Намуудын дампуурал
Одоогоос 150 орчим жилийн өмнө анх Англид улс төрийн нам буй болжээ. Нэгэнт төрийн дээд институци болох хууль тогтоох гүйцэтгэх эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг ард түмний үзэмжээр, тэдний чөлөөт сонголтоор буй болгодог болсон болохоор сонгуулийн ажлыг зохион байгуулах олон нийтийн байгууллага хэрэгтэй болсон байна. Тэр нь улс төрийн нам юм.
Одоогоос 150 орчим жилийн өмнө анх Англид улс төрийн нам буй болжээ. Нэгэнт төрийн дээд институци болох хууль тогтоох гүйцэтгэх эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг ард түмний үзэмжээр, тэдний чөлөөт сонголтоор буй болгодог болсон болохоор сонгуулийн ажлыг зохион байгуулах олон нийтийн байгууллага хэрэгтэй болсон байна. Тэр нь улс төрийн нам юм.
Улс төрийн намыг нэн чухалчилж үздэг байсан хүний нэг нь Маркс. Тэрээр үндэстэн дамнасан нэг ангийн нам байгуулахыг санаархаж байв. Энэ нь анхдугаар интернациональ. Ард түмний чөлөөт сонгуулийг зохион байгуулах ёстой төрийн бус байгууллагыг төржүүлж, сахилгажуулж төрийг булаан авах хэрэгслэл болгосон анхны пионерүүд нь Италийн фашист Муссолини, Оросын большевик Ленин нар билээ. Бусад улс төрийн бүлэглэлийг зөвшөөрдөггүй, улс орны дотор бол нийгмийн бүх эд эсэд нэвчсэн, төрийг гартаа тас барин нийгмийг дарангуйлж байх бүлэглэл буй болгох санаачлага эднийх, үүнээ ч гүйцэлдүүлж чадсан. Ленин бүр цаашилж намын дотор ч элдэв фракц бүлэглэл байхыг хориглосон бүтэц зохиосон билээ. Улс төрийн намын энэ бүтцийг улам хөгжүүлэн төгөлдөржүүлсэн хүмүүс нь Германы нацист Гитлер, Хятадын коммунист Мао нар билээ. Дарангуйллын системтэй болоод ирэхийн цагт мөнөөх ард түмний сонгуулийг зохион байгуулах үндсэн утгаа алдаж, нийт ард түмнийг хамарсан дарангуйллын багаж зэвсэг болон хувирчээ. Эд бүгдээрээ “нам бол масс” гэж үздэг, гэхдээ нөгөө масс нь хуарангийн сахилга баттай, бусад өөр ямар ч үзэл бодлыг үл тэвчдэг, дарангуйлагч төрийн сахилгажуулагч бороохой байлаа.
Улс орноо гадаадын булаан эзлэгчдэс чөлөөлөх хэд хэдэн бүлэг Монголд 1920 онд буй болжээ. “Нам нэгдэж, сэм хуйвалдана” гэсэн үгнээс анх монгол хэлэнд “нам” гэдэг үг буй болжээ. Харин эдгээр бүлгүүд нийлж салсаар эцэст нь 1924 он гэхэд Лениний намын бүтэц зохион байгуулалтыг олсон байна. 1928 он гэхэд бүтэц, зохион байгуулалт, нийгмийн үүрэг, сахилга бат зэрэг бүхий л үзүүлэлтээр мөнөөх л Муссолини, Ленин, Гитлерийн намтай нэг стандартынх болж чаджээ. Ийм намын бүлэглэл нь улс орныг жолоодох үүргийг хэний ч зөвшөөрөлгүйгээр өөртөө авдаг. Тэгэхээр сонгууль ч гэж юу байхав, тийм үүргийг гүйцэтгэх шаардлага ч юу байхав!
1990 оноос МАХН нийгмийг жолоодох үүргээсээ чөлөөлөгдсөнөөр орчин үеийн иргэнжсэн ойлголтоор улс төрийн нам болж хувирлаа. Зэрэгцээд МоАН, МСДН, МҮДН байгуулагджээ. Нийгэм нээлттэй боллоо, гэвч ийм нийгэмд тохирсон улс төрийн нам гэж юүв, ямар зохион байгуулалттай, үүрэг зорилготой, гадагшаа ба дотогшоо ямар механизмаар хөдөлдөг зэрэг талаар хаалттай нийгмийн гишүүдийн хэнд нь ч ойлголт байсангүй. Ганц авч болох үлгэр нь МАХН-ын туршлага. Ингээд шинэ буй болсон бүх намууд гишүүнчлэлээ өргөжүүлэх дайн хийжээ. Тэр үеийн статистикт болон өөрсдийн суртчилгаанд нь үнэмших юм бол насанд хүрсэн хүн амынхаа тоотойгоо тэнцүү буюу илүү хүмүүс намд харъяалагдах болов. Хүмүүс илүүтэй прагматик байдаг тул маш олон нь бүх намуудад зэрэг элсэж байлаа. Намын удирдлагууд сургуулиар яван хүүхдүүдийг ч энэ тоглоомдоо нэгтгэж байв. Явцын дунд Монголд улс төрийн намын утга учир бүрнээ үгүй болох нь тэр. Иймэрхүү жишээ шилжилтийн олон оронд зэрэг давхцаж байсан юм.
Мөнөөх Ленин, Гитлерийн жишээгээр намыг дахин нийгмийг жолоодогч бүлэглэл болгох гэж оролдсон хүн нь Н.Энхбаяр. Тэрээр 1997-2005 онд МАХН-ыг толгойлж байхдаа Монголын ард түмэн дотроос шилмэл үүлдрийн омог буй болгохоор зорьжээ. Ницшетэй хагас дутуу танилцсан бололтой. Хяналтгүй эрх мэдэл, нийгмийн гадуурхал, хүчний байгууллага, сүрдүүлэг, ард түмний мөнгө өмч хөрөнгө, эрүүл ухаанаас нэлээд алсуур суртал нэвтрүүлэг зэрэг ашиглаж болох болгоныг хэргэлснээр тэрээр маш их амжилт олов. Намаа ленинжүүлж, маожуулж чадаад байгаа юм шиг харагдав. Гэвч хуурамч амжилт. Өөрийгөө тахин шүтүүлэх гэсэн нэг бус тэнэглэл нь нээлттэй нийгэмд явцыг олсонгүй. Чингис хааны хүргэн гэдэгт нь ч хүмүүс төдий л үнэмшсэнгүй.
Монгол дахь улс төрийн намууд эхнээсээ нээлттэй нийгэмд үл таарах бүтэц зохион байгуулалттайгаар буй болсон тул улам явуургүй болон бүгд дампуурлаа. Барууун, зүүн, төвийн, фракцтай, фракцгүй, үндэсний, нэг компанийн, ах дүүгийн, гэрээслэлийн, хонзогнолын, баячуудын, борчуудын гээд байж болох төрөл зүйл нэр хаягтай байсан авч хэн нь ч зөв механизмтай нам байгуулж чадсангүй. Натураль үр дүн нь нам нэртэй бүлэглэл өнгөн дээрээ байгаа юм шиг харагдавч дотор бүрээ эрх ашгийн бүлэглэлүүд болон хуваагдсан ба тэр нь өөр юутай ч нийлэн мутант болон цааш үргэлжилдэг механизмтай аж. Ард түмний сонгууль дээр өөрийн нэр дэвшигчийг унагах, бүлэглэлүүд биенээ худалдаж авах, худалдагдах, наймаацах нь өнөөгийн Монголын аль ч улс төрийн намын үндсэн ажил. Энэ бүхэн зөвхөн мөнгөн дээр тогтох ба зөвхөн мөнгөөр хэмжигдэнэ.
МАХН-д нэгдвэл ажил хийлгүйгээр амьдарч болно гэсэн ойлголтыг Энхбаяр нийгэмд өгсөн учир олон залуучууд тийш хошууран зарим нь үнэхээр тийм байдгий үр шимийг харуулсан амьд зурагт хуудас болон гольф тоглон найрааны начин царайлаад хэхрүүлж явна. Ингэж болдог сайн зам байна гэж залуу үедээ ойлгуулсан нь нийгмийг моралийн хувьд улам ялзруулж байгаа билээ. Өдгөө Алтан гадас нам руу ч залуучууд тэмүүлээд уналаа. Ажил хөдөлмөр хийхээс өөрөөр бас сайхан амьдарч болдгийг зааж өгдөг “Миний их сургууль” тэнд бий.
Үхсэн хүнийг эмчилж болдоггүй. Өөрийн үүргээ гүйцэтгээд нэгэнт үгүй болсон өнөөгийн улс төрийн намуудыг эмчлэх бололцоо үгүй л болов уу. Учир нь бүтэц зохион байгуулалт, хөдлөх механизм нь нээлттэй ардчилсан нийгэмд яав ч зохицохгүй гэдгээ амьдрал практикт нэгэнт харуулсан. Улс төрийн шинэ хуваарлалт, түүнээ дагасан шинэ бүтэц механизм хэрэгтэй. 150 жил нээлттэй нийгмүүдэд хэрэглэж ирсэн, зам зууртаа хичнээн олон шалгарал даван улам төгөлдөржсөн, иргэншсэн, олон улсын тэр л механизмыг “шинэ” гээд байна л даа. Үнэхээр Монголын нээлттэй ардчилсан нийгэмд шинэчлэл хэрэгтэй болжээ. Энэ нь улс төрийн намын тогтоцоос л эхлэхээс өөр аргагүй.