“Хоккайдо хүйтэн байгаа шүү. Дулаахан хувцастай яваарай” гэж Токиод таарсан танилууд маань хэлнэ. Гэхдээ нэгдүгээр сарын сүүлчийн тачигнасан хүйтнээс ирсэн намайг Хоккайдогийн хүйтэн хэрхэн барьц алдуулах билээ дээ. Японы хамгийн хойд хэсгийн том арал болох Хоккайдо мужийн төв Саппоро руу цаг гаруй нисэв. Биднийг очих үед сайхан дулаахан болчихлоо гээд хэн хүнгүй тэнэгэр байцгаана. Заримдаа их цас унасан үед нислэг хэдэн өдрөөр ч хойшлох тал бий ажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард цас лавсан орсноос нислэг гурван өдрөөр хойшлогдож, хятадууд голдуу хэдэн зуун жуулчин онгоцны буудал дээр хоригдоход хүрчээ. Сүүлдээ хоол ундны хомсдол үүсч бослого гарах шахсан яриа дуулдаж байсан. Харин биднийг очиход нар ээж, их утаанаас дайжсан би цэвэр агаарт цохигдохоо шахав. Угаасаа агаарын бохирдолд хямарсан хүмүүс цэвэр агаар­тай газарт очихоороо эхний хэд хоног нус нулимс нь гоожиж, долоо хоноход бөөн, бөөн цэр гадагшилж уушиг нь хэрдээ баярладаг юм гэсэн. Би ч тэр жишгээр Хоккайдогийн цэвэр агаараар дайлуулаад л авлаа. Манайхан сааралтсан их утаан дундаа ч маск зүүх нь ховор. Гэтэл тэнгэр нь цэнхэртэж, агаар нь сэнгэнэсэн байтал япончууд амны хаалтыг ихээр хэрэглэх юм. Эмийн сан, дэлгүүрт нь янз бүрийн шүүлтүүртэй үй түмэн төрлийн амны хаалтууд ч зөндөө. Хүмүүс ч олон ний­тийн газраар явахдаа уйгагүй зүүх. Эрүүл мэндээ хамгаалж, элдэв өвчнөөс сэргийлэхийн тулд зүүмээр л санагдсан шүү.



Саппоро хотод буугаад хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл цас цэвэрлэх машин. Манайхан аль арваннэгдүгээр сараас сандаргасан цасны асуудлаа өвөлжин ярьсан болоод ч тэр үү, манай өвөлд унах арван гурав дөрвөн удаагийн цасны дэргэд цас орсон шиг ордог энэ газар асуудлаа яаж шийддэг юм бол доо гэсэн бодол эрхгүй төрж байлаа. Автозам нь харлаж, харин замын хажуугаар бараг хүний өндөртэй болтол давхарласан цас харагдана. Цас орсон даруйд нь цасны машинаар цэвэрлээд байхаар элдэв асуудал гарах нь бага бололтой. Газарзүйн байршлаараа дэлхийн хам­гийн их цас унадаг газруудын нэг Саппорогийн цасны баяр сүртэй сайхан болно. Анх 1950 онд эндхийн зургаан оюутан өөрсдийнхөө сонирхол хүслээрээ зургаан ширхэг мөсөн баримал хийж гарааг нь тавьжээ. Харин одоо жилд 400 орчим баримал, байгууламжийг хоёр сая гаруй жуулчин ирж сонирхдог том арга хэмжээ болжээ. Намайг тэнд очих үед жил бүрийн хоёрдугаар сарын эхээр хийдэг Мөсний баяраа зохион байгуулах гээд саппо­рочууд ид завгүй байсан. Энд тэндээс цас цуглуулж авчирна гэдэг үндсэн том ажил нь юм билээ. 1972 оны Саппорогийн өвлийн олимп бол Азид анх удаа өвлийн олимпийг зохион байгуулсан үйл явдал хэмээгддэг. Тэр үед ашиглагдаж байсан цанын трамплейнүүд одоо хэр завгүй, хүүхэд залуучууд амралтын өдрөөрөө гулгаж, байнгын уралдаан тэмцээнүүд хөвөрдөг ажээ. Өнгөрсөн сарын сүүлээр Азийн өвлийн тоглолт болж, манайхан нэлээд олон төрлөөр оролцоод ирсэн. Намайг мэндлэхээс өмнө болсон олимпийн байгууламжууд одоо хэр ашиглагдаж байхад өнгөрсөн Риогийн олимпийн байгууламжууд сүйдсэн мэдээг хараад харамсалтай санагдаж байсныг нуух юун. Тэгэхээр хэр их цаг хугацааг туулсандаа биш, хэн гэдэг үндэстэн ямар хэмжээний сэтгэл гаргадагтай бүх зүйл холбоотой юм байна даа.

Уг нь Мөсний баярт зориулж уулнаасаа ачааны том тэргүүдээр цас зөөдөг талаар харснаа сонирхуулах гэж байснаа хадуураад бүр бразилчуудын талаар яриад явчихлаа. Өмнөх дугаарт өгүүлсэн Японы газар нутгийн маргаантай асуудлуудын талаар сонсч дуулсан тэр дундаа Курилын арлуудын талаар сонссоноо хүргэе.

Хоккайдо мужийн захир­гаан дээр Хойд газар нутгийн бодлогын төв гэж бий. Бидний ярьдгаар Курилын арлууд нь нийт 10,503.2 кв.км газар нутаг бүхий 56 арлаас тогтох бөгөөд Орос, Японы хооронд маргаантай байж ирсэн нь тэдгээрийн дөрөв нь ажээ. Хоёр нь хэмжээгээрээ том, хоёр нь жижигхэн.  Нийл­бэр нь 5,036 кв.км болдог гэхээр нийт арлуудын тал шахам нь болно. Хоккайдогоос хамгийн ойр Эторофу, Куна­шири, Шикотан, Хабомай арлууд хоёр орны хувьд 70 жилийн турш маргаан болж иржээ. Ерөнхийдөө бол энэ арлууд бол айну үндэстний нутаг ажээ. Уугуул иргэд нь айнучууд. Курил гэдэг нь айну үг аж. Хоккайдо арлын уугуул иргэд ч айну. Саппоро ч айну гаралтай үг гэсэн шүү.

Хоёр улс өөрсдөдөө аль ойр талаасаа арлуудыг нээж анхаарсан нь 1600-гаад оны сүүлч 1700-гаад оны эхээр юмдаг уу даа. Одоо Оросын мэдлийн Курилын арлууд дээр айну үндэстэн байна, Хоккайдод ч байдаг юм билээ. Ингээд өөр өөрсдийн арлууд дээрээ хэдэн зуун жил дамнан ажин түжин амьдарч ирсэн байдал Дэлхийн хоёрдугаар дайны үеэс өөрчлөгджээ. Дайнаас хамаагүй өмнө хоёр тал хэдэнтээ гэрээ хэлэлцээр хийж байсан ч хилийн зурвасаа эцэслэж зураагүй нь түүхэнд үлджээ. Япончууд энэ дөрвөн арлаа Хойд хил хязгаарын нутаг хэмээнэ. Дайнд ялагдаж, дэлхийн өмнө буруутан болж байх үед улс орон бүрийн шаардсан нэхсэн бүрийг Япон зөвшөөрч байсан цаг л даа. Манайд хүртэл дайны төлбөрт “Говь” үйлдвэрийг бас өөр юутай ч билээ барьж өгсөн гэдэг дээ. Тэр үед холбоотны үйлдсэн бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахдаа Курилын арлууд өөрсдөд нь хамаагүй гэж зөвшөөрсөн юм билээ. Харин тэр гэрээн дээр нөгөө талаас оросууд гарын үсэг зураагүй нь үг гэрээг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн том агуулга байдаг бөгөөд нөгөө талдаа япончууд “Бид Курилын арал гэдэгт өөрсдийн үе дамжин амьдарч ирсэн дөрвөн арлыг оруулж хэлээгүй. Угаасаа манай хойд хил хязгаар” гэж мэтгэсээр иржээ. Тухайн үед дээрх дөрвөн арал дээр Японы 17 мянган иргэн амьдран суудаг байсан бөгөөд нэг ч орос хүн амьдардаггүй байсан байна. 1946 оноос дээрх арлуудад эрх мэдлээ тогтоосон оросууд 1949 он гэхэд бүх япончуудыг хөөн гаргасан бөгөөд тэр цагаас хойш хоёр орны хооронд хилийн маргаан тасраагүй иржээ. Гэхдээ харилцан ярилцаж ямар нэг байдлаар асуудлыг ахиулсаар байгаа гэж болно. Хуучин тэнд амьдарч байсан иргэд болон тэдний үр садыг уугуул нутагтаа очихдоо визгүй зорчдог болгож, өвөг дээдсийнхээ шарил бунханг эргэх хөтөлбөр, хоёр талын иргэд солилцооны хөтөлбөр гээд хэрэгжүүлсээр ирсэн ажээ. Нөгөө талаас тэнд амьдардаг Оросын иргэдэд ч визгүй зорчиж, эмнэлэг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломж нэмэгддэг байна. Үнэндээ Москвагаас хэдэн мянган бээрийн зайтай орших Алс дорнодын иргэдэд өндөр хөгжилтэй Японы хил хэдхэн км-ийн зайд байгаа хэрэг л дээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзах үед нэлээд нааштай хариу сонсч магад гэсэн хүлээлт япончуудад байсан байж ма­гад­гүй юм. Уулзалтын да­раа шийдвэртэй хариу авсангүй, номхон хүлцэнгүй байлаа гэсэн шүүмжлэлээр иргэд нь Абэг булсан сураг дуулдаж байсан. Олон улсын ажиглагчид эдийн засгийн хувьд хамтран ажиллах бо­ломж­той гэж тохирч чадсан нь том алхам. Эдийн засгийн үүднээс харилцан ярилцаад яваандаа оросууд дөрвөн арлыг япончуудад өгч ма­гад­гүй гэсэн таамаглал гарга­чихсан байсан. Харин япончууд энэ тал дээр тэгнэ ингэнэ гэж таамаглаж мэдэхгүй сууна лээ. Ямартай ч эдийн засгийн хувьд хамтрах болсон гэж нөгөө л даруухан бүрхэг хариултаа өгч байсан билээ. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн олон улсын мэдээллийг харж байхад оросууд Курилын арлууд дээр бусдаас дэмжлэг авахгүй өөрийн хүчээр хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэсэн мэдээлэл яваад байхыг харахад япончуудын найдаж байгаа хүлээлт дахиад га­цаанд орсон байх талтай. Хэн мэдэх билээ дээ. Хамтарч ажиллахаар болж байсан оросууд тийм мэдэгдэл хийснээс харахад магадгүй л гэж бодсон хувь миний таамаглал шүү дээ.

Хоккайдод удаагүй ч гойд сэтгэгдэл төрүүлсээн. Мөсний баяр, шар айраг, амтат раменаараа алдартай энэ нутгийнхан сүүлийн жилүүдэд манайхтай нэлээд ойртож байгаа. Мэдээж, үндэстэн хоорондын ойрсол, сэтгэлийн нэгтгэл ганц нэгхэн хүний хүч хөдөлмөр, сэтгэлээр урагшилж байдаг гэдгийг илүүтэй мэдэрсэн билээ. Үүнийг хойно жич үргэлжлүүлье.