Өлзийнарангийн өгсүүр зам
Тэр өөдөө л яваад байна. Тэнгэрлэг эр юм аа. Түүнтэй хамт МОНГОЛ ТУУРГАТАН өгсөж байна. Даши Намдаков нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан буриадын хөвүүний хөөмөл болон бусад уран бүтээлийн чансааг нь хөөж гүйцэх гэж зураач, барималчид уралдаж байгаа аж.
Тэр өөдөө л яваад байна. Тэнгэрлэг эр юм аа. Түүнтэй хамт МОНГОЛ ТУУРГАТАН өгсөж байна. Даши Намдаков нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан буриадын хөвүүний хөөмөл болон бусад уран бүтээлийн чансааг нь хөөж гүйцэх гэж зураач, барималчид уралдаж байгаа аж. Энэ уралдаан дэлхийн үзэгдэл болж байгааг олон хэвлэл онцолсон.Оросын зах нутаг дахь буриад зоны нэгэн өнөр бүлд мэндэлсэн түүний бүтэн нэрийг намтарт нь Дашинима гэсэн байна. Оросоор “Удачливое солнце” гэжээ. Угтаа биднийхээр Дашням аж. Өлзийнаран гэсэн нэр л дээ. Бага балчирт нь нэгэнтээ их өвчин ороожээ. Бээжингийн Олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа тэр тухайгаа ярьсан байдаг. Тухайлбал “Би хүүхэд байхдаа маш хүнд өвдсөн. Намайг бөө эмчилсэн. Надад нэг хүн хэлж байсан юм. Энэ бол чиний бүтээл биш гэж. Чи бол зүгээр дамжуулагч. Олон зуун жилийн турш өвөг дээдэс маань маш их мэдээлэл цуглуулсан. Тэр нь чамаар дамжиж илэрхийлэгдэж байгаа юм гэж. Энэ бол генетикийн мэдээлэл гэх юм уу даа. Би бол антен, мэдээлэл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг юм уу даа. Энэ бол үнэн хэрэг дээрээ өвөг дээдсээс минь уламжлагдсан маш эртний улбаа юм. Бид чинь зөвхөн өнөөдөр л бий болчихоогүй шүү дээ. Хүн ер нь гарал үүсэл, үндэснээсээ тасарч, салах ёсгүй. Түүгээрээ тэжээгдэж явдаг юм “ гэжээ. Бас ч гэж балчиртаа барцдаа хэлтэлсэн болоод тэр үү, онгод хийморь нь босоо явна гэхэд болно. Тиймдээ Бээжинд толилуулсан хоёр дахь үзэсгэлэнгээ “Буриадын онгод” гэж нэрлээ болов уу. Хятадын нийслэлд дэлгэсэн эхний үзэсгэлэн нь “Нүүдэлчин” нэртэй байжээ. Тэр өөрөө нүүдэлчний удамтан. С.Бодровын “Монгол” киноны зураачаар ажилласан гэдгээр нь манай уншигчид мэдэх болсон. Мөн Англид “Хайд” паркид нь 2012 оны хоёрдугаар сарын 14-нд Чингис хаан бүтээлээ тавьснаар дэлхийн анхаарлыг татсан. Морьтон Монгол бид түүнд нь ихэд талархан бахдаж байв. Одоо тэрбээр та бидэнд бүтээлээрээ бүр ойр болж байна. Учир нь удахгүй мөнөөх алдарт “ Чингис хаан” нь Монгол нутгийн их талын дайдад оригоороо заларна. Тэр зүгт хөврөх зочдын цуваа тасрахгүй цаг айсуй байна. Өлзийнаран маань өргөн дэлхийд өнөр нөхөдтэй уран бүтээлч юм билээ. “Шүлгүүд” бүтээл нь В.В.Путинд буй. М.Ш.Шаймиев “Морьтон” бүтээлийг нь дээдлэн хадгалж харж, бусдад үзүүлэн гайхуулж яваа. Ю.М.Лужковт “Үдэш”,Р.А.Абрамовичид “ Эртний тулаан” хэмээх урлалууд нь байгаа. Түүнчлэн Шинэ Оросын элитүүдэд олон бүтээл нь байгаа. Зөвхөн Орост ч бус Герман,Франц,Бельги,Швейцарь,Финлянд, Япон, Тайван, Америкт түүний бүтээсэн олон туурвил бий. Бүгд л захиалга заллагаар бүтээсэн. Тухайн газар бүртээ өнгө нэмж , өнө эртний өндөр соёлын нууц улбааг илтгэнэ. Нууцлаг ертөнцийн төлөөлөл юм шиг санагдуулдаг түүний бүтээл бүрт Эсгий туургатны гүн ухаан бас нэвт шингэсэн байх нь элбэг. Бүтээлийг нь олон газраас үзэж болно. Нью-Йоркид “Түвд хаус” нь алдартай. Хятадын Гуанжоу хотын урлагийн музейд хүртэл бүтээл нь буй. Энэ ч чанараараа дэлхийн баян уран бүтээлчдийн нэг. Бас их гар, нөлөө бүхий хүмүүстэй нөхөрлөнө. Сергей Шойгутай ойр гэдэг. Герхард Шредертэй дотно. Кантри хөгжмийн од Вилли Нельсон, жүжигчин Ума Турман нартай үй зайгүй гэх. Олон ургальч үзлийн эзэн гэмээр хандан янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй үг хэлээ ололцдог нь бас шаггүй дипломатч маягийн гэлтэй. Уран бүтээлээс нь олныг харж уншиж, тэр бүхэндээ автан яалтгүй шүтэн бишрэгч нь болчихдог гэж нэг биш хүн хэлжээ. 2011 онд "Бяцхан Будда" бүтээлээрээ Буриадын Төрийн шагнал хүртсэн байдаг. Арслангийн нуруун дээр амгалан хэвтээ хүү, өнхөрч унах гэсэн бөмбөрцгийг хөлөөрөө тогтоон буй арслан... ийм л төрх эхлээд харагдана. Арслан монголчуудын хувьд дөрвөн хүчтний тоонд ордог. Түүгээр энэ дэлхийг аюулаас аврагчийг төлөөлүүлжээ. Нуруун дээр тайван унтаа хүү бол ирээдүй юм. Ирээдүйдээ бид амар амгалан цэнхэр гаригаа өвлүүлэх ёстой. Энэ ухаан Дорноос түгэн Өрнийг гийгүүлэхийг “монгол хэлээрээ” өгүүлжээ гэмээрээ. Өлзийнарангийн маань өгүүлэмж ийм агуу ажгуу. Түүний энэ бүтээл нь Улаан-Үдэд "Хамбын хүрээ" хийдийн өмнө байрладаг. Чита мужийн Укурик тосгонд төрсөн тэрбээр 2004 оноос Москвад аж төрж байв. 2014 он гэхэд Лондонд ажиллаж амьдарсан байна. Италид оршин суусан. Ер нь дэлхий түүний орон гэр гэхэд болно. Дэлхийтэй хамт дэгжиж, хөгжиж, хөлжиж яваа ийм монгол угсаатнаараа та бид бахархахгүй яах билээ. Дашинима Бальжанович Намдаков ,”Удачливое солнце” хэмээгдэх Өлзийнаран үнэхээр өөдөө заяатай өргөн сэтгэгч монгол буюу. Түүнтэй хамт Монгол туургатан өгсөж байна.
Б.Цогзаяабаатар
Монгол домог зүйн импрессионизмыг бүтээгч
Зуны өдөр тал нутагт усан зэрэглээ гүйж бөмбөгөр цагаан гэрүүд ёотон мэт уусан сарниж, адуу мал урт нарийн амьтан болон жирвэлздэг. Яг л уран зөгнөлт зурагтай адилхан. Тийм л нэг үзэгдлийг уран зураг, хөөмөл баримал, уран зохиолд дүрслэн үзүүлэх буюу тод өнгөөр зурахыг импрессионизм гэх буюу.
Импрессионизм нь 19-р зууны эцэс 20-р зууны эхэнд үүссэн урлагийн шинэ урсгал юм. Гадаад ертөнцийн буюу, уран зөгнөлт, сэтгэмжийн нийлэгжилт байдлыг уран бүтээлийнхээ хөгжил хөдөлгөөнд нь, агшин зуурын сэтгэл хөдлөл, урьдчилан бодолгүйгээр тусган харуулдгаараа энэ урсгал нэлээдгүй онцлогтой. Цэвэр өнгөнд нарийн төвөгтэй өнгийн задаргааг ч чөлөөтэй оруулж, өнгө сүүдэр зэргийг хослуулан чөлөөтэй нялж зурсан зургууд нь сэтгэл хөдлөм, гэрэл гэгээтэй болж байлаа.
Үүний нэгэн сонгодог жишээ нь зураач, барималч Даши Намдаков юм. Түүний бүтээл өнгөрсөн үеийн соёл, үйл явдал ор мөргүй арилах бус үргэлжилсээр байгаа өнөөгийн зах хязгааргүй бодит байдлыг илтгэдэг.Хүн байгалийн хүчин, металлыг эзэмшигч, хөөмөл дотроо уран зөгнөл, дорно дахины эрчимт сэтгэхүйгээр туурвидаг түүн шиг уран бүтээлч нэн ховор.
Түүний алдартай “Чингис хаан”, “Хадамд гарсан бэр”, “Хааны ан”, “Баг”, “Бүжигчид”, “Туншээ” зэрэг дэлхийн олон том хотуудад сүндэрлэсэн зуун, зуун баримал олон мянган гоёл чимэглэлийн бүтээлүүдийг харахад монгол түмний эртний домгийн баатрууд амилсан мэт үзэгддэг. Хуучин шигээ биш ч хуучнаасаа хагацахыг хүсдэггүй мэт Намдаковын бүтээлүүдэд цаг хугацаа орон зайг гаталсан олон домог, Дорно дахины филисофи гүн шингэсэн байна. Мөнхүү тэдгээрийн хэлбэр хийц, уран нарийн арга барил нь хөдөлгөөн, эргэлт, хурц илэрхийллүүдтэй байдгаараа жинхэнэ импрессионизм урсгалын туурвигч болохыг нь илтгэнэ.
Түүний Даши Намдаковын Буриад улсын нийслэл Улаан-Үдэ хотноо гаргасан “Орчлонгийн нүүдэлчид” үзэсгэлэнд анх дэлгэгдсэн “Сувд”, “Их аварга” хөөмлүүд болон гүрвэл,нядмар, заан зэрэг нарийн гоёл чимэглэлийн зүйлүүд их алдартай. “Сувд” хэмээх энэхүү хөөмөл баримал бол бусдаасаа ихээхэн онцлогтой. Ер нь уран бүтээлийг нь үзсэн хүмүүс түүнийг “билгийн мэлмий нээгч” гэж тодотгосон байдаг.
Хөөмөл нь нимгэн металл төмөр дээр зургийн дагуу тусгай зориулалтын багаж материал ашиглан наад цаад талаас нь цохиж дүрсийг товойлгох хотойлгон бүтээх урлаг юм. Монгол урчууд эрт дээр цагаас алт мөнгөнөөс гадна зэс гуулиар хөөмөл бүтээл хийж байсан. Хөөмөлийн урлаг нь хэд хэдэн янз байжээ. Хөөмөл хийх үед анхаарах зүйл бол мөнгө зэс гуулийг үе үе улайтган зөөлрүүлж байж хийх шаардлагатай. Том хэмжээний хөөмлийг хийхдээ зэс зэрэг хөөх металийнхаа гадаргууд дүрсийнхээ овгор товгорыг ерөнхийд нь гаргаад улмаар лаван дээр суулгаж алх буюу тусгай зориулалтын багажаар дүрсийг товойлгон хөөнө. Энэ мэтээр гадна дотно талаас ээлжлэн хөөдөг. Хөөх дүрсийг цаасан дээр гаргаад түүнээ харж баримжаагаар хөөнө.
Энэ аргаар урласан түүний “Сувд” гэх баримал нь ойн савдаг, үгүй бол лусын охин амилж буй мэт харагддаг. Энэхүү хүрэл баримлын хурц дүр төрх, нарийн хөдөлгөөнт агууламжаас нь импрессионизм арга барил нэвт харагдаж байна. Үнэхээр нум саадаг агсаж, ирвэс дагуулсан Монголын эртний дайчид, үзэсгэлэн төгс бүсгүй, нүүдэлчдийн уламжлал нэвт ханхалсан “Хааны ан” бүтээлээс нь дээрх эрчимт хөдөлгөөн илүү ихээр анзаарагдана. Бүсгүйн тохойн дээрээ авч яваа бүргэд, морины толгой, ирвэсийн хөл, сүүлний байдлыг эрчимтэй урласан нь маш амьдлаг сүнсийг өөртөө агуулдаг. Яг л чулуун баримал сүнс оршин буй мэт хөдөлгөөн дунд байна. Ер нь бүтээлүүд нь хэн ч харсан эрэгтэй хүний гараар сийлэгдсэн хөөмөл мэт гал цогтой, сүрийг үзүүлж айдаст автуулах мэт санагдана. Бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Намдоковын гол бүтээлүүдийнх нь нэг болох “Хааны ан”-гийн эхний морьт хатны нумны гичир үгүй байна. Басхүү хамгийн алдартай бүтээлийн нэг “Бяцхан Будда” нь жаахан хүү нохойн нуруун дээр хөлөө ачин хэвтэж байдаг. Мөн “Чингис хаан” баримлын хүлэг мориных дэл модны үндэс мэт байх бөгөөд хаан гартаа жолоо, цулбуур атгаагүй ажгуу. Дээрх бүхэн дутуу гүйцэтгэл биш. Харин бүтээлийн амин сүнсийг далдлахгүй гэсэн дээ авч хаясан илүүц зүйл болно. Энэ л түүнийг жинхэнэ импрессионизм бүтээлч гэдгийг харуулаад байгаа юм. “Чингис хаан”-ы баримал нь цэргийн эд хэрэгслээ агсаж, аргамаг хүлэгтээ мордсон нь ертөнцийн хязгаарт үл үзэгдэх сүнслэг биеийн чанараас улбаалж домгийн хэлбэрт уусгасан мэт харагдана. Яг л Монголын ард түмний эртний домог амилсан гэлтэй. Энэ нь Намдаков гэр бүлийнхээ хүрээнд энэ философийг танин мэдсэн, импрессионизм аргад дадсан нь мэдрэгдэнэ. Дорнын ертөнцөд хамаарах цаг үеийн шугаман бус онцлог хөөмөл, уран зураг бүхэнд нь хадагджээ.
Б.Алтанхуяг
Монголын судлаачдын їг
ПРОФЕССОР, УРЛАГ СУДЛААЧ Ч.БОЛДБААТАР: БҮТЭЭЛҮҮД НЬ СүНСТЭЙ ХАРИЛЦАЖ, НААДАХ ЗУРЛАГЫН ТОГЛОЛТ
-Намдаковын уран бүтээлийн хэлбэр хийцийн талаар юу гэж боддог вэ?
-Ямар ч төрлийн урлаг тодорхой нэг зарчимтай. Зарчим нь өөрийн гэсэн хэлтэй, хэл нь төсөөллүүдийг бий болгодог. Тэдгээр төсөөллийг ойлгож, бүтээлдээ мөрдлөг болгодог хүмүүсийг би урлагийг бүтээгчид гэж хэлнэ. Тэдний нэг яахын аргагүй Даши Намдаков. Бидний Монголчуудын нэг шүү дээ. Одоо түүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхлээд байна. Зөвшөөрөхөөс ч өөр аргагүйд хүрсэн. Бүтээлийнх нь хэлбэр бөө, мөргөлийн онгод тэнгэртэй холбогдож бүтээсэн хүнийх мэт харагддаг. Гэвч энэ наад захын хар ойлголт. Тэр өөрийн хөөмөл баримлуудынхаа амьдлаг шинжийг хадгалахын тулд хүний нүүрийг урт гонзгойдуу хэлбэртэй, бараг хамаргүй мэт урладаг. Басхүү Монгол хүн гэдгийг нь илтгэхийг тулд намхан пагдгар хэлбэр хийцтэй хийдэг. Ер нь ухаад байвал олон нарийн зүйл гарч ирнэ.
-Бүтээлүүдээс нь эрчимлэг шинж, тод өнгийн импрессионизм мэдрэгддэг. Энэ талаар та ямар бодолтой байна...
-Тийм ээ. Импрессионизм чиглэлийн бүтээлч яах аргагүй мөн. Басхүү хамгийн гол нь хөөмөл шүү дээ. Хөөмлийн технологийг маш чадамгай эзэмшсэн уран бүтээлч гэж би дүгнэдэг. Хүрэл цутгаж хийсэн хөөмөл баримлуудынхаа агуулгад тохируулж тод алтан өнгийн буга, чулуу, хээний дүрсийг оруулж өгсөн байдаг. Энэ импрессионизм бүтээлч гэдгийг нь төвөггүйхэн тодорхойлно.
-Баримлууд нь ерөнхий нэг уран зөгнөлт шинжтэй байдгийг хүн бүхэн ярьдаг. Таны бодлоор...
-Монголчуудын оюун санааны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн нэг зүйл бий нь хий сүг. Үүнийг манайхан ихэвчлэн сүнстэй холбож ойлгодог. Эртний тэмдэг, зурлагууд бол сүнстэй харилцаж, наадах зурлагын тоглолт. Үүнийг тэр бүтээлдээ гарамгай ашигладаг. Түүнээс биш өөр гаргалгаа хэрэггүй. Ер нь баримал, уран зураг гэлтгүй сонгодог бүтээлүүд чинь зурж, эвлүүлж өрөхөөс биш хийсвэрлэх сэтгэлгээнээс л төрдөг юм.
ЗУРААЧ, УРЛАГ СУДЛААЧ Г.МӨНХБААТАР: БҮТЭЭЛ НЬ ЯМАГТ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШИЛ РУУГАА ХАНДДАГ
-Залуу судлаачийн нүдээр Даши Намдаковын уран бүтээлийн онцлогийг хэрхэн харж, дүгнэдэг вэ?
-Намдаковын уран баримал, түүний хөөмөл хийх арга барилын талаар ихэд судалж, өөртөө ч хэрэгжүүлж үзэж байлаа. Гэхдээ ур чадвараас илүү билгийн нүд гэдэг барималч, зураач хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юм. Үүнийг би Намдаковын бүтээлүүдээс ойлгож авсан. Түүний бүтээлийн онцлог нь ямагт уламжлал, ёс заншил руугаа хандсан байдагт оршино. Энгийн нэг чимэглэлийн зүйл дээр нь ч нүүдэлчний ямар нэгэн уламжлалын зүйл байдаг. Жишээ нь эвтэй дөрвөн амьтны баримал хийлээ гэхэд зааны соёон дээр монгол хээ, угалзыг урласан бий. Энэ бүхэн түүний бүтээлийн онцлог гэж хэлж болно.
-Та өөрийн биеэр үзэсгэлэнд нь зочилж байсан уу?
-Үгүй ээ. Харин Улаан-Үдэ хотод гарсан “Орчлонгийн нүүдэл” үзэсгэлэнгийн бүтээл болгоны зургийг тал талаас авч явуулахыг нэг найзаасаа гуйсан юм. Тэр ч ёсоор болсон. Олон өвөрмөц бүтээлүүд гарсан байсан.
-Тэдгээрээс хамгийн түрүүнд та ямар шинжийг нь онцлон харсан бэ?
-Би домог, үлгэрийн баатруудын зураг их зурж байсан. Гэхдээ ийм сонирхолтой арга барилаар бүтээх тухай бодож байгаагүй. Ер нь өөрийн гэсэн дорнын ёгт утгийг зөгнөлт уран сайхны аргатай хослуулж хийсэн хөөмлүүд их байсан. Мөн 2006 онд Бээжинд гарсан "Буриадын онгод" үзэсгэлэнгээс бурхны шашин, буриад зоны баатарлаг туульс, бөө мөргөлөөс сэдэвлэн урладаг нь их ажиглагдсан.
Орчин үеийн урлагт гарч ирсэн нь гэнэтийн зүйл
Байгалийн чанад. Өглөө нарны анхны туяа моддын оройд тусна. Таван цаг болоод Москвад өглөө болно. Дахиад гурван цагийн дараа Флоренцид өглөө айлчлаад цагийн дараа Лондон сэрнэ. Энэ замыг туулахын тулд Дашид олон арван жил шаардагджээ. Өнөөдөр тэр Италид өглөөг угтаж байна. Тэр энд агуу байлдан дагуулагч Чингис хааны баримлын ажлаа дуусгах ёстой. Байлдан дагуулагчийн баримал дээр ажиллаж байгаа уран бүтээлч бүр бараг л Барууны соёлын бурхан гэж болох үүн дээр эрсдэл гаргах үгүйгээ өөрөө шийддэг. Хоёр долоо хоногийн дараа уран баримал бэлэн болсон байх ёстой. Лондонд Хайд паркт танилцуулагдах болно. Энэ бол өөр бусадтай адилгүй Чингис хаан байх болно. Даши энд нөр их хөдөлмөр гаргасан. Төдий чинээний тэмцэл, төдий филосифи. Буддын шашны лам адил гэмээр... Нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа Даши ийнхүү хэлсэн байдаг. “Энэ бол бид хүрэхээс айдаг сэдэв гэж хэлж болно. Яагаад гэвэл энд ямар нэгэн зүйл буруу бол юу ч гэмээр юм дээ шийтгэгдэнэ гэж үзэж болно”
ТРЕТЬЯКОВСКИЙН ГАЛЕРЕЙН УРАН БАРИМЛЫН ХЭСГИЙН ДАРГА, ОХУ-ЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АКАДЕМИЙН СУРВАЛЖЛАГЧ-ГИШҮҮН ЛЮДМИЛА МАРЦ:
“Тэр Европын соёлд гал авалцуулсан. Огт санамсаргүйгээр гарч ирсэн уран бүтээлч. Бүгдийн хувьд тэр тэсрэлт хийсэн. Яг л бөмбөг шиг.
Буддын домог, Алс Дорнодын домог, соёл. Энэ бүгд домгийн соёл. Энэ бол тийм баян, соёлын орчин үеийн үзэгдлийг бий болгоно. Уран зохиолд биш, кинонд ч бус Дашийн уран бүтээлд энэ илэрсэн. Энэ бүгд бидний хувьд барууны соёл. Энэ бол өмнөд Сибирийн соёл. Монгол, хятад, япончуудтай холбоотой, сонирхолтой соёл. Дашийн уран бүтээлээр мянган жилийн түүх одоо, бодит байдалд харагдаж байна гэж боддог. Бодит, одоо болж байгаа реализмийн сэдэв. Энэ амаргүй үзэл гэж хэлж болно".
ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН "Lucca" ТӨВ МУЗЕЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МАУРИЦИО ВАННИ
“Даши бол чадварлаг уран бүтээлч. Тэр олон улсын хэм хэмжээг аажмаар байлдан дагуулах болно. Орчин үеийн дэлхий ертөнц дэх Дашийн уран баримл бол дэлхийн орчин үеийн урлагийн нөхцөл байдлыг сонсдог, дэргэд нь байдаг, байдлыг ойлгодог барималчийн бүтээлийн үр шим. Тэр өнгөрсөн үеийг хүндэлж, уламжлалыг эрхэмлэдэг уран бүтээлч. Энэ бол гайхалтай реализм. Дэлхийн орчин үеийн урлагийн нөхцөл байдлыг ойлгож байна. Бүр илүү, жинхэнэ реалист. Тэр байгаль эх бидэнд юу өгч байгааг мэдэрдэг. “Даши бол өөрийнхөө цаг үеийн уран бүтээлч. Тэр соёл, бүтээл туурвилдаа хувийн туршлагатай. Азаар хүн амьдралдаа бодсон бүхнээ хүсэх боломжтой байдаг нь сайхан. Даяаршлын тухай яривал олон улсын урлагийг авч үзэх болно. Хил хязгааргүй, арс өнгөөр ялгаварлаагүй, анги, давхаргын хамаарал үгүй урлаг. Урлаг дахин анхаарлын төв болох ёстой. Бүх хүнийг энэ хэлээр ярьж сургах ёстой”
БЭЭЖИНГИЙН ДЭЛХИЙН УРЛАГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ ВАН ЛИМЕЙ
“Түүний бүтээлд Монгол буриадын ард түмний ертөнцийг үзэх үзэл тусгагдсан байдаг. Мөн байнгын бөөгийн философи явж байдаг. Орчлон ертөнц дээрх бүх юм зүрх сэтгэлтэй байдаг. Бүгд уялдаатай, харилцан холбогдсон. Энэ бүх үзэл санааг түүний бүтээлд харж болно. Түүний ажил, уран бүтээл үнэхээр нууцлаг гэж боддог. Гэвч энэ нууцыг бид өнгөрсөн рүү хандаж байж мэднэ. Зохиогчийн ажилдаа илэрхийлэхийг хүссэн санаа, үзэл бодлыг ингэж мэдрэх юм. Даши ОХУ-ын нэгэн муж Буриадын уугуул. Иймээс тэр Орос, бас Азийн соёлын нөлөөг нэгэн зэрэг эзэмшсэн. Энэ дагуу түүний бүтээлд бид хоёр өөр соёлын тусгалыг харж байна”.
УЛСЫН ЭРМИТАЖИЙН ДОРНЫН ХЭЛТСИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АХЛАХ АЖИЛТАН МАРИЯ МЕНЬШИКОВА
“Үзэсгэлэнгийн зааланд байсан уран бүтээлүүд үнэхээр анхаарал татаж, өөрийн гэсэн онцгой байсан. Цэрэг, генерал нэртэй хоёр бүтээл өөртөө нэг тийм нууцлаг байдлыг шингээсэн. Энэ бол үнэн хэрэгтээ их чухал. Дашийн уран бүтээлд ямар нэгэн сүнслэг байдал шингэсэн байдаг. Хүмүүс эерэг бас сөргөөр хардаг гэж болохоор. Түүний уран бүтээл бүр өөрийн гэсэн энергитэй, онцгой, ямар нэгэн илбийн, бөөгийн шинж ч бий”
Тохиолдол:
Даши: “Миний уран бүтээл харахад нэг домгийн мэт байдаг байх. Зарим хүн үүнийг ойлгодоггүй. Бас тэр бүр ховор объектийг харуулдаг болохоор хүмүүст мэдээж аймаар санагдана. Яагаад гэвэл тэр бүр мэдэхгүй”
Тэр үед Чингис хааныг бүтээж байгаа урланд ажил зогсчээ. Нөхцөл байдал хүнд байв. Баримлын карказ хийсэн Италийн мастер тайван бус байлаа. Тэр олон жилийн хугацаанд анх удаагаа тайлбарлахад хүнд асуудалтай тулгарчээ.
Мастер: “Энэ бол аймаар хагарал. Яагаад гэвэл хагарал энд байсан бол би ойлгоно. Гэвч хагарал бүр дор, баримлын бүх жин дээрээс нь дарж байна. Дотор талаасаа ямар нэгэн байдлаар буруу хатсан тохиолдолд ингэж болох юм".
Гайхмаар юм. Гэхдээ Даши тайван байна.
Даши: “Хагарал гарчихаж. Байдал хэр зэрэг ноцтой байгааг мэдэхгүй байна. Баримал долоо хоногийн дараа байх ёстой газраа байж байх ёстой. Мэдэхгүй юм”
Одоо, энд түүний ямар нэгэн зүйл хийхээс шалтгаалах болов уу.
Даши: “Одоо юу ч хийхгүй ээ”
Энэ л ажлын хариуцлагаа үүрэхийн өмнө Даши Буриадад бөөгөөс зөвшөөрөл авчээ. Магадгүй Чингис хаан өөрөө ч аян дайнаа эхлэхийн өмнө ингэх байсан байж болох юм.
Дараагийн алхмыг бодож тунгаахын өмнө уран баримал Лондон хүртэл их зам туулсан гэдгийг мартаж болохгүй. Чингис хаан амьдралдаа тэнд байгаагүй. Дэлхийг эзлэгч энд Италид хүртэл анх удаагаа ирж байна. Даши түүний өнөө цагийн чиглүүлэгч болжээ. Тэд нэгнээ ойлгож байгаа болов уу.
Даши: ”Европчуудын дунд би ази хүн гэдгээ мэдэрдэг. Харин зарим азиудын дунд, тухайлбал Хонгконг, Тайландад надтай европ хүн шиг харьцдаг. Тэр байдал тухтай бус байдаг ч энэ нь уран бүтээл туурвихад тус болдог”
Бид энэ мэдрэмжийг харьцангуй түвшинд ойлгодог. Үг, оюун ухаанаас гадна. Дашийн уран баримлууд энэ тухай юм. Алдарт Микеланжело баримлынхаа гантигийг авсан Италийн багахан хотод дорнын байлдан дагуулагчийн баримал бэлтгэгдсэн. Италийн мастерууд Дашийн бүтээлийг олон жилийн өмнөөс мэднэ. Тэд мэргэжлийнх. Уран бүтээл, аль нэг үед болж байгаа санаа, нөхцөл байдлыг тэд мэдэрдэг. Чингис хааны уран баримал тийнхүү бүтжээ.