Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ц.ШИНЭБАЯР “Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочноор оролцож байна.
-Дорнодын Шинэбаяр, Адуун­чулууны Шинэбаяр гэх нэрээр таныг хүмүүс танина. Та бидэнд холоос тодруулбал, хөдөө­нөөс ирсэн зочин болж байна. Хө­дөөгийнх гэхээр арай эмзэглэ­чихээгүй биз дээ?
-Зүгээр, зүгээр. Хөдөө амьдардаг хүн болохоор хөдөөгийнх гэж хэлүү­лэхээс ичихгүй. (инээв)

-Яриагаа сонин зүйлээс эхэлье. Ноднин Улаанбаатарт болсон Хө­дөө аж ахуйн үзэсгэлэн дээр нэг бух их өндөр үнээр зарагдсан. Манайхан хурдан моринд л үнэ хаядаг болохоор бух тийм өндөр үнэд хүрсэн нь маш сонирхолтой санагдсан. Тэгсэн тэр бухыг та авсан юм билээ?
-Манай Дорнод аймаг бол их өвөрмөц аймаг. Социализмын үеэс эхлээд л хөдөө аж ахуйн салбар хонь, үхэр хоёрыг голлон өсгөж, үржүүлсэн байдаг. Тухайлбал, Халх голын талын улаан гэдэг үхрийн үүлдрийг гаргаж ирэхийн тулд Монголын бүх аймгийн үхрийн дотроос шилж сонгоод зөвхөн махны чиглэлийн хэвшлийг сонгон шалгаруулалт хийн гаргаж ирж байсан. Тэр бол 1960-аад он юм. Монголын бүх аймаг сумаас ингэж сонгож аваад гучин жил үржил селекцийн ажлыг явуулсан. Үүний үр дүнд Халх голын талын улаан гэдэг махны чиглэлийн үхрийг гаргаж ирсэн юм. Энэ үхэр ердийн монгол үхрээс асар олон давуу талтай. Дунджаар 90 килог­раммаар илүү жин татдаг. Мухар учраас хүйтэнд маш их тэсвэр сай­тайн дээр их номхон дөлгөөн зантай. Ийм үхрийг нийтдээ 16 мянга болтол өсгөж үржүүлж нэг үүлдэр бий болго­сон түүхтэй юм. Халх голын талын улаан гэдэг нэртэй энэ үүлдэр бол гуч гаруй жилийн туршид зүтгэсэн Мон­голын олон эрдэмтэд, олон аж ахуйн ажилчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Гэтэл харамсалтай нь 1990 онд нэгдэл, сангийн аж ахуй хувьч­лагдаж, төрийн бодлого ч алдагдаж тоо толгой нь ердөө 3000 хүрэхтэй үгүйтэй үлдсэн.

-Халх голын Талын улаан гэж их сонсч байсан ч тийм олон жилийн тө­рийн бодлого, эрдэмтдийн хөдөлмөр бай­сан гэж мэдээгүй?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт су­манд 10 гаруй мянга, манайд 16 мянга, нийт­дээ 26 мянган үхэр байсан. Яг цэвэр үйлд­рийнх нь тоо энэ. Гэтэл тавхан жи­лийн дотор л 23 мянган ширхэг талын улаан алга болсон гэсэн үг. Одоо энэ үх­рийг аварч үлдэх талаар мэргэжлийн эр­дэмтэд их ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа юм байхгүй. Ө­өөс өдөрт цөөрч байдаг. Нэг өдөр док­тор Д.Алтангэрэл гуай­тай са­нам­саргүй таарсан юм. Яг энэ үхрийн автор нь. Алтангэрэл гуайтай уулзаад ярьж бай­тал надад их сонирхолтой юм ярьсан юм. Тэр хүний өчнөөн жилийн хөдөл­мөр, бүхэл бүтэн амьдралаа зо­риу­лаад бий болгосон зүйл нь гэнэт нү­дэн дээр нь байхгүй болсон байна. Ал­тангэрэл гуай үнэхээр их харамсч бай­сан. Тэгээд энэ үхрийг яагаад цуглуулж, өсгөж бол­доггүй юм, цөөн ч гэсэн үлдээ байлгүй дээ гэсэн бодол надад орж ис­рэн. Очоод үзлээ. Үнэхээр сайхан үхэр юм. Ба­раг домог шиг яригддаг байсан бо­лоод ч тэр юм уу. Үнэхээр надад сэт­гэг­дэл төрсөн. Тэгээд энэ үхрийн үүлд­рийг аврахын төлөө энэ нутагт төрж өс­сөн хү­ний хувьд зүтгээд үзье гэж бод­сон. Тэр үед цахилгаан станцын дарга бай­лаа. Манай цахилгаан станц цөөн хэ­дэн тооны үхэртэй байсан. Энэ үед хө­дөөгүүр явж нэлээд хэдэн үхэр цуглуул­сан.

-Нөгөөхөө л?
-Тийм. Гэтэл ганцаараа цуглуулаад нэ­мэргүй гэдгээ ойлгож эхэлсэн. Яг ийм үхрийг дагнаж маллаж байгаа Батаа­жий, Лхагваажий гээд сайн үхэртэй за­луучууд байдаг юм. Тэдэнтэй Халх гол руу очиж уулзаад, энэ үхрээ өсгөж үр­жүү­лэх хэрэгтэй шүү, үүлдвэр угсааг нь сайжруулахад хамтарч ажиллая, ха­рил­цан туршлага солилцъё гэсэн санал тавьсан. Уул нь овоо нааштай хандлага гарч байсан ч нэг их олигтой болж өгөө­гүй юм. Тэгээд Адуунчулуун хувьцаат компанийг хувьчилж авсныхаа дараа яагаад дангаар нь ийм үхэр байлгаж бо­лох­г­үй юм гэж бодоод. Хуучин Түмэн­цогтын сангийн аж ахуйд зориудаар очиж үзээд шилж сонгож байгаад 30 үхэр худалдаж авсан юм. Адуунчулуун ком­пани дээрээ 300-гаад үхэр төвлөрүү­лээд, 200-гаад үхэр авч нийлүүлээд 500-600 үхэртэй болсон. Үхрийн талаар ном, товхимол уншиж, бас энэ талаархи олон сай­т орж, судалж эхэлсэн. Дэлхий дээр үхрийн асар олон үүлдэр, үүлд­рүүдийн холбоо байдаг юм байна. Тэр холбоонуудын анхных нь 1700-гаад онд байгуулагдсан юм билээ. Хар Ангус, Улаан Ангус, Симменталь, Жерсей, Шар­лей гээд дотроо төрөлжчихсөн дэл­хийн холбоонууд байдаг юм байна. Тэ­гээд тэр холбоонуудынх нь салбар хол­боо Аргентиний, Бразилийн, Норве­гийн, Австралийн, Канадынх гээд тө­рөлж­чих­сөн. Үүнээс гадна үхрийн үүл­дэр сүүний болон махны гэсэн хоёр үнд­сэн чиглэ­лээр хөгжиж явдаг. Үүлдэр бүр өөрийн гэсэн онцлогтой. Холбоод нь дагнаад үүлд­рээ цэвэр байлгадаг. Эд­гээр хол­боонууд хоорондоо маш нягт холбоо­той хамтарч ажилладаг. Үүлд­рийнхээ үр ашгийг улам их нэмэг­дүүлэ­хийн тулд ингэж хамтарч ажил­ла­даг зохион байгуулал­тад орчихсон бай­даг. Хэд хэдэн оронд очиж үхрийн аж ахуй үзлээ. ОХУ, Хята­дын Өвөрмон­го­лын хойд, зүүн хойд та­лаар явж үзсэн. Сүүлд ажлын шу­гамаар Тайваньд очоод тэнд үржил селекцийн тусдаа төв бай­дагтай танилцсан. Дараа нь Францын шилдэг үхрийн үзэсгэлэнг ХХАА-н мэр­гэжилт­нүү­дийн хамт 2006 оны намар үзсэн. Англи, Голланд, Гер­манаар мөн явсан. Эцэст нь яагаад бид фермерийн аж ахуй эрхэлж болдоггүй юм, Мон­го­л­доо хийж болох юм биш үү гэж бодсон. Дэл­хий дээр хамгийн олон үхэртэй хүн хаана байдаг юм бэ гээд суд­лаад үзэхэд Бразилд зуун мянган үхэртэй хүн бай­гаад байгаа байхгүй юу. Гэтэл бид өнөө­дөр таван хошуу малаа нийлүүлээд мянгат малчин гээд яриад байдаг. Өвөр Монголд дөчин мянган үхэртэй фер­мийн аж ахуй байдаг. Тэ­гээд бодо­хоор бидний сэтгэлгээ дэн­дүү бага байгаа юм. Одоо ямар ч бай­сан төр засаг бод­логодоо оруулж бай­на. ОХУ-аас гучин үнээ, хоёр бух оруулж ирэн, жижиг заг­вар фермийн аж ахуй байгуулсан. Үхрийн үүлдрээ сонгохдоо хамгийн гол нь манай нөхцөлд нутагших чадвартай тийм үхэр гэж сонгож авсан.

-Яг ямар үүлдрийнхийг сонгов?
-Сүүний гарцаар цэвэр сүүний үүл­дэрт хүрэхгүй, сүү, махны холимог үүлд­рийн үхэр. Гэхдээ манай нөхцөлд тэсвэр тэвчээр нь илүү сайн учраас эхний ээл­жинд энэ үхрийн аж ахуй байгуулаад түү­гээрээ дамжиж, дараагийн шатанд хү­рэх юм. Одоо гурав дахь жилдээ ажил­лаж байна. Төл их сайн. Зуун хувь өсч үржиж байгаа. Дорнод аймагт бид шил­мэл, гойд ашиг шимтэй малын үзэс­гэ­лэн, дуудлага худалдаа гэж жил бол­гон зохиож байгаа.

-Дорнодод уу?
-Та сонсоогүй юу. Сүүлийн тав, зур­гаан жил дараалан хийж байгаа шүү дээ. Мөн зүүн бүсийн гойд ашиг шимтэй ма­лын үзэсгэлэнд түрүүлсэн. Улсаас Ми­шээл экспо дээр намрын ногоон өд­рүүд гэдэг арга хэмжээг Хөдөө аж ахуйн яам сүүлийн жилүүдэд зохион байгуулж байна л даа. Энэ арга хэмжээнд явж явж манай бухны жинтэй тэнцэх бух Мон­голд байдаггүй юм байна. Дээр үед л байдаг байж. Бух 890 килограмм амь­дын жин татаад алтан медаль авсан.

-Таны байгуулсан ферм яг дэл­хийн стандартыг жаахан жижиг­рүүлж авчраад л Монголдоо тохи­руулж буулгасан хэлбэр биз дээ?
-Дэлхийн сонгодог стандарт бол хол л доо. Гэхдээ ер нь тэр лүү дөхүүлсэн. Манай нөхцөлд их таарсан загвар.

-Мэдээж монголчилсон уу?
-Монголчилсон гэхээсээ илүү яг тэр Америкийн хөдөө байдаг их эртний заг­вар. Орчин үеийнх нь бол автоматжчих­сан байгаа. Үүнээс цаашаа дамжаад улам боловсронгуй болгоод явах ёстой. Манай ферм бол модон барилгатай байгаа. Фермийн барилгыг тоосгоор барьж болно, шавар блокоор ч барьж бол­но. Барилгын материалуудыг өргөн ашиг­лаад илүүг барих бололцоо бий.

-Дэлхийн үзэсгэлэн үзэж байсан гэж ярилаа. Тэнд ямар үхэр хамгийн супер амжилт тогтоосон бэ?
-Бид гол нь махны чиглэлийн үхрийн үзэсгэлэн дээр очиж байсан. Гэхдээ тэр үзэс­гэлэн дээр сонирхуулах маягаар оруулж ирсэн сүүний чиглэлийн үхэр бай­сан. Махны чиглэлийн үхрүүд дотор дэл­хий дээр хамгийн эрэлт ихтэй нь шар­лей гэдэг үүлдрийнх. Цагаан шар мая­гийн үхэр байгаа. Энэ үүлдрийн үхэр дэл­хий дээр хамгийн хүнд жинтэйд тоо­цогддог. Өнөөдрийн байдлаар дэлхийн дээд амжилт 1730 килограмм байгаа. Тэр үзэсгэлэн дээр байгаа үхрүүд дотор хам­гийн хүнд жинтэй үхрүүд нь 1565 кг. Гол төлөв 1400-гаас дээш жинтэй үх­рүүд оролцдог юм байна.

-Хөдөлж чадахгүй болчихсон шахуу амьтад байх уу?
-Ер нь Европын үхрийн аж ахуйнууд үхрээ олон сар маллаж тэжээгээд бай­да­г­гүй. Фермд 18 сартай үхэр 550-650 килограмм жин татаж байдаг. Энэ нь ма­найд бол 5-6 жил малласан үхрийн жин­тэй тэнцэж байгаа юм. Дөрвөн жил бол­­г­оод л саяны тэр 1500 кг жинг та­туулж байгаа юм. Тэгэх шаардлага бай­даггүй юм бай­на лээ. Үзэсгэлэнд оруу­ла­хын тулд ин­гэж бэлдсэн. Ер нь бол товарын малыг тэжээлээр маллаж борд­дог учраас ерөө­сөө 18 сар малл­адаг.

-Мэдээж гаднынхан янз бүрийн аргаар боловсруулсан уураг тэжээ­лээр тэжээдэг байлгүй. Танай аж ахуй үхрүүдээ юугаар тэжээж байна вэ?
-Манай Монголд энэ талын их мун­даг эрдэмтэн Ш.Наваанчимэд байсан юм байна. Тэр хүн 1978 онд “Канадын махны үхрийн аж ахуйгаар” гэдэг номоо гаргаж байж. Социализмын үед Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн “FAO”-гийн шугамаар зургаан сарын хугацаатай Канадын нилээд хэ­дэн мужаар аялсан байна. Энэ но­мд махны үхрийн аж ахуйн тухай гайхам­шиг­тай олон зүйл бичсэн байдаг. Ту­хайл­­бал, Канадад -50 градуст махны үх­­рийг бордож таргалуулдаг арга тех­но­­ло­гийг маш дэлгэрэнгүй бичсэн бай­даг. Үүнээс үзэхэд манайд номон дээрх тэр технологи хэрэгжих боломжтой юм. Ер нь махны үхрийг задгай -50 градуст үржүүлж болохоор юм байна лээ. Үүнээс санаа аваад өвлийн цагт үнээгээ саацгаая. Учир нь зуны цагт үнээ саахад хадгалах нөхцөл хүндтэй, бас сүүний үнэ хямд байдаг. Мөн бидний ахуй амьд­рал нүүдэлчин байгаль, цаг уураа да­гаж, зохицсон байдаг. Харин дэлхийн ханд­лага шал өөр байна. Жилийн дөр­вөн улирлын туршид эрэлт хэрэгцээгээ да­гаж үйлдвэрлэл бизнес нь явж бай­даг. Энэ үүднээс иргэддээ өвлийн цагт шинэ тараг, шинэ цөцгий, шинэ сүүгээр үйлчилье гэж бодсон юм. Бизнесийн талаа­саа авч үзсэн ч цагаан идээ өвөл хам­гийн эрэлт ихтэй, үнэ өндөртэй бай­даг шүү дээ. Гэхдээ энэ ажлыг загвар бол­гож, олон хүн эндээс санаа аваасай гэж бодож хийсэн юм. Фермийн аж ахуйг ийм маягаар хөгжүүлбэл, нэг та­лаа­саа олон хүн ажлын байртай болно, нө­гөө талаасаа эрүүл хүнстэй болох юм. Эрүүл хүнстэй болно гэдэг эрүүл иргэнтэй байна гэсэн үг. Эрүүл иргэнтэй улс орон хөгжих нь гарцаагүй юм. Би энэ сайхан ирээдүйд итгэл дүүрэн бай­даг.

-Одоо тэр загвар аж ахуйд хэдэн хүн ажиллуулж байна вэ?
-Одоо дөрвөн хүн ажиллаж байгаа. Яг сонгодог утгаараа хоёр хүн ажиллах ёстой.

-Тэр тав, зургаан зуун үхэрт үү?
-Үгүй үгүй. Тэр ферм гэдэг чинь 30 үнээ­ний л аж ахуй шүү дээ. Хоёр хүн л ажил­­лах ёстой. Гэхдээ суурин мал аж ахуй гэдэг манай оронд дадал болсон зүйл биш, дээр нь социализмын үед жаа­хан хөгжиж байгаад 1990 оноос хойш тасар­чихсан зүйл шүү дээ. Тийм учраас энэ ажилд хүнээ гаршуулах нь чухал бай­гаа юм. Ферм дээр гурван жил ажил­ласны дараа ажилчин бүрэн бэлтгэгдэж дуусна.

-Маш сонирхолтой хэсэг байлаа. Үх­рийн аж ахуйг тань очиж үзэж болох уу ?
-Бололгүй яахав.

-Адуунчулууны уурхай гэж Мон­голдоо алдартай нүүрсний уурхай бай­даг. Анх хэдэн онд байгуулагдаж бай­сан юм бол. Та яагаад энэ уурхайг хувь­чилж авахаар шийдсэн юм бэ?
-Адуунчулуун гэдэг яг тэр уурхай бай­­гуулагдсан газрын нэр л дээ. Адуун­чу­луу гээд жижигхэн толгой байгаа. Хо­лоос харахад сүрэг адуу бэлчиж байгаа юм шиг харагддаг сонин тогтоцтой хад чулуу байдаг. Аймгийн төвдөө маш ойрхон байдаг нүүрсний уурхай. Энэ уур­хайг 1954 онд оросууд нээж далд ар­­гаар ашиглаж байсан юм. 1969 онд ма­­най аймгийг Монгол Улсын зүүн бү­сийн эдийн засгийн хөгжлийн төв болгох төр засгийн шийдвэр гарснаар Дор­нод аймгийг дулааны цахилгаан станц, түлш­ний үйлдвэр, ноосны үйлдвэр, мах камбинаттай…ийм хот болгож хөгжүү­лэх программын дагуу энэ нүүрсний уур­хайг өргөтгөсөн. Өөрөөр хэлбэл, жилд 200 мянган тонн нүүрс олборлох хүчин ча­далтай ил уурхай болгосон. Дараа нь 1979-1980 онд Дорнодын цахилгаан стан­цын хүчин чадлыг гурав дахин нэ­мэг­дүүлж өргөжүүлэхэд мөн л нүүрс­ний уурхайг өргөтгөх шаардлагатай бол­сон. Ингээд жилдээ 600 мянган тон­ныг олборлох хүчин чадалтай болгож өргөт­гөсөн. Энэ хэмжээнд үйл ажилла­гаа­гаа явуулсаар зах зээлийн нийгэмд хүрч ирсэн. ОХУ-д 1989, 1990, 1991 онд жил болгон 100 мянган тонн нүүрс экс­портолж байсан туршлагатай уур­хай юм­. 1990 оноос хойш том үйлд­вэрүүд зогсч, оросын цэргийн ангиуд гарс­наар цахилгаан станцын үйлдвэр­лэ­лийн хэмжээ нь дөрөв дахин багас­сан. Үүн­тэй холбоотой нүүрсний эрэлт мөн багасч, жилдээ 180-200 мянган тонн нүүрс л гаргадаг болсон. Зах зээлийн энэ хямралтай үед уурхайн эдийн зас­гийн байдал нэлээн хүндэрсэн. Техник технологи нь хуучирсан. 1999 онд Тө­рийн өмчийн хороо дуудлага худалдаа хийх шийдвэр гаргасан юм. Тэгээд өөрийн­хөө хамтран зүтгэгч Б.Шатар гэдэг хүнтэй хамтраад Адуунчулууны уурхайг худалдаж авсан. Тухайн үедээ бид 870 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан.

-Тэрнээс хойш үйлдвэр тасралтгүй ажиллаж байгаа юу?
-Тасралтгүй ажиллаж байгаа. Тэр жи­лээс хойш Дорнод аймгийн нэлээд хэ­дэн үйлдвэрийн хүчин чадал эргэн сэргэж, нүүрсний уурхайн үйлдвэрлэ­лийн хүчин чадал ч өссөн. Хувьчилж авс­ныхаа дараа Оростой хамтарч ажил­лах тал дээр нилээд анхаарсан. Ингээд үйлдвэрийн хүчин чадлаа сэргээгээд одоо жилдээ 300 мянга гаруй тонн нүүрс ол­бор­лож байгаа. Цаашдаа бол 600 мянга, тэрнээс дээшээ ч олборлох боломж байгаа.

-Нөөцийн хувьд?
-Нөөц хангалттай бий. 200 орчим сая тонн нүүрс байгаа. Ашиглаагүй бай­гаа ордынх нь нөөц шүү дээ.

-Адуунчулууны уурхай нийтдээ хичнээн ажилтантай вэ?
-Адуунчулуун хувьцаат компани нийтдээ 160 гаруй ажилчидтай.

-160 ажлын байр?
-Тийм.

-Аймаг орон нутгийн төсөвт хэдий хэрийн мөнгө оруулдаг вэ?
-Адуунчулуун хувьцаат компани нь Дор­нод аймгийн хамгийн том татвар тө­лөгч байгууллага. Сүүлийн жилүүдэд Дор­нод аймгийн шилдэг татвар төлөг­чөөр байнга шалгарч ирсэн. Төлж бай­гаа татварын хэмжээ маань байнга өсч байгаа. Жилдээ 200 гаруй сая төгрөгийн тат­вар улсдаа төлж байна.

-Манай уншигчид Адуунчулууны Шинэбаяр гэж мэдэхээс биш, ямар орчинд төрж өссөн, юу хүсч мө­рөө­дөж явдаг гээд олон мэдээл­лийг мэ­дэх­гүй байгаа. Тэгэхээр энэ ту­хай жаахан дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-Би ер нь өвөрмөц намтартай хүн л дээ. 1960 онд Дорнод аймгийн Чойбал­сан суманд төрсөн. Миний паспорт дээр Дор­нод аймгийн Гурванзагал суманд төр­сөн гэж бичээстэй байдаг юм. Манай гэр Гурванзагал суманд байхад ээж маань амралтаараа манай эмээ дээр Чойбалсан суманд очоод байхад нь би тэнд төрчихсөн юм гэнэ лээ.Намайг хоёр настайд манайх Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороо гэдэг газар нүүж очсон юм. Баян-Уул бол манай Дорнод айм­гийн хамгийн хойд талд, ой шугуй дунд байдаг байгалийн үзэсгэлэнт нутаг­тай сум. Миний өссөн Эрээн хороо яг л Оросын тосгон шиг газар. Айл бол­гон байшинд амьдардаг, ногоо тарьдаг, нэгээс хоёр үнээтэй байсан. Тэр үнээ нь арваас доош литр сүү гардаг үнээтэй айл бараг байдаггүй байсан. Айл бол­гон арван литрийн ногоон хувингаар дүүртэл сүүгээ цалгиулаад л явдаг бай­сан юмдаг. Ийм л нэг суурин байсан.

-Ямар гоё юм бэ. Нүдэнд харагдаж байна шүү?
-Дээр нь бараг айл болгон тахиа­тай. Өглөө манай Эрээн хороо тахиан дуунаар сэрдэг байсан. Маш эртэч, хө­дөл­мөрч хүмүүстэй. Айл болгон но­гоо та­рина. Их сайхан сэрүүн байгаль­тай, эрүүл агаартай, цэнгэг устай, битүү но­гоон модтой тийм газар, бас хүн болгон нь аж ахуйч.

-Эрээн хорооны тэр өнгө төрх одоо хэвээрээ болов уу?
-Одоо бол нэлээн өөрчлөгдсөөн. Гэхдээ Эрээн хорооны тэр байгаль, өнгө төрх хэвээрээ шахуу байгаа учраас эр­гээд хуучин байдалдаа орох болол­цоо­той гэж боддог юм.

-Хавар, намар нь яаж болдог…яг тэр хэвээрээ биз дээ. Ой шугуйг нь сүйтгэчихээгүй байгаа?
-Сүйтгээгүй. Өссөн тэр орчин маань өнөөдрийн миний амьдралд ихээр нө­лөөл­сөн. Манай Эрээн хороо бол модны үйлдвэрийн газар. Үйлдвэрийн яндан­гий­н дуугаар хүмүүс ажилдаа явж, үдийн цайгаа уугаад эргэж цугладаг. Хүмүүс нь түймэр гарахад хэдэн ээлжээр дай­чилгаанд гарах байнгын бэлэн бай­дал­тай. Би дөрөвдүгээр ээлжний бэлэн байд­лын хүн байлаа. Нэгдүгээр ээлж нь ал­бан байгууллагын эрэгтэйчүүд, залуу­чууд. Хоёрдугаар ээлжинд нь тэтгэвэрт гарсан өвөгчүүд, ахмадууд явдаг. Гурав­дугаар ээлжинд нь эмэгтэйчүүд. Дөрөв­дү­гээр ээлжинд нь хүүхдүүдийг түймэрт явахад бэлдчихсэн байдаг байсан юм. Тэр үед ямар зохион байгуулалттай байв. Хүүхдүүдийг байгаль эх орныхоо тө­лөө сэтгэлтэй хүн болгож төлөвшүү­лэх ажлыг тэгж л хийж байсан байхгүй юу.

-Эх орон нь итгэл хүлээлгэж байна гэсэн өөрийгөө томд тооцох тийм мэдрэмж авдаг байсан байх л даа?
-Өө, тэгэлгүй яахав. Биднийг бэлэн байж бай гэсэн. Тэгэхээр бэлэн л байх ёстой. Тэгээд тушаал ирвэл явж түйм­рийг даралцана гэсэн сэтгэлтэй хүмүүс л сууцгааж байна шүү дээ. Манай хороо чинь дөрвөн жилийн сургуультай. За тэгээд ахлах ангийн хүүхэд нь дөрөв­дүгээр ангийнхан. Тэр үед дөрөвдүгээр ээлжийнхний нэрсийн жагсаалтад орс­ноор бол бага хүүхдүүдээс тасраад яв­чихаж байгаа юм, бараг цэрэгт явах бол­сон хүн шиг сэтгэл зүйтэй болж бай­гаа юм. Үгээр одоо юу гэж хэлэлтэй юм.(инээв)

-Дөрөвдүгээр ангийн хүүхэд чинь 11 настай л жаал байна биз дээ?
-Тийм.

-Хэд хүртэл тэндээ амьдарсан бэ?
-Манайх тэр нутагт 1962-1972 он хүр­­­тэл арван жил амьдарсан. Намайг дө­рөвдүгээр анги төгсөхөд манайх Даш­балбар суманд шилжиж ирсэн. Ма­най аав Эрээн хорооны худалдаа бэлт­гэлийн ангийн нягтлан байж байгаад Дашбалбар сумын худалдаа бэлт­гэлийн анги гэж арай том худалдаа бэлтгэлийн анги руу дэвшиж ирсэн. Тэндээ гурван жил болоод дахиад л нүүж Сүхбаатар ай­магт очсон юм. Манай аав Сүхбаатар айм­гийн худалдаа бэлтгэлийн удирдах газ­рын ерөнхий нягтлан болсон юм. Ин­гээд аймагт хоёр жил амь­дар­лаа. Айм­гийн арван жилд бид сур­сан. Тэгээд тэн­дээсээ аав маань Дорнод аймгийн ху­дал­даа бэлтгэлийн удирдах газрын ерөнхий нягтлангаар томилогдож ир­сэн. Үндсэндээ би арван жилийн дунд сур­гуулийг дөрвөн сур­гууль шилжиж төгс­сөн. Тийм учраас на­дад арван жи­лийн маш олон найз бай­даг. Манай эх­нэр хүртэл их гайхдаг юм. Явсан газар бол­гондоо л энэ манай ан­гийн хүүхэд гэх юм. Чи чинь хичнээн ан­гийн хүүхэд­тэй юм бэ гэдэг. Ингэж аавы­гаа дагаж манайх байнга нүүж сууж яв­сны ачаар би олон газрын, олон үндэс­тэн ястан янз бүрийн хүмүүстэй харил­цаж, тэдний ахуй амьдралын олон соёлтой танил­цаж мэдэж авсан.

-Ам бүл хэр өнөр өтгөн айл вэ. Яс үндэс буриад уу?
-Яс үндэс халх. Манай аав Дорнод аймгийн Чойбалсан сумын хүн. Ээж маань Чойбалсан сумаас сүүлд тасар­сан Гурванзагал сумын халх хүн.

-Таныг буриад хүн гэвэл шууд ит­гэхээр харагдаж байна?
-Тийм байх. Ерөөсөө бага насаа би бу­риад зон дунд өнгөрөөсөн л дөө. Ма­найх ам бүл 13-уулаа. Дээрээ гурван эгч­тэй. Айлын хөвгүүдийн том нь. Долоон эрэгтэй, зургаан эмэгтэй хүү­хэд­тэй айл даа. Өнөр өтгөн, олон хүү­хэдтэй айл ямар байдаг яг л тийм маягаар багаасаа эцэг эхдээ туслаж өссөн. Өнөөдөр энэ хүмүүжил маань миний амьдралд их хэрэг болж байгаа. Бага наснаасаа хө­дөлмөр эрхэлж, хөдөлмөрийн амт шим хатуу хөтүүг үзэж, үр дүнг нь харж, ба­хар­хаж өссөн. Дээр үед чинь хүүхдүүд ам­ралтаараа ажил хийгээд мөнгө авдаг тийм боломж зөндөө байсан юм шүү дээ. Тийм учраас мөнгөний үнэ цэн гэдгийг бид бага байхаасаа мэдэрсэн.

-Аравдугаар ангиа яг хаана төгс­сөн бэ. Уралдаант шалгалтанд ороод ямар сургууль авав?
-Дорнод аймгийн Чойбалсан хотын арван жилийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Сурлага сайтай хүүхэд байлаа. Хүүхэд юм болохоор тухайн үед ажил мэргэжлийн хувьд ерөнхий төсөөлөлтэй ч яг нарийн сонголт хийгээгүй явж бай­гаад 8 дугаар ангид байхдаа гэнэт гео­логийн инженер болъё гээд шийдчих­сэн. Янз бүрийн чулуу цуглуулаад, алх барьж хад цохиж үзээд л явдаг тийм нөхөр болж хувирсан. Гэртээ чемодан дүүрэн чулуу цуглуулчихсан. Ээждээ загнуулна. Гэр цэвэрлээд нааш цааш нь юм хөдөлгөх гэхээр миний чемодантай чулууг даах аргагүй юм гэж загнадаг байлаа. Надаас өөр хүн хөдөлгөж чаддаггүй чемодантай тийм хүүхэд байсан юм..

-Гэрт 13 ширхэг чемодан байх уу?
-Тийм. Аравдугаар анги төгсдөг жил маань геологийн ангийн хуваарь ир­сэнгүй. Тэгээд харж байгаад уул уур­хайн анги геологитой хамгийн ойр санаг­дахаар нь тэр ангийг сонгочихлоо. Ингэж дотооддоо суралцах болсон юм. Уг нь надад гадаадад явах бололцоо байсан. Математик, физик дээр авсан оноогоороо УИХ-ын гишүүн байсан Билэгсайхан бид хоёр хамгийн өндөр оноог нь авч байсан. Тэгсэн хэрнээ би дотоодын хуваарь сонгож байсан юм. Гэхдээ би зөв мэргэжлээ олоод сонго­чихсон гэж бодож явдаг.

-Төгсөөд хаана хуваарилагдсан бэ?
-Би хүүхэд байхаасаа л байнга нэг сонгуульт ажилтай явдаг байлаа. Нэг­дүгээр ангид орохдоо л ангийн дар­га болоод тэрнээс хойш бүлгэмийн зөв­лөлийн дарга, Их сургуульд ирээд бас л ангийн дарга болсон. Биднийг төг­сөх үед IV цахилгаан станц дөнгөж ашиг­лалтад ороод удаагүй байсан бө­гөөд манайхаас хоёр хүүхэд авсны нэг нь би. Эрчим хүчний яамны бо­­­­ловсон хүчний хэлтсийн дарга Пүрэв­жав гуай намайг “За, чи ангийн дар­га байсан юм байна, сурлага са­хил­гыг тооцон хотод авч үлдэнэ ээ” гэж байв. Хотын нэлээд хүүхэд хөдөө хуваарилагдчихаад, хөдөөний хүүхэд би хотод хуваарилагдчихаад л. Би ч нэг их хотод үлдэе гэж бодсон юм байхгүй, ромбо дипломоо авчихаад, хуваариа харчихаад байж байтал ма­най аав ирлээ. Би хотод үлдэх болс­ноо хэллээ. Гэтэл аав нэг л баярлахгүй. Яагаад том хүүхдээ сургууль төгсчихөөд, хо­тод том станцид очих болчихоод бай­хад баяр­лахгүй байгаа юм бол гэж дот­роо жаахан гайхав. Гэтэл аав маань на­майг сургуулиа төгссөнд баярлаж бай­сан ч хуваарилалтанд нь сэтгэл дундуур байсан юм билээ. Аав маань “Чи айлын том хүү, одоо гэртээ очиж дүү нартаа үлгэр дууриал болж, нутагтаа ажиллаж мөнгө цаасаа олж, дараагийн дүү нараа сургууль соёлд ороход нь надад нэмэр болж хамт байх хэрэгтэй. Дорнод руу явъя” гэсэн юм. Тэгээд аав маань Пүрэв­жав гуайтай очиж уулзаад намайг Дор­нодод хуваарилуулж байсан юм. Адуун­чулууны нүүрсний уурхайд хуваарь байхгүй, намайг цахилгаан станцад хуваарилж өгсөн. Би цахилгаан станц гэж сайн мэдэхгүй, үнэндээ шагайж ч үзээгүй газар байлаа.

-Тэндээ хэдэн жил ажилласан бэ?
-Станцад 13 жил ажилласан. Сай­хан хамт олонтой газар шүү. Би дөр­вөн жил цахилгаан станцын түлш дам­жуу­лах цехийн инженер, дөрвөн жил ца­хилгаан станцын цехийн дарга, таван жил станцын даргын ажил хийсэн. Хэ­дий­гээр би уул уурхайн инженерийн мэргэжилтэй ч гэсэн сайхан хамт олны дэмж­лэгээр, олон жил хамтдаа амжилт­тай ажиллаж чадсаны үр дүнд цахил­гаан станцын дарга хүртэл дэвшин ажил­лаж байлаа. Анх орж байхдаа Царцаа Намжил шиг л энийг юу гэдэг юм, энийг яадаг юм гээд л хүмүүсээс асуугаад гүй­дэг байлаа. Манайхан ч намайг мэргэж­лийн бус гэлгүйгээр сайхан хүрээлж ажилласан. Цахилгаан станц гэдэг бол их өвөрмөц газар шүү дээ. Үйлдвэрлэл борлуулалт хоёр нь яг зэрэг явдаг өвөр­мөц бараа бүтээгдэхүүнтэй үйлдвэр байхгүй юу. Жишээ нь, энэ талхыг бол үйлдвэрлээд хадгалж болдог. Маргааш, нөгөөдөр үйлдвэрлэл зогсчихсон байхад бүтээгдэхүүн нь хүлээгээд л байж байдаг. Цахилгаан бол хадгалж болдог­гүй бүтээгдэхүүн. Цахилгаан станцын үйлдвэрлэлийн ажил доголдож байгаа, үгүйг хүн бүхэн хянаж чаддаг. Өөрөөр хэлбэл нэг секунд цахилгаан тасарч анив­чихад, за энэ цахилгаан станц доголдож байна аа даа гэж анзаардаг. Яг тэрийгээ дагаад асар өндөр ха­риуц­лага шаарддаг үйлдвэр л дээ. Намайг анх сургууль төгсөөд ирэхэд цахилгаан станцын даргаар Чимэддорж гэдэг хүн ажиллаж байсан. Үе үеийн цахилгаан станцын дарга нар маш ажил хэрэгч, өндөр хариуцлагатай, са­хилга дэг журмыг эрхэмлэдэг хүмүүс бай­сан юм. Тийм ч байхаас өөр арга байх­гүй. Яа­гаад гэвэл үйлдвэрийнх нь өөрийнх нь онцлог тийм байдаг юм. Өглөө найман цагт ажил эхэлдэг.

Тэгэхэд 7.40 гээд ирэхэд манай станцын Дэмбэрэл дарга бидэнийг загнадаг байсан. Инженер хүн өглөө 7.40-д ирнэ гэдэг бол байж болшгүй явдал. Инженер хүн өглөө ажилдаа нэг цагийн өмнө ирэх ёстой гэдэг тэр алтан дүрмийг бид баримталж ажиллаж сурсан. Магадгүй бидний тэгж их ачаа­лалтай ажилласан нь өөрсдөд маань том сургамж болсон байх. Цахилгаан станц өөрөө тийм онцлогтой газар уч­раас хувь хүний хариуцлага ухамсрыг маш өндөр болгодог. Ер нь ч тэгээд ца­хилгаан станцад ажиллаж байсан хүмүүс аль ч салбарт очоод ажиллахад шал өөр байдаг л даа.

-Танай 13-аас хэд нь сургууль соёлын мөр хөөсөн бэ?
-Манайхаас нэг нь л үйлдвэрт олон жил ажиллаж, үйлдвэрийн аварга ажил­чин болсон. Бусад нь бүгд сургууль соё­лын мөр хөөсөн дөө. Хоёр нь дунд бо­ловс­ролтой. Нэг эмэгтэй дүү маань өөрийн хүсэлтээр илгээлтээр явсан. Хам­гийн гол нь манай аав бүгдийг нь сайн зохион байгуулсан. Миний охин аль аль талаа бодоод илгээлт аваад үйлд­вэрт ажиллаад мөнгө олж бус­дыгаа сургуульд явуулахад нэмэр болох ёстой гэж ойлгуулсан. Тэр олон дүү нарыгаа боловсрол эзэмшихэд их хувь нэмэр болсон. Манай дүү нар бүгдээрээ өөр өөрсдийнхөө хүсэж мөрөөддөг аж­лаа хийж байгаа. Нэг дүү маань Улаан­баатар хотын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байна. Хамгийн бага дүү нар ихэр юм. Ээж аав маань биднийг сургууль соёлд сургах гэж маш их хүч хөдөлмөр гаргасан. Аав маань нас барснаас хойш хоёр ихэр дүү маань дунд сургуулиа төгссөн. Аавын­хаа хүслийг бид биелүүлэх ёстой учир бага дүү нараа Орос руу сургуульд явуул­сан. Дараа нь Хятадад сургасан. Нэг дүү маань одоо Америкт сургууль төгсөөд ирж байна. Тэрний дээд талын хамгийн бага эмэгтэй дүүгийн маань нөхөр монголын нэлээн ирээдүйтэй зураачдын нэг. Говь-Алтайн авъяаслаг залуу бий. Их сонин авангард чиглэлийн зураг зурдаг. Одоо Амстердамд амь­дарч байна. Зураг нь “Европын өсөх ирээ­дүйтэй 100 зураач” гэдэг альбомд орсон байна лээ. Дараачийн нэг эмэгтэй дүү маань Анагаахын дээд сургууль төгссөн. Ирландад хоёр жил ажиллаад нөхөртэйгээ хамт энд хувийн эмнэлэг байгуулах бэлтгэл ажил хийгээд явж байна. Нэг дүү маань Оросод барилгын инженерийн автозамын засварын анги төгссөн. Одоо Улаанбаатар хотод зам арчлалтын компанийн захирал хийж байгаа. Дахиад хоёр дүү маань Дорнод аймагт өөрийн хувийн бизнестэй.

-Их л ажилсаг улсууд юм даа?
-Манай ээж аав багаас маань ингээд хүмүүжүүлчихсэн юм. Олуулаа нийлж хүнд хүчрийг хийнэ. Наад зах нь түлээ модоо хөрөөдөх, ус зөөх, зун болвол дан­даа ажил хийнэ. Нэг ёсондоо олуу­лаа нэг гэрт өссөн ч гэсэн багаасаа л мөнгөтэй харьцаж сурсан. Би өөрийгөө овоо бэлтэй хүүхэд байсан гэж ярьдаг юм. Яагаад гэвэл би хэзээ ч хүнээс гуйх­гүйгээр сурах бичгээ авчихдаг, уншъя гэсэн уран зохиолын номоо өөрөө худалдаж авч чаддаг байсан юм. Би хүүхдүүддээ хүн өмчтэй байх нь маш чухал. Өмчтэй хүн өөрөө эрх чөлөөтэй амьдардаг юм. Би хүүхэд байхдаа өөртөө номын сантай байсан. Өөрөө хөдөлмөрөөрөө номын сангаа цуглуул­сан болохоор тэр миний өмч, миний эрхэм зүйл. Тиймээс та нар одооноос л ажиллах ёстой гэж хэлдэг юм.

-Ярилцлага эхлэхийн өмнө та нэг дүүгийнхээ хүүхдийн тухай ярьж байсан шүү дээ. Тэрийгээ манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-Голландад амьдардаг дүүгийн хүүхэд л дээ.. Дөрвөн настай хүүхэд яваад тэндээ таван жил амьдарсны дараа бид дүү нартайгаа очиж уулзсан юм.Бид нарыгаа их санадаг юм байна. Гэхдээ таван жил болсон гэхэд монгол хэлэндээ их сайн. Тэрнээс гадна тэр зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хүн мөнгөний үнэ цэнийг маш сайн мэддэг, ойлгодог болдог юм байна. Ээж, аавтай­гаа гэрээтэй ажиллаад, өдөрт нэг евро­гийн цалинтай аяга тавгаа угаагаад яг дор нь хөлсөө авдаг. Тэр мөнгөө хайрц­гандаа хийчихдэг. Би том нагац ах нь болохоор надад их хүндэтгэлтэй л дээ. Мон­голоос юу авч очих билээ. Ахын хувьд чихэр боов авч ид гээд дүүдээ 50 евро бэлэглэсэн. Тэгсэн авахгүй гэдэг юм байна. Ээж аав дээрээ очоод Голлан­даар олон юм хэлээд уйлагнаад бай­сан. Тэгэхээр нь юу гэж байна гэсэн чинь “Та хоёр намайг хуурдаг байсан юмуу. Яагаад манай нагац ах надад 50 евро бэлэглэж байгаа юм. Би ингэхэд хөнд­лөнгөөс харахад тийм сул дорой хараг­даж байна уу. Хүнээс зүгээр юм авахаар хүн юм уу. Би өөрийгөө хэзээ ч тэгж боддоггүй. Гэтэл ийм байсан байна. Та хоёр надад хэлэхгүй өдий хүртэл явсан байна шүү дээ” гэж ээж аавдаа хэлсэн гэнэ. Тэгээд би өөрөөсөө ичсэн. Бэлэнч­лэх сэтгэлгээ гээд яриад л байдаг, яриад л байдаг. Гэтэл 9-хөн настай охин тийм болчихсон байна шүү дээ. Энэ үнэнийг бид хүүхэддээ хэлдэггүй байсан юм байна лээ. Ерөөсөө мөнгөний үнэ цэн, хүн өөрөө өөртөө итгэлтэй байх үзлийг энэ жишээн дээрээс харсан. Гэхдээ энэ бол ерөөсөө тэр орны жишиг юм байна лээ. Ганцхан тэр хүүхэд биш. Бүгдээрээ тийм байдаг юм байна. Тэгсэн хэрнээ манай тэр хүүхэд өөрөө Иракт болж байгаа дайныг эсэргүүцсэн сурагчдын зөвлөлийн гишүүн гээд байгаа байхгүй юу. Яагаад тэр зөвлөлийн гишүүн бол­сон юм бэ гэхээр таван евро хандивла­вал тэр сурагчдын зөвлөлийн гишүүн болдог. Нэг евро хандивлавал зүгээр л сурагчдын зөвлөлийн идэвхтэн байдаг. Голландын телевизээр орой болгон нас насанд таарсан мэдээ гардаг юм байна лээ. Яг тэр өөрийнх нь насанд таарсан мэдээгээ гарангуут өнөөдөр Иракт тэдэн сургууль дэлбэрлээ, бөмбөгдлөө, тэдэн хүүхэд бэртсэн байна гэхээр, энэ бол маш буруу маргааш сургууль дээрээ очоод хүүхдүүдээ цуглуулаад дахиад хандив цуглуулаад Иракийн хүүхдүүдэд явуулна аа гэж байх жишээтэй.

-Та өөрийнхөө байгуулсан гэр бү­лийн тухай ярьж өгөхгүй юу. Хэдэн хүүхэд­тэй, хэр зэрэг аав гээд?
-Манай ам бүл зургуулаа. Хоёр охинтой, хоёр хүүтэй. Хоёр том нь охин. Яа­хав дээхэн үеийн ойлголтоор бол тийм олон хүүхэдтэй айл биш. Одоо­гийн ойлголтоор бол нэлээн олон хүү­хэдтэй юм шиг тийм л айл. Манай эхнэр говийн бүсгүй. Их сургуульд цуг сурч байгаад төгсөөд Дорнод аймагт надтай хамт очсон юм. Одоо хэн ч Дорнодынх гэж хэлэхээр болчихсон хүн байгаа. Гэр бүлийн хувьд хатуу дэг жаяг, хүмүүжлийг баримталдаг. Ээж аавын маань бид­нийг хүмүүжүүлж ирсэн уламжлалт арга барилаар хүүхдүүдээ хүмүүжүүлдэг. Гэр дотроо ерөнхийдөө өрхийн тэргүүн шийд­вэрийг давамгайлж гаргадаг. Гэх­дээ би хүүхдүүдээ дэлхийн жишигт ойр­хон байх ёстой гэдэг зорилго тавьдаг. Тийм ч учраас би бага наснаас нь хүүх­дүүдээ зуны амралтаар нь Орост аваа­чаад орхичихдог байсан. Яг ижил насны хүүхэдтэй айлд суулгадаг байсан юм. Тэгж орос хэлэнд зүгшрүүлж, сайж­­руулж, оросын ард түмний зан заншилд сургасан. Дараа нь Хятад айлд суул­гасан. Гол нь энэ хоёр том хөршийнхөө хэлийг дээр нь англи хэл сурах ёстой гэж зорилго тавьсан юм. Дараа нь Америк руу HighSchool-д хүүхдүүдээ явуулсан л даа. Үүний үр дүнд хүүх­дүүдээ ямар ч байсан гурван хэлтэй бол­госон. Ирээдүйн дэлхийн жишгийн хүн болж хүмүүжихэд хэл хамгийн чухал. Хэлийг мэргэжил гэж үзэж болохгүй. Яг хэлээр мэргэшиж байгаа тохиолдолд л гэхээс өөр мэргэжил сонгож байгаа тохиолдолд хэл бол үндсэндээ хүний хэ­рэглээ гэж ойлгуулж, зорилгыг нь тодор­хойлуулсан. Манай том охин Анг­лийн Манчестрийн их сургууль төгсөөд одоо Америкийн нэг компанид менежер хийж байна. Өнгөрсөн жил оны шилдэг менежерээр шалгарсан. Бага хүү Анг­лийн Манчестр хотын их сургуульд, Том хүү маань Шанхай хотод компьюте­рын чиглэлээр сурч байгаа. Нэг охин маань Дорнод аймагтаа байдаг. Бид гэр бүл дотроо хүүхдүүдтэйгээ гэрээтэй ажилла­даг.