-9 дүгээр  сарын үзэгдлүүд хэмээх фельетон-

Нэгдүгээр үзэгдэл

Зурхайч лам шоо хаяж дуусаад
-Доржзодов уншуул
-...Арай, өөр нэртэй ном байж болох уу?
- Тэгвэл, Сандуйн жүд
-Ээ. Сандуйгүй Жүд гэж байна уу
-Байхгүй...
-Бас л нэр нь жаахан тиймхэн юмаа...
-Тэгүүл Чойжоо тахиул
-За за больё. Ганц тарни уншуулчихаад явъя.
-...Чойжоо чавсучоо, гэндүнлаа чавсучоо


Хоёрдугаар үзэгдэл

Хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн болж байна. Ерөнхий сайд дээр зөвлөх нь баяртай орж ирэв
-Гадаадын хөрөнгө оруулагчид эргээд ирсэн байна
-Баяртай мэдээ байна шүү
-Харин тиимээ. “Баяртай” гээд л гар бариад байна.


Гуравдугаар үзэгдэл

Архидан согтуурагчдийг өлгийдэж эрүүлжүүлэх шинэ хууль хэрэгжиж эхлэв.

***

- Шинэ согтуу ирлээ, өлгийдээрэй
- Яана аа,  үнэр танар нь болохоо байлаа...хуурайлаарай
-Энэ нэг орк чинь горшоонкон дээр суухгүй, заавал “тосуулна” гэнэ ээ
-ХХL памферс дууслаа шүү.

***

-Илтгэхийг зөвшөөнө үү. Тэр нэг өлгийтэй согтуу юм орилоод болдоггүй
-Угжийг нь өгөөч
-Угжны архи дуусчихлаа...
(Цаанаас)
-Муусайн...пий...нууд...хүний эрхээ дээдлэнэ шүү...мөөм, мөөмөө идье ээ.  Бушуулаач, Пий...
-Ямар мөөмөө өгнө өө дарга аа
- Соосог алга уу
-Эрзээн хөхөж жижигрэхгүй шүү...эко мээм хөхнө гэж зөрүүдлээд
- Чи л аргалж үз...
-Би чинь эрэгтэй хүн шүү дээ, мээм гэхээр юм надад байхгүй
-Хөхүүлчихмээр юм  биенээсээ олоод хөхүүл, за! Тушаал гүйцэтгэ...
-Мэдлээ гүйцэтгэе.... эй ёо ёо...хазаад байхдаа яадаг хүүр вэ?


Дөрөвдүгээр үзэгдэл

Хүүхэд уйлагнаж хаалга нүднэ
-...Хаалгаа тайл. Эрүүл мэндийн Яамнаас явж байна...
-Хаанаас гэнэ ээ.
-Цогцэцэг сайд явууллаа.
(далдаас)
-Ямар цэцэг гэнэ ээ...чи намайг барагтайхан дарлаарай...даанч оройтож ирээд байдаг болчихсиймаа...(тарр...няррр...)
-Үгүй ээ, би ямар ч Цогцэцэг танихгүй...
-Тэгвэл Цогцэцэг сайд чамайг танина, Танайхыг шалга гээд явууллаа.
--...Унтаж байна ш дээ, манайх.
-Одоо бол сэрсэн байна...Гол нь чамтай биш авгайтай чинь уулзана
-Айн...
-Авгайн чинь мээмийг үзнэ...
-?
-Май энийг унш
-... “...овогтой...  нь Улсын мээмний байцаагч тул үнэмлэх олгов. Монгол улсын эмэгтэй иргэний мээмийг хүссэн үедээ үзэх эрхтэй болно. Эрүүл мэндийн сайд бөгөөд Монгол улсын Мөөмний ерөнхий байцаагч Цогцэцэг, үнэн”...Ой май Гад!
(Хөндлөнгөөс)
-Эй Чойжин сахиус минь
-Чойжоо сайд биш ээ, Цогцэцэг сайд гээд байхад... Би бол Эрүүл мэндийн яамны, мээм хариуцсан улсын байцаагч.  Чи эхнэрийнхнээ толгойг мэддэг л юм байгаа биз, мээмийг нь бол төр мэднэ, за юу? 
(Хөндлөнгөөс)
- Хүүхээ, залуу улсыг айлгаж ичээж яахав, өмнөөс нь эмээгийнхээ мээмийг үзчих...арван хүүхэд өсгөсөн буянтай ч мээм...
-Тэр дэмий,  таны мээм хугацаа дууссан. Сайдын батлуулсан хууль, биечлэн өгсөн заавраар бол залуу эмэгтэйчүүдийн ашиглалтад байгаа мээмийг л үзэх ёстой
-Та одоо, нялх биетэй хүнийг ингэж айлгаж ичээж болохгүй...
-Тэр тусмаа үзнэ...танай эхнэрийг хүүхдийн нэмэгдэл тэжээл худалдаж авсан гэх мэдээлэл ирсэн. Мээмэндээ сүүтэй атлаа, хүүхдийн тэжээл авч байвал шийтгэх хуулийг манай сайд санаачилж батлуулсан...Монгол хүүхэд зөвхөн ээжийнхээ мээмийг л хөхөж  монголоороо өсөх ёстой. 
-Хүүхдийн тэжээл чинь уул  нь эхийн сүүтэй адилхан л гэж үздэг биз дээ
-Хүүхдийн тэжээл чинь хятад эхнэрийн мээмний сүүтэй байдаг болсон. Тэрийг уусан хүүхэд шууд л хятадаар хэлд орсон тохиолдол бүртгэгдсэн байгаа...
-Нээстле гэдэг фирм чинь уул нь Швейцарынх...
-Тэгээд яачаав? Швейцарийн  хятад эхнэрийн мээмнийх л байхгүй юу?
(Хөндлөнгөөс)
-Пээ. Дээр үед молоког орос эхнэрийн мээмний сүү гэдэгсэн
-Яг оросынх ч биш, оросын хужаагийн мээмний сүү байсан юм. Ер нь хаанахынх ч байсан тэндхийн хужаагийн мээмний сүү. Иймээс хүүхэддээ  нэмэгдэл тэжээл өгсөн этгээдийг шийтгэнэ. 
-Эй бурхан минь...яаж шийтгэх юм бол?
-Мээмийг нь гаргаад анги хэсүүлэхээс эхлээд олон шийтгэл байгаа...Хүүхдээ хөхүүлдэг болтол нь мээмний байцаагчтай хамт байлгах гээд ...л явна.
-Манай авгай угаасаа сүү муутай... нээрээ шүү
-Тэрийг шалгаад мэдчихнэ ээ... За тэр яахав, ажилдаа орьё. Цаана чинь олон мээм намайг хүлээж байгаа...Танай өөдөөс харсан айлын охиныхоос эхлээд...
-Уучлаарай...манай айлын охин чинь хүүхэд гаргаагүй...
-Хэзээ нэгэн цагт хүүхэд гаргадаг юм байгаа биз дээ?...Манай Яам “Хүүхэд гаргахын өмнөх мээм” хөтөлбөр бас хэрэгжүүлж байгаа...За авгайгаа аваад ир
- Хүүе ээ. Та  чинь  яаж байна аа... гараараа барьж шалгах юм уу
-Өөр яахын. Далдыг хардаггүйгээс хойш барьж л таарна...
-Яана аа... таны гар арай өөр газар руу яваад байгаа юм биш үү?
-Ивэлгэж байна аа. Үнээг хүртэл сүүг нь гаргахын тулд ивэлгэдэг биз дээ.  Эмэгтэй хүний ивлэдэг цэг нь эндээ байдаг юм.
-Эй базарваань ...манай авгайг хөхөөд эхэллээ...
-Хөхөж шалгахаас өөр яахын. Яамнаас саалтуур тавьж өгөөгүй...Эдийн засгийн хямрал...мэднэ ээ?!
(Хөндлөнгөөс)
-Одооны хүүхдүүд ингэж хөхдөг болсон юм байх даа. Үнсээд л байх шиг харагдах юм.
(зохиогч)
-Нүд хальтраад байна. Хөшгөө хаая... 

ХӨШИГ