ЭГЭЛ ҮНДЭСЛЭГЧ

Бэнжамин Франклин америкчуудын зүрх сэтгэлд онцгой байр эзэлдэг. Тэр манай Үндэслэгчид хэмээх, мөнөөх хиймэл үс зүүж, шалбуур өмд өмсдөг цаг үеийн баатарлаг хүмүүсийн дундаас хамгийн нэртэй нь билээ. Хэнри Кабот Лож, Гарри Виллс зэрэг хүмүүс хүртэл түүнийг хамгийн аугаа үндэслэгчийн нэг хэмээн Жорж Вашингтонтой эн зэрэгцүүлдэг юм.1 XVIII зууны үеийн эдгээр баатарлаг эрчүүд дундаас Франклинд хүмүүсийг татах өвөрмөц увидас байх шиг. Тэрээр тэдэн дундаасаа хамгийн ойртож болох, харилцахад амар, хамгийн ардчилсан, хамгийн эгэл боргил нь юм шиг ээ. Олон хөрөгт тэр нүдний шил тохсон, сайхан ааштай, өгөөмөр, настай хүн харагдах бөгөөд нүдэнд нь бутарсан гал цог ямар нэг хөгжилтэй зүйл хэлэх гэж буй мэт санагдуулдаг. Америкийг үндэслэгчид дундаас хажууд нь удаан баймаар, эгэл хүмүүст хамгийн ойр нэг нь Бэнжамин Франклин байсан. Гилбэрт Стюартын хөрөглөснөөр бол уруулаа зуусан, хатуу чанд Жорж Вашингтон дэндүү гэгээн аугаа, ойртож хандахын аргагүй. Томас Жэффэрсон хэдийгээр ардчилсан үзэлтэй гэгддэг ч дэндүү язгуурлаг бөгөөд ихэнх хүний хувьд харьцаад байхааргүй хаалттай хүн. Түүнээс гадна тэр боолын эзэн бөгөөд ихэнх боолдоо эрх чөлөө олгоогүй. Жон Адамс хангалттай эгэл мэт боловч тэр эгэл америкчуудын хувьд ойртоод байхааргүй ааштай, биеэ өргөмжилсөндүү маягийн хүн. Жэймс Мэдисон дэндүү даруу, дэндүү сэхээтэнлэг. Александэр Хамилтон харин дэндүү хурц ааштай, онгироодуу хүн. Энэ хоёр зангийн алин ч түүнийг олны шүтээн болгоно гэхэд хэцүү. Үгүй ээ тэд биш. Ингээд бодохоор XVIII зууны эдгээр аугаа эрчүүлээс гагцхүү Франклин л эгэл олонд хамгийн ойрхон бөгөөд аль ч үндэслэгчээс илүү ердийн, ардчилсан олныг илүү сайн төлөөлж, тэдний бэлгэдэл болж чадах нь юм шиг надад санагддаг.

Тиймдээ ч тэр үү, үнэндээ Америкийн түүхэнд, америкчуудын хувьд сэтгэлгээний бэлгэдлийн чанараараа ямар ч хүн Франклиныг даван гарч чадахгүй. Дайсан Жон Адамс нь Франклины талаар “хар аргыг онолын зальтай” хослуулсан хэмээн шүүмжилж байсантай санал нийлэхгүй байж болох авч “түүхэн дэх хамгийн сонирхол татах хүмүүсийн нэг”2 гэсэнтэй нь санал нийлэхээс аргагүй. Бичиг соёлын түүхч Пэрри Миллэрийн хэлснээр бол Франклин Америкийн түүхэн дэх хамгийн том бэлгэдэл.3

Өнөөгийн эрдэмтэд Америк зан чанар гэдэг зүйл байхгүй гэж боддог болсон ч гэсэн, хэрвээ тийм зүйл байдаг гэх аваас түүнийг хамгийн сайн төлөөлж, бэлгэдэж чадах нь Франклин байх болно. 1888 онд Виллиам Дэн Хоуэллс түүнийг “цаг үеийнхэн дундаасаа, ер нь америкчуудаас хамгийн орчин үелэг хүн” хэмээн нэр цохож байсан ба үүнтэй өөр олон хүн санал нийлдэг.4 Тэр америкчуудын хамгийн өндрөөр үнэлж, хүндэтгэдэг байсан тэр зүйлийн махбодон биелэл байлаа. Түүний эгэл онч үгс, нийтлэлүүд сургуульд суусан мэдлэг боловсролтой философичдоос ч илүүтэйгээр америкчуудад нөлөөлсөн юм.5 Хэдийгээр Франклин төрөлхийн авьяаслаг ч XIX зууны нэг шүтэн бишрэгч нь түүний гаргасан амжилт, цогцлуулсан зан төрхийг “ямар ч хүний хүрч чадах зүйл” гэсэн. Түүний номлолууд эгэл хүмүүсийн өдөр тутмын амьдрал руу нэвчин ордог бөгөөд юуг дагавал сарны гэрэл, юуг дагавал могойн хорлол руу хөтөлдгийг заасан. Чухам энэ нь л түүнийг ардчилсан баатар болгожээ.6

Бусад аугаа үндэслэгчдээс ялгаатай нь Франклин амьдралын замналаа доогуур зиндааны хэвлэгч хэмээх гар урлалын ажлаас эхэлсэн бөгөөд улмаар өөрөө өөрийнхөө амжилт, амьдралын архитектор нь болсон. Өөрийнхөө гараар амжилтаа цогцлуулсан түүний амьдрал үнэндээ Америк маягийн амжилтын сонгодог түүх бөгөөд удам судар муутай эгэл хүн эд баялагт хүрэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр алдартай хүн болсныг харуулдаг. Баялагт хүрэх зам бүтээлийн зохиогч тэрбээр арвич хямгач, бүтээлч байдлаараа хүн Америкт дээшээ, оргилд хүрч нийгмийн зиндаагаа өөрчилж болдгийн илэрхийлэл болсон. Тэр өөрөө ч зориудаар бүтээсэн түүний талаарх төсөөлөл: сугандаа талх хавчуулсан арван долоотой залуу, аянга буухыг хүлээн дээшээ цаасан шувуу хөөргөж буй эрдэмтэн, амжилтад хүрэх мөрдлөг боловсруулах гэж хичээсэн шантрашгүй ёс зүйч гэсэн эдгээр төсөөлөл америкчуудын дунд ам дамжсан яриа, домог, ардын уран зохиол болон түгэн дэлгэрсэн юм. Бүхэл бүтэн Америк орныг хэн нэг хүнээр дүрсэлж, илэрхийлж болдог юмаа гэвэл тэр хүн нь Франклин байх болно. Тийм ч болоод тэр үү Фрэдэрик Жэксон Төрнэр зэрэг үй олон намтарч түүнийг “хамгийн анхны аугаа Америк хүн” хэмээн нэрийдсэн нь гайхах зүйл биш биз ээ.7

Тэр бол өөрөө л биеэрээ улс орон байсан хэмээн Атлантик Монтли сонин 1889 онд өгүүлсэн бөгөөд “яг л залуу хүмүүс цуглаж нэгдэн, өөрсдийнх нь хүч улам нэмэгдэж буйг мэдэрч буй мэт өөдрөг гярхай ухаан, эрүүл саруул байдлын биелэл болсон хүн байлаа”. Тэр америкчууд өөрсдийнхөө тухайд бахархах дуртай тэр бүх зүйлийн - тэдний уужим саруул зан, хар ухаан, прагматизм, шинийг бүтээгч сэдэгч зан, алив-зүгээр-суулгүй-босоод ажилла-амжилтад хүр хэмээх үзэл бодлын илэрхийлэл байлаа. Аянга зайлуулагч шон, хол-ойрын хараатай нүдний шил, Франклины зуух болон өөр бусад хэрэгцээт багаж хэрэгслүүд зохиосноос гадна эгэл хүмүүс өөрсдийн аз жаргал, амжилтыг түүнтэй холбон, түүнээс олж хардаг нь өдгөө ч хэвээр ажээ. 1833 оны АНУ-ын түүхийн номд түүний талаар “бидний орон байрыг дотроос нь дулаацуулахын зэрэгцээ тэнгэрээс буух аянганаас бас хамгаалж өгсөн” гэж. 1827 онд Колумбын сургуулийн сурах бичигт түүнийг “сурах боломж олдоогүй эгэл хүмүүст мэдлэгээ хуваалцдаг” хэмээжээ. 1864 онд нэгэн шүтэн бишрэгч нь түүний талаар “жинхэнэ Америк хөрсний бүтээгдэхүүн” гэж байв.8 Сая сая хүмүүс түүний Ядуу Ричардын “Эрт унтаж эрт босох нь хүнийг эрүүл чийрэг, баян, ухаантай болгоно” гэх мэт зүйр үгсээс иш татаж, амьдралынхаа мөрдлөг болгож байлаа.9 Эд хөрөнгө хурааж, баян чинээлэг болох гэж тэмүүлсэн хүмүүс Франклины бүтээлүүдийг уншиж байв. Тэр америкчуудын үнэлдэг бүтээлч, арвич хямгач, хэмнэлттэй байдал зэрэг бүхий л материалист үнэт зүйлсийн биелэл байлаа.

XIX зууны дундуур Франклин эгэл хүмүүсийн хуулбарлан дагах үлгэр дуурайл болоод зогсохгүй гадаадынхны Америк үнэт зүйлсийг төсөөлөн ойлгодог хамгийн нууцлаг дүр болон хувирсан юм. Америкийн аж ахуйч байдал, мөнгө хийгч ухаан, урагш тэмүүллийн илэрхийлэл мэтээр тэр хилийн чанадад ойлгогддог болов. Америкт ирж буй цагаачид түүгээр Америк орныг төсөөлж байлаа. Өнөөгийн XXI зууны цагаачийн хувьд хүртэл Америк орон боломж, хийморийн өлгий нутаг, сайн ажиллах юм бол амжилтад хүрч болдог орон хэмээн ойлгогдсон хэвээр байна.10 Тийнхүү амжилтын оргилд хүрч болдгийг Франклинаас өөр хэн ч илүү тод харуулаагүй. XIX зуунд дунд сургуулиуд хүүхдүүдэд ёс суртахууны талаар заахдаа түүний Өөрийн намтар-ыг ашиглаж байв. Олон хүн түүний зохиолыг библиэс дутахгүй цээжээрээ мэддэг байсан. Аламод нас барах үед нь Дэви Крокэтын авч явж байсан ном библи биш харин Франклины Өөрийн намтар байсанд гайхах зүйл үгүй биз ээ.11