САЙХАН ХЯМРАЛ БАЙДГИЙГ САНАЖ ЯВАХАД ИЛҮҮДЭХГҮЙ
«Сайхан хямрал гэж байдаг. Тааралдвал түүнийг алдаж болохгүй» хэмээх Черчиллийн үгийг монголчууд бид санаж явахад илүүдэхгүй цаг үе ирсэн санагдана.
-Сайхан хямрал гэж байдаг уу?
Хятад судлаач, дуун хөрвүүлэгч Д.Болдбаатар гэж номын садан дүү маань бий. “Чоно сүлд”-ээр манай уншигчид таних байх. Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг сошиалд бичих юм. Надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс нь авч нэг нийтэл босгов. Таалан соёрхоно уу!
– редактор, судлаач проф. Д.Баярхүү
2001 оны 9 сарын 11-нд дэлхий дахиныг цочирдуулсан террорист халдлага гарсаны дараа Америк даяар нисэх буудлууд эзгүйрэн хоосорч, «Цаашдаа ер нь агаарын зорчигч тээвэр гэж байх юм уу даа?» гэдэг бодол хэр баргийн хүний толгойд эргэлдэж мэдэхээр байсан даа. Мэдээжийн хэрэг нисэх онгоц үйлдвэрлэгч хамгийн том компани болох «Боинг»-ийн нөхцөл байдал ямар таагүй байсан нь ойлгомжтой. Уг хэрэг явдал болсноос ердөө 7 хоногийн дараа Хятадын засгийн газар «Боинг»-ийн удирдлагатай яриа хэлэлцээ хийгээд эхний ээлжинд нэг бүрийг 37 сая доллараар дунд оврын “Боинг 737” нисэх онгоц 50 ширхэгийг худалдан авахаар тохирсон бөгөөд 2020 он хүртэл яг дээрхи үнээр 1000 ширхэгийг худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсныг Хятадын төв телевиз дэлхий нийтэд зарлаж билээ. Энэ нь жирийн үзэгч миний хувьд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж хямралын цаана ямар их боломж нуугдаж байдаг юм бэ гэх бодол төрүүлж байсан даа. Тэрхүү гэрээ аль аль талдаа маш ашигтай байсан нь ойлгомжтой. Боингийн хувьд дампуурлын ирмэг дээр тулаад байхад тийм том худалдааны гэрээ байгуулсан нь «Тэвдэж явахад тэвнээр тусласнаас» өөрцгүй хэрэг байсан бол урьд өмнө нэг бүр нь 50 сая доллар гээд хөдлөдөггүй байсан “Боинг 737”-г тийм олон тоогоор Хятадын тал илүү хямд төсөр худалдан авчихаас илүү ашиг тус юу байх билээ дээ.
Энэ бол «Сайхан хямрал гэж байдаг. Тааралдвал түүнийг алдаж болохгүй» хэмээн Уинстон Черчиллийн хэлсэн үгийг амьдралд оновчтой хэрэгжүүлж чадсаны нэгэн алдартай жишээ л дээ. Яг үнэндээ бол аливаа хямралын ард асар том боломжууд нуугдаж байдгийг өмнөд хөршийн эртний мэргэд аль хэдийнэ олж мэдсэн нь «危机» буюу «хямрал» гэсэн утгатай хоёр ханз үсгэнд агуулагдан үлдсэн байдаг.Эхний ханз нь «аюул осол» гэсэн утгатай бол удаах нь «боломж» гэсэн санааг (Аюул ба Боломж!) илэрхийлдэг.
Олон улсын харилцаа, геополитикийн түүхэнд хямралыг боломж болгон өөртөө ашиг тус буй болгож байсан жишээ маш арвин бий. «Азийн дөрвөн бар» хэмээн нэрлэгддэг улс орнууд үнэн хэрэгтээ Солонгос, Вьетнамын дайны үеэр хөл дээрээ өндийн босох боломжийг маш сайн ашиглаж чадсан. Зөвлөлт-Хятадын харилцаа муудахад дунд нь эвтэйхэн эв аяыг нь олж чадсаны хүчинд улс орноо өндийлгөн мандуулж чадсан хүн гэвэл яах аргагүй Ким Ир Сений нэрийг дурдах учиртай. 1976 оны байдлаар Умард Солонгос нь хүн ам тутамд ногдох аж үйлдвэрийн нийт бүтээмжийн хэмжээгээр Япон улсын дараа буюу Азидаа 2-рт жагсаж байсан түүх бий. Тэр үед өмнөд солонгосчууд сайхан амьдралын төлөө Умардын хилийг давах гэж амь бие зольж байсан жишээ цөөнгүй байдгийг залуу уншигчид тэр болгон мэдэхгүй байх аа. Зөвлөлт-Америкийн харилцааны таагүй байдлыг Дэн Сяопин өөрийн талд чадварлаг ашигласан гээд яриад байвал энэ талын жишээ дуусашгүй юм болж мэдэх л дээ. Ганц Дэн Сяопин ч биш дээ, Мао өөрөө, түүний халааг авсан Хуа Гофэн нар ч Зөвлөлтөөс нүүр буруулан байж Өрнөдийнхний өмнө нэр хүнд олсон.
Сүүлийн үеийн тод томруун жишээ гэвэл Энэтхэгийн Модиг яахын аргагүй нэрлэх хэрэгтэй. Энэтхэг ба Моди монголчуудад ойр юм даа. Хятад-Австралийн харилцаа муудаад өмнөд хөрш Австралийн нүүрсэнд хориг тавихад энэтхэгчүүд Австралийн нүүрсний зах зээл рүү шуураад орчихсон. Тэндхийн нүүрсний уурхайнуудад нэмэлт хөрөнгө оруулж, хятадуудын авдагаас дутуугүй их хэмжээний нүүрсийг худалдан авч эхлэсэн нь австраличуудад амьсгаа авах сөхөө олгосон байж таарна. Түүгээр зогсохгүй Австралиас худалдан авсан нүүрсээ буцаагаад хятадуудад дамлан худалдаад эхлэсэн гэвэл юу гэх вэ? Зөвхөн энэтхэгчүүд төдийгүй Пакистан, Орос, Индонези, тэр ч байтугай Өмнөд Африк хүртэл энэтхэгчүүдийн жишгээр Австралийн нүүрсийг хямд үнээр худалдан аваад Хятадад илүү өндөр үнээр арилжиж чамгүй ашиг олж байсан нь одоо нэгэнт нууц биш болжээ.
Одоо Орос-Украины дайн ид өрнөж байна. Тэр дайны завсраас ч Энэтхэг улс чамгүй ашиг олж эхлэсэн нь дээрхитэй төсөөтэй юм. Өөрөөр хэлбэл олон улсын хоригт орсон Оросын газрын тосыг зах зээлийн үнээс маш доогуур худалдан аваад түүнийгээ боловсруулан шатахуун үйлдвэрлэж Америк, Европын зах зээлд нийлүүлээд давхар ашиг олоод чамгүй удаж байна. Оросын нэг баррель газрын тосыг 60 доллараас илүү үнэтэй авч болохгүй гэдэг олон улсын тогтоосон босго үнээс хавьгүй доогуур үнээр худалдан аваад байгаа гэхээр хэр зэрэг ашигтай наймаа болох нь ойлгогдоно. Уг дайнаас өмнө Энэтхэг улс Оросоос худалдан авдаг газрын тос нийт импортынх нь дөнгөж 1 хувьтай тэнцдэг байсан бол одоо дээрхи үзүүлэлт 15 хувьд хүрсэн гэхээр ямар хөлтэй арилжаа хийгдэж байгаа нь тодорхой. Энэтхэг улс газрын тосны хэрэглээгээр дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа асар том зах зээл шүү дээ.
Модийн өөр нэг арга сүүхээ байна. “Доллараас татгалзаж үндэсний мөнгөн тэмдэгтээр арилжаа хийцгээж байя” хэмээн доллар, Өрнөдөд дургүй оросуудыг уярааж байгаад дэлхийн зах зээлийн ханшаас асар доогуур үнээр тэрхүү түүхий газрын тос аваад нөөцлөчихсөн. Түүний хариуд оросууд уул овоо шиг их энэтхэг рупи өвөртлөөд хоцров. Түүгээр нь Энэтхэгээс хэрэгтэй зүйлсээ худалдан авах гэтэл оросуудын тавьж байгаа хэрэгцээний 30 хувьтай дүйцэх бараа нийлүүлнэ гээд босго тавьчихсныг яалтай. Наймаанд найз байдаггүй гэдэг л энэ буй за.
“Энэтхэг улс олон улсын хамтын нийгэмлэгийн тогтоосон хориг арга хэмжээг зөрчөөд байхад яагаад түүнийг ийнхүү дураар нь тавьж дунд чөмгөөр нь жиргүүлээд байдаг юм бэ?” гэдэг бодол хэн хүний толгойд орж болох л доо. Үнэндээ бас ч яг дураараа дургисан хэрэг биш ажээ. 60 доллар хэмээх босго үнээс давсан наймаа хийгээгүй. Харин ч түүнээс хавьгүй доогуур үнээр арилжаа хийж байгаа нь Оросын газрын тосны экспортыг базах Өрнөдийн бодлогод нийцэж байгаагийн зэрэгцээ олон улсын газрын тосны зах зээл дээр эрэлт ханган нийлүүлэлтийн тэнцвэрийг тогтооход тодорхой эерэг үүрэг гүйцэтгэж байна хэмээн шинжээчид үздэг юм байна лээ.
Америк-Хятадын «Худалдааны дайны» улмаас өмнөд хөршийн Америкт гаргадаг экспортын хэмжээ 21 хувиар буурчээ. Тэр дутуу дундуур хэрэгцээг нөхөх алтан боломжийг бас л Энэтхэг, мөн Вьетнам тэргүүтэй Зүүн өмнөд Азийн улсууд юу боллоо гэж алдах билээ.
Ер нь Орос-Украины дайнаас үүдэлтэй хямралыг улс орон болгон өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд ёстой л эрвийх дэрвийхээрээ үзэж байна даа. Түүний нэг жишээ гэвэл Саудын Араб Хятадтай үндэсний мөнгөн тэмдэгтээр нь газрын тосоо арилжихаар зөвшөөрсөн. Тэгээд гар дээр хуримтлагдсан Хятадын ардын зоосыг нь Шанхайн алтны олон улсын зах дээрээс баахан алтан гулдмай болгоод хадгалчихав. Түүний нөлөөгөөр шар алтны зах зээлийн үнэ ханш урьд хожид байгаагүй ихээр өссөн хэрэг л дээ. Нөхөн сэргээгддэггүй баялаг болох газрын тосыг түүнээс илүү үнэ цэнэтэй баялаг болгон хувиргаад хадгалахын сонгодог жишээ гэвэл энэ буй за.
Өмнөд Солонгосын зэвсгийн экспортын хэмжээ Украины дайны өмнөхөн жилд 7 тэрбум доллар байсан юм. Гэтэл ахар богино хугацаанд 17 тэрбум доллар болон өсчээ. Ердөө 2027 он гэхэд дэлхийн зэвсэг экпортлогч 4 дэх том гүрэн болон хувирна хэмээн шинжээчид таамаглаж байна.
Өрнөд талдаа Польш, Унгар тэргүүтэй улсууд ч яаж зүгээр сууцгаах билээ. Дор бүртээ довоо шарлуулж байгаа байдал тодорхой ажиглагддаг. Оросыг дэмжээд Оросыг ялуулж чадахгүй ч гэсэн нэг хэсэгтээ нэр нүүрээ түр барж, талд нь байгаа дүр эсгэж, Оросоос хэрэгцээт түүхий эдээ тасралтгүй хангуулж байгаа Унгарын жишээг сайн гэх үү, муу гэх үү?
Олон улсын нөхцөл байдлын хувирлаас ашиг олсон улсын тоонд манай Монгол ч багтана. Бид л анзаараагүй өнгөрснөөс биш. Хятад-Австралийн харилцаа муудаж өмнөд хөрш австралийн нүүрсэнд хориг арга хэмжээ тавьснаар Монгол нүүрсний “үнэ модонд гарах” нь холгүй болсон шүү дээ. Түүний үр дүнд манай улс тодорхой хэмжээгээр том ашиг олсныг үгүйсгэж боломгүй. Харин түүнийгээ хэр зэрэг ашигтай арилжиж ард түмний амьжиргаанд нөлөөлөв гэдэг бол өөр асуудал. Хятад-Оросын худалдааны хэмжээ 30 хувь өссөн буюу 200 тэрбум доллар руу дөхөж байгаа нь манай улсын хувьд бас л тун ашигтай боломж гэдгийг тооцож л байх учиртай. Түүнийг дагалдаад Манжуурын төмөр замын ачаалал 60 хувь нэмэгдсэн нь бараг чинээндээ тулаад байна гэсэн үг. Хятад, Орос хэмээх асар том зах зээл интеграцичлагдах эхлэлийг Си Жиньпиний Москвад хийсэн айлчлалаар хоёр тал зарлан тунхаглачихлаа. Энэ хоёр том зах зээлийн өргөн харилцаа Монголыг тойрон хөгжих боломжгүй нь манай улсын газарзүйн байршлын эдийн засгийн үнэ цэнийг эрс нэмэгдүүлж таарна.
«Сайхан хямрал гэж байдаг. Тааралдвал түүнийг алдаж болохгүй» хэмээх Черчиллийн үгийг монголчууд бид санаж явахад илүүдэхгүй цаг үе ирсэн санагдана.