Даян дэлхий ХХ зуунд сүрлэг сүрлэг оршуулгаар дүүрэн байлаа. Монголчуудад ойр дөт гэдгээр 1980 онд социалист Югославын удирдагч И.Б.Титогийн, 1982 онд СССР-ийн нам, төрийн нэрт удирдагч, Монголын ард түмний дотнын анд Л.И.Брежневийн, 1984 онд СССР-ийн удирдагч Ю.В.Андроповын, 1985 онд К.У.Черненкогийн, 1994 онд Солонгосын ард түмний их удирдагч Ким Ир Сений гэхчлэн ийм жагсаалт сэтгэлд нэн ойрхон байна.

Телевизийн эринд нийтээрээ цэнхэр дэлгэцээр үзэж харсан гэдгээр энд ярьж буй болохоос 1924 онд В.И.Лениний, 1953 онд И.В.Сталины, 1952 онд маршал Х.Чойбалсангийн, 1972 онд Ж.Самбуугийн оршуулга гэж ярьвал монголчуудад дурсаж ярих юм бас бий.

Гэхдээ дээр нэр дурдсан эрхмүүд нь бүгд албан тушаалаа хашиж байгаад, улс төрийн дээд эрх мэдлийг атгаж байгаад тэнгэрт хальсан болохоос Ли Куан Ю шиг Ерөнхий сайдын албаа өгчихөөд 15 жил өнгөрсний дараа тэнгэрт хальж, тэгэх тэгэхдээ дэлхий дахиныг гайхшруулаад, шүтэн бишрүүлээд явж одсон тухайд өөр өнцгөөс дор тайлбар хайх болж байна.  

В.И.Ленин, И.В.Сталин, И.Б.Тито, Л.И.Брежнев, Ю.В.Андропов, К.У.Черненко, Ким Ир Сен, Х.Чойбалсан, Ж.Самбууг монголчууд биш юм аа гэхэд, дэлхий дахин бараг мартсан даа. Гавьяа зүтгэл нь түүхэнд үлдсэн байх, гэхдээ хар мөр нь цагааныг нь баллачихсан (Ж.Самбууг үл тооцоод) байж болно. Тэгвэл баларшгүй цагаан мөр татуулчихсан эрхэм бол энэхүү Ли Куан Ю болов уу.

Ли Куан Ю нь  2015 оны 3 дугаар сарын 23-нд үүрийн 3 цаг 18 минутад таалал төгссөн. Энэ бол гашуудлын мэдээнд дурдсан он сар өдөр, цаг минут.  Хүндэтгэл үзүүлэх, уй гашуудлаа илэрхийлэх явдал олон өдөр шөнөөр үргэлжилж доозоо үнэхээр хэтрүүлсэн. Араас нь төрсөн өдрөөр нь, тэнгэрт хальсан өдрөөр нь тэмдэглэх үйл явдлуудыг урьдчилан тааж бараг болно.

“Бид ямар аугаа хүнтэй нэг нутгийн шороо хөдөлгөж, тоос босголцож яваав дээ” гэсэн харуусал, бахархлын үгс өнөөг хүртэл маш олон, бүр сая саяар хэлэгджээ. 

Сингапурыг үндэслэн байгуулсан Ерөнхий сайд асан эцэгтээ хүндэтгэл үзүүлэх явдал арлын тэр жижиг орны хүн амын байнгын эрхлэх ажил болох шахуу байна.  Ноён Ли Куан Юг шүтэн бишрэгчид янз бүрийн аргаар хүндэтгэлээ илэрхийлж байна. Алдарт төгөлдөр хуурч Жереми Монтейрогийн жазз хөгжмийн хүндэтгэлийн концерт үргэлжилсээр. Тэрээр сингапурын үндэсний 5 дуу зохиоход хувь нэмрээ оруулсан ба Шанхайд “Нэг ард түмэн, нэг улс, нэг Сингапур” дууныхаа хөгжмийг тоглож, Ли Куан Юд хүндэтгэл үзүүлж байв. Тэр дуу ноён Ли Куан Югийн Ерөнхий сайд байсан үеийг санагдуулдаг гэв. Тэрээр “Та бүхэн нэг ард түмэн, нэг улс гэдэгтээ итгэлтэй байна уу?” гэж Ли ноёнтноос асууж байжээ. Цаадхи нь  “Харин би энэ бол бидний хүсэл эрмэлзэл, бидний хүсэл тэмүүлэл” гэж хариулж байжээ. Хөгжмийн зохиолч хөгжимчин маань дуугаа зохиочихоод анхны тоглолтоо Сингапурын хуучин парламентын байр буюу урлагийн ордонд тоглож байжээ.

Эрхэм Жереми хэлж байна:– Нас барсных нь дараа бид хүндэтгэл илэрхийлж талийгчийн суудлыг хоосон үлдээсэн. Хөгжимдөж дуусчихаад үзэгчдээс нэг минутын чимээгүй хүндэтгэл үзүүлэхийг хүссэн. Харин дараа нь алга ташилт нижигнэсэн. Танхимд цугласан хүн болгон чин сэтгэлээсээ талархаж байгаа нь мэдрэгдсэн гэжээ.

1965 онд Жереми 5 настайдаа ноён Ли Куан Ю аавынх нь ажлын газар хүндэт зочноор ирж, үг хэлэхэд анх түүнийг харсан ажээ. “Хамтлагийнхан Ча ча тоглож байснаа ноён Ли-д хос маракас шигшүүргэ хөгжим бариудчихсан. Ерөнхий сайд ч дургүйцэлгүй хамт тоглосон. Энэ явдал миний санаанаас ерөөсөө гардаггүй юм” хэмээн тэр явдлыг дурсаж байна.
 
Бурхан болоочийг парламентын танхимд хүндэтгэлтэйгээр залах ёслолын үеэр тэрээр  бас хөгжимджээ. Түүний үзэж байгаагаар бол, ноён Ли Куан Ю нь хүн төрөлхтний түүхэн аугаа удирдагчдын нэг гэж дээдлэгддэг. Сингапурчуудыг нэгтгэж,  ойртуулах хөгжмийн хүчийг ойлгодог нэгэн байсан гэнэ.
 
Сингапурын залуу үеийн төлөөлөл 19 настай оюутан Доминик Чин амьд сэрүүнд нь 2014 онд ноён Ли Куан Юд хөгжмөөрөө хүндэтгэл үзүүлэхийг хүсчээ. Үүгээрээ Ли Куан Югийн үйлсийг үнэлж, Сингапурыг байгуулсанд нь талархаж явдгаа илэрхийлэхийг зорьсон байна. Түүний хэлсэн үгс:–  Ли Куан Ю гуайд талархаж явдгаа харуулахыг хүссэн. Ингээд найзуудтайгаа хамт бичлэг хийж нийгмийн сүлжээгээр тараасан. Энэ маань амжилттай болсон. Би сэтгэл нийлсэн найзуудтайгаа холбогдсон. Бидний бахархал, итгэл үнэмшил адилхан. Найзууддаа би ийм төсөл хийж байгаа юм, оролцох уу гэхэд бүгд оролцолгүй яахав гэцгээсэн. Ингээд төслөө аль болох олонд хүргэж, ноён Ли Куан Юг баярлуулахыг хичээсэн. Эцэст нь ноён Ли Куан Югаас хариу ирсэн. Чухамдаа бид ганц энэ хүнд л талархаж, хүндэтгэлээ илэрхийлэхийг зорьсон хэрэг шүү дээ гэжээ. Ингээд тэдний төсөл юу болсныг Youtube-д тавигдсан 6 минутынх нь бичлэгийг 300 мянга гаруй хүн үзсэн гэх баримтаас дүгнэж болж байна.

“Сайн байна уу ноён Ли Куан Ю? Бид таныг хүндэтгэж энэ дууг зохиолоо. Эх орны минь төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа. Таны итгэлийн ачаар бид өдий зэрэгт хүрсэн шүү” гэсэн үгстэй тэр дуу чухам коммунист нийгмийн пионерийн марш баймаарсан? Бичлэг тарсны дараа ноён Ли хүндэтгэлийн эл дууг хүлээн авснаа мэдэгдэж, Доминик Чинд хариу талархлын захидал илгээжээ.
 
Доминик Чин хэлж байна:– Үнэхээр догь хүн. Дуу зохиосонд баярлалаа, надад үнэхээр их таалагдлаа гэж хэлж байна. Би ямартай ч миний дуу таалагдсанд их баярласан. Мөн тэрээр захиандаа “Сингапурыг өнөөгийн өндөрлөгт хүргэхэд зөвхөн миний хөдөлмөр биш маш олон чадварлаг сайд нарын зүтгэл орсон юм шүү” гэсэн байсан. Миний бодлоор бусадтай магтаал хуваалцах нь үнэхээр эрхэм чанар. Бас залуу үеийнхэн шаргуу хөдөлмөрлөж, Сингапурыг улам сайхан орон болгоход итгэлтэй байна гэж тэр бичсэн байсан гэжээ.

Энд чухам тахин шүтлэг л яваад, яригдаад байх шиг. Ийм захидал, талархлын дуу хуур аль Сталины үед, хожим Ким Ир Сений үед хангалттай явагдсан даа. Гол ялгаа нь зөвлөлтчүүд, хойд солонгосчууд айдаст автсандаа, нүд нь таг сохорсондоо бичиж ярьж хөөрцөглөж байсан бол сингапурчууд чухам сэтгэлийн угаасаа тэгж хөөрцөглөсөн байна. Тэднийг хэн ч албадаагүй. Харин зөвлөлтчүүд, хойд солонгосчуудыг махчин төрийн махны машин албадан түлхсэн юм.

Улс төрөөс хаа хамаагүй усанд сэлэлтийн тамирчин Жоселин Йо ийнхүү дурсаж байна:–  Сингапурыг хөгжингүй улс болгоход оруулсан Ли Куан Югийн хөдөлмөрийг үргэлж санаж явдаг. Тэрээр цаг үе, нөхцөл байдалд дасан зохицож чадсан. Мөн бүхий л саад бэрхшээлтэй нүүр тулж, итгэл үнэмшлээ хамгаалах зориг, зүрх түүнд заяасан байсан. Үүний ачаар л Сингапур өнөөгийн дүр төрхөө олж авсан. Тэрээр маш их итгэлтэй, алсын хараатай хүн. Тэр ард түмэндээ итгэж, иргэдээ, улсаа амжилтад хүргэхэд бүхий л хүчээ зориулсан. Хүний сэтгэлээс зүйрлэшгүй хүч түүнээс гардаг. Тэр ухаан санаандаа тээж явсан төсөөллөө бодит үйл хэрэг болгож чадсан хүн. Би сингапур хүн болж төрснөөрөө, Сингапурыг эх орон гэж дууддагаараа бахархдаг гэжээ.
 
Тэрээр чухам үнэнийг л хэлжээ. Тэгж хэл хэмээн хэн ч албадаагүй байх. Цааш нь өгүүлж байна:– Ноён Ли Куан Ю бол амьдралынхаа дийлэнхийг эх орон, ард иргэдийнхээ төлөө зориулсан, бас золиосолсон гэхлээр үнэхээр гайхалтай санагддаг. Надад эх орноо төлөөлсөн тамирчны хувиар бас өөрийгөө золиослох тохиодол гарч байсаан. Гэхдээ түүний гаргасан золиосгүйгээр надад тэнд зогсох ч боломж олдохгүй байсан юм. Түүний болон гэр бүлийнх нь энэ орны төлөө гаргасан золиос, үлдээсэн өвийг хараад би үр хүүхэддээ ямар өв үлдээж чадах вэ гэж боддог. Бидний төлөө хийсэн бүхэнд  нь чин сэтгэлээсээ талархаж байна гэжээ.

Эх оронд ингэж үнэлж байна. Тэгвэл дэлхий дахинд үнэлсэн нь нэн их байх юм аа. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама:
-    Түүхэнд томоохон ул мөр үлдээсэн энэ аугаа хүнийг орчин үеийн Сингапурыг үндэслэгч эцэг төдийгүй, Азийн аугаа их стратегичдийн нэг гэдгээр үеийн үед дурсах болно.  
    
БНХАУ-ын Дарга Си Жиньпин:
-    Сингапурыг үндэслэн байгуулагч, гарамгай улс төрч хийгээд стратегич Ноён Ли Куан Ю олон улсад маш их нэр хүндийг олж чадсан.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ:
-    Сингапурыг дэлхийн тэргүүлэгч улс орнуудын нэг болгохын төлөө ноён Ли Куан Югийн гаргасан нөр их хөдөлмөр, хүчин чармайлт Өмнөд Солонгосоос эхлээд олон улсын хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн билээ.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ:    
-    Түүний мэргэн ухааныг ямар их биширснээ тодхон санаж байна. Түүний үлдээсэн өв улам баяжин дэлгэрч, гэгээн сүнс нь мөнхийн амар амгаланг олох болтугай.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак:    
-    Сингапурыг үүсгэн байгуулагч, Ерөнхий сайд ноён Ли Куан Ю бахдам амжилтад хүрч, хойч үеэдээ ганхашгүй их өв үлдээсэн гэжээ...

Д.Баярхүү, Э.Долгион нарын хамтран бичиж буй
     “Эрин зууны их шинэчлэгч Ли Куан Ю” номын хэсгээс