Тулгамдсан асуудал
Дөчөөс дээш насны хүмүүс буюу бидний аав ээж ярихдаа заавал нэг Орос уг дунд нь хавчуулдаг “моод”-той
Дөчөөс дээш насны хүмүүс буюу бидний аав ээж ярихдаа заавал нэг Орос үг дунд нь хавчуулдаг “моод”-той. Ярианд голдуу уже, зачем, еще, и, так, где гэх мэт үгнүүдийг түгээмэл хэрэглэдэг байсан нь тухайн нийгэмд бүхий л зүйл Оросоос хамааралтай байсанаас үүдэлтэй. Харин одоо энэ бүхэн Англиар солигдож залуу үеийнхэн Англи үгийг ихээр хэрэглэх болжээ. Гэхдээ залуу үе хөгширч тэрний дараах үе гарч ирэхээр юу болох бол. Монгол үг хэллэгийн зарим хэсгийг Англи үг эзэлчихсэн байх болов уу? Энэ асуудал цэгцэрчихсэн байх уу? Гээд асуулт олон байна. Тэдний дараах үе бас л гарч ирнэ. Тогтсон нэг стандарт байхгүй бол үе солигдох бүрт ойлгомжгүй асуудлууд гарч ирэх нь харамсалтай. Мөн гадаад нэр томьёог өөрсдийн хэлэнд хэрэглэх үү, үгүй юу гэдэг улс үндэстний хэл соёлоо хадгалж үлдэхтэй холбоотой томоохон асуудал болдог.
Саяхан Францад сүүлийн жилүүдэд харь орноос орж ирсэн чат, мэссэнжэр гэх мэт үгнүүдийг эх хэлэндээ буулгаж хэл соёлоо хадгалж үлдэх уралдаан зарлажээ. Улс даяараа маш идэвхитэй оролцож (ялангуяа сэтгүүлийн ангийн оюутнууд их оролцсон) тухайн үгнүүдийг буулгасан хэлбэрээр нь ашиглахыг шаардах болж хэвлэл мэдээллийн байгууллагаас эхлээд бүгд л Франц нэрээрээ хэлж заншиж эхлэв. Сайхан ч санаачилж, бодлогоо ч зөв тодорхойлж, хэрэгжүүлэлт ч амжилттай болжээ. Нэг улс үндэстэн нэгдмэл байх тод жишээ. Манайд ч гэсэн зайлшгүй хэрэгжүүлэх ёстой зүйл.
Мөн харь орны оноосон нэрний асуудлыг бид заавал хөндөх ёстой. Гадаад оноосон нэр томьёо бол утгаа алдаж гүйцсэн. Саяханыг болтол гадаад нэрийг Оросууд яаж бичнэ, дагаад л бичиж нэг ёсондоо хуулах аргаар явж, тэр нь зөв юм шиг бидний тархинд тогтжээ. Үнэхээр л Гонконг, Голливуд, Голланд, Ногоон хошууны арал (мэдээж Оросоос шууд орчуулсан), Зааны Ясан Эрэг, Дээд Вольт (одоогийн Буркино Фасо) гэж бичдэг, дууддаг л юм байх гэж боддог байв. Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэнчлэн “Гадаад нэр томьёог бичихээр бол Оросоо дагах хэрэгтэй” гэж хэлсэн нь үүнийг батлах мэт. (ахмад сэтгүүлч, орчуулагч Ц.Цэрэн гуайн ярианаас)
Хуулдаг байхад бид уншдаг дүрэмтэй байсан бол одоо гадаад нэр томьёог яг яаж унших вэ гэсэн дүрэм ерөөсөө алга. Англи хэлтэй нь Англиараа, Орос хэлтэй нь Оросоороо хэлнэ (Герман, Польш хэлтэнгүүд ч их бий). Телевиз, сонин сэтгүүл болгон өөр өөрөөр бичиж дуудна. BBC-гээс гадаад мэдээгээ авсан сэтгүүлч Ливаныг Лебанон (Lebanon), Маврикийг Мауритиус (Mauritius) гэж хэлж ч байх шиг. Улсын нэр бол дэндүү тогтцон нэр. Дээр нь гадаад мэдээний (мөн Спортын гадаад мэдээ) редактор гэж байхгүй орчуулагч, сэтгүүлчид нь өөрсдийн мэдлэгэндээ тааруулаад л хийчихнэ. Арай л Китай улс гэхгүй юм даа. Тухайн хэвлэл мэдээллийн газар, Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо алдаа гарсан үгүйг нь мэддэгчгүй байх. Хэл шинжлэлийн холбоо ч үүнийг тулгамдсан асуудал гэж үзэхгүй байх юм. Миний бодлоор хэл соёлтой минь холбоотой хамгийн тулгамдсан асуудлын нэг бол энэ. Бид одоо болтол гадаад нэрэндээ “е” үсэг хэрэглэсэн хэвээр, салж амжаагүй л байна. Менежер, Жеррард, Бербер, Твен гэх мэт “е” үсэг орсон нэр томъёо олон. Бид угтаа бол “е” биш “э” үсэг л хэлж байгаа биз дээ. Мэнэжэр, Жэррард, Бэрбэр, Твэн. Олон жил харж, сонсож байсан учир хоногшоод “э” болгохоор нэг л эвгүй харагдаж байгаа ч бид иймэрхүү буруу уншилтаас татгалзах хэрэгтэй. Миний хувьд “е” үсгээр биччихсэн байхад нээх тоодоггүй ч, (яагаад гэвэл гадаад нэрнүүдийг “е” үсэгтэй харсаар дассан) Монгол хэлтэйгээ хамт Англи хэл заалгаж буй манай дүү “е” үсгээр биччихсэн байхад маш их гайхдаг. Менежер, мэнэжэр гээд биччихсэн байвал эхнийхийг нь үнэхээр “е” үсгээр нь уншаад байдаг юм. Тэгэхээр цаашдаа ахиад нэг асуудал үүсэх нь тодорхой. Бид одооноос гадаад нэр томьёог уншдаг өөрсдийн гэсэн тогтсон дүрэмтэй болчихвол бидний хойч үед л хялбар байх болов уу?
Оросууд харь орны оноосон нэрнүүдийг өөриймшүүлж дууддаг. Harry Potter-ийг Гарри Поттер, Holland-ийг Голланд, зарим газрын нэрийг бүр орчуулж Ногоон хошууны арал, Верхняя Вольт гэх мэт. Шал далий хэлдэгч тэдэнд дүрэм бий. Харин манайд алга (эсвэл би мэддэггүй юм уу). Хэн дуртай нь дуртайгаараа дуудаж, нэвтрүүлж, бичиж, замбараагүй байдал хүмүүсийн тархийг эргүүлж гүйцлээ. Уг нь бол тухайн улсынхан яаж дуудна түүн шиг л дуудах ёстой. Дуудаж чадахгүй, эсвэл тухайн хэлэнд тэр авиа тэмдэглэгдээгүй бол дөхүүлээд дуудах хэрэгтэй. Бүгд л Гонгконг гэдэг байсан бол одоо ингэж хэлдэг хүн ховор болж Хонгконг гэдэг болсон. Голливуд (Холливүүд), Гарри Поттер (Харри) гэж дуудах бол бүр мартагдсан. Бага багаар салсаар л байна. Гэхдээ үүнд төрөөс тогтсон нэг дүрэм батлаад, эсвэл төсөл батлаад хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нэг дүрмээр нэвтрүүлээд байвал тийм ч урт хугацааны юм биш. Гадаад мэдээний редактор, сэтгүүлчдийг сургалтанд хамруулаад л болно. Хяналтыг сайжруулж мэдээжийн нэр томъёог алдсан сэтгүүлчдэд (Ливаныг Лебанон гэж хэлвэл) хариуцлага тооцож байвал зүгээрсэн.
Эцэст нь хэлэхэд гадаад нэр томъёонд стандарт бий болгохын тулд өөрсдийн “стандарт” крилл үсгийн 35 үсгээ мэддэг болмоор. Дээр хэлсэнчлэн “е”, “э” үсгийг гадаад нэрэн дээр ялгааг нь олж чаддаггүйтэй адил и, й, ы үсгийн ялгааг мэддэггүй хүн маш олон байдаг. Египетийн нийслэлийг Кайр, Каир гээд биччихсэн байхад яг л адилхан уншдаг хүн тун чиг олон.