Монголын дундчуудын бүтэц, бүрэлдэхүүн: Бодит байдал
Монголын дундчуудын талаар хийсэн урьд өмнөх судалгаануудыг задлан шинжилж, Монголын дундаж давхарга гэж хэн болох, нийгмийн ямар бүлэг, хэсгийг үүнд хамааруулж ойлгох талаар авч үзэв.
Түрүүчийн нийтлэлдээ олон улсын жишээ баримтуудтай харьцуулан үзэх аргаар Монголын нийгмийн дундаж давхарга, түүний өөрчлөлт, хувьслын байдлыг тодорхойлохыг оролдсон бол энэ удаа Монголын дундчуудын талаар хийсэн урьд өмнөх судалгаануудыг задлан шинжилж, Монголын дундаж давхарга гэж хэн болох, нийгмийн ямар бүлэг, хэсгийг үүнд хамааруулж ойлгох талаар авч үзэв.
Дундаж давхарга бол аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч төдийгүй улс төрийн болон нийгмийн амьдралд нөлөөлөгч хамгийн том сонирхлын бүлэг байдаг. Тэд боловсрол мэдлэг, мэргэжил ур чадвар, эдийн засгийн болоод нийгмийн үйл ажиллагаанд оролцох идэвхи, санаачлагаараа нийгмийн бусад бүлгийнхэнээс ялгарч байдаг учраас эрх баригчид өөрсдийн боловсруулан хэрэгжүүлдэг бодлого, арга хэмжээг тэдэнд зориулан, тэднийг өөртөө татахыг эрмэлздэгийг олон улсын жишээнээс харж болно.
Дундаж давхаргыг тодорхойлсон албан ёсны нэгдсэн тодорхойлолт, хэмжүүр байдаггүй, улс орон бүр өөр өөрийн онцлогийг тусгасан байдлаар өнөөг хүртэл тодорхойлж, хэмжсээр ирсэн хэдий ч улс орнуудын Засгийн газраас “дундаж давхарга”-д зориулан хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд ижил төстэй байдаг.
Ер нь дундаж давхарга ихтэй нийгэмд эдийн засгийн өсөлт илүү байдаг. Учир нь дундаж давхаргын хэрэглээ өндөр, нэр төрөл нь олон, хэрэглээгээрээ дамжуулж худалдан авалт их байдаг учраас худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх боломж гарч, бизнесийн өсөлт сайн, хуримтлал их байдаг байна.
Хөгжингүй орнуудын туршлагаас харахад татварын дийлэнхи хэсгийг бүрэлдүүлж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд голлох хувь нэмэр оруулдаг эдийн засгийн хувьд хүчирхэг дундаж давхаргатай байж чадвал Засгийн газрыг хариуцлагатай болгоход нөлөөлөөд зогсохгүй, тэдний нөлөөгөөр нийгэм дэх ядуурлын түвшинг бууруулах боломжтой болдог байна.
Нэг талаас дундаж давхарга бол эдийн засгийг тогтворжуулагч төдийгүй дотоодын хэрэглээг өсөн нэмэгдүүлэгчид, нөгөө талаас, дундаж давхаргынханд өөрсдийн эдийн засгийн сонирхлоо хамгаалахын тулд макро эдийн засгийн тогтвортой орчин маш чухал. Дундаж давхарга өсч, татварын суурь нэмэгдэхийн хэрээр улс орны дотоодод татварын орлого нэмэгдснээр нийгмийн суурь үйлчилгээнүүдэд зарцуулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ. Хүмүүс чанартай, хүртээмжтэй үйлчилгээг авахын хэрээр татвараас зугтах, зайлсхийх байдал буурч, татвар төлөх сонирхол улам нэмэгдэх эргэх холбоотой байдаг билээ.
Тэгвэл Монголын дундчууд гэж хэн бэ? Монголын нийгмийн дундчуудын өнөөгийн байдлын талаар хийсэн томоохон судалгааны нэг болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлэн 2003 онд хэрэгжүүлсэн “Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх талаарх судалгаа” сэдэвт төсөлд дундчуудыг хэрхэн тодорхойлсныг авч үзье. Уг судалгаанд:
- 2013 оны үнээр нэг хүнд ногдох орлого нь 168,750 - 393,750 төгрөг байгаа өрхүүдийг дундаж дундаж орлоготой бүлэг гэж үзсэн ба эдгээр өрх Монгол Улсын нийт өрхийн 49.5 хувийг эзэлж байна гэж дүгнэсэн байна.
- 2008 онтой харьцуулахад дундаж орлоготой бүлэг 12.8 пунктээр өссөн дүн 2013 онд гарчээ. Дундаж орлоготой бүлгийн хувь хэмжээнд гарсан өөрчлөлтийн 67 орчим хувь нь ядуу хэсгээс аж байдлын илүү сайн хэсэгт орсон өрхүүд, 33 орчим хувь нь дундаж бүлгээс чинээлэг бүлэг рүү шилжин орсон өрхүүд байна гэж судлаачид үзжээ.
- Дундаж орлоготой бүлгийн өрхүүдийн хүн ам зүйнбүтэц болон орлогын байдал, санхүүгийн чадавхи, нийгмийн сонирхол, байр суурийг авч үзэхдээ: Эдгээр нь 3-4 ам бүлтэй, бүрэн дунд түүнээс дээш боловсролтой, хүүхдээ их дээд сургууль, коллежид сургах чадвар болон хүсэлтэй, эрүүл мэндийн даатгалтай, ажилтай, эсвэл хувийн бизнестэй, иймээс тогтмол орлоготой, тодорхой хэмжээнд зээл авах, хадгаламж хийх чадвартай, тохилог орон байр, машин унаатай өрхүүд байна гэж дүгнэжээ.
Уг судалгааныхан хүн амын дундаж орлоготой бүлгийн шинжилгээ, тэдний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн нийтлэг шинж байдлыг харгалзан судалсны үндсэн дээр цаашид Монгол Улсын “Дундаж давхарга”-ыг байршлыг дараах байдлаар тодорхойлж болохыг санал болгосон байна. Энэ нь Монголын нүүдлийн болон суурин соёл иргэншлийн хосолсон өвөрмөц байдлыг тусгасан хүн ам, газар зүйн байршлын зохистой загвар болсон байна. Гэхдээ үүнийг нийгмийн давхраажилтын судалгаагаар нарийвчлан судлах шаардлагатай гэж тэд үзсэн байна. Үүнд:
Улаанбаатар: Нэг хүнд ногдох сарын орлого 168750.0-393750.0 төгрөг байхаас гадна гэр бүлийн гишүүд нь ажилтай, эсвэл хувийн бизнестэй, орон сууц эсвэл тохилог сууцанд амьдардаг, хувийн хэрэглээндээ машинтай, хүүхдийн болон гэр бүлийн хадгаламжтай, жилдээ гэр бүлийн амралттай, хүүхдүүдээ их дээд сургууль, коллежид сургаж чаддаг өрхүүд.
Аймгийн төв: Нэг хүнд ногдох сарын орлого дэээрхитэй ижил байхаас гадна гэр бүлийн гишүүд нь ажилтай, эсвэл хувийн бизнестэй, орон сууц, тохилог сууц эсвэл хувийн хашаа байшин амьдардаг, хувийн хэрэглээндээ машинтай, хүүхдийн болон гэр бүлийн хадгаламжтай, жилдээ гэр бүлийн амралттай, хүүхдүүдээ их дээд сургууль, коллежид сургаж чаддаг өрхүүд.
Сумын төв: Нэг хүнд ногдох сарын орлого ижил байхаас гадна гэр бүлийн гишүүд нь ажилтай, эсвэл хувийн бизнестэй, хувийн хэрэглээндээ машинтай, хүүхдийн болон гэр бүлийн хадгаламжтай, хүүхдүүдээ их дээд сургууль, коллежид сургаж чаддаг өрхүүд.
Хөдөө: Нэг хүнд ногдох сарын орлого 168750.0-393750.0 төгрөг байхуйц аж ахуй эрхэлдэг, 1 хүнд ногдох бод малын тоо 50-100, хувийн хэрэглээндээ машинтай, хүүхдийн болон гэр бүлийн хадгаламжтай өрхүүдийг хамааруулан авч үзсэн байна.
Энэхүү судалгаа нь Монголын дундаж давхаргыг тодорхойлоход онол, арга зүйн чухал ач холбогдолтой болсон бөгөөд Монголчуудын нэг хүнд ногдох орлогын хэмжээгээр “дундаж орлоготой өрх”, “дундаж орлоготой бүлэг”-ийг тодорхойлож чадсанд судалгааны гол онцлог оршино. Мөн дундаж орлоготой өрхүүдийн хүн ам зүй, газар зүйн зохистой байршлыг гаргаж тавьснаараа талархалтай. Гагцхүү орлогоос гадны дундаж давхаргыг тодорхойлодог нийгэм, сэтгэл зүйн онцлогуудыг илүүтэй гаргаж тавих судалгааны зорилтыг энэхүү судалгаанд дэвшүүлэн тавиагүй гэж хэлж болно.
Харин МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Б.Энхцэцэгийн багийн хийсэн “Дундаж давхарга” судалгааны дүгнэлтүүд дан ганц орлогын хэмжээгээр бус дундаж давхаргын эдийн засаг, нийгэм, улс төр, сэтгэл зүйн үүрэг оролцоог илүүтэй гаргаж тавьсан санагдлаа. Үүнд:
Нэг. Тэдний үзэж байгаагаар хүний анхдагч хэрэгцээгээ хангаж чадаж байгаа хүмүүс дундаж давхаргын хүрээлэлд багтаж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, өмсөх, зүүх, идэж уух, өдөр тутмын зарлагаа нөхөх чадвартай хүмүүсийг дундчууд гэж тэд үзсэн байна.
Уг тодорхойлолтоор Дундаж давхаргынханы гол шинж нь ажилтай (төрд болон хувьд ажиллаж байгаа), орон сууцтай (хотын төвийн нийтийн орон сууцанд амьдардаг, гэр хороололд бол амины орон сууцтай), тодорхой хэмжээний санхүүгийн хуримтлалтай, мэдлэг боловсролтой, тогтсон амьдралтай, өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх итгэл найдвартай, өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч буй, шударга, нийгэмд хамгийн тунгалаг бүлэг хэсэг ажээ. Түүнчлэн сэтгэл санааны хувьд хамгийн их аз жаргалтай хүмүүс байдаг гэж судалгаанд оролцогчид тодорхойлжээ.
Хоёр. Судлаачид дундаж давхаргынханд тулгамдаж буй гол эрсдэлтэй асуудлууд нь ажлын байр, эрүүл мэнд, орон байрны асуудал байгааг тэмдэглэжээ. Үүнд:
- Хувиараа хөдөлмөр эрхлэхэд ажлын байрны түрээс өндөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, хамгаалалт тааруу, зээлийн хүү өндөр учраас эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Учир нь зээлтэй яваа хүмүүс бизнес нь муудахад ядуу ангилалд орох эрсдэл өндөртэй байдаг байна.
- Дундаж давхаргынхан төрийн албанд ихэвчлэн ажилладаг нь мөн эрсдэл дагуулдаг гэжээ. Улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн дүнгээс хамаарч тус давхаргын маш олон хүн ажилгүй болдог байдлаар үүнийг тайлбарласан нь зүйтэй юм.
- Тулгамдаж буй дараагийн асуудал нь эрүүл мэнд гэжээ. Дундаж давхаргын хүмүүс хамгийн олноор эрүүл мэндийн даатгал төлж, хамрагддаг боловч даатгалаар үйлчлүүлж чаддаггүй. Гол нь эрүүл мэнд муудах, өвчих тусах тохиолдолд эмнэлэгт үзүүлэх, дугаарлах цаг зав муутай байдаг тул өөрөө өөрсдийгөө эмчилдэг, аль болох өвчин тусахгүйг хичээж, гэр бүл амьжиргаандаа гол анхаарлаа хандуулж байдаг нь өнөөгийн дундчуудын онцлог гэж үзсэн байна. Нэн шаардлагатай тохиолдолд цаг хугацаа болон эмнэлэгийн баталгаатай үйлчилгээг авах үүднээс дундаж давхаргынхан хувийн эмнэлэгт мөнгийг нь төлөөд голдуу үйлчлүүлдэг гэж дүгнэжээ.
- Дундаж давхарга орон сууцны зах зээлийн хамгийн том хэрэглэгчид гэнээ. Гэхдээ зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг, шат дамжлага ихтэй байдаг зэрэг нь дундаж давхаргынхан гэр хорооллоос орон сууцад шилжих боломжийг хязгаарлаж байна гэж үзсэн байна.
Гурав. Улс орны эдийн засагт дунд давхаргын эзлэх байр суурь бусад бүлэгээс өндөр байдаг байна. Ажлын байр, ажиллах хүчин, улмаар татварын орлогын ихэнхи хувийг тэд бүрдүүлдэг. Банкнаас хамгийн олноор зээл авч банкны үйл ажиллагааг дэмжихийн сацуу өөрийн гэсэн хуримтлал үүсгэдэг. Мөн ажлын байр бий болгож, аль ч салбарт худалдан авалт хийж ашиг орлого оруулж өгдөг.
Дөрөв. Дундаж давхаргынхан нийгэм, улс төр, эдийн засгийн оролцоо хамгийн өндөртэй бүлэг. Тэд нийгмийн гол түлхэгч хүч бөгөөд нийгэмд тогтвортой байдлыг бий болгож байдаг гэж судлаачид дүгнэжээ.
Тэдний үзэж байгаагаар хамгийн тогтвортой үлгэр жишээ гэр бүл дундаж давхаргынхан. Тэд хүүхдүүдээ боловсролтой болгохын зэрэгцээ нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Нийгмийг бүхий л талаараа авч явдаг “мотор” гэж дүгнэсэн байна.
Дундаж давхаргын улс төрийн оролцоо өндөр байдаг байна. Сонгууль, улс төрийн үйл ажиллагаанд өөрийн бодолтой, идэвхитэй оролцдог. Өөрийн хүсэл сонирхолд нийцсэн хүнийг сонгох чадвартай. Сонгуульд оролцогчдын гол цөм, ирцийн дийлэнх хувийг нь дундаж давхаргынхан бүрдүүлж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сонгуульд идэвхитэй оролцдог байна. Мөн дундчууд боловсролтой, байр суурь сайтай учир нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж чадах чадвартай улс гэж судлаачид дүгнэжээ.
Монголын нийгмийн хүн ам зүйн бүтэц, бүрэлдэхүүний талаар гадаадын судлаачид, ажиглагчид ч өөр өөрийн дүгнэлтийг хийж байдаг байна. Тухайлбал, “Монголын нийт баялгийн 85 хувийг ердөө 300 гэр бүл эзэмшдэг” гэсэн тооцоог Монголд ажиллаж, амьдарч байгаа америкчууд гаргажээ. Зарим эх сурвалж нийт баялгийн 90 хувь нь хүн амын нэг хувьд ногддог гэсэн тооцоог ч танилцуулж байсныг бид санаж байгаа. Тэдний судалгаагаар хүн амын 30-40 хувь ядуу.
“Тэгэхээр дундаж давхарга ер нь Монголд бий юу” гэсэн асуулт аяндаа гарч ирж байна.
Бид хэнийг дундаж давхаргад хамруулж ойлгож байна вэ? Ингэж асуувал, эн тэргүүн дээд мэргэжилтэй, тогтмол ажлын байртай сэхээтний бүлгийн хэн боловч өөрийгөө дундаж давхаргад тооцох байх. Гэхдээ өнгөц харахад л тэд “дундаж давхарга” болохоос биш үнэндээ бол маш баталгаагүй нөхцөл, найдваргүй ирээдүй тэдний өмнө байдаг. Дундаж давхаргынхны амьдралын гол баталгаа болох орон сууц гэхэд тэдэнд маш дутагдалтай байдалтай байна. Гэтэл Хятадад дээд сургууль төгсгөсөн мэргэжилтэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцөлөөр авах эрхтэй байдаг байна. Хугацаанаас өмнө орон сууцны асуудлаа өөрөө шийдвэрлэсэн бол үнийн зөрүүг тооцож улсаас олгодог аж. Гэтэл Монголд дундаж давхаргын 37 өрх тутмаас ердөө нэг л хүн моргэйжийн зээл авах шаардлага хангаж байна гэсэн судалгаа бий.
Өнөөдөр олонх улс орон нийгэм, эдийн засгийн хөгжлийнхөө гол зорилгыг хүчирхэг чинээлэг дундаж давхаргыг бий болгох хэмээн томьёолох болсныг бид дээр тэмдэглэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама “чинээлэг дундаж давхаргын хүчирхэг нуруун дээр улс орон хөгждөг учраас энэ хэсгийг дэмжиж” ирснийг бид мэднэ. Учир нь нийгмийн баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, бас татвар бүрдүүлэгч хамгийн гол хэсэг нь хүн амын дундаж давхаргынхан байдаг. Гэтэл Монголд дундаж давхарга нь ямар эмзэг, сул болохыг цөөнгүй жишээнээс харж болно.
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн дэргэд 2010 онд АНУ-ын Мэрилэндийн Их Сургуулийн IRIS төвтөй хамтран Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (ERI) нэртэйгээр байгуулсан бодлого судлалын хараат бус төвийн судлаач З.Манлайбаатар Монголын дундаж давхарга сүүлийн 12 жилд хэрхэн өссөн талаар судалгаа хийснээ 2017 оны 2-р сард танилцуулсан бөгөөд энэ судалгаагаар дундаж давхарга нийт өрхийн 30-90 хувийг эзэлж байна гэсэн нэн сонирхолтой дүгнэлтийг хийсэн байна.
Тооцооллын арга хэлбэр, хэмжилтээсээ шалтгаалаад дундаж давхаргын хэмжээг янз бүрээр гаргаж ирж болох аж. Өрхийн орлого эсвэл зарлага, үгүй бол зөвхөн хөрөнгөн дээр нь үндэслэж ийнхүү янз бүрийн тоо гаргаж ирж болно. “Жишээ нь, хатуу тодорхойлолтоор хэмжвэл, манай улсын дундаж давхарга 30 хувь байна. Тэгэхээр тухайн судалгааг аль талаас нь хийсэн бэ гэдэг нь их чухал. Бидний хувьд орлогын эх үүсвэрийг гол үзүүлэлт болгож тооцсон. Тэгвэл нөгөө талд зөвхөн хөрөнгөтэй нь холбосон үзүүлэлтийг ч гаргах ёстой байдаг” гэж судлаач маань ярьжээ.
Судлаач З.Манлайбаатар, Б.Цэндсүрэн нар Үндэсний Статистикийн Хорооны тоог ашиглаад өрхийн бодит орлогыг тооцон гаргаж, улмаар хэд хэдэн төрлийн хэмжилтийг хийж, 4-5 тодорхойлолтоор дундаж давхарга хэд байна вэ? гэдгийг тодорхойлосон байна.
- “Азийн Хөгжлийн Банкны 2008 оны Азийн хөгжиж байгаа 20 гаруй оронд хийсэн судалгаа байдаг. Энэ судалгаагаар манай дундаж давхарга 70 хувьтай гарч байсан бөгөөд энэ судалгааны орлогын босго нэлээн сул байсан. Тэгэхээр аргачлалаасаа хамаараад тоо яаж ч гарч болно” гэдгийг судлаалчид маань онцлон тэмдэглэсэн байна.
- ERI-ийн энэхүү судалгаагаар 2002-2014 оны өрхийн дундаж орлогоор дундаж давхаргыг хэмжихийг оролдсон байна. Тэд “хамгийн сул хэмжилтээр хэмжиж үзэхэд Монголын дундаж давхарга 85 орчим хувьтай гарч байгаа бол орлогын босго өндөр хэмжүүрээр хэмжвэл 30 орчим хувь, харин байж болох дундаж хэмжүүрээр үзвэл, 2014 оны байдлаар Монгол Улсын дундаж давхрага 58 хувь байна.” гэсэн нь нилээд бодитой дүгнэлтүүд болжээ. Хамгийн бага шалгуур үзүүлэлт буюу дундаж давхарга 85 хувь байна гэдгийг хэмжихийн тулд нэг хүнд ногдох өдрийн орлого нь 2-26.5 ам.доллар байхаар тооцсон тухайгаа судлаачид тэмдэглэсэн байна.
- Эцэст нь “Орлого нь дотроо янзын хэмжүүртэй ч гэсэн аль ч тодорхойлолтоор авч үзсэн 2002 оноос хойш Монголын дундаж давхарга дунджаар 10 хувиар нэмэгдсэн гэж судлаачид дүгнэжээ.
Ингээд үзэхээр Монголын дундчууд ямар ч байсан нийгмийнхээ наад зах нь тал хувийг бүрэлдүүлж байгаа гэж дүгнэх боломжтой мэт. Гэтэл манай хөгжлийн өнөөгийн шатанд тэдний төлөвшил бүрэн төгс болоогүй, тоо хэмжээ нь савалгаатай, нийгмийн ирээдүйн батлагаа нь сул хэвээр байгааг хэдхэн жишээнээс харж болно.
Монголд амьдралын баталгаа биш дан ганц боловсрол, мэргэжлийн төвшин, эсвэл өнөөдөр олж буй орлогын хэмжээ нь “дундаж давхарга”-д харьяалагдах үзүүлэлт байх учиргүй. Хэн ч харсан ядуу гэхээргүй атал ирээдүй нь ямар ч баталгаагүй, төрийн зүгээс ямар ч дэмжлэггүй “сульдаатай дундчууд” хэсгээс Монголын дундчуудын гол цөм нь бүрдэж байна гэж хэлж болно.
Азийн хөгжиж буй орнуудад сүүлийн 20 жилд дундаж давхаргын эзлэх хувь 2,6 дахин өсч, 21 хувиас 56 хувьд хүрсэн байна. Гол нь энэ тоо тогтвортой хадгалагдаж чадаж байхаас гадна, байнга өсч байна. Гэтэл Монголын дундчуудын тоо хэмжээ, байр суурь тогтвортой өсөхгүй, харин ч эдийн засгийн хямрал, санхүүгийн бэрхшээлээс хамаарч нэг доошилж, нэг дээшилж, савалсаар байна.
Үндэсний Статистикийн Хорооноос Дэлхийн Банктай хамтран хийсэн Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлох судалгааныхаа дүнг уржигдархан танилцууллаа.
Ингэхдээ 2014 оны тоон үзүүлэлтийг 2016 оныхтой харьцуулжээ. Судалгаанаас харахад Монгол Улсын ядуурлын төвшин 2016 онд 29,6 хувьд хүрч, 2014 оныхоос 8 пунктээр огцом нэмэгдсэн байна. Статистикийн энэ мэдээнээс харахад, хүн амын 907,5 мянга нь ядууралд өртөж, 2014 онд 634 мянга байсан ядуучуудын эгнээ 273,5 мянган хүнээр эгнээгээ тэлжээ.
2015-2016 онуудад эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас эдгээр иргэд дундчууудын эгнээнээс хасагдаж, ядууралд орсон болохыг үүнээс харж болж байна. 2012 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, улмаар 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.2 хувиар өссөн байдаг.
Өөрөөр хэлбэл, З.Манлайбаатар нарын дундаж хэмжүүрээр 2014 онд хүн амын 58 хувийг эзэлж байсан дундаж давхаргын хувийн жин эсрэгээрээ 8 пунктээр буурч, ядуурлын зурвасыг алхсан байна. Энэ нь ядуурлын шугамын дээр гарч, дундчуудын эгнээнд багтаж ядаж байсан өрхүүд эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын багахан хүндрэлд өртөж, буцаад ядуурлын шугмын доор орсныг харуулж байна.
Энэ судалгаанаас өөр нэг сонирхолтой үзэгдлүүдийг харж болохоор байгаа юм. Тухайлбал, Ядуурлыг ам бүлийн тоогоор нь авч үзвэл 5 ам бүлтэй айл өрхүүд ядрууралд хамгийн их өртсөн бол олон ам бүлтэй эсвэл ганц бие хүмүүс ядууралд хамгийн бага өртсөн харагдаж байгаа юм.
Харин өрхийн тэргүүлэгчийн боловсролын түвшингээр нь авч үзвэл дээд боловсролтой иргэд ядууралд өртөх нь бага, дээд боловсрол эзэмшээгүй буюу бүрэн дунд боловсролтой иргэд ядууралд хамгийн их өртжээ.
Энэ бүхнээс эцэст нь дүгнэхэд, Монголын дундаж давхарга гэдэг бол өдөрт дунджаар 2-10 ам.долларын тогтмол орлоготой, орон сууц, тохилог сууц эсвэл хувийн хашаа байшинд амьдардаг, хүүхдээ их дээд сургууль, коллежид сургах чадвар, хүсэлтэй, хувийн хэрэглээндээ машинтай, хүүхдийн болон гэр бүлийн хадгаламжтай, мал аж ахуй эрхэлдэг бол 1 хүнд 50-100 бод ногддог, дээд, тусгай мэргэжлийн болон ерөнхий боловсролын аль нэгийг эзэмшсэн, нийгэм, улс төр, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, Улаанбаатар, аймгийн болон сумын төв, хөдөөд тархан амьдардаг, эмч, багш нараас эхлээд төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбарынхан, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид зэрэг өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх итгэл найдвартай, өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч буй хүн амын олон янзын хэсэг, бүлгийг нэрлэж болох юм.
Гагцхүү нийгмийн тогтворжуулагч гол цөм болсон дундаж давхаргаа түшиж, тэдний төлөвшилд төрийн зүгээс анхаарч, ажил, амьдралынх нь баталгаатай нөхцөл, найдвартай ирээдүйг нь бий болгоход тус дэм болбол “Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэдэг шиг тэдний маань нийгмийн “хаялага” улам их байх учиртайсан.
Доктор (Ph.D.), Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Б.ЭНХМАНДАХ
2017 оны 10-р сарын 18
Улаанбаатар хот