Янаглан хорлолт
-Хүний өвчний оношийг задлах нь хүнлэг сэтгүүл зүй мөн үү-
Сүүлийн үед Ерөнхий сайд С.Баярын эрүүл мэндийн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Өнгөрсөн өвлийн хамгийн халуухан сенсаациудын нэг түүний мориноос унаж бэртэл авсан талаархи мэдээлэл байлаа. Гэвч тэрбээр хоёр гуравхан хоногийн дараа ажилдаа орж, эрүүл саруул байгаагаа олон нийтэд харуулснаар морь унаж давхисан сахилгагүй Ерөнхий сайдын талаархи сонины цувралуудыг тэгэсхийгээд зогсоосон. Гэтэл энэ удаа ахин „Ерөнхий сайдын эрүүл мэнд асуудалтай байна” гэсэн дуулиан дэгдээд байна. Эхэндээ өвөл мориноос унахдаа бэртсэн хөлнийх нь зөөлөн эдийн гэмтэл сэдэрсний улмаас ажлаасаа түр хөндийрч Солонгос улсад шинжилгээ хийлгэхээр явсан хэмээн тайлбарлагдаж байсан шуугиан уржигдар албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээс үүдэн гал дээр тос нэмэх мэт дэвэрч орхив. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй албаны хүмүүс сэтгүүлчдийг цуглуулан, ярайтал сууж байгаад Ерөнхий сайд С.Баярын эрүүл мэндийн тухай дэлгэрэнгүй “тайлан”-г тавьж нийгмийн амыг ангайлгаж, нүдийг нь орой дээр нь гаргасан нь энэ. Мэдээж ийм хэмжээний алхмыг Ерөнхий сайдтай зөвшилцөлгүйгээр хийхгүй. Ерөнхий сайд өөрөө зөвшөөрөл өгсний улмаас албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байж таараа.
Асуудал нэг талаасаа ийм тодорхой харагдавч нөгөө талдаа харьцангуй соёлжиж, боловсорсон нийгэм энэ явдлыг туйлын эмзэг хүлээж авч байна. Төрийнхөө нэгэн өндөрлөгийн эрүүл мэндийн талаархи таагүй мэдээллүүдийг дэлхийтэй хуваалцах шаардлага бидэнд байна уу. Хэдийгээр манай нийгэм хамаг хаалга цонх нь дэлгээтэй ардчилсан нийгэм ч гэлээ бусдын халаас, хэтэвч, ор хөнжил рүү өнгийж халиад, сүүлдээ анатомийг нь рентгенд харсан лугаа адил эрүүл мэндийнх нь талаар эрээ цээргүй мэдээллийг олон нийтэд дэлгэж байдаг ёс зүйгүй явдал руу хальтираад явчихлаа гэж хүмүүс шүүмжилж байна. Энэ зохисгүй явдлын хэм хэмжээ хэтэрснээс болж нийгмийн сэтгэл зүй тавгүйтэж, дургүйцлийг нь төрүүлэх боллоо. Мэдээж үүнд сэтгүүлчид бид буруутай. Бидний буруу үйл ажиллагаа Ерөнхий сайдыг хүнийх нь хувьд байж суухын аргагүй шахаанд оруулж, эцэстээ аргаа бараад ийм алхам руу түлхэв үү дээ гэж бодогдоно. Хувь хүний эрүүл мэндийн асуудал бол энэ хорвоогийн хамгийн эмзэг зүйлсийн нэг. Ийм эмзэг зүйлээр тоглох хэрэг бидэнд байна уу. Асуудлын нөгөө талд төрийн тэргүүлэх албан тушаалтнуудын эрүүл мэндэд ноцтой асуудал үүсч, цаашид албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ард түмнээсээ нууж хаалгүй, нийгмийг элдэв таамаг сэжигт автуулалгүй аядуухан мэдэгдэх ёстой төрийн өөрийнх нь үүрэг бий. Харин иймдээ тулаагүй нөхцөлд хүний амьдралд тохиолдож болдог ердийн нэг өвчин зовиур илэрсний төлөө сүржигнэж, шоудаж, эрээ цээргүй ил задгай мэдэгдэл хийж суух нь хэтэрхий зүй зохисгүй явдал юм. Лааны гэрэлд ламбада бүжиглэж явахаас өөрийг хийхгүй байна хэмээн урьд өдөр нь хэвлэлийн хуудсаар чимхүүлсэн Эрүүл мэндийн сайд салбарынхаа нөхдийг дагуулж ирэн хурал зарлаж даарин дээр давс нэмсэн нь өнөө цагийн төрийнхний галбиргүй явдлын жишээг нэгээр нэмлээ.
Сайдын дагуулж ирсэн тусгай эмнэлгийн дарга “Элэгний С вирус архи сархад хэтрүүлэн хэрэглэснээс болж идэвхждэг үү” гэсэн сэтгүүлчийн зальжин асуултанд архи хэтрүүлж уувал идэвхжинэ шүү дээ гээд хээв нэг хариулан гэнэдэж харагдав. С вирус нь идэвхжээд байна гэж өөрсдөө мэдэгдэл хийчихээд, араас нь архи хэтрүүлэн ууснаас улам идэвхждэг ээ гээд хариулчихаж байгаа нь „Аан, манай Ерөнхий сайд сархад жаахан хэтрүүлээд хөнтөрчихдөг нөхөр юм байна шүү дээ. Тэрнээс нь л болж элэгний хууч нь сэдэрчихэж” гэсэн мессежийг ард түмэн рүү гэнэн царайлж байгаад нисгэж орхисон дэндүү муухай хоржоон болов. Ёстой нөгөө янаглан хорлоно гэдэг л энэ байх даа.
Төрийнхөн төрхөө ингэж үзүүлж байхад хэвлэлийнхэн нэрмээс хийгээд өгөхөө яаж мартахав. Өчигдөр өглөөний хэвлэлүүд хамгийн ёс зүйгүй гарчгаар Ерөнхий сайдынхаа эрүүл мэндийн тухай мэдээллийг хачирлажээ. Хүний хувийн нууцыг эрээ цээргүй задалсан, харахаас дотор эвгүйцмээр гарчгууд төвийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрүүдийг хулдав. Зөвхөн энэ үзэгдэл аль нь ёс зүйтэй, соёлтой, хүмүүнлэг сэтгүүл зүйг илтгэж, аль нь увайгүй бохир сэтгүүл зүйг хөгжүүлж байгааг дэнслэн харууллаа. Бид бусдын муухайд дуртай атлаа өөрсдийн мууг харахаа байжээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэдгийг санаж, мэргэжлийн нэр нүүрээ хайрлан хамгаалах талаар халуун тогоондоо ярьж хэлэх цаг ирснийг сүүлийн үеийн энэ мэт ёс зүйгүй жишээнүүд тодоос тод харуулж байна. Төр нь ч зөв тунгалаг нүүртэй, сэтгүүл зүй нь ч гэгээлэг зам мөртэй байхсан даа.