АРД ТҮМЭН “ЮМ”-АА МЭДДЭГГҮЙ


Эзэнтэй нь хамжиж хулгайлах арга.

Цагдаагийн оронд Сэргийлэх гэж байхад, хулгайд юмаа алдсан иргэнийг “Та өөрөө сонор сэрэмж алдан хулгайчид боломж олгосон” байна гэж буруушаах нь элбэг асан. Ийнхүү хохирсон дээрээ хулгайчийн хамт хэрэгтэн, хулгайн процессыг дэмжсэн этгээд болон хувирна. Тухайн улс төрийн нийгмийн тогтоц нь хувийн өмчид дайсагнасан үзэл сурталтай байсан учраас хувь хүнийг хулгайд алдах юмтай байсных нь төлөө давхар баалж байсан хэрэг. Шог зохиолч Ж.Барамсай агсны ийм сэдэвтэй наргианы өгүүллэг байдаг нь бараг л документари гэмээр.

    Харин орчин үед хулгай улам боловсорч, жинхэнэ утгаараа нь эзэнтэй нь хамжих болов. Хуулийн хүрээнд дэмжлэг эрж, юмаа хулгайлуулахад туслахыг уриалж, хөрөнгийн эзэд ч уухайлан дэмжиж байвал ямар вэ? Гэхдээ л тийм юм болж байна.

Хэрвээ хулгайч тань руу мессеж бичиж

-Хөгшөөн, маньд чинь хагас сайнд л жаахан хулгай хийх зав гарах нь шиг байна. Чи түлхүүрээ хаалгандаа зүүчихээд, гэрээрээ зуслан яваарай хө гэвэл ямар вэ? 

Чи хариуд нь “Ёстой зүйтэй” гээд уухайлж байвал яах вэ? Тийм л юм гадуур болж байна. 

    Өмч хөрөнгийг “олох” үед эзэнгүй, арга ядахад эзэн нь түр эзгүй байх учиртай. Эс тэгвэл дээрэм болоод явчихна. Авилгачдын мөрөөдөл бол асар их эзэнгүй өмч. Эзэнгүй өмчийг хоёр аргаар бий болгодог. Нэгдүгээрт, эзнийг нь үгүй болгох аргаар. Хоёрдугаарт, өмчийг хэтэрхий олон эзэнтэй болгох замаар эзэнгүйдүүлнэ.

  Ер нь бол, өмч бүх нийтийнх байх ба огт эзэнгүй байх хоёр дүндээ дүн болохыг бид түүхээрээ баталсан. Хамгийн их хулгай нүүрлэсэн нийгэм бол хувийн өмчгүй БНМАУ байлаа. Бүх ард түмний социалист өмч нэртэй боловч бариад авах эзэнгүй учраас хулгайн тариалан тэнд л халиурч байв даа. Социалист өмчийг хулгайгаас аврах гээд “өмч хамгаалах тангараг” өргүүлж, эзэнгүй өмчийг эс ширхэгээр биечлэн даатгаад нүдлэн хамгаалуулж ч үзлээ, аргаа бараад цаазаар хүртэл авлаа, нэмэргүй. Сая гэдэг тоог зөвхөн математикт л хэрэглэдэг байсан ХХ зууны далаад онд “Махны”(МАХН-ы биш шүү) “Автобусны билетийн” гээд сая, сая төгрөг идэж уусан хэргүүд гарч л байлаа. Жигд ядуу Монголчууд “Тийм их мөнгө гэж бас байдаг аа” гэж гайхацгааж байжээ.

    Наад захын жишээ гэхэд, жил болгон 9 сая төл бойжуулаад байхад 24 сая малтай хэвээрээ 30 жил болсон гээд бод доо? Ард түмний өмч ийм л байдаг юм. Гэтэл малыг хувьд нь эргүүлж өгөөд хоёр жилийн дараа 30 сая, тэгээд 50 сая, удалгүй 70 сая... бүрэн бүс тооцоогоор 100 сая дөхсөн гэх юм билээ. Одоо бэлчээртээ багтахаа болиод хэрхэн цөөлөх тал дээр толгойгоо гашилгаж байна. Эзэнтэй юм ийм.

   Эрх баригчид тэнэг биш. Тэнэг биш учраас л бидний толгой дээр сууж, захирч байгаа. 

   Тэд өөрийн хулгайлах завших талбарыг нэмэхийн тулд эзэнгүй өмчийг нэмэх тоглоомдоо эзнийг нь хүртэл татаад оруулчихаж. Мундаг уу, айн? Тэнэг дээрээ тулбал бид өөрсдөө...айн?

  Гөлгөө яалаа, нээрээ яал аа??

   Эрхбаригчид эзэнгүй өмч бүтээж чадахгүй учраас хэн нэгний өмчийг булааж авахаас өөр аргагүй. Тэр булаах процессоо “Улсын баялгийг эргүүлэн авах”, “Ард түмэндээ өгөх”,  “улсын сан байгуулах” гэхлэн сэтгэл булааж, зүрх догдлуулам нэрлэнэ. Ард түмэн ч сэтгэл татагдана. 

-Гөлгөө яал аа... гэгчээр, сан байгуулахаараа манай хэд яадаг билээ, байз ? ЖДҮ сан яалаа, Тариалан дэмжих сан ийл ээ? Боловсролын сан юүвлээ, айн? Санадаггүй ээ, “загасны ой 9 секунд” гэгчээр. 

    Ийнхүү “Ард түмний 9 секунд”-д зориулсан эзэнгүй өмч бий болгох өөр нэг зам нь хуулийн нэрээр дээрэмдэх аргаар “ард түмний өмч” болгож авах. 

-Улсад ав! Ард түмэн бидэнд өг, айн? 

Хашгирахад цээж хөнгөрмөөр уриа боловч чамд наалдах хялгас ч байхгүй. Чамд ч юу ч хялайлгахгүй этгээдийн хулгай зэлгийд туслах гоё гэж үү?

   Жишээлбэл, тэр цагаан, ногоон суваргыг, тав, гурван толгойнуудыг төрд авлаа гэж бодъё. Чи бид хоёр ч яахав, ард түмэн бид чинь ингээд л баяждаг юм байжээ гээд бүтэн нойртой хонодог юм байж. 

   Хэрэг дээрээ яах вэ гэхээр, эрх баригчдаас зуу зуун саяын цалин-урамшуулалтай нэг БЭТ тэнд тавина. Тэр нь чи өөрөө байх юм шиг горьдов оо? Ёстой түмэй, за.Тэд өөрсдийнхөө нэгийг тавина. Хавсруулаад одоо энэ “Хуваамж хариуцсан менежэр” гэнэ үү, юмаа бас томилж олзоо хуваана.

   Дараа нь ТУЗ-ын 20 гишүүн сонгож, багаар бодоход 10 саяар цалинжуулна. Тэнд танай гэрээс хүн багтах уу? Горьд, за юу !!! Хэл ам гаргахгүйн тулд Сөрөг маягийн хамтрагч намаас хэдэн амны хишигтэй хүн оруулна. 

  Чиний амны хишиг дутна. Ойсон уу? Өөрийн аманд байтугаа, хамарт үнэр нь наалдахгүй хөрөнгийг хаа хамаагүй амьтанд идүүлэх гэж давхих чинь мөн наргиантай яа !!!

 Дараа нь тэндээс зарладаг бүх тэндэр, наймааг ах дүүсээрээ л хувааж авна. Чамд ногдох аятай горьдож байна уу? Хайран мөөм! 

  Цаашлаад, тэндээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлээр дамжин татвар төлөгчдийн сан хөмрөгт ордог мөнгө алга болж чи байтугаа “ард түмэн” гуай өөрөө ч юу ч олж долоохгүй болно. 

 (Сонирхуулахад: БНМАУ-д өөрийн малаа хураалгаад “нэгдлийн гишүүн” болсон хүн амаржсан эхнэртээ шөл уулгах гэвэл нэгдлийн даргын тусгай зөвшөөрлөөр ганц хонь авдаг байсан юм. Үнээр нь худалдаж авч байгаа юм шүү. Сумын дэлгүүрт нь мах зарахгүй, хүмүүс бие биедээ мал зарах хориотой)

    Улсын үйлдвэрийг удирддаг багынхан өөрсдөдөө ашигтай, улсад ашиггүй байхаар мэнэжмэнт хийдэг. Учир нь ашигтай ажиллаж харагдвал цаадуул нь булаалдаад, одоо “миний идэх ээлж, чи ханаа биз дээ” гээд барьцаж эхэлдэг. Тэнэг л биш бол тавагтай хоолыг нь булаалдах хүнийг олшруулахад дургүй л байна биз дээ? Улсын үйлдвэрүүд үндсэндээ алдагдалтай байдгийн нууц энэ. Энэ дүрмээр бол, хувиараа босгосон уурхай төрд очихоороо ард түмэнд түй гэх шүлс ч ногдохгүй болно. 

   Харин тэднээс тэднээс АМНАТ татвар НӨАТ, нийгмийн даатгалын нэрээр тэрбум тэрбумыг гаргуулан улсын санд оруулаад эмчийнхээ, багшийнхаа, цэргийнхээ, цагдаагийнхаа цалинг нэмээд: чиний эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, аюулгүй байдал, эх орон шүү юмны чинь тусгаар тогтнолд наалдаад, наалдаад явчихдаг байж билээ гэх дурсамж үлдэнэ. За тэмдэглээд авчих даа: “Хувийн хэвшлийн үнээг татвараар дамжуулан ард түмнээрээ саана, харин ард түмний үнээг бол дарга нар л саана” гээд. 

   Уул уурхайн тав зургаан толгой, цагаан ногоон суврагууд, ухаа мухаа худгууд ард түмний өмч болоод ирэхээр нь чи эзэгнэх гэж оролдож болно оо. Ухаанд хязгаар байхаас тэнэглэлд ямар хязгаар байх биш. Даанч чи тэр өмчийг зарцуулалцах, хуваалцах бүү хэл хашааных ньхаалгаар нь орох эрхгүй. Чамайг тийшээ хошуу дүрэх гэвэл “Ард түмний өмч болохоос чиний өмч биш” гээд таягдан хөөнө. (Ингэхэд чамд "Энэ этгээд бол Ард түмэн мөөн" гэсэн үнэмлэх байхгүй биз дээ?) Хашаа руу нь дураараа орох гэвэл буутай харуул нь “Ард түмний өмч руу халдах гэлээ” гээд чамайг нам буудна. Тэдний зөв. Тэнэгүүдтэй тэнэгийн дүрмээр нь харилцах учиртай. 

   Үүнийг ойлгохгүй хөөрөөд, өөрт нь баахан мөнгө ирээд наалдахын дайтай санан далдагаж яваа нь ч байна.

Учрыг мэдсэн хэрнээ өөр шалтгаанаар “даган баясагч” ч байна. Тухайлбал, өөрөө баяжиж чадахгүйгээс хойш ганц нэг хүний ядуурахыг харчихаад үхэх юмсан гэдэг атгаг хүсэл хүмүүнд бас байдаг аа. Хүний мууд нэг их дурласандаа биш. Зүгээр л өөрийнхөө баяжиж чадаагүйг зөвтгөх гэж тэр. Яаж гээч, “Хаашдаа цөмөөрөө эргээд л ядуурахаас хойш, баяжих гэж зүдрээгүй маань зөвдөж” гэх өчүүхэн тайтгарлын төлөө л хорвоог хөнтрөлцөхөд бэлэн тэр араншин. (Зөвхөн чамд ийм араншин бий гээгүй, өөрийгөө ч оруулаад хүмүүн бүгдэд гэсэн шүү)

Чулуу, хөөрөг хоёрын ялгаа

Сүүлийн үед улсын хөрөнгөөр хайж байсан юм аваад баяжлаа гэдэг үг их гарчээ. Хайгуул хийх, энд тийм юм байгаа гэж баримжаалах, тэрийг нь нарийвчлаад энд тэнд байна гэж оноох, нөөцийг тогтоож ашиглах зардлыг тооцоолох, тийм хөрөнгийг олох, тэрийгээ хийж чадах ховор мэргэжилтэн, техник хөлслөх... бүгд тус тусдаа, өөр өөрийн өртөг зардалтай ажил. Гэтэл олонхи бүтээн байгуулалтыг аль шатанд хүртэл “хайсан” нь тодорхойгүй ? Ингээд тайлбарлахаар л “Тэгж ярих юм бол газар ба хөрсөн доор нь байгаа бүхэн ард түмнийх” гэх. Ард түмнийх л бол хэнийх ч биш гэж хэлээд байхад шүү. 

   Тэгээд байвал, яг ийм шалтгаанаар нийслэлд баригдсан бүх барилга орон сууцыг ард түмэнд хурааж аваад, тарааж өгч болно. Учир нь түүнийг босгосон хайрга чулуу цемент нь манай эх орны хөрс шорооноос гарсан. Тэнд тийм хайрга дайрга, цемент элс байгааг улс болоод ард түмэн аль хэдийнэ мэдэж байсан, зөв үү? Ийм дүрэм нэгэнт хэрэгжээд эхэлбэл, чиний алга дарам газартай хашаа, хуучин приус, арав таван малыг тойрохгүй дайрна. Монголчуудын нэлээд нь ХХ зууны эхээр баяд, ноёд тайж нарын малыг хураахад дуртай байсан гэдэг юм, “нэг айл ам бүлийн тоо хамаарахгүйгээр богын толгой 50 мал үлдээгээд бусдыг нь нэгдэлд авчраад хураалга” гэж тушаах хүртэл.

    Илүү ойлгомжтой жишээ авъя. Хөөрөг болох хүртлээ чулуу бол мал шиддэг, “хүүе хаая” мэдэхгүй сарлаг мэтийг дүүгүүрддэг чулуу. Байгалийн нөөц бол энэ. Харин чулууг уран дархан аваад ухаж сийлэн, өнгөлж хөөрөг, гаанс хийдэг. Хээр хэвтэж байсан хайрга чулуу ингээд хэрхэвч үхэр лүү шидэж боломгүй үнэ цэнэтэй зүйл болно. Өвчтэй хүн л хөөргөөрөө үхэр чулуудана биз дээ? Үүнийг баялаг болох гэнэ.

   Дахиад хэлье. Жалгад хэвтээ гантиг бол эрдэнэ биш, жалганд хэвтээ л чулуу. Тийм чулуу хаа сайгүй байгаа. Харин тэр чулуунд Микэланжелогийн гар хүрчихсэн байвал хосгүй үнэт эрдэнэ. Ахиад жишээлэхэд, алдарт Давидыг хийхээс өмнө тэр зүйл зүгээр л чулуу байсан гээд бод доо.Тэр үед нь хага цохисон хүн бол зүгээр л чулуу хагалсан хүн. Харин тэр чулуу Давид болсны дараа хүн төрөлхтний үнэт зүйл. Түүнийг хагалсан этгээд бол хүн төрөлхтний дайсан. Байгалийн нөөц ба баялаг ийм л ялгаатай. 

Хэрвээ хүний барьсан хөөрөг, үнэт чулуун ээмэг гоёлыг 

-Наадах чинь ард түмний өмч байсан чулуу мэдэв үү. Одоо талыг нь хурааж авна. Сан байгуулна. Өрөөсөн ээмгээ тайлаад, давай? Хөөргөө голоор хөрөөдөөд тушаа... энэ тэр гэвэл ямар галзуу сонсдох вэ?

 Хүн юмаа мэддэг, ард түмэн юмаа мэддэггүй. Бурхны дүрийг аравнайлж гэмээнэ шүтээн болдог. Байгалийн нөөцөд хүний гар хүрч байж баялаг болдог.

Гантигийг Давид болгосон уран бүтээлчид зохиогчийн эрх очдог. Байгалийн нөөцийг баялаг болгосон хүн эзэмшдэг. Мэдээж тусгай дүрмээр. Түүнээс юмыг нь авах гэвэл үнийг нь төлдөг, ийм л юм. 

Аа тийм, мартах шахаж, гантигийг зөвхөн Микеланжело л Давид болгохоос биш, чи бид хоёр барах юм биш. Байгалийн нөөцийг баялаг болгох ч тэр мэт.

2025.04.16