Амьтан, жигүүртний дуу хоолой (фото тэмдэглэл)
Гэрэл зураг сонирхогч эгэл миний бие саяхан дэлхий даяар болоод манай оронд тэмдэглэж өнгөрөөсөн “Биологийн төрөл зүйлийн өдөр”-т зориулан Бльюмон дахь “Норфэй арт” галлерейд ан амьтан, шувуудын гэрэл зургийн “Эс хайрлахын аргагүй ертөнц II” бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. Анхны бие даасан үзэсгэлэнгээ 2014 онд гаргасан болой.
Гэрэл зураг сонирхогч эгэл миний бие саяхан дэлхий даяар болоод манай оронд тэмдэглэж өнгөрөөсөн “Биологийн төрөл зүйлийн өдөр”-т зориулан Бльюмон дахь “Норфэй арт” галлерейд ан амьтан, шувуудын гэрэл зургийн “Эс хайрлахын аргагүй ертөнц II” бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. Анхны бие даасан үзэсгэлэнгээ 2014 онд гаргасан болой.
Зарим төрлийн амьтан, шувуу бүрмөсөн устсан, зарим нь нэн ховорт бүртгэгдэж мөхлийн ирмэгт тулж байгаа тухай мэдээ, баримт цаг хугацаатай уралдан нэмэгдсээр байна. Бурхан яагаад амьтан, жигүүртэн, хорхой шавьжийг хүртэл бүтээсэн юм бэ? “Юм бүхэн учиртай, сум бүхэн бичиртэй” гэдэг. Хүн төрөлхтөн болбоос амьд байгальтай зохиролдон амьдрах тавиланд заяажээ. Хүний амьдрал тэдгүй бол сүйрнэ.
Биологийн төрөл зүйлийн харилцан хамаарлын тэнцвэр улам бүр алдагдсаар байгаа нь орчин цагт нэн түгшүүртэй. Хөхөө донгодохгүй зун, буга урамдахгүй намар, чоно эс улих өвөл, хойлох эс эсгрэх хавар ухаанд эс бууна. Амьд байгалийн эдгээр хөгжим нэг л өдөр тасарч мэднэ.
Гэхдээ энэ нь хүмүүнээс л шалтгаална. Эцэг, эх нь үр хүүхдээ хайрлахтай нэгэн адил амьд байгалийн ан амьтан, шувуудад энэрэнгүй хандах ухамсар, хүмүүжил олгоход соён гэгээрүүлэх ажил нэн их үүрэгтэй. Энэ хүрээнд гэрэл зураг, уран зураг, утга зохиол, сэтгүүл зүй олон талын ач холбогдолтой. Гэрэл зургийн урлагийн өгүүлэмж нэн хүчтэй, утга зохиолын мэргэн үгсийн утга санаа зүрх эзэмдэх шидтэй.
Эдгээр уран бүтээл нь хүмүүний сэтгэл зүрхний илэрхийлэл, дуу хоолой. Араатан, жигүүртэн, загас жараахайд ярих хэл заяагаагүй учраас тэдний дуу хоолойг үл ойшоодог.
Гэрэл зургийн урлаг нь амьтан, шувуудын дуу хоолой, зан араншин, тэдний гоо сайхныг олон нийтэд мэдрүүлж, ойлгуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гоо сайхныг мэдэрч, танин мэдэх нь амьд байгалийн өвийг энэрэн хайрлах, хамгаалах мэдрэмж олгодог.
Энэ удаа сүүлийн дөрвөн жилийн турш эх орондоо болон гадаадын зарим оронд бэдрэн явж буулгасан бүтээлүүдээсээ 60 гаруйг сорчлон шилж тавьсан юм.
Уг үзэсгэлэнг сонирхосон зочдын таашаалд нйицэж хамгийн олон оноо авсан зарим бүтээлээс хуваалцъя.
“Цасан бүжгийн хатан”(Наран тогоруу, Хоккайдо арлын Куширо тохой, Япон)
“Алтайн хаан”(Шаазгай алаг угалз, Баруун Алтайн нуруу)
“Хатан харц”(Арслан, Танзанийн Сэрэнгетийн толгод)“Танхилхан”(Уулын цэнхэрхэн, Гранд тетоны шугуй, АНУ)
“Хярах увьдас”(Мануул, Сэврэйн хөх уулс)“Ганц дайчин”(Наран үнэг, Хоккайдо арал, Япон)“Танго бүжэхүй”(Хэрлэнгийн шугуй)“Өглөөний зоог”(Хар баавгай, Шар асгатын уулс, АНУ)
“Эвсэлцэн жаргахуй”(Начин шонхор, Дорнодын толгод)
“Гоёхон чимэг”(Үнэг, Өмнөговийн Баянцагааны уулс)“Цастай хөөрөлт”(Талын бүргэд, Дорнодын тал)
“Жавартай хийморь”(Морин шилүүс, Хэнтий)
Энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс минь амьтан, жигүүртний сэтгэл зүрхний хөг аялгуу мэдрэгдсэн болов уу гэж найднам. Соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт сийлбэрч, зураач Ц. Ядамжав гуай бээр “Амьд байгаль өөрөө уран. Түүнийг бүтээлчээр буулгаж хүнд хүргэх нь амаргүй. Мануулын хярж нуугдах увьдас, үнэгний олон ааш араншин, угалзын сүр хүчийг нэг дор үзэж мэдэрсэндээ үнэнхээр баярлав” гэж бичиж үлдээснийг энэ дашрамд дурдъя.
Амьд байгалийн өвийг хамгаалах нь түүнийг ойлгох, түүнд мэдлэгтэй, хүндэтгэлтэй, үнэлэмжтэй, хариуцлагатай хандахыг эдүгээ улам бүр шаардаж байгааг өгүүлэх нь илүүц бизээ.
Хүн төрөлхтний хувьд нэгийг хайрлан хамгаалах, нөгөөдөхийг нь сүйтгэн устгах хоёр дэлхий байхгүй нь нэн харамсалтай. Бид цорын ганцхан дэлхийтэй. Тийм учраас эс хайрлахын аргагүй бөлгөө.
2018.06.18