Бид нэг юм үзнэ (II): Бүтээлч сүйтгэл
Бид нэг юм үзэх нь ч үзэж таарлаа...
Нэг. Их уйдалт
Бид нэг юм үзэх нь ч үзэж таарлаа...өмнө нь бид ярилцаж л байсан, хүний түүхийн ёс суртлын нэгэн эрин өөрийн үеэ өнгөрөөж байгаа тухай: сайн юм сайнаараа байж болохоо байсан, зөв юм зөвдөхөө больсон тухай: энхтайван болгон дайнаар дуусч, дайн болгоны дараа энхтайван тогтож ирсэн тухай: хүний түүхийн нэгэн үеийн үнэт зүйлс үнэ цэнээ алдаж байгаа тухай: түүх дуусч, түүх эхлэх гэж байгаа тухай.
Хүмүүс нэгэн үеийн ёс суртлын үнэт зүйлсээ тоохоо больж байна, тэр нь яг л хайртай дуртай явсан хүндээ сэтгэл хөрөх шиг, авч явахад лайтай, хаячих гэхээр бас жаахан хайран санагдах хуучин тавилга шиг сэтгэгдэл төрүүлэх болж.
Үүний жишээ нь улс төрийн тогтолцооны үндэс болсон нам, ялангуяа МАН дээр тод харагдана. Үнэн хэрэгтээ үйл нь ирсэн МАН дээр лголлон харагдаж байгаагаас бус нийт үндэстний үзэл санааны хямрал юм.
Ер нь бол шуугиан тарьсан “жаран тэрбум” ямар учиртай, “утас чагналт” юуны начиртай зэрэг нь олон нийтэд сонин биш. Харин МАН-ы шинэ өө сэв илэрч, тэдэнд уураа гаргах шинэ шалтаг гарах нь л хэрэгтэй. Асуудал нь жаран тэрбумдаа биш, чагнаж чагнуулсандаа ч биш. Зодчихмоор санагдаж гар загатнуулаад байсан дуракийг нулих боломж олдсонд л байна. Ийм учраас “Жаран тэрбум”-ын үнэн учрыг сонирхохгүйгээр барахгүй, түүнийг учирлах гэсэн хүмүүсийг дуугаргахгүй загнаж байгаа. Дуургаргахгүйгээр барахгүй МАН-д уураа гаргах сайхан шалтгийг нь үгүй хийх гэсэн оролдлого гэж уурсаж буй.
Угаасаа ч ард түмэн МАН-д нэг их хайртай байснаа одоо сэтгэл хөрсөн юм байхгүй. Социализмын үед “Энхрий хайрт МАХН” гэж хэлж заншсан нь энэ намыг хайрлахаасаа илүүтэйгээр өөрийнхээ аюулгүй байдлыг баталгаажуулах агуулгатай байсан юм шүү. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН-д хайр нь хүрсэндээ биш, харин АН-д уур нь хүрсэндээ л тэдэнд саналаа өгсөн юм. Гэтэл цаадахь нь үнэхээр өөртөө хайртай юм байна гэж итгэчихээд, ерөнхийлөгчтэй юутай хээтэй нь авах гэж зэвүүг нь хүргэснээр саяны сонгуулийн үр дүн гарав. Яг л нөхөртөө гоморхсон бүсгүй уурандаа нэг залууд жаахан тал өгтөл, цаадахь нь үнэхээр надад дурлачихаж гэж үнэмшээд лай болсонтой төстэй явдал.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН ч үүнийг анзаарч байгаа байх, ялалтын хүчин зүйл нь олон түмний дургүйцэл, сэтгэл дундуур байдал гэдгийг. Тэдэнд хямралаас гаргах, нийгмийг тогтвортой болгох хүн биш, харин хямралтай юутэй хээтэй нь самраад, авилгажсан тогтоцыг нураагаад өгөх хүн хэрэгтэй байсан бололтой. Бүхэлд нь нураахгүй бол засаж сайжруулах аргагүй “төрзасаг”-тэй болсноо монголчууд зөнгөөрөө ухаарсан хэрэг юм болов уу. Ер нь бол гүн ухаантнууд нэгэнт хазайсан баганыг түшихийн оронд түлхэж унагах хэрэгтэй. Хазайсан юмыг босгох боломжгүй, харин унасан юмыг босгох амар гэж сургасан байдаг. Монголчууд энэ байдлаараа цаашаа явахыг хүсэхгүй байна.
Тэгэхээр ард түмний уур хилинг хэрхэн тайлж өгөхөөс л шинэ ерөнхийлөгчийн цаашдын хувь заяа хамаарна. Нэг их, хямралаас гаргачихдаг, төр засгийг түвшитгэдэг амьтан болох гэвэл олон түмэн арзас гээд босоод ирнэ. Уул нь “бясаанаасаа салах гээд байшингаа шатааж болохгүй” гэсэн утгатай үг бий нь бий юм. Гэхдээ дийлдэшгүй олон бясааг бол оромжтойгоо хамт шатаагаад шинээр байшин босгосон нь дээр гэсэн үзэл санаа зонхилж байгаа бололтой.
Хөндлөнгөөс нь харахад “Жаран тэрбумын дуулиан”, “утас чагнасан дуулиан” сэлтээс МАН-ын “мэнгэ голлож”, үйлс хазайж, үйлийн үр бүрэлдэж байгаа мэт.(Муухай дээрээ улцан гэгчийн үлгэрээр, тэр нэг бандаажтай хархүү бас юү ч билээ) МАН-ын өнөөгийн байдлыг харахад үйлийн үрийн тухай номлол өөрийн эрхгүй бодогдом. Тайлбарлах эрхгүйгээр буруутгагдаж буй “60 тэрбумын хэрэг, үнэнийг тогтоох шаардлагагүй үнэний хэмжээнд итгэгдсэн “тагнасан чагнасан хэрэг”... эдгээр нь кампанит байдлаараа МАХН-ын зохиож, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн “Лоохуузын хэрэг”, “Сэхээтний төөрөгдөл”, “Академийн хэрэг”, “Лхүмбийн хэрэг”-үүдийг санагдуулахгүй байна гэж үү?
Дургүй нэгнээ “Жаран тэрбумын талынх” хэмээн чичилж болж байгаа нь хамт хонтоорлодог нөхрөө “Монгол-зөвлөлтийн найрамдалд харш юм ярьж байна” хэмээн мэдээлэл бичиж матдаг байсан үеэс юугаараа өөр байгаа юм бэ?
Бие биеэ “60 тэрбумын тал” болохыг уралдан илчилж байгааг нь хар даа. ХХ зууны гучаад онд, багш нь “сурах бичгийнхээ төддүгээр хуудсыг нээгээрэй. Наанаа байгаа хүний зургийг баллаж, нүдийг нь сохол. Энэ хүн ардын дайсан болжээ”...гээд хичээлээ цааш нь заадаг байсан үеийг санагдуулахгүй байна уу?
Социализмын үеийн “Лоохуузыг үзэн ядах цуглаан”-ы тэмдэглэл, шинээр “ардын дайсан” илрүүлсэн хувьсгалчдын цогтой үгс тэр цагийн сонин хэвлэлээр дүүрэн байгаа. Дотор нь гарч байгаа хүмүүсийн нэрийг солиод уншихад л өнөөдрийн шинэ мэдээтэй танилцах мэт болно, туршаад үзээрэй.
Буддын шашинтантай хүнийг хамгийн товчоор тодорхойлж өгөхийг Богд Зонховоос хүсэхэд “Үйлийн үрд итгэдэг хүн” хэмээн номлосон байдаг бөлгөө.
Хоёр. Үзээгүй л бол байдаггүй гэсэн үг
Нэг сонин үзэгдэл байгаа нь “нийгмийнхээ үзэл санаа ёс суртахууны доройтол”-ыг жигшингээ, нийгмээрээ ёс суртлаар доройтож байгаа явдал. Архины хорыг жигшин, жигшин архидахтай төстэй ч юмуу? Эндээс монголчууд үнэхээр ёс суртлаар доройтсон уу, эсвэл бусадтай л адилхан сайнтай муутай явснаа одоо л харж байна уу гэсэн асуулт гарч байна.
Монголчуудад өөрийгээ таних боломж үнэндээ гараагүй юм. “Хүний сайныг ханилж мэддэг” гэж ардын үгэнд байдаг нь хүний ёс суртахуун мөн чанар нь хамтын ажиллагаан дээр л харагддаг гэсэн санаа. Үнэн л дээ. Нүүдэлчид түр зуур л хамтраад(айлсаад) салж нүүсээр ирсэн тул бие биенээ таних бололцоо бараг гараагүй. Дараа нь хувьсгалын үед нэг хэсгийг нь ардын дайсан хэмээн нэрлэж, буудсан. Ард гэж хэн, дайсан гэж юу болохыг ч сайн ойлгоогүй. Үлдсэн сургамж нь яаж ийгээд дайсан болохгүй байх явдал. “Сайн хүн” болох ба “яаж ийгээд дайсан болчихолгүй хар толгойгоо бөөцийлж үлдэх” хоёр их ондоо шүү. Итгэл үнэмшлийнхээ хүчээр сайн байгаа хүн ба айсандаа сайн байгаа хүн хоёр ч тусдаа.
Дараа нь өөрсдийгээ “эрүүл чийрэг бие бялдартай, цэвэр ариун ёс суртахуунтай өвтэгш социалист хүн” хэмээн албан ёсоор нэрлэсэн. Харин ерээд оноос монгол хүн өөрөө өөртөө нэр өгөх эрх нээгдэнгүүт “хөх толботой хүний хайлан”-гийн домог гарав. Буруу ч юу байхав, өөрийгээ доош нь хийж суултай биш.
Иймээс “Өвтэгш хүн”, “хүний хайлан”-гийн үлгэрүүдэд дассан нэгэн үеийнхэн өнөөгийнхээ бодит байдалтай эвлэрч чадахгүй байгаа хэрэг. Тэрнээс биш монгол хүн муудсан явдал огт байхгүй. Муу хүмүүс зөндөөтэй гэдгээ л одоо харж байна. Бид өөрсдийгээ улам таньж байна.
Баяжиж хөлжсөн хэсэгтээ уур нь хүрээд байгаа нь ерөөсөө хөлжиж юмжихад дургүйгээс болоод байгаа юм огт биш. Монголчууд баяжих, ялангуяа зүгээр сууж байгаад баяжих бүр дуртай. Угаасаа ч түүхэндээ зүгээр сууж байгаад л үе үе юмжиж ирсэн түүхтэй юм. Харин өнөөдөр цөөхөн хэд нь л зүгээр сууж байгаад баяжиж, үлдсэнд нь тийм боломж олдохгүй байгаа нь урам хугалж байгаа ажгуу, нэг талаасаа.
Тэгэхээр нэгэнт өөрт олдохгүй байгаа боломжийг сөнөөмөөр, тэгэхдээ боломжийг завшиж чадсан хэсэгтэй нь хамт нураамаар байгаа хэрэг. Нэг ёсондоо шударга ёс нэхэж байгаа хэрэг л дээ, буруу ч гэхийн аргагүй.
Нөгөө талаасаа шударгаар, хөдөлмөрлөж баяжсан хэсэгтээ ч бид их дургүй. Баяжсанд нь дургүй байгаа юм биш, хаашдаа л бусад шигээ хулгай хийсэн мөртлөө баригдахгүй байна гэж үзэн зэвүүцнэ. Тэр бүү хэл бусдынх нь идсэн уусан нь баригдчихсан байхад энэ муу золиг баригдахгүй байхдаа яадгийн гэж бүр дургүйцнэ. Тэрний тод жишээ нь улс төрч С.Баярцогт шүү дээ. Тэр хаанаас ч идээгүй байгаа нь нийтийн дургүйг хүргэсэн хэрэг. Баяжих нь ч яахав баяждаг л юм байгаа биз, бусад нь баригдаад байхад энэ ганцаараа баригдахгүй үлдэхдээ яадаг юм бэ гэж зэвүүцээд, Оюу толгойн гэрээ зурахад Сангийн сайд байсан, тэндээс л идсэн гэхэд ардууд эргэлзэхгүй үнэмшээд байгаа хэрэг. Хөдөлмөрлөөд шударгаар их мөнгө олж болно гэдэгт манайхан үнэмшиж өгдөггүй. Ядаж нэг томоохон обьект луйвардаад ч болов авчихсан бол нийгэм түүнийг өршөөх байлаа. Нөгөө талаар, идсэн уусан хэсэг нь “Энэ муу цагаан хэрээ, биднээс өөрөөр баяжаад байхдаа яадаг юм бэ” гэж зэвүүцээд, ингээд шөргөн галд орцон амьтан. Бараг л “бушуухан шиг нэг идсэн уусан хэрэг олж хүлээгээд нэрээ цэвэрлэж ав” гэж зөвлөмөөр...
Ер нь бол хөдөлмөрлөж, бизнесийн арга ухаанаар баяжих нь бидний хувьд цоо шинэ бөгөөд ойлгомжгүй зүйл. Шударгаар баяжих, хөдөлмөрөөрөө хөлжих гэдэг бол бидний түүхэндээ үзээгүй юмны нэг байв. Худлаа л гэх байхдаа. Үнэндээ олон малтай байх ба их хөрөнгөтэй байх хоёр тусдаа. Хөдөлмөрлөсөөр байгаад баяжих ба өгөөмөр зун, өнтэй өвөл болж, чоно нохой тайван байсны ачаар мал нь өсөх хоёр бүр ч тусдаа. Бид олз омогтой явж л үзснээс орлого ашигтайгаар хөдөлмөрлөх туршлагагүй. Хувь тавилан ийм байсан, бидний буруу биш.
Монгол үндэстний орлогын түүхэн жагсаалт: Чингис хааны дайны олз, Манжийн хааны пүнлүү шагнал, Зөвлөлтийн тусламж...хандивлагчдын өглөг... одоо бол авилга, тендер...гэсгээд болчихож байна. Үзээгүй юмаа байхгүй гэж боддог нь хүний араншингийн нэг бололтой.
Гурав. Хямралыг хямралаар
Монгол орон ардчиллын замаар ороод гучаад жил боллоо. Та “ардчилал ингээд дуусч байна” гэх болов уу гэж бодсон байх. Үгүй ээ, ардчилал одоо л эхлэх гэж байгаа. Үнэн хэрэгтээ, гучаад жилийн тэртээ үүдийг нь хаасан социализм одоо л дуусч байна. Социализмын үлдээсэн хүчирхэг төрийн уламжлал одоо л амьсгаа хурааж, ганц гудамж өөрөө мэдээд тохижуулах тэнхэлгүй болон гулдайж байна.
Социализмын айдас, сахилга дээр бүрэлдсэн төрийн албаны ёс суртал одоо л мөхөж дуусаад ямар ч сурталгүйгээр авилга нэхэж алга тоссон түшмэд үлдэж.Социалист дэглэм бол юугаар ч цагаатгашгүй хүчирхийлэлийн тогтоц байсан боловч хээр талаар нүүдэллэж явсан малчин ардуудыг орчин үеийн маягтай төр, төрийн албан хаагч, төрийн албаны сахилга журам бүхий болгож орхисон. Энэ бүхэн одоо л арилж дуусч байна, харамсах юм алга. Социализмын бүтээж өвлүүлсэн улс төрийн нам, түүний үлгэр загварууд одоо л элж гүйцэж байна. Нэг үгээр бол, манай ардчилсан хувьсгалын анхан шатны “социализмыг нураах” зорилго амжилттай биелсэн байна. Харамсалтай нь социализм арилахдаа өөрийн үлдээсэн төрийн тогтоц, төрийн албаны уламжлалаа аваад арилдаг эд байж. Өнөө муу санаа арилдаггүй, зөвхөн эзэнтэйгээ хамт үхдэг гэдэг шиг.
Үнэн худал нь хамаагүй, үзэл санааны нийтлэгтэй болгосон нь нүүдэлчдэд том дэвшил байсан юмсан. Социализм авгай тэрийгээ ч аваад төрхөмдөө буцах нь тэр. Өнөөдөр бидний сэтгэл санаанд нийцэх зүйлс бараг үгүй болсон. Энэ нь нийтлэг үнэт зүйлс байхгүй болсны дохио бололтой. Энэ утгаараа ямар нэгэн юмсыг эсэргүүцэж байгаа, юуг ч хамаагүй буруушааж явдаг тэмцэгч л олон түмний таашаалыг хүлээж байна.
Харин учирлах, тайлбарлах аливаа оролдлого олон нийтийн дургүйг хүргэж, хурал номын газарт шашингүйн сурталчилгаа хийхтэй агаар нэг болоод замхарч байна. Нийгэм маань одоогийн тогтоцоо шударгатай нь, шударга бустай нь, сайнтай муутай, хүнийхтэй өөрийнхтэй нь хамт, системээр нь нураахыг хүсч байна. Нийгэм маань өөрийн улс төр, эдийн засгийн тогтоцоо, дээр нь өөрийгээ ч бас жигшиж байх шиг...
...Бид нэг юм үзэх нь ч үзэх бололтой. Дайн тулаан, бослого самууны тухай энд яриагүй. Харин хямралын тухай ярьж байна. Тулгарсан хямралыг эрүүлжүүлэх замаар засах санаачилга оролдлогыг нийгэм хүлээж авахгүй бололтой. Магадгүй, хямралыг засах зам нь хямрал өөрөө бололтой. Шийдвэрлэх хямрал л болох царайтай. Нэрт эдийн засагч Иосеф Шумпетер чухам үүнийг л “Бүтээлч сүйтгэл” гэж томьёолон дэвшлийн нэгэн эх сурвалж болгож харсан байж болох талтай. Шийдвэрлэх хямрал, бүтээлч сүйтгэл бидний бясаа үүрлэсэн, биднийх гэхээсээ илүү “бясаа гуайнх” гэмээр болсон байшинг шатаах бололтой, тэгж байж л бясаанаасаа салах юмдаг уу. Их хямрал, нижигнэнхэн хямартугай..гэх ч хаашаа, гэхгүй ч хаашаа.