Oрocын үндэсний эрх ашиг
Оросын түүхч эрдэмтэн, дипломатч Владимир Лукины ном бүтээл ихээхэн уншууртай. Чухал сэдэв хөнддөг, олон асуудалд хариу өгдөг, тэрээр прагматик учраас олон талын эрх ашгийг тусган бичдэг. Гарчигт өгүүлсэн чухал сэдвээр (манайханд бол бүр чухал) Лукины бичсэнийг төвлөрүүлэн задлан шинжилгээ хийе гэж зориглосноо дор буулгая.
Оросын түүхч эрдэмтэн, дипломатч Владимир Лукины ном бүтээл ихээхэн уншууртай. Чухал сэдэв хөнддөг, олон асуудалд хариу өгдөг, тэрээр прагматик учраас олон талын эрх ашгийг тусган бичдэг. Гарчигт өгүүлсэн чухал сэдвээр (манайханд бол бүр чухал) Лукины бичсэнийг төвлөрүүлэн задлан шинжилгээ хийе гэж зориглосноо дор буулгая.
“Хүсэл мөрөөдөл, стратеги гэдэг хоёр өөр зүйлийг хольж хутгаснаас болж Япон улс дэлхийн II дайнд ялагдсан туршлагаас сургамж авч Японы хийснийг давтахгүй байх нь манай зорилт мөн” хэмээн тэрээр бичсэн нь ОХУ-ын өнөөгийн эрх баригчдад өгч буй зөвлөмж юм. В.Лукины бичсэн ярьсанаас үзвэл ОХУ нь бараг өөрийн гэх үндэсний эрх ашиггүй ч юм шиг.Байдаг, бий гээд байгаа нь бодит байдлаас нь зөрөөд ч байгаа юм шиг. Оросын гадаад бодлогод сэтгэлийн хөөрөл давамгайлж ирсэн хэмээн хэлсэн ч юм шиг.
Ингэхэд Оросын үндэсний эрх ашиг нь яг одоо юу юм бэ? Америкийн «ардчиллын экспорт», Орос дахь антиамериканизмыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ? Хятад, Энэтхэг, Германыг хаана авч үзэх вэ?
Үндэсний эрх ашиг, түүнээ хэрэгжүүлэх арга барилын тухай уламжлалт төсөөлөл хуучирсан. Ер нь ямагт өөрчлөгдөн хувьсан ирсэн гэж үзжээ. Хэрхэн, яаж?
1) XVIII-XIX зуунд газар зүй үндэсний эрх ашигт нэг чухал байлаа. Тэр үед л «Хартленд» буюу дэлхийн зүрхэн газар, «Дэлхийн арал» гэх геополитикийн онол үүссэн. Түүнийг тойрч эрдэмтэд мэтгэлцэж байжээ.
2) Дараа нь газар зүй бус эдийн засаг, хөгжил үндэсний эрх ашгийг тодорхойлох болж, энэ онолыг Герман XIX зууны төгсгөлд нотлoсон.
3) Дараа нь түүх, түүхэн сэдлээр үндэсний эрх ашгаа тодорхойлохыг зорьсон. Түүхэн уламжлалаа дагаж түүнд суурилан улс орнууд эрх ашгаа олж тогтооно гэсэн.
4) Үндэсний эрх ашгаа философи-метафизик, бүр шашны өнцгөөс олж харах оролдлого ч олонтаа тохиож байжээ.Орос нь чин сүжигт-үнэн алдартны шашны төв гүрэн, тэгэхлээр «Константинополь манайх байх ёстой» гэх үзэл III Иван хаанаас Федор Достоевский, Павел Милюковыг хүртэл оросуудын толгойг эргүүлж байжээ.
Нэгэнт л түүхэн уламжлал гэж ярих аваас төрт-улсаа авч үлдэх, бэхжүүлэх, нутаг дэвсгэрийг нь тэлэх зүй тогтол үйлчлэх ёстой. Орост чухам ийм үзэл ямагт давамгайлж иржээ. Харин тийм үзэлдээ хэт хөтлөгдвөл юунд хүргэж болохыг СССР-ийн нуралт харуулсан байна. Гэхдээ одоо Оросыг дахин хүчирхэгжүүлье гэж үзэгсэд эрх ашгаа олон талаас нь тодорхойлцгоож байна. Газар зүйн байршлыг нь салгаж авч үзэхүл Орос нь яалт ч үгүй Европ, Азийн завсарт, гэхдээ энэ хоёр их тивийг хуурай газраар холбон тогтжээ.Барак Обама Оросыг бүс нутгийн гүрэн хэмээн нэрлэсэн нь нэг талаасаа зөв юм. Гэхдээ дэлхийн бараг бүх бүс нутагтай хил залгасан гүрэн Оросоос өөр байхгүй. Тэгэхдээ Орос нь түүхэн бүх үеийнхээ туршид тэргүүний Европыг баримжаалсан, хоцрогдсон Азиас зай барьж байсан нь худал биш. Харин одоо Ази тэргүүлэх эгнээнд гарч ирлээ. Европ өөрөө өөрчлөгдөж байна. Аль алиныг нь хослуулж хоёр тийшээ харилцах талаар Орос үүрэг, хариуцлагаа зөв олж тогтоох хэрэгтэй болж байна.
Гэхдээ Орос өөрөө хэн бэ, оросууд гэж бид хэн юм бэ гэдгээ зөв олж тодорхойлохгүйгээр Европ-Азийн хооронд зөв байраа эзэлж чадахгүй. Соёл ба иргэншлийн өнцгөөс авч үзвэл Орос нь өөрийн өвөрмөц онцлогтой.Гэвч яалт ч үгүй Европын салшгүй нэг хэсэг. Тэгэхлээр ойрын ба хэтийн ирээдүйд Орос нь улам илүүтэй европын улс байх болно.
Үндэсний эрх ашгаа мэдэрч, дээдэлж, хэрэгжүүлсэн Хятад, Энэтхэг, Герман,АНУ-ын туршлагаас Орос суралцах хэрэгтэй. Хятад гэхэд л 1970-аад оны сүүлч хүртэл сталинч загварын СССР-ийг хуулбарласан хөгжлийг зам сонгож байв. Гадагш хандсан түрэмгий авир төрх бүхий, их гүрний дээрэнгүй, зүүн радикал авантюр загвараа хятадууд 1980-аад оны эх гэхэд гээсэн.Өмнөх чиг шугамынхаа найдваргүйг мэдрэн, засч залруулсан, дотоодынхоо шинэчлэлд бүх хүчээ чиглүүлсэн, глобал гадаад бодлогынхоо амбицаас татгалзаж чадсан. Эдүгээ Хятад нь стратегийн хувьд бат нягт, ажил хэрэгч, практикт түшсэн, дотоод хөгжлийнхөө зорилтод захирагдсан гадаад бодлого явуулж байна. Гэхдээ бусдыг сургах бус бусдаас суралцана гэдгээ хятадууд алхам тутамдаа мэдэгдэх аж.
Гадаад бодлогын авантюраас татгалзлаа гээд Хятад нь тусгаар тогтнолоосоо алдаж гээсэнгүй, бүх улс оронтой харилцаагаа сайжруулснаар гадаадад дайсангүй болж, дотоодынхоо хөгжилд гадаад бодлогоо захируулжээ. Хонконг, Тайвань, Төвд зэрэг дотоодын асуудлаар сөргөлдөөн мөргөлдөөнөөр бус, үе шаттай, айвуу тайвуу замаар шийдвэрлэнэ гэдгээ ч Хятад илэрхийлдэг. Хятадын үндэсний эрх ашиг гэдэг нь ердөө энэ.
Энэтхэгт тусгаар тогтнолынх нь дараа учирсан бэрхшээл зовлон гэж тоймгүй их. Төр барих улс төрийн этнос, элит гэж байсангүй, нэгдсэн төрт ёсны уламжлалт гэж байсангүй, шашны зөрчил хэдэн зуунаар хуримтлагдсан, ядуурал гуйланчлал гэхчлэн тоочиж болно. Харин Жавахарлала Неру гэх харизматик бие хүн Энэтхэгийг төрийг зөв залсан юм. «Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн»-ий лидер улс болгож чадсан нь чухам үндэсний эрх ашгийн зөв төлөвшил байсан. Хоёр туйлт ертөнцөд өөрөөр байх ч аргагүй, глобал нөлөөллөө тэгж л тогтоох нь чухам зөв зам байсан хэрэг. Энэтхэг нь хөгжиж буй ертөнцийн лидер байна гэдгийг тэр үед энэтхэгийн нийгэм тэр бүр дэмжээгүй ч өнөөгийн өнцгөөс, тэгэх тусмаа глобал амбицаа тунхаглаж буй нөхцөлд чухам зөв зам байлаа. Эдүгээ бүс нутгийн дипломатын чармайлт, зуучлал гэвэл Энэтхэг яах аргагүй тэргүүн эгнээнд бичигдэнэ. Холбоотон гэх Пакистан, Хятад хоёр нутаг дэвсгэрийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй нөхцөлд Энэтхэгт хүртэл ханддаг болжээ. Үндэсний стратегийн эрх ашгийн тэнцвэрийг боломжийн хэмжээнд барьж, глобал бодлогод даруухан оролцох мөртлөө эдийн засгийн шинэчлэлээ хийн улс орноо хөгжүүлж буй Энэтхэг хэтдээ бол дэлхийд нөлөө бүхий гүрэн болно. Түүний тулд стратегийн зөв найдвартай сонголтоо хийж, глобал бодит хариуцлагаа Энэтхэг гүнээ бодолцоно.
Европт Герман нь бусдад үлгэр жишээ болох их зам туулжээ. 1945 онд үнс нурманд шигдсэн эрхтэн дутуу тийм орон их гүрний статус, Нэгдсэн Европын лидер улсын статусыг хэрхэн олж авч чадав аа? Энэ бол түүхэн гайхамшгийн сонгодог жишээ. Хүчний ба эрх ашгийн тэнцвэр гээчийг орчин цагт нягт, зөв хослуулсны жишээ. Алдсанаасаа илүүг бүтээж, босгож, цогцлуулж олж авсныг нь бодоод үз.
Германаас ялгаатай нь АНУ “democraticmessianism” гэдгээ үндэсний эрх ашиг болгосон төдийгүй бусад улс үндэстнийг тэгэхийг шаарддаг. Энэ маань ардчиллыг бусдад сайн дураараа түгээн дэлгэрүүлэх үйлс гэсэн үг. “Мессианчлал” гээд буулгачихъя. Тэр нь шашны мухар сүсэг шиг хөдлөшгүй. Үүнээсээ улбаалаад америкийн нийгэм, аж төрөх ёсоо үнэмлэхүй зөв гэдэгтээ итгэчихсэн. Бүх ертөнцөөр тэр нь түгж тархаж байвал АНУ-ын үндэсний эрх ашиг ерөнхийдөө тэр. Ардчиллын хэмжүүр нь үе үе солигдож ирсэн. Цагаачлах эрх чөлөөг олон жилийн турш хөхиүлэн дэмжиж ирсэн бол Трампын өнгөн дээр тэр хэмжүүр АНУ-ын үндэсний эрх ашгаас гээгдэх болж байна. «Ардчиллын экспорт» хийхгүй ч болж таарч байна. Ардчиллыг түгээх, эсвэл хүлээн авах нь бусад улс үндэстний эрх ашиг болж таарч байна. “Ардчилсан улс орнуудын сайн сайхан эвсэл” байгуулагдах боломжгүйг АНУ-д ойлгож мэдэрсэн байх. “Арабын хавар”-ыг ардчилсан хувьсгал хэмээн нэрлэх зүрх зориг нь мохлоо. Нэг мэдэхнээ антиамериканизм даян дэлхийгээр нэг тэсрэх дээрээ тулбал яана?
Бусад улс үндэстэнд антиамериканизм ямар байдгийг оросууд төдийлөн сонирхдоггүй. Дэвэрч байвал сайн гэсэн ерөнхий ойлголттой.Харин Орос дахь антиамериканизмнь үндэснийх нь эрх ашгаас нэлээд холуур байх аж. Дотоодын элдэв зовлон бэрхшээлээ Америкийн бодлоготой болхиор холбож, өрсөлдөх сөргөлдөх, мөчөөрхөх хэлбэрээр Орост америкийн эсрэг үзэл хөгждөг.
Харьцуулж үзвээс өнөөгийн Орос нь 100 жилийн өмнөх нөхцөл байдалтайгаа тун адил байр сууринд байна. Нийгмийн хувьд Орос эрүүл бус байна. Тиймдээ ч метафизик, универсал үзэл санааны ээлжит эрэлдээ явж байна. СССР нурсан нь өрнийнхний хувьд СССР “Хүйтэн дайн”-д ялагдлаа гэж үзэгдсэн ба тэд ялагдсан учраас л Югославыг бөмбөгдөх, НАТО, Европын Холбоог өргөжүүлэхдээ Оросын үндэсний эрх ашгийг төдийлөн харгалзаагүй. Тэглээ гээд оросууд өрнөдийг л баахан харааж, үзэн ядсан, өсөрхсөн, тэр эрчээрээ өнөөг хүрсэн. Харин тийм үзэн ядалт, сэтгэлийн хөөрөл нь Орос дахь барууны эсрэг үзлийг дэвэргэж, хариуд нь Оросыг изоляционизм ба онцгойрол руу түлхэж, тэр бүхэн нь Оросын үндэсний эрх ашигт хортой, халтай туссан юм байна. Оросын нийгмийг талцуулсан, эрх баригчдын хариуцлагагүй олон үйлдлийг зөвтгөх шалтаг нь болж өгсөн гэж байна.
Үндсэндээ СССР-ээс хойшхи Орос нь савлагаа туйлшралынхаа үеийг туулсаар явна. Харин Оросын өнөөгийн элитийн зорилго нь ийм туйлшралыг эцэслүүлж, хүч нөөцөө юунд зарцуулахаа сайтар тооцсон, айвуу тайвуу, найдвартай хэрэгжиж болох тийм үндэсний эрх ашгаа олж тогтоох явдал болох аж. Тэгэхдээ бусад улсын эрх ашгийг харгалзах, хүндэтгэх тал дээр буурь суурьтай хандах нь чухал. Тэгж баймааж нь стратегийн түвшинд үндэсний эрх ашгаа гүйцэлдүүлнэ гэнэ.
Оросын үндэсний хамгийн гол эрх ашиг юу вэ гэвэл хурдацтай хөгжиж өөрчлөгдөж буй глобал ертөнцөд Орос орон тэсч үлдэх, улмаар хөгжих, үүний тулд глобал тогтвортой байдлыг хангахад чиглэгдэх ёстой. Энэ зорилгод бусад дагалдах эрх ашгууд захирагдах ёстой хэмээн Владимир Лукин айлджээ.