“Алсын хараа 2050“ нэртэй Монгол Улсыг ирэх гучин жилийн хугацаанд хөгжүүлэх үзэл баримтлал хэмээх ном 2019 онд гарсан.Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх үзэл баримтлалын энэ төслийг олон эрдэмтэдийн санал авч зохион бичсэн гэдэг бөгөөд сайжруулж боловсруулах шаардлагатай эхний төсөл гэж байсан. Түүнд санал нэмэрлэх зорилгоор төслийг уншид судаллаа, мөн ойрын гучин жилд шинжлэх ухаан, технологийн хөгжилд гарах дэвшил, олон улсын хөдөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлтийн талаар бичигдсэн зарим номыг олж уншлаа.

Израйл улсын иргэн, түүхийн ухааны нэрт эрдэмтэн Юваль Ной Харари гэдэг хүний бичсэн “Хүн төрөлхтөний товч түүх“, “ХХ1 зууны 21 сургамж“, “Маргаашийн түүх“ зэрэг сонирхолтой номууд байдаг, тэдгээр нь дэлхий даяар 60 орчим хэлэнд орчуулагдаж, олон арван сая хувь хэвлэгдэж борлуулагдсан юм байна. Манайд Г. Сугиррагчаа, Н. Батсанаа зэрэг залуучууд англи хэлнээс орчуулж монгол хэлнээ хэвлүүлснийг олзуурхан уншиж байна. Залуучууд маань эдгээр номын үзэл санааг улс орон, ард иргэдийнхээ ажил амьдралд тус болход ашиглах зорилгоор орчуулж нийтлүүлсэн.

Миний хувьд 21 дүгээр зуун, түүний эхний хагаст хүн төрөлхтөний амьдралд юу тохиож болох талаар эрдэмтэн Юваль Ной Харари - ийн номонд бичигдсэн зүйлээс Монголынхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн ирээдүйг төсөөлөх төлөвлөхөд бодолцмоор юу байж болохыг уншиж бичиж, санал солилцох нь зүйтэй санагдсан юм.

Орчин үед элбэрэнгүй, хүлцэнгүй байх буюу либерал үзэл баримтлалыг дагах явдал давамгайлж байна. Либерализм үзлийг баримтлагчид хувь хүн бүрийн чөлөөт сонголтууд бол эрх мэдлийн эх сурвалж гэж үздэг, тийм учраас чөлөөт зах зээл, ардчилсан сонгуулийг дээдэлж байх ёстой гэсэн үзэл санааг эрхэмлэдэг байна. Чөлөөт зах зээл, ардчилсан сонгуулийг дээдэлсэн Либерализмийн үзэл санаа тархаж байгаа нь хүн бүрийн үнэ цэнийг өндөр үнэлдэгт оршиж байгаа гэж үздэг байна.

Монголчууд бид нар 1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засгийн системийг сонгоод байгаагийн хувьд либерализмын үзлийг дагагчид юм. Тийм учраас хөгжлийнхөө алс ирээдүйг төсөөлөх, төлөвлөхдөө либерализмын ирээдүйг эрэгцүүлэн бодох шаардлагатай юм байна.

Эрдэмтэн Юваль Ной Харари Маргаашийн товч түүх номондоо либерализмын ирээдүйн тухай бичихдээ уг үзэл баримтлал хүчингүй болох магадлалтай гэжээ. Технологийн хөгжил дэвшил нь хүнийг эдийн засгийн болоод цэргийн хүчний хувьд хэрэгцээгүй болгоно гэнэ. Хүн ХХI зуунд үнэ цэнээ алдах магадлалтай гэж байна. ХХI зуунд армиуд сүүлийн үеийн шинэ технологид илүү найдах болсон. Армид олон цэргийн оронд сайн сургагдсан цөөн тооны цэрэг, цөөхөн тусгай супер байлдагч, нарийн технологоор мэрэгшсэн цөөхөн мэрэгжилтэн шаардлагатай болсон. Кибер дайн гарвал хэдхэн хоромын дотор үргэлжлэх гэнээ.

Эдийн засгийн салбарт ч хүний чадвар улам бага үнэ цэнтэй болж байгаа гэж байна. Өнгөрсөнд олон зүйлийг зөвхөн хүн хийж чаддаг байсан бол одоо роботууд болон компьютерууд хүнийг гүйцэн түрүүлж, тун удахгүй хүний хийдэг ихэнх ажлыг илүү хийж гүйцэтгэдэг болох ирээдүй ойрхон гэнэ. Компьютер чадвартай болж байгаа ч ухамсарт компьютер гарахгүй байх. Түүхийн туршид ухамсар оюун ухаан хоёрыг үргэлж хамт авч үздэг байсан бол одоо хөгжингүй технолог ашигласан бизнест оюун ухаан зайлшгүй хэрэгтэй, харин ухамсар зайлшгүй байх албагүй гэж үзэх боломжтой болсон гэж байна. Ийнхүү оюун ухаан ухамсараас салж тусгаарлах боломж үүсэж байгаа явдал хүнийг эдийн засгийн ач холбогдлоо алдах аюулд ойртуулж байгаа гэжээ.

Эрт орой хэзээ нэгэн цагт хүний оролцоо хэрэггүй болно гэж зарим хүн тооцоолдог. Өөрөө жолоодлоготой суудлын болон ачааны авто машин бий болж байна. Роботууд болон принтерүүд цамц, футболк үйлдвэрлэх мэт ажил эрхэлдэг хүмүүсийг аль хэдийн орлож ажиллаад эхэлсэн. Оюун ухаантай алгоритмууд удахгүй цагаан захтануудын ажлыг гүйцэтгэдэг болно. Банкны ажилтан, аялалын зуучлагчийн ажлыг одоо роботууд гүйцэтгэх болжээ. Валют арилжигчид ч аюулд ороод байна. Үнэт цаасны ихэнх худалдааг компьютерийн алгоритм хийж байна. Эрүүлийг хамгаалах салбарт компьютер, томограф зэрэг олон төрлийн техникийн дэвшил ашиглагдаж байгаа гэнэ.

Энэ бүхний нөлөөгөөр ХХI зуунд, бүр түүний дунд үеэс асар олон ажилгүйчүүдээс бүрдсэн шинэ анги давхарга бий болж магадгүй. Уг анги давхарга эдийн засаг, улс төр, тэрч бүү хэл урлагийн ямарч ач холбогдолгүй, нийгмийн хөгжил дэвшил, эрх мэдэл, алдар нэрд ямарч хувь нэмэргүй хүмүүсээс бүрдэнэ гэж бичиж байна.

Оксфордын их сургуулийн судлаач хоёр эрдэмтэн 2013 онд “Ирээдүйн ажил эрхлэлт“ хэмээх нийтлэл бичиж хэвлүүлсэн бөгөөд түүндээ: ирэх хорин жилд \2033 оны үед\ хүмүүс бус, харин компьютерийн алгоритмууд орлон хийх магадлалтай мэрэгжлүүдийг судалсан тайланг оруулсан байна. Тэр хоёр эрдэмтэний тооцоогоор АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 47 хувь нь өндөр эрсдэлтэй, 2033 он гэхэд телемаркетерууд болон даатгалын эрсдэл тооцогчид алгоритмд ажлаа алдах магадлал 99% гэж гарчээ. Бусад ажил мэрэгжлийнхний хувьд дараах байдалтай гарсан байна: Спортын тэмцээн уралдаан шүүгчдийн 98 %, Кассчидын 97 %, Тогооч нарын 96 %, Зөөгчидын 94 %, Хуульчийн туслахуудын 94 %, Аяллын хөтчүүдийн 91 %, Нарийн боовчидын 89 %, Автобусны жолооч нарын 89 %, Барилгын ажилчдын 88 %, Хамгаалагчдын 84 %, Усан цэргүүдийн 83 %, Барменуудын 77 %, Архивчидын 76 %, Мужаануудын 72 %, Тэнгисийн амь аврагчдын 67 % ажлаа алдсан байх болно. Харин археологчдыг компьютерийн алгоритмууд орлох магадлал 2033 он гэхэд ердөө 0,7 % байна. Энэ нь тус мэрэгжилд маш нарийн өндөр ур чадвар шаардлагатай, мөн уг ажлаас өндөр ашиг олдоггүйтэй холбоотой гэжээ.

Одоогоос арав гаруйхан жилийн дараа буюу 2033 он гэхэд шинэ мэрэгжлүүд бий болно. Тэр нь өнөө үеийн ажлуудаас илүү их бүтээлч чадвар шаардах учраас одоо үеийн мэрэгжил дадлага гологдоно. Хүмүүс шинэ мэрэгжил эзэмшихээр дахин хөрөнгө оруулалт хийж болох ч хөгжлийн хурдыг гүйцэхгүй дахиад өөр зүйлд хөрөнгө оруулах шаарлага гарч болох. Хорь, гучин жилийн дараа хөдөлмөрийн зах зээл ямар байхыг зөв таамаглаж байж өнөөдөр хүүхдүүддээ юу заахаа зөв тодорхойлох шаардлага гарч байгааг анхаарахгүй байж болохгүй гэж байна.

Дээр дурьдсан бүх өөрчлөлт Америкийн Нэгдсэн Улсад тохиох магадлалтай гэж бичиж байгаа боловч даяарчлалын нөхцөлд бүх улс оронд, үүний дотор манай улсад ч гарах болно.

Амьдралын уламжлалт загвар өөрчлөгдөж байна. Үүнийг монголчууд бид нар амьдрал дээр мэдэрсээр.Хүн амьдралынхаа туршид л суралцаж, тасралтгүй өөртөө хөрөнгө оруулан, өөрийгөө сайжруулж байж л амьдралын тоглоомоос гарчихгүй үлдэх цаг үе ирж байна. Энэ үг нь хувь хүн төдийгүй улс оронд ч ялгаагүй хамаарах үг.

Харари эрдэмтний бичсэнд эргэлзэх зүйл байж болох ч шинжлэх ухаан, технологийн хөгжил Монгол Улсын нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судалж алсын хараагаа хурцлах хэрэгтэй байгаад эргэлзэх хэрэггүй юм.

Миний бодлоор хэтийн хөгжлийн бодлого тодорхойлох зорилгоор бичсэн гэж байгаа “Алсын хараа 2050“ нэртэй үзэл баримтлалын боловсрогдоод байгаа төслийг манай улсын засгийн газрын алсыг харсан хөгжлийн бодлого гэж үнэлэх, баталж хэрэгжүүлэх шаардлага хангах бичиг баримт гэж үзэх аргагүй байна:

1. “Алсын хараа 2050“ нэртэй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулахдаа шинжлэх ухаан технологийн хөгжил, олон улсын хөдөлмөрийн хувиарт гучин жилийн хугацаанд гарч болох өөрчлөлттэй уялдуулах ёстойг анхаараагүй байна.Алсыг заавал гучин жилээр биш, манай улсын хувьд хөдөлмөр эрхлэлт, шинэ мэрэгжил эзэмшүүлэх шаардлагад гарч болох өөрчлөлт зэргийг таамаглах боломжтой 10-15 жилээр боловсруулбал зохистой болоод байгааг анзаарсангүй. Энэ талаар хийсэн судалгаа, уншсан ном, хийсэн дүгнэлт алга.Билчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл маань мал аж ахуй эрхлэгчдийг ажлаа алдахаас урт хугацаанд аврах орчин байж болохыг ч ургуулан бодож малчдынхаа ажил амьдралыг тэтгэх өвөрмөц авах арга хэмжээг санал болгосон бол сонирхол татах байсан.

2. “Алсын хараа 2050“ нэртэй номыг уншихад төр засгаас Монгол Улсын хөгжлийн талаар баримтлах бодлого болох учиртай чухал бичиг баримтын төслийг энэ талын ажлын туршлагагүй, мэдлэг мэрэгжил, боловсруулах ажлын чадвар тааруу, ажлын чанарын төлөө хариуцлага хүлээхгүй өнгөрч чадах эрдэмтэн цолтой хүний удирдлага дор боловсруулсан болох нь олон зүйлээс тодорхой байгаа:

- 2050 онд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 мянган ам. долларт хүргэхээр төлөвлөсөнөөс үзхэд, хөгжлийн энэ гол үзүүлэлтээр хөрш улсуудын түвшинд ойртох зорилт тэвшүүлэх ухаан дутсан байна. Өнөөдөр нэг хүнд оногдох бүтээгдэхүүн ОХУ-д 15 мянга, БНХАУ-д 13 мянган ам. долларт хүрчихсэн, ирэх гучин жилд улам нэмэгдэх нь тодорхой. Гэтэл хөгжлийн энэ чухал үзүүлэлтээр хөрш улсуудын одоогийн түвшинд манай улс дөнгөж гучин жилийн дараа хүрэх буюу 3-4 дахин хоцрогдсон хэвээр байхаар төлөвлөсөн байгаа. Алсын хараа ийм ойрхон тусдаг байх ёсгүй. Энэ үзүүлэлтийг 2020 онд 15 мянган, 2030 онд 17,5 мянган долларт хүргэнэ гэж төлөвлөж байсан боловч үйлдвэрлэл хөгжүүлэх тодорхой арга хэмжээ хэрэгжүүлээгүй дутагдлыг засахад чиглэгдсэн төсөл зохиосон бол зөв болох байсан.

- Малын билчээрийг сайжруулах арга хэмжээ төлөвлөгдөөгүй. Гэтэл билчээрийн даацаас хэтрээд байгаа малын тоог одоогийнхоос 1,7 дахин буюу 50 саяар нэмэгдүүлж 116 сая гаруй малтай болох зорилт төлөвлөсөний учрыг тайлбарлахгүй байгаа. Аймгуудыг зургаан бүсэд хувааж тус бүрийн малын тоо гучин жилийн дараа хэд байхыг бичсэн боловч дүгнэж үзэхээ мартсан бололтой.

- Ирэх гучин жилд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж нэр заасан төслүүдийн нэгээр нь ч техник, эдийн засгийн үндэслэл тооцоо хийгээгүй орхисон. Ядаж эхний таван жилд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн ТЭЗҮ-ийг хийх шаардлагатай байхад хийгээгүй байгаа нь залхуурснаас, чадваргүйгээс болоо биз. ТЭЗҮ зохиохгүй орхисон шалтгаанаар урд жилүүдийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтууд биелээгүйгээс сургамж авах хэрэгтэй байсан.

- Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтэгдэхүүнийг төгрөгөөр болон ам. доллараар тодорхойлсон байгаа. Тэр хоёр тоог нь зэрэгцүүлэхэд 2050 онд нэг ам. доллар 2400 төгрөгтэй тэнцэх ханш гарч байгаа юм. Энэ мөн үү? гэж асуухад тийм тоо байхгүй гэж хариулж байсан зэргээс энэ эрдэмтэн маань бичсэн номоо уншаагүй юм боловуу гэх сэтэгдэл төрж байсан.

Энэ бүхнээс үзхэд төр засгийн бодлогоор урт хугацаанд хэрэгжиж байх төсөл, арга хэмжээ, түүний талаар гаргах шийдвэр, дагаж мөрдөх ёстой гэрээ хэлэлцээр, хууль эрх зүйн акттай холбогдсон асуудлыг зөвхөн тухайн асуудлыг хариуцах ёстой төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулдаг байх ёстой, дээрх өндөр хариуцлагатай ажлыг түр ажиллаад хариуцлага хүлээхгүй алга болдог ажлыг хэсэг, бүлэг, хамтлагаар гүйцэтгүүлэхийг хориглодог байх хэрэгтэй.

Алсын хараа гэх үзэл баримтлал буюу Монгол Eлсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичиг болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлыг шинээр байгуулагдаад байгаа Эдийн засаг, хөгжлийн яам хариуцах болж байгаа нь сайн хэрэг.УИХ-аас баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг мөн энэ яам хянан шинэчилж боловсруулах шаардлага байгаа.

3. Эдийн засаг, хөгжлийн яаманд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, голлох газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн бүхий сайдын зөвлөлийг бий болгож, улс нийгмийн чанартай асуудлаар тус яамнаас гаргах шийдвэр, Засгийн газарт яамнаас оруулж байгаа санал төсөлд сайдын зөвлөлийн гишүүд гарын үсэг зурдаг журам тогтоох нь зүйтэй юм. Энэ нь яамны удирдах ажилтан нарт тавих шаардлага хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой. Бусад яамдад ч хамаатай. Яамны бодлого гэж байх ёстой, сайдын бодлого гэж байх хэрэггүй гэж бодогддог. Эдийн засаг, хөгжлийн яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилж болохгүй, давхар дээлтэй байлгавал яамныхаа ажлыг чанартай гүйцэтгэх боломжгүй байхыг, мөн уг яамны сайд нь Ерөнхий сайдын орлогч буюу Шадар сайдын зэрэгтэй байх шаардлагатайг би бичсэн байгаа.

4. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал \2016-2030 он\ хэмээх баримт бичгийг 2015 онд Улсын Их Хурал баталсан, түүнийг Нэгдсэн Үндэстний байгууллага анхааралдаа авсан байгаа. Тэр баримт бичигт 2030 онд Монгол Улсын нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг 17,5 мянган ам. долларт хүргэх, Хүн амын дундаж наслалтыг 78 жил болгох, Ядуурлыг арилгасан байх зэрэг чухал дэвшлүүд төлөвлөгдсөн байдаг. Төлөвлөсөн хугацаа дуустал есөн жил байна. Их ажил амжуулж болно. Ийм учраас тогтвортой хөгжлийн уг үзэл баримтлалаар дэвшүүлсэн 2030 оны гол зорилтуудыг биелүүлэхэд алхам хийх ач холбогдолтой тодорхой төсөл арга хэмжээнүүдийг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах нь зүйтэй юм. Ер нь гучин жилийн дараах амьдрал ямар байхыг тааж ядсан үзэл баримтлал гаргахад биш, ирэх 10-15 жилд улс нийгмийн хөгжилд тус болох төслүүд хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. Тийм учраас Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”төслийг санаачлаад байна. Уг санаачлагыг би дэмжиж Үйлдвэрлэх хүчнийг сэргээж, эдийн засгийн хүч тэнхээг нэмэгдүүлэх 2022-2026 оны таван жилийн төлөвлөгөөг зохион хэрэгжүүлэх санал дэвшүүлж байгаа. Ойрын таван жилд боловсруулах ямар үйлдвэрүүд хөгжүүлбэл эдийн засгийн хөгжилд мэдэгдэхүйц ахиц гарах талаар би Ерөнхий сайд, УИХ-ын даргад тодорхой санал бичиж өгсөн байгаа. Миний барагцаа тооцоогоор Сумдад мал төхөөрч мах боловсруулах үйлдвэрүүд барих, Ямааны ноолуур сарлагийн хөөвөрийг зуун хувь боловсруулж ээрсэн утас гаргаад нэхмэл сүлжмэл эдлэл үйлдвэрлэх, Малын арьс шир боловсруулах үйлдвэр хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлбэл мах, арьс шир, ноолууран эдлэлийн экспортын орлого 3 тэрбум орчим ам доллараар нэмэгдэх боломжтой.Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг мянга шахам доллараар өсгөх эдгээр төслийг төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр хэрэгжүүлэх боломж бий.

Сайд нарын Зөвлөлийн дарга асан,

Алтан-Чой овогт Думаагийн Содном.

2022 – 02 – 02