Тэр цагт Багшийн Дээд хэмээн нэрийддэг байсан сургуульд Монгол хэл уран зохиолын ангийн оюутан болсон эхний өдрөөсл авиан зүйн хичээл дээр Рамстедт, Поппе, Владимирцов гэх мэт харь улсын агуу их эрдэмтдийн нэрийг сонсон, онол номыг нь үзэн явсаар анхандаа өвөрмөц сонин сонстдог асан тэдгээр нэр дөрөвдүгээр ангийг төгсөх үед хэдийн хичээл заасан багш адил дотно болсон байдаг сан. Хожим тэр их эрдэмтдийнхээ сургаал номоо зааж асан сургууль тэнхимээр орж, үзэж судалж байсан чухам тэр л ном, судрыг нь барьж үзэхэд сонихон атлаа сүрлэг санагдан, жигтэй гадаад нэр хэмээн анх сонсож байсан гэнэн бага оюутан цагаа дурсахуй, дуртгал тэмдэглэлийг нь эх хэлэндээ буулгаж, сурахыг эрмэлзэгч залуусын нүдийг нээж, сонорыг мялаах юм сан хэмээн бодогдох болсон билээ. Тэр бодол хатгасаар байж Рамстедтын дорно этгээдэд долоонтоо аялсан тэмдэглэл, Поппегийн амьдрал намтраа бичсэн дуртгалыг орчуулах эрхийг эрхлэн гаргасан сургууль байгууллагаас нь албан ёсоор авч, хөрвүүлэн нийтлүүлсэн юм.

Тэгтэл саяхан Рамстедтын тэмдэглэлийг надаас өөр хүн бас “Зүүнш зорчсон долоон аян”, МУИС, 2015 нэрээр орчуулсан буйг мэдээд монгол хэлнээ орчуулах давуу эрхийг албан ёсоор авсны хувьд нэг талаас ихэд гайхсан боловч нөгөө талаас МУИС-ийн мэргэжил нэгт монгол хэлний багш орчуулж, мөн сургуулийн англи хэлний багш хянан тохиолдуулсныг бодохуй, агуу эрдэмтнийг аль талаас нь нээж, үг хэлийг нь хэрхэн ойлгон орчуулсан нь нэн сонирхолтой санагдсаны тул харьцуулан магадлахаар авч үзсэн билээ. Тэгтэл номын эхний хуудсыг сөхсөн даруй үс арзасхийн, яс хавтайж, Рамстедтыг ч таньсангүй, таних байтугай ганц бүтэн өгүүлбэр ч ойлгосонгүй, тэгээд орхичихъё гэх нь ээ мөнөөх номыг манай ууган их сургууль МУИС-иас гаргасныг бодохуй, авч уншсан оюутан залуусыг нь өрөвдөөд, зэдхил1 хүрсэнгүй, үзэг цаас нийлүүлэн энэхүү орчуулгын бяцхан шүүмжийг арга буюу тэрлэн сууна.

Юуны өмнө орчуулагч хүн улс орон, үндэстэн хэлтэн, овог аймгийн нэр усыг мэддэг, мэдлэг үл хүрэх газар нэвтэрхий толь, интернет, газар зүйн сурах бичиг сэлтийг шүүрдэн үздэг, тэгсний сүүлээр уг орчуулах бүтээлдээ гарах нэр усны учир, дуудлага, галиг зэргийг сайтар ухааран мэдэж аваад, орчуулах ажилдаа орох хэрэгтэй юм. Үүнийг үл ойшоосны тул Рамстедтын идэр залуу насандаа зорчиж, хэл аялгууг нь судалсан, Фин-Угр хэлтний нэгэн салаа болох Черемис нарыг Хэрэмис хэмээн буулгаснаас гадна карели нарыг “карелианчууд” (233-р тал), осети иргэдийг “осетейн, осетан” (141-р тал) гэх мэтээр бичсэн нь англи хэлнээ аливаа улс үндэстний нэрийг бүтээхдээ –иан хэмээх дагавар залгадаг ёсыг анзаарсангүй.  

Фин-Угр хэлт зырян хэмээх аймгийнхан өдгөө ч ОХУ-д Архангельск орчим оршин суусаар буй. Рамстедт орос хэлний “пельмени – банш” гэсэн үгийг мөнөөх зырян хэлний “чих” гэсэн үгээс гаралтай болохыг тайлбарласан хэсгийг орчуулахдаа англиар Zyrianхэмээснийг “tyre – таир” гэх мэт үгийн бүтэц, дуудлагатай ойролцоо хэмээн ойлгосон бололтой, “Заир” хэлний үг хэмээн монголчилжээ (38-р тал). Тэр Заир нь тэгтэл Африкийн төв хэсэгт орших Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын хуучин нэр, тэндэх хүмүүс Бельгийн харьяанд байсны хувьд франц хэлээр хэлэлцдэг, уугуул хэл нь лингал, кингвон гэх мэт Африкийн олон аялгуу болох, хар ухаанаар бодоожин,  хаа байсан Орос, Сибирийн ард түмэн хэрхэн тэртээ холын африк ардаас иддэг баншныхаа нэрийг зээлдээ аж дээ.

Рамстедт Финландын Або хэмээх хотод төрсөн хүн. Гарын дүйтэй хүн байж. Монголд ирээд илжгэнд хөллөх хоёр дугуйтай тэрэг өөрийн гараар хийснээ эгээ л Абогийнх мэт хэмээн төрсөн нутгийнхаа хийц, хэв маягийг бодон бичсэн, тэгтэл орчуулагч Або хэмээх тэр гуравхан үсэгтэй хотыг “Австралийн Абригины маягийн арай жижгэвтэр тэрэг” (69-р тал) хэмээн дэлгэрүүлэн орчуулсан нь нэн жигтэй, “абригин” гэдэг нь абориген буюу уугуул нутгийнхныг хэлж буй бололтой, бас Рамстедтын “өөрөө хийсэн” гэдгийг тийм жигтэй Австрали тэрэг “худалдан авсан” хэмээн хөрвүүлжээ. Монгол нутагт 1899 оны зун Австралийн уугуул иргэдийн тэрэг байж л дээ.

Орчуулагч хүн тухайн улс орон, хэлтний хүний нэрийг хэрхэн бичиж, дууддагийг, тийм нэрийг монгол бичиг зохиолын хэлнээ хэрхэн буулгаж ирсэн уламжлалыг мэддэг байх хэрэгтэй. Эс тэгвээс уншигч олон чухам хэний тухайд өгүүлж буйг үл мэдэн, будилах гэмтэй. Шведийн Bjorn, Sjogren, Stjerna гэх мэтийн нэрсийн тэрхүү J үсгийг англи хэлний Ж авиатай дүйнэ хэмээн тулган бодсоноос болж Бьорн, Сьогрен, Стьерна гэж өмнөх гийгүүлэгчээ тагнайшуулдаг үүргийг нь таньсангүй, Бжорн, Сжөгрэн, Стжерна гэх мэтчилэн давхар гийгүүлэгчээр эхэлсэн, уншихын аргагүй нэрс болгочихжээ. Нэрийн ганц хоёр үсэг, дуудлагыг буруу ойлгох ч бүр энүүхэнд, бүхэл бүтэн айл, гэрийн эзний нэрийг архи болгон орчуулсан нь тун тоогүй. Хүрээнд угсаатны зүйн эд өлгий цуглуулдаг нэгэн австри цуглуулагч байсан юм. Тэрбээр Смирнов гэж орос худалдаачны гэрт бүтэн өрөө хөлслөн суудаг байсныг The Austrian took full room and board with the Smirnovs хэмээн бичсэн буй. Энэхүү орос худалдаачин Смирновыг орчуулагч “Смирнов архи”-тай андуурч, “Тэр австри хүн өрөө дүүрэн тавиур дээр смирнов өрсөн байдаг байлаа” (85-р тал) гэж монголчилжээ. Үүнийг уншсан оюутан залуус тэр их архиар юу хийдэг байсан юм бол хэмээн гайхах нь зүй, орчуулагч ч өөрөө бас гайхаа биз, гайхсаны тул дараачийн өгүүлбэрээс өөрийн хэрд таарсан “хариуг нь олсон” ажээ. Юу гэвэл мөнөөх Смирнов нэг хулгайчийг өдрийн нэг рублиэр австри эрийн буруу гарын үйлд хөлсөлж, сүм хийдээс шашны эд зүйлс хулгайлуулдаг байсныг (Smirnov hired a man, known as handy as thievery…) “нөгөө смирновын хэргийг гаргаж, хулгайлахад мэргэжсэн нэг монгол хүнийг хөлсөлж...” (85-р тал) гэхчлэн тайлбарлажээ. Тэр австри хүнийг Рамстедт He was a very corpulent person, ADVANCED IN YEARS хэмээн тодорхойлсон нь “Махлаг, мариалаг, биерхүү, бас нас нь нэлээд явчихсан” гэсэн санаа юм. МУИС-ийн оюутнууд харин “монгол орчуулгаар”-аа түүнийг “Тэр сүүлийн жилүүдэд их таргалсан байсан билээ” (85-р тал) хэмээн унших болж байна. “Сүүлийн жилүүдэд” гэхийг бодоход Рамстедт мань эрийг мэддэг таньдаг хүн байж гэж ойлгогдохоор.

Орчуулагч хүнд тохиох хамгийн анхны бэрхшээл бол аливаа хэлний үгс цаг ямагт ганц утгыг яв цав заадаг бус, салаа олон утгатай байдаг, тухайн орчуулж буй зүйлд чухам аль утга нь тохирно гэдгийг өгүүлэн буй эхийн хам сэдэв хийгээд үйл явдал өрнөж буй амьдрал түүхийн орчноос нь ойлгон, танихад оршино. Номын эхний хуудаснаа Рамстедт бүр багадаа грек, латин, еврей хэл сурсан шалтгаанаа “министер” болохыг мөрөөддөг байсны улмаас хэмээн тайлбарласанд, орчуулагч министер болгоныг сайд хэмээн  сэтгэж, “Эхэндээ би сайд болно гэж боддог байсан болохоор...” (14-р тал) гэж буулгасан, үүнд оюутан залуус аль яамны ямар сайдад тэр олон эртний хэл хэрэг болдог юм бол гэж гайхан бодлогоширсон нь зайлшгүй, гэтэл үнэн хэрэгтээ тэр министер нь загалмайтны шашны элдэв ёслол, үйлийг гүйцэтгэдэг хар ламыг бас хэлдэг ажээ.

Аршаа гэж өөлд эрийн ярьсан нэг сонирхолтой домог манай монгол бөхийн түүх, тулааны урлагийн үүсэл гарлыг судлаач нарт нэн чухал баримт болох юм. Уг домогт Шарас-Махас хэмээх Баруун Монголын нэгэн овгийнхон дэлхийн олон улсад явж, martial art буюу тулааны урлаг заадгаараа нэрд гарсан, тэднээс болж “Энэ дэлхийд монголгүй улс гэж нэгээхэн ч үгүй” хэмээх үг гарсан тухай өгүүлнэ. Манай МУИС-ийн монгол хэлний багш –орчуулагч, англи хэлний багш – ариутган засагч нар энэ martial art гэж үгийг яаж уншаад хэрхэн ойлгосныг тайлж чадсангүй, юутай ч “Энэ омгоос олон хүн олон оронд бусдад хуулийн зааварчилга өгөх, гэр бүлийн үйлчилгээ хийх нь (martial – marital ???) их байдаг байна” (208-р тал) гэж хөрвүүлжээ.

Англи хэлний as гэсэн угтвар үг монгол хэлнээ “шиг, мэт, -ийн хувьд, -ийн хувиар, гэж” гэх мэт олон янзаар бууна. Орчуулагч энэ бүхнийг бодолцолгүйгээр бүх тохиолдолд ганц “шиг”-ийг нь сонгож, тэрхүү угтвар гарах бүрийд “шиг”-дэж орхисноор Доннер гэж нийгмийн зүтгэлтнийг Фин-Угрын Нийгэмлэгийн даргын хувьд (as chairman of the Society, he was supporting the Society with large donation) нийгэмлэгтээ асар их хэмжээний хандив өргөдөг байсныг “Тэр цагт тэрээр Фин-Уйгарын нийгэмлэгийн дарга шиг эрх мэдэлтэй байсан бөгөөд үлэмж их тэтгэлэгтэй нийгэмлэг нь түүнийг дэмжиж байсан юм” (15-р тал) хэмээн харин ч бүр эсрэгээр, бүхий л амьдрал, хөрөнгөө Фин-Угрын судалгаанд зориулсан хөөрхий Доннерыг эрх мэдлээ ашиглан, нийгэмлэгээрээ дэмжүүлж байсан мэтээр найруулжээ. Ядахад, Фин-Уйгар нь ч юу билээ, Англи хэлээр Угр, оросуудын Угор гэж О-той бичдэг тэр нэр манай энэ баруун хилийн хөрш Уйгар нартай огт холбоогүй, харин Унгар гэж улсын нэртэй гарлаараа холбогдох бөгөөд Фин-Угр хэмээн хамтад нь авч үзэхийн учир нь: Рамстедтын эх хэл болох фин хэлтний дотор финээс гадна удмурт, зырян, черемис зэрэг олон хэл багтах бол, нөгөө нэг мөчир нь болох угр хэлтэнд нь бидний мажаар хэмээдэг унгарын зэрэгцээ ханты, мансы гэх мэт хэл орж, фин-угр хэмээн хамтаараа Урал хэлтний нэг гол салбар болох юм. Уйгар бол харин Алтай язгуур хэлтний нэг салаа болох Түрэг хэлтний дотор буй нэг мөчир болохын хувьд фин хэл соёлтой хамаагүй, Фин, Уйгар хоёрыг нийлүүлсэн нийгэмлэг гэж нэгээхэн ч үгүй, тэгэх санаа ч хүн зонысанаанд орж байгаагүй бөлгөө. Мөнөөх as хэмээх угтвар үгийн тухайд үргэлжлүүлэхэд Черемисийн Тушнал тосгонд 17 настай Тимофей гэж хүү Рамстедтынд зарцаар ажиллах болсныг (act as a servant) аанай л “шиг”-дэж, “бидний зарц шиг аяглан” (24-р тал) гэж орчуулжээ. Мөнгө хөлсийг нь аваад зарц нь болсон хүн “зарц шиг аяглахаас” өөр яах вэ дээ.

Ер аливаа хэлнээ үг гээч олон салаа утгатай байдаг, тэр бүгдийг төлөөлсөн ганц үг олж тавина гэвэл түмэн бэрх, тиймийн тул орчуулагч хүн тухай бүрд нь утгыг нэвтрүүлэн чадах өөр өөр үгээр буулгадаг учиртай. To hang ньангли хэлнээ нэг талаар “өлгөх, дүүжлэх” мөн боловч үүний дээр зөвхөн үйл үгийн хувьд дөч гаруй өөр утгатай, жинхэнэ нэрийн үүргээр хэрэглэвэл ахиад цаана нь арваад утга, цааш нь нягтлан шүүвэл hang around, hang on, hang over, hang up гээд ард нь өөр өөр дагавар үг орох тутамд тус бүрдээ огт ангидутгыг илтгэдэг билээ. “Зүүнш зорчсон” номын орчуулагч тэгтэл тэр дал орчим утгаас ганцыг л сонгож, тохиолдол болгонд “дүүжлэх, өлгөх” хэмээн орчуулснаар, жишээ нь Рамстедтын “Hanging around the station at Omsk was… dangerous…” буюу Омскийн галт тэрэгний буудлын орчимд байх нь тун аюултай болж ирснийг “Омскийн буудлын эргэн тойронд хүмүүсийг дүүжилж байсан...” (192-р тал, ум мани бадмэ хум) хэмээсэн бол Ханд вангийн суух Гадаад яамны албан өрөөндорж гарч байгаа цэргүүдийг ажиглан “… the guards and soldiers who walked and HANG AROUND here and there in their capacity of protectors of independent Mongolia, did not make a flattering witness to Mongolian MIGHT” хэмээн бичсэнийг “... хиа болон цэргүүд нь тусгаар тогтносон Монгол улсаа хамгаалахад өөрсдийн боломж чадлаараа зүтгэн, энд тэндгүй л алхаж гүйж, ӨЛГӨЖ ХАДАЖ, Монголын МАГАДГҮЙГ хийж байгаа хүн харагдахгүй байв” (252-р тал) гэж орчуулжээ. Юугаа “өлгөж хадав”, бас юун “Монголын магадгүй”-г хийх сэн билээ? Might болгон Магадгүй бил үү? Үндэсний Хоккейн Лийгт Anaheim Mighty Ducks гэж баг бий, тэр багийнхан тэгэхээр Анахеймын Магадгүй Нугаснууд уу?

Номын хоёр болон долоодугаар бүлгийн туршид Өргөө дэх Оросын нэг генерал гарсаар дуусав. Тэр цагт Оросын ямар ч генерал Монголд байнга оршин сууж байгаагүйг түүхчид мэднэ, тэгээдямар учиртай генерал байдаг билээ гээд цааш унштал “Консулын генерал” гэх ажээ. Үүнийг уншсан оюутнууд тэр цагт Монгол дахь Оросын консулын газар генералтай байж, генерал гэхийг бодоход цэргийн атташе байсан биз, цэргийн атташегаар хошууч ч биш, хурандаа ч биш, бүр генерал явуулж хэмээн бахархан бодсон байлгүй, гэтэл үнэндээ бол тэр нь Consul General буюу “Ерөнхий консул” хэмээх цолыг орчуулахдаа буруу ойлгон, холбоо үгийн байрлалыг тэр чигээр нь тавьсны гор, тэгж “Консул” хэмээх жинхэнэ нэр нь урдаа, “Ерөнхий” гэх мэт тэмдэг нэр нь ардаа ордог ёс нь эртний Ромд хэлэлцэж асан латин хэлнээс гаралтай, латин хэлний үргэлжлэл болох испани, португал, франц хэлнээ өдгөө ч тэмдэг нэр нь тодотгож буй үгийнхээ ард ордог, алдарт Мадоннагийн дуулсан La Isla Bonita гэж дууны нэр жишээ нь “Арал нь Гоё үзэсгэлэнтэй” гэсэн өгүүлбэр биш Үзэсгэлэнт арал, Casa Blanca гэх нь “Байшин нь цагаан” биш Цагаан байшин буюу ордон гэдэг болох бөгөөд дипломат ёсны тэр цолыг англи хэлнээ яагаад заавал тийм хэлний дарааллаар бичдэгийн учир нь Консул гэх алба, цол чухам Эртний Ромын үед буй болсонтой холбоотой болохын тул ажгуу. 

Торгуудын ноён Баяр гүн Рамстедтад ирвэсийн арьс бэлэглэсэн билээ. Төв Азиар тархсан ирвэсийг барууны хэлнүүдэд нэрийдэхдээ өөрсдийнх нь нутаг дэвсгэрт ирвэс байхгүйн тул мийн төрлийг нэрлэх ерөнхий үг дээр цастай өндөр ууланд амьдардгийг нь бодож “цасны” гэсэн тодотгол нэмж, “snow leopard”, “снежный барс” гэх бөлгөө. Тэр нь тэр л хэлний ёс, бид харин байгаа амьтнаа байгаа үгээрээ нэрлэх нь зүй. Өгүүлэн буй номд Баяр гүн Рамстедтад “цасны шилүүсний” арьс өглөө (170-р тал) хэмээснээрирвэс ч биш, шилүүс ч биш, шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй, шинэ зүйлийн амьтан нээсэн мэт болжээ.

Бүхий л номын туршид Монгол, Шинжааны нутгаар баахан “хунтайж”, “ханхүү” гарсаар дуусав. Хунтайж гэж хааны чухам орыг залгамжлах хүү, ханхүү гэдэг нь ерөөс хаан, хан нарын хүү, тэгтэл өгүүлэн буй цаг болох Манжийн сүүл, Олноо өргөгдсөний эхэн үед Монголд хэчнээн хаан, хан байгаад, хэд нь ор залгамжлах гээд байсан хэрэг болох вэ? Үнэндээ бол prince гэсэн үг бүрийг тийн орчуулж, тэр prince нь энэ номд ханхүү, хунтайжийг хэлсэнгүй, Чингис хааны алтан ургийн “тайж” нарын тухайд өгүүлж буй ажээ.

Аливаа гадаад хэлнээс орчуулахад нэгд, тухайн гадаад хэлийг сайтар ойлгох, үүний дараа эх монгол хэлээрээ зөв сайхан найруулан бичих хоёр зүйлийн мэдлэг чадвар зайлшгүй хэрэгтэй билээ. “Зүүнш зорчсон долоон аян” хэмээх номыг монгол хэл шинжлэлийн профессор орчуулж, англи хэлний багш нягтлан хянасан нь уг нь дээрх зарчмыг яв цав барьсан, чухам сайн баг бүрдсэн мэт. Гэвч англи хэлний өгүүлбэр доторх үг хоорондын холбоо, англи монгол хэлний өгүүлбэрийн гишүүд, үгийн байрлалын ялгаа зэргийг буруу ухаарснаас огт өмнөө утгаар буулгасныг жишээлбэл, Рамстедт, Пялси хоёр Онгийн голын хөвөөгөөр аялж явахдаа үсэг бичиг бүхий сонин чулуу олж, судлахыг завдан байтал уур уцаар болсон хэдэн хүн ирснээр ажил зогссон тухай хэсгийг (… some persons arrived who clearly had far from friendly intentions)орчуулахдаа far from гэдэг үг friendly intentions гэдэгтэй шууд холбогдон, махчилбал “нөхөрсөг, найзархаг гэхээс хавьгүй хол” буюу “уур уцаартай” гэсэн санааг илтгэснийг буруу ойлгон, “far from – холоос” гэж нэг таслаад, “friendly – нөхөрсөг” хэмээн тусад нь ойлгосноор “нэлээд холоос нөхөрсөг зорилгоор хэдэн хүн хүрч ирэв” (241-р тал) гэснээр уншигч оюутнууд тийм сайхан нөхөрсөг хүн ирсээр атал бичиг үсгийн тэр чухал дурсгалыг судлахгүй хаясан нь мөн тусгүй хэрэг ээ хэмээн Рамстедтыг голон бодох болж байна.

Монголчуудын дунд “тэргээр зөөж ирдэг баярыг” загалмайтны шашныхан тэмдэглэдэг гэсэн их сонин ойлголт байсан талаар Рамстедт бичсэн буй. Сайтар лавлаж ярьсны эцэст тэргээр архи дарс авч ирсэн тохиолдол бүрийд оросууд ямар нэг баяр тэмдэглэдэг болохыг  монголчууд ажигласнаа хэлж байгааг нь ойлгосон байдаг юм. Тэр тухай догол мөр эхлэхдээ “One time the Mongols asked me, somewhere far away from the main road to Urga, most interestedly, what Christianholiday it was that was then coming. Was it our god’s birthday, death day or wedding day?...” хэмээдэг юм. Орчуулагч юуны өмнө тэр замаар, холоос “баяр” ирж явааг андуурч Рамстедтыг тэнд явсан гэж ойлгосон, мөн монголчуудын тэгж асууж шалаад байгааг Рамстедтыг хариулсан хэмээн ухаарснаар “Бас нэг удаа Хүрээ орох замаас их хол газар аялж явахад минь монголчууд надаас Христын баярын тухай болон хэрхэн өнгөрүүлдэг талаар асуусан юм. “Энэ чинь манай бурханы төрсөн өдөр бил үү, таалал болсон өдөр бил үү, эсвэл хуримын өдөр нь ч бил үү. Миний мэдэж байгаагаар бол яг таг төлөвлөсөн юм байдаггүй юм” гэхэд...” (100-р) хэмээн орчуулсныг харахад Рамстедт гэж бүр нэг юу ч мэддэггүй, мэдэхгүйгээ мэдэхгүй гээд хэлж ч чаддаггүй, эргүү хүн шиг болчихжээ. Цааш нь Рамстедтын “A ‘holiday which was transported on carts’ naturally was a peculiar concept for me, for which reason I asked them what it looked like” хэмээснийг “Тэгээд тэд нар (нөгөө монголчуудыг хэлж байна. М.С.) Хүрээ орохоор тэрэг хөсөгтэй замд гараад явж байгаа нь энэ ажээ. Тэргэндээ юу тээвэрлэж яваа нь сонирхол татаж байсан ч баяраа яаж тэмдэглэдэг тухай асуусан нь намайг нуман тулгуурт оруулав” (100-р тал)хэмээн хөрвүүлсэн тухайдчухам юуг, хэрхэн буруу ойлгоод ийн орчуулав хэмээн тайлбарлах ч үг үл олдоно.

Рамстедтыг “Энэ чинь манай бурханы төрсөн өдөр бил үү, таалал болсон өдөр бил үү, эсвэл хуримын өдөр нь ч бил үү” хэмээн эргүүтэн байгаагаар орчуулсан нь бүр ч гайгүй хэрэг, цааш уншваас чөтгөр шуламтай холбогддог, үхсэн хүнтэй уулздаг, шулам шүглэсэн хүнийг шууд хараад таньдаг болгон бичсэн нь нэн аймшигтай.

Черемисийн тосгонд байхдаа авсан зургаа Рамстедт хонгилдоо угаадаг байж. Бас мөнгөө алтан зоос болгон авч ирсэн байлаа. Зураг угаахад гэрэлд цохиулахгүй хэмээн улаан гэрэл хэрэглэдэг байсныг миний үеийнхэн бол бүгд мэднэ. Тэр улаан гэрлийг шөнө харсан эмгэд тосгоноор нэг цуу яриа дэгдээн, хүмүүсийн сүнсийг алтан зоосоор худалдан авч Эрлэгийн хаанд өгөхөөр ирсэн улс байна хэмээн ярих болжээ. Энэ тухайд “Зүүнш зорчсон” номд Рамстедтын өгүүлэн буйгаар бичихдээ: “... Түшнэлээр аймшигт нууц сүнсний тухай яриа гарах болов. Тэгээд бид сүнсний маань төлөөс болгож тэр алтан зоосыг өгсөн чөтгөр шуламтай холбогдож байв” (25-р тал) хэмээн салган найруулснаар тэртээ 19 дүгээр зуунд черемис эмгэдийн тарааж асан цуу яриаг, өдгөө 21-р зуунд монгол орчуулагч дэвэргэн түгээж, оюутан залуустаа Рамстедтыг чөтгөр шуламтай нөхцсөн этгээд хэмээн таниулжээ. Нэгэнт шуламтай нөхцсөн хүн шулам шүглэсэн этгээдийг шууд таних нь тодорхой, юу хэмээвээс:нэг удаа Богдын ордон руу нэгэн эмэгтэй орохыг хүмүүс харсан ч цааш огт яриагүй, учир нь гэгээнтэнд тохиох тийм жигтэй үйлийг харсан хүн бол жирийн хүн биш чөтгөр шулам шүглэсэн этгээд болох нь тодорхой гэсэн маягийн тайлбарыг орчуулахдаа “Мэдээж хэрэг шулам шүглэсэн хүүхэн байсан болохоор үзсэн бүхэн юу ч хэлж чадахгүй байсан билээ” (67-р тал) хэмээн Рамстедтаар өнөөх эмэгтэйд шулам шүглэснийг “тодорхойлуулсан” аж. Энэ бүхнийг уншсан оюутан Рамстедтыг үхсэн хүнтэй уулзан ярилцсанд итгэх нь тодорхойг өгүүлбээс:

1909 онд Рамстедт Пялси хоёр галт тэрэгний аймшигт ослоос тун азтай мултарсан байдаг юм. Өмнө тэр нутгаар явж үзээгүй Пялсид Байгал нуурын тансаг үзэмжийг харуулах гэж Эрхүү дээр хурдан галт тэрэгнээсээ буугаад яг арынх нь орон нутгийн вагонд суужээ. Гэтэл чухам тэр өмнө сууж явсан тэрэг нь хонгилын аман дээр унасан хад мөргөж, олон хүн нас барсан аймшигт явдал болсон гэнэ. Арын тэрэгний улс ослын газар ажилласан тул Рамстедт үзсэн харсан бүгдээ тоочиж, уулзаж ярилцаж байсан танилууд нь нас барсан байхыг дүрслэн, I saw the conductor who had checked our tickets on the courier train badly crushed between two cars. Among the dead passengers were some that I knew... гэх мэтээр бичжээ. Үүнийг монгол орчуулагч “Хоёр вагоны хооронд няцлагдсан шуудангийн вагоны тэнд бидний тасалбарыг шалгах шалгагчтай би УУЛЗАВ. Нас барсан зорчигчдын дотор ч гэсэн шалгагч нар байгаа гэдгийг би мэдсэн билээ” гэж. Ээ базарваань, хэнтэй уулзаа вэ, Рамстедт минь.

Энэ мэтээр Рамстедтын санаа бодлыг ташаа ухаарсан, номд гарч буй хүн амьтан, газар усны нэрийг үл таньсан, андуурсан, учир түүхийг нь мэдэлгүй төөрөгдсөн алдаа даанч олон, барагцаалбал гурван өгүүлбэр тутмаас нэг нь огт буруу, тэгээд бодох нь оо, галт тэрэгний осол, галзуу барын довтолгоон, Боксерын бослого, Фин-Оросын дайн гээд амь насанд халгаатай олон аюулыг гэтлэн давж чадсан их эрдэмтэн ийнхүү Монгол улсын ууган их сургуулийн хэвлэлтэд “тамлуулах” хувьтай байсныг Рамстедтын минь арьсыг нь өвчиж дээ гэж харуусах маань нэг хэрэг, нөгөө талаас хэчнээн олон залуу судлаач, оюутан сурагч үүнийг уншаадюу гэж бодож яваа нь тун бүрхэг, эх хэлээ эвдэн гутаах лугаа тэмцэх цаг болсныг зохиолч, сэтгүүлч, идэвхтэн бичигч, орчуулагч, хянан тохиолдуулагч, тушаал зарлиг гаргагч эрхтэн дархтан бүгд дор дороо бодох цаг болжээ.


                                                                         
1Сэдхил бус зэдхил хэмээх нь орос хэлээр “совесть” гэдэгтэй дүйх үг.