Сайн явахыг чинь харна аа!
Хэзээнээс бид “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол”, “Адгийн зарга арав хоногтой” гэж ярьдаг болсныг хэн ч мэдэхгүй. Гэмт хэргийн хэргийн илрүүлэлт, нотолгоог цуглуулахад дээрх “цэцэн” үгс саад болдгийг хуулийнхан харин сайн мэднэ. Хэргийг нотлоход манай хуулийнхны барьдаг гол арга нь байцаалт. Сэжигтэн, яллагдагчийн гэм бурууг тогтоож, нотлохдоо гол эх сурвалжаа хохирогч, гэрчийн мэдүүлгээс олж авдаг гэсэн үг л дээ.
Хэзээнээс бид “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол”, “Адгийн зарга арав хоногтой” гэж ярьдаг болсныг хэн ч мэдэхгүй. Гэмт хэргийн хэргийн илрүүлэлт, нотолгоог цуглуулахад дээрх “цэцэн” үгс саад болдгийг хуулийнхан харин сайн мэднэ. Хэргийг нотлоход манай хуулийнхны барьдаг гол арга нь байцаалт. Сэжигтэн, яллагдагчийн гэм бурууг тогтоож, нотлохдоо гол эх сурвалжаа хохирогч, гэрчийн мэдүүлгээс олж авдаг гэсэн үг л дээ. Гэтэл гол субьектууд маань үнэн мөнийг нотлохоос зайлсхийх нь элбэгшсэн нь юуны учир вэ?!
Эрүүгийн, иргэний ямар ч хэрэг дээр гэрч, хохирогчид учрах дарамт, сүрдүүлэг, заналхийлэл, мөнгө төгрөгөөр аргалах гэсэн оролдлого байнга гардаг. Хараал хийлгэсэн гээд будаа, элс цацах энүүхэнд. Тэр ч байтугай хоёр залууд зодуулаад хөлөндөө бэртэл авсан шүүгч шалдаа бууж, мэдүүлгээ татаж авсан жишээ бий. “Шүүгч гэдгээрээ дарамталсан учир сахилгын хороонд мэдүүлнэ” гэдгээр сүрдүүлгийн ажлаа эхэлсэн хэрэгтний ар гэрийнхэн өрөөнийх нь үүдэнд сахих, уйлж унжин зууралдаж, таньдаг хүмүүсээр нь яриулах зэргээр мань шүүгчийг “Би гомдолгүй ээ” гэж хэлтэл нь буулгаж дөнгөжээ.
Арай хэтийдсэн гэмээр хэрэг ч болжээ. Хүчиндүүлж хохирсон эмэгтэйг цагдаад мэдүүлсний дараахан “Яасан их цагдаа, цэргээр явдаг юм” гээд дахин хүчиндсэн нөхөр бий гэнэ. Нэгэнт гэрч, хохирогчийг хамгаалсан хууль эрхзүйн акт үгүй учраас мань этгээдэд удаа дараалан хүчиндсэн гэдгээр багахан ял нэмсэн сурагтай. Бүсгүй хүний толгой руу төмрөөр цохин ухаан алдуулж хүчиндээд аавынд суугаад гарч ирсэн нэг нөхөр “Би чамтай сууя” гээд очиж доромжилсон тохиолдол ч бий. Мэдрэл муутай гэмээр мань хэрэгтнээс охиноо нуухаас өөр арга өвөө эмээд нь олдоогүй гэсэн. Хажуу орцных нь 25 настай залуу 7 настай охиныг нь хүчирхийлсэн хэрэг Шарын гол суманд гарч байлаа. Амьдралын эрхээр айлсахаас өөр аргагүйд хүрсэн хохирогчийн ар гэрийнхэн, өдөр тутам тааралдах бүртээ хэл амаар доромжлох хэрэгтний гэр бүлийнхнийг хэдий хугацаанд тэвчсэнийг би мэдэхгүй.
“Бүх гэмт хэрэгт хохирогч нэн өрөвдөлтэй” хэмээн өмгөөлөгч А яриандаа хүч нэмлээ. Тэр тусмаа бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны золиос болсон хохирогчид маш зовлонтой гэснийг нь “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн захирал Г.Ганбаясах ч нотоллоо. “Бусад хэргийн хохирогчдыг бодвол хүн худалдаалсан гэмт хэргийг хохирогчид онцлогтой” хэмээн яриагаа эхэлсэн Г.Ганбаясах салбартаа 17 жил ажилласан, туршлагатай хүн. Эд зүйлсээ хулгайд алдсан хүн 1-2-оор тоологдох хохирол амсдаг бол “онцлогтой” хохирогчид залилуулж, хууран мэхлэгдэж, бичиг баримтаа алдаж, хүчирхийлүүлж, худалдагдаж, тамлагдаж, нэр төрөө гутаалгах зэргээр 8-15 гэмт хэргийн хохирогч болдог байна. Ийм төрлийн хохирогч гэрч болж, гэмт үйлдлийг илчлэхээр болбол зохион байгуулалтад орсон бүлэг этгээдүүдийн эсрэг зогсох шаардлага гардаг. Гомдол гаргасныхаа дараа янханаараа дуудуулж, айж сүрдсэн хохирогч, ямар ч аргаар хамаагүй хууль, шударга ёсоос холдуулчих сонирхолтой ийм бүлгийн эсрэг зогсох нь тун ч цөөн гэнэ билээ. Гэмт этгээдийн заналхийлал, ар гэрийнхний үл ойлголцол, найз нөхөд, ажлын газрынхны сөрөг хандлагыг даалгүй сэтгэцийн өвчтэй болсон, амиа хорлосон тохиолдол ч гарсан удаатай.
Бэлгийн мөлжлөгийн золиос болсон хохирогч Л охины гэнэдсэн алдаа бусдад сургамж болдог. Гэмт хэрэгтний эсрэг мэдүүлэг өгч, гэрчлэхээр шийдсэн охины ар гэрийнхнийг дарамтлаж нэг үзээд, сүүлдээ ээжийг нь цөөн хэдэн төгрөгөөр хуураад мэдүүлгийг нь татуулжээ. Насанд хүрээгүй байхад нь олон жил хүчээр биеийг нь үнэлүүлж байсан ч “Би худлаа ярьсан, сэтгэлийн хөөрлөөр ингэж хэлчихсэн юм аа” гэж өөрийгөө буруутгаж зогссон тэр охин “бусдын нэр төрийг гутаасан” хэргээр буцаад ял сонсоно чинээ төсөөлөөгүй байх. Охин золтой л шоронд илгээгдсэнгүй, тэнсэн харгалзахтай үлджээ. Гэхдээ л тэнсэн ч ял мөн. Насан туршид нь дагалдах нэгэн толбо.
Хүчин, хүний наймааны хохирогсдод нэр төр, ирээдүйн амьдралаа дэнчинд тавин гэрч болоод зогсох нь амаргүй нь мэдээж. Нэг насныхаа нэр төрийг сэвтээх үү, надаар дуусаг гээд чимээгүй уусаад алга болох уу гэсэн хоёр сонголтын сүүлчийнхийг сонгох нь олон. Хохирогч, гэрч гар хэргээ дуусгалгүй алга болдог хэдэн шалтгааны нэг нь энэ.
“Хохирогч, гэрчийг хамгаалалтад авсан тохиолдол одоогоор байхгүй. Гэхдээ өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа гэсэн” хэмээн УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, дэд хурандаа А.Бүдханд ярилаа. Хохирогч нарт ямар нэгэн байдлаар нөлөөлөх явдал байдгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн ч дарамтанд байгаагаа өөрт нь хэлж ярьсан хохирогч, гэрч байдаггүйг дуулгасан нь сонин. Гэрч анхны мэдүүлгээсээ өөр зүйл ярих магадалал 80-90 хувийн боломжтой. Шалтгаан нь маш тодорхой.
Байцаан шийтгэх ажиллагааны арга технологийг хуулиар нууцалдаг. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалт дуусахад хохирогч, сэжигтэн-холбогдогч, тэдний өмгөөлөгч, гэрч нар хавтаст хэрэгтэй танилцдаг юм. Гэрч, хохирогчийн овог нэр, гэрийн хаяг зэрэг мэдээллийг хэрэгтэй танилцсан хэнбугай ч мэдчих бололцоотой. “Хөрш айлын муу Балданд миний хэрэг ямар хамаатай юм” гээд тэнзэн ташуураа бариад морддог явдал эднээс л эхлэлтэй гэж болно. Гэрч, хохирогчийн мэдээллийг нууцлах тухай үг өгүүлбэр өнөөдрийн хууль, тогтоомжид алга. Харин ч эсрэгээрээ гэрч, хохирогч хоёр үүрэг хүлээж суудаг. Эрүүгийн хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгч, шүүх, прокурор, мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирэх үүрэгтэй. Хохирсон хохирогч, гэрчлэх гэрчийн аюулгүй байдлыг хамгаалахад анхаараагүй мөртөө тэдний үнэн зөв мэдүүлэг өгөхөд фокусаа тааруулсан хуультай улс бол манайх. Үүргийг нь заагаад байгаа мөртлөө ямар эрх эдлэхийг хэрэгссэнгүй ээ.
“Хохирогч, гэрч нь хуулийн байгууллагаас дөлдөгт элдэв дарамтнаас гадна хүнд суртал ч буруутай” гэж Хохирогчийн эрхийн судалгааны төвийн захирал Ц.Одончимэг үзэж байна. Судалгааны ажлынхаа хүрээнд зар өгөхөд голцуу цагдаагийн байгууллагын дарамтад өртсөн гэсэн хүмүүс иржээ. Хэрэг илрүүлэх, ажлын үзүүлэлтээ сайжруулах, ингэж мэдүүлбэл хэргийг нь чинь хөнгөлнө гэх зэргээр мөрдөн байцаагч дарамтлах явдал байдаг нь ингэж нотлогджээ.
Гэмт хэргийг нотлоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэрнээ гэмт хэрэгтний нэгэн адил чичлүүлж, байн байн дуудагдан цаг ажлаа алдаж, цагдаагийн үүдэнд хэдэн цагаар суух, дээрээс нь өөртөө санхүүгийн хүндрэл учруулан нааш цаашаа явах сонирхол ялангуяа гэрчид бүр ч үгүй. Гэрч олон дахин дуудагдаж, цаг мөнгөө үрсэнийхээ зардлыг ч нөхөж авдаггүй, хохирч л үлддэг. Уг нь ЭБШХ-ийн 99 дүгээр зүйлд гэрч, хохирогчийн зардал дурдагдаж, түүнийг нь төр хариуцах тухай туссан байдаг. Гэсэн ч гэрч, хохирогч тухайн заалтыг мэддэггүй, хэрхэх тогтолцоог нь тодруулаагүй эсвэл хаанаас зардлаа нэхэмжлэхээ ойлгодоггүй ч байж мэднэ.
Дэд хурандаа А.Бүдханд мөрдөн байцаалтын явцад гэрчийг цөөн байцаах, хохирогчид ч тэр, аль болох чирэгдэл учруулахгүйг хичээдгээ ярилаа. Анхны мэдээлэл дээрээ анализ хийхээр шинэ нөхцөл байдал үүсдэг. Дахин шалгах зүйл гарвал дуудахаас аргагүйд хүрдгийг ч нэмж тайлбарласан юм. Түүний ярианд зөвтгөх зүйл бий.
“Бид тэдний байрыг гуйдаг” хэмээн А.Бүдханд дэд хурандаа учирлалаа. Тэд гэдэг нь Хүйсийн тэгш эрхийн төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийхнийг хэлсэн хэрэг. Хохирогчдыг хамгаалдаг, түр байрлуулах байртай, эрхзүйн болоод эдийн засгийн туслалцаа үзүүлдэг байгууллага гэвэл ердөө энэ хоёр. Зарим хэргийн хохирогчдыг эцэг эх, ар гэрийнхэн нь ирж авдаггүй учраас мөрдөн байцаалт дуустал түр байрлуулж байхыг дэд хурандаа тэднээс гуйдаг гэнэ. Хорих өрөөнөөс өөр байлгачихаар газар төрд үгүй юм чинь яалтай ч билээ.
“Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль огт байхгүй гэж хэлж чадахгүй” хэмээсэн Ц.Одончимэг захирал намайг гайхшруулав. Авлигын эсрэг хуулийн 18.4.11-т “Өөрийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэрч, бусад этгээдийг шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахуулах”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 15 дугаар зүйлд “хохирогчийг эмнэлэгт, эсхүл хамгаалах байранд хүргэх, эцэг, эх, төрөл, садны хүн, эсхүл хамт олны нь түр хамгаалалтад өгөх” гэхчилэнгээр бага сага дурдсан тал байгаа аж. Гэвч хэн яаж, ямар арга замаар хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт хийгээгүй учир Ц.Одончимгийн хэлснээр “үхмэл заалт” болчихжээ.
Хохирогчийн эрхийн судалгааны төвөөс хийсэн судалгаагаар жилд дунджаар зөвхөн хүч хэрэглэсэн 1 100 орчим хэрэг гардгаас гэрч 3 600 орчим, хохирогч 1 200 орчим. Харин эдгээр гэрч, хохирогчийн хэд нь хамгаалалтын ямар нэгэн арга хэмжээнд хамрагддагийг тооцох боломжгүй. АНУ жилд 985 сая ам.долларыг, ОХУ 2006-2008 онд 948.72 сая рублийг гэрч хохирогчдыг хамгаалах, туслалцаа үзүүлэхэд зарцуулсан мэдээлэл байдаг бол манай улс Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль батлагдсанаас хойш Хүйсийн тэгш эрхийн төвд жилд 6 сая төгрөг олгодог болсноос өөрөөр зарцуулсан хөрөнгөний тухай сонсогдсонгүй. Манай төр энд хэр анхаарал тавьдаг байсныг эндээс мэдчихэж болно.
Хуулийн салбарт шинэчлэл хийх яриатай зэрэгцээд “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль”-ийн төсөл хийгдэж байгаа нь сайн мэдээ. Хууль зүйн яамны Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяагийн хэлж буйгаар хуулийн төсөлд гэрч, хохирогчид хамгаалах 9 төрлийн арга хэмжээ төлөвлөгджээ. Сэжигтэн-холбогдогч нь гэрч, хохирогчтой уулзахыг хориглох, дагаж мөшгисөн, янз бүрийн хэлбэрээр дарамталж, сүрдүүлж, заналхийлж гэмтэл учруулсан тохиолдолд ял нь нэмэгдэхээр төлөвлөжээ. Гэрч, хохирогчийн гэрийн хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг нууцлах, шаардлагатай бол түр байрлуулах байр, нүүлгэн шилжүүлэх, биечлэн хамгаалах, баримт бичгийг нь солих тэр ч байтугай мэс заслын аргаар нүүр царайг нь өөрчлөх тухай тусгагдсан гэнэ. Гадаадын зарим улсад хэрэг шийдэгдсэнээс хойших хугацаанд ч хэрэгтний тухай мэдээллээр гэрч, хохирогчийг байнга хангадаг практик бий. Хаана ял шийтгүүлж байгаа, хаашаа шилжсэн, хэзээ суллагдсан, хаана амьдарч байгааг ч мэдээллэдэг. Үүнийг ч зохицуулсан заалт шинэ хуулийн төсөлд тусгагдах юм гэсэн. Нийгмийн захиалгатай гэмээр, олон жил судлагдах нэрээр дуншсан энэ хууль УИХ-ын Хаврын чуулганаар өргөн баригдах бололтой. Хуулийн хэрэгжүүлэлт ямар байхыг мэдэхгүй, шинэ хууль эрхзүйн хувьд нэг шат биднийг ахиулах тодорхой.
Хохирогч гэрчийг хэрхэн дарамтладаг тухай жишээ ярьсан өмгөөлөгч, ТББ-ынхан, мөрдөн байцаагчийн ихэнхийн амнаас энэ үг уналаа. “Сайн явахыг чинь харна аа” бол гэрч, хохирогчийг дарамтлан сүрдүүлэх эхний хэлбэр бололтой. Манай аль ч шүүхийн довжоон дээрээс энэ үгийг сонсож болно. Яагаад гэвэл шүүхийн танхимд гэрч, хохирогч орохдоо яллагдагчийн ар гэрийнхэн, ахан дүүс, найз нөхдийн хамт нэг хаалгаар ордог.
Гэрч хохирогч төдийгүй, тэдэнд анхаарал тавьдаг Г.Ганбаясах захиралд элдэв төрлийн дарамт, шахалт ирдэг юм байна. Хэвлэлээр мөнгө идсэн уусан гэж гүтгүүлж, утсаар байнга заналхийлдэг гэнэ. Хүний наймаанд охин нь өртөж, 6 жил хуулийн байгууллагаар хөөцөлдөөд гэмтнийг гэсгээж чадаагүй, гэр бүлээрээ дарамтлуулж, хэрэгт гүтгэгдэж явсан Ганзоригийн хэргийг уншигчид сайн мэднэ. Хэлмэгсэдийн хөшөөны өмнө “Хүний наймааг зогсооё” гэсэн лоозон бариад зогсч байсан хүн гэвэл улам тод санах байх. Талийгаач Ганзоригийн асуудлыг нийгэмд гаргасан Ч.Ганжавхлан гэдэг залуутай нийтийн сүлжээгээр танилцав. Нийгмийн идэвх сайтай, янз бүрийн сайн дурын арга хэмжээ байнга зохиодог энэ залуу хүний наймааны талаар телевиз, сонинд хэдэн ярилцлага өгснөөрөө бас л дарамт сүрдүүлэгт өртсөн гэнэлээ.
Дээр өгүүлсэн тэнсэн харгалзах ял авсан охин “Баясаа (Г.Ганбаясах) эгчээ би гудамжинд гэв гэнэтхэн машины аваарт орчихвол, манай гэр гэнэт шатчихвал эсвэл харанхуйд хүнд зодуулчихвал та намайг хамгаалж чадах юм уу, тэд бол ийм л юм хийдэг хүмүүс” гэж ярьсан удаа бий. Охидоор хүний наймаа хийгчид, бэлгийн мөлжлөгөөр амьдрагч гэмт этгээдүүд яахаас ч буцахгүй зэрлэгүүд мэт ойлгогдсон нь мэдээж. Тэд ч тийм ойлголтыг нийгэмд тараахыг хүсдэг нь тодорхой. “Автобусанд халаас ухаж байгаа хулгайчийг илрүүлсэн чинь эргэж хараад нүдийг нь зүсчихсэн” гэдэг дэмий балай яриа бий. Тэр яриаг халаасны хулгайч нар өөрсдөө гаргасан байж таарна. Гэрч, хохирогчийг сул дорой арчаагүй байлгахыг хүссэн хөгийн новшнуудын гэнэн арга л даа.
атар
Зочин
ард
би до
Зочин
ugaadas
sukh
Зочин
zochin
Зочин
Зочин
zochin
Зочин
anjela
Зочин
маш сайхан
115.143.33.10-d
Ганчимэг та шудрага юм бол сэтгэгдлийг нээ.
Ганчимэгт, сайн явахыг чинь хармаар байна.
Сайн явахыг чинь харна аа, Ганчимэг ээ.
Сайн явахыг чинь харна аа, Ганчимэг ээ.
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
Зочин
Зочин
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
çî÷èí
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
baku
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэгт
МАН-ын захиалгаар бичигч Ганчимэг
Амжилт Ганчимэг-т
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hi
Tur
sara
aaa
klara
bi
Зочин
bayaraa
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Aedi
Зочин