочин маань аяны тоосоо гүвээд хооллохоор боллоо. Би түүнтэй ойр зуурын ганц нэг үг солихдоо, "Адилхан шог зохиолч атлаа нэхий дээл олж өгч чадахгүй гэж яаж хэлнэ ээ" гэж дотроо халгана. Тас хар костюмтай үйлчлэгч цагаан залуу биднийг дагуулан нэгэн хаалга нээж морилохыг урилаа. Алтан шаргал туяа тунаруулсан сүрлэг танхимын гол дундахь ганц том дугуй ширээний хоёр талд байрлуулсан ер биш хоёр сандалд биднийг суулгав. Сандлын түшлэг босоо хүнтэй чацуу байсанд зөвлөлт монголын хоёр жирийн сэтгүүлчийн гайхлыг бас л төрүүлж орхилоо. Миний хувьд тэр сандал эхлээд л "Бүгд найрамдах" уншдаг ерөнхий шүүгчийн сандлыг санагдуулсан. Танхимд аниргүй агаад ширээний бүтээлэг шиг цав цагаан залуу өрнөдийн язгууртны ч гэмээр юм уу, намжиртай хөдөлгөөнөөр үйлчилж эхлэх нь угийн нүүдэлчин монгол хүнд нэг л зохимжгүй. Би халбага сэрээ хутга тэргүүтнийг чичирсэн гараар харшуулан хооллох зуураа зочинтойгоо ганц нэг үг солих гэтэл дугуй ширээ хэтэрхий аварга тул бидний хоорондын зай холдоод миний хазгай муруй аялгатай дорой дуу Полянскийн сонсголд хүрсэнгүй. Хэл нэвтрэлцэх гэж оролдоод дөнгөлгүй хоёул чив чимээгүй хооллов. Бас хажууд нь тас хар костюмтай үйлчлэгч залуу хаалганы дэргэд музейн үзмэр-эртний хүн чулуу шиг номхон зогсоод, биеэ барин хооллож суугаа бид хоёрыг нүд салгалгүй ширтэх нь яршигтай. Тэр залуу биднийг урдахиа идэж дуусмагц дөхөж ирээд хоосорсон тавгийг авч өөр маягийн пял урд тавьж, жижиг ваарнаас халбага сэрээ хоёроор савх мэт мах, ногоо, жимс, хачир зэргийг сурмаг хавьчин таваглаад "Санаанд тань таарав уу?" гэж эелдэг асууна. Бид хоёр "Таарч байна. Их баярлалаа" гэж орос монголоор уриалгахан хариулж, толгойгоо ялааны адуу шиг дохиж суув.         

Хөлс алдан байж арай ядан хооллож дуусах мөчид үйлчлэгч залуу бугуйн дээгүүрээ тохсон хадаг шиг цагаан алчуураар гоёмсог шилтэй дарсыг буцламгай халуун юм мэт жийрэглэн бариад хоёр том болор хундганы ёроолд бяцхан тусаав. Полянский бид хоёр хэл ам хэдий олигтой нэвтрэлцээгүй ч баяртайгаар инээгээд дор бүрийн хундгыг авч тулгах санаатай гар сунган бие бие рүүгээ зүтгэтэл нөгөө ширээний ахлуудсан том тавцангаас болоод гар хүрч болор жүнз харшуулж чадсангүй. Аварга дугуй ширээний хоёр хязгаараас бид хоёр хэд хэдэн удаа тэмүүлсний эцэст би арга сийлж, дугуй ширээг тойрч очоод мэргэжил нэгт орос ахдаа хүндэтгэл үзүүлэн хундага тулгав. Тэгтэл дэлхийд ганцаараа хүчирхэг Зөвлөлтийн зочин гэсэндээ Полянский зоригтой мэх сэдэж, намайг сандлаа чирч авчраад өөрийнхөө хажууд суухыг урилаа. Босоо хүн шиг өндөр түшлэг бүхий хүнд модон сандлыг би зөөх гээд хүч хүрсэнгүй. Хэцүү үед Зөвлөлт нөхөд ямагт монгол хүнд тусалдаг заншлаар Полянский ухасхийн босож надтай хамжилцав. Орос монгол шог зохиолчдын нэгдсэн хүч нөгөө муу ерөнхий шүүгчийн сандлыг аваад залалгүй яахав. Сандал зөөх зуураа би "Нүүр харагдсан гялгар шалыг нь аварга сандлын хөлөөр зурчих вий, мөн Төв Хорооны харшид ингэж дураараа сандал ширээг нь байрнаас нь хөдөлгөж болдог бол уу" хэмээн эмээж, үүдэнд хөшөө шиг зогсох хоол зөөгч залууг хялалзаж явлаа.

Хоол зөөгч залуугийн царайд биднийг Төв Хорооны харшид сандал дур мэдэж байрнаас нь хөдөлгөлөө гэсэн сайн муу ямар ч хувирал ажиглагдсангүй нь надад бүр сэжигтэй. Учир нь олон жил зочин дагасан орчуулагч нөхөр маань намайг гадаадын зочинд үйлчлэх болсныг сонсоод, "За чи ам султай шүү. Төв Хорооны буудлын үйлчлэгч, жолооч бүгд НАХ яамны тагнуул байдаг юм. Цөм орос хэл мэдэхгүй гэж байгаа. Хэрэг дээрээ бүгд мэднэ. Ээ дээ чи тэдэнд матуулавзай" гэж зөвлөсөн юм. Тиймээс бидний хооллохыг нүд цавчилгүй ширтэх залуугаас би жийрхээд байлаа. Хоол зөөгч хархүүд "Чи явж амар. Бид эндээ хоёулхнаа жаахан тухалж, чөлөөтэй хуучилъя" гэж хэлмээр байсан ч НАХЯ-ны гуравдугаар газраас цэрвээд зүрхэлсэнгүй. Тэгээд ч тэр хоол зөөгчид гийчин бид хоёрыг орхиж явах янз алга. Нөгөө гоё шилтэй дарсаа цагаан алчуураар жийрэглэн барьсаар зогсох бөгөөд Полянский бид хоёрыг жүнзтэйгээ шимж дуусуут хундаганы ёроолд архи дахин дусаагаад буцаж, хаалганыхаа дэргэд очоод музейн чулуун хөшөө шиг хөдөлгөөнгүй зогсох нь өрөвдмөөр. Зочин бид хоёр тансаг тасалгаанд чөлөөтэй хүүрнэлдэж чадалгүй гарч түүний байрласан өрөөнд орлоо.
        
Бид хоёр хэсэг хуучилж, төдөлгүй нүүр хагарч танилцах шатандаа хүрэх агшинд зочин маань гэргийдээ нэхий дээл олж өгөхийг хүсдэг байгаа. "Манай дээлийн чанар эрс сайжирсан тул гадаад орнууд худалдан авчихаад дотооддоо нүдний гэм болсон тул олж өгч яагаад ч чадахгүй" гэдгээ би ёстой түс тас хэллээ. Зочны царай нэг л хачин болчихлоо. Би тус хүргэж чадаагүйдээ түүнээс уучлалт гуйв. Тэр ялимгүй сандарч "Зүгээр зүгээр" гэж бувтнан нэрэлхлээ.


       
Богдын ногоон ордон, Чойжин ламын сүм, Гандан хийдээр орлоо. Дүрслэх урлагийн музей, Хувьсгалын музей, Төв музей үзлээ. Аварга үлэг гүрвэлийн араг яснаас бусад нь зочны сонирхлыг татсангүй гэсэн таамаг надад төрлөө. Зочин маань нийслэлийн гудамжаар гунхалзах гоёмсог нэхий дээлтэй хүүхнүүдийг хараад санаа алдах нь харамсалтай. Тэр арав хоног зочилно. Өөр юу үзүүлдэг билээ? Лениний музейд оруулж, Зөвлөлтийн соёлын ордон, клубээр бишгүй байдаг их багшийн амьдрал, гар бичмэлийн гэрэл зургийн хуулбарыг үзүүлэлтэй нь биш яадаг билээ. Юу ч гэсэн хэлээд үзье гэж шийдээд, "Ленин багшийн музей үзэх үү?" гэвэл тэр "Больж үз хонгор минь" гэж хуйсагнав. Өөр үзчихээр сонин юм нийслэлээс минь олдсонгүй. Эцэст нь бид хоёр хүүхдүүдтэй чихцэлдэн, тэдний орилоон чарлаан исгэрээн дунд цирк үзлээ. Манай алиалагчдыг тэр харин их таалж, намайг тэдэнд зориулж зохиол бичиж өгөхийг зөвлөв. Цэдэнбал, Латип, Батсүх нарын авъяасыг биширч, тэдэнд сайн зохиол дутаж байна гэж сануулав. Полянскийд үйлчлэх Төв Хорооноос баталсан удирдамжийн дагуу би түүнийг хэд хэдэн үйлдвэрээр оруулах гэсэн нь тэр "Үйлдвэр үзэхээр ой гутдаг" гэж дургүйцээд хавьтуулсангүй. Аргаа барсан миний царайг хараад тэр,
        
-Чамаас өөр нэг ч монголд би ингэж ил задгай хатууүүг хэлэхгүй шүү гэж намайг аргадсанаа, -Би Зөвлөлтөд сурвалжлах ажлаар залхталаа үйлдвэр хэссэн. Тэгээд ч танай үйлдвэрүүдийг манайх барьж өгсөн юм чинь дандаа миний танил цех, тоног төхөөрөмж байгаа гэж учирлав. Би түүнээс "Төв Хорооноос баталсан удирдамжаа яах вэ?" гэж аминчилбал тэр санаа алдаад, "Ганц нэг үйлдвэрээр орсон болохоос доо. Дараа нь чамд муу юм болж магадгүй" гэв.
        
Танил үйлдвэр Полянскийг ядраасангүй. Харин үйлдвэрийн дарга нарын яриа мань хүнийг ёстой муужруулах дөхлөө. Зөвлөлт Монголын найрамдал, аугаа Зөвлөлтийн ард түмний өгөөмөр тусламжийн ачаар өнөөдөр Монгол улс өдий зэрэгт хүрлээ ч гэх шиг, тэдний яриа хиймэл хүйтэн, дур гутам долдой байсан юм. Муруй хазгай, дүрмийн маш их алдаатай орос өгүүлбэрийг ойлгох гэж ядахдаа Полянский над руу байн байн их хараад, "Яая даа байз" гэсэн маягтай суусан сан. Гэвч тэр бээр залхаж буйгаа сүрхий нууж чаддаг нэгэн ажээ.
        
Бид хоёр Дорнод аймаг орлоо. Баянтүмний онгоцны буудал дээр гурван УАЗ-469 машин дөрөв таван хүн угтав. Намын Төв Хорооны гадаад харилцааны дагуу ирсэн зочин учраас ингэж угтах ёстой юмсанж. Полянский "Намайг ингэж угтахын хэрэг юу байна? Би жирийн нэг сэтгүүлч. Ерөөсөө энэ бүгдийг чи зохион байгуулж байна" гэж надад сэм уураа гаргав. Түүний ууралсанд би гомдоогүй, харин олзуурхсан. Яагаад гэвэл тэр намайг Монголын дарга нарын талын хүн биш, өөрийнхөө талын уран бүтээлч гэж таньж эхэлжээ гэж би бодсон.
        
Полянскийг аймгийн намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга хүлээн авч мөн л Зөвлөлтийн тусламж, найрамдлын сэдвээр ярьж эхлэв. "Дорнод аймгийн хөдөлмөрчид дайны талбарт ч энх цагийн бүтээн байгуулалтын талбайд ч Зөвлөлтийн баатарлаг ард түмэнтэй нэг экипажид, тэдний сэтгэл харамгүй тусламжийн ачаар хөгжин цэцэглэж байна. Бидний найрамдал цусаар гагнагдсан тул мөнх юм" гэж тэр дарга урьд нь цээжилсэн болтой дуржигнуулав.
        
Полянский тэндээс гараад надад учиргүй уурлаж,
        
-Крокодилынхон бол танай энэ даргын яриа шиг яриаг "Хутгаар зүрх рүү дүрлээ" гэдэг юм гээд царайгаа чинэрүүлэн бухимдав.        
        
Зочныг маань дотроо хурал зөвлөлгөөний маш урт ширээтэй буудлын хамгийн том өрөөнд байрлуулав. Полянский уг нь надтай хамт хоёулаа нэг энгийн өрөөнд орж, ярьж хуучлах санаатай байсан аж. Намайг хоёр хүний өрөөнд орууллаа. Миний орсон өрөөнд монгол дээлтэй тас хар нүүртэй намхан хижээл эр төвхнөж сууна. Нар салхинд осгоруутсан хөрзгөр царай нь хав хар тул түүний шүд нүд ер бус гялалзах бөгөөд нүүрний нь үрчлээний салхинд гандаагүй нугалааны тод цагаан зураас хаа нэг цухалзваас тэр бээр уг нь тийм хар арьстан шиг биш цайвар царайтай нэгэн болтой. Тэр хүн тус аймгийн нэгэн сумын малчин аж. Социалист хөдөлмөрийн баатар агаад ажил хөдөлмөрөөр шалгарч Октябрийн аугаа хувьсгалын баярт оролцохоор Москва явах гэж буй ажээ. Жаварт гуранздуулсан түүний хар нүүрийг харахад дорнодын нөмөр хоргогүй их нүцгэн талын хацар хага ташуулсан хүйтэн хөх салхи санаанд бууж, миний нүүрний арьс хорсох шиг боллоо. Тэр хүн тун даруу агаад яриа үүсгэвэл ухааныхаа дөнгөж үзүүрээс сөрмөж хэлсэн хэдэн үгний нь чансаа сэтгэлийг минь өөрийн эрхгүй татах аж. Намайг Зөвлөлтийн том зохиолчид хэлмэрчилж яваа сүрхий дарга гэж ойлгоод ер биш хүндэлж байв. Тэгээд надтай нэг өрөөнд цуг байхаасаа халгасан уу яасан, орой тийшээ нөгөө баатар маань "Гадуур айлаар хонох минь" гээд гарч одлоо.
        
Гадаадын хүнд үйлчлэхэд эхлээд л би монголчуудын хоол хийж чаддаггүйг мэдэж үхэтлээ ичив. Хөгжилтэй орны зочин жуулчинд монгол тогоочийн хийсэн хоол нохойн хоол шиг санагддаг болтой юм билээ. Үнэн худлыг магадлая гэвэл монгол хүнээс бус манайд зочилсон гадаад хүнээс асуух нь мөн. Хэрэв тэр зочин биднийг ичээхгүйг урьтал болгож, худал хэлэхгүй бол надтай ижил саналтай байх вий. (70-аад оны хоол гэж хачин муу).
        
Дорнодод очоод Полянский ногоотой муухай эхүүн шөл, өөхөн тосонд хайрсан түлэнхий хуушуурын хиншүүг үнэрлээд яая даа гэсэн байртай шүүрс алдсанаа царайгаа ягааруулан хэсэг бухимдаад миний сэтгэлийг бодоод зооглоно. Зөөлөртөл чанаагүй хатуу мах даахгүй амаа түмбэгнүүлэн бас хажууд нь надаас нэрэлхэн зажлахдаа ямааных шиг том цэрэлгэр нүдээ бүлтэгнүүлэх нь  хөөрхийлөлтэй. Тэр бээр аман дахь махаа зажилж зажилж, эцэст нь хоолойгоо давуулж чадахгүй, амнаасаа буцаагаад гаргаж бас тэвчихгүй царайгаа ягааруулан сандарна. Энэ үед түүнд Зөвлөлт Монголын цусаар гагнагдсан найрамдалыг сануулбал тархинд нь лав цус харвахаар. Түүний зовлонг би хөнгөлөхөөр юу ч анзаараагүй дүр эсгэн нүднийхээ харцыг өөр тийш хандуулна. Зочин маань энэ завшааныг ашиглан аман дахь нөгөө гайтай махыг сэм авч давхар тавагныхаа завсраар нууна. Чойбалсан хотод хоёр гурав хонохдоо би тогооч нараас нь хоолныхоо махыг зөөлөртөл чанаж өгөхийг хичнээн гуйгаад нэмэр болоогүй. Тогооч нар нь дэлхийн улс гүрнүүдийн хоолны стандартын талаар ямар ч төсөөлөлгүй, юм үзэж нүд тайлаагүй, хаагдмал харанхуй хүмүүс болохыг Полянский ойлгосон эсэхийг бүү мэд. Хоол бол урлаг, улс гүрэн, ард түмний юу чаддагийг илэрхийлдэг нандин чухаг үзүүлэлт болохыг би тэгэхэд ухаарсан.
        
Маргааш нь зочны зүс царай тавгүй, гэдэс нь өвдсөн гэнэ. Ойролцоохь Баянтүмэн сум орж, малчин айлаар зочлох байснаа ч эрс татгалзав. Тэр суманд нэг аварга малчин айлд архи дарс, идээ будаа, тарган хонины ууц хүртэл чануулж бэлдүүлсэн юмсанж. Гэтэл зочин явахгүй гэдгээ шийдэмгий мэдэгдэв. Бид хоёрыг дагаж тэр айлд очихоор томилогдсон идэж уухдаа эрэмгий байдалтай хоёр гурван албан хаагч намайг, "Зочноо тэр айлд очуулах ёстой. Бид яахав, хөдөөний тэр аварга малчин гомдоно. Энэ чинь эцэстээ хоёр орны уламжлалт найрамдлыг хөндсөн асуудал" гэж зүдрээв. Полянский хөдөлсөнгүй. Полянский ер нь сонин этгээд. Архи тамхинаас ухаангүй айна. Архиар танайхан айхтар шахах юм. Чи миний архи амсдаггүйг тэдэнд сайн ойлгуулаад өгөөрэй гэж надаас ямагт гуйна.

Гэдэс нь эвгүйрхсэн Полянский орон дээрээ хэвтэх зуур,        
    -Танайд янхан бий юу? гэж асуув.
    -Манайд ёстой байхгүй юм чинь тэр дээ гэж би бардам хариуллаа. (Далан хэдэн онд үнэндээ манайд янхан хаа очиж байгаагүй).
       
Полянский орон дээрээс өндийгөөд,
         -Найз минь, танайд янхан байна гэж зүтгэв.
         -Яаж байна?
         -Өчигдөр үдэш би үзлээ.
         -Хаана?
         -Энэ зочид буудалд. Өчигдөр үдэш чамайг унтахаар явсны дараа би нойр хүрч өгөхгүй болохоор нь хонгилд гарсан чинь хоёр монгол бүсгүй намайг хоргоогоод "Рубль байна уу? Хэдээр ярих вэ?" гэсэн. Би "Рубль байхгүй" гэж хариулчаад тэднээс шалавхан зайлж, өрөөндөө гүйж ороод хаалгаа түгжчихсэн гэж ярив.
        
-Рубль зүгээр хайсан хүүхнүүд байлгүй. Манайд янхан байх ёсгүй гэвэл Полянский намайг болон ер нь бүх өөдгүй бүдүүлэг монголчуудыг үзэн ядсан шил шиг ногоон цэнхэр нүднээсээ хүйтэн оч үсчүүлэн,
        
-Янхан танайд байна. Нүдээрээ үзсэн хүн танд наана чинь хэлж байна гэж дуугаа орос зангаар өндөрсгөв.
        
Энэ удаа тэр намайг "Та" гэж дуудлаа. Монголд анх удаа зочилсон Зөвлөлтийн энэ иргэнд хэдхэн хоногийн дараа монголчууд бид яриа хөөрөө, хоол унд, үзэл бодол, хүмүүжлээрээ үл таалагдаж эхлэлээ гэж би бээр бодоод өөртөө болон ард түмэндээ ой гутлаа. Полянский залхаг монголчуудад зэвүү нь хүрсэндээ рубль сурсан хоёр бүсгүйг заавал янхан байсныг надад нотлох гэж давшлав. Би эсэргүүцсэнгүй.
        
Чойбалсан хотын ганц гол гудамжаар Полянский бид хоёр алхаж явлаа. Гэтэл Полянский миний тохой руу нудраад,
        
-Нөгөө янхнууд чинь тэр явж байна хараач гэв.
        
Би алмайран ийш тийш нүд бэлчээвэл надтай хамт зочид буудалд нэг өрөөнд орсон боловч өнгөрсөн хоёр хоногт үзэгдэлгүй чимээ тасарсан нөгөө социалист хөдөлмөрийн баатар малчин Полянский бид хоёроос нэлээд алсуур зөрөн өнгөрч явна. Тэр намайг танимхайрч хав хар нүүрэн дээрээ цагаарах ялимгүй жартгайдуу нүдээ гялалзуулсаар зөрж явна. Түүний араас хоёр бөөдгөр бүсгүй дагажээ. Полянский миний анхаарлыг тасалж,
        
-Нөгөө хоёр янхан чинь тэр явж байна. Урд нь яваа тэр зэвүүн эр лав ахлагч нь байж таарна. Чи харав уу? Яасан зэвүүн царайтай новш вэ гэж танил баатрыг минь зэвүүрхэв. Би балмагдаад юу ч гэж дуугарч чадсангүй. Хөдөлмөрийн баатрыг дагах хоёр бүсгүй жаварт осгоруутсан ув улаан хацартай хөдөөний малчид болтой. Полянский надад,
        
-Чи тэр ахлагчийнх нь нүдийг хар даа. Мөн зэвүүн ээ. Ахлагч нь чи бид хоёрыг яагаад ингэж ширтээд байна? гэж анхааруулав.
        
Уг нь хөөрхий миний муу танил хөдөлмөрийн баатар нэг өрөөнийхөө надад дотночлон хандаж яваа царай нь тэр. Надтай ирж уулзмаар авч миний хажууд яваа сахалтай том орос дарга өөрийг нь сэжигтэй муухай нүдээр ширтээд амандаа нэг юм заналтай шулганаад байхаар нь шалавхан холдохоор зөрж яваа нь тэр.
        
Эхнэртээ дээл олоогүй, дээр нь гэдэс нь өвдсөн, бас монголчууд ган бат найрамдал ярьж цөхрөөсөн. Энэ бүгдэд бухимдсан Полянский Монголд янхан байдгийг надад баталж чадсан мэт хавтай байв. Би түүнтэй янхны талаар мэтгэлцсэнгүй хүлээцтэй хандахаар шийдэв.
        
Маргааш нь буцахаар Полянский бид хоёр УАЗ-469-өөр онгоцны буудалд үсэргэж хүрлээ. Хүйтэн салхи хавсрагдан, улаан шороо хийссэн, мод ургамалгүй, нүцгэн талын хоторхуу юмнаас Полянский салахын түүс болж буй нь андашгүй. Хоол нь идэх аргагүй, найрамдлын нялуурал, энэ тэрээс болж хугацаанаасаа өмнө Дорнодоос буцах болсондоо түүний нүд баяртай гялалзана. Аймгийн намын хороо түүнд үдэлтийн хоол өгөх гэсэн боловч тэр "Гэдэс муу" гээд зөвшөөрсөнгүй.
        
Тал газрын дундахь ганц цагаан онгоцыг үзэгдэхгүй болтол хүмүүс шавжээ. Полянский надаас яагаад ийм олон хүн байгааг асуугаад "Мэдэхгүй" гэхэд "Арай онгоцонд багтахгүй хоцорчих юм биш биз" гэсэн түгшүүр түүний нүдийг дүүрээд ирэв. Би ч гэсэн айлаа. Энэ мөчид нөгөө Төв Хорооны шугамаар яваа намын зочин гэсэн том гуншингаараа томрох бяцхан санаа бид хоёрын хошин шог толгойд зэрэг буув. Полянский надаас "Нөгөө үнэмлэх томилолт чинь цөм бэлэн үү?" гэж байна. Би "Бэлэн" гэж илтгэлээ. Полянский "Томилолтоо үзүүлээд хоёулаа хүмүүсийн урдуур оочергүй орно шүү. Төв Хорооны томилолт чинь Зөвлөлтөд бол оочергүй байдаг. Ах дүү социалист орон юм чинь танайд ч бас адилхан оочергүй байх ёстой" гэж зааварлав. Би хүлцэнгүйгээр толгой дохилоо.
        
Бид хоёрыг багширсан хүн рүү ойртож очтол үлээвэр хөгжим нир буулаа. Баяр талархлын цоглог ая Дорнодын хязгааргүй талд уянгалан хадав. Хүмүүсийн дундуур бид хоёр бүдүүлгээр зүсэн орвол онгоцны хаалга хүртэл урт хивс дэвсчээ. Хүмүүс алга ташиж байна. Тэгтэл нөгөө дэвссэн урт хивсэн дээгүүр миний танил хар царайт социалист хөдөлмөрийн баатар даруухан алхалсаар онгоц руу очиж явна. Араас нь улаан хацартай хоёр бөөдгөр малчин охин даган гарч ирлээ. Цугларсан хөдөлмөрчид тэдэнд баяр хүргэн алга ташиж байна. Гэрэл зурагчин тэдний батиарыг авч харагдана. Би ч учрыг оллоо. Аугаа их октябрийн хувьсгалын баярт оролцохоор шалгарч Москва орох гэж буй малчдыг аймгийн олон нийт үдэх ёслол хийгээд дуусч байгаа юмсанж. Гурван малчныг онгоцонд орсны дараа намын хүндэт зочин, түүний орчуулагч хоёрыг онгоцонд орохыг эелдэгхэн урив. Улаанбаатар ортол Полянский надтай дуугарсангүй. Гүн бодолд дарагджээ.       
 
Зочин маань Их тэнгэрийн харшид хоёр хоноод буцах ёстой. Би авгайд нь түүний хүссэнээр савхин дээл арын хаалгаар олж өгөв. Савхин дээлэндээ тэр урамшсан боловч Улаанбаатарын гудамжинд ганган нэхий дээлтэй эмэгтэй нүдэнд нь өртвөл дахиад л санаа алдана. (Далан хэдэн оны савхин дээл гэж Орос Монгол хоёртоо л "дээл" байв).
        
Бид хоёрын төсөв бараг талдаа ч орсонгүй. Зочин архи дарс уухгүйгээс тэгсэн хэрэг. Энэ тухай сонсоод өрөнд орчихвий гэж болгоомжилж явсан миний дотор онгойж, зочиндоо санаандгүй ярьж орхилоо. Тэгтэл Полянский "Хэмнэгдсэн архинаас хэдэн шилийг олж авах юмсан. Намайг очихоор Крокодилын эрхлэгчээс эхлээд горьдоно. Танай архинд манайхан дуртай. Тэгээд ч би хуваарьтай архинаасаа амссан биш" гэв. Би нөгөө үйлчлэгч цагаан залуудаа энэ тухай дурсвал тэр залуу "Та хоёр хоол идэхдээ өрөөндөө архи тавьчих гэж захиалж бай. Тэгвэл өрөөнд чинь архи тавьчихдаг юм" гэх арга зааж өгөв. НАХ яамны тагнуул гэж сэрдээд байсан хөөрхөн цагаан залуу маань жинхэнэ монгол хүний цайлган зан ийнхүү гаргаж байдаг. Полянский бид хоёр хоол идэхдээ архи өрөөндөө захиалдаг болов. Хоолоо идчихээд орж ирэхэд Полянскийн орны дэргэдэх жижиг шүүгээнд нэг шил архи байж л байдаг гэж байгаа. Полянский түүнийг аваад хэнд ч гэнэ үү өгнө гээд чемодандаа хямагдана. Явахынхаа өглөө тээшээ янзлахад нэлээд хэдэн шил архитай болчихсон байсан шүү. Мань хүн надгүйгээр өрөөндөө архи захиалж байсан юмсанж.
        
Буянт ухаагийн буудал дээр Полянский намайг халуун дотноор тэвэрлээ. Тэр бээр "Эх орныхоо ийм аймаар хоцрогдлыг “Тоншуул” сэтгүүл, энэ донгио залуу шүүмжлээд арилгах юм гэнэ" гэж өрөвдөж байх шиг. Тэгтэл үлээвэр хөгжим нижигнэв. Монгол улсаас хөдөлмөр бүтээлээр шалгарсан тэргүүний хүмүүс Октябрийн баярт оролцохоор Полянскийн явах онгоцоор нисэх ажээ. Онгоцны шат хүртэл хивс дэвсэж, түүн дээгүүр хүндлүүлэн заларч яваа хүмүүсийн дунд миний танил социалист хөдөлмөрийн баатар европ хувцас өмсчихсөн, хоёр охиноо дагуулан алхаж явна. Хоёр охин танигдахын аргагүй гоёчихжээ. Хөдөлмөрийн баатар маань Полянский бид хоёрыг харчихаад нүүрэмгий нь аргагүй бид хоёр өөд гараараа дохиж байна. Би түүнд сайн явахыг ерөөж даллав. Полянскийг харвал тэр бас гар даллан хөдөлмөрийн баатарт баяр хүргэж харагдана. Айж гэрэвшиж явсан орос дарга нь өөрт нь баяр хүргэсэнд баатар маань зориг орсон янзтай дэргэдэх хоёр бүсгүйнхээ хацарт хушуугаа дөхүүлэн үг хэлж буй болтой. Нөгөө хоёр бүсгүй Полянский бид хоёрыг олж хараад гараа өргөн танимгайран инээж байна. Бид хоёр ч хариу баяр хүргэж зогслоо.
                                                                                                                                   1976