Гачлан.Сонгуульд ялдаг арга байх шиг. Мөрийн хөтөлбөрийг судлах бүү хэл унших ч үгүй. Өрсөлдөгч чамайг гүтгэнэ, чи түүнийг гүтгэнэ. Мөнгө өгөхгүй бол сонгогчид хэнийг нь ч үнэмшихгүй. Тэгэхээр өрсөлдөгчтэйгөө ноцолдоод утгагүй. Олон санал авбал-ялалт. Саналыг хэн өгдөг билээ? Сонгогч! Сонгогчдын хүсэлд хөтлөгдвөл ялна. Сонгогчдын хүслийг судал: онгон байгалиа сэвтээхгүйн төлөө, Оюу толгойгоос колончлогчдыг хөөхийн төлөө, орос ахаа шүтэхийн төлөө, хужаад уусахгүйн төлөө, уранд хордохгүйн төлөө! 30 гэр бүлийхний толгойг юу яагаад тойрч бүжиглэх, Цагаан суварга тэргүүтэй ордыг хуу нийгэмчлэх, Эрдэнэтийн 49-ийн хулгайчдыг шоронд хадах! Ийм нугаршгүй ухамсартай нь бүх сонгогчдын 60 орчим хувь. 

Сонгогчдын 60 хувь-ялалт. Тэдний эх оронч хийрхэл нугаршгүй. Нугаршгүй хоосныг сөрсөн нэр дэвшигч навс ялагдана. Хичнээн ёс зүйтэй оюунлаг лидер байгаад нэмэргүй. За тэгээд нэр дэвшигч гуай-Та ялах уу, ялагдах уу? Ялахад онодог арга бий гэсэн. Тэр нь өөрийн үзлээс урваж, сонгогчдын нугаршгүй хоосныг биелүүлэхээ амалбал мөрөөдлийн сэнтий бөгсөн дор гэж мэд. Гүтгэлгийн бай-нэр дэвшигчдийн дунд дажгүй хүн бий. Хуучнаа үгүйлэх чулуужсан хоцрогдлыг ашиглаж амташсан архаг нэр дэвшигч сонгуульд байнга ялдаг нь ийм учиртай.

АН-д удаа дараа саналаа өгч ялагдагсад харанхуй массын сохор сонголтын ачааг үүрдэг. Шууд хэлбэл ардчиллыг дэмжигчдийн итгэл бөхөв. Ардчилал чөлөөт зах зээлийг гэгээрсэн масс зөв эдэлж хөгждөг бол бүдүүлгүүд бузарлаж хохирдог аж. Эрх чөлөөг монголчууд дураараа дургих диваажин гэж эндүүрэв үү яав. Хуруу хөдөлгөхгүй биеийн амраар тарган цатгалан жаргах мөрөөдөлд залхуу угшил хөтөлнө. Авилга, хулгай, луйвар усны түвшин мэт чимээгүй дээшилсээр нэг мэдэхнээ бидний багалзуурт тулжээ. Амьсгал боогдож үхэхийн ирмэгт бачимдав. Битүү толгойнхоо балгаар муужирсан Монгол улс гэгээрлээр сэхнэ. “Гэгээрэл” гэх-амьсгалын аппаратыг бидэнд залгаад өгөөч. Бүтэж үхлээ.

Масс. Энэ үг монгол хэлэнд ороод ирж. Гэгээрсэн харанхуйгаараа масс ялгаатай агаад гэгээрсэн нь хөгжиж баяжсан барууныхан, азийн барууд, харанхуй нь хоцрогдож ядуурсан монголчууд. Ичмээр. Дүнхүү монгол толгойг өмөөрөмгүй ч амархан хууртдаг гэнэн зангий нь өрөвднөм. Залиланд гаршсан гадаад дотоод луйварчны өлөн нүдэнд дүйнгэ монгол бөөн олз харагдана. Олигархиудын хорхойг харанхуй масс гозгонуулна. Геополитикчдийн дипломат хөх инээдийг мулгуу улстөрчид өгдөөнө. Масс харанхуй аваас монжих хүн, шулах гүрэн мундахгүй. Монждог хүн, шулдаг гүрэн үгүй болж хүн төрөлхтөн цэвэршихийг хүлээснээс монголчууд-бид өөрсдөө гэгээрсэн масс болох арай дөт баймаар. Тиймээс би энэ сэдвийг хөнддөг. “Сохорт өдөргүй согтууд шөнөгүй”-г санаж нүдээ нээж ухаанаа хурцал. Нилдээ харанхуй массаас хичнээн шилж сонгоод харанхуй массын яс махны тасархайнууд шалгарч Төрийн толгойд залардаг. Маанаг эрх баригчдаар гадны баячууд тоглодог. 

Дүнхүүд мангуу үг. Баяжих боломжоо оффшорчдод дээрэмдүүлээд гуйлагчин болсон гэх пиарт өвгөнтийнхөн өмөлздөг. Тэдэнд “Эдийн засгийн алуурчид баялаг зөөгөөд дууслаа” гэж орил. “Хятадууд мах хуу хамчихаад 70 сая малтай монголчууд өлсөж үхлээ” гээд жагс. “Хужаа мянгат малчид эзэлчихлээ” хэмээн уйл. “Эх орныхоо төлөө ингээд үхье” гээд цэнхэр дэлгэцээр өөрийгөө С.Эрдэнэ шиг шатаа. Бензин аюултай. Гал унтраах дагуул багаа хажуудаа сайн бэлтгэхгүй бол үнс болно шүү. Хөөрхий нэгэн талбайд яав? Монголчууд биеэ дайчлах дургүй. Залхуурдаг. Зүгээр сууж байгаад халамж хүртэхдээ нэрэлхэх байтугай чамлана гээч.

Зулын гол бололгүй мэнд үлдээд сонгуульд өрсөлдвөл ялалт бэлэн. Хас сахиусаар гангарч “Хөх толбот босоо Монгол ялна” гэж хашгираад цамна. Дэвхэрч цовхор. Цээжээ балба. Үсээ хус. Өмдөө тайл. Амаараа улаан хөөс цахруулаад бөөл. Онгодоо дууд. Галзуур. Солиорох тусам хөгжөөн дэмжигч-сонгогчид хуйлраад орж ирнэ. Асар их эрчим хүч гаргасандаа муурч уна. Нэг мэдэхэд чинь масс уухайлан чамайг өөд нь шидэж байна. Чи сонгогчдод таалагдаж эхлэх нь тэр. 

Ажилд дургүй, бүтээж сураагүй, завшихдаа увайгүй, бизнест ухаан нь гүйдэггүй, чаддаг нь ТББ байгуулж тэргүүнээр нь өөрөө өөрийгөө өргөмжилж цээжээ дэлддэг хэн байна, тийм өчүүхэн амьтдад УИХ-д сонгогдох-төрөл арилжих гайхамшиг. Тэдний нэг Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайд болдог. Үүнд гайхах-Монголд бол илүү зан. Гадаадад бол онигоо.

Сонгогчдоо байлдан дагуулах галзууралд оргил бий юү? Бий. Тэр оргил нь сонгогдох! УИХ-д горилогч шинэчүүд шинжлэх ухаан технологийн ололт, чөлөөт зах зээлийн үнэт зүйлсээр зүтгэвэл попуудын тоосонд булагдана. Архаг нам сонгогчдын дийлэнх-харанхуйчуудыг халамжлаад буй нь ийм учиртай. Оюунлаг журамлагууд УИХ-д ганц нэг суудал авсан ч олонхындарамтад базуулаад дөрвөн жил амиа л бөөцийлбөл дээдийн заяа. Сонгогчдын хувь заяа, эрх баригч намын ашиг сонирхлын өмнө ёстой яршиг л болно гэж мэд. 3 сая гаруй толгойноос 2 сая нь мулгуу маанаг дүнхүү байвал тэднийг дийлдэшгүй хүч гээд ашигла. Энэ их хар хүчийг дөрөөлсөн хэн ч өдгөө юунд ч торохгүй жанжилна.

Түүхэнд буруутнаар үлдэгсэд. Хуулийн байгууллага хулгайг нь шалгаж хүч хүрдэггүй бүлэглэлийг дүнхүү сонгогчид “бурхад” гээд толгой дээрээ залж ирэв. Тиймээс сонгогдсон хулгайчид буруугүй. Учир нь тэд сонгогдсон. Харин тэднийг Төрийн толгойд залсан сонгогчид 90 онд Монголд үрсэлсэн ардчиллын үнэт зүйлсийг устгасан нүгэлтнээр түүхэнд үлдэв. Тийм нүгэлтэн-бүх сонгогчдын дийлэнх учраас тэдний санал ялдаг. Сонгуулийн ялалтыг шийдвэрлэгч-дүнхүү олныг дөрөөлөгчид эрх мэдэлд хүрч эргэлт буцалтгүй хожив. Ёс зүй үнэгүйдэж, луйвар оодорлоо. Тархиар бус тагнуулдаж дийлнэ. Булчинлагууд бярдаж, боловсрол хог дээр хаягдав. Уг нь сонгогчид гэгээрвэл хулигаан-атаман, бөх, дуучин, ганзагачид Төр Засгийн толгойд заларч ноёлох учиргүй сэн.

Луйвар хулгайг тэд хийдэг, бид мэддэг. Мэдээд яах юм бэ? Бид сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн ноёноо эргүүлэн татах хоншооргүй. Тэд халдашгүй эрхтэй. Дархан цаазат хангай сэргэдэг бол халдашгүй эрхтэй гишүүд ялзардаг аж. Тэд хайр зарлаад эхэлбэл төсвөөс хусах гэж буй нь тэр шүү. Үг нь нялуурах тусам хулгай нь томордог. Инээх дүр нь нүүрэндээ идэх санаа нь цээжиндээ гэдгийг мартуузай. Гишүүнийг тойргийн сонгогчдын хяналтад өгч 3-ны 2 хувийн саналаар эргүүлэн татдаг хууль үйлчилбэл даврагчдыг хазаарлана. Өөрөөр хэлбэл эргүүлэн татах эрхтэй сонгогчдын толгой дээр гишүүд дураараа дургиж чадахгүй. Ийм боломж байсаар атал монголчууд хэрэглэхийг хүсдэгүй нь хачин. Мэдсээр харсаар байж хэмжээгүй эрх дархтаныг хуулийн дээр залж, давруулснаа сонгогчид минь ухаар. Үүнд тэд биш бид буруутай. Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар иргэд эрх мэдэлгүй сүрэг болжээ. Хариуцлага хүлээх хуульгүй болсон “ноёд” ямар ч хэрэг тарина. Тэр тусмаа эзгүй орон зайд цөөхүүлээ тархай бутархай тарвалзаж амьдарсан малчдын удам хуулиа нулимаад зоргоороо туйлна. Гудийхгүй.

Хүн шинжээч. Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх вэ? Ерөнхийлөгчид өрсөлдөгч нарын хэн нь алт, хэн нь гууль гэдгийг сонгогчийн боловсролоор таних болтой. Миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам сонгуулийн өмнө нэр дэвшигчийн тоогоор хуваагдаад үзэлцдэг. У.Хүрэлсүхийг алт, Х.Баттулгыг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс МАН-ын “сонгогчийн боловсрол”, АН-ын “сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. Нэр дэвшигч бүгд хулгайч бол ямар ч боловсролын хэрэг юу байх билээ гэх мухардалд би оров. Горьдлого ганц үлдсэн. Тэр нь ХҮН-аас нэр дэвшигч. Нүд нь нээгдсэн, шинжлэх ухаанч, боловсрол-ёс зүйтэй оюунлаг лидер байна уу? Хурдан морь шинжээч шиг хүн шинжих эрдэм уг нь гоё. Сонгуулийн боловсрол буюу хүн таних чадварт тань амжилт хүсье.

Халдашгүй эрх. “Хүндэт Ерөнхийлөгч өө”, “Эрхэм гишүүн ээ” гэх хүндэтгэлд Та түвэггүй дасна. Мандатаа өвөртөлж тангаргаа өргөх ёслолоор Төрийн ноёлох оргилд заларснаа мэдэрнэ. Оргилд заларсан Танд ямар ч хууль үйлчлэхгүй. Халдашгүй дархан эрхтэй болсон тань хамгийн гол олз. Хууль мөрдөхдөө залхуурдаг монгол хүн хуульгүй амьдрахыг жаргал гэдэг. Хууль хүрэхгүй оргилд хөл тавьж гэмээнэ томилгоо, шахаа, лиценз, тендер, концесс мэт нь атганд. Тансаглах мөнгө аминых бус татвар төлөгчдийнх. Зарим өчүүхэн агаад шунхай шинэчүүлд эхлээд тансаг хаус хүчирхэг жийп бүрэлзэж магад. Энэ бол юу ч биш. Дээдсийн буруу гарын олзыг тантаад эхэлмэгц “Хуульгүй 4 жилээ чамлаж, үтэр түргэн баяжъя” гэдэг хувиа борлуулах овсгоо чинь таныг яаруулна.

Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас ноёлох оргилд нэр нүүр мөнгөө барж авирсны утга юу билээ гэж шанална. Хуульгүй хугацаа 4-хөн жил. Иймхэн мөчид Төр түмний төлөө тархиа ядраах тэнэглэл болох нь танигдана. Хүн төрөлхтөний хөгжлийн загвар судалж барагдахгүй. Бөөн ядаргаа. Өөртөө хайргүй хүн үгүйтэй адил-ард олондоо хайртай хүн яг үнэндээ байхгүйг ухаарна. Оргилд арай гэж гарсных баяжаад буувал Танд улсын хөгжлөөс илүү унацтай. Юу ч бүтээхгүй өөрөө баяжих улс төр бол-хоосон маргаан. Хоосон хэрүүлийг улсаа хөгжүүлж байна гэж мангартдаг масс Таныг сонгосон учир тэдний битүү толгой Таны дураараа туйлах өгөгдөл. Хоосонд-үнэн гэж байдаггүй. Байхгүй үнэнд итгүүлэх түлхүүр-попрох. Хоосон хэрүүлийн цаана баяжих сүлжээ хаа очиж бодиттойг мэдэж авна. Хутаг тавилгүй мах идээд, хундага тавилгүй дарс зооглоод хаад нээлттэй-шилэн байж. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүд бол хаалттай. Тэд хулгайгаа Төрийн нууц гэнэ. Тэдний хулгайг сөхвөл улсын нууц задалсан үйлдлээр яллуулна. Гоё уу? Гоё! Хэнд гоё вэ? Мэдээж тэдэнд!

Дайсныг чинь идсэн чоно нөхөр болохгүй. Ардчиллаар явъя гэсэн чинь авилгатай замд будилчихав. Нэг үгээр ардчилал нүүдэлчдэд ялагдав. Өөдрөг яваа монголоо өөдгүй монгол дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн би дууслаа. Томчуудын зодоон ширүүсэв. Хэн нь ч дийлсэн маньд юу ч наалдахгүй. Ядуурсан иргэд төр засгаа шүүмжилдэг байсан бол одоо эрдэс баялгаа булаацалдсан эрх баригчид талцан алалцаж эхэллээ. Аль тал ялах нь ард түмэнд түй ч үгүй. Учир нь тэд бүгд хулгайчид. Дайсныг чинь идсэн чоно нөхөр болдоггүйг нийтээр мэдэж, аль нэгний нь тролл бүү болцгоо. 

Мэргэн буучдаа АТГ, цагдаа, прокурор, шүүхэд байршуулаад өрсөлдөгчдөө намнадаг арга нэгээс нөгөөд шилжив. Үндэсний хөрөнгөтний зиндаанд дөхөөд Америкт суралцсан бол бүр үзэж чадахгүй. Барууны тагнуул, хорлон сүйтгэгч гэх улс төрийн ялаар цаазалдагсан бол өдийд цөөнгүй хүн буудуулсан шүү. Хэн хэн буудуулах нь тааж цөхөлтгүй. Хэн хэн буудах нь ч оноож ядалтгүй. Буудах хууль алга. Буудах ногоон малгайтны хойчууд бэлэн аж. Феодализмээс капитализмыг харайх жигүүрээр 70 жил нисээд шалиагүй. Социализмээ магтсаар “Их өр” гэгчтэй үлдсэн сургамж саяхных. Магтсаар байж малыг минь барж, маажсаар байж голыг минь таслах дөхсөн.

Жагсаж өлсөх үр дүнгүйг ойлговол ойлгох хугацаа аль ХХ зуунд дууссан. Одоо нийт олны давалгаа буюу сонгуулиар хуу цэвэрлэх л үлдлээ. Үүний төлөө нэгд. Гадна дотны элдэв гарц онолдож бүү самгард. Олон санаат зорьсондоо хүрдэггүй. Яль бүлийн шаардлага олширвол гол зорилго тарамдаж замхраад бахь байдгаараа доройтсоор дапуурна шүү.

Биесээ барьж идэх гэж талцан зодолдож буй бүлэглэлүүдийг Төр засгийн тавцангаас орвонгоор нь хус. Нэгийг хусаад нөгөөг үлдээвэл юу ч өөрчлөгдөхгүй. Бүлэглэлүүд цөм ав адилхан хулгайчууд гэдэгт бүү эргэлз. Эх орны баялгийг булаацалдаж буй талцсан хулгайчдын аль нэгийг өмөөрвөл Та өмөөрсөн хулгайч бүлгийнхээ хамсаатан болж нүгэлд унана. Төр засгийн толгойд нэг ч хулгайч үлдээхгүй гэх зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлбэл Та шударга тэмцэгч болно. Хулгайч бүлгийг хулгайч бүлэг ялснаар хожил гарахгүй. Ялсан хулгайч бүлэг дархлагдаж ганцаар даналзана. Луйвар хулгайг ард нийт дийлсэн цагт эх орон гүйцэд цэвэршинэ гэж мэд.