УРИЛГАТАЙ ХЭСҮҮЛ
Улмаар бурхангүй үзлийн шүтээн болсон Зөвлөлт ба БНМАУ-ын нам төрийн удирдагчийн зурагны ард Бурхан багш Буддагийн хөргийг оруулж жаазлаад өмнө нь зул өргөнө. Нам, эвлэлийн ажилтнууд ороод ирэхэд, хөөрхий нэг мунхаг сүсэгтэн Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневийн өмнө зул өргөж харагдах тул буруушаахад хэцүү. Амандаа юу гүвтнээд байгааг нь асуувал -“Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн” хэмээн, Коммунист намуудын тунхагаас уншсан юм аа хүүхээ гээд амыг таглаж болно.
УРИЛГАТАЙ ХЭСҮҮЛ
Нэг.Айл хэсэх экскурс
Шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлсэн болно
...Өнөөгийн хот суурины хүмүүст, хөрш айлаараа учир зорилгогүй хэсүүчлэн явахын сайхныг яривал огоот ойлгохгүй. Харин нүүдэлчдийн хувьд “айл хэсэх” бол соёлынх нэг хэсэг байдаг.
Анх удаа танихгүй айлд орж үзсэн сэтгэгдэл их сонин. Эхлээд манайхтай л адилхан оосор бүчтэй боловч огт өөр төрхтэй айлын гэр эхлээд хүнийрхүү харагдан гадуурхах мэт. Хүнийрхүү гадуурхуу мөртлөө сонирхол татаж урин дуудах увьдастай.
Монгол гэрийг адил технологиор угсарч, ижил дизайнаар барих боловч айл бүр өөр өөрийн онцлогтой. Гэрээ барьсан байдал, эмх цэгц нь амьдардаг хүмүүсийнхээ тухай маш их мэдээлэл өгнө. Ажилсаг, залхуу, цэмцгэр заваан нь хамгийн түрүүн ялгарна. Ялангуяа, эздийнхээ гоо сайхны мэдрэмж, дэглэх ур чадварыг хүүрнэх нь сонин.
Уудам том тасалгаа, хязгааргүй сонголттой эд өлгөөр засал дизайн үйлдэх нэг хэрэг. Харин аяганы ам шиг бяцхан зайд тоотой хэдэн тавилгыг, бараг тогтсон дүрмийн хүрээнд өөрийнхөөрөө дэглэх нь авъяас билиг нэхсэн ажил.
Гэрийн үүдээр шагаймагц хоймортоо залсан бурхан тахил нүдэнд бууна. Шинэ цагийн боловсон айлын хойморт бол жааз дүүрэн фото зураг харагдана. Эхлээд айл бүрийн хоймор дахь бурхан тахил өөр өөрийн өрөлттэй байгаа нь миний сонирхлыг татдаг байлаа.
Манай хойморийн авдар дээр, үе үе шалгалтын комиссоос нуудаг Бурхан багштай жижиг гуу, Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойгоор гараад хураагдалгүй үлдэж, сонин тохиолдлоор манайд ирсэн ил захидал, Цэдэнбал дарга болоод манай ах дүүсийн хөрөгтэй том жааз байх. Бурхан багш нь уламжлалт шашин шүтээний, Чингис хаан нь өвөг дээдсийн, Ю.Цэдэнбал дарга нь төрт ёсны бэлгэдэл бололтой. Айл аймаг явдаг, бичиг номтой өвгөн Жамбалдорж гуайн хойморт бол маршал Чойбалсангийн зураг байх. Маршалын мөрдэс нь жижхээн модон сийлбэр, тогоомон ширээ шиг санагддаг байж билээ.
Тал нутагт ноёлж буй засаглалын бэлгэдэл нь зарим айлд В.И.Ленин, И.Сталин, Л.Брежнев нарын хөрөг болон заларна. Энэ нь хөдөөгийн малчид марксизм-ленинизмыг шүтээд, Сталины аллагыг сайшаан дээдлээд яваа гэсэн хэрэг биш. Ердөө л монгол нутаг дахь Зөвлөлтийн засаглалыг эсэргүүцэн тэмцэх бодол агуулаагүй болж харагдах илэрхийлэл төдий.
Улмаар бурхангүй үзлийн шүтээн болсон Зөвлөлт ба БНМАУ-ын нам төрийн удирдагчийн зурагны ард Бурхан багш Буддагийн хөргийг оруулж жаазлаад өмнө нь зул өргөнө. Нам, эвлэлийн ажилтнууд ороод ирэхэд, хөөрхий нэг мунхаг сүсэгтэн Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневийн өмнө зул өргөж харагдах тул буруушаахад хэцүү. Амандаа юу гүвтнээд байгааг нь асуувал
-“Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн” хэмээн, Коммунист намуудын тунхагаас уншсан юм аа хүүхээ гээд амыг таглаж болно.
Харин манай хөгшчүүл жижигхэн гуутай Бурхан багшийн хөргөөалбаны хүн ирэх сургаар аваад далд хийчихнэ. Нэг удаа “Соёлын довтолгоо”-ныхон гэнэтхэн гадаа буухыг мэдсэн эмээ маань сандарсандаа дөрвөлжтэй аргал дотроо нууж билээ. (Хэрвээ та, “Соёлын довтолгоо: хоньчноос барилгачин” номыг маань уншсан бол тэнд их дэлгэрэнгүй гардаг юм)
Зарим айл хоймрын жаазандаа үндэсний мөнгөн тэмдэгтийн дэвсгэр байрлуулдаг нь эд баялаг урин дуудсан зан үйл бус, харин төр улс, хууль цаазын бэлгэдэл гэж судлаачид хэлдэг. Иймэрхүү бэлгэдлийг өөр өөрийн хувилбараар, жижигхэн зайд, өвөрмөц шийдлээр байршуулсан нь сонирхол татам.
Айл айлын шүтээнд харж болдог, Ламын шашны олон бурхад, догшдын өвөрмөц дүрслэл нь маргахын аргагүй уран зургийн галарей бөлгөө. Ялангуяа хөгшчүүл цагаан сарын шинийн нэгэнд их төлөв даавуун дээр зурсан олон бурхдыг гаргаж ирээд залдаг тул золголт хийх ялдамдаа дүрслэх урлагийн музей үзээд авна гэсэн үг.
Дорно дахины урлахуйн аргаар дүрсэлсэн орчлонгийн хүрд, бурхадын хот мандал, диваажин хийгээд тамын байдал, үгүйдээ л маанийн үсэгтэй хийморийн хүлэг бүхий дарцаг...айл бүр бяцхан галарейгаа ийнхүү дэлгэнэ.
Жишээлэхэд, манай бурхан тахилынхаа өмнүүр сар шинээр татдаг хүндэтгэлийн хөшиг гэхэд л хаант оросын худалдааны пүүсийн реклам байсан. Тэр рекламан дээр эвтэй дөрвөн амьтан, найман тахил зэрэг Дорнын бэлгэдлүүдээс гадна хос толгойт бүргэд бүхий Баатар цагаан хааны сүлд, улмаар тухайн пүүсийн салбар нь бүхий л бараагаа нийслэл хотын үнээр худалддаг болохыг сурталчилсан худам монгол бичээстэй гээд л бодчих. Энэ бүхий л үзмэрийн дунд орчихсон жаал хөвүүн алмайран зогсож байгааг төсөөл дөө. Айл хэсэн таниж мэдэх, өөр олон олон айлтай газар орноор аялан одох сонирхол бадрана биз дээ.
Бурхан багшаас бусад элдэв хөрөг, бэлгэдлийг мэдэхээсээ мэдэхгүй нь их. Гэвч учир үл ойлгогдох бурхад догшдийн утаан идэгдэн хуучирсэн дүр нь учраа явдлаа нууцлахын хэрээр сэтгэл гижигдэн танин мэдэхүйн аянд дуудах мэт.
Айлын эзэгтэйн дизайны сэтгэлгээ, дүрслэлийн өвөрмөц шийдлүүд ор дэр, гал тогооны хэсэгт дурайна. Улмаар, ор дэр, авдар савны давтагдашгүй инсталляци нь яг л өнөөгийн музей үзмэрээс авдаг таашаалыг төрүүлнэ. Миний анх хэссэн айл, хожим малын эрэлд явахдаа буугаад мордсон хот наддаа л анхны Лувр, эхний Эрмитаж байсан гэж болно.
Соёлын довтолгооны үрээр бий болсон айл гэрийн зургийн жааз их сонин.Гэр бүлийн фото зургийн альбом гэмээр зургийн жаазнаас тэднийхний хэн хаагуур явж үзсэн, хамаатнууд нь хаана байдаг, хотод суудаг сэхээтэн садантай эсэхийг мэдэж болно. Зочин хүн айлд цай идээ амссныхаа дараагаар хойморийн жаазыг тойруулсан яриа өрнүүлэх нь элбэг. Монголчууд цөөхүүлээ учраас хэн нэгэн таньдаг хүнийхээ зургийг хаа холын айл хэсч яваад олж үзэх нь энүүхэнд. “Энэ Дорж мөн үү? Танай хамаатан юм уу” гээд эхэлсэн яриа холын хамаатантай уулзуулж, найз нөхдийнхээ садантай танилцуулах нь цөөнгүй.
Ийм учраас танихгүй айлд орох нь надад үргэлж сонин, өнөөгийнхээр бол танихгүй хотоор аялал хийх, орон нутаг судлалын музейд орох шиг сонин сайхан байдаг байлаа.
Хоёр.Хэсэх, Зочлох, Айлчлах гурав
Монгол хэлний “айлчлал”, “айлчин”, “айл хэсэх” гэдэг хэллэг үндсэндээ нэг утгатай. Айл(аул) гэдэг түрэг-монгол үгнээс гаралтай энэ хэллэг бүхий тохиолдолд гэрээс гарч айлаас айл дамжин хэрэн хэсүүчлэхийн нэр. Жирийн хүн жирийн маягаар айл айлаар ороод явбал айл хэссэн болно. Харин төрөл саднаараа ёслол хүндэтгэлийн утгаар, ахмад бууралтай золгох гэхчлэнгээр хэсэн явбал “бизнес класс” буюу айлчны ангилалд орно. Харин төрийн өндөр албан тушаалтан хил давж айл хэсвэл айлчлалын зиндаанд яригдана. Энгийн үгээр бүдүүвчлэн хэлбэл, таних танихгүй айлаар ороод явбал айл хэсэлт, хамаатан саднаараа очвол айлчин, хил давж улс хэсвэл айлчлал болоод явчихаж байгаа юм.
Жирийн нэгэн хүн жирийн байдлаар айл хэсүүчлэн явах нь муухай зүйл огтоос биш. Тодорхой зорилгогүй зочин ирвэл ямар ч айл гайхахгүй. Цай ундаар хүндлэн дайлаад гаргана. Хэрвээ тухайн айлд ямар гийчин, юуны учир ирснийг лавлавал “Айл хэсч яваа биз” гэхчлэн хайнга хариулна.
Харин гийчний айл хэссэн зорилгыг сонирхохгүй боловч хаагуур явж ирсэн, хэзээ гэрээсээ гарсан, хаа хүрч явааг заавал сонирхоно. Энэ нь алдуул малын тухай мэдээлэл, нутаг бэлчээрийн өвс ургамлын гарц, хэнийх хаагуур нутаглаж байгааг мэдэж авах зорилготой.
Ямар ч зорилгогүй хэсүүлчин ирэхэд малчин айл баярлан угтдаг нь их учиртай. Нэг талаасаа уйдаж ганцаардсан хот айлд зочин ирэх нь амьдралд хөг нэмсэн үйл явдал болно.
Түүнээс ч илүү ач холбогдол нь мэдээлэл цуглуулахад байгаа юм. Нүүдэлчин монголчууд аж амьдралынхаа хүрээнд мэдээлэл цуглуулах, анализ хийх төрөлхийн чадвартай. Чингис хаан байлдан дагуулалт бүрийнхээ өмнө олон тооны тагнуул туршуулыг илгээдэг, бусдын нутгийн гүнд заншлан тагнах урлагийг хөгжүүлж байсан зэргийг түүхийн олон сурвалжууд хэлээд өгдөг. Цэргийн тагнуулын энэ туршлага нь малчин нүүдэлчдийн өдөр тутам мэдээлэл цуглуулах, дүгнэх ерийн уламжлалаас эхтэй.
Малчид яахлаараа тагнуул хийж, мэдээлэл цуглуулж түүндээ анализ хийдэг вэ гэсэн асуулт гарч байна. Тэр нь ийм учиртай. Бог малаа хотондоо байлгаж, адуу, үхэр, тэмээгээ хээр орхин тэнгэр бурханд даатгана. Залхуу хойрогтоо ч тэгж байгаа юм биш. Гэр бууцны ойр орчмын өвс ургамлыг хонь ямаа талхлаад дуусдаг тул бод малд идэх юм үлдэхгүй. Нөгөө талаас адуу, үхэр, тэмээ нь илүү алсын соргог бэлчээрт дуртай, тэндээ байж гэмээнэ таргалж тэвээрдэг.
Ийм учраас малчид хээрээр гэр хийж яваа том малаа хэд өнжөөд эргэх юм уу, буугаад мордсон айлчнаас авсан мэдээллээрээ “хариулж” байдаг.
Айл хэсч яваа этгээдээс “Замд чинь манай адуу харагдав уу? Хаашаа чигтэй бэлчиж байна” гэж асууна. Хэрвээ адуу харагдаагүй бол яаралтай гарч хайгуулдана. Тайван тогтуун байгааг нь мэдвэл санаа амрана. Харин аль нэг тийшээ явж байгааг дуулвал амдан хайгуулдах юм уу, өөр чиглэлээс ирсэн хүнээс асууж сураглах хэрэгтэйг мэдэж авна.
Малчин хүн ийнхүү нүдэндээ үзэгдэхгүй, хээр талд бэлчиж яваа мал сүргээ тархи толгойдоо хариулж, хөдөлгөөн бүрийг нь мэдэж байдаг. Чоно мэтийн араатан амьдын араншинг ажигласан олж авсан туршлага дээрээ үндэслэн хээр яваа мал сүрэгт нь учирч болох аюулын магадлалыг муугүй гаргана. Энэ чадвар туршлагыг жаахан хувиргахад нь тагнуулын ажлын туршлага болоод явчихна. Харин туршлагаасаа давсан үзэгдэл, төсөөлж амжаагүй гамшгийг бол лус савдаг, далдын хүчин зүйлтэй холбоод явчихдаг тал бол бий.
Харамсалтай нь, нүүдэлчид энэ туршлагаа улс төр, нийгмийн амьдрал дээр хөрвүүлэн хэрэглэх чадамж тааруу, онохоосоо алдах нь илүүтэй таамаг, хардалт сэрдэлт болоод явчихдгийг өнөөгийн туршлага харуулдаг билээ.
Өдөр тутмын аж амьдралд хэрэгтэй мэдээлэл зөөдөг учраас айл хэсч яваа хүн үнэ цэнэтэй, хүндтэй байдаг. Таних танихгүй, зорилготой зорилгогүйгээс үл хамаараад айл хэсч яваа хүнийг цай идээгээр дайлдаг. Айлчин хэсүүлчин нарт “Хоолны хариуд мэдээлэл” гэсэн зарчим үйлчилдэг гээд ойлгосон ч болно. Яг л Буддизмын үндэслэгчдийн “надад хоол өгвөл хариуд нь мэдлэг өгье” хэмээн бадар барих зарчимтай агаар нэг.
Монголчууд алдуул малаа эрэхээр гарахдаа хээр талаар хэрэн хайгуулдахын оронд айл хэсдэг. Уул талын мянган салаа, түмэн нугачааг хэсч, баримжаагүй тэнэж явснаас айл айлаар бууж, тэдний үзсэн харснийг шалгаан, малынхаа сургийг гаргах нь ашигтай. Угаасаа өвөг дээдэс нь “Эрлийг сургаар олдог, эрдмийг хичээлээр сурдаг” хэмээн дэмий нэг сургаагүй бөлгөө.
Ялангуяа найр наадам нь олон хүнтэй уулзаж, ганцаардлынхаа гунигийг тайлах баяр төдийгүй бус. Найр наадам хэсч явах дашрамдаа сураг тасраад хэдэн жил болсон алдуулынхаа тухай мэдээлэл авах ч удаа байна.
2020 оны цагаан сар Хятадад болон бусад оронд Корона вирус дэлгэрсэн цаг үетэй давхцав. Монголын Засгийн газраас цагаан сараар хатуу хөл хорио тогтоогоогүй боловч айлчлан хэсэж золгуут хийхийг хэр чинээндээ хорилоо. Нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг арваад хоног хязгаарлав. Хориг хязгаарлалтыг цуцлахын урьд өдөр Цагдаагийн газраас гаргасан мэдээллээр бол, нийслэлийн сая гаруй иргэний 40.000 нь, хотод бүртгэлтэй 530,000мянган машины 14 мянга нь тус тус хөдөө шинэлээд орж ирч байгаа юм байна. Жирийн үед бол энэ тоо үлэмжэсрэгээрээ эргэж, шинэлээгүй үлдсэн иргэн, золголтонд ашиглаагүй машины тоо болж болох юм.
Цагаан сар нь Дорно дахины уламжлалаар эцэг эх ахмад үедээ хүндлэл үзүүлэх ёслол төдийгүй юм. Уламжлалт амьдралын хэв маягаар бол мэдээлэл солилцох арга хэмжээ. Ялангуяа 2020 оных шиг УИХ-ын сонгуулийн жил тохиох юм бол ураг овгийн тэргүүн болон нутаг усны нөлөө бүхий эрхмүүдээсээ улс төрийн сонголтын чиг баримжаа авах нь цөөнгүй...