Орон байрны архидалт: Социалист Монголын түүх
Зөвлөлтийн мэргэжилтэн олноороо суурьшихын цагт “бараашиг” “орос ах”-ын үндэсний умдаа-самогоны “түүхий эд” гэдэг нь ч илэрхий болов. Ингээд шуугитал исгэн, сөгнөж суух нь социализмын материал техникийн баазын дээжээс хүртэх мэт таатай байсан буй за.
Хөл хориотой зэрэгцэн орон байрны архидалт өндийх цаг дор
Архинд сайн нэр үгүй. Архичинд бүр нэр ч үгүй. Гэхдээ Монголын анхны “албан ёсны архичин”-ыг Ч.Өгөдэй хэмээмүй. Тэрээр түүх номд үлдсэн нь, бас эргэх дөрвөн улиралд дураар сөгнөх эрх ямбатай цөөхөн монголын нэг байлаа. Дэлхий дэлэгнэж малын зоо тэнийхэд л тогоо тавих нөхцөл бүрддэг тул хүн болгон жил тойрон хүртэж чадахгүй. Үүнийг ХХ зуунд Монголоор дайрсан гадаадын аялагч гярхай анзаарч бичсэн буй. Эртнээс гэртээ сэржим өргөж ирсэн монголчууд өдгөө орон байрны архидалтыг эс таашаах болсон нь дэвшил ажгуу.
Нэг мухлагаас нөгөө мухлаг руу
Зөвлөлтүүд архины эсрэг анхны кампанит ажлаа 1929 онд зарлажээ. "Хөдөлмөрчдийн хүсэлтээр" явагдсан энэ үйлсийн дүнд нийлүүлэлтийг нь эрс хорогдуулснаар Зөвлөлтийн олон хотод пивоны үйлдвэр хаагдсан. Энэ плакатын "Спирт"-ийг "Спорт" болгох санааг зуун орчим жилийн хойно Монголын Залуучуудын Холбоо ашиглажээ.
Хөмөрсөн тогоон дор хоёр зууныг элээсэн монголчуудын амьдралыг өөрчилсөн Цайны замын хаялгаар Өргөө (Улаанбаатар)-д суурин амьдралын эд эс бүрэлдэн бий болсны нэг нь хятад хоолны газар. Эдгээр гуанзанд хоолноос гадна хар архи жижиглэнгээр борлуулж байлаа. Энэ үеэс бид гадуур зоог бариад зогсохгүй бас сархад ч хүртэх болов. Үйлчилгээний шинэ элемент үүсэхийн хамтаар соёл нь ч дэлгэрсэн байж таарна. Төдөлгүй большевикууд Монголоос гадаадын капиталыг шахан зайлуулахад хятад гуанз ховордсон. Тэдний орон зайг хоршооллын гуанз нөхсний дотор ардаа хятад хөрөнгө оруулалттай нь олон байжээ. Төдөлгүй 1948 онд Улсын барилга трест Туул рестораныг ашиглалтад оруулав. Энэ бүгдийн ард архи дарсыг зориулалтын газарт, даруулгатай уух соёл сууж байлаа. Гол нь тэнд зардаг үнэ дэлгүүрийнхээс ялгаагүй шахам учир гэртээ уух хэрэгцээ байсангүй. Уух дуртай бас шалтгаантай бол “Түмний нэг”-ийн Ч.Чинбат шиг “Нэг мухлагаас нөгөө мухлаг руу нисэж” гарчээ.
Үнийг нь нэмээд нэрийг нь өргөв
Зөвлөлтүүд архины эсрэг удаах кампанит ажлаа 1958 онд зарлаж ресторанаас бусад газарт худалдахыг хязаарлахын сацуу үнийг нь нэмжээ. Монголчууд үүнийг үг үсэггүй орчуулан хэрэгжүүлсэн нь харагддаг. Энэ мэтээр Зөвлөлтийг даган дуурайх явдлыг "Москва найтаавал Улаанбаатарын нус гоожно" гэж егөөддөг байлаа.
Нийгэм журам байгуулах туршилт эхлүүлэхдээ большевикууд архи үйлдвэрлэлийг төр гартаа оруулбал төсөвт үлэмж хэрэгтэй гэдгийг хэлж өгчээ. Өөрсдөө ч Дэлхийн I дайны эхэнд II Николай хааны тогтоосон хуурай хуулийг шат дараатай сулруулсаар 1924 онд хүчингүй болгосон байдаг. Архинаас чамгүй мөнгө олдог БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1959.01.28-д №37 тогтоол гаргав. “Архи, пивоны жижиглэн худалдаалах үнэ хямд байгаа нь зарим хүмүүсээс ууж согтууран олон нийтийн хэв ёсыг алдагдуулах, хөдөлмөрийн сахилга батыг зөрчих зэргээр нийгэмд хор учруулж байгааг харгалзан, хөдөлмөрчдийн хүсэлтийг...” анхаарсан гэнэ, энэ тогтоол. Хөдөлмөрчид архины үнийг нэмээд аль гэж хүссэн нь юу л бол!?! Гэхдээ нийтийн хоолны газар гаднаас архи, пиво оруулж ирж уух зэрэг зохисгүй явдлыг ч бас журамлахаар заажээ. Ингэхдээ архины үнийг Улаанбаатарын ресторануудад 60 хувь, гуанзуудад 40 хувь харин бусад газарт 40 хувиар нэмэхээр болов. Мөн пивоны үнийг нэр төрлөөр нь ялган огцом нэмсэн байна. Тухайлбал: “Алтай”, “Баяр” хоёрыг 85 хувь, “Орхон”, “Туул”-ыг тус бүр 78 хувь, “Нийслэл”-ийг харин 83 хувийн нэмэгдэлтэй борлуулахаар заажээ. Энэ тогтоолын хавсралтыг харвал лонх цагаан архи 20 төгрөг, “Алтай” 4 төгрөг 40 мөнгө, “Баяр” 4 төгрөг байх бөгөөд нийтийн хоолны газруудад дээр заасан хувь хэмжээг нэмж зарна гэсэн үг. Мөн оны хоёрдугаар сард хэвлэсэн “Улсын үйлдвэрийн ба аж үйлдвэрийн барааны жижиглэн худалдаалах үнийн жагсаалт”-д Улаанбаатарт хонины нэгдүгээр махны үнийг кг нь 5 төгрөгөөр тогтоосон байна. Ингээд дэлгүүрээс дөрвөн кг махны үнээр, Улаанбаатарын ресторануудаас долоон кг махны үнээр ганц лонх цагаан архи хүртэх болжээ. Тийм умдаа зооглосон хүн гайхуулахаас өөр яахав.
Гэртээ амталсан нийгэм журам
Самогон буюу нэрмэлтэй төрсөн нутагт нь төрөл бүрээр тэмцсэн ч ялсан нь огтоос үгүй. 1961 онд Георгий Вицин, Евгений Маргунов, Юрий Никулин нарын тоглосон "Самогонщики" уран сайхны кино дэлгэцэд гарах үест монголчууд "бараашиг" исгэхэд ид суралцаж эхэлжээ.
Нийтийн хоолны газруудад худалдаалах архи, пивоны үнийг нэмэхээс өмнө, 1957 онд эзэгтэй нарт зориулан хэвлэсэн Н.Сумъяагийн "Гэрийн дотор идэш уушны зүйлийг яаж бэлтгэж болох вэ?" авсаархан гарын авлага сонирхол татна. Энд “Пиво исгэх арга” багтжээ. Уншаад үзвэл эцсийн бүтээгдэхүүн нь пиво лав биш. Харин бидний ярьж заншсанаар “бараашиг” бололтой. Гэрийн нөхцөлд 7-10 хоногт исэлт бүрэн гүйцэх энэ бүтээгдэхүүний жорыг товхимолд байгаагаар сонирхуулъя. Пиво уу, “бараашиг” уу гэдэгт та хариулах биз:
Хэрэглэгдэх зүйлсийн жор нь:
(20 литрийн багтаамжтай саванд)
Элсэн чихэр 4 кг, чангаанз ба үзэм 2 кг, цагаан будаа 2 кг, талхны хөрөнгө (ойролцоогоор) 500 гр. Гаралт нь ойролцоогоор 15 литр цэвэр пиво гарах жишээтэй юм. Бэлтгэсэн чангаанз, үзэм, цагаан будаа зэргийг хийхийн өмнө сайтар угаана. Бүх зүйлийг хамруулан хийх ба орох ус нь буцалгасан ус байх ёстой. Исэж гүйцсэний дараа цэвэр марлиар шүүх ба сайхан өнгөтэй болгохын тулд 0.5 кг элсэн чихрийг хайлгаж хүрэн бор өнгөтэй болохын хамт хийх бөгөөд харин элсэн чихрийг хэт түлж болохгүй, исэлт гүйцэсний эцэст элсэн чихрийн амт огт байхгүй болсон байх ёстой бөгөөд үүнийг пивоны исэлт гүйцлээ гэж үзнэ.
Энэ товхимолтой хамт Монгол нутагт “бараашиг”-ийг албан ёсоор мэндэлсэнд тооцох биз. Бүх орцыг 1980-аад оны үнээр тооцоход нэг литр нь хоёр төгрөгөөр гарах “бараашиг” хямдхан бас төрийг царайчлах зовлонгүй эд. Местный оросуудтай орж ирсэн ч төдий л дэлгэрээгүй “бараашиг” архи, пивоны үнийг нэмэхтэй зэрэг хот суурин газрын айлуудад шуугин шуугин иссэн байж таарна. Зөвлөлтийн мэргэжилтэн олноороо суурьшихын цагт “бараашиг” “орос ах”-ын үндэсний умдаа-самогоны “түүхий эд” гэдэг нь ч илэрхий болов. Ингээд шуугитал исгэн, сөгнөж суух нь социализмын материал техникийн баазын дээжээс хүртэх мэт таатай байсан буй за.
Орон байр руу хөөсөн шийдвэр
Зөвлөлтүүд үзэл суртлын хэмжээнд архидалттай тэмцэж эхлэхэд Монгол ч түүнийг хуулсан байж таарна. Тэр цагаас "архичин" гэж нэршил нэгэнт үүсч, муу бүхний жишээнд татагдан хэвлэлд цоллуулаад зогсохгүй урлаг уран сайханд ч байр суурийг олжээ.
Архи, пивоны үнийг суга нэмсний гор дорхноо харагджээ. Хойтон нь буюу 1960.10.20-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид 198 дугаар зарлигаа гаргахаас аргагүйд хүрэв. Жилийн өмнө “үнийг нь нэмээд аль гэж хүссэн хөдөлмөрчид” архи, пивыг дэлгүүрээс хямд авч гудамж, талбай, цэцэрлэгт уух үзэгдэл хавтгайрчээ. “Ууж согтуурах явдалтай тэмцэх тухай” зарлигт эдгээр газруудыг онцлон зааж, тэнд “архи дарс уухыг хориглосугай” гэсэн байна. Мөн “Хүнсний комбинатын сүү тосын завод, сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлүүдэд шимийн архи үйлдвэрлэхийг зогсоож, мөн шимийн архи худалдаалахыг нийтээр хориглосугай” гэснийг нь харвал цагаан архи, пивоны үнийг нэмэхэд дээрх бүтээгдэхүүнийг хэрэглээ эрс өссөн бололтой. Ингээд зогсохгүй “Ресторанд 38 ба түүнээс градусын архийг 100 граммаас илүү өх (өгөх) ба гаднаас архи дарс авчирч уухыг хориглосугай” гэж зарлигджээ. Зориулалтын газарт нь зөв боловсон хэрэглэх соёл үүгээр нүд аньсан нь гарцаагүй. Түүнчлэн “Улс олон нийт, албан үйлдвэрийн ажлын газар, нийтийн орон сууц, цэргийн байр, гуанз, хүйтэн хоолны газар, халуун ус, эмнэлэг, амралт, сувиллын газар, театр, кино, клуб, улаан булан, соёлын ордон зэрэг олон нийт, соёл гэгээрлийн газар архи дарс худалдах ба уухыг хориглосугай” гэснийг яс дагавал гэр орноос өөр орон зай үлдсэнгүй. Тогоо тавих, “бараашиг” исгэхийг хараахан хориогүй учир хуулиа хүндэлдэг ухамсартай хөдөлмөрчин гэртээ “үйлдвэрлэж”, гэртээ л хүртэхээс өөр гарц үлдсэнгүй.
Шахсаар “шаг” төрүүлсэн зарлиг
Зөвлөлт 1972 онд архидалттай тэмцэх зарим арга хэмжээгээ чангатгахаар болоод зогсохгүй "Хөдөлмөр эмчилгээний газар" гээчийг байгуулахаар шийджээ. Үүнийг монголчууд бас л хуулсан. БНМАУ-ын СнЗ-ийн 1975.12.11 №578 тогтоолоор "Ерөөгийн хөдөлмөр хүмүүжлийн бригадын дэргэд архаг архичдыг албадан эмчлэх хөдөлмөр-эмчилгээний тасгийг 1976 оны эхний хагаст багтаан 30 хүртэл ортойгоор байгуулан ажиллуулахыг Нийгмийн аюулаас хамгаалах яам, Эрүүл мэндийн яаманд" даалгасан байдаг.
Орон байрнаас өөр очих газаргүй болсон архитай төрөөс үзэл суртлын талбарт өрнүүлэх тэмцлээ улам эрчимжүүллээ. Коммунистууд алдаа завхралын шалтгааныг амархан олдог. Тэр нь үргэлж бусдаас эхтэй байдаг нь ном. Улирал тутам хэвлэдэг “Согтуурал ба гэмт хэрэг” эмхтгэлийн 1976 оны дугаарт Л.Рэнчин “... дарлагч анги, мөлжигч санваартнуудын эцэс төгсгөлгүй, учир утгагүй зугаа цэнгэлийн хэрэгсэл болохын сацуу тэднээс хөдөлмөрчин ард түмнийг мөлжих, төөрөгдүүлэх нэгэн зэвсэг болж ирсэн юм” гэжээ. Тэгсэн атлаа хуучны зэвсгийг улам хурцалсаар ирсэн нь ойлгомжгүй. АИХ-ын Тэргүүлэгчдийн 1974 оны 120 дугаар зарлигаар “Ресторан, аймгийн төв гуанзанд 19-22 цаг хүртэл нэг удаа 100 грамм худалдах”-аар боллоо. Энэ тогтоолоос “бараашиг” нь үйлдвэрлэгч, борлуулагчтай бие даасан бизнес болж хөгжсөн нь харагддаг. “Бараашиг” худалдвал 50-200 төгрөгөөр, исгэвэл 25-200 төгрөгөөр торгож, хэрэгслийг нь хураахаар заасан буй. Согтуу байтугай эрүүл хүн ч ойлгохооргүй зүйл зарлигт багтжээ. “Амралт, баяр ёслолын урьдах өдөр 16 цагаас хойш болон амралт, баяр ёслолын өдөр архи, дарс худалдахыг” хориглочихож. Тухайн цагт Хууль зүйн шинжлэх ухааны доктор Р.Гүнсэнгийн бичсэнчлэн “БНМАУ-д архидаж байх нийгмийн байгууламжийн шалтгаан аль эрт устсан” ч архи нь валют болж хувирав. Нэрийг нь цээрлэж “гожин” гэх бөгөөд авлига, хээл хахуулийн гол хэрэгслээр тодорлоо. Дэлгүүрээс архи авч зэхээд хэрэгцээтэй хүнд нь хэдэн төгрөг нэмж зарах “шаг”-ийн бизнес ч цэцэглэлээ. “Шаг” зарсан, авсан хүнийг 100-500 төгрөгөөр (дундаж цалин 500₮) торгох, бүр шоронд суулгахаар заасан ч социализмын хамгийн ашигтай бизнес хөгжсөөр капитализмтай золгосон байдаг.
Одок
Зочин
Зоригоо.
Уншигч
Зочин
z
Зочин
Ажиглагч
Зочи
Зочин
Зочин
b
зочин
санаа
ХУУЛЬЧ
Зочин
Зочин
Зочин
Зочин
onom