Хулан тэр бүсгүй ихэвчлэн нимгэн цайвар цагаан цамц эсхүл жижигхэн олон цэцэгтэй цагаан шаргал өнгийн ноосон цамц, цэнхэр хөх өнгийн джинсэн өмд өмсөнө. Тэр юунд ч санаа зовохгүй амьдардаг ба түүний эцэг эх, эгч гэр бүл нь түүний төлөө юугаа ч зориулахад бэлэн байдаг байсан байх. Би ингэж бодно. Тэр юуг ч хийхгүй бас юунд ч санаа зовохгүй яг над шиг ажээ. Тэр өглөө босоод ажилдаа яваад... орой гэртээ ирнэ. Тэр өөр бараг хаашаа ч явахгүй бөгөөд харин хааяа заримдаа цаг гаргаад надтай уулзаж ярилцаж зугаалах дуртай байсан. Би ингэж бодож байна. Тэр миний ирж явахыг олж хараад хүүхэд адил баярлана. Тэр миний царай нүүр лүү том алаг нүдээрээ эгц ширтэн харж байгаад л ямар юм? Юу болж өнгөрсөн тухай хөөрөн ярина.

... аав нь хөдөө нислэгт яваад ямар янзтай яаж ирсэн... ээж нь эгч нь өчигдөр уржигдар юу хийсэн тухай... бас түүний ажилдаг газар тэнд юу болж өнгөрсөн тухай тэр ярина. Тэр надтай аз жаргал болон амьдралын тухай, хайр энэрэл ба зүрх сэтгэлийн тухай ярилцах дуртай байв. Хулан тэр бүсгүй намайг ихийг мэдэх ба мэдэхгүй зүйлсээ ч зөв бодож, зөв ойлгоод зөв ярьж хэлж чадна гэж тэр бодно. Тэр надад итгэдэг байв. Би түүнийг тэгээд түүний бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрдөг болохоороо ... тиймээ Хулаан “Хүмүүс үхэшгүй мөнх байж чадна”. Тиймээ Хулаан “Бид бүгдийн амьдрал мөнх байж болно” гэж түүнд хариулна.

Бас би түүнд “Хайр гэдэг өөрөө хамгийн их агуу зүйл мөн билээ” Тиймээ “Тэр агуу их болохоороо, тэр аз жаргалыг дагуулдаг билээ” гэж би түүнд хэлнэ. Харин тэр надад итгэдэг бөгөөд тийм болохоороо тэр миний энэ үгсээс өөр илүү их баталгааг тэр надаас үл шаардана.

... Хулан тэр бүсгүй миний урд алхана. Тэр бүсгүй юм бодон дуугаа хураагаад чимээгүй алхана. Тэр гэнэт эргэж харан миний нүд рүү ширтэн хараад хэлэв. Дэлгэрээ! “Гайхалтай юмаа. Тийм биш гэж үү?” гэж тэр надаас асуугаад “Ухаан нь миний нэг найз эмэгтэй байдаг. Тэр нэг залууд маш их хайртай гэдэг юм. Тэр тэр залуугийнхаа төлөө бол амь насаа зориулахад бэлэн гэдэг. Тэр эмэгтэй тэр залуудаа тийм их хайртай байсан. Тэр залуу нь бас түүнтэй адилхан түүнд их хайртай байсан юм... Тэгсэн нөгөө тэр залуу өөр нэг бүсгүйд бас сэтгэлтэй болоод... түүнийг орхиод яваад өгсөн... гээд “Гэхдээ чи надад хэлээч. Тэр хоёрын энэ хайр жинхэнэ хайр мөн гэж үү?” гэж надаас асуулаа. Би хэлэв. “Мэдэхгүй байна аа” Хулаан. Гэхдээ би бодоход: “Хайрыг зөвхөн сэтгэлдээ бодох бус, харин түүнийг хүн зүрхэндээ шингээж хайрлаж чадах ёстой байхаа. Би ингэж бодож байна”  гээд “Тийм хайр хэзээ боловчиг цаг хугацаа өнгөрөхөд улам бүр үнэнч болдог. Улам бүр уужим их тэнэгэр тэнгэрлэг болдог. Тэгээд тийм хайр л аз жаргалыг дагуулдаг билээ” гэж түүнд хэлэв. Би түүнд хэлсэн энэ үгэндээ урамшин баярлаж өөрөө би өөрийгөө зоригжуулан бодож явав.

Тиймээ миний гадна байдал гоо үзэмж, эд хэрэглээ энэ бол олдмол зүйлс. Энэ бол төрмөл биш олдмол юмс. Баян ядуу, сайхан муухай гэдэг бол төрмөл биш, олдмол зүйл. Тийм учраас би энэ бүгдийг өөрчилж чадна. Бүү шантар! Зөвхөн би өөрөө хичээж чармайн тэмцэх ёстой. Би өөрийгөө зөв үнэлж дүгнэх ёстой. Тэр бол зөвхөн миний гарт байгаа. Бүх зүйл миний гарт байгаа. Миний сэтгэл бол минийх. Миний оюун ухаан зориг зүрх минийх. Миний тэсвэр тэвчээр, миний хайрын сэтгэл бас минийх. Тийм учраас яаж явах надаас шалтгаална. Миний хувь тавилан миний гарт байгаа. Хуйлаж явах дэлгэрч явахаа би өөрөө мэднэ. Тийм учраас би өөрөө хичээх ёстой. Ингэж бодоод би ахин дэвшиж амьдрах хүслээр жигүүрлэв. Би цэцэг адил дэлгэрч, дээшлэж өгсөж амьдрах амьдралыг хүсэж эхлэв.

Би ам үл нээнэ. Би дуугүй алхална. Тэрхэн агшинд гэнэт тэнгэр борооны өтгөн хар үүлээр хучигдав. Борооны ганц нэг дусал ус дусалж эхлэв. Хулан тэр бүсгүй доошоо тонгойгоод юм бодон миний урд хоёр алхам зайтай алхана. Тэгээд тэр толгойгоо эгцлэн эргэж хараад надад ийн хэлэв. Тэр өөрөө өөртөө хэлэх мэт зөөлхөн дуугаар... “Тиймээ Дэлгэрээ чиний зөв. Гэхдээ бүх юмс зөвхөн Бурханы тааллаар болдог шүү дээ” гэв. Тэгээд тэр дахиад бодолд автав. Хулан намайг автобусны буудал хүртэл үдэж өгөв. Энэ удаа би түүнтэй ярилцаж өнгөрөөсөн цаг хугацаа тийм ч удаан байгаагүй юм. Богинохон байсан...

Түүнгүй бол миний амьдрал урамгүй уйтгартай хэцүү болно гэдгийг тэгэхэд тэнд би анх мэдэрч эхэлсэн билээ. Энэ ялдам сайхан туранхай биетэй өндөр сайхан бүсгүй надад дотно болохыг би анзаарч мэдрэв. Би анх удаагаан итгэл төгс хүсэж мөрөөдөж амьдрах, амьдралын сайхныг мэдэрч амьдрах итгэл сэтгэл төрж билээ. Тиймээ Хулаан! Би өөрөө өөртөө зорилго тавьж амьдрах болноо. Би өөрийнхөө зүрх болоод итгэл сэтгэл хоёроороо хөтөч хийж амьдрах болно. Би Бурханыг хайх болно... хэмээн би өөрөө өөртөөн дотор сэтгэлдээн зүрхэндээн шивнэн хэлэв. Тэгээд би түүнд хандан: “Тиймээ Хулаан! Бурхан бидэнд их юм өгсөн. Оюун ухаан өгсөн. Энэрэн хайрлах сэтгэл зүрх өгсөн. Бас хүч чадал тэсвэр тэвчээр өгсөн. Бурхан бидэнд өгсөн энэ зүйлсийг бид нар зөв хэрэглэж зарцуулж чадах ёстой. Би ингэж бодож байна. Бид нар зөвхөн ганц идэх унтах зугаацах цаг зуурын юманд бус мөнхийн болгох тэр зорилгод хэрэглэж сурах ёстой билээ. Тэндээс л хүмүүс Бурханыг эрдэг хайдаг байвал нь тун сайнсан. Хааяа нэг би ингэж боддог билээ” гэж би түүнд хэлэв. “Чи түүнийг Бурханыг чи олж харсан уу?” гээд тэр “Энэ бол боломжгүй юм л даа. Гэхдээ чи зүүдэндээн ч юм уу эсхүл мөрөөдөхдөөБурханыг чи олж үзсэн үү?” гэж Хулан надаас асуугаад тэгээд тэр: “Би харсан. Би заримдаа нүдээ аниад л мөрөөддөг. Бурхан миний нүдэнд биш. Бурхан миний сэтгэлд... зүрхэнд үзэгддэг юмаа...” гэж хэлээд тэр хөгжилтэй сайхан чанга дуугаар инээлээ. Тиймээ Бурхан хүний нүдэнд биш. Бурхан хүний сэтгэлд үзэгддэг. Бурхан  хүний зүрхэнд үзэгддэг юм. Тийм учраас хүмүүс нүдээ аниад тэвэрдэг үнсдэг боддог. Нүдээ аниад мөрөөддөг. Нүдээ аниад залбирдаг юм. Хайрлахдаа гомдохдоо уйлахдаан хүмүүс бас нүдээн анидаг юм. Ингэж бодоод би түүнд хэлэв. “Тиймээ Хулан минь чиний зөв. Бурхан хүний нүдэнд биш. Бурхан хүний сэтгэл зүрхэнд нь үзэгддэг билээ.” гэж би түүнд хэлэв. Тэгээд би цааш нь үргэлжлүүлээд хэлэв. “Ганцаардсан, уйтгарлан гунигласан тэр мөчид би Бурханыг санагалзан суудаг юм” гэв.

Хулан бид хоёр цаг гаруй алхжээ. Бид хоёр цэцэрлэгт тайлбайн хашаанаас гараад хот явдаг автобусны буудал чиглэн алхав. Яаралгүй алхав. Амралтын өдөр байлаа. Тэнд автобусны буудалд хүн цөөхөн хөдөлгөөн бага чимээ анир үгүй нам гүмхэн байлаа. Автобусны дэргэд Хулан тэр бүсгүй намайг үдэж бид хоёр чимээгүй хөдөлгөөнгүй зогсоно. ... Гэнэт автобусны том хаалга нь нээгдээд хаагдаад бас дахин нээгдэхэд Хулан зог тусан миний гарыг яаран чанга гэгч нь атгав. “За баяртай... сайхан амраарай” гэж тэр хэлэв. Дахин хэдийд уулзахаа мэдэхгүй үлдсэн би ингээд дахиад би ганцаар үлдэх билүү? хэмээн надад бодогдов. Миний дотор муухайрав... Тэгээд би Хуланд хэлэв.“Надтай жаахан байгаач дээ. Би дараагийн автобусаар явъя” гэвэл Хулан цагаа хараад хэлэв “За сайхан амраарай. Аав ээж намайг хүлээж байгаа. Бид одоо зуслан явах юм. Бид хоёр зөндөөн их алхлаа шүү дээ. Дараа хүсвэл ирээрэй” гээд “Завтай байвал маргааш яг өдийд ир л дээ” гээд инээмсэглэв.

Намар эрт нартай дулаахан бас бүрхэг дулаахан тэр нэг өдөр байсан билээ. Борооны дараах Богд уул яармаг нисэхийн дэнж тэр чигээрээ нов ногоон зөөлхөн, уянгалаг ер бусын сайхан өнгөөр гэрэлтэн харагдана. Орчлон ертөнц агаад тэр чигээрээ дур булаам үзэсгэлэнтэй сайхан ажээ. Би аз жаргалтай байлаа. Тэр өдрөөс хойш сар хүрэлгүй болоод би сургуульдаа суралцахаар буцсан юм.

Тиймээ. Би Хуланд хайртай байсан байх. Тэр намайг автобусны буудал дээр ттосч үддэг байсан ба тэр миний яриаг дуртайяа сонсож, тэр намайг бахарсан харцаар харж, тэр надтай хамт байхдаа дуртай байдаг байсанд нь би түүнийг хайрладаг байсан байхаа.

Түүний үнэнийг өгүүлэх адил үзэсгэлэнтэй сайхан давхраатай том алаг нүд, цагаан царай, нарийхан хүзүү, нарийхан сул гар нь түүний гадаад байдал. Түүний сэтгэл хөдлөм амирлангуй энгийн сайхан зан төлөв миний бахдалыг төрүүлдэг байв. Магадгүй тэр хэдийгээр гоо үзэсгэлэнтэй боловч хатуу чанга түүний эгч адил байсан бол, бас тэр өөрөөр бодож ярьдаг байсан бол, тэгээд тэр бүсгүй надад дургүй байсан бол би түүнийг хайрлаж чадахгүй байсан байх. Тэгээд би түүнтэй хамт өнгөрөөсөн мөч бүхнээ дахин давтан эргэж санадаг болов. Түүнгүй бол миний амьдрал уйтгартай тэгээд бас утга учиргүй юм шиг надад бодогдоно. Буцах замдаа би хийх ажилгүй өнгөрөөх дуусдаггүй урт өдрийг тэгээд хичнээн урт байлаа ч хорвоогийн бүх юмс нэг л өдөр дуусдаг даа гэх гунигт бодолтойгоо хамт тээж буцав.

Тиймээ Хулаан! Бид бүгдээрээ Бурханыг хайрладаг... Бид нар энэ амьдралын утга учрын үнэнийг Бурханаас хайдаг билээ. Тийм учраас би цаг зуурын биш мөнхийн зорилгыг эрж хайх болно. Үнэн ба амьд явахын утга учрыг би Бурханаас хайх болноо. Энэ нэгэн уулзалтаас үлдэж хоцорсон миний бодол зорилго гэвэл энэ билээ.

“Хулан бид хоёр” туужийн хэсгээс
Батжаргалын Батбаяр

БАДАМХАНД МУЗЕЙ