Улаан хувьсгалч ба усанд ордог хувьсгалч
Монгол оронд өрнийн маягтай соёл нэвтрүүлэх хүсэл эрмэлзэл эхэлсэн үеийг XIX-XX зууны зааг гэж үзэж болно. 1911 онд ялсан Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол үзэл санаа нь өрнөдийн маягтай орчин үеийн улс болж хөгжин, тусгаар тогтнолоо бататгах явдал байв.
-Соёлын довтолгоо:/1959-1964/ Нүүдлийн амьдралаас хотын аж төрөх ёс руу (“ХХ зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. 2017.8.28)-
Оршил
Монгол оронд өрнийн маягтай соёл нэвтрүүлэх хүсэл эрмэлзэл эхэлсэн үеийг XIX-XX зууны зааг гэж үзэж болно. 1911 онд ялсан Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол үзэл санаа нь өрнөдийн маягтай орчин үеийн улс болж хөгжин, тусгаар тогтнолоо бататгах явдал байв . Учир иймээс монгол орныг Хятад-Дорнынхоос өөр соёл иргэншилд хөтлөн оруулах нь тусгаар тогтнолын нэгэн баталгаа гэж үзэж байсан бололтой. Манж- хятадын нөлөөний бүсээс гарахын тулд тусгаар тогтнолоо зарлах нь зөвхөн их үйлсийн эхлэл төдий зүйл. Харин монгол орон нь соёл, ахуй, ертөнцийг үзэх үзлийн хувьд “Дорнын бус” улс орон болсноор Манж, улмаар Хятадад татагдах ямар ч үндэсгүй, тусгаар соёл бүхий тусгаар улс болох тухай санаа байж болох юм.
ХХ зууны босгон дээрээс эхтэй энэ үзэл санаа нь 1921 оны ардын хувьсгалаар хүчээ аван 1990 ээд оныг хүртэл үргэлжилсэн. ХХ зуун бол монголчууд Оросоор дамжуулан өрнөдийн соёлд суралцан, түүнийгээ амьдралд нэвтрүүлсэн эрин байв. Энэхүү эрин зууны уриа нь ардын дунд зүйр үг маягтай тархсан нь “орос хэл, оньсон техникт суралцах” гэдэг хэллэг байв. Албан ёсны хамгийн том мессеж нь Нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын хэлсэн “Орос хэл бол эрдэм мэдлэгийн түлхүүр” гэсэн ишлэл болно.
Нэг
Социалист монголын үед энэ сэдэв кампанит ажил, процессын хувьд бараг хөндөгдөөгүй үлдсэн байдаг. Харин тодорхой хэсгүүд буюу Эрүүлийг хамгаалах, Ардын боловсролын салбарт хамаарагдах хэсгүүд нь өргөнөөр судлагдсан. Ч.Дашдаваа. (БНМАУ дахь соёлын хувьсгал: түүхэн туршлага орчин үеийн асуудал.1989.) Б.Сумъяа (Феодалын аж төрөх ёсноос социалист аж төрөх ёсонд), зэрэг бүтээлд мөн л боловсрол, соёлын салбарын ололтууд, нүүдэлчний амьдралаас социалист аж төрөх ёсонд шилжиж орсон зэргийг голлон авч үзсэн байдаг. БНМАУ-ын Соёлын түүх (1981, 1989 онуудад хоёр боть нь гарсан),Монголын соёлын түүх(1999 он. гурван боть) зэрэг бүтээлд “Соёлын довтолгоон”-ны сэдэв тусгайлан тусгагдаагүй. Харин 1990-ээд оноос хойш, доктор Б.Пунсалдулам нарын судлаачид энэ сэдвээр судалгаа хийсэн байна.
Соёлын довтолгооны гол салбар нь “ариун цэврийн хувьсгал” буюу өглөө бүр нүүр гараа угааж хэвшихээс эхлээд шүдээ угаах, усанд орох, хумсаа авах, дотуур хувцас өмсөж сурах, цагаан даавуутай хөнжилд унтах, бөөснөөсөө салах зэрэг суурин амьдралын хэвшлийн анхан шатны элементүүд байв. Ийм хувьсгал хийхэд хүргэсэн шалтгаан нь хувьсгалчдын хувьд “ярихад санаа зовмоор” хоцрогдол байсан нь албан ёсны судалгаанаас гадуур үлдэхэд хүргэсэн байж болох талтай. Албан ёсны үзэл суртал нь 1921 онд ардын хувьсгал ялснаар феодалын хоцрогдлоос амжилттай салж эхэлсэн гэж үзэж байсан учир ХХ зуун хоёрдугаар хагастаа ороод арваад жил өнгөрчихсөн байхад усанд ордоггүй, хумсаа авдаггүй байсан баримтыг ил зөвшөөрөхөд амаргүй байсан ч байж магад. Харин түүнийг Хятадад болсон “Соёлын хувьсгал”-ын самуунтай эндүүрэгдэхээс болгоомжлон хувьсгал гэдэг үг хэрэглэхээс цэрвэж ирсэн бололтой.
Хоёр
Өмч хураах ажил 1928 онд эхэлж, мөн оны 7 сарын 13-нд “феодалын хөрөнгө хураах төлөвлөгөө” батлагдсан байна. Энэ ажил 31 жилийн дараа 1959 онд малыг нийгэмчилж дуусснаар оргилдоо хүрэв. Ийнхүү малчин ардууд өмчөөсөө салж, нүүдэлчин амьдралаас чөлөөлөгдөж эхлэв. 1960 он гэхэд малчдын хөрөнгийн 50-иас доошгүй хувийг нийгэмчлэх зорилт1 тавьж байсан боловч санаснаас амархан хэрэгжсэн байна. “Энэ жил хоршоолж дууслаа. Ардын аж ахуйтны 99,3 хувь”2 нийгэмчлэгдсэн хэмээн мөн оны сүүлээр төвийн хэвлэлд мэдээлсэн байна. Ингэснээрээ улсын бүх иргэн нь улсын(болон хоршооллын) секторт хамаарах болсон нэгдсэн хяналт тавих боломж бүрдсэн.
Эндээс уламжлаад хот руу чиглэсэн миграци болов. Бэлчээрээс чөлөөлөгдсөн малчид хот руу бөөнөөрөө шилжив. 1955 онд Улаанбаатарын хүн ам 55,5 мянга орчим байсан бол 1960 онд 150 шахам мянга болсон аж.
Хот суурины ямарч дэг журамд суралцаагүй нүүдэлчдийн томоохон хот айлууд буюу бөөгнөрөлүүд үүсгэж эхлэв. Улаанбаатар болон бусад томоохон суурьшлын цэгүүд нь урбан хот гэхээсээ илүү маш олон малчид түр айлссан үлэмж том хот айлын шинжтэй бөөмнөрөл болоход хүрэв. Иймээс урбан амьдралын цоо шинэ дэг ёсонд сурах зайлшгүй хэрэгцээ гарлаа. (Наад зах нь, хуучин Богдын хүрээний оршин суугчид ил задгай бие засч заншсан ба тэдгээрийн ялгадсыг хэдэн зуугаараа сүрэглэсэн золбин ноход идэж устгалдаг байв. Цаашдаа нохойгүй хот байгуулах цагт ямар амьтан ариун цэврийг сахиулах нь тодорхойгүй)
Юуны өмнө, бичиг үсгийн шинэчлэл амжилттай болсон нь ахуйн хувьсгал явуулах боломж олгожээ. 1930-аад оноос “Боловсролын жагсаал” нэртэйгээр эхэлсэн3 бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн бүх олон нийтийн урам зоригийг бадрааж, нийтийн үйл болон хөгжив. 1931 онд эхэлсэн латин үсэг сурах хөдөлгөөн жил хэртэй өрнөж байснаа сулран зогссон нь Зөвлөлтийн олон үндэстнүүдийг кирилл Мефодийн цагаан толгойгоор үсэг бичигжүүлэх шийдвэр гарсантай холбогдоно. Улмаар 1941 оны 3 сарын 25нд МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн хамтарсан тогтоол гарч “тус орны соёл боловсролын цаашдын хөгжил гагцхүү ЗХУ-ын...соёлыг эзэмших замаар явах болно...монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдал чухал...” хэмээн дүгнэжээ.
1950 оны наадмаар бүх нийтээр кирилл монгол бичигт шилжсэн нь нийтээр бичиг үсэгт тайлагдах, орчин цагийн монгол бичиг болон утга зохиолын хэл бүрэлдэх эхлэлээ. Улмаар 1960-аад он гэхэд шинэ бичиг үсэг нь зүгшрэн, олон нийтэд түгээх боломж бүрдэв.
1920-иод оны сүүлчээр эхэлсэн, нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх, хүн амыг эрүүлжүүлэх хөтөлбөрүүдийн үр дүн гарч, төрөлт нэмэгдсэн. Зөвлөлт улсаас 1926 оноос хойш арьс өнгөний өвчнийг илрүүлэх, эмчлэх дөрвөн том экспедицийг ирүүлснээс гадна, олон тооны эмнэлэг-ариун цэврийн болон эрдэм шинжилгээний ангиуд ирж ажиллажээ. 1948 оны тэмбүү илрүүлэх отрядын мөрөөр тийм морьт отряд 1950-иад онд долоон удаа гарч байв.
1960-аад он хүртэлх эрүүлийг хамгаалах салбарын гол зорилт нь нийтийг хамарсан арьс өнгөний өвчинтэй тэмцэх, эцсийн утгаараа хүн амын хэвийн нөхөн үржихүйн нөхцлийг хангахад голлон анхаарч байлаа. 1947 онд гэхэд эхчүүдийн 47 хувь эмнэлэгт амаржиж, 1958 онд 1200 хүнд нэг их эмч, 840 хүнд нэг бага эмч ногдож, 235 суманд төрөх тасаг нээгдсэн байлаа. (Монгол улс 1990 оныг хүртэл эрүүл хамгаалах салбарын чансааг “ой хүрээгүй хүүхдийн эндэгдэл, дундаж наслал”-таар бус харин “нэг их, бага эмчид ногдох хүний тоо, 10.000 хүнд ногдох эмнэлгийн ор” гэдэг нэгжээр илэрхийлж байсныг анзаарна уу)
1926 дундаж наслалт эрэгтэй эмэгтэйгээрээ 52/52 байсан бол 1957 он гэхэд 54/55 болж ирсэн4 байна.
ХХ зуун дунд үеэс эрдэм номтой, дээр нь эрүүл саруул амьдрахын тулд амьдрах орчин, амьдралын хэвшлээ шинэчлэх хэрэгтэй болох нь анзаарагдав. Эрүүл мэндийн салбарын ололтууд нь ариун цэвэрч бус амьдралын хэвшилтэй нь зөрчилдөх боллоо. Ялангуяа арьс өнгөний өвчинтэй тэмцэх талаар хийсэн асар их үйлс нь нэн хэврэг, нурахад амархан байлаа. Тухайлбал, тэмбүүгийн идэвхтэй хэлбэр огт буурахгүй, жишээ нь 1952-1956 онуудад энэ хэлбэрээр нийтдээ 4370 хүн өвчилсөн бол 1958-1960 онд 4040 хүн өвчилсөн байх жишээний. Эндээс ургаад монголчуудын аж төрөх ёс, ахуйн соёлд хувьсгал хийхгүй бол энэ ажил амжилт олохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн бололтой.
Гурав
1928 оны наадмаар (7 сарын 13 нд) феодлалын хөрөнгө хураах төлөвлөгөөг баталж байсан бол 31 жилийн дараа яг тэр өдөр (1969.07.13)“Орон даяар соёлын довтолгоо явуулах” Нам засгийн шийдвэр5 гарав.
Нэгдүгээрт, бөөнөөрөө нэг дор цугларсан, урт удаан хугацаанд, ган зудаас үл хамааран айлсан амьдрах болсон нүүдэлчин ардуудыг хот суурины дүрмээр зохион байгуулах шаардлага гарлаа.
Хоёрдугаарт, нэгэнт хувийн өмч устаж социализм эдийн засгийн утгаараа ялсан боловч хүн амын ухамсар соёлын түвшин түүнээсээ “сүрхий хоцорч” байна гэж үзсэн байна.
Гуравдугаарт, Зөвлөлт маягийн нэг том улс болж бүх социалист орнууд нэгдэхэд монголчууд соёл, ялангуяа ахуйн соёл, ариун цэврийн хувьд бэлэн биш байна гэж үзсэн. МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны “Орон даяар соёлын довтолгоон явуулах тухай” тогтоолд өгүүлсэнчлэн, ЗХУ тэргүүтэй бүх социалист орнууд нэгэн зэрэг коммунизм дэвшин орж, нийлж нэг “улс” болох(албан ёсны нэр нь “Ойртон нягтрах бодит зүй тогтол”) учиртай бөгөөд нэгдэн нийлэхийн цагт БНМАУ-ын иргэд нь ахуйн соёл, боловсролын хоцрогдсон түвшнээрээ ялгарах учиргүй аж.
(Философийн утгаараа “Ойртон нягтрах бодит зүй тогтол”, эдийн засгийн талаасаа “социалист интераци” гэхлэнгээр нэрлэж байсан энэ ойлголтыг хоёр янзаар хялбарлан тайлбарлаж болно. Өөдрөг талаас нь харвал социалист лагерийн орнууд эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшингөөрөө жигдрэн нэгдэж өнөөгийн “европын холбоо” маягийн тогтолцоо болох тухай санаа юм. Пессемист утгаараа, социалист орнуудын улс төрийн тогтолцооны ижилсэл нь бараг л төр- засаг захиргааны нэг систем болтлоо ойртож Зөвлөлтөд нийлэх явдал гэж ч хардаж ч болохоор зүйл.)
Ингээд Иргэний боловсролын салбар буюу бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх замаар хүн амыг эрүүлжүүлэх, улмаар ариун цэвэр ахуйн соёлын хувьсгал хийх, байгаль орчныг хамгаалах шинэ соёлд суралцах үндсэн чиглэлээр хувьсгал хийхээр “Соёлын довтолгоо” зарлажээ.
Соёлын довтолгооныг процессын хувьд дөрвөн үе шаттайгаар авч үзэж болмоор байна.
Эхний үе. Ардын хувьсгалын 40 жилийн ой угтан гурван жилийн хугацаатай (1959-1961) зарлажээ. Хоёрдугаар шат. 1961 онд Соёлын довтолгооныг дахин гурван жилээр сунгасан6 байна. “Бичиг үсэг бага мэдэгч нь дунд мэдэгч болох”…зэргээр өмнөх амжилтаа шат ахиулах нь энэ удаагийн довтолгооны гол зорилт байв.
Гуравдугаар, соёлын довтолгооны гурав дахь шатыг албан ёсоор шинэчлэн зарлаагүй боловч “Соёлын довтолгоо” албан бус байдлаар “Төрийн яамны үзлэг”, “Эмнэлэг гэгээрлийн өдөр” нэртэйгээр 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн байна.
Дөрөвдүгээрт, Соёлын довтолгоон нь ерээд оноос хойш барууны соёлд суралцах бүх нийтийн эрмэлзлэлээр солигдсон гэж үзэж болно.
Дөрөв
Соёлын довтолгооныг гурван хүрээнд хийхээр намзасгийн шийдвэрт заасан байдаг. Соёлын довтолгооны гол чиглэл нь ариун цэврийн салбарт өрнөсөн ба үүнийгээ “хүн бүр хувцсаа угааж цэвэр боловсон өмсөх, халуун усанд тогтмол орж байх...ариун цэврийн анхны мэдэгдэхүүнтэй болох”7 хэмээн томьёолжээ.
Хоёрдугаарт, ард нийтээр иргэний боловсролын хувьд шат ахих явдал байв. Үүнийг “ Бичиг үсэггүй хүн бичиг үсэг мэддэг болох, анхан шатны боловсролтой болох, анхан шатны боловсролтой нь дунд, дунд шатных нь бүрэн бус дээд боловсролтой болохын тулд ахиц хийх...” хэмээн тодорхойлсон байдаг8.
Гуравдугаарт, нүүдэлчид хотшин суурьшиж эхэлсэнтэй холбогдуулан гарч ирсэн шинэ зорилтыг томъёолсон байдаг. Энэ бол хамтран амьдрах дэг ёс, хотших урлагтай холбоотой асуудал бөгөөд үүнийгээ “Нийтийн хэв журам” хэмээн тодорхойлжээ. Улмаар хууль цаазын ертөнцөд нэвтэрсэн “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэг ойлголт нь иргэншил, хотшлийн дэг ёстой харшсан үйлдэл гэсэн утга агуулан ирж ирсэн. Манай нэгэн үеийнхний сайн мэдэх “301-д орох, 111-д суух” зэрэг хэллэг нь монгол нутагт хэзээ ч гарч байгаагүй эрх зүйн зохицуулалтууд юм. (Ардын их хурлын тэргүүлэгчдээс гаргасан, нийгмийн хэв журам зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай зарлигуудын дугаар. Их төлөв архидан согтуурч, олон нийтийн газар жижгээр танхайрсан этгээдэд энэ зарлигаар хариуцлага хүлээлгэн захиргааны арга хэмжээ авч байв. Түр баривчлах, албадан хөдөлмөрлүүлэх зэрэг арга хэмжээ авахдаа үсийг нь их төлөв хусдаг учраас “111.301”-д орсон хүн андашгүй байсан. Тэр үед архи уудаг хүмүүсийг шүүмжилсэн “Гудамжны голоор гуйванхан, Гурван зуун нэг рүү дайванхан” гэсэн шог шүлэг хүртэл гарч байлаа.)
Энэ зорилтыг МАХН-ын Төв хорооны тогтоолд “ Хүн бүр боловсон зан суртахууныг эзэмшиж, архи ууж агсам тавих, бусдыг доромжлох, хулгай хийх, хуурч мэхлэх үл бүтэх явдлуудыг үзэн ядаж тэмцэх...”9 хэмээн томъёолсон байна.
Соёлын довтолгооны хүрээнд хуучны хот (айл) гэдгээс ялгамжтай хот (суурин) хэмээх ойлголт бас шинээр үүслээ. 1961 оны зун гарсан Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 136 дугаар зарлигт “...олонхи нь цалин хөлсөөр, цөөнх нь аж ахуйн орлогоор амьдардаг 4000-аас дээш хүнтэй суурин, 3000-аас доошгүй хүн байнга оршин суух аж үйлдвэрийн газруудыг хот хэмээн” үзэхээр тогтсон байна. Иймээс “аж ахуйн орлого”-оор амьдардаг цөөнх гэдэг нь нүүдэлчний амьдрал, малаас шууд гарах орлогоор амь зуудаг хүмүүсийг хэлсэн хэрэг бөгөөд монгол орон цаашдаа малчин биш, малаас шууд хамааралгүй хүмүүсийн цоо шинэ нийтлэгтэй болсны илэрхийлэл нь энэ зарлиг гэж үзэж болно.
Тав
Соёлын довтолгооны тэргүүлэх зорилт нь “иргэний хувийн ариун цэвэр” байсан учраас кампанит ажлын үндсэн зохион байгуулагч БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах Яам (түүний харъяа Улсын Ариун цэврийн Ерөнхий газар) байв. Тийм ч учраас Соёлын довтолгооны хамгийн сүүлийн үр хөврөл нь 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн “Эмнэлэг гэгээрлийн өдөр” (Долоо хоног бүрийн лхагва гариг) буюу эмнэлгийн ажилчид гадуур явж айл өрхийн ариун цэвэр, бие засах газрын ариутгалын байдал зэргийг шалгадаг үзлэг байв. Энэ үзлэгийн дүнгээс хамааран айл өрхт “Соёлч өрхийн диплом олгож байлаа.
УАЦШБЕГ-ын удирдамжаар төр, аж ахуйн бүх салбарууд өөрийн ариун цэврийн дүрмийг боловсруулан мөрдөж10 эхэлсэн байна. Эндээс Нийтийн хоолны, дунд сургуулийн, хүнсний дэлгүүрийн, хүүхдийн цэцэрлэг яслийн гэхчлэнгийн ариун цэврийн дүрмүүд салбарлан гарч, нийгмийн амьдралын амьдралын өдөх тутмын хэм хэмжээ болж эхэлсэн байна.
Эдний шууд харъяаны, өдөр шөнийн аль үед айл өрхөд чөлөөтэй нэвтэрч, айл өрх, албан байгууллага, хувь хүний аль ч хэсгийн ариун цэврийг үзэх, харин Засан хүмүүжүүлэх байгууллага буюу шорон зэрэг тусгай хамгаалттай обьектод зөвхөн ажлын цагаар нэвтрэх онцгой эрх11 бүхий улсын байцаагч нараас гадна байгууллага хамт олны хамгийн жижиг бүтцийг хүртэл хамарсан “орон тооны бус байцаагч”, “ байгууллага, анги бүлгийн ариун цэврийн комисс” ажиллаж өргөн эрх эдэлж байв.
Тэд байгууллагын орчны ариун цэвэр байдлаас гадна иргэний хувийн ариун цэвэр гэр орны ариун цэврийг шалгана. Дунд сургуулийн анги бүлгийн ариун цэврийн комиссынхон сурагчдын хумс, дотуур хувцасны хир, усанд орсон байдал, бөөсийг тогтмол шалгана. Харин насанд хүрэгчдээс бүрдсэн комиссынхон айл гэрээр явж, хөнжлийн даавуу, хөлийн саарь, дотоож болон хөхний даруулга хэрэглэж хэвшсэн эсэхийг үзнэ.
1959 онд гарсан “Хот, хөдөөгийн сургуулийн ариун цэврийн заавар” ёсоор сурагч бүр гурван ээлжийн дотуур хувцас( хамгийн гол нь турсик) ор дэрний хэрэгслэл, нусны алчууртай байх, түүнчлэн долоо хоног бүр усанд орж, хумсаа авдаг журмыг хэвшүүлэхээр заасан байна. Мөн бие зассны дараа ба хоол идэхийн өмнө гараа угааж хэвшүүлэхийг зорьжээ. Цаашдаа техник мэргэжлийн сургуулийн(ТМС буюу одоогийн МСҮТ) сурагч охидыг сарын тэмдэг ирэх хэрэглэх “эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслэл”-ээр хангах, хэрэглүүлж сургах асуудлыг ч бас авч үзэж байсан байдаг.
1960 онд гарсан УАЦШБЕГ-ын даргын 8 тоот тушаалд “..нэг хүн жилд 52 удаа усанд орох” бөгөөд нэг удаа орохдоо 45 минутаас багагүй хугацаагаар биеэ угаах заавар12 гарсан байна. Мөн “халуун усны газарт очиж усандаа орохдоо хиртэй хувцсаа аваачиж угаахыг хориглосон” нь амьдралаас урган гарсан шийдвэр бололтой. Улмаар 1963 онд Сайд нарын Зөвлөлтийн 436 дугаар тогтоол гарч, хүн бүр тогтмол усанд ордаг заншилтай болох13 үүрэг өгчээ. Шийдвэрийг биелүүлэх хүрээнд 1959-61 онд сумын төвд 383, бригадын төвд 196, аймгийн төвд 40-ийг шинээр байгуулсан14 тайлан хадгалагдан үлджээ.
Соёлын довтолгооны мөрөөр, долоо хоногийн бямба ням гариг нь ерөнхийдээ иргэдийн халуун усанд орох өдөр болж хэвшсэн ба байнгын халуун устай орон сууцанд амьдардаг мөртлөө хагас бүтэн сайнд л усанд орж хэвшсэн нэгэн үеийнхэн ингэж бий болсон юм.
Соёлын довтолгооны олон бригад төвөөс орон нутагт, аймгаас сумдад, сумаас баг бригадад томилогдон ажиллаж байлаа. Тэд үсээ хумсаа хэрхэн авахаас эхлээд, биеэ яаж угаахыг биечлэн зааж байсан.
Соёлын довтолгооны хоёр дахь зорилт нь нийтээр бичиг үсэг тайлагдах явдал байлаа. Эхний хоёр жилд 57.000 хүн бичиг үсэг бага мэдэгч, 76,000 хүн сайн мэдэгч болж Булган, Өмнөговь, Ховд, Сэлэнгэ аймаг 13-14 насныхныг бүгдийг нь бичиг үсэг сургасан15 хэмээн тайлагнасан аж. Бичиг үсэгт тайлагдах ажил “хэн үсэг мэднэ тэр заана” гэдэг зарчмаар явж, гэрийн сургалт дугуйлангуудад дунд сургуулийн сурагчдыг дайчлан багшлуулж байв.
1960 оны зуны гурван сарыг Соёлын довтолгооны хүрээнд “Бичиг үсгийн цохицтой ажлын сар” болгов. Сарын хүрээнд “бичиг үсэг үл мэдэгчдийг илрүүлэх” операци гэдгийг зохиожээ. Энэ нь “хуурамч бичиг үсэгтэн” буюу бичиг үсэгт сурсан, сургасан мэтээр худал тайлан явуулагчидтай хийх тэмцэл байлаа. Ингээд шалгалтаар “илэрсэн” 52,000 орчим хүнийг хүмүүсийг албадан бичиг үсэг сургах ажил өрнүүлсэн байна. Ингээд 1972 бүлгэмд 1605 багш, 400 орчим оюутан ажиллуулан “илэрсэн” хүмүүсийн 47000 орчмыг сургалтандаа хамруулж чадсан байна. 1971 онд БНМАУ бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан учир ЮНЕСКО-гийн алтан медаль хүртэж байв. Түүнчлэн бүх нийтээр бүр бус дунд буюу 8 жил, бүрэн дунд буюу 10 жилийн боловсрол эзэмших хөтөлбөрийн үндсэн хөрсийг соёлын довтолгоон бүрдүүлж өгсөн болно.
Соёлын довтолгооны хүрээнд гарсан нэг том хувьсал бол монголчуудын хүнсний салбарт гарсан хувьсгал юм. Соёлын довтолгооны хоёр дахь шатны зорилтуудын дотор “хоол ундын хольцыг сайжруулах, төмс идэшний ногоо, талхыг өргөн хэрэглэх...” заалт орсон байна. Энэ цаг үетэй зэрэгцэн атар газар эзэмших, хүнсний ногоо тариалах томоохон ажлууд бас эхэлсэн байдаг. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 83/78 тогтоолд “Нийтийн хоолын газрууд, тодорхой хэлбэл больниц, сургууль, цэргийн анги, үйлдвэрийн газрын гуанзанд “нэг хүн хоногт 180 грамм төмс, 150 грамм хүнсний ногоо...ясли цэцэрлэгт 90 грамм төмс, 80 гр хүнсний ногоо” идэж байхаар тогтоосон байна.
Анх удаа “нийтийн хоол” гэдэг ойлголт гарч ирсэнтэй холбогдон олон зүйлийг цоо шинээр журамлан мөрдүүлэх хэрэгцээ гарч ирсэн байна. Тухайлбал хүнсний байгууллагад ажиллах хүмүүсийн ариун цэвэр эрүүл мэндийг эхлээд шалгах, үлдэгдэл хоолон дээр шинэ хоол хийх, хоносон хоолыг халааж үйлчлэхийг хориглох16 гэхчлэн. “Хүнсний худалдааны ариун цэврийн дүрэм”-ээр худалдагч нарын ажлын халаат өмсөх ба түүнийхээ халаасанд хувийн эд зүйлсээ хийхгүй байх, бас жорлонд орохдоо түүнийгээ тайлахыг зааж өгсөн байх жишээний.
Түүнчлэн эрүүл аж төрөх ёсонд суралцах, ялангуяа нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар томоохон алхмыг Соёлын довтолгооны далбаан дор өрүүлсэн байна. 1931 оны намар “Биеийн тамир сайжруулах стадион” гээч зүйл анх нээгдснээс үүдэн “Биеийн тамир” гэдэг үг гарсан бололтой. Ниитийн биеийн тамир нь нэлээн хувьсгалч агуулгаар эхэлсэн ба 1936 оноос “Улс орон ба Үйлдвэрийг батлан хамгаалаха бэлхэн” тэмдгийн норм гарсан бөгөөд ажилчин албан хаагчид тэдгээрийг биелүүлэх ёстой байсан юм. Улмаар бүх нийтээрээ биеийн тамирын дасгал, гимнастик заавал хийж сурах үүрэг хүлээлээ.
1959 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Ажилчид албан хаагчид, сургуулийн сурагчид үдийн завсарлагаар бие махбодийг чийрэгжүүлэх 8-10 минутын дасгал хийж байх” журам гарчээ. Улмаар энэ дасгалыг Радио өргөн нэвтрүүлгээр удирдан хийлгэх болсон бөгөөд алдартай хөтлөгчийн “Өдрийн гимнастиктаа бэлтгээрэй...хөлдөө мөрний хэмжээний зай авч...” гэсэн хэллэг нэгэн үеийхний чихэнд хоногшин үлдсэн байна.
Дүгнэлт. Соёлын довтолгооны ач холбогдол
Соёлын довтолгоо нь 1911,1921 оны хувьсгалуудаас эхтэй тусгаар тогтнолын үзэл санааны үргэлжлэл мөн. Энэ зорилгын хүрээнд хятад-дорнынхоос өөр иргэншил соёлын замналтай Оросыг дагаж хөгжих, ингэснээр европ маягаар замнах зорилт орж байв. Соёлын довтолгоо нь Орос-Зөвлөлийн маягаар ( цаад утгаараа европ маягаар) иргэншин суурьших, хотшин хөгжих сургуулийн үе шат болж хэрэгжсэн гэж үзэж болно.
Соёлын довтолгоо нь бүх нийтээр боловсролтой болох, нийтээрээ эрүүлжих, хот суурины амьдралын дүрмээр “боловсон ёс”-оор аж төрөх аргын цогц сургууль байв.
Соёлын довтолгоон нь ариун цэврийн дэг журам, хамтран амьдрах соёл(буюу иргэншил хотшлийн анхан шатны сургууль гэлтэй) салбарт голлон тулгуурласан нь онцгой ач холбогдолтой болов. Учир нь монголчууд бичиг соёл, анагаах ухааны өв уламжлалтай ч хот суурины соёлоос хол хөндий явж ирсэн юм.
Нэг талаасаа төрийн хүчирхийлэл, алдбадлага хосолсон ч нөгөө талаас нь олон түмэн соёлын довтолгоог халуунаар хүлээн авсан юм. Учир нь соёлын довтолгоон нь хоцрогдсон байдлаас нийтээр гарч, соёлт ертөнцийн хүн ардтай мөр зэрэгцэн хөгжих үндэсний эрмэлзлийн нэг хэсэг байсан бөлгөө.
ХХ зууны сүүлийн хагаст монголчууд нийгмийн халдварт өвчнөөс салж эрүүлжсэн, үүнээс улбаалаад төрөлт нэмэгдэж хүн ам анх удаа 1 саяд хүрсэн, дундаж наслалт уртассан, шинэ шинэ хотууд үүсч хөгжсөн, боловсрол эрүүлийг хамгаалахын маш сайн системтэй болсон зэрэг эрин зууны ололтуудын туг нь Соёлын довтолгоо байсан гэж үзэж болно.
Мөн социалист монгол буюу БНМАУ-ын (1921-1990) үеийн хамгийн том үзэл санааны бүтээн байгуулалт, нийгмийн амьдралд эерэг ул мөрөө үлдээсэн хувьсгалт кампани нь Соёлын довтолгоо байжээ гэж үзэж бас болмоор байна.
Соёлын довтолгооны үр дүнд хот айлын амьдрал нь хот суурины амьдрал болон төлөвшиж, олноороо нэг дор байнга амьдрах соёлд монголчууд амжилттай суралцсан байна.
Боловсрол, эрүүл мэнд, ахуйн соёлын (ариун цэврийн)гурван хүрээнд явуулсан Соёлын довтолгоо нь монголчуудын аж амьдрал, оюун санааг шинэчилсэн хамгийн том ололт амжилт байсан. Мөн 1990 онд ардчилсан хувьсгал ялахад үлдээсэн БНМАУ-ын социалист тогтоцын хамгийн том өв бол Соёлын довтолгооны үр шим болох Нийтийг хамарсан боловсролын тогтолцоо, бүх нутгийг хамаарсан эрүүлийг хамгаалах систем, бүх нийтийн өдөр тутмын амьдралд дадуулсан ариун цэвэр-эрүүл ахуйн дэг ёс байсан гэж үзэж болно.
1 Намын амьдрал сэтгүүл.1957.№1. тал7.
2 Үнэн сонин. 1959. №153
3 БНМАУ-ын соёлын түүх. I боть. УБ.1981. тал 78.
4 Б.Сумъяа. Феодалын аж төрөх ёсноос социалист аж төрөх ёсонд. УБ. 1979, тал 68.
5 МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд. II дэвтэр.УБ.1967. тал 531-536
6 Бүх орон даяар Соёлын довтолгооныг цаашид үргэлжлүүлэх тухай.МАХН-ын Төв хорооны тогтоол. Намын амьдрал сэтгүүл.1961.№11
7 Орон даяар соёлын довтолгоон явуулах тухай. МАХН-ын төв хорооны 249 дүгээр тогтоол.1959.07.13. МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд.II дэвтэр.УБ.1967.тал 531-536.
8 Мөн тэнд
9 Мөн тэнд
10 БНМАУ-ын СнЗ-өөс Ариун цэвэр, эрүүл ахуйн талаар гаргасан тогтоол зааврын эмхэтгэл .УБ. 1957.
11 Мөн тэнд
12 Эрүүлийг хамгаалах, биеийн тамирын талаар гаргасан хуульчилсан актуудын системчилсэн эмхэтгэл. УБ.1962.
13 Мөн тэнд
14 Манай орны хөдөлмөрчид Соёлын довтолгооны эхний хоёр жилд. Өгүүлэл. Үнэн сонин. №231. 1961 он.
15 Намын амьдрал сэтгүүл. 1961.№11
16 БНМАУ-ын СнЗ-өөс Ариун цэвэр, эрүүл ахуйн талаар гаргасан тогтоол зааврын эмхэтгэл .УБ. 1957.