Намуудын эмэгтэйчүүдээ дэмжих хүсэл зорилго хэр байгаагаас санал өгөхөө шийднэ
Ерөөсөө намууд сонгуулийн өмнө ямар бодлого гаргаж, баримт бичгээ хэрхэн боловсруулж байгаагаас нь шалтгаалж саналаа хаана өгөх вэ гэдгээ бид шийдэж болох юм. Хүйсийн тэгш байдлыг хангасан, эрх тэгш зөв сайхан нийгмийг цогцлоох хүсэл эрмэлзэлтэй нам бол нэр дэвшигчид, шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш харьцаагаа хангах эрмэлзэлтэй байгаа эсэхээсээ шууд харагдана.
УИХ-ын сонгуульдаа бэлдэгсэд энд тэндгүй хөеөгөө хураан гүйлдэх оготоно шиг хэсэг бултаараа уулзаж, намууд ч бэлтгэлээ базаасаар байна.
Намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар, холбогдох албан тушаалтнууд “Хуулинд заасан ёсоор нийт нэр дэвшигчдийн 20 хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ” гэж ихээхэн харж үзсэн янзтай байгаа ярилцлага өгч, мэдээлэл хийж байгаа харагдана. Уг нь 20-иос доошгүй хувь гэснийг хамгийн доод хувь дээрээ бариулахаа манай эрэгтэй удирдлагатай намынхан хаанаас эс мартах вэ дээ. Ер нь манайх энэ чиглэлдээ хууль тогтоомж баталдаг ч нөгөө талдаа хариуцлагын тогтолцоогоо албажуулж өгдөггүйгээс болоод жендэртэй холбоотой асуудал хангалттай үр дүн дагуулахгүй явж ирлээ гээд дүгнэчихэд болно.
НҮБ-ын гишүүн орныхоо хувьд Монгол Улс Мянганы хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг 2008 онд УИХ-аар баталж байлаа. Дэлхийн өмнө хүлээсэн үүргээрээ бол 2015 он гэхэд Монгол Улс шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь хүргэх ёстой байв. Нэр дэвшигчид биш шүү дээ, нэр дэвшээд сонгогдоод гараад ирсэн хүмүүсийн хувь хэмжээ нь ийм байх ёстой байв. 2009-2011 оны үед бас энийгээ үе, үе ярьж санаа зовж байгаа царайлдаг байсаан. Гэхдээ 2011 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хуулийг батлахдаа нам, намын эрчүүд нь увайгүйгээр хуйвалдаж, нэг нэгнийхээ ширээ рүү бага ангийн сурагчид чихэр хувааж идэж байгаа мэт гүйлдэж байгаад эмэгтэйчүүдийн квоттой холбоотой зүйл заалт хуулинаас унаж байлаа. Өмнө нь айхгүй ч гэсэн аягүй гэдгээр хандаж байсан энэ асуудал тэр цагаас хойш цайрсан гэж болно. 2012 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн боломжийг хааснаар 2015 онд хэрэгжилтээ дүгнэх Мянганы хөгжлийн бодлогын хүрээн дэх даалгавар биелэгдэхгүй нь тодорхой болсон юм. Уг нь энэ бодлогын хүрээнд олон асуудлаа аштайхан шийдээд явж байсан л даа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр “Бараг тэрхүү даалгавруудаас эмэгтэйчүүдийн квот, боловсон жорлонгийн асуудлыг шийдэх даалгавар л биелэгдээгүй” үлдсэн байдаг.
Хуулинаас квотын заалтыг авсан ч намууд дотооддоо шийдээд явах боломжтой гэж “мэргэн” санаа гаргаад явж байсан нь намууд нэг нэгээсээ давах гэсэн үедээ 25-30 хувьдаа эмэгтэй нэр дэвшигчдийг дэвшүүлэхэд хүргэж байсныг 2012, 2016 оны сонгууль баталдаг. Харин одоо хуулинд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь гэсэн заалт орсныг мухар 20 хувь дээр барих сонирхол одоогийн намын удирдлагуудаас тод харагдаж байна. Эмэгтэйчүүдийн тоог нэмж яах гээд байгаа юм гэдэг хүмүүст жендэр судлаачдийн “Та нар эсрэгээр нь тавиад үз дээ. Одоо байгаа эрэгтэй гишүүдийнхээ оронд эмэгтэйчүүдийг тавиад, эмэгтэй гишүүдийн тоогоор эрчүүдийг ажиллана гээд бодоод үз. Танд буухгүй байгаатай адил аль нэг хүйсний хүмүүс хүч тэнцвэргүй шийдвэр гаргаж болохгүй ээ” гэдэг үгийг хэлмээр байна.
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Эмэгтэйчүүдээ зоригтой дэмжих намуудын бодлого чухал байна” гэсэн байна лээ. Үнэн шүү дээ. Одоо цэвэр намуудын бодлого хүйсийн тэнцвэрт байдлыг хангасан УИХ-ыг байгуулж чадна. Намууд доод хэмжээ болох 20 хувийн квотод баригдалгүй хүмүүсээ нэр дэвшүүлж бас дотоод өрсөлдөөндөө эмэгтэйчүүдээ дэмжихээс эхэлнэ.
Харин сонгогчид бид аль нам нь ирээдүйнхээ төлөө тэнцвэрт төрийг байгуулах шийдвэр гаргаж чадна тэрэнд нь саналаа өгч асуудлыг шийдэж болох юм.
Ер нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага байхгүйтэй холбоотой гажуудлууд ихээр гарч байна. 2011 онд баталсан уг хуулиар шийдвэр гаргах түвшинд ялангуяа төрийн албаны шат шатны байгууллагад аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгай байхаас сэргийлж, тусгай арга хэмжээг квот тогтоох байдлаар хуульчилсан байдаг. Манайд төрийн албанд ажиллагсадын 60-аас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч шийдвэр гаргах түвшинд хуульд заасан 30 хувьд ч хүрэхгүй байгааг Т.Энхбаяр дарга ярилцлагадаа дурдсан байна лээ.
Хуулийг хэрэгжүүлэхгүй бол яах ньтодорхойгүй тогтолцоо өнөөдрийн гажуудлыг үүсгэж байна. Бас яам, тамгын газар бүрт нэг хүн жендэрийн мэргэжилтний үүргийг давхар хариуцаж байхаар болгож тодорхой хувиар цалинжуулж ажиллуулах болсон байдаг. Дэлхийн улс орнуудад ч ийм сайн жишиг байхгүй гэж гадны жендэрийн шинжээчид магтаж байсан цаг сайхан. Гэхдээ бас л гажуудал үүссэнээс энэ чиглэлдээ ажиллаж байгаа хүмүүс цөөхөн болжээ. Зүй нь уг ажилтан энэ хуулийн хэрэгжилт хэр байгааг дүгнэж, тайлан гаргаж хүргүүлэх ёстой. Гэтэл нэг яамны мэргэжилтэн, эсвэл аймгийн тамгын газрын ажилтан даргыгаа Жендэрийн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа, ихэнх албан тушаал дээрээ эрчүүдийг буюу нэг хүйсний хүмүүсээр багаа бүрдүүлчихээд байгааг шүүмжлэх боломжгүй болчихоод байгаа юм. Дээрээс нь давхар ажил хийж байгаа жендэрийн мэргэжилтэнд олгох хувь тооцсон нэмэгдэл нь нөгөө талд Засгийн газрын тогтоолыг зөрчөөд байна гээд ажилласан цалинг нь өгөхгүй ч газар байна. Өөрөөр хэлбэл, тухайн даргын жендэрийн суурь ойлголт, жендэрийн мэдрэмж үүнд шууд нөлөөлдөг. Тэгэхээр нэгэнт хариуцлагын тогтолцооны асуудал бүрэн шийдэгдээгүй байхад бид асуудлыг яаж шийдэх вэ.
Ерөөсөө намууд сонгуулийн өмнө ямар бодлого гаргаж, баримт бичгээ хэрхэн боловсруулж байгаагаас нь шалтгаалж саналаа хаана өгөх вэ гэдгээ бид шийдэж болох юм. Хүйсийн тэгш байдлыг хангасан, эрх тэгш зөв сайхан нийгмийг цогцлоох хүсэл эрмэлзэлтэй нам бол нэр дэвшигчид, шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш харьцаагаа хангах эрмэлзэлтэй байгаа эсэхээсээ шууд харагдана. Одоо аль нэг намын худал амлалт, хөнгөн хийсвэр сурталчилгаанд итгэж саналаа өгөх хүмүүс бага болж байгаа. Харин хэн бодитоор сайн засаглалыг тогтоох эрмэлзэл, хөтөлбөртэй байгааг нь харна. Тэгвэл эмэгтэйчүүдээ дэмжих намуудын бодлого, хүсэл зорилго хэр байгааг харцгаая.