Захиалга ба наймаа
Манай хэд бол үнэхээр уран сайхан өрж, тоглодог болж байна даа. Бахархах ч шиг. Үүнийг нь жирийн иргэд байтугай боломжийн боловсролтой, мэдээлэлтэй хүн ч ойлгоход бэрх. Ойлгохгүй болохоороо хий бухимдаад л... Тэгсгээд бууж өгөхийн тэмдэг.
АН: Захиалга
Манай хэд бол үнэхээр уран сайхан өрж, тоглодог болж байна даа. Бахархах ч шиг. Үүнийг нь жирийн иргэд байтугай боломжийн боловсролтой, мэдээлэлтэй хүн ч ойлгоход бэрх. Ойлгохгүй болохоороо хий бухимдаад л... Тэгсгээд бууж өгөхийн тэмдэг.
Жэнкогоос л хамаг юм болсон байхгүй юу. Тэр АН-ын сунгаанд ялснаар хамаг тохироо, өрөг, тоглоом орвонгоороо эргэсэн юм. С.Баяр ч Лондонд сандарч, Элбэгээ бухимдав. Р.Амаржаргалыг дэмжсэн ч нам нь түүнд салаавч өгөх гээд хөөрхий Р.Амаржаргалыг хэлмэгдүүлчихсэн юм, харин М.Энхболд Амаржаргал дэвшээгүйд сэтгэл дундуур, түгшүүртэй болчихов...
Уг нь АН-ын сунгааны сураг гарч байхад манай сэхээтнүүд Р.Амаржаргал гарцаагүй гарна гэж тооцож байлаа л даа. Улс орны эдийн засаг хүнд, хямралын байдалд байгаа үед эдийн засагч Ерөнхийлөгч зайлшгүй хэрэгтэй гэсэн “ухаалаг” үндэслэлээр. Түүнээс Элбэгдоржийн дэмжлэг “хасах” нөлөө үзүлсэн нь санал хураалтын дүн гарахад нотлогдов.
Х.Баттулга ялсан. Дүгнэлт: Улс орны эдийн засгийг ухаантай эдийн засагчид босгоно, сэхээнэ гэх найдвар, хүлээлт олон нийтэд нэгэнт байхгүй болжээ. Хямралаас ямар Нобелийн шагналт эдийн засагч ч гаргаж чадахгүй. Шалтгаан нь авилгад автсан улстөрчдөд байгаа болохоос эдийн засагт биш гэдгийг ухаарчээ. Тиймээс “ухаантай” онолчийн оронд Х.Баттулга шиг муйхар, чигээрээ, хатуу хүнийг сонгосон байна. Цэвэрлэгээ хийлгэхийг л АН-ынхан хүсчээ.
АН-ын гишүүд бол Монголын олон нийтийн нэг хэсэг, жижигрүүлсэн хувилбар юм, хэрэв энэ хүсэл эрмэлзлийг жаахан томруулбал Монголчууд ч бас яг ийм хүсэлтэй байгаа, сонголт давтагдана. Муугаар хэлбэл сонгогчид “Хүний гараар могой бариулахыг” хүсч байна. Ухаантай хүн “могой барьдаггүй”. Тиймээс Х.Баттулга бол цаг үеийн захиалга. Хэрэв Х.Баттулга захиалга юм бол түүнийг хэн ч зогсоож чадахгүй, тийм биз?
МАН: Эрлийз
МАН ном ёсоор М.Энхболдыг дэвшүүлэв, ингэхдээ Ц.Нямдоржтой өрсөлдүүлсэн нь эрхбиш ардчиллын үнэр бийг нотлох гэсэн жүжиг. Нөгөө талаас Ц.Нямдорж УИХ-ын дарга буюу одоохондоо намдаа хоёр дахь хүн гэдгийг ойлгуулах драм. Жүжгийг МАН-чууд ойлгож хүлээн авчээ. М.Энхболд дэвшээд хэлсэн үгэндээ “Би дэвших гэж тэгтлээ их зүтгээгүй...”
Гэтэл эхний тулаанаар л байдал бишдэв. Монголын хамгийн нэртэй үндсэрхэг үзэлтэнтэй “эрлийз” даргыгаа тулгачихжээ. Энэ бол яагаад ч арилгаж болшгүй сул тал болчихов. Ядаж Ховдын Зэрэг сумын хүн байсан бол аятай юу... Монголчуудын тархинд хятад, оросуудын зуун дамнан суулгасан “согог” баруун, зүүнээр нь хагалж байгаад ч болов өөрийн хүнийг гаргачихаж дөнгөх байв. Хэдийгээр мөнгө байвч тэр нь хоосон буян болчих гээд байлаа. Монголчуудын ясанд байдаг дээрэлхүү зан нь хөдөлбөл “Эрлийзийн мөнгийг аваад тусласан ч яалаа, байсан ч яалаа...” дээрээ тулах бол энүүхэнд л дээ. Ийм л нэр хүндтэй УИХ-ын дарга л даа.
Үүнийг нэрмэж М.Энхболдын ар тал намд нь ноцтой хагарал гарчээ. МАН-д Ерөнхийлөгчид нэр дэвшээд явах М.Энхболдыг тоодог хүн цөөн болж, намын олонх ирээдүйн “эзэн” У.Хүрэлсүхийг түшихийг эрмэлздэг болсон байв. Ялангуяа намын аппарат нь найдваргүй болжээ.
М.Энхболдын гол тулгуур хотын фракц. МАН-ынхан сөрөг хүчин болж гудамжинд гарч “ядраад” хотынхноор тэжээлгэх гэж М.Энхболдыг дарга болгоод сонгуультай золгосон билээ. Хотынхон УИХ-ын сонгуульд 60 тэрбумыг босгох чадалтай байжээ. Үүний төлөө л М.Энхболдыг тэвчиж байснаас үнэндээ М.Энхболд аль хэдийнээ лидер биш болчихсон байв. М.Энхболд азтай, нам нь 2012 онд ялагдаагүй бол тэр хоёрдугаар эгнээ рүү шахагдаж Сү.Батболд, Н.Багабанди шиг фракцын толгой төдий болох байсан юм.
Харин тэсч үлдээд намаа ялуулсан түүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж “шагнав”. Эрлийз хийдгээ хийсэн, эрлийз явж болно. Түүний араас илүү үндэсний баримжаатай фракц шахаж байгаа ба МАН-ыг ичгүүртэй “хятад хаягаас” салгахыг эрмэлзэж байгаа юм. Үндсэндээ М.Энхболдын фракцаар дамжин олон эрлийз УИХ-д сонгогдчихоод байгаа нь ч тэдний эгдүүцлийг төрүүлж байгаа тул ийм аргаар намдаа “цэвэрлэгээ” хийх далд санаа үйлдэлд нь хүчтэй нөлөөлж байна. Хотын фракц мөнгөний эрх мэдлээр түрж, бүр У.Хүрэлсүхийг хүртэл гадуурхаж байгаад олон хүнийг УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан нь коммунизмын үеэс яс цусанд нь шингэсэн хятадаас болгоомжлох үзэл намд нь бугшин тархах шалтгаан болсон байна. МАН-ыг Ю.Цэдэнбалын үеийн үнэт зүйлсээс нь таслаж байгааг бүгд анзаарч байжээ. Нөгөө талаас ОУВС-ын цадиггүй авир эдийн засгийн хувьд шахамдуулж байгаагаас ХКН-тай тогтоосон харилцаандаа сэв суулгачихгүйн тулд бас нэг гараа нөгөө гараараа барьж аятай цагийг хүлээж байсан нь нэгэнт иржээ. Одоо МАН-ын эрлийзүүдэд ийм аз дахиж тохиохгүй л болов уу? Тиймээс тэд “удирдагчаа” хаяж явахгүй байхыг мөргөн гуйгаад ч тусыг эс олжээ.
Прагматик бизнесмэнүүд үүнд гол тэнцвэржүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, намынх нь дотоод тогтвортой байдлыг өдий болтол хадгалсан юм. М.Энхболдын тавьсан бас Ерөнхий сайд нь сонгуулийн өмнө хэргээ гаргаж “Хойчийг сайжруулах 21 зүйлт” гэрээг өмнөд хөрштэй байгуулсны эцсийн зорилго М.Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байж болох талтай.
Ийм нөхцөлд М.Энхболд намдаа итгэхгүй байгаа ба өөрийн нь мөнгөөр намын дотоод сонгууль, шинэ зохион байгуулалтыг хийх нь гэж харамлаж байна. Чухам ийм шалтгаанаар эрлийзүүд намын Ерөнхий нарийн бичгийн дарга ажилсаг, шаргуу Д.Амарбаясгаланг У.Хүрэлсүхтэй хардаж, шүүмжилж, хяхах нь хэрээс хэтэрчээ. Түүн рүү чиглэсэн “Намаа нэгтгэн зангидаж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах ажлыг зохион байгуулах чадваргүй, залуудаж байна” гэх мэт “намч, зарчимч” шүүмжлэлийн зэрэгцээ “У.Хүрэлсүхтэй нийлж үндсэрхэж намын эв нэгдэлд сөрөг нөлөө үзүүлсэн, мөнгөнд дуртай” гэх мэт хов жив ч газар авчээ. М.Энхболдын тал ЗГ-ын дэмжлэгээр У.Хүрэлсүхийн гол хүч залуучуудын байгууллагыг хагалахыг оролдсоноос Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нар ил тод зөрчилдөж эхэлжээ. Энэ явцад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохгүй, Засгийн газраа солихгүй байх зорилготой фракц бүрэлдэж, М.Энхболдын хаяж ниссэн үүрэнд үлдсэн “хотынхон, эрлийзүүд”-ээр гол хүчээ болгов.
Эцэст нь М.Энхболд яг Н.Энхбаярын унасан сонгуультай адил намаасаа гадна “хувийн штаб” зохион байгуулсан ба Ц.Элбэгдорж өөрийн “асар үнэтэй” багийг тэр чигээр нь тусламж болгон илгээж, хөлсөлсөн байна. Ингээд мөнгөний урсгал ба сонгуулийн стратеги, тактик бодлогын асуудал Ц.Элбэгдоржийн гарт бүрмөсөн шилжив. Харин МАН-ын Төв аппарат энэ хөлсний цэргүүд, найдваргүй холбоотнууддаа итгэхгүй байгаагаас гадна нам санхүүгийн эх үүсвэргүй болсноос ноцтой зөрчил үүсч эмх замбараагүй байдал, дайсагналцал газар аваад эхэлжээ.
Ингээд арга буюу С.Баярыг будант Албионаас дуудахаас өөр гарцгүй болж, өнөөх нь “нууц ноёнтны дүрд” тоглож эхлэв. Гэвч С.Баяр дуудагдаж ирсэн үү? Дураараа ирсэн үү? гэдэгт маш том, маш том асуултын тэмдэг бий.
МАХН: Маймаа
Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай хийсэн тохирооноосоо буцахгүй бол аюултай гэж үзжээ. Учир нь Н.Энхбаяр бол М.Энхболдоос тохой илүү улстөрч бөгөөд хэрэв дэвшвэл М.Энхболдын саналыг хуваагч төдий ч биш тул М.Энхболдтой тохиролцох арга замыг хайвал Ц.Элбэгдорж өөрөө ганцаардах гээд байв. Ц.Элбэгдорж бол Н.Энхбаяраас дутахгүй хартай хүн. Ар талд нь муйхар гөжүүд Х.Баттлга чинжаалаа хурцалж, урд нь М.Энхболдын ард Н.Энхбаяр билүү хавираад байх юуны сайхан гэж?
М.Энхболд бол бусдын нөлөөнд автамхай, хөвөгч хүн юм. Ямар бодлоготойдоо АН-ын Ерөнхийлөгчийн багийг хүлээн авч санхүүжүүлж байх вэ дээ... Хэрэв Н.Энхбаяр дэвшвэл МАН, МАХН хоёрын санал нэр дэвшигчээ дагаж яг голоороо хуваагдаад Х.Баттулга гарцаагүй ялах нь хэн ч урьдчилж тооцох прогноз юм. Ц.Элбэгдорж хэрэв Р.Амаржаргалыг намаасаа гарч ирсэн бол энэ хувилбар ямар ч асуудалгүй хэрэгжих байсан юм.
Харин Х.Баттулга дэвшсэн тул энэ хувилбарыг хаяхаас аргагүй болжээ. Тиймээс Ц.Элбэгдоржийн өршөөлд найдаад, Солонгост эмчлүүлж байсныгаа “өөрийн эрхээр бус” гэж тайлбарлахад голлон анхаарч байсан Н.Энхбаяр гэнэдчихэж. Үнэндээ Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг ялаас мултлах ажлыг зохион байгуулах өмгөөлөгчийг “илгээж” тусласанд өнөөх нь Н.Энхбаярын гарын үсгийг дуурайлгаж зураад Ц.Элбэгдоржоос өршөөл гуйн мөргөсөн өргөдөл шүүхэд өгсөн байжээ. Харин Н.Энхбаяр “Хэзээ ч өршөөл гуйхгүй...” гэж шүд зуусан хэвээр тул шүүх хурал нь бөөн будлиан болж Н.Энхбаяр “өөрөө нэр дэвшихээс” татгалзсантай адил юм болж дуусчээ.
Нэгэнт өршөөлөөс татгалзсан Н.Энхбаярт угаасаа дэвших шанс байсангүй, тиймээс М.Энхболдод, тойруу замаар Ц.Элбэгдоржид дарамт үзүүлж эхэлжээ. УДШ-ийн тайлбар ба тохсон ялаас хамаарч нэр дэвших ямар ч шансгүйгээ тэр мэдэхийн цаагуур мэдэж байсан атлаа нэр дэвших өргөдлөө ч өгсөн, СЕХ-г ч үймүүлсэн, ингэж бужигнуулснаар үнэ нь сүрхий өсөж байжээ.
Н.Энхбаярыг дэвшихийг болиулмагц дараагийн хувилбар яригдаж байв. С.Ганбаатар МАХН-ын гишүүн биш, хуульч С.Нарангэрэл илүү боломжтой харагдаж байв. Анхны хэлэлцүүлгээр нэр дэвшигчиддээ таван тэрбум төгрөг босгох шаардлага тавьж байсан бол энэ тоо нэг шөнийн дотор, нэр дэвшигчийн материалыг хүлээн авах сүүлчийн орой хоёр дахин өссөн. Яагаад? Үүний цаана маш том эрх ашгийн тохиролцоо явж байв. С.Нарангэрэл хуульч ёс зүйтэй хүн учраас ийм мөнгө босгож чадахгүй гэжээ.
Үнэндээ ийм мөнгөтэй хүн өнөөгийн монголд ганцхан байгаа. Мөнгө босгодог хүн чинь ондоо, жишээ нь Н.Энхбаяр бол ганцхан газраас л босгодог байхгүй юу. Яаж гээч... Тэр нэр дэвшигчдийг мөнгө босгохыг шаардаж байхдаа өөрөө босгож байсан юм. Нэр дэвшигчдэд хэлж байсан мөнгөний тоо нь чухамдаа өгөх талдаа хэлж байгаа үнийн санал байсан билээ. Өөрөөр хэлбэл нэгэнт нэр дэвшихгүй нь тодорхой болсон тэрээр чухам үнээ 5, тэгээд 10 тэрбум болгохын тулд бүхнийг хийсэн. Тэгээд сүүлчийн өдөр ойр орчимд нь бүтэн хоёр сар эргэцсэн, яагаад ч дэвших боломжгүй мэт байхад ч салаагүй С.Ганбаатараар 10 тэрбумыг босгосон нь энэ нэр дэвшилт удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүн болохыг илтгэдэг. С.Ганбаатар яагаад ийм шаргуу тэвчээртэй хүлээсэн бэ?
Ерийн нөхцөлд МАХН өөрийн заналт “дайсан” М.Энхболдын талд эргэлт буцалтгүй оров гэж дүгнэж болох мэт. Гэхдээ энэ бол маш сайн боловсруулсан хуурах тактик юм биш биз? Тав дээр чийрэгнэж байсан хүмүүс 10 дээр яагаад зөвшөөрчихдөг билээ?
С.Баяр. Өөр захиалга
Уг нь М.Энхболд болгоомжилж хардаад С.Баярыг Лондонд томилогдоход их дуртай байсан билээ. Н.Энхбаярыг яалаа? Чухамдаа өөрийнх нь байр суурь яг Н.Энхбаярыг “сэвсэн” үеийнхтэй тун адил байсан билээ. Харин Р.Амаржаргал АН-аас дэвшихгүй нь тодорхой болсны дараа С.Баярыг Лондонгоос урилаа гэж олон хүн таамаглаж байна. Бүгдээрээ Х.Баттулга гэдэг нийтийн дайсны эсрэг одоо хамтдаа тэмцэхгүй бол ялагдана. Тэд бол “Э-бао” бүлэглэл юм. Элбэгдорж, Энхболд, Энхбаяр, Баяр нар. Одоо Н.Энхбаярын зургаан чинжаал Х.Баттулгын гарт орсон гэж тэд үзэж байна. Угаасаа нийгмийн захиалга нь энэ учраас тэд нэгдэхгүй бол өөрсдөө “Илдэн дорх Эбичүүд” болно. Энэ бол бас л өнгөц дүгнэлт. Бүгд ийм дүгнэлт хийж чадна.
Гэхдээ С.Баяр ч өөр захиалгатай ирсэн бол яах вэ?
С.Баяр бол дэлхий нийтийн сонгуулийн үйл явцын түгээмэл хандлагыг маш гярхай ажиглаж мэдэрдэг хүн л дээ. Ялангуяа саяхан болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн тактикийг сайн анзаарсан “тал” байна, эсбөгөөс үүний монгол хувилбарыг хэрэгжүүлэгч болох “хувь заяатай” ч байж болзошгүйг үйл явц харуулж байна. Лэ Пэн сонгуулийн өмнө судалгаагаар яг Х.Баттулга шиг давуу байсан, эрх баригч намууд буюу манайхаар МАНАН нэгдэж ороод ч хэмх цохиулахаа мэдэж байсан юм. Тиймээс гуравдагчийг хүчээр оруулж ирсэн нь санал хувааж хоёрдугаар шатанд хүргэсэн ба эрх баригчдын электорал суурь ба хөвөгч бүлгийн (аль ч намын бус) багахаан дэмжлэгийг нийлүүлээд эрхбиш дарж аваад байгаа билээ.
Ертөнц өөрөө эргэж хөрвөж байгаа, түүнд ялангуяа мэдээллийн ямарваа хориг хаалтгүй Монголчууд автамхай. Судалгаагаар Х.Баттулга яагаад ч дийлдэхгүй нь тодорхой, харин МАХН-д Х.Баттулгын хөвөгч сонгогчдыг татаж чадах ганц хүн нь Н.Энхбаяр. Тэр үнэндээ Ц.Элбэгдоржийн тооцсон шиг М.Энхболдод бус, Х.Баттулгад илүү халтай байсан юм. Гэхдээ Н.Энхбаяр давхар МАН-аас ч санал татаад ялчих ч нөхцөл байсныг Ц.Элбэгдорж бас давхар тооцсон байж таараа. Нарийндаа ийм нөхцөлд Н.Энхбаяр Х.Баттулгаас аюултай. Бүхий л судалгаагаар хэрэв МАХН-аас МАН угшилтай С.Нарангэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын нэгийг нэр дэвшүүлбэл МАХН талын санал хуваагдаж нэгмөсөн унах нь тодорхой болоод байв. Тиймээс дэвшүүлэхгүй байх хувилбарыг тооцож үзэхэд ч халз тулаанд Х.Батулга яалт ч үгүй ялах дүн магадлал өндөр байв. Учир нь Х.Баттулга МАНАН-гийн эсрэг “захиалга” дээр хөвж яваа хүн билээ.
Ийм нөхцөлд хөвөгчийг татах, “захиалгыг” хуваалцах хүн хэрэгтэй болсон нь С.Ганбаатар юм. Энэ бол Францын сая өнгөрсөн сонгуулийн хувилбар юм. МАХН одоо хоёрдугаар шатны санал хураалтын төлөө байлдана гэж үүрэг аваад байгаа ба яг ингэж ятгасан. С.Ганбаатарын санаанд ч мөн энэ хувилбараар Ерөнхийлөгч болчих юм биш байгаа гэсэн “азарт” бол бий юм. Хэрэв эхний шатанд М.Энхболд унавал хоёрдугаар шатанд МАН, МАХН ба нам дамнасан “э-бао” бүлэглэл Х.Баттулгын эсрэг С.Ганбаатарыг дэмжихээс өөр гарцгүй гэж тооцож байгаа юм. Энэ бол “монгол тооцоо”.
Ахиад нэг алхая. Яагаад Лондонд байсан С.Баяр Лондонд сурч байсан гэгдэх С.Ганбаатарыг сонгож, мөнгийг нь гаргах хэлэлцээрт орсон нь гайхал төрүүлэхгүй байна уу? Мөнгийг гурав таслаж өгнө, урьдчилгааг өгсөн, дунд үед хоёр дахь хэсгийг, харин сүүлчийн мөнгийг МАХН-ын амжилтаас шалтгаалж өгөх эсэхээ шийднэ... Бодоод үз дээ! С.Баяр Лондонгоос халаасандаа “С.Ганбаатар” гэсэн нэр бүхий дугтуйтай ирсэн юм биш биз? Гишүүн байхдаа С.Ганбаатар Лондонд олонтаа уригдаж байсан. Хэрэв энэ таамаг үнэн бол ард түмний захиалга Х.Баттулгын эсрэг “Рио Тинто”-гийн захиалга болсон С.Ганбаатар дэвшиж байж болох уу?
Хэрэв тийм бол эхний золио нь, хамгийн сул хүн нь М.Энхболд болж таарч байна. Тэр намаасаа бүрэн таслагдсан тухай тодорхой бичсэн, штабынх нь ажиллагааг С.Баяр ирээд таг гацаасан. Одоогоор хийсэн ганц ажил нь С.Ганбаатар. М.Энхболд С.Баярын зөв гэж бодож байгаа. Гэхдээ гэнэн байх аюултай. Хэрэв хоёрдугаар шат гарах бол эхний золио гарцаагүй М.Энхболд мөн. Яагаад гэвэл С.Ганбаатарыг гаргах гадаад захиалгыг биелүүлэхийн тулд гарцаа байхгүй мөнгө санхүүгийн нөөц ба суурь нэгтгэлийг тооцвол М.Энхболдыг л унагах ёстой. Н.Энхбаяр одоохондоо мөнгөө аваад чимээгүй сууж байж болно. Гэхдээ тэр М.Энхболдыг унагахад оролцсондоо сэтгэл хангалуун бөгөөд ёс суртахууны зөвтгөлтэй байна. Тэгэхээр энэ хувилбараар М.Энхболд нөгөө гурваасаа гадуур хүн болж байна. Тэр тоглоомын хүүхэлдэй...
Энэ сонгууль тун санаанд оромгүй хувилбараар өрнөх туйлын сонирхолтой тоглоом болж болзошгүй байна. Ингэвэл баруунхан Оросыг тойрсон төмөр цагариг үүсгэх тухай энэ тэр бол одоо эртдэнэ.
unen
zochin
zochin
Зочин
Zochin
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Unshigch
Зочин
Зочин
Зориг
Зочин
Сугар
Сугар
МоАХ
Зочин
Зочин
Зочин
Unshigch
Zochin
Зочин
showman
Зочин
Зочин
МоАХ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
denduu
irgen
Зочин
Чук
Mng
sek
Зочин
Зочин
Зочин
Шар хадны эмнэлгийнхний яриа
Tuya
шонх
шонх
Зочин
zochin
zochin
Иргэн
Зочин
Зочин